Нүүр Цаг үе Нийслэлд 7700 төмөр замчин ажиллаж, амьдарч байна
Цаг үе

Нийслэлд 7700 төмөр замчин ажиллаж, амьдарч байна

G.Press 2 жилийн өмнө 97 үзэлт 0 сэтгэгдэл

 

Техникийн бодлого, стандартчиллын албаны  инженер Б.Ганбаатараас нийслэлийн авто замд үүсээд буй түгжрэлийг бууруулахад “УБТЗ” ХНН-ийн зүгэээс хийж буй ажлын талаар  асууж, тодруулсан юм.

 

-Төмөр замчдын маань хэдэн хувь нь Улаанбаатар  нийслэлд ажиллаж амьдардаг юм бол?

 

   -УБТЗ-ын 33 аж ахуйн нэгжийн 7700 гаруй ажилтан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Энэ нийт аж ахуйн нэгж, ажиллагсдын бараг 50 хувь  нь гэсэн үг болох нь.

 

    -Нийслэлийн авто замын түгрэлд хувь хүний ухамсар, байгууллага, пүүс компаний орлцоо хүртэл чухал үүрэгтэй гэдгийг энэ хэдэн жилд бид харж байна шүү дээ.  “УБТЗ” ХНН үүнд ямар үүрэгтэй оролцож байгаа вэ?

 

    -Түгжрэлийг бууруулахад мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх жирийн иргэд бидэнд шууд мэдрэгдэх ажил гэвэл БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын дөрвөн байршилд баригдах төмөр замын доогуур тавигдах нүхэн гарцын бүтээн байгуулалт. Манай хот дундуураа төмөр замаар зааглагдсан, хотын хойно, урд амьдардаг хүмүүс төмөр замаа давж гарах гэж асар их тойрч түгжээ үүсгэдэг. Эхний нүхэн гарц Таван шар орчимд төмөр замын 396 дугаар километрт баригдаж байна. Уг нүхэн гарцын ажил наймдугаар сард эхэлсэн.

Уг бүтээн байгуулалтын ажилд” УБТЗ” идэвхтэй туслаж, дэмжиж байна. Ажлын фронт нь угаасаа төмөр замтай давхцаж байгаа. Төмөр замын  гармын аюулгүй байдал, авто зам, төмөр замыг хоёр түвшинд огтлолцуулах зэрэг асуудлууд эдгээр гармууд дээр  шийдэгдэнэ гэсэн үг.   

Хоёр дахь нүхэн гарц нь бидний ярьж заншсанаар Геологийн төв лабораторийн зүүн талаар явдаг авто замыг урагш нь төмөр зам доогуур нэвт гарган ТЭЦ-4-ийн авто замтай холбоно. Ингэснээр Яармагаас чанх хойшоо шинээр тавигдаж байгаа авто замтай нийлэх юм.

Гурав дахь нүхэн гарц  нь төмөр замын 401 дүгээр  километрээр буюу Гермесийн зүүн талаар явдаг авто замыг Зорчигчийн вагон депогийн наахна ногоон зоорины орчим төмөр зам доогуур урагш нь нэвт гарган бидний ярьдгаар “Говь” комбинатын авто замтай холбох, дөрөв дэх байршил нь төмөр замын 407 дугаар км буюу “Дүнжингарав” худалдааны төвийн орчим төмөр зам доогуур тавих нүхэн гарц юм.   396, 407 дугаар км-ийн гармууд дээр галт тэрэг явах үеэр үүсдэг түгжрэлийг хотын захаас ажил, амьдралаа зохицуулдаг замчдад маань илүү мэдрэгдэж таарна.

Дээрх  2, 3 дахь нүхэн  гарцууд ашиглалтад орсноор хотын баруун болон хойд хэсгээс заавал хотын төв болон Таван шараар дайрахгүйгээр урагшаа Хан -Уул дүүрэг рүү ирж, очоод байж болох нь гэсэн үг.

 

-Эдгээр нүхэн гарцуудаас гадна  төмөр замчдын оролцоо хэр байгаа бол?

 

    -Авто замын түгжрэлийг бууруулах асуудалд төмөр замчид эртнээс идэвхитэй оролцож ирсэн шүү дээ. 2014 онд хот дотор дөрвөн  газар зогсоол барьж рейлбус РА-2-ыг Амгалан-Толгойт хооронд аялуусан, 2012 онд Олимпийн гүүр барихтай холбогдуулан 406 дугаар километрийн гармыг 405 дугаар километрт нүүлгэн шилжүүлж тоноглосон. Мөн  Энхтайвны гүүрний зүүн талд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хийсэн нүхэн гарцын бүтээн байгуулалт гээд авто замын түгжрэлийг бууруулах ажилд “УБТЗ”-ын оруулсан хувь нэмрийг  тоочоод байвал маш урт жагсаалт гарна. Энэ талаар манайх нийслэлтэй бүх цаг үед нягт хамтран ажиллаж ирсэн, өнөөдөр ч хамтран ажиллаж байна. Сүүлийн жишээ хэлэхэд Яармаг-Хархорин автобусны хооронд тавигдахаар Франц улсын техник, эдийн засгийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа “Дүүжин тээвэр” төсөл төмөр замын 399 дүгээр км-ээр төмөр зам дээгүүр гарахаар трасс нь батлагдсан.

Энэ төслийн судалгааны ажилд гэхэд манай Техникийн бодлогын алба, Зураг төслийн төв, Тээврийн хяналт, Зам, Холбоо, Эрчим хүчний албад гээд бүгд оролцож туслалцаж байна.

Авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хандан 2022 оны есдүгээр сард зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийг “УБТЗ”-д хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө батлагдаад ажлууд хийгдэж байна. Эдгээр ажил Улаанбаатар, Толгойт зангилаан дээр голлон хийгдэж байна.  Төмөр замын байгууллагууд санаачлан байгууллагынхаа гадна, дотно авто машин, дугуйн зогсоолуудыг тордож тохижуулах, талбайг нь өргөтгөх, урсгалыг нь зөв болгох ажлыг дор бүрнээ хийсэн. Манай төмөр замын байгууллагууд хашаан дотроо ч тэр гаднаа ч тэр өөрсдийн ажиллагсдын болон үйлчлүүлэгчдийн авто машиныг зогсоох авто машины зогсоолууд сайтай юм. Эдгээр зогсоолуудынхаа тохижилт, будах шунхдах ажлуудыг хавар, намрын уоиралд сайн хийж байна.

Үндэсний хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу ажиллагсад “Нэг чиглэлээс нэг автомашинаар”, албан хаагчдыг оршин суух газрын харъяаллын дагуу ойр байрлах салбарт боломжоор нь шилжүүлэн ажиллуулах гээд ажлууд хийгдэж байна.Манайд үйлдвэрлэлийн хог хаягдал их гаргадаг байгууллагууд олон байдаг. Эдгээр байгууллагууд хог,  хаягдлаа авто зам чөлөөтэй шөнө оройн цагаар тээвэрлэх, барилгын материалын захуудаас бараа, материал татан авахдаа аль болох замын хөдөлгөөний оргил ачаалалтай үеэс бусад цагаар замын хөдөлгөөнд оролцох гэх мэтээр дотоод зохион байгуулалтуудыг боломжийн хэмжээнд хийцгээж байна.

Ер нь, түгжрэлийг бууруулах талаар Улаанбаатар  зангилааны байгууллагууд дээр өөрсдийн байгаа боломжоо ашигласан ажлууд хийгдсээр байгаа гэж ойлгож болно. Нэг жишээ дурьдахад, Улаанбаатарын зүтгүүрийн депогийн "Залуучуудын зөвлөл”-өөс санаачлан байгууллагынхаа дугуйн зогсоолын өнгө үзэмжийг сайжруулж дээврийг сольсон, Facebook групп, “Зүтгүүрчин” сониндоо явган алхах, гүйх, дугуй унахын ач тусын талаарх мэдээ, мэдээллийг тогтмол оруулдаг болсон.  Ажиллагсад гадагшаа гаралгүй байгууллага дээрээ үсчин, гоо сайхан, маникюрын үйлчилгээг авах боломжийг бий болгох үүднээс эдгээр үйлчилгээг нээн ажиллуулж  байгаа гээд олон сонирхолтой ажлуудыг санаачлан хийсэн байх жишээтэй.

Замын захиргаанаас ч гэсэн ажилтнуудыг нийтийн тээврээр үйлчлүүлэхэд дэмжлэг болгож унааны хөнгөлөлтөнд сардаа 110 сая, жилдээ 1,3 тэрбум орчим төгрөгийг Улаанбаатар зангилааны төмөр замчдад олгож байна.  

 

- Ео нь, авто замын түгжрэл, утаа бол  нийслэлчүүдийн байнгын  сэдэв байх юм. Та зорчигч тээврийн чиглэлээр олон жил ажилласан хүн. Зорчигчийн вагоны галлагаанд шахмал түлш түлээд 3-4 жил болж байна. Хэр үр дүнтэй ажил вэ?

 

   -Би Эрхүүд төмөр замын сургууль төгсөж ирээд зорчигч тээвэрт орж ажилласан. Зорчигчийн вагоны галлагаа гэдэг идэр ёсийн хүйтэнд зорчигчдийг дааруулж жиндүүлэхгүй, тохь тух алдуулахгүй үйлчлэх, вагоны үйлчлэгчдийн хувьд ч гэсэн ажлын байр нь дулаахан байж, галлагаанд зарцуулах хугацаа нь бага ч болтугай хорогдох, зорчигч үйлчилгээ болон бусад ажилдаа зарцуулах цаг зав нэмэгдэх, улмаар тэсгим хүйтэн өвлийг хүндрэл багатай давахад маш чухал зүйл байдаг. Түлшний чанар муу бол үйлчлэгчийн ажил шууд хүндэрдэг.

Зорчигчийн вагоны парк хуучирсан, үүнийг дагаад вагонуудын битүүмж муудсан. Илчлэг өндөртэй, тортог багатай, сайн түлштэй байхгүй бол амаргүй. Шахмал түлшний хувьд зорчигчийн вагоны өнөөгийн галлагааны технологид хамгийн сайн тохирсон сонголт гэдэг нь энэ 3-4 жилийн хугацаанд харагдаж байна.

  Түүхий нүүрстэй харьцуулахад үйлдвэрлэлийн соёл талаас нь үзвэл сав, баглаа боодол нь цэвэрхэн болсон гээд дэвшилттэй зүйлүүд их бий. Эдийн засгийн утгаар ч тэр. Өмнө нь түүхий нүүрс түлдэг байсантай харьцуулахад 20-30 хувийн  ашигтай байгаа болов уу. Надад өнөөдрийн нарийн тооцоо судалгаа алга. Гэхдээ их хол зөрөхгүй болов уу.

Шахмал түлшийг галлагаанд нэвтрүүлснээр Техник үйлчилгээний газруудаас зорчигчийн вагоныг нүүрсээр зэхэх шаардлагагүй болсон. Учир нь, шахмал түлшний илчлэг өндөр, овор хэмжээ бага болохоор депогоос шахмал түлшээр зэхэгдсэн галт тэрэг тэр зэхэлтээрээ буцаад ирэх техникийн боломжтой болсон гэсэн үг. Үүний цаана ТҮГ-ын вагончид өөрсдийн үндсэн технологит ажилдаа хандуулах цаг зав нь нэмэгдээд,  хэмнэсэн орон тооноос эдийн засгийн хэмнэлт гарч байгаа л даа.

 

И. Наранчимэг

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.