УБТЗ ХНН-ийн Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга, техникийн ухааны доктор М.Цогттой Үндэсний их баяр наадмын өмнө цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-2026 он талаасаа хэлтийж, Үндэсний их баяр наадам хаяанд ирсэн энэ үед тантай ярилцаж байна. Замын захиргаа хагас жилийнхээ ажлыг дүгнэхийн сацуу оны сүүлийн хагас жилийнхээ төлөвлөлтийг дахин нягталж байгаа болов уу гэж бодож байна?
-Юуны түрүүнд нийт төмөр замчдадаа удахгүй болох Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 105 жилийн баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Үндэсний их баяр наадам бол Монголчуудын баяр бахархал, эв нэгдэл, итгэл найдвар, цог хийморийн шүншиг оршсон бусад улс орноос ялгарах онцлогийг тодотгон илэрхийлдэг хосгүй гайхамшигт үнэт зүйл юм. Энэ жилийн наадмаар тэгш ой тохион олон хоногоор амарч, улам өргөн дэлгэр наадах нь. Төмөр замчид маань дэлгэр сайхан нааддаг уламжлалтай. Төмөр замын уяачид дор бүрдээ хурдан хүлгүүдээ уяж, шагайн багууд бэлтгэлээ хангаж, сур харваачид маань наадмын бэлтгэлдээ гарсан байна. Саяхан Замын хэмжээний шагайн тойром уралдаан боллоо. Энэ бол Үндэсний их баяр наадмын бэлтгэл хангах, том сорилго болсон байх. Төмөр замчдын хувьд энэ жил “Байгууллагын хөгжил, бүтээмжийг дээшлүүлэх” зорилт дэвшүүлж, тодорхой ажлууд хийгээд явж байна. Өнгөрсөн жил бид “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих” зорилт дэвшүүлж, тодорхой үр дүнд хүрсэн. Тодруулбал, өнгөрсөн жил Замын хэмжээнд салбар нэгжүүдэд сар бүр 400-500 орчим сул ажлын байр байсан. Одоогийн байдлаар сул ажлын байрны тоо хоёр дахин буурсан. Жишээлбэл, өнгөрсөн оны мөн үед Зорчигчийн вагон депод галт тэрэгний 44 үйлчлэгчийн сул орон тоо байсан бол одоо хүлээлгэнд 23 ажил горилогч байна. Татах хэсгүүдэд 61 туслах машинчийн орон тоо сул байсан бол Дархан татах хэсэгт л туслах машинчийн дөрвөн сул орон тоо хүлээгдэж байна. Саяхан ТЗИС, Политехник коллежийн төгсөлт болж, төгсөгчид маань ажлын байрандаа очиж, ажилдаа орцгоож байна. Бусад төмөр замуудад ажиллаж байсан төмөр замчид буцаж ажилдаа орох хандлага нэлээд ажиглагдаж байна. Замын хэмжээнд хүний нөөцийн тогтвор суурьшлын коэффициент хоёр нэгжээр сайжирсан үзүүлэлт байна. Мөн УБТЗ ХНН-ийн 77 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч төмөр замчидтай уулзаж, ойн баярын мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд төмөр замын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, олон жил үр бүтээлтэй ажилласан төмөр замчдыг төрийн дээд одон медалиар шагнасан. Ийм сайхан баярт мэдээгээр Үндэсний их баяр наадамтайгаа бид золгож байна.
-Энэ жил төмөр замчид олон сорилтыг даван туулж, өмнөө тавьсан зорилтоо биелүүлэх шаардлага үүсэж байна уу даа?
-Сүүлийн жилүүдэд УБТЗ ын тээврийн хэмжээ өсөж, ачаа тээвэрлэлттэй холбоотой тээврийн тариф, технологи ажиллагаа, хөдөлгөөний аюулгүй байдлын үр дүнгүүд гарч байна. Одоогийн байдлаар, бид 17.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 1.5 сая тонн ачаа илүү, 850 мянган зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийн хэмжээнд байна. Энэ бол хийж хэрэгжүүлсэн олон ажлын үр дүн. Бидний гол зорилго тээврийн хэмжээг өсгөж, орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ аль болох зардлыг бууруулах зорилттой ажиллаж байна. Үүний тулд хүний нөөцийг зөв оновчтой хуваарилах, зөв менежментийг хэрэгжүүлэх гэх мэтчилэн олон шаардлага тулгарч байна.-Энэ онд “Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх” зорилт дэвшүүлсэн. Оны зорилтын хүрээнд ямар ажлуудыг хийж байна вэ? -Жилийн зорилтын хүрээнд үндсэн зургаан чиглэлээр байгууллагын менежмент, хөрөнгө оруулалтын үр өгөөж, цахим шилжилт, аюулгүй байдал, үндсэн үзүүлэлтүүдийн чанар, нийгмийн салбарын үйл ажиллагаатай холбоотой бүхий л ажлыг цогцоор нь харж бүтээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Үүнд бид төлөвлөлт, тайлагналын агуулгыг их өөр төвшинд авч үзэж байгаа. Замын даргын энэ оны тавдугаар сарын 8-ны өдрийн 324 тоот тушаал гарсан. Өмнө нь аж ахуйн нэгжүүдийн анхан, дунд шатанд маш олон төрлийн төлөвлөгөө гардаг, олон төрлийн тайлан нэхэгддэг байсан. Зарим үед нэг төрлийн тайланг олон өөрчилж гаргах, тайлагналын агуулгаасаа хамаараад өмнө нь хийсэн тайланг дахин авах жишээтэй явж ирсэн. Энэ мэт ажлын уялдааг шинэчилж, байгууллагын хөгжлийн хүрээнд томоохон ажлуудыг хийж байна. Олон төрлийн төлөвлөгөө гэхээс илүү нэг том төлөвлөгөө гаргаж, бүрэн хэрэгжүүлдэг байя. Өөрөөр хэлбэл, төлөвлөлтийг маш тодорхой хийх нь чухал. Төлөвлөгөө гаргахдаа өнөөдрийн суурь төвшин яг ямар байгаа юм, ямар түвшинд очвол тухайн төлөвлөгөөг биелсэн гэж үзэх вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Өмнө нь маш олон төлөвлөгөө гаргадаг, түүнийх нь явц, үр дүн багатай байсан жишээ олон. Тухайлбал, сургалтын төлөвлөгөө гаргахдаа ажиллагсдын мэдлэгийн өнөөдрийн суурь түвшинг тэдэн хувиар сайжруулъя, тэдэн функт өсгөе гэдэг зорилгоо тодорхойлж түүндээ хүртэл ажиллая. Олон улсад гүйцэтгэлийн үнэлгээний систем, Засгийн газрын төлөвлөлт тайлагналын үлгэрчилсэн журам тогтоол бий. Тайланг маш олон хуудас бичих нь сайн гэдэг агуулгаас сална. Тухайлбал, бид нэгдүгээр улирлын ажлын тайланг авахад зарим байгууллагын тайлан 80-90 хуудастай ирж байна. Гэхдээ тайланд нь хүрсэн үр дүн, цаашид хүрэх зорилт тодорхойгүй. Энд ийм сургалт хийсэн, тэнд тийм сургалт хийсэн гээд зургийг хавсаргаад тайлагнахаас илүү энэ сургалтыг зохион байгуулснаар ажилчдын мэдлэгийн түвшинг тэдээс тэд болгож ахиуллаа. Цаашлаад хүний хүчин зүйлээс шалтгаалдаг дутагдал, зурмагийн тасалдал, гологдлын тоог буурууллаа. Ажилтнуудыг мэдлэг чадвар сайжирснаар ийм үр дүнд хүрлээ. Зарим технологиудыг ингэж өөрчилснөөр ийм эерэг үр дүн гарлаа гэсэн үр дүнгийн тайланг хийх ёстой. Хамгийн гол нь хийсэн ажил болгон үр дүнд хүрэх чухал байна.
-Байгууллагын хөгжил, бүтээмж хүний нөөц, удирдлагын ур чадвартай салшгүй холбоотой. Тэгэхээр өнгөрсөн оны зорилт дээр энэ жилийн зорилт гарч ирсэн байх гэж харсан?
-Байгууллагын хөгжлийн гол тулгуурын нэг нь хүний нөөцийн хөгжил. Өнгөрсөн жил бид энэ асуудалд голлон анхаарлаа хандуулсан. Биеэ засаад гэрээ зас гэдэг дээ, хүнээ хөгжүүлэхийн дараагийн шат нь байгууллагын хөгжил. Байгууллагууд удирдлагаас хамаарахгүй нэг стандарт, хөгжлийн загвартай байх ёстой. Байгууллагын дарга идэвх зүтгэлтэй сайн байвал тэр байгууллага сайн ажиллах нь тодорхой. Гэхдээ байгууллагуудын удирдлагын ур чадвар, туршлага харилцан адилгүй байна. Тэгэхээр удирдлагын стандарт хэм хэмжээг нь тодорхой болгочихвол удирдлага яг яаж ажиллах, ямар үр дүнд хүрэх нь тодорхой болно. Нөгөөтэйгүүр ажиллагсадынхаа санал хүсэлтийг хэрхэн сонсох ёстой вэ. Ажилдаа түүнийг яаж тусгах вэ гээд байгууллага болгоныг жигд хөгжүүлэх, хийж байгаа ажлын үр дүнг шилэн байдлаар дүгнэдэг систем рүү шилжих соёлыг бүрдүүлэх зорилт тавьсан. Мөн хөгжлийн хоёр дахь том асуудал бол байгууллагын эрхэм зорилго, зорилт, соёлоо ойлгох гэдэг тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Гол нь хийж байгаа ажлыг хүрсэн үр дүнгээр нь л дүгнэнэ гэж ойлгох ёстой.
-Бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр эхний хагас жилд хэр үр дүнтэй ажилласан гэж харж байна. Оны эцэст ямар үр дүнд хүрсэн байхыг зорьж байна вэ?
-Бүтээмж нэмэгдүүлэх хүрээнд нэлээд ажил зохион байгуулж байна. Нэн ялангуяа УБТЗ ХНН ийн хувьд тээх, нэвтрүүлэх хүчин чадлынхаа дээд цэгт хүрчихсэн нөхцөлд тээвэрлэлтийг зохион байгуулж байгаа. Тээх нэвтрүүлэх чадлынхаа таазанд хүрсэн байна гэдэг бол ямар нэгэн ажилтан тодорхой хэмжээний анхаарал алдах, магадгүй гадны шалтгаанаар саатуулахад тээвэрлэлтийн өөр нөөц байхгүй учир шууд нөлөөлдөг. Товчхондоо эрсдэл өндөр байна. Одоогоор бидэнд хувь хүний ур чадварыг сайжруулах, үйл ажиллагаагаа механикжуулах, автоматуулах, цахимжуулах байдлаар бүтээмжээ өсгөн тээвэрлэлтээ нэмэгдүүлэх бололцоо байгаа. Энэ жилийн дөрөв, тав, зургадугаар сард дайны нөхцөл байдлын улмаас дизель түлшний үнэ хоёр дахин нэмэгдсэн. Нийт зардлын 20 гаруй хувийг түлшний зардал эзэлж байсан бол одоо энэ зардал хоёр дахин нэмэгдлээ. Энэ нөхцөл байдал бидэнд юуг анхааруулж байна гэхээр УБТЗ ХНН-ийн ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх хамгийн ойрын гарц бол зардлаа хэмнэх, зөв зохион байгуулалт, зөв менежментээр ажиллах л байна. Энэ чиглэлээр бүх аж ахуйн нэгж, алба төвүүдэд үүрэг даалгавар өгч, анхан шатанд ажиллаж байгаа ажилчдаас оновчтой саналыг нь авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, вагончдоос галт тэргийг нэг минутын өмнө явуулъя гэдэг санал гарсан. Нэг галт тэргийг дунджаар 50 вагонтой гэж тооцвол 50 вагон/минутыг хэмнэх боломжтой. Өдөрт, сард, жилд хэдэн галт тэрэг явсан гээд тооцвол Замын хэмжээнд вагоны сул зогсолтоос хэчнээн хэмнэлт гаргаж болох вэ. Вагоны аж ахуйн албанаас ажлын бүтээмжийг дээшлүүлэх уралдаан зарлаад ажиллаж байна. Зүтгүүрчид маань тодорхой ажлыг зохион байгуулаад эхэлсэн. Машинч нар “Дуслыг хэмнэвэл тонныг хэмнэнэ” гэх мэт санаачилгыг танилцуулж байна. Бид бүтээмжээ сайжруулж байж төмөр замчдынхаа цалинг нэмэгдүүлнэ. Х.Хэрлэн даргаар удирдуулсан удирдлагын багийн сүүлийн жилүүдэд тээврийн тарифыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд ажил зохион байгуулж, төмөр замчдынхаа цалин хөлс, нэмэгдэл урамшууллыг аль болох нэмэхийн төлөө байгаа бүхий л боломжоо шавхан ажиллаж ирсэн.
-Та дээр оновчтой зохион байгуулалт, менежментийг хийнэ гэж дурдсан. Энэ чиглэлээр хийж буй ажлуудаасаа дурдвал...?
-Өмнөх жилүүдэд тээврийн хэмжээ нэмэгдэх болгонд ажилтнуудын тоо нэмэгддэг байсан. Өнгөрсөн жил Замын хэмжээнд 208 орон тоог цомхотгосон. Ингэснээр 2021 оны хэмжээнд орон тоог аваачсан. Ер нь, сүүлийн жилүүдэд гар ажиллагааг механикжуулж, автоматжуулахад хийсэн хөрөнгө оруулалтын үр дүнгүүд эхнээсээ гарч байгаа. Цаашдаа энэ ажлыг түлхүү хийх ёстой. Зургадугаар сарын 1-нээс Төмөр замын чуулга, Аялал жуулчлалын товчоо, “Замчин” спорт хороог нэгтгэсэн. Мөн ажлын шаардлагатай уялдуулаад Замын-Үүдэд дөрөв дэх Татах хэсгийг байгуулсан. Бид аль болох бүтцийг нэгтгэх, орон тоог хэмнэх ажлыг зохион байгуулж байна. Мөн Удирдах газраас долоон орон тоог цомхотгосон. Ижил ажил, үүргийн бүтэцтэй алба төвүүдийг нэгтгэх гэх мэтчилэн оновчтой цөөн хүчээр их ажлыг яаж амжуулж болох вэ гэдгийг судлан, хэрэгжүүлж байна.
-Төмөр замчдын цалин хөлсийг жил бүр жигд 10 хувиар өсгөхөөс илүү хөдөлмөрийн бүтээмж, ур чадвар, ажлын ачаалалд суурилсан системийг нэвтрүүлбэл, ажлын бүтээмж өснө гэдэг. Энэ талаар та ямар бодолтой байна?
-Хэн илүү бүтээмжтэй ажиллана тэр хүн илүү урамшууллыг авдаг ийм зарчмыг бүрдүүлэхээр судалгааны ажлууд хийж байна. Мөн бүх алба, салбар нэгжүүдэд бүтээмж дээшлүүлэх ажлын хүрээнд санаачилга гаргаад явж байгаа. Үүнээс гадна анхан шатанд ажиллаж байгаа ажилтнуудаас саналыг нь авч зардал хэмнэх автоматжуулалт, механикжуулалтыг түлхүү хийх ёстой. Үнэхээр үр дүнтэй санаачилга гаргасан ажилтныг идэвхжүүлж, урамшуулаад явна. Дэлхий нийтийн чиг хандлага ч ийм байна. Цаашдаа ажлын байруудыг аль болох механикжуулж, автоматжуулж, орчин үеийн цахим технологи руу шилжүүлж, орон тоог хэмнэх зохион байгуулалтын ажлыг оновчтой хийх ёстой. Жил бүр ачаа тээврийн рекорд тогтоож байгаа нь төмөр замчид сайн ажиллаж байна гэсэн үг. Сүүлийн хоёр жил бид 2024 онд 33.4 сая тонн, 2025 онд 33.7 сая тонн ачаа тээвэрлэсэн. Зорчигч тээврийн хувьд 2024 онд хоёр сая зорчигч тээвэрлэсэн бол өнгөрсөн онд 1.8 сая зорчигч тээвэрлэлээ. Үндсэндээ зорчигч тээвэр 10 хувиар буурч, ачаа тээвэрт нэг хувь өсөлт гарсан. 2021 оноос тооцвол сүүлийн таван жилд ачаа тээвэр 9.0 орчим хувь өсөж, зорчигч тээвэр 25 хувиар буурсан. Харин Замын захиргаа ажилтнуудынхаа цалинг жил бүр 10 хувиар нэмэгдүүлж, сүүлийн таван жилд төмөр замчдын дундаж цалин 2021 онд 2.0 сая төгрөг байсан бол одоо 3.5 саяд хүрч үндсэндээ 73 хувиар нэмэгдсэн. Энэ нь ачаа тээврийн өсөлтийг, цалин урамшууллын өсөлттэй харьцуулахад нийгэмлэгийн нийт зардалд эзлэх цалингийн хувь хэмжээ жил ирэх тусам өсснийг харуулж байна. Бид зөвхөн цалингаа өсгөөд засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалт, аюулгүй байдал, ажлын байраа автоматжуулах, парк шинэчлэлтэд шаардагдах зохист зардлын бүтцийг барихгүй бол компанийн менежмент буруу явж байна гэсэн үг. Цаашид төмөр замчдынхаа цалинг дорвитой нэмэгдүүлэх хоёр л гарц байна. Техникийн шинэчлэлийг хийж, технологио шинэчлэн тээх, нэвтрүүлэх чадвараа сайжруулснаар тээвэрлэлтээ нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, бид бүтээмжээ нэмэгдүүлж, гар ажиллагааг аль болох механикжуулах, улмаар автоматжуулж, цаашид орчин үеийн AI технологид суурилсан технологи руу шилжиж тээвэрлэлтийн хэмжээг өсгөх юм. Цаг уур, газар зүйн байршлын хувьд арай хүнд нөхцөлд ажиллаж буй залууст говийн нэмэгдэл, олон жил байгууллагадаа үнэнч ажиллаж байгаа төмөр замчдадаа тогтвортой ажилласны урамшуулал, тасралтгүй ажилласны нэмэгдэл, ажлынхаа хажуугаар мэргэжил эзэмших, мэргэжил дээшлүүлэх боломжийг нь олгож байна. Энэ бүгд мэдлэг, ур чадварын бүтээмжийг нэмэгдүүлэх, тогтвортой сайн ажиллахад нь дэмжлэг болж байгаа.
-Нийгмийн чиглэлийн зарим салбар нэгжийг улсад шилжүүлэх тухай яригдсан. Тухайлбал, хүүхдийн цэцэрлэгүүдийг улсад шилжүүлэх тухай асуудал хөндөгдсөн. Энэ талаар төмөр замчдын байр суурь хуваагддаг. Та ямар байр суурьтай байна вэ?
-Маш эмзэг сэдэв, нэн ялангуяа тэнд ажиллаж буй төмөр замчид, удаан жил ажилласан ажилтнуудын хувьд хүндхэн тусаж байгаа. Манай байгууллага ажиллагсдынхаа нийгмийн асуудалд 77 жилийн турш анхаарч төрийн өмнөөс төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг нуруундаа үүрч ирсэн бахархам соёлтой. Хөдөө орон нутагт хүүхдээ яах билээ гэж санаа зовохгүйн тулд гэр цэцэрлэгийг байгуулж, нийслэлийн иргэд хүүхдээ цэцэрлэгт өгөхдөө сугалаагаар тодруулж байхад бид үр хүүхдээ төмөр замынхаа цэцэрлэгт өгөөд ардаа санаа зовох зүйлгүй ажлаа хийж ирсэн. Өөрийн мэргэшсэн эмнэлгээрээ үйлчлүүлж, спорт, урлаг соёлын үйлчилгээг төмөр замчдаасаа авч ирсэн. Нийгмийн салбарын ихэнх байгууллагад сүүлийн жилүүдэд алдагдлын хэмжээ буурсан сайн үзүүлэлтүүд харагдаж байна. Алдагдалтай гэхээсээ илүү стратегийн ач холбогдлыг, алдагдалтай бус ашигтай ажиллах дунд, урт хугацааны бодлогын бичиг баримтуудын тооцооллоор асуудалд хандаж байна. Улс орны хөгжил, нийгмийн салбарын өөрчлөлтөөс хамаараад цаг үетэйгээ хөл нийлүүлэн зарим ачаагаа төрд өгөх шаардлага бас байна. Манай Г.Ганбат даргатай Барилга орон сууцны алба өнгөрсөн жил Чойрын уурын зуухыг аймагт нь шилжүүлсэн. Энэ жил Сүхбаатар, Сайншанд өртөөний зуух, нийслэлд холбогдох зуух, ЦТП-ийг дүүргүүдэд шилжүүлэхээр ажиллаж байна. Тэгэхээр хаана, аль салбарыг шилжүүлж өгөх нь төмөр замчдын маань ажиллагсдын хэрэгцээ, тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн ажилтнуудын цаашдын боломжийг бууруулахгүй байх хэлцлээс хамаарч үргэлжилнэ.
-Хүний нөөцийн бодлогын нэг чухал хэсэг удирдах албан тушаалтныг бэлтгэх, томилох гэж бодож байна. Удирдах албан тушаалтны ур чадвартай тухайн байгууллага хамт олны хувь заяа хамаардаг. Гэтэл багагүй хугацаанд даргагүй явж байгаа байгууллагууд байна. Үнэхээр удирдах ажилтны нөөц хомс байгаа хэрэг үү?
-Санал нэг байна, удирдах албан тушаалтны манлайллаас хамт олны хандлага, өсөж хөгжих боломж шалтгаалдаг. Энэ жилийн зорилтын хүрээнд удирдах ажилтнуудын ямар ур чадвар эзэмшсэн байх, чадамжийн загварыг Замын даргын тушаалаар батлуулан мөрдөж эхлээд байна. Зөвхөн удирдах ажилтан бус төмөр замчдаа сургаж, дадлагажуулах сургалтын цоо шинэ платформыг хэрэгжүүлж эхэлсэн, туршилтын ажлыг зохион байгуулж байна. Бид долоо хоног бүр танхимд цуглардаг, тэр олон төрлийн хичээлийг цөөхөн хүн зохион байгуулдгийг цахимд шилжүүлснээр тухайн мэргэжлийн шаардлага хангасан хичээлийг видео, контент хэлбэрээр үзэх, давтах боломжийг бүрдүүлсэн. Мөн хүний нөөцийн албаны хийсэн “Цахим төмөр замчин”, “Хүний нөөцийн систем” программуудтай уялдуулснаар тухайн албан тушаалд тэнцэх мэдлэг, ур чадвар, ажлын туршлагатай ажилтнуудыг нэг кноп дараад харах боломж бүрдэнэ. Ингэснээр удирдах албанд томилогдох хүсэл зоригоо илэрхийлж хөөцөлдсөн нь бус хэн мэдлэг, ур чадвартай шаардлага хангасан нь томилогдох боломжийг бүрдүүлнэ. Сүүлийн жилүүдэд байгууллагууд зарим төгсөгчдийн мэдлэг, ур чадварын тухай асуудлыг тавих болсон. Энэ хүрээнд Замын захиргаанаас ТЗИС, ПТК-д суралцах элсэгчдийн ЭЕШ-ын оноо өндөртэй хүүхдүүдийг үнэгүй сургах бодлогыг гарган хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, 700-аас дээш оноотой хүүхдүүд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг, 650 дээш бол 75 хувь, 600 дээш бол 50 хувийн хөнгөлөлт эдлэхээр байна. Төмөр замын гадаад, дотоодын сургуулиудад суралцаж буй дүнгийн голчоос хамааран сургалтын төлбөр, дотуур байрны зардал, ирэх буцах зардлыг Замын захиргаа дааж эхлээд байна. Мөн ТЗИС, ПТК-д сурч буй оюутнууд ОХУ-ын төмөр замын сургуулиудад элсэн орсон тохиолдолд Оросын төмөр замууд НХН-ийн Ерөнхий захирлын нэрэмжит 12 мянган рублийн нэмэлт тэтгэлгийг авах боломжтой болсон. Тэгэхээр Х.Хэрлэн даргын хэрэгжүүлж буй бодлого ажилтнаа бэлтгэхээс эхлэн томилох хүртэл нь мэдлэг, ур чадвар, хандлагад суурилсан боломжийг олгохоор ажиллаж байна. Эцэст нь, нийт төмөр замчдадаа нар хур тэгширсэн зуны дэлгэр цагт Монгол орныхоо нийслэл, найман аймаг, 40 гаруй сумдад ажиллаж амьдарч буй төмөр замчид маань морь нь хурдан, бөх нь хүчтэй, харваачид нь мэргэн дэнж хотойтол сайхан наадаарай.
-Танд ажлын амжилт хүсье. Сайхан наадаарай.
Б.Гүнжинлхам
2026. 07. 08 №27, 28 (4737)
