УБТЗ-ын Чулуун заводын дарга Нямсүрэнгийн Отгонбаатартай ярилцлаа. Н.Отгонбаатар Дорноговь аймгийн Даланжаргалан сумын унаган иргэн, Чулуун заводод 2005 оноос хойш 20 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Анх бутлагчаар ажлын гараагаа эхэлж, дараа нь ээлжийн ахлагчаар, мастераар нэг нэг жил ажиллаж байгаад ерөнхий инженер болсон. 2019 оноос хойш байгууллагын даргаар ажиллаж байна.
-Чулуун заводын хүчин чадал хэр вэ? Ажлын үзүүлэлт ямар байна вэ?
- Манай чулуун завод уулын буталмал чулуу асгаас өгсүүлээд далангийн хөрс шороо, үерийн бэхэлгээний чулуу, үерийн далангийн чулуу, өрлөгийн чулуу гэх мэт зам, барилгад шаардлагатай үндсэн бүтээгдэхүүн нийлүүлдэг үйлдвэр юм.
Манай завод жилдээ 250 мянган шоо метр уулын бут бутламал чулууг боловсруулах хүчин чадалтай ч тэр болгон энэ хүчин чадлаараа ажиллах боломж бага байдаг. Учир нь замын их засварын ажлын хэмжээнээс шалтгаалж төлөвлөгөө өгдөгтэй холбоотой. Харин 2018-2020 онуудад бид бүрэн хүчин чадлаараа ажилласан. Энэ нь Зүүнбаян-Тавантолгойн 416 км замын бүтээн байгуулалт, УБТЗ-ын 80 км замын их засварын ажил, барилгын болон авто замын салбарын томоохон бүтээн байгуулалттай холбоотой. Ингэж хэрэгцээ шаардлага өндөр байвал манайхан жилдээ 250 мянган шоо метр бүтээгдэхүүнийг ямар ч асуудалгүй үйлдвэрлэнэ.
Манай Чулуун завод Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт, Олон-Овоо-1 ордыг түшиглэн 1956 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж, уулын цулыг буталж, ангилан төмөр замын засвар, бүтээн байгууллалтад нийлүүлж ирсэн түүхтэй.
Өнгөрсөн хугацаанд олон бутлах шугам ашиглаж байсан. Сүүлийн 20 жилд гэхэд л 2005 онд суурилуулсан IX бутлах шугамын маань хугацаа дуусаж, цаашид ашиглах боломжгүй болсон. 2006 онд ашиглалтад орсон X шугам бараг 20 дахь жилдээ ажиллаж байгаа бол, 2011 онд суурилуулсан хамгийн сүүлийн бутлах шугам маань 14 дэх жилийн нүүрийг үзэж байна.
Ерөнхийдөө үйлдвэрийн маань тоног төхөөрөмж ч хуучирч, ашиглалтын нөөц ч багассан учраас 2020 оноос эхлэн Олон-Овоо-2 ордыг түшиглэн үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр болж, ТЭЗҮ-г үр ашигтай, өртөг зардал багатай, байгаль орчинд ээлтэй байхаар боловсруулж, Уул уурхай, эрдэс баялгийн яамаар батлуулсан. Үүний дагуу Олон-Овоо-2 орд дээр хоёр бутлан ангилах шугам суурилуулж, Олон-Овоо-1, Олон-Овоо-2 ордыг холбосон төмөр зам татах, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай дотор засвар үйлчилгээний төв болон бусад аж ахуйн барилгуудыг нүүлгэн шилжүүлж барих гэх мэт олон ажил хийгдэхээр болсон.
-Саяхан Олон-Овоо-2 орд дахь шинэ шугамын нээлт болсон байх аа?
-Тиймээ, өнгөрсөн сард Олон-Овоо-2 орд дахь уулын цул боловсруулах бутлуурын шугамыг шинээр суурилуулж, ашиглалтад хүлээж авах ёслол болсон. Энэ ёслолд Замын суурь бүтэц хариуцсан орлогч дарга В.В.Каренда, Замын аж ахуйн албаны үйлдвэрлэл хариуцсан орлогч дарга Д.Эрдэнэсайхан нарын албаны хүмүүс оролцсон.
Энэ шинэ шугамыг анх 980 сая төгрөгөөр худалдан авахаар 2020 онд гэрээ хийж байсан. Түүнээс хойш ковид цар тахал болон бусад олон хүчин зүйлээс шалтгаалж, маш их хүндрэл бэрхшээл туулж байж энэ жил бүрэн ашиглалтад хүлээж авлаа. Энэ завсар хэд хэдэн удаа гэрээ болон бусад бичиг баримтыг шинэчлэх ажил хийгдсэн. Яривал их урт түүх бий.
Өмнө нь ашиглаж байсан Олон-Овоо-1 орд дахь бутлах шугам нь суурьшлын бүсэд ойрхон байсан учраас агаарын бохирдол, тоосжилт их байсан бол одоо үйлдвэрлэл маань Олон-Овоо-2 ордын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд ийнхүү шилжсэнээр иргэдийн ая тухтай амьдрахад эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ, тээврийн зардлыг эрс бууруулж, үйлдвэрлэлийн бааз суурийг нэг газар төвлөрүүлэх боломжийг нээж байна.
Чулуун заводын шинэ бутлуур ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа 20-25 жилээр уртасч, зөвхөн төмөр замын бүтээн байгуулалтад төдийгүй авто зам, барилгын салбарын бүтээн байгууллалтад чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх шинэ боломж бүрдэж байна.
-Шинэ шугамын онцлог, хүчин чадлын талаар тодруулж хэлбэл юу байна?
-Шинэ шугам нь нь замын чигжээс чулууг /щебель/ үйлдвэрлэхээр тусгайлан тоноглогдсоноороо онцлогтой. Цагт 100-150 шоо метр, жилдээ 250 мянган шоо метр уулын цул боловсруулж бөгөөд үүний 70 хувийг гол нэрийн бүтээгдэхүүн буюу 20-60 мм-ийн замын чигжээс чулуу /щебель/, үлдсэн 30 хувь нь 10-20 мм-ийн хайрга, 5-10 мм-ийн дайрга, 0-05 мм-ийн шороо гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн боловсруулж, бутлуураас гарсан бүтээгдэхүүнээр зөвхөн УБТЗ-ын их засварын ажлыг хангаад зогсохгүй босоо болон хэвтээ төмөр замын бүтээн байгуулалт, барилга угсралт, авто замын бүтээн байгуулалтад чухал ач холбгдолтой юм.
Ялангуяа Дорноговь аймаг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Залгуулаад Говьсүмбэр аймаг маань тээвэр ложистикийн төв болж байна. Орон нутгийн энэ олон бүтээн байгуулалтад барилгын дүүргэгч материалын хэрэгцээ их байна.
Манайх өмнө нь Чойр-Сайншанд чиглэлийн Мянганын замын бүтээн байгуулалт, Улаанбаатар хотын Нарны гүүрний барилгад бүтээгдэхүүн нийлүүлж байлаа. Манай чулуугаар Монгол Улсад томоохонд тооцогдох Өргөн дэх Мон цементийн үйлдвэр боссон. Одоо бидний нүдэн дээр харагдаж байна. МАК цементийн үйлдвэрийн олон барилга байгууламжуудыг манай чулуугаар босгосон гээд бодоход бахархалтай байдаг.
Ийм учраас манай завод говийн бүсэд барилгын материалын гол үйлдвэрлэгч бөгөөд барилгын дүүргэгч материалын үйлдвэрлэлийн зах зээлд томоохон байр суурийг эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар гаднын байгууллагад бид 10 гаруй мянган шоо метр бүтээгдэхүүн борлуулаад байна. Энэ хэмжээгээр УБТЗ-даа нэмэлт орлого оруулсан байна. Үүний үр дүнд санхүүгийнхээ асуудлыг дайвар бүтээгдэхүүний орлогоороо шийдвэрлэж байна. Захиалга ирвэл бид цаашдаа томоохон бүтээн байгуулалтад оролцоход бэлэн байгаа.
Манай хамт олон Замын их засварын хажуугаар гаднын байгууллагад бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хангалттай өгч байгаа. Дээр нь Багахангай-Хөшигийн хөндийн замын бүтээн байгуулалтад 50 мянган шоо метр чигжээс чулуу нийлүүлэхээр бэлтгэж байна. Энэ бүхэн УБТЗ-даа үзүүлж байгаа бидний хувь нэмэр, Олон-Овоо-2 ордын үр шим юм.
-Танайх нийт хэчнээн ажилтантай вэ?
Манайх нийт 102 хүний орон тоотой. Өнөөдөр 96 хүнтэй ажиллаж байна.
-Танайд боловсон хүчний тогтвортой байдал хэр вэ?
-Манай завод хэд хэдэн онцлогтой. Нэг талаас уул уурхайн үйлдвэр ч юм шиг, нөгөө талаас баяжуулах фабрик ч юм шиг. Толгой компаниараа бол тээврийн компани ч юм шиг. Энэ бүхний дунд хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэл явуулж байгаагаараа онцлог юм.
Монголын уул уурхайн салбарт өрөмдлөг, тэсэлгээний анхны гурван аж ахуйн нэгжийн нэг нь манай Чулуун завод юм. Монгол Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөр, эрэл хайгуулын үр дүнд бутламал чулууны 4.5 сая тонны нөөцтэй Олон-Овоо-1 орд, 19 сая тонны нөөцтэй Олон-Овоо-2 ордыг тус тус нээж, 1956 онд Чулуун заводыг байгуулсан билээ.
Ийм томоохон ордыг эзэмшигчийн хувьд бид орон нутагт хариуцлагатай уурхайг хөгжүүлэх чиглэлээр манлайлан ажилладаг. Бид нийт ажиллагсдынхаа 60 орчим хувийг нь орон сууцаар хангаж байна. Хүүхдүүдийнхээ сурч, боловсрох боломжийг хангаж байна. Олон-Овоо багт хүүхдийн цэцэрлэг, бага сургууль барьж өгсөн. Нийт ажилчдынхаа 30 орчим хувийг төвлөрсөн халаалтын системтэй байраар хангасан. Иймээс бусад уурхайг бодвол манайд тогтвор суурьшил харьцангуй сайн. Нэг гэр кемпэд ч юм уу, эсвэл нэг контейнер сууцанд 14 хоног ажиллаад буцдаг хүмүүсийг бодвол манай ажилтнууд орон нутагтаа, орон гэртээ ойрхон, тав тухтай орчинд ажиллаж байгаа юм.
Харин боловсон хүчний тогтвор суурьшлын тал дээр нэг зүйл нэлээн хүндрэлтэй байгаа. Энэ бол цалин. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөх, экспортын хэмжээ нэмэгдэх үед уул уурхайн олборлогч компаниуд ялангуяа операторуудын цалин хөлсийг огцом их хэмжээгээр нэмдэг. Дараа нь экспорт зогсох юм уу, олборлолт буурч, ашигт малтмалын үнэ унах үед бүгд зогсдог, бүгд ажилгүй болдог систем Монголд байна.
Манай завод бол харьцангуй тогтвортой ажилладаг. Жилийн дөрвөн улиралд тасралтгүй хоёр ээлжээр ингээд ажиллаж байна. Яахав, түр зуурын өндөр цалин хангамж бодсон зарим хүн гарч орж л байна. Гэхдээ нийт ажилчдын маань 70 орчим хувь тогтвор суурьшилтай ажиллаж байна аа.
Хамгийн гол манай ажлыг доголдуулж байгаа орон тоо бол операторуудын ажлын байр байна. Тэдний цалин бусад уурхайн жишиг цалингаас доогуур байгаа учраас туршлагатай операторуудаа алдчих гээд байдаг. Шинээр сургаж, дадлагажуулсан хүнээ дараагийн байгууллагад алдчих эрсдэл их байна. Гэхдээ энэ байдал цаашдаа өөрчлөгдөх байх аа гэж найдаж байгаа.
- Ярилцлага өгсөнд баярлалаа
Г.Энхбаатар
