Нүүр Томилолт Холыг ойртуулж, хоёрыг учруулдаг холбооны байшин
Томилолт

Холыг ойртуулж, хоёрыг учруулдаг холбооны байшин

G.Press 2 цагийн өмнө 7 үзэлт 0 сэтгэгдэл

Холбооны байшин гэхээр хүүхэд байхдаа эмээгээ дагаж очдог сумын төвийн холбооны жижигхэн цагаан байшин санаанд буудаг. Тэр байшингийн хаалгаар ороход шилэн хаалгатай элэгдэж хуучирсан модон бүхээг хамгийн түрүүнд нүдэнд тусна. Өлмийгөө өргөн байж арай гэж хүрэх  өндөр лангууны араас залгагч эгчийн “Улаанбаатараа, Улаанбаатараа... Батцэнгэл байна” гэж давтан давтан цаанаа л нэг донжтой уянгалуулан дууддаг нь өнөө хэрнэ чихэнд хоногшиж үлдэж дээ. Улаанбаатарт байгаа аав ээжийнхээ дууг гуравхан минутад сонсож, хэдхэн үг солих гэж эмээтэйгээ хамт холбооны байшингаар хэдхэн удаа орсон ч сэтгэлд хамгийн тод үлдсэн хүүхэд насны дурсамжуудын нэг тэр жаахан байшин. Харин одоо сумын төвүүдэд холбооны байшин гэж байдаг ч юм уу бүү мэд. Холбоо харилцаа хөгжиж хүн бүр гартаа “орчлонгийн чих”-ийг атгадаг болсон өнөө үед байхгүй ч болсон байж мэднэ.

Харин УБТЗ-ын  өртөө зангилаадад холбооны байшин гэж нэгж өнөө хэрнэ бий. Төмөр замд чамгүй олон жил ажиллахдаа нэг ч удаа холбооны аль нэг байшинг зорьж очиж сурвалжилж байсан удаагүй юм билээ. Энэ удаад Дохиолол холбооны II ангийн харьяа Мандал холбооны байшингаар орж, тэнд ажилладаг хүмүүсийн ажил амьдралтай цухасхан танилцах боломж олдлоо.

Мандал холбооны улаан тоосгон байшинд инженер Д.Баярцэцэгийн удирдсан цомхон хамт олон ажилладаг аж. Ердөө долоон орон тоотой ч нэг хүн нь өндөр насны тэтгэвэрт гарч зургуулаа ажил үүргээ алдаа эндэлгүй гүйцэтгэж яваагаа залуухан инженер бүсгүй танилцууллаа. Урин дулаан цагт зарим нь ээлжийн амралтаа аваад бүр ч цөөхүүлээ байгаа аж.  

Д.Баярцэцэг инженер 2023 онд ТЗДС-ийг төгсөж, Багануурт ээлжийн механикчаар ажлын гараагаа эхэлж, тэндээ нэг жил, дараа нь Багахангайд хоёр сар ажиллаад өнгөрсөн оны зургадугаар сард Мандал холбооны байшинд ажиллах томилолт өвөртлөн иржээ.

Мандал холбооны байшин инженер, ээлжийн дөрвөн механикч, суурин механикч, үйлчлэгч гэсэн орон тоотой гэнэ. Энэ цомхон хамт олон энэ байшинд байгаа төмөр замын бүхий л холбоо, дохиоллын тоног төхөөрөмжүүдийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж, үзлэг үйлчилгээг хуваарийн дагуу хийж, гэмтэл саатал гаргахгүйн төлөө ажилладаг аж. Мөн Мандал дахь төмөр замын салбар нэгжүүд буюу өртөө, замын хэсэг, эрчим хүч, орон сууц, эмнэлэг, цэцэрлэгийн технологийн холбоо болон бусад АТС, интернэт хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг байна. Үүнээс гадна Баянбуурал дахь холбооны төхөөрөмжүүдийг хариуцаж ажилладаг болохоор долоо хоног бүр очиж зурмагт үйлчилгээ хийдэг юм байна. Мандал Баянбуурал хооронд 15-16 км орчим зайтай гэнэ. Сумын төвийн АТС, интернэт хэрэглэгчид дуудлага өгвөл суурин холбооны механикч очиж, гэмтэл саатлыг тодорхойлж, засаж хэвийн болгодог аж.

Д.Баярцэцэг инженер ажлаа танилцуулахдаа “Холбооны тоног төхөөрөмж маш эмзэг учир холбоочдод ажил дээрээ баримталдаг заавал мөрддөг алтан дүрэм бий. Жишээ нь, холбооны тоног төхөөрөмжид үзлэг үйлчилгээ хийхдээ заавал гар газардуулгыг гартаа зүүх ёстой. Мөн үсээ боосон байх ёстой гэх мэт онцлог бий” гэж бидний анзаарч байгаагүй зүйлийг тайлбарлаж өглөө.

Суурин холбооны механикч А.Орхонтуул үйлчлүүлэгчидтэй хамгийн ойр ажилладаг бүсгүй. Хэрэглэгчидтэй хэл амаа амархан ололцож, хөнгөн шуурхай үйлчлэхийг эрхэмлэдэг энэ бүсгүй шаардлагатай үед байшингийн дээвэр, холбооны шон руу авирдаг гэж ажлаа даруухан танилцуулсан. Бүсгүй хүнд бас тийм ч амархан ажил биш бололтой. Гэхдээ түүнд бол хэцүү санагддаггүй гэсэн юм.

Энэ хамт олны ажлын гол үзүүлэлт ямар нэгэн гэмтэл саатал гаргалгүй, орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлж ажиллах гэнэ. Тэд ч хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж сар бүр төлөвлөгөөгөө 100-аас дээш хувиар биелүүлж байна. Үүнээс гадна байнгын 24 цагийн үйл ажиллагаатай, харуул хамгаалалттай байдаг тул шугам замын холбооны байшингууд бусад холбооны оператор компаниудын төхөөрөмжүүдийг байшиндаа байршуулж, түүнээс түрээсийн орлого олдог аж. Ажил албаны хувьд хэвийн, ажилчид нь туршлагатай ийм хамт олон аж. Холбоочин бүсгүйчүүдээс шугам замын жижиг сууринд амьдрахад ямар байгааг нь асуухад “Сайхан шүү дээ. Манай Батсүмбэр хоттой ойрхон. Зам харуй сайтай, байгаль сайхантай. Цэвэр агаар, эко хүнстэй, түгжрэлгүй, утаагүй, стрессгүй. Технологийн орон сууцанд амьдардаг дутуу зүйлгүй сайхан шүү” гэж инженер Д.Баярцэцэг, суурин холбооны механикч А.Орхонтуул нар дуу нэгтэй магтлаа. Хоёр бүсгүйн нөхрүүд ч шугамын хэсэгт ажилладаг, мэргэжил нэгтнүүд нь гэнэ. Ажлаа тараад тавхан минутад гэртээ яваад орчихно. Хотынхон шиг түгжрэлд хамаг цагаа бардаггүй, чөлөөт цаг ч их гардаг. Хааяа хот руу орохоороо хурдхан харихсан гэж боддог гэцгээх нь бүр атаархмаар...

Дохиолол холбооны II ангийн захиргаа ч шугам замд ажиллаж байгаа холбоочдыг аль болохоор гэр бүлээр нь нэг дор нь ажиллуулах бодлого барьдаг аж. Ингэж ажилчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. Мандал холбоонд гэхэд гурван гэр бүл ажиллаж байна.  Ийнхүү холбооны байшингийн ажил үйлстэй танилцаж байх зуур үйлчлэгч Н.Гэсэр хашаан доторх хогийг ширхэгчлэн түүж, зүлэг, модоо хичээнгүй арчилж байна билээ. Мандал холбооны байшин гаднаа ч, дотроо ч цэвэр цэмцгэр байгаа нь тэр бүсгүйн хичээнгүй хөдөлмөрийн үр дүн юм. Батсүмбэр гэж амар амгалангийн орон гэлтэй... Ард иргэд нь айвуу тайвуу цаанаа л нэг сэтгэл амсхиймээр газар ажээ.

 

 

Б.Гүнжээ

          

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.