Ахмад төмөр замчин Найдангийн Ганбаттай ярилцсанаа толилуулъя. Тэрбээр, Халхын Сайн ноён хан аймгийн Ёст засгийн хошууны Очирдара хувилгаан Түвдэнминжүүрийн удмын хүн ажээ. Н.Ганбат гуай Очирдара хувилгааны мэлмий гийсний 120 жилийн ойд зориулан 2016 онд ном бичиж, олны хүртээл болгожээ.
-Та сайхан өвөлжиж байна уу? Тантай ярилцахаар их эрт төлөвлөсөн ч сар шинийн босгон дээр л уулзах боломж гарлаа. Та тун завгүй хүн юм. Ярилцлага өгөх цаг зав гаргасанд баярлалаа?
-Өвөлжөө сайхан байна. Ах нь өдөр бүр архивт сууж байгаа болохоор зав багатай байдаг. Сониндоо урьж ярилцаж байгаад баярлалаа.
-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би 1952 оны өвөл Дорноговь аймгийн Иххэт суманд Зүүннүдэн гэдэг газар эхээс мэндэлсэн хүн. Бага нас хөдөөний хүүхдүүдийн жишгээр хурга, ишигний наагуур, цаагуур гүйж өнгөрсөн. Би дээрээ нэг ах, гурван эгч, нэг дүүтэй хүн. Ээж минь 1957 онд таалал төгссөн. Намайг есөн нас хүрсэн тэр жил нагац ах маань Замын-Үүдийн байцаан өнгөрүүлэхэд офицер болж, тэнд суурьшиж, ах дүүс биднийг татаж авснаар би тэнд сургуульд орсон. Нагац ах минь их буянтай хүн байлаа.
Дунд сургуулиа дүүргээд Металлистын ТМС-д ангиасаа олуулаа хуваарь авсан. Уг нь, жолооч болох сонирхолтой байсан ч халуун төмрийн дархны ангид хуваарилчихаар нь сургуульд оролгүй Замын-Үүддээ ирж цахилгаан станцад машинист гэдэг ажлаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1972 онд 20 настай цэрэгт татагдаж, гурван жил алба хаагаад халагдах болоход хотод үлдэж, элс хайрга бутлан ангилах карьерын аж ахуйд ажилд орсон. Тэр үед Барилгын салбарт ажиллаж байгаа хүмүүст хотын паспорт амархан олддог байсан. Хотын паспорттой болж аваад 1976 онд Улаанбаатар Зүтгүүрийн депод ажилд орж, насаараа илчит тэрэгний засварчин хийсэн дээ.
Дагалдангаар засварчин болж, Төмөр замын техникумд оройгоор суралцаж, илчит тэрэгний техникч-механикч мэргэжил эзэмшсэн. Улаанбаатар зүтгүүрийн депод 31 жил, УБТЗ-д нийт 36 жил ажиллаад 2007 онд тэтгэвэрт гарсан.
- Замын-Үүдийн цахилгаан станц төмөр замд харьяалагддаг байсан хэрэг үү?
-Тийм ээ. Төмөр замын дагуу бүх өртөө зөрлөг, суурин газрыг төмөр зам эрчим хүчээр хангадаг байсан юм.
-Та тэтгэвэрт гараад ном бичих, шашны судалгааны ажилд шамдаж эхлэв үү?
-Тэр их түүхтэй. 2007 онд тэтгэвэрт суугаад Дорноговьт очиж гурван жил амьдарлаа. Номын дэлгүүрийн худалдагч хийж байлаа. Хажуугаар нь ширээний теннис их тоглоно. Манай найзууд теннис сайн тоглодог, миний багш нар байхгүй юу. Тэнд байж байхдаа ургийн бичгээ бичье гэж шийдээд хотод ирээд архивт сууж эхэлсэн.
-Та Очирдара хувилгааны удмын хүн гэдгээ өмнө нь мэддэг байв уу, эсвэл
-Мэдэлгүй яах вэ. Очирдара хувилгаан миний аавын төрсөн ах юм чинь. Гэхдээ уулзаж учирч байгаагүй. Хүүхэд байхдаа ааваасаа үүх түүхийг нь сонирхож асуудаг байсан. Аав надад ойр зуурын юм хэлж өгнө. Лавшруулаад асуугаад байхаар ундууцаж “Чи тэрийг мэдэж яах юм. Чамд хэрэг болохгүй, гай болж мэднэ” гэчихнэ. Би багын сониуч хүүхэд байсан даа. Аавын гурван ах гавж мяндагтай лам хүмүүс байж. Том ах нь хэлмэгдэж, хороолгож, удаах хоёр ах нь эх орноосоо дүрвэж харьд очсон болохоор дотроо айж болгоомжилдог байсан байх.
Ураг удмаа судлаад архивт суугаад байтал авга ах Очирдара хувилгаан Түвдэнминжүүрийн тухай их олон баримт гарч ирсэн. Тэгээд энэ хүний тухай ном бичье гэж бодсон. Миний ном бичих гэж юу байх вэ, цуглуулсан материалуудаа
түүхч Э.Жигмэддоржид өгч, тэр залуу энэ номыг их сайхан баринтаглаж өгсөн. Дараа нь энэ хүний талаар нэвтрүүлэг хийлгэе гэж бодоод Соён гэгээрүүлэгч телевиз дээр очиж уулзлаа. Тэднийх баримтат кино хийхэд их зардал гарна гээд жигтэйхэн өндөр үнэ хэлж байна. Тэтгэврийн хөгшинд тийм их мөнгө хаана байх вэ дээ. Зохиолч Г.Мэнд-Ооёо бид хоёр танилууд л даа. Түүнд хэллээ. Г.Мэнд-Ооёо “Чи МҮОНТВ-д ханд. Би хэлээд өгье” гэлээ. Телевизийн ерөнхий захирал Ц.Оюундарь гэдэг хүнтэй уулзаж, учраа хэлтэл “Их сайхан түүх байна. Бид ярилцъя. Шаардлага гарвал таныг дуудна” гэсэн. Түүнээс хойш сар шахам таг чиг болчихлоо. Би ч дотроо бүтэхгүй нь гэж бодож байтал нэг өдөр над руу яриад “Та МУИС-ийн урд хүрээд ирээч” гэлээ. Яваад очтол Ц.Оюундарь захирал хэдэн түүхчдийн хамт сууж байна. Ц.Оюундарь захирал “Энэ хүн ийм түүхээр баримтат кино хийлгэх хүсэлт тавьсан. Та бүхэн түүхийн талаас нь үзээд өгөөч” гэлээ. Надаас баримт материал, архивын баримт тэмдэглэсэн дэвтрүүдийг минь аваад явсан. Хэд хоногийн дараа намайг телевиз дээр дуудлаа. Ц.Оюундарь захирлын өрөөнд арваад хүн сууж байна. Миний танихаас түүхийн ухааны доктор Д.Авирмэд, Д.Өлзийбаатар гуай, дээр нь телевизийн Г.Бадамсамбуу байсан. Тэд урьд өмнө хөндөгдөж байгаагүй сайхан түүх байна гэж ярилцаад баримтат кино хийхээр болж байлаа. Ингэж “Дүрвэгсэдийн жимээр” гэх хоёр ангитай баримтат кино бүтсэн түүхтэй. Баримтат киног хийхэд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай, Ховд зэрэг олон аймгаар явсан.Мөн Шинжаан, Уйгар, Энэтхэг явсан. Зардал мөнгөндөө баригдаад Америкт л очиж чадаагүй.
Дараа нь “Хил дамнасан нүүдэл суудал” гэх эрдэм шинжилгээний хурал хийсэн.
-Та Очирдара хувилгааны талаар ярьж өгөөч?
-Ер нь, хутагт хувилгаадыг төрөхөд гэрээс нь их гэрэл цацарсан юм гэнэлээ гэх мэт ам дамжсан яриа, ном хэвлэлд ч бичсэн байдаг. Кинонд ч тэгж гардаг. Манай хувилгаан ах 1896 онд Тоонотын даац гэдэг газар Пунцаг тайж, Өлзийцэрэн гэж хоёр хүний гурав дахь хүү болон мэндэлжээ. Тэгэхэд нутгийнхан “Пунцаг тайжийн гэрээс их гэрэл цацарлаа юу болов? Шатчихаагүй байгаа” гэлцсэн гэдэг. Одоо хэрнэ нутгийн ардууд энэ тухай ам дамжин ярьдаг. Үүнд би итгэдэггүй. Юу гэж хүн төрөхөд гэрэл гэгээ цацарч, гал ус гарах вэ дээ. Байж боломгүй л санагддаг. Содон улсыг төрөхөд тийм зүйл болдог юм болов уу, бүү мэд.
Хувилгаан ахыг багадаа хурга ишгэнд адис өгч тоглодог байсан гэж ярьдаг. Гурван настайд нь хувилгаанаар тодруулаад 4-5 настай байхад нь Уул жаргалантын хийдэд залсан юм билээ. 1920-оод оны дундуур Нийслэл хүрээнд ирж, домын дамжаанд сууж, дом барьсан гэдэг. Гавж мяндагтай хүн байсан. 1925 онд баривчлагдаж, шоронд хэсэг суусан юм билээ. Хувилгаан ах маань тэр үеийн нийгмийн бодлого, элдэв хавчилга их байсан учраас арга буюу 1930 оны арванхоёрдугаар сарын 27-нд төрсөн дүүгээ дагуулаад нутгаа орхин урагшаа хил давсан юм билээ. Аавын том ах Чанрав гавж мяндагтай байж. Тэр ах маань нутагтаа үлдээд 1937 онд баригдаж, хороогдсон юм билээ.
-Таныг саяхан Японд ОУ-ын эрдэм шинжилгээний хуралд оролцоод ирсэн гэж дууллаа. Ямар хуралд оролцоод ирэв?
-Японы монголч эрдэмтэн Кори гэх эмэгтэй намайг Монголын сүм хийдийн талаар судалгаа хийдгийг мэддэг юм. Тэр хүн “Кёотогийн их сургуульд дээр Монголын Бурхан шашны талаар Олон улсын эрдэм шинжилгээний хурал болох гэж байна. Та энэ хуралд оролцож илтгэл тавьж өгөөч” гэж урьсан. Би зөвшөөрсөн. Гэтэл над руу онгоцны хоёр талын тийз явуулчихсан байсан. Энэ хурал нь нэгдүгээр сарын 22-26-ны хооронд болсон. ОУ-ын эрдэм шинжилгээний хуралд оролцож, илтгэл тавиад ирсэн.
-Та Монголоос хэдүүлээ очив. Ямар сэдвээр илтгэл тавив?
-Би ганцаараа явсан. Одоо хийж байгаа Монголын сүм хийдийн судалгааны ажлынхаа талаар илтгэл тавьсан. Тэдний гол зорилго нь Монголын сүм хийдийн түүхэн товчоо сайтыг шинэчилж, мэдээллийг нь үнэн зөв болгохыг зорьж байгаа юм билээ. Энэ сайтыг анх байгуулсан английн хатагтай сайтаа тийш шилжүүлсэн юм байна. Тэд сайтыг шинэчлэх зорилготой юм билээ. Энэ төсөлд нь хамрагдчихвал миний хийж байгаа ажилд нэмэртэй болов уу гэж бодож байна.
-Та одоо ямар судалгаан дээр ажиллаж байна вэ?
-2016 онд Монголд ажиллаж байсан сүм хийдүүдийн байршлыг тэмдэглэсэн газрын зураг гарсан. Олон ч хувь хэвлэгдсэн юм билээ. Түүнийг З.Лонжид (Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор) багш маань үзчихээд “Ийм юм хийж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хуумгай юм хийж болохгүй л дээ” гэж жаахан ундууцсан байдалтай байна. Тэр үед надад говийн гурван аймгийн сүм хийдийн тоо, байршлын мэдээллийг үнэн зөв болгож хийе гэх бодол төрүүлсэн. Тэгээд говийн гурван аймгаар яваад сүм хийдүүдийн туурийг газар дээр нь очиж тогтоогоод архивын баримт материал цуглуулаад багшид үзүүлсэн. Тэгэхэд багш “За миний хүү их сайн байна. Одоо чи наадахаа ном болгочих” гэлээ. Тэгэхээр нь “Би яаж ном бичиж чадах билээ” гэхэд “Чи газрын зургийг нь авчихсан байна. Олон архивт сууж бүх мэдээллийг цуглуулчихсан байна. Энийгээ л эмхэтгээд гаргачих” гэсэн. Ингээд Өмнөговь аймгийн сүм хийдүүдийн тухай ном маань хэвлэгдчихээд байгаа нь энэ /Сүм хийдүүдийн туурийн зураг, түүхийг багтаасан хатуу хавтастай нэлээд зузаан ном үзүүлэв/. Өмнөговь аймгийн номыг 2020 онд хэвлүүлсэн.
2022 онд Дорноговь, 2023 онд Дундговь, Хөвсгөл аймгийн номыг хэвлэхэд бэлэн болгосон. Одоог хүртэл хэвлүүлж чадаагүй байгаа. Хэвлэлийн зардал мөнгө нь алга.
-Энэ зун Хэнтий аймгийн үлдсэн сумдаар явахаар төлөвлөж байна уу?
-Уг нь гүйцээмээр л байна. Гэхдээ хойд талын сумд нь ой хөвч, ширэнгэ ихтэй. Өөрөө л тусдаа унаатай явахгүй бол болохгүй юм билээ. Ганц нэг хүнтэй ярьсан та унаагаа л олчих гэсэн.
-Ингэхэд өмнө нь Монголын сүм хийдийн талаар хийсэн судалгаа байна уу?
-1960-аад оны сүүлчээр Д.Майдар гуай уран барилгын хүн байсан учраас Монголын сүм хийдүүдийн уран барилгын талаас нь судалж гаргасан том бүтээл бий. Тэнд 766 сүм хийд байсан гэж бичсэн байна билээ. 1979 онд Б.Ренчин гуай Угсаатны зүйн судалгаа бүтээлдээ сүм хийдийн тоог 941 гэж бичсэн байдаг.
2007 онд Намбарын Энхбаяр гуай Английн нэг баян хатагтайтай нийлж, Монголын сүм хийдийн түүхэн товчоо гэж том ном гаргасан. Мөн ийм сайт байдаг. Ийм бүтээлүүд урд нь гарсан ч яг нарийн тоо баримтыг архивын баримттайгаар дахин нягталж, эмхэтгэн гаргах нь зөв гэж үзээд энэ ажлыг эхлүүлсэн. Багш маань надад чи татварын баримтыг нь үндэслэвэл маш зөв тоо гарна гэж хэлсэн. Манжийн үед ч бай, автономитын үед ч бай, социализмийн үед ч бай төр албан газар, хувь иргэдийн алба гувчуураар улсын төсвийг бүрдүүлж байсан. Тиймээс төсвийг бүрдүүлж байгаа албан нэгжүүдийн татварын баримтыг голлож авсан. Энэ нь ч зөв юм билээ. Яагаад гэвэл сүм хийдүүд олон нүүдэг байж. Өмнөх бүтээлүүдэд таван хийд гэж тэмдэглэгдсэн хийдийн мэдээллийг татварын баримттай тулгаад үзэхээр нэг л татвар төлөгч байна. Тэгэхээр татвар төлөгчийн баримтаар нь хөөж, үнэн зөв тоог гаргана гээд зүтгэж байгаа минь энэ.
-Өмнөговь аймагт хэдэн сүм хийд байж вэ?
-Өмнөговьд 47 сүм хийдийн тууриар явсан.
-Бүгдийг нь очиж үзэж, зургаар нь баримтжуулж, архивын материал цуглуулна гэхээр их хугацаа орно биз дээ?
-Би хоёр жилээ зарцуулсан.
-Монголын өргөн уудам нутгаар явж судалгаа хийхэд танд хэн тусалж байна вэ?
-Ер нь ганцаараа л явна даа. Уг нь тусгай зураглаач, жолоочтой машинтай явбал сайхан аа. Гэхдээ надад тийм хөрөнгө чинээ алга. Үүргэвчиндээ хамаг юмаа хийж аваад л ганцаараа явдаг.
-Та тэгээд замын машинд дайгдаад явдаг хэрэг үү?
-Тэгэлгүй яахав. Анх Өмнөговь аймгаар явахад Доржзовдын Энхтөр гээд зураглаач хүүтэй хамт явсан. Би тэр хүнээ цалинжуулж чадахгүй юм билээ. Алба ажилтай хүнийг цалин хөлсгүй, удаан дагуулаад явж болохгүй. Бас миний цэргийн найз Пүрэвийн Санжаа маань Өмнөговь аймгаар явахад жолооч хийж өгсөн.
-Өмнөговь аймгийн 47 сүм хийдийн туурийг бүгдийг нь биеэр очиж үзэж, зураг хөргийг нь авч, архивын баримт цуглуулахад та хэр хугацаа зарцуулав?
-Хоёр жил.
-Нутгийн ард иргэд хэр тусалж байна вэ?
-Маш сайн тусалдаг. Энэ ажлыг нутгийн ард түмний хүч, тус дэмээр л хийж байгаа шүү дээ. Би аймаг, сумдын газар нутгийн хаана нь юу байгааг мэдэх биш. Малчин ард түмэн, сумын захиргааны дэмжлэг их. Хамгийн их тусалж дэмжсэн газар Хөвсгөл аймаг байсан даа.
-Зуны гурван сар судалгаа хийнэ гээд явчихаар хүүхдүүд чинь юу гэх юм. Дэмждэг үү?
-Ерөөсөө хүүхдүүдийнхээ дэмээр л явж байна. Түүнээс би тэтгэврийнхээ хэдэн төгрөгийг зээлж аваад явахад хаанаа ч хүрдэггүй. Миний байр, цахилгааны мөнгө, төлбөрийг хүүхдүүд л төлдөг. Араас байнга холбоотой, дэмжлэгтэй л яваа шүү дээ. Ноднин Увс аймагт явж байхад бие жаахан сульдаад цорой татаад болдоггүй. Тэгэхэд хүүхдүүд намайг дор нь нааш нь татаж авсан /инээв/. Жаахан явах тэнхэлтэй байгаа дээрээ холын аймгуудаа гүйцээчихмээр байна. Сүүлд нь төвийн хэдэн аймгаар явбал зүгээр юмуу гэж бодсон. Би таван хүүхэд, 17 ач, зээтэй өнөр өтгөн хүн шүү дээ. Хүүхдүүдийн хоёр нь хөдөө, нэг нь гадаадад, хоёр нь хотод байна даа.
-Тантай ярилцлага хийе гэхээр “Архивт сууж байнаа” л гэх юм. Архиваас хэр баримт материал олдож байна вэ?
-З.Лонжид багш маань намайг дагуулж их суусандаа. Үндэсний түүхийн архив, Тагнуулын тусгай архив, Нийслэлийн архив, Гандангийн архивт суусан. Мөн Засгийн газрын архивт суусан. Засгийн газрын архив 1955 оноос өмнөх материалаа үзүүлдэггүй юм билээ. Улаанбаатарт таван архивт суусан. Аймаг тус бүрийн архивт сууж байна. Архиваас олсон баримт материалуудаа бүгдийг нь хооронд нь уялдуулаад баримтыг гаргаж байна. Жишээ нь лам нарын тоо он ондоо өөр байж болно. Тэгэхээр архивуудын материалуудаа харьцуулаад хамгийн их тоог нь авах жишээтэй. Миний гол зорилго Монголын сүм хийдийн тоог зөв гаргачихъя. Хоёрдугаарт, аймаг аймгаар нь сүм хийдийн газрын зургийг Геодиз зураг зүйн газартай хамтраад гаргачих санаатай. Гуравдугаарт хутагт, хувилгаадын тоог гаргая гэж бодож байна. Ийм гурван зорилго тавьчихаад байгаа өвгөн дөө /инээв/.
-Архивын материалуудын дийлэнх нь монгол бичгээр байдаг шүү дээ. Та монгол бичиг хэзээ сурав?
-Том охин маань 1992 онд сургуульд орсон. Чоймаа багш ч үндэсний телевизээр монгол бичиг зааж эхэлсэн. Манай ажил дээр настангууд олон байсан. Ахмадуудын зарим нь өөрийн тэмдэглэлээ монгол бичгээр бичдэг байлаа. Тэднээс асууж сураглаад сурсан. Монгол бичгээр архивын материалыг хальт хульт уншдаг болчихоод байна.
-Таныг энэ том судалгааны ажил руу сүсэг бишрэл тань хөтөлсөн байхдаа?
-Намайг шүтлэгтэй хүн гэвэл эндүүрэл болох байх. Би шашингүй үеийн хүн. Одоог хүртэл ганданд очоод нэг удаа ч маанийн хүрд эргүүлж үзээгүй дээ. Шашин шүтээд байхгүй ч бүх шашинд хүндэтгэлтэй ханддаг.
Миний заяа төөрөг юм байлгүй. Энэ ажлыг хийх л ёстой төрсөн юм байлгүй дээ.
-Өөрийн үнэтэй цагаас манай уншигчдад зориулсанд баярлалаа. Таны судалгааны ажилд амжилт хүсье.
Б.Гүнжинлхам
