Хүн бүр зорьсон газартаа очиж, хүссэн ажлаа хийдэг. Зарим нь амьдралын дуудлагаар холын замд гарч, танихгүй газар ч өөрийн орон зай, үнэ цэнээ бүтээдэг. Тэдний нэг нь Сугирцэрэнгийн Мягмарсүрэн юм. Тэрбээр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын эгэл жирийн уурхайчны гэр бүлд төржээ. Арван хүүхэдтэй айлын зургаа дахь охин С.Мягмарсүрэн сумандаа аравдугаар ангиа төгсөж, тухайн үеийн худалдааны Техник мэргэжлийн сургуульд суралцан, касс худалдагчийн мэргэжил эзэмшсэн. 1991 онд сургуулиа төгссөн тэр үед түүний эгч Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хуваарилагдан ажиллахаар болжээ. Аав, ээж нь охиноо танихгүй газар ганцааранг нь явуулахдаа санаа зовж, “Эгчдээ хань болоод яв” хэмээн Мягмарсүрэнг дагуулан явуулжээ. 1994 онд тухайн үеийн Худалдааны VII конторын дарга М.Оросоо гуайд хүсэлтээ өгч, төмөр замд ажилд оржээ. Тэр үеийн төмөр замын байгууллага нь олон хүний хүсдэг, нэр хүндтэй газар байв. Ажлынхаа хажуугаар тогоочийн ажилд суралцаж, хүмүүсийн төлөө сэтгэл гарган хоол хийж эхэлсэн. Машинч нарын хүнд хүчир хөдөлмөрийн дараах халуун хоолыг бэлтгэж, 24 цагийн ээлжинд ч зогсолтгүй ажиллаж байлаа. Түүний хөдөлмөрч, хичээнгүй зан удалгүй үнэлэгдэж, тогооч болов. 1997 онд Замын-Үүдэд шинээр байгуулагдсан “Жинчин” төв түүний амьдралын нэгэн шинэ үе байжээ. Тус төвийн анхны ажилтнуудын нэг болж, буфет, кассын ажлаас эхлэн олон жил хөдөлмөрлөжээ. Хожим нь худалдагч, нярвын ажил хийж, байгууллагынхаа хөгжилтэй хамт өсөж ирсэн байна.
С.Мягмарсүрэнгийн амьдралын бахархал нь нэг салбарт олон жил ажиллахдаа бус харин хөдөлмөрөөрөө өөрийн нэр хүндийг бүтээж, гэр бүлээ түшиж, хоёр охиноо эрдэм боловсролтой болгосон явдал байв. Өдгөө хоёр охин нь Итали, Америкт сурч боловсрон, ажиллаж амьдарч байна. Түүний хань Г.Цогтбаатар тоног төхөөрөмжийн цахилгаанчин мэргэжилтэй. Тогоочоор ажиллаж байсан он жилүүд түүний амьдралд онцгой дурсамж үлдээжээ. Тэр үед бүтэн хонины мах ирэхэд шулж эвдэх, хоол бэлтгэх ажил амаргүй байв. Туршлага бага, мэргэжлийн тогоочоор төгсөөгүй ч хөдөлмөрлөж, бусдаас суралцан бүхнийг эзэмшсэн байна. Ажил, хөдөлмөрийн дунд амьдралынхаа хамгийн эрхэм хүн болох ханьтайгаа учирчээ. Тэр үед Г.Цогтбаатар гал тогооны том пийшин, тоног төхөөрөмжийг засаж, эвдэрсэн бүхнийг янзалдаг ажилтай байж. Мягмарсүрэн мах, хүнс бэлтгэхдээ, “Энийг нэг янзлаад өгөөч, үүнийг засчих” гэж хэлэхэд ирээдүйн нөхөр нь хурдан шуурхай хийж өгдөг байж. Тэгээд л нэг мэдэхэд ажлын нөхөрлөл амьдралын хань нь болсон байна. Мах их хэмжээгээр ирэх үед Мягмарсүрэн нөхрөө дууддаг байв. Арван, хорин хонины мах эвдэх үе ч байсан гэдэг. Г.Цогтбаатар мах шулж өгөхөөс гадна ногоо арилгах, гурил бэлтгэх гээд гал тогооны бүхий л ажилд тусалдаг байжээ. “Миний бараг бэлтгэл тогооч шиг л байсан” гэж С.Мягмарсүрэн инээмсэглэн дурсав.
Түүний ээж Д.Цагаан эмнэлгийн нярваар олон жил ажилласан хүн байв. Тэр үеийн нярвын ажил өнөөдрийнхөөс хавьгүй өргөн хүрээтэй. Аж ахуйн бүхий л ажлыг нуруундаа үүрч, хүнс бараагаа өөрөө зохицуулж, тайлан тооцоо хийж, хүмүүсийн цалин мөнгийг хүртэл хариуцдаг байжээ. Түүний аав П.Сугирцэрэн ч мөн худалдаа, аж ахуйн салбарт ажиллаж байсан. Цагаан-Овоо нүүрсний уурхайн орчимд байрлах худалдаанд худалдагч, нярав, уурхайн шатахуун түгээх ажлыг хариуцаж байжээ. Тиймээс Мягмарсүрэнгийн худалдааны салбарыг сонгосон зам санамсаргүй хэрэг бус ээж, аавынхаа хөдөлмөрийн үргэлжлэл болсон юм. Аав нь охиноо худалдааны хүн болсонд ихэд баярласан гэдэг.
2010 онд Сайншандын худалдаанд шилжин ирсэн ч түүний хөдөлмөрийн зам худалдааны салбарт үргэлжилсээр, энэ салбартаа 32 дахь жилдээ ажиллаж байна. Тухайн үед компьютер, санхүүгийн программ гэж байсангүй. Тайлан тооцоог цаасаар хөтөлж, тооны машин, сампинтай нөхөрлөдөг байсан үе. Харин цаг хугацаа өөрчлөгдөж, техник технологи хөгжихийн хэрээр Мягмарсүрэн ч өөрчлөлтөөс хоцорсонгүй. Шинэ программ, шинэ систем бүрийг “Надаас хол зүйл” гэж бодолгүй, залуучуудтай мөр зэрэгцэн суралцаж иржээ. Нярав бол зүгээр нэг бараа тоолдог ажилтан биш. Байгууллагын санхүүгийн эхлэл анхан шатны баримтыг бүрдүүлдэг чухал ажилтан гэж тэр ойлгодог. С.Мягмарсүрэн, “Анх ажилд ороод мастер тогооч Н.Цэрэндэжид, ерөнхий тогооч Б.Бадамханд нартай хамт ажиллаж байсан. Тэд маань үнэхээр мундаг, ажилдаа эзэн болсон, туршлагатай хүмүүс байсан. Тэдэнтэй хамт ажиллаж байх хугацаандаа би их зүйл сурч, олон зүйлийг ойлгож авсан. Худалдааны байгууллагад ажиллана гэдэг хариуцлагатай ажил. Ялангуяа, нярав их хэмжээний эд хөрөнгө хариуцна. Тухайлбал, сар, жилдээ хэдэн тэрбум төгрөгийн бараа материалын эргэлттэй ажиллаж байсан үеүд олон. Тийм их хөрөнгийг хариуцна гэдэг хүний хувийн зохион байгуулалт, сахилга бат, үнэнч шударга байдлыг маш их шаарддаг. Хэрвээ хувь хүн замбараагүй байж, юмыг дураараа зарцуулж, хариуцлагагүй хандвал өөртөө ч, байгууллагадаа ч асуудал дагуулна. Тиймээс би эд хөрөнгө хариуцаж ажиллахдаа маш нямбай, хариуцлагатай байх зарчмыг баримталж ирсэн. Энэ бүх чанарыг анх ажиллаж байсан тэр сайхан хүмүүсээс сурсан гэж боддог. Тэд зааж зөвлөж, үлгэрлэж байсан болохоор өнөөдөр миний ажиллах арга барил, хандлагад минь нөлөөлсөн. Би тууштай, эхэлсэн зүйлээ дуустал нь хийдэг зантай. Энэ ажлаа орхиж өөр тийшээ явах тухай огт бодож байсангүй. Эхэлсэн зүйлээ л сайн хийж, үр дүнг нь үзье гэсэн бодолтой явдаг. Тэр үед хүмүүс цалин өндөр, илүү боломжтой газар руу шилжих нь элбэг байсан. Хөдөлгөөний байгууллагаас ажиллах санал тавьж байсан ч би ажиллаж дассан, сэтгэл зүрхээ зориулсан энэ газраа л сонгож үлдсэн” хэмээн өгүүлсэн билээ. Түүний ярианаас тогтвор суурьшилтай ажиллахад тэр хоёр зүйл их уялдаатай ажээ. Нэг талаас хувь хүний хандлага, тууштай зан. Нөгөө талаас байгууллагын удирдлага, ажилчдаа авч явах арга барил их чухал. С.Мягмарсүрэн “Жинчин” төвд Ц.Цэрэндорж даргын үед ажилд орсон. Ц.Цэрэндорж дарга удирдах арга барилын хувьд мундаг хүн байжээ. Хүмүүсээ урамшуулж, дэмжиж чаддаг байв. Ажилчдаа загнах үедээ загнана, шаардлага тавих үедээ хатуу шаардлагатай, зарчимч, ясны хүн байсан гэдэг. Гэхдээ хатуу байлаа гээд үргэлж загнаж зандрахгүй. Харин хүнийг зөв үед нь магтаж, урамшуулж, хийсэн ажлыг нь үнэлж чаддаг байжээ. Хүмүүсийн нөмөр нөөлөг, дэмжлэг, сайхан харилцааны ачаар өдий хүртэл ажиллаж явсан хэмээн үргэлж талархаж явдаг. Өмнө нь ахмад хүмүүсээсээ үлгэр авч, түшиг тулгуур болж ирсэн шигээ одоо залуучууддаа нөмөр нөөлөгтэй, хэрэгтэй үед нь түшиж дэмждэг хүн нь байх сан хэмээн бодож явдаг. Түүний бодлоор хамгийн чухал нь хүн хүнээ ойлгож, бие биедээ түшиг болж ажиллах явдал. Тиймээс залуу үеийнхэндээ өөрийн мэддэг, сурсан зүйлээ хуваалцаж, түшиг нь болж явахыг хүсдэгээ илэрхийлж байлаа.
“Ган зам” худалдааны төв хүмүүсийн сэтгэлд онцгой байр суурьтай байдаг. Бараа хомс, сонголт бага байсан цагт ч эндээс хүмүүс чанартай, хэрэгтэй зүйлээ олдог байжээ. Замын-Үүдийн оршин суугчид энэ дэлгүүрийг бүр “Улсын дэлгүүр” гэж нэрлэдэг байсан нь тухайн үеийнхээ үнэ цэнийг илтгэнэ. Тэр дундаа “Ган зам”-ын талх, нарийн боов олон жилийн турш өөрийн гэсэн нэр хүндтэй байсаар ирсэн. Шинэхэн талхны үнэр, олон жил хадгалагдсан амт нь хүмүүсийн сэтгэлд үлджээ. Хотоос хүртэл захиж авдаг, “Ган замын талх” гэж нэрлэдэг нь зөвхөн бүтээгдэхүүний чанар бус, олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Тэрбээр, “Манай талхыг зорьж ирж авдаг хүмүүс их байдаг. Нэгэнт талхаа авахаар ирсэн юм чинь эндээс бусад хэрэгцээтэй зүйлсээ хамт аваад явъя гэдэг хандлага ч байдаг. Гол онцлог нь манай талх шинээрээ, өнөөдөр үйлдвэрлэсэн талх өглөөдөө худалдаанд гардаг болохоор амт, чанараараа ялгардаг. Манай талхан цехийн талх олон жилийн түүхтэй тэр л амт, чанар өнөөдрийг хүртэл хадгалагдаж байгаа. Хүмүүс “Дээр үеийнх нь амт хэвээрээ байна” гэж их ярьдаг. Тэр утгаараа манай талх байгууллагынхаа нэр хүндийг авч явдаг брэнд бүтээгдэхүүн. Талхаараа дамжаад худалдаа маань ч өсөж, борлуулалт нэмэгдэж, хүмүүсийн итгэл, үнэлгээ хэвээрээ байна” хэмээн бахархаж ярьж байсан юм. Цаг үе өөрчлөгдөж, зах зээл хөгжиж, олон шинэ дэлгүүр, сүлжээ бий болсон ч “Ган зам”-ын үнэ цэн өөрийн гэсэн онцлогтой хэвээр. Учир нь зөвхөн бараа худалдаалдаг газар биш, олон жилийн итгэл, танил дотно харилцаа, чанарын нэр хүнд дээр тогтсон газар юм. Худалдааны байгууллагын амжилтын цаана дан ганц бараа биш, түүнийг бэлтгэж, хэрэглэгчдээ угтаж, сэтгэл гарган ажилладаг хүмүүсийн харилцаан дээр оршдог. Хүн хийж буй ажилдаа үнэнч байж, сэтгэлээ зориулж чадвал ажлын байр нь амьдралынх нь бахархал, харин байгууллага нь түүний нэрийн нэг хэсэг болдог ажээ. Түүний ажилсаг, хичээнгүй, тууштай зан чанарыг байгууллага, хамт олон нь өндрөөр үнэлж, хөдөлмөр бүтээлийг нь хүндэтгэн 2007 онд “Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтан”, 2014 онд “Тэргүүний төмөр замчин”, 2017 онд “Төмөр замчны алдар” зэрэг цол тэмдгээр урамшуулжээ. С.Мягмарсүрэнг Замын-Үүдийнхэн зөвхөн “Ган замын хүн” гэдгээр нь төдийгүй түүний урт сайхан гэзгээр нь таньдаг болжээ. “Жинчин” төвд ажиллаж байсан залуу үеийнх нь дүр төрх олон хүний сэтгэлд үлджээ. Урт үсээ гоёор засаж янзалдаг тэр бүсгүйг хүмүүс холоос хараад л танина. Он жил өнгөрч, цаг хугацаа өөрчлөгдсөн ч тэрхүү танил төрх, даруухан инээмсэглэл нь хүмүүсийн дурсамжид тодхон үлджээ. Урт гэзэг нь түүний залуу насны дурсамж байж болох ч, “Ган замын бүсгүй” хэмээн овоглуулах болсон нь түүний үнэнч хөдөлмөр хамгийн сайхан гоёл нь билээ.
П.Түмэндэмбэрэл
