Нүүр Ярилцлага О.А.Казаков: 2030 он хүртэл 300 км хос зам тавина
Ярилцлага

О.А.Казаков: 2030 он хүртэл 300 км хос зам тавина

G.Press 1 жилийн өмнө 244 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

 

УБТЗ ХНН-ийн энэ оны төлөвлөсөн бүтээн байгуулалт, цаашдын хөгжил дэвшил, бодлого чиглэлийн талаар Замын I орлогч О.А.Казаковтой ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та УБТЗ-ын нэгдүгээр орлогч даргаар томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд юунд илүү гол анхаарлаа хандуулж ажиллав?

 

-Замын I орлогч дарга бол нэн тэргүүнд нийгэмлэгийн тээвэрлэлтийн ажлыг хариуцах үүрэгтэй байдаг. Гэхдээ энэ хүрээнд хийсэн ажлуудын үр дүн нь зөвхөн миний хийсэн гавьяа биш. Өнгөрсөн жил, түүний өмнөх жил ч манай тээвэрлэсэн ачаа өмнөх жилүүдээсээ нэмэгдсэн. Энэ нь Тээвэр зохион байгуулалт, Вагоны аж ахуй, Зүтгүүрийн аж ахуй, Замын аж ахуй, Дохиолол холбоо зэрэг хөдөлгөөнтэй шууд холбоотой үндсэн албадын ажлын уялдаа холбоо сайн байсных. Өнгөрсөн онд Цайдам, Хангай, Ногоонтолгой, 36 дугаар зөрлөгийг өргөтгөж, 45 км гол замыг шинэчиллээ. Эдгээр ажлыг хийснээр өртөө, зөрлөгийн нэвтрүүлэх чадвар болон галт тэрэгний хурд нэмэгдэж байгаа юм.

 

-Цаашид ажлын байруудыг автоматжуулан хүний хүчин зүйлээс хамааралгүй болгох хэрэгтэй гэж боддог. Энэ онд зарим өртөө, зөрлөгийг нэгтгэж алсын удирдлагатай болгох уу?

 

-Энэ онд Нартынхошуу, Шивээговь, Чулуут, Бэрх, Дулаан, Цагаанхад, Өлзийт, Хангай, Эрхэт, Цайдам зэрэг арван өртөө, зөрлөгийг диспетчерийн төвлөрүүлэлтэд шилжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр жижиг зөрлөгүүдэд сэлгээний ажил байхгүй. Захиран хуваарилах хэлтсийн диспетчерүүд 500 км алсад өртөө, зөрлөг байсан ч удирдаж ажиллана. Энэ туршлага ОХУ, БНХАУ-д бараг арваад жил хэрэгжиж байгаа. Эдгээр зөрлөгийг диспетчерийн төвлөрүүлэлтэд шилжүүлж, шинэ туршлага нэвтрүүллээ гээд бид туршлагатай ажилчдаа хална гэсэн үг биш. Сул орон тоотой өртөө, зөрлөгүүд рүү шилжүүлж ажиллуулна. Энэ жилийн хөтөлбөр сайн хэрэгжвэл ирэх онд үлдсэн зөрлөгүүдээ ч шилжүүлээд явна.

 

-Нийгэмлэгийн гол хүч нь 16 мянган төмөр замчин. Энэ ч утгаараа 2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа. Гэхдээ Замын удирдлагын баг жил бүр төмөр замчдынхаа цалинг нэмэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөлийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч байгаа гэж хардаг. Энэ оны зорилтын хүрээнд хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?

 

-Хамгийн чухал зүйл нь Замын захиргаа МТЗ-чдын ҮЭ-ийн холбоотойгоо Хамтын гэрээг батлан хэрэгжүүлдэг. Нийгмийн асуудлын чиглэлээр Монгол Улсдаа бараг тэргүүлэх, маш олон зүйл заалтыг багтаасан Хамтын гэрээ гэж хэлж болно. Замын удирдлагууд ажил олгогч гэдэг талаасаа уг гэрээний бүх зүйл заалтыг хэрэгжүүлэн биелүүлж ажилладаг. Өнөө жил бид үндсэн цалинг арван хувиар нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавьсан. Төмөр замчдынхаа ажлын чанар, бүтээмжийг нэмэгдүүлэх үндсэн дээр эрүүл мэндийн даатгалын асуудал, үүнээс гадна хүүхдийн цэцэрлэгүүддээ ч гэсэн үргэлжлүүлэн анхаарч ажиллана. Дараагийн зүйл гэвэл хүний нөөцийнхөө чадавхыг сайжруулах арга хэмжээний төлөвлөгөө гаргасан. Энэ хүрээнд нийслэлийн 73 дугаар сургуультай хамтран чиглүүлэх сургалттай анги байгуулна. Мөн зорилтот чиглэл гэсэн хөтөлбөр бий. Энэ нь, оюутнуудын төлбөрийг Замын захиргаа дааж, харин төгсөөд УБТЗ-д таван жил ажиллах гэрээ байгуулна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр залуу төмөр замчдын сургалтаас гадна тусгай хувцас хэрэгслийнх нь чанар ч илүү сайжирна.

 

-Энэ боломжийг хүссэн оюутан бүр эдлэх боломжтой гэж ойлгож болох уу. Эсвэл аль нэг зорилтот бүлгийн оюутнуудад хамааралтай юу?

 

-Эхний ээлжинд алслагдсан бүсээс ирж буй манай төмөр замчдын хүүхдүүд хамрагдах боломжтой. Энэ нь удам залгасан төмөр замчдыг бэлтгэхтэй холбоотой.

 

-Удам дамжсан, эсвэл гэр бүлийн төмөр замчид илүү сэтгэл зүтгэлтэй ажилладаг юм шиг санагддаг. Манай ТЗДС ОХУ болон БНХАУ, БНСУ-тай 2+3 гэх мэт хөтөлбөр хэрэгжүүлдэг шүү дээ. Энэ хөтөлбөрөөр суралцаж ирсэн залуучууд УБТЗ-д бүгд ажилд орж байна уу?

 

-Өнгөрсөн оны судалгаагаар ОХУ-д төмөр замын мэргэжлээр 60 оюутан суралцаж байсан. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр Монгол Улсад суугаа элчин сайд А.Н.Евсиковтай энэ чиглэлээр уулзаж, цаашид ОХУ-д суралцах оюутны тоог 150 хүртэл нэмэгдүүлэхээр ярилцсан. Улсын төсөв болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн, Засгийн газрын тэтгэлгээр сургана. ОХУ, БНХАУ-аас гадна сүүлийн жилүүдэд БНСУ-д оюутнууд их суралцаж байна. Харин төгсөөд ирсэн залуусаа бид ажлын байраар 100 хувь хангах болно. Тэгээд карьераа өсгөх боломжийг олгох хөтөлбөр хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, гурван жил нэг өртөөнд ажиллуулсан бол дараагийн гурван жилд өөр өртөөнд дэвшүүлэн ажиллуулах гэх мэт бодлого барина.

 

-Тэтгэлгээр сургаж, төгсөөд ирэхэд нь ажлын байраар хангаад зогсохгүй шат өгсөх зарчмаар ажиллуулна гэдэг сайхан санагдаж байна. Харин алслагдсан өртөө, зөрлөгт залуучууд ажиллаж амьдрахад орон байраас эхлээд хүндрэлтэй асуудал олон бий. Энэ талд хэрхэн анхаарч байна вэ?

 

-“Говийн төмөр замчин” хөтөлбөрийг төмөр замчид маань сайн мэднэ. Энэ нь говийн бүсийн алслагдсан өртөө, зөрлөгийн хүний нөөцийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөр шүү дээ. Уг хөтөлбөрөөр төмөр замчдадаа олон боломжийг олгож, дэмжиж ажилладаг. Маш сайн хэрэгжиж байгаа. Нийгмийн асуудлын хүрээнд тулгамддаг нэн тэргүүний асуудал бол говийн бүсэд цэвэр ус хангамж байдаг. Тиймээс худаг гаргахаас эхлэн энэ талд анхааран ажиллаж байна. Мөн урд хэсэглэлд орон сууц болон ажлын байруудыг нь тохижуулан сайжруулж байгаа. 2025 оны хувьд төсөвтөө ажлын байр, орон сууц засварлах нэг тэрбум төгрөг суулгаж, Ерөнхий хорооны хурлаар хамгаалж чадсан. Үүнээс гадна ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр бий. Төмөр замын нэр дээр байдаг газраасаа барилгын компанид өгч, хариуд нь маш бага үнэтэй ипотекийн зээл авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

 

-УБТЗ олон жил алдагдалтай тээврийг хийж байсан. Харин сүүлийн жилүүдэд зарим төрлийн ачаа тээврийн тарифыг индексжүүлж, алдагдалтай тээвэр бараг үлдээгүй гэхэд болохоор боллоо. Үүнийг шийдвэрлэхэд саад бэрхшээл хэр тулгарав?

 

-Өнөөдрийн байдлаар зорчигч, нефть болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг гурван төрлийн тээвэр л алдагдалтай байна. Тарифын индексжүүлэлтийг 2023, 2024 онд хийсэн. Энэ нь, Ерөнхий хорооны гишүүд болон Замын дарга Х.Хэрлэн маш сайн хичээж ажилласны үр дүн юм. Мэдээж зарим зүйлд тодорхой хэмжээний бэрхшээл тулгаралгүй яах вэ. Зарим тээврийн тарифыг хамаагүй нэмэх боломжгүй байдаг. Тухайлбал, нүүрс болон зарим металлын тээврийн тарифыг өндөр нэмж болохгүй л дээ. Бид тариф нэмэхдээ дэлхийн зах зээлийг харгалзан үзсэн. Гэхдээ 2024 онд хийсэн зүйл бол бидэнд маш том ялалт гэж хэлж болно.

 

-Монгол Улс Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн хүрээнд хоёр хөрштэй харилцдаг олон боомтоо төмөр замаар холбох ажлыг эрчимтэй хийж байна. Шинэ төмөр замуудыг бүрэн төмөр бетон дэртэй тавьж, хүнд даацын зүтгүүр вагон гэхчлэн сүүлийн үеийн техник, технологи нэвтрүүлж байна. Тэдгээр төмөр замаар тээвэр чөлөөтэй хийх асуудал нь УБТЗ-ын гол замтай салшгүй холбоотой. Тиймээс мэргэжлийн хүмүүс УБТЗ-ыг ч ойрын хугацаанд бүрэн шинэчлэгдэж, хос зам тавьж, хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Тэгэхээр УБТЗ ойрын хугацаанд хоорондын замаа хос болгох төлөвлөгөө бий юу?

 

-Өнгөрсөн онд гэхэд 45 км зам шинэчилсэн талаар би дээр хэлсэн. Энэ мэтчилэн жил бүр төмөр бетон дэрээр замаа шинэчилж байна. Хаа сайгүй л бүх төмөр замд бетон дэр тавьж байгаа. Бид зөвхөн бетон дэр тавиад байх биш, арван суман шилжүүлгийг төмөр бетон дүнзэн дээр тавихаар төлөвлөсөн. Бусад төмөр замуудтай өрсөлдөх чадвараа хадгалахын тулд нэгдүгээр сарын 31-нд УБТЗ-ын 2030 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталлаа. Энэхүү хөтөлбөрийг мэргэшсэн зураг төслийн институт боловсруулсан. Энэ хүрээнд 2030 он хүртэл 300 км хос зам тавьж, нэг шинэ зөрлөг барьж, таван өртөө, зөрлөгийг өргөтгөх төлөвлөгөөтэй байгаа. Ингэхдээ хаана, аль аль өртөө нэвтрүүлэн өнгөрүүлэх чадвар нь доогуур байна вэ гэдгийг тооцож үзсэн. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд шинэ зүтгүүр худалдан авна. Хөтөлбөрт заасан бүхнийг хийж хэрэгжүүлснээр 2030 он гэхэд бид 50 сая тонн ачаа тээвэрлэнэ гэж тооцсон.  Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, дамжин өнгөрөх ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэн  2030 он гэхэд 50 сая, 2050 он гэхэд 90 сая тонн ачаа тээвэрлэхийг гурван улсын яам баталсан шүү дээ. 

 

-Шинэ төмөр замуудын төсөл хэрэгжиж, тун удахгүй Монгол Улс зүүн, баруун босоо тэнхлэгийн төмөр замтай болох нь тодорхой байна. Эдгээр бүтээн байгуулалт нь УБТЗ-ын ирээдүйн хөгжил, өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлнө гэж та харж байгаа вэ?

 

-Төмөр замын шинэ бүтээн байгуулалттай УБТЗ хамт л өсөж хөгжинө. Бид шинэ төслүүдэд оролцож ч магадгүй. Учир нь, манай төмөр замчдын мэдлэг, туршлага хаана ч гологдохгүй. Улс орны хөгжлийн гол үндэс нь тээвэр байдаг. Тиймээс ямар ч төсөл хөтөлбөр хэрэгжсэн бид уялдаа холбоотой байх болно.   

 

-УБТЗ төдийгүй харилцагч байгууллагууд, цаашлаад хөрш улсууд ч цаасны хэрэглээг багасгаж цахим системд шилжиж байна. Ялангуяа, дамжин өнгөрөх тээврийн хувьд гааль дээр цаасан баримт шалгахад хугацаа их алддаг гэх. Тиймээс гаалийн байгууллага төмөр зам бүрэн цахимжихыг шаарддаг шүү дээ. УБТЗ-ын хувьд хэр цахимжиж байна вэ?

 

-Цахимжилтаар маш олон ажлыг хийж байгаа хил гаалийнхандаа энэ ташрамд талархал илэрхийлье. Бид өндөр түвшинд хамтран ажиллаж, харилцан тусалдаг. Хойд хилээр хоосон вагоны бичиг баримтыг цаасгүй технологиор буюу цахимаар солилцож байна. Ачаатай галт тэрэгний бүрэлдэхүүний бичиг баримтыг цахимаар болгохын тулд зөвхөн УБТЗ болон Оросын төмөр замаас шалтгаалахгүй. Хоёр орны хууль эрх зүйн хүрээнд хийгдэнэ. Дорнод Сибирийн төмөр зам болон УБТЗ-ын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд улиралд нэг удаа цахим хурал хийдэг. Уг хурлаар программ хангамж, мэдээлэл солилцоотой холбоотой асуудлуудыг хэлэлцдэг. Үр дүн нь маш сайн байгаа.

 

-Ерөнхий хороо саяхан Улаанбаатарт хуралдлаа. Энэ хурлаар УБТЗ ХНН 2025 онд 34 сая тонн ачаа тээвэрлэхээр тогтсон байна. Өөр ямар асуудлуудыг УБТЗ-ын зүгээс тавьж хэлэлцүүлэв?

 

-Хурлаар бид есөн сэдэв хэлэлцүүлсэн. Хүлээж аваагүй нэг ч зүйл байхгүй. Бүх илтгэлийг маш нухацтай авч үзээд дэмжсэн. Бид илтгэлүүдээ өмнө нь урьдчилсан байдлаар явуулсан байсан. Маш чухал асуудлууд болохоор Ерөнхий хорооны дарга болон орлогч дарга нар биечлэн хэлэлцэхээр ирж хурал хийсэн. Бүгдийг нь дэмжсэн ч зарим нэг зүйлд засвар оруулж, нэмэлтээр материал явуулахаар болсон. Таны хэлсэнчлэн хамгийн чухал асуудал нь ачаа тээврийн хэмжээ байлаа. Өнөө жил УБТЗ 34 сая тонн ачаа тээвэрлэхээр тогтсон. Мөн төсөв хэлэлцсэн. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хараахан болоогүй байна.

 

-Олон улсын ачаа тээврийн хэмжээ тогтоох хурлыг ирэх сарын 10-14-нд хийхээр болсон. Энэ хурлын бэлтгэлийг хэрхэн хангаж байна вэ?

 

-Гаднын олон төлөөлөгч ирнэ. Урьдчилсан тооцоогоор 160 орчим төлөөлөгч ирэхээр байгаа. Тэр дундаа хэдийгээр хил залгаа биш ч гуравдагч хөршүүд буюу Солонгос, Вьетнам, Казахстан, Киргиз... гэх мэт олон улс орноос нэмэгдэх байх. Энэ хурлаар хамгийн онцлог асуудал нь гэвэл бүгд л хэр хэмжээний транзит тээвэр явуулах вэ гэдгийг хэлэлцэх нь чухал байгаа юм. Бидний зүгээс дамжин өнгөрөх тээврээс гадна экспортын ачааг өмнөх байсан хэмжээнээс илүү нэмэгдүүлэх асуудлыг тавина. Учир нь, экспортын ачаа тээвэр Монгол Улсын эдийн засагт ашигтай шүү дээ. Мөн Монголын хөгжил дэвшилд чухал үүрэг гүйцэтгэдэг орон нутгийн ачаа тээвэр бас бий. Энэ бүх ачаа тээврийн хэмжээг хэлэлцэхээр бид бэлтгэж байна. Хурлын бэлтгэл ажил маш сайн явж байгаа.

 

-Урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!

 

-Баярлалаа. Удахгүй Монголчуудын цагаан сарын баяр болох гэж байна. Тиймээс нийт төмөр замчид, ахмад буурлууд, тэдний гэр бүл, үр хүүхдэд сар шинийн мэнд хүргэе. Мөн эрүүл  энх, сайн сайхныг хүсье. Та бүхэн минь сайхан баярлаарай.

 

М.Наранболд 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.