Нүүр Томилолт Н.Даваасүрэн: Замчид их эвтэй хүмүүс
Томилолт

Н.Даваасүрэн: Замчид их эвтэй хүмүүс

G.Press 1 цагийн өмнө 81 үзэлт 0 сэтгэгдэл

УБТЗ-ын Замын IV анги байгуулагдсаны түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ангийн үе үеийн замчид, инженер, техникийн ажилтнууд өнгөрсөн жилүүдэд төмөр замын хөгжил, хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн билээ. Энэхүү түүхэн замналын 40 гаруй жилийг Замын IV ангитайгаа хамт туулсан нэгэн бол ахмад төмөр замчин Нэмэхбаярын Даваасүрэн юм. 21 настайдаа төмөр замын салбарт хөл тавьсан тэрбээр замчнаас ажлын гараагаа эхэлж, ахлах замчин, бригадын дарга, мастерын албыг хашин, амьдралынхаа үнэ цэнтэй он жилүүдийг ган замын төлөө зориулжээ. Түүний замнал нь зөвхөн нэг хүний амьдралын түүх бус, УБТЗ-ын хөгжлийн нэгэн үеийн бодит гэрч юм. Говь нутагт анх хөл тавьсан залуу замчны нүдээр тухайн үеийн төмөр замчдын амьдрал, байгаль цаг уурын сорилт, хамт олны нөхөрлөл, үе үеийн ахмад мастеруудын сургаал, шинэ үеийн төмөр замчдад үлдээх захиасыг энэхүү ярилцлагаар хүргэж байна.

-Сайн байна уу. Та сайхан зусаж байна уу. Анх ажиллаж эхэлж байсан үеийн сэтгэгдлээ хуваалцана уу?

- Сайхан зусаж байна аа. Намайг Нэмэхбаярын Даваасүрэн гэдэг. Архангай аймгийн Булган сумын уугуул. Нутагдаа ерөнхий боловсролын сургуульд суралцаад, 1961 онд Төмөр замын техникумд дөрвөн жил суралцаж, 1965 онд Сайншандын Замын IV ангид хуваарилагдсан. Вагоноор ирээд 1069 дээр бууж байлаа. Одоогийн X хэсэг дээр Гэндэнжамц гэдэг мастерын гар дээр замчин хийж эхэлсэн. Тэр үеийн төмөр зам одоогийнхоос их өөр байсан. Цахилгаан, техник хэрэгсэл бага. Жижиг мотороор гэрэл гаргадаг, орой болохоор унтраадаг байлаа. Хангайн хүн говьд ирэхээр эхэндээ их халуун санагдсан. Гүүрний доогуур орж ажиллаад гарахад халуун элс, нар угтана. “Ийм газар яаж ажиллах вэ” гэж бодогдох үе байсан. Гэхдээ хүн орчиндоо дасдаг юм байна. Сүүлдээ нутаг шиг минь болсон доо.

-Замчин байх үеийн ажлын онцлог юу байв?

-Тэр үед замын ажил гар ажиллагаа ихтэй. Одоогийн шиг техник байгаагүй. Зам чигжихдээ хүнд чигжүүр хэрэглэнэ. Модон бариултай, нэлээд жин ихтэй багажтай ажиллана. Залуу байсан болохоор бяр чадалтай, хурдан сурдаг байлаа. Хоёр жил замчин хийж, ахлах замчин болсон. Дараа нь бригадын дарга, мастерын ажилд дэвшсэн.

-Бригадын дарга, мастер болоход ажлын тань онцлог хэр өөрчлөгдөв?

-Өөрийнхөө ажлыг хийхээс гадна олон хүнийг хариуцна. Хамгийн гол нь хүмүүсийн аюулгүй байдал, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг сахих хэрэгтэй. Замчин хүн өөрт ногдсон ажлаа л хийнэ. Харин хүн удирдаж байгаа хүн бүх хүнийг харна. Хэн хаана ажиллаж байна, зам ямар байна, ямар нэгэн аюул байна уу гэдгийг байнга анхаарна. Салхи шуургатай үед үзэгдэх орчин муудаж, галт тэрэгний чимээ хүртэл сонсогдохгүй үе олон тохионо. Тахир тойруу, үзэгдэх орчин хязгаарлагдмал хэсгүүдэд замчид онцгой сонор сэрэмжтэй ажиллаж, нэмэлт дохио, хамгаалалт ашиглан үүргээ гүйцэтгэдэг байлаа. Анх намайг ажиллаж байх үед галт тэрэгний хөдөлгөөн өнөөгийнхөөс харьцангуй цөөн, хурд бага, өртөө зөрлөгүүдийн хоорондын зай хол байлаа. Зам төмөр, замын хийц ч өөр байв. Хожим 1980-аад оны сүүлээс зам шинэчлэгдэж, хуучин зам төмрүүд солигдон, техник технологи сайжирч эхэлсэн.

Төмөр зам гар ажиллагаа давамгайлсан үеэс орчин үеийн техник ашигладаг салбар болон хөгжсөн.

-Таныг анх ажилд ороход тань зааж сургасан багш, ахмад замчин хэн байв?

-Анх ажилд ороход замын мастер Гэндэнжамц гуай ажлын арга ухаан, замын нарийн ширийнийг их зааж өгсөн. Ахмад төмөр замчнаас их зүйл сурдаг гэдгийг тэр хүнээс ойлгосон доо. Маш гарын уртай, их авьяастай хүн байлаа. Дээл хувцас их сайхан оёно. Эмэгтэйчүүдийн торгон дээлийг эсгэж, оёж өгдөг байсан. Манай замчид тэр хүний хийсэн дээл хувцсыг өмсдөг байлаа. Зөвхөн эмэгтэй хүний дээл биш, эрэгтэй хүний зодог шуудаг хүртэл урладаг хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй хүн байлаа. Төмөрхуяг мастер ч их юм заасан.

Ажлынхаа бүх зүйлийг өөрөө гардан хийж үзсэн. Тэгж байж л мэргэжлийн хүн болж, туршлага хуримтлуулсан. Лувсандорж манай V хэсгийн нэртэй, чадварлаг мастер байлаа. Мөн Н.Дашмаа мастер гэж тухайн үедээ их нэртэй, туршлагатай хүн байсан. Эдгээр ахмад мастеруудын зааж сургасан зүйл, ажлын арга барил одоо хүртэл надад үнэтэй санагддаг. Ахмадуудаас сурсан тэр мэдлэг, туршлага л миний ажил амьдралын суурь болсон доо.

-Замын мастераар аль аль хэсгүүдэд ажиллаж байсан бэ?

-Би 1969 оноос мастерын албыг хашиж эхэлсэн. III хэсэгт зургаа, VIII хэсэгт гурван жил, 1978 оноос хойш IV, V хэсэгт мастераар ажилласан. V хэсэгт хамгийн олон жил ажилласан. Замын мастер нь зөвхөн зам шалгах биш, олон хүний хөдөлмөрийг зохион байгуулах, замын чанар, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах өндөр хариуцлагыг үүрдэг хүн.

-Байгаль цаг уурын хүндрэл их тохиолдож байсан байх?

-Дорноговийн салхи, шуурга хэцүү. Анх ажиллаж байхад зарим газар элс бараг байхгүй байсан. Харин сүүлдээ элсний нүүдэл нэмэгдсэн. Элс чинь хойноосоо урагшаа нүүдэг юм байна. Цас, элсний хамгаалалт хийнэ, мод тарина. Мод тарьснаас хойш дээрдсэн шүү. Байгалийн хатуу шалгуурыг даван туулахын зэрэгцээ төмөр замчид бид хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгийн түрүүнд тавьж ажилладаг байв.

-Таны ажилласан хугацаанд төмөр зам хэр өөрчлөгдсөн бэ?

-Их өөрчлөгдсөн. Анх модон чигжүүртэй, гар ажиллагаатай байсан бол сүүлдээ техник орж ирсэн. Зам төмөр, дэр, тоног төхөөрөмж бүгд сайжирсан. Одоо бол хүний хөдөлмөр их хөнгөвчлөгдсөн. Урьд хийдэг байсан хүнд ажлуудыг техникээр хийдэг болсон байна.

-Та өөрөө олон шавьтай болсон байх?

-Тийм ээ. Олон залуу замчдыг сургаж ажиллуулсан. Хөвсгөлийн Хатгал сумаас ирсэн О.Анхбаяр их овсгоотой хүүхэд байсан. Хүний зааж өгсөн юмыг хурдан сурдаг, сонирхож хардаг хүн л их юм сурдаг. О.Анхбаяр замын ажлын арга барилыг зөвхөн хэлснийг дагаад бус, өөрөө харж, асууж, туршиж сурдаг байсан. Зам өргөх, тэгшлэх, ажиллах арга ажиллагааг анхааралтай ажиглаж, богино хугацаанд мэргэшсэн. Мөн Түвшинбаяр, Кадер зэрэг олон шавь нар минь миний гарын дор ажиллаж, дараа нь өөрсдөө мэргэжлийн өндөр түвшинд хүрчээ. Кадер анх туршлага багатай байсан ч мастер болж, 49 дүгээр хэсгээс IX хэсэгт ажиллаж байгаад Улаанбаатар руу шилжин ажиллаж билээ. Чулуунтөгс ч бас замчнаас эхэлж, бригадын дарга, мастер болсон. Шавь нар маань амжилттай явахыг харах сайхан байдаг.

-Таны хувьд хамгийн дотно газар аль вэ?

- Замын IV анги. Би энэ ангид 21 настай ирээд 61 нас хүртлээ ажилласан. Амьдралынхаа ихэнх хугацааг энд өнгөрөөсөн. Энэ анги их түүхтэй. Олон сайхан хүмүүс ажиллаж байсан. Үе үеийн дарга, инженер, замчидтайгаа олон жил хамт явсан болохоор дасал болсон газар. Замчид чинь их эвтэй хүмүүс. Ажил дээрээ дэг журамтай, харин ажлын бус үед ах дүү шиг л байдаг. Хамт олон дундаа янз бүрийн тоглоом наадам, үдэшлэг уулзалт зохион байгуулж, бие биенээ дэмждэг байсан нь сэтгэлд үлдсэн сайхан дурсамжуудын нэг юм.

-Гэр бүл, амьдралынхаа замналыг дурсаач. Таны үр хүүхдүүд төмөр замын мэргэжлийг үргэлжлүүлж байгаа нь сайхан залгамж холбоо байна?

-Миний ханийг Ү.Хажидсүрэн гэдэг байлаа. Архангайн гаралтай хүн. Бид 1969 онд гэр бүл болж байлаа. Нутагтаа саальчин байсан ч намайг дагаж говьд ирснээр 1969-1971 онд замчнаар ажиллаж байгаад 1972 оноос замын ажилдаа илүү туршлага сууж, хариуцлагатай үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Дараа нь өртөөний ашиглалтад шилжин ажиллаж, жижүүрээр ажиллаж байв. Зам дээр олон жил ажиллаж, бүтээн байгуулалтын ажлуудад гар бие оролцож, замын хажуугаар мод, ногоо тарьж, өөрийнхөө хийж чадах бүхнийг зориулж явсан. Бид долоон хүүхэд төрүүлж өсгөсөн. Үр хүүхдүүд маань миний замналаар үргэлжлүүлээд төмөр замд ажиллаж байгаад би баяртай байдаг. Одоо Чинзориг хүү маань Замын IV ангийн IV хэсгийн бригадын даргаар ажиллаж байна. Хүүхдүүд хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэж өссөн. Цаашдаа ач зээ нар ч гэсэн энэ замаа үргэлжлүүлэх байх гэж боддог.

-Таны хөдөлмөрийг хэрхэн үнэлж байсан бэ?

- Миний хамгийн дурсгалтай шагналын нэг нь “Онц хөдөлгөөнчин” тэмдэг. Тухайн үед энэ шагналыг Замын анги дээр цөөн хүнд олгодог байсан бөгөөд хөдөлмөр, хариуцлагыг минь үнэлсэн том хүндлэл байлаа. Мөн “Хүндэт төмөр замчин” болон бусад салбарын шагналуудыг хүртсэн. Гэхдээ миний хувьд хамгийн том шагнал нь олон жил хамт ажилласан хүмүүсийн итгэл, шавь нарын минь амжилт байлаа.

-Замын IV ангийн 70 жилийн ой тохиож байна. Та энэ хамт олонтой 40 гаруй жил ажилласан хүний хувьд өмнөх ой, үе үеийн удирдлагуудын талаар дурсаж ярина уу?

-Тийм ээ, анги маань 70 жилийн түүхтэй. Энэ 70 жилийн 40 гаруй жилд нь хамт ажилласан болохоор 40, 50, 60 жилийн ойг хамт олонтойгоо тэмдэглэж байлаа. Энэ хугацаанд олон сайхан удирдлагуудтай ажилласан даа. Намайг ажиллаж байхад А.Лхамсүрэн дарга байсан. Түүний орлогчоор Д.Линхуадорж дарга ажиллаж байлаа.

Дараа нь Р.Дагва, З.Зориг дарга нар ажилласан. Зориг дарга миний багш байсан хүн. Би сургуульд оюутан байхад багшилж байсан хүн маань хожим нь манай ангийн даргаар ирж ажиллаж байсан нь сайхан дурсамжтай. Мөн Г.Вандандагва, С.Ганболд дарга нартай олон жил ажилласан. Үе үеийн дарга нар өөр өөрийн арга барилтай, тухайн цаг үеийнхээ ажлыг авч явж байсан хүмүүс.

-Тэр үеийн шаардлага өндөр, чанга удирдагч хэн байсан бэ?

-Хамгийн сүртэй, шаардлага өндөр дарга гэвэл С.Ганболд даргыг хэлнэ. Нэлээн ширүүн хүн байсан. Гэхдээ ажлаа сайн хийлгэдэг, хөдөлмөрч хүн байлаа. Мөн инженер Л.Дэжидмаа гэж эмэгтэй байсан. Их шаардлагатай, хатуу хүн. Замын ажлыг маш сайн шалгадаг байлаа. Галт тэргээр зам шалгаад явна. Хүмүүс ажил дээр байна уу, замчид үүргээ хэрхэн гүйцэтгэж байна уу, морьт эргүүлүүд явж байна уу гээд бүгдийг хянадаг байсан. Шалгалтаар яваад ирэхдээ хэн ажилдаа байгаагүй, хаана ямар дутагдал гарсныг тэмдэглээд, холбоогоор мэдээлдэг байлаа. Тийм болохоор хүмүүс их хариуцлагатай ажилладаг байсан. Л.Дэжидмаа инженер аман дээрээ хатуу, их шаардлага тавьдаг хүн байсан ч ажлаа боддог, замын аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьдаг инженер байлаа.Тэр үеийн ахмад удирдлагуудын нэг онцлог нь ажил дээр буулт хийдэггүй, цаг баримталдаг, хүн бүрийг хариуцлагатай ажиллуулдаг байсан.

-Замын IV ангийн түүх, тухайн үеийн амжилт, хамт олны уур амьсгалын талаар дурсаж ярина уу?

-Замын IV анги бол тухайн үедээ үнэхээр нэр хүндтэй, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлдэг анги байсан. Социалист хөдөлмөрийн анхны үйлдвэр шүү дээ. Манай анги  МХЗЭ-ийн алтан медальтай анги байсан. Тухайн үед залуучуудын хөдөлмөрийг үнэлж, манай ангийн Рэнцэн, Ядамсүрэн гэдэг хоёр залуу замчин МХЗЭ-ийн “Алтан медаль” авч хүртэж байлаа. Мөн манай анги улсын хэмжээнд хэд хэдэн удаа тэргүүн байр эзэлж, хөдөлмөрөөрөө үнэлэгдэж байсан сайхан түүхтэй. Би өөрөө энэ ангитайгаа амьдралаа холбож, дөчөөд жил хамт олонтойгоо ажилласан. Тэтгэвэрт гараад хорь гаруй жил болж байна. Одоо ч гэсэн хамт олныхоо дунд ирэхэд сайхан байдаг. Олон жил нэг дор ажилласан хүмүүс гэдэг чинь амьдралын нэг хэсэг болчихдог юм байна. Замын IV ангийн 70 жилийн түүхийн 40 жилийг нь би хамт туулсан гэж бодохоор өөрөөрөө бахархдаг. Одоо нас өндөр болсон ч хамт олонтойгоо уулзах сайхан байдаг юм. Эрүүл мэндийн байдлаасаа болоод алхаж чадахгүй болсон ч сэтгэл санаа, бодол ухаан маань хэвээрээ. Хамт олондоо хайртай хэвээрээ л явна даа.

-Залуу төмөр замчдадаа юу захиж хэлэх вэ?

-Ажлаа хайрлаж хийгээрэй. Төмөр зам бол хариуцлагатай салбар. Манай Замын IV анги түүхтэй сайхан хамт олон. Үе үеийн ажилчид эвтэй байж, хөдөлмөрөө эрхэмлэж яваарай гэж хэлмээр байна. Ахмад замчны хувьд өөрийн сурсан мэдсэнээ дараагийн үедээ өвлүүлж үлдээсэндээ бахархаж явдаг.

-Сонирхолтой ярилцлага өгсөн Таньд баярлалаа. Эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

П.Түмэндэмбэрэл

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.