Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн УБТЗ ХНН-ийн 6000 гаруй төмөр замчин бүсгүйчүүдийн нэг ЗЗМС-ын Их засварын цехийн мастер Намсрайн Лхагвыг урьж ярилцлаа. Аавынхаа ажил мэргэжлийг өвлөн УБТЗ-д 27 дахь жилдээ ажиллаж буй энэ бүсгүйн энгэрт “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Хүндэт төмөр замчин”, “Төмөр замчны алдар”, “Онц хөдөлгөөнчин” тэмдэг гялалзах ажээ.
-Замын их засварын бэлтгэл ажил эхэлчихсэн. Та нар минь ажил ихтэй байгаа гэж дуулсан. Гэсэн хэдий ч бидний урилгыг хүлээн авч, цаг гаргасан танд баярлалаа?
-Тиймээ, их засварын бэлтгэл хэдийнэ эхэлчихсэн. Ер нь, бид жилийн төлөвлөгөөт ажлаа дуусгаад дараа жилийнхээ их засварт бэлтгэж эхэлдэг гэхэд болно доо. Та хэдийнхээ урилгыг хүлээж аваад их баярласан. Бас их догдоллоо. Нөхөртөө “Сониноос ярилцлага өгөөч гэлээ. Би одоо юу яринаа?” гэхэд манай хүн “Асуусан асуулт болгонд нь л хариулаад байхгүй юу” гэсэн. Төмөр замынхаа сонинд аавынхаа тухай, сайхан хамт олныхоо тухай ярих завшаан тохиолоо гэж эгч нь та бүхний саналыг их талархан хүлээж авсан.
-Таныг яг аавынхаа ажил мэргэжлийг үргэлжлүүлж яваа гэж дуулсан. Тэгэхээр эндээс яриагаа эхэлье?
-Тиймээ, миний аав Галсанжамцын Намсрай гэж “Хүндэт төмөр замчин”, төмөр замын нэртэй сайн мастеруудын нэг байсан. Аав, ээж хоёр минь Хөвсгөл аймгийн хүмүүс. Анх төмөр замд 1962 онд илгээлтээр ирж, Замын IV ангийн X хэсгээс замчнаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, тэнд танилцаж гэр бүл болцгоосон гэдэг. Дараа нь, 1976 онд аав, ээж хоёр ЗЗМС-д ажиллах болж, Улаан-Уулаас намайг нэг настай байхад хотод нүүж ирсэн гэдэг. Би дөрвөн ахтай, хоёр эрэгтэй дүүтэй, айлын ганц охин. Дунд сургуулиа дүүргээд Төмөр замын коллежийн холбооны ангид орно гэж боддог байлаа. Гэтэл аав минь “Зам дагасан хүний амьдрал өөдөө явдаг. Замын ажлыг хамт олноороо хийдэг. Зам сайхан. Замын мэргэжил сонгосон хүн буруудахгүй” гээд хөтөлж аваачаад л замын ангид оруулчихсан. Сургуулиа төгсөөд аав, ээжийнхээ ажлын гараагаа эхэлсэн Замын IV ангид хуваарилагдсан. Говь руу явах болсон минь бас л аавын шийдвэр байсан. “Аав, ээжийнх нь ажил амьдралаа эхэлсэн сайхан байгууллага. Миний охин тийшээ оч” гэсэн. Эхлээд Замын II хэсэгт Бүргэд мастерын гар дээр очсон, дараа нь Зүүнбаянгийн XIII хэсэгт хоёр жил мастер хийсэн, III хэсэгт бригадын дарга хийж байгаад 2004 онд ЗЗМС-д шилжиж ирсэн. Замын IV ангид нийтдээ таван жил ажилласан. ЗЗМС-д их засварын бригадын дарга, салаа замын бригадын дарга, их засварын мастераар ажиллаж байна даа.
-Аав тань таныг яг л өөрийнхөө замаар явуулж дээ?
-Тэгсэн. Аав, ээж минь нас өндөр болоод ирэхээр нь түшиж тулъя гээд ЗЗМС-д шилжиж ирсэн.
-Ах дүү нараас нь төмөр замчин болсон уу?
-Ах нар маань цэрэгт явахаасаа өмнө замчин хийж байгаад цэргийн алба хааж ирээд бүгд жолооч болцгоосон. Нэг дүү минь Төв засварын үйлдвэрт токарьчин. Яг аавынхаа ажил мэргэжлийг би л өвлөсөн.
-Таныг замчнаас шууд мастер болсон гэж ойлголоо?
-Замчнаар хоёрхон сар ажиллаад байтал намайг мастер бол гэхэд нь “Би чадахгүй ээ, бригадын дарга ч хийж үзээгүй шүү дээ” гэхэд “Сургуулийг нь төгсөж ирчихээд чадахгүй гэсэн чинь юу гэсэн үг вэ” гээд л томилчихсон. Зүүнбаянгийн XIII хэсгийн хамт олон минь намайг түшиж тулаад, зааж чиглүүлээд л явчихсан даа.
Анх ажил хүлээлцэх болоход бензин тос, дэр мод хүлээлцэнэ гэхээр бүр гайхаж байсан. Юу ч мэдэхгүй. Сургуульд онол л заалгаж байсан болохоос замын мастер эд хариуцдаг, аж ахуйн олон ажил хийдэг гэдгийг мэдэхгүй, төсөөлөхгүй. Тэгээд ажил хүлээлцэхдээ хотоос аавыгаа дуудсан. Аав минь ирж, ажил хүлээлцэхэд байлцаж, зааж зүглүүлж хамт байсан. Аавын эрх охин анх ажилд орохдоо л аавдаа хөтлүүлээд л очиж байлаа. Мастер болохдоо аавыгаа дуудчихсан. Мөн ч эрх байж дээ.
-Аав тань таныг мастер болоод хамт олон удирдаад явах болоход юу гэж захиж байв?
-Надад гурван зүйл л захисан. Нэгд, миний охин хэзээ ч замчдынхаа цалингаар битгий оролдоорой. Хүний цалин хаслаа гээд ажил сайжирдаггүй юм. Хоёрт, замд чигжилт хийсний дараа, дэр мод сольсны дараа ойр орчмоо сайхан цэвэрлэж байгаарай. Ажлынхаа гүйцэтгэлийг сайн шалгаж байгаарай. Гуравт, дүрэм журам, хууль сайн уншиж судлаарай. Ээлжийн амралт, төрөхийн чөлөө, өвчтэй, чөлөөтэй, гачигдал тохиолдсон ажилтанд яаж чөлөө олгох вэ гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Түүний тулд хууль дүрмээ сайн судлаарай. Хүн хохироож болохгүй. Миний охин хүний амьдрал, ахуй хариуцдаг боллоо шүү гэж захиж байсан. Аав минь насаараа мастер хийсэн болохоор замчдаа их хайрладаг байсан. Аав минь угаасаа их зөөлөн хүн. Аавынхаа энэ гурван захиасыг би хэзээ ч умартаж байгаагүй.
Харин ээж минь их зарчимч, өндөр шаардлагатай хүн байлаа. Гэхдээ ээж намайг юманд уян хатан, наанатай цаанатай бай. Их хатуу байна гэж зэмлэдэг байсан. Залуу байхад аав, ээжийн захиж сургасныг бүгдийг сайн ухаж ойлгодоггүй байж. Одоо л аав ээжийн захиас орой руу ордог юм байна. Хэрэв залуудаа аав ээжийнхээ хэлсэн ярьсныг бүгдийг хэрэгжүүлсэн бол одоо байгаагаасаа 2-3 алхмын урд явах байж дээ гэж боддог. Гэхдээ залуу нас ерөөсөө тийм л байдаг бололтой. Би өөрийнхөө залуу байсныг бодоод одоо хүүхдүүдээ айхтар зэмлээд хатуурхаад байдаггүй. Угаасаа аав, ээжийнхээ хэлсэн ярьсныг ойлгох нас нь болоогүй байна даа гэж боддог.
-Таны ажлын хамгийн сайхан нь юу вэ?
-Ерөөсөө замчдын ажлын сайхан нь хамт олноороо их ажлыг нугалдаг. Яг л нэг хүн шиг сэтгэж, гар нийлж байж хийдэг ажил учраас манайхан үнэхээр халуун дулаан уур амьсгалтай, маш дотно. Хүний л амьдрал юм чинь баяртай, гунигтай өдрүүд бидний хэнд ч тохиолдоно. Тийм үед хамт олон л түшиж, аливааг болгох бүтээх гэж хичээдэг. Ямар ч их ажлын ард хамтдаа гарч чаддаг. Би хамт олноороо үнэхээр бахархдаг. Тийм болохоор бидний ажил хүнд бишээ.
Их засварын цуваа хөдлөөд явахад огшмоор... Анхны цонх эхлэхэд огшино. Эхний хоёр цонхыг амжилттай хийгээд гурав дахь цонхноос ажил жигдэрнэ. Хоёр цонхны дараа шинэ ажилтнууд минь ямар ажил хийх, юу хариуцахаа мэддэг болчихсон байхыг харах урамтай. Цонх дуусаж эхний галт тэргээ явуулчихаад ажлаасаа буух сайхан. Их засвар орсон хэсгийн замчдын талархсан сэтгэлийг мэдрэх сайхан. Биднийг яваад очиход Замын ангиуд, хэсгийн замчид их сайхан хүлээж авна. Ажлаа дуусгаад буцахад баярлаж талархсанаа илэрхийлээд үднэ. Бид ч замчдынхаа нуруун дээрх ачааллаас хөнгөллөө шүү дээ гэж бодохоор сэтгэл их өег. Бидний ажлын үр дүн тэр өдөртөө харагддаг. Их засвар дуусаад цуваагаа татаад буцаад явах гоё. Энэ ажлын сайхныг хийж үзсэн хүн л мэднэ дээ.
-Хамгийн сэтгэлээс гардаггүй үе хэзээ тохиов?
-Зүүнбаян-Тавантолгойн замыг барьж байхад хүнд үеүд байсан. Хавар говьд их шуурна. Дөрөвдүгээр сард шиг санаж байна. Бараг дэргэдэх хүн харагдахгүй болтол нүүр нүдгүй шуурч, арга буюу ажлаа зогсоож байлаа. Манайхан барагтай бол цас бороо, шуурганд ажлаа зогсоодоггүй шүү дээ. Тэгэхэд зогсоохоос аргагүй болсон. “Тэнгэрийн муухай арилдаг” гэдэг шиг маргааш нь тэнгэр юу ч болоогүй юм шиг л байсан даа. Цогтцэцийн зам дээр ажиллахад ер нь чанга санагдаж байсан шүү. Пандрол бэхэлгээтэй зам барих бас амаргүй шүү дээ. Гэхдээ манайхан хэн нь ч хэцүү байна гээгүй. Тэр ажлын ард амжилттай гарцгаасан даа.
Манай Монголын цаг агаар эрс тэс шүү дээ. Тавдугаар сард цонхонд ажиллаж байхад өглөө нь бороо ороод үдээс хойш нь цасаар шуурчих жишээтэй. Нэг өдөрт л дөрвөн улирлыг үзнэ шүү дээ. Тэглээ гээд бидний ажил зогсох учиргүй. Цагийн зүүтэй уралдаж ажилладаг онцлогтой. Ямар ч их ажил байлаа гэсэн арван цагийн цонхонд л багтааж бүх ажлаа дуусах ёстой. Маргааш нь технологийн дөрвөн цагийн цонхонд нарийн засваруудаа хийж дуусах ёстой.
-Нэг цонхонд дунджаар хэдэн хүн ажилладаг вэ?
-Манай механикзаторууд, замчид дээр Замын ангиудаас замчид нэмж ирээд 80 орчим хүн ажилладаг. Тэдний манай гурван мастер, бригадын дарга нар хуваагаад хариуцаад ажилладаг.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би хоёр хүү, нэг охинтой. Том хүү минь энэ жил 25 хүрлээ. Төмөр замын дээд сургуулийг замын инженерээр төгссөн. Охин маань оюутан. Бага хүү минь арван настай.
-ЗЗМС-ын ажлын онцлог нь зуны дэлгэр цагт их засвараа хийгээд явдаг, гэрийн бараа харахгүй шүү дээ. Ээж, эхнэр хүн эзгүй байна гэдэг хэцүү. Та ажил амьдралаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Хүүхдүүд минь эрт биеэ даасан. Дээр нь хань минь хамт ажилладаг болохоор ажлынхаа онцлогийг сайн мэднэ. Хүүхдүүдээ ах нартаа захьж үлдээдэг байсан. Бүр багад нь минь аав, ээж минь хардаг байлаа. Бага хүүг Эрдэнэтэд хадмууд минь өсгөж байгаа.
-Танай цехэд бүсгүйчүүд олон уу?
-Намайг анх ажилд орж байхад эмэгтэйчүүд олон байсан. Одоо цөөхөн эмэгтэй ажиллаж байгаа. Одоо 32 замчны арав нь эмэгтэй. Хамгийн ахмад олон жил ажилласан нь би л болж байна. Бусад нь шижигнэсэн сайхан залуучууд.
-Gen-Z үеийнхэнтэй ажиллах хэцүү л гэцгээх юм. Танд ямар санагддаг вэ?
-Залуучуудыг загнах биш урмын үгээр дэмжих, арга эвийг нь олж ажиллах ёстой юм билээ. Би өөрийнхөө хүүхэд шиг хүмүүстэй ажиллаж байна шүү дээ. Бидний үеийнхэн бол өөр. Загнах тусам ажлаа сайн хийх гэж мэрийдэг байсан.
Орчин үеийн залуусыг загнаж зэмлэвэл шантрах талтай. Сургууль төгсөөд ирж байгаа залуусыг бид сайхан тосож аваад зөв түшээд авах хэрэгтэй. Залуу байхад зоригтой ч байдаг, хатуу ч байдаг. Тэр хэрээрээ зэмлэдэг, загнадаг байсан байх. Одоо бол загнаж зэмлэх нь гол биш, ойлгуулах, урамшуулах нь илүү нөлөөтэй гэж боддог болсон. Нас яваад замчдаа өөрийн үр хүүхэдтэй харьцуулж боддог юм байна. Үг, үйлдлээ цэгнэдэг болдог юм байна.
Залуучуудтай ажиллах сайхан шүү дээ. Манай залуус эрч хүчтэй, гэгээлэг, хөгжилтэй.
Залуу байхад ахмад үеийнхэнтэй ажиллаж байхад маш их түшигтэй, тулхтай, нөмөртэй байсан. Манай ахмадууд биднийг загнаж зэмлэхээс илүү мэдэхгүй, ойлгохгүй байгаа зүйлийг егөөдөж, хоржоонтой хэдхэн үгээр хэлчихнэ. Тэр нь огт мартагдахгүй. Загнуулж, зэмлүүлж ч байсан. Тухайн үед хатуу үг хэлсэн хүнд уурлах, гомдох үе байсан. Одоо эргээд бодоход ахмад үеийнхэн миний төлөө л үг хэлж дээ гэдгийг ойлгодог юм байна. Надад сайн санасандаа миний алдаа дутагдлыг хэлж өгч байж дээ. Муу санасан бол дуугүй л өнгөрөх байсан байх.
-Хэдхэн хоногийн дараа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байна. Бидний нэрлэж заншсанаар “Мартын 8”-аар та хэрхэн баярладаг вэ?
-Анги, ҮЭ-ийн хороо, цехийнхэн маань Мартын 8-наар бүсгүйчүүдээ сайхан хүлээж авч, баярлуулдаг. Гэрт бол манай хүн, хүүтэйгээ хоол цай хийгээд л ширээ засаад охин бид хоёрыг бас баярлуулна.
-Сэтгэлээс гардаггүй Мартын 8-ны дурсамж бий юу?
-Хүү минь нэг удаа бие даагаад бууз хийж өгч байсан нь санаанаас огт гардаггүй. Тэгэхэд хүү минь бага л байсан. Гэхдээ ээж дүү хоёртоо баяраар нь бууз хийж өгье гэж үнэхээр хичээсэн байсан. Гэрээ цэвэрлээд л... Тэгэхэд их баярласан.
-Бусад баяруудаар гэртээ байж чаддаг уу?
-Байлгүй яах вэ. Шинэ жил, цагаан сараар гэртээ байна. Хүүхдийн баяр, наадам, төмөр замын баяраар их засвартай байсан ч биднийг амраадаг болохоор баярыг гэр бүлээрээ сайхан тэмдэглэдэг.
-Энэ хариуцлагатай ажил албыг хашихад ханийн тань түшиг тулгуур их байдаг болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Миний ханийг Даваасүрэнгийн Чинбат гэдэг. Хамгийн дотны зөвлөгч, түшиг тулгуур минь миний хань. Би бурхан биш юм болохоор алдаа дутагдал гаргана. Заримдаа буруу зөрүү үг амнаасаа унагана. Тийм үед “Чи сая буруу ярилаа шүү. Тэгсэн бол зөв байх байлаа. Эсвэл чи сая ёстой зөв зүйл хэллээ” гэх мэтээр зөвлөнө, дэмжинэ. Ханийн минь нөмөр түшиг их шүү.
-Замчин бүсгүйчүүдийнхээ тухай энэ цаг мөчид юу хэлмээр байна вэ?
-Ер нь, зоригтой л эмэгтэй замчин болдог байх. Замчин бүсгүйчүүд минь үнэхээр гайхалтай тэсвэр хатуужилтай хүмүүс. Замчин охид бүсгүйчүүддээ эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэн минь хамгийн зоригтой, сэтгэлийн хаттай, хамгийн уужим бүсгүйчүүд шүү гэдгийг онцолж хэлмээр байна.
Энэ ташрамд ЗЗМС-ын удирдлага, хамт олондоо, Их засварын цехийнхэндээ баярлаж талархдагаа хэлье. Мөн Замын IV ангийн 70 жилийн ой энэ жил тохиож байгаа юм билээ. Намайг ажил амьдралыг алтан дөрөөнд дөрөөлүүлж өгсөн тэр сайхан хамт олондоо мөн 70 жилийн ойн мэнд хүргэе.
Эцэст нь хэлэхэд хамгийн халуун дулаан сэтгэлтэй, даруухан хүмүүс бол замчид. Урдах ажлаа хийчихээд чимээгүйхэн явж байдаг, хайрлаж хүндэлмээр эгэлхэн хүмүүс дээ. Замчдаараа бахархаж, хайрлаж хүндэлж явдаг даа.
Аав минь “Зам дагасан амьдрал үргэлж өөдөө явдаг” гэдэгсэн.
-Чин сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа. Танд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Б.Гүнжинлхам
