УБТЗ ХНН-ийн Замын IV ангийн түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байна. 70 жилийн түүх нь зөвхөн он цагийн тоолол бус, төмөр замтай амьдралаа холбож, халуун хүйтнийг сөрөн, өдөр шөнийн ээлжинд хөдөлмөрлөсөн төмөр замчдын амьдрал, зүтгэл, дурсамжийн түүх билээ. Тус ангийн түүхт ойг угтан “Хөдөлмөрөөр дархлагдсан 70 жил” уриан дор олон бүтээлч ажил санаачлан өрнүүлж, залуу, дунд, ахмад үеийн төмөр замчид гар бие оролцон, үе үеийнхээ хөдөлмөр бүтээлийг эргэн дурсаж, түүхээ хойч үедээ өвлүүлж байна. Энэ үеэр Улаан-Уул хэсэглэлд олон жил ажиллаж, өөрсдийн зам мөрөө хөдөлмөрөөр дархалсан, гавьяаныхаа амралтад гарсан хэсэг ахмадтай уулзах завшаан тохиосон юм. Тэдэнтэй хууч хөөрөх зуур он цагийн урсгал хэдийнэ буцаж, залуу насны дэврүүн цагийнх нь зам мөрөөр хамтдаа “аялах” шиг болов. Нэгэн цагт төмөр замын хүнд хүчир ажлыг нуруундаа үүрч, халуунд халж, хүйтэнд хөрч явсан тэр л залуус өнөөдөр дурсамжаа хүүрнэн суух аж. Тэдний ярианаас төмөр замын дэр мод бүрийн цаана хүний хөдөлмөр, сэтгэл, тэсвэр хатуужил шингэж үлддэгийг мэдэрнэ. Өнгөрсөн он жилүүдийн түүхийг тэдний дурсамжаар сонсох тусам 70 жилийн түүх гэдэг зөвхөн тоо биш, харин хүний амьдралаар хэмжигдэх урт зам болох нь улам тодорно. Улаан-Уулын замд залуу нас, амьдралынхаа олон жилийг үлдээсэн ахмадуудын хууч яриаг сонсох нь үнэндээ төмөр замын нэгэн цагийн амьд түүхийн хуудсыг сөхөж буйтай адил байлаа.
Төмөр зам дэр мод, хос замын нийлбэр ч түүний цаана хүний амьдрал, залуу нас, хөдөлмөр, нөхөрлөл, багшийн захиас, шавийн итгэл, өглөөний нар, шөнийн жавар, наранд борлосон гар, замын чимээ шуугиантай хамт үлдсэн олон сайхан дурсамж мөнхөд үргэлжилнэ. Энэ бүхнийг амьдралынхаа 38 жилтэй холбож ярих нэгэн бол ахмад замчин Эрдэнэтогтохын Найманжин юм. Тэрбээр, тэртээх 1980 онд төмөр замд анх хөл тавьжээ. Тухайн үед залуухан замчнаас III зэргийн мэргэжилтэй ажилчин болтлоо өсөн дэвжжээ. Тэр үеийн замын ажил дэр мод солих, замаа данхраадаар өргөх зэргээр нарийн тооцоотой, анхаарал болгоомж шаардсан хүнд хүчир байв. Э.Найманжин залуу насныхаа эрч хүчээр ажлынхаа дөрийг ахмадуудаас суралцаж, өдөр ирэх тусам мэргэжилдээ дурлажээ. Түүний анхны багш нарын нэг нь Цогзол. Залуу замчинд ажил хөдөлмөрийн анхны дадлыг суулгаж өгсөн хүн. “Бид хоёр уралдаанд нэг, хоёрт л цохидог байлаа” хэмээн инээмсэглэн дурсах нь хэр эрч хүчтэй ажиллаж байсныг нь сануулна. 1981 онд цэргийн албанд татагдсан ч тэрбээр төмөр замаас холдсонгүй, 1984 онд дахин замчин болжээ. 1986 онд замын анхны их засварын ажилд оролцсон нь түүний хөдөлмөрийн замналд тодхон үлджээ. 1987 оны долдугаар сарын 15-нд 1006 дугаар хэсэглэлд очиж ажилласан нь мөн түүний амьдралын нэгэн чухал үе байв. 1031-д бригадын даргаар томилогдон, дараа нь 1006-даа эргэн ирж, 2006 онд 1069 дүгээр хэсэглэлд шилжин ажиллажээ. Ахлах замчнаас өөрийн хүсэлтээр тор засагчаар ажиллаж байгаад 2017 онд тэтгэвэртээ гарчээ. Тэрбээр 38 жилийнхээ 11 жилийг замчнаар, 19 жилийг бригадын даргаар ажиллажээ. Бригадын дарга хүний өмнө хариуцлага хүлээх, залуу ажилчдыг сургах, хүнд үед зөв шийдвэр гаргах, хамт олноо нэгэн зорилгод хөтлөх билээ. Э.Найманжин гуай олон жил бригадын даргаар ажиллахдаа залуусыг сургаж, олон ч шавьтай болжээ. Түүний шавь нарын нэг нь өнөөдөр V зэргийн замчин болсон Р.Эх-Орон юм. Түүнийг амарч байх үед орлон ажилладаг, “Багш аа, юу хийх вэ” хэмээн зөвлөгөө авч ажиллацгаана. Үгийг нь сонсож, ажлыг нь ягштал хийдэг шавь нарынхаа тухай ярихдаа Э.Найманжин гуайн хоолойноос бахархал мэдрэгдэнэ. Учир нь төмөр замын жинхэнэ өв бол төмөр зам бус түүнийг авч явах мэргэжилтний ур чадвар, туршлага, хөдөлмөрийн ёс зүй билээ.
Түүнийг мэргэжилдээ төлөвшихөд Ч.Мөнхбаяр мастерын үүрэг онцгой байжээ. Ч.Мөнхбаяр мастер замын шугамыг хэрхэн зөв барих, дэр модны үзүүр дээр хэмжилтээ хэрхэн хийх, графикаа хэрхэн гаргахыг зааж өгдөг байв. Зүгээр л “Ингээд хий” гэж хэлэх бус, яаж хийх ёстойг нь үлгэрлэн заадаг байжээ. Э.Найманжин гуай тэр арга ухааныг өөртөө шингээж, олон жил ажиллахдаа мэргэжлийн зарчим болгожээ. Тэрбээр залуу замчдад мэддэг бүхнээ харамгүй зааж өгсөн байна. Багшаас ша в ь д , ш а в и а с дараагийн үед өвлөгдөнө. Төмөр замын мэргэжлийн нандин уламжлал ингэж үргэлжилдэг. Тэр үеийн төмөр замчид өглөө маш эрт босно. Цайгаа ууна. Ажилдаа гарна. Халуун наранд ч зам дээр, заримдаа орой, шөнө ч ажиллана. Нийтийн гал тогоотой, хамт олноороо хооллож, нэгэн орон зайд инээлдэж, нэг зорилгын төлөө хөдөлмөрлөдөг үе. Тэр бүхнийг Найманжин гуай “Сайхан үе байсан” хэмээн дурслаа. Энгийн боловч сэтгэлд тод үлдсэн дурсамжийн нэг нь телевизээр кино үздэг байсан мөчүүд байв. Орой кино гарна гэхээр мотороо урьдчилан бэлдэнэ. Телевизээ гадаа гаргаж тавина. Тэгээд л бүгдээрээ цуглана. Төмөр замчид төдийгүй ойр хавийнхан, малчид хүртэл ирж, дэлгэцийн өмнө зэрэгцэн сууна. Тэр үед нэг кино бүхэл бүтэн нутгийг нэг дор цуглуулж чаддаг байжээ. Сонсоход энгийн мэт боловч тэр мөчүүд л хүний сэтгэлд сайхан дурсамж болж гүн хоногшжээ. Мөн төмөр замчдын дунд ажил мэргэжлийн уралдаан, тэмцээн болно. Бригадын дарга нар, ахлах ажилчид бүгд оролцоно. “Манайхан ч сайн байсан даа” гэж Э.Найманжин гуай дурсана. Уралдаан тэмцээнд зөвхөн хэн түрүүлэх тухай биш байв. Хэн ур чадвараа илүү сайн харуулах вэ. Хэн хамт олноо илүү сайн авч явах вэ гэсэн мэргэжлийн нэр төрийн асуудал байжээ. Төмөр замчин хүний амьдралд хамт олон гэдэг тусдаа ертөнц. Э.Найманжин гуай олон жилийн турш хамт ажилласан нөхдөө дурсан ярьсан. Ихэнх нь тэтгэвэртээ гарчээ. Зарим нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Гэхдээ түүний дурсамжид тэд одоо ч хамт буй. Пүрэвжав, Маш Очир, Гүрдорж, Төмөрчөдөр болон олон нөхөдтэйгөө хамтдаа зам дээр зогсож, халуунд халж, хүйтэнд хөрж, ажил мэргэжлийн уралдаанд өрсөлдөж, орой нь нэг тогооноос хоол идэж явсан хүмүүс. Түүний төмөр замчин болсон замнал ч гэр бүлийнх нь түүхтэй салшгүй холбоотой. Аав С.Эрдэнэтогтох нь Өмнөговиос илгээлтээр төмөр замд ирж замчин хийж байгаад хожим жолооч болжээ. Ээж О.Пагма нь холбоонд ажиллаж байв. Эхнэр Н.Булган нь ч төмөр замчин. Тэднийх хоёр хүүхэдтэй. Хүү Н.Болорцоож, охин Н.Болорзаяа. Хүү нь төмөр замд ажиллаж байгаад Солонгос улсыг зорьжээ. 2011 онд Э.Найманжин хөдөлмөрөө үнэлүүлж, “Онц хөдөлгөөнчин” цол хүртжээ. Гэхдээ түүнд хамгийн том шагнал нь олон жил замын хажуугаар алхахдаа зааж сургасан шавь нараа харах. Хамт ажиллаж байсан хүмүүсийнхээ нэрийг дурсах. Тэгээд “Энэ зам дээр би амьдралынхаа 38 жилийг өнгөрөөжээ” гэж бодох. Энэ л жинхэнэ шагнал биз ээ. Замчин хүн гавьяандаа суусан ч төмөр замын дурсамж нь тэтгэвэрт гардаггүй гэлтэй. Өглөө эртлэн ажилдаа гарч байсан тэр зам. Халуун наранд дэр мод сольж байсан тэр өдөр. Данхраадаар зам өргөж байсан мөч. Мастерынхаа зааврыг сонсож, хэмжилт хийж байсан үе. Бригадын залуусынхаа дунд зогсож байсан он жилүүд. Шавь нарынхаа “Багш аа, юу хийх вэ” гэж асуух дуу. Орой гадаа мотор ажиллуулж, бүгдээрээ зурагтаа тойрон сууж байсан тэр сайхан үе... Энэ бүхэн одоо түүний амьдралын нэгэн урт зам болж үлджээ. Хос ган зам шиг зэрэгцэн үргэлжилсэн хөдөлмөрийн замналын нэг зам нь ажил, мэргэжил, хариуцлага. Нөгөө зам нь нөхөрлөл, багш шавийн холбоо, гэр бүл, дурсамж. Тэр хоёр зам хаашаа ч салсангүй. Эцэст нь нэг л газар нийлнэ. Төмөр зам түүний сэтгэлд насан туршдаа үлджээ. Замын төмөр элэгддэг ч, зам дээр өнгөрүүлсэн хүний хөдөлмөрийн замнал элэгдэх учиргүй билээ.
ЗАМ СУМ, ДЭР МОД, ХАДААС БҮР ӨӨРИЙН ГЭСЭН УЧИРТАЙ
Замчин хүний амьдрал замын төмөр шиг шулуун, бас хатуу байдаг. Халуунд халж, хүйтэнд хөрж, бороонд норж, цас шуурсан ч тэд ажиллана. Хаврын шороон шуурга нүдгүй эргэлдэж байсан ч замчин хүн зам дээрээ л байдаг. Ө.Эрдэнэцогт 1980 онд Замын IV ангид замчнаар ажилд оржээ. Цэргээс халагдаж ирээд төмөр зам анх хөл тавихдаа замчны багаж хэрэгслийг ч мэдэхгүй залуу байв. Гэхдээ тэр үед замд ажилд орсон залуусыг зөнд огт орхидоггүй, багш шавийн барилдлага гэж сайхан уламжлал байв. Шинэ хүн ирэхэд ажилчдын хурлаар “Хэн энэ залууг шавиа болгох вэ” гэж ярилцана. Ингээд Ө.Эрдэнэцогтыг Галбадрах хэмээх туршлагатай замчин өөрийн шавиа болгожээ. Замчин залуу шавиа дагуулж, зөвхөн ажлын арга барил бус амьдралын ухаан заана. Дэр мод солиход хамт явна. Хадаас авахыг заана. Лапыг хэрхэн барихыг үзүүлнэ. Хадаасыг гуравны хоёр хүртэл оруулахад хүчтэй даллах ёстойг хүртэл нарийн хэлж өгнө. Тэр хүн Эрдэнэцогтын хувьд зүгээр нэг багш биш, амьдралынх нь анхны замыг заасан хүн байлаа. Багш нь гавьяаныхаа амралтад гарч, хожим хорвоог орхисон ч Эрдэнэцогт түүнийг мартаагүй. Амьд сэрүүн ахуйд нь жил бүр очиж золгодог байжээ. Мөн Баасанжав мастер түүнийг анх ажилд авч байжээ. Ө.Эрдэнэцогт Замын IV ангид ажиллах хугацаандаа олон мастер, бригадын дарга, ангийн даргын удирдлагад ажиллажээ. Замын IV ангийн А.Оргодол даргаа онцгойлон ярьж байв. Ажилчдынхаа ахуй амьдрал, ажлын төлөө үнэхээр зүтгэдэг. Асуудлыг газар дээр нь шийддэг мундаг хүн. Энэ нь удирдагчийн тухай хэлсэн энгийн нэг магтаал ч биш юм. Олон жил хөдөлмөрлөж, олон даргын удирдлагад ажилласан хүний үнэлгээ. Хүүгээ төмөр замчин болгох санаагаа А.Оргодол даргад хэлэхэд асуудлыг дор нь шийдэж өгсөн гэдэг. Хүний амьдралыг ойлгож чаддаг хүн л ажилчны зүрхэнд үлддэг билээ. Ө.Эрдэнэцогт 1980 аад оны дундуур хэсгийн болон ангийн аваргаар шалгарч байжээ. Тэрбээр төмөр замын салбараас гавьяа шагнал төдийлөн хүртээгүй ч өөрийгөө шагналын төлөө ажилласан хэмээн боддоггүй. Ажлаа л зөв, сайн хийх нь чухал гэв. Энэ үгэнд түүний бүтэн амьдрал багтана.
Ө.Эрдэнэцогт гуай, “Тэр үеийн замчид ажлаа яс хийдэг. Хийсэн ажлыг дарга нар нь эргэж нарийн шалгана. Алдаа гарвал ахмад нь залуустаа зааж сургана. Хажууд ажиллаж байгаа нөхрөө ч хайхрахгүй өнгөрөхгүй. Өөрийнхөө нормыг хийчихээд дараагийн хүндээ тусалдаг сайхан уламжлалтай. Энэ нь нэг үеийн ажлын арга төдийгүй тухайн үеийн хүний мөс чанар байж дээ. Нэг хэсэглэл жилдээ 800 1000 орчим дэр мод сольдог байв. Өнөөдөр бетон дэртэй замыг хараад би бахархдаг. Гэхдээ шинэ техник, шинэчлэгдсэн замыг магтахдаа ч хуучин үеийнхээ хөдөлмөрийг мартах учиргүй. Тэр үед замчин хүн замынхаа төлөө биеэрээ зүтгэдэг. Халуунд хална. Хүйтэнд хөрнө. Бороонд норно. Цасан шуургатэй үед ч ажиллана. Хаврын шороон шуурга нүдгүй эргэлдсэн ч зам дээрээ байна. Жинхэнэ төмөр зам дээр зогсож байдаг хүн чинь замчид байдаг юм” хэмээн хүүрнэсэн юм. Түүний энэ үгэнд мэргэжлээрээ бахархаад зогсохгүй, амьдралаараа баталсан үнэн үг сонсогдоно. Замчин хүний ажилд зөвхөн биеийн хүч бус ухаан, анхаарал, хариуцлага хэрэгтэй. Зам сум, зөрөг, шороо, дэр мод, хадаас бүр өөрийн гэсэн учиртай. Цахилгаан системтэй болсон ч хуучин арга барилын үнэ цэн алдагдахгүй. Ө.Эрдэнэцогт гуай залуу мастер, ажилчидтайгаа ажлын төлөө маргалдаж байсан үеэ ч инээмсэглэн дурсана. Гэхдээ тэр зөрчил нь муу санаанаас бус, ажлаа зөв хийх гэсэн хоёр хүний маргаан байв. Ө.Эрдэнэцогт гуай 2012 онд тэтгэвэртээ гарчээ. Одоо ч гэсэн сэтгэл нь тэр хэсэг рүүгээ тэмүүлнэ. “Манай зам анги үнэхээр сайхан. Энэ хоёр салаа алтан шар зам гэдэг чинь өлзийтэй, гоё шүү” хэмээн бахархалтайгаар өгүүлнэ. Ө.Эрдэнэцогт гуайн аав өртөөний жижүүр байжээ. Ээж нь сумчин хийж байгаад гавьяаныхаа амралтад гарсан байна. Эхнэр П.Саранчимэг мөн төмөр замчин. Дөрвөн хүүхдийнх нь хоёр нь аавынхаа мөрийг хөөжээ. Том хүү нь депод машинч. Э.Төгөлдөр хүү ч замчин. Төмөр замын ажил хамтын хөдөлмөр. Олон хүний ажлын хөлс, хариуцлага нийлж байж зам бүтнэ. Өртөөний жижүүр галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулна. Машинч галт тэргээ жолоодно. Харин замчин тэр бүхнийг даах замыг өдөр бүр нүдээрээ шалгаж, гараараа засаж, биеэрээ хамгаална. Эрдэнэцогт гуайн хэлдгээр, замчин хүн “Яг жинхэнэ ажлыг биеэрээ үздэг” хүн. Тиймээс тэрбээр өөрийн мэргэжлээрээ бахархдаг. Ахмад, залуу гэж ялгалгүй хамтдаа хөдөлмөрлөж, өөрийнхөө ажлыг хийчихээд бусдынхаа ажилд гар сунгадаг байсан тэр хамт олон түүнд одоо ч тодхон санагддаг. Өнөөдөр төмөр зам шинэчлэгдэж, бетон дэртэй болж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журам өөрчлөгджээ. Ахмад замчид хориотой бүс, шар хувцас, шинэ техник технологийг хараад ажиллаж байсан үеийнхээ замтай харьцуулна. Гэхдээ замын мөн чанар өөрчлөгдөөгүй. Замыг хүн л арчилна, хамгаална. Замыг хүн л бүтээнэ. Төмөр замын хос зам холын барааг чиглэн үргэлжилдэг шиг хүний амьдрал ч үеэс үед үргэлжилдэг. Түүний энгэрт одон медаль цөөнч, хэдэн арван жилийн хөдөлмөрийн үнэ цэн бий. Тэр зам дээр Ө.Эрдэнэцогт гуайн залуу нас үлджээ. Багшийнх нь гарын хөдөлгөөн, нөхдийнх нь инээд үлджээ. Төмөр зам дээр эцгийнх нь мэргэжил, хүүгийнх нь ирээдүй огтлолцож байна. Тиймээс Эрдэнэцогт гуай өнөөдөр ч сэтгэлдээ тэр зам руугаа тэмүүлсээр...
ЭМЭГТЭЙ ХҮН БРИГАДЫН ДАРГА ХИЙДЭГ ЮМ УУ
Чүлтэмийн Оюун Говь Алтай нутгийн уугуул, 11 хүүхэдтэй айлын бага аж. Төмөр замтай холбогдсон түүх нь ах Ч.Жасрайгаас эхтэй. Жасрай ах нь 1956 онд төмөр замд илгээлтээр ирээд, хоёр жилийн дараа ээж, дүү нараа авчирснаар Чүлтэмийн гэр бүлийнхэн Улаан Уулын төмөр замын орчимд суурьшсан байна. Тэдний гэр бүл төмөр замын дөрвөн үеийн түүхтэй. Ах Ч.Жасрай, Ч.Цэвээн Ойдов, Ч.Янжин нар замчин. Ээж Н.Адьяа нь хожим замын ангийн конторт манаачаар ажиллаж байжээ. Харин Ч.Оюун гуай найман настайдаа дүүтэйгээ хамт ээжийнхээ ажил дээр очиж, зам ангийн урт коридороор гүйж, тэр хавиар тоглож өссөн гэдэг. Тэр үеийн төмөр замын хэсэг, ангийн амьдрал өнөөгийнхөөс өөр байв. Зургаан километр тутамд нэг цэг байрлаж, замчид ажил амьдралаа тэндээ залгуулна. Хагас цэргийн зохион байгуулалттай, даргын тушаал хууль болдог байсан цаг үе. Ч.Оюун гуай 1958 онд Улаан-Уулын Эрдэнэ сумын дунд сургуульд орж, улмаар төмөр замын сургуульд суралцан барилгын техникч мэргэжил эзэмшжээ. Аймгийн барилгын конторт ажиллаж байгаад ирээдүйн хань Д.Рэнцэнтэйгээ танилцаж, гэр бүл болсон нь төмөр замд амьдралаа үргэлжлүүлэхийн эхлэл байв. 1969-1974 он хүртэл замчнаар ажиллав. 1971 онд бригадын даргын курсэд суралцан төгсөж, замын бригадын даргаар ажиллах болжээ. Тэр үед эмэгтэй бригадын дарга гэдэг тун содон байлаа. 24 хүнтэй сургалтын ангид дан эрчүүд Ч.Оюун ганцаараа эмэгтэй. “Эмэгтэй хүн бригадын дарга хийдэг юм уу” гэсэн сониуч, гайхсан харц түүн рүү чиглэж байсан нь мэдээж. Харин Ч.Оюун тэдний эргэлзээнд үгээр бус, ажлаараа хариулжээ. Тэрбээр замын ажлыг цаасан дээрээс бус, хөдөлмөрөөрөө үлгэрлэдэг байв. Дэр мод солино, боолт тослоно, замын төлөвлөгөөт ажлаа хийнэ. Сургуулиа төгсөөд ирсэн шинэхэн залуус багаж хэрэгслээ ч сайн мэдэхгүй үед Оюун өөрөө үлгэрлэж, дараа нь тэднээр хийлгэнэ. Ийнхүү тэр зөвхөн бригад удирдаагүй. Өөрийн мэддэг бүхнээ дараагийн үедээ өвлүүлж байв. Түүний шавь нарын дунд хожим албаны дарга болсон хүмүүс ч бий. 1971 онд Төмөр замын ТМС төгсөж ирсэн Чинбат, Батбилиг нар 1031 дүгээр хэсэгт замчнаар ажиллаж эхлэхэд Ч.Оюун тэднийг дагуулан, гарын ур дүй, ажлын арга барилд сургажээ. Тухайн үед шинэ төгсөгчид онолын мэдлэгтэй ч бодит зам дээр туршлагагүй. Харин замын ажлыг амьдралаараа мэддэг Оюун гуай тэдэнд багш нь болжээ. Ийнхүү шавь нар ч олон болов. Түүний хань Д.Рэнцэн ч мөн адил ажил хөдөлмөртөө үнэнч, хүний арга эвийг олдог нэгэн байжээ. Хаана л ажил муудаж, бригадын зохион байгуулалт доголдож байна, тийшээ очиж ажлыг нь цэгцэлдэг байв. Тэр хүмүүсийг загнаж, сүрдүүлж ажил хийлгэсэнгүй. Харин ажил удирдаж байгаа хүн эхлээд өөрөө үлгэрлэнэ. Энэ үлгэрлэл Ч.Оюун, Д.Рэнцэн хоёрын ажил амьдралын з а р ч и м байжээ. 1031 дүгээр хэсэгт байхдаа тэд зөвхөн замын ажлаа хийгээд зогссонгүй. Орчноо тохижуулж, спортын талбай байгуулж, хүүхэд залуусынхаа чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэв. Рэнцэн гуай спортод дуртай, барилддаг, гар бөмбөг тоглодог, хөнгөн атлетикаар хичээллэдэг хүн байв. Тиймээс ч хэсгийн залуусыг спортоор хичээллүүлэхэд анхаардаг нэгэн байжээ. Тэр үеийн замчдын амьдралын нэг сайхан дүр зураг эндээс харагдана. Нэгдсэн гал тогоотой, ээлжээр хоолоо хийж ажил амралтаа хамт зохицуулдаг.
Орон нутгаас илгээлтээр ирсэн залуус төмөр замын ажлыг мэдэхгүй. Харин ахмад замчид тэдэнд зааж сургана. Төмөр зам тэднийг зөвхөн ажилтай болгосонгүй. Нэгэн хамт олон, нэгэн гэр бүл шиг болгожээ. Ч.Оюун гуай төмөр замд нийтдээ 23 жил ажиллажээ. 1978-1991 он хүртэл бригадын даргаар ажиллаж, олон жилийн хөдөлмөрөө энэ салбарт зориулсан байна. Тэтгэвэрт гарахдаа шагнал, одон медалийн арвин цуглуулгатай байсангүй. Тэр үеийн шагнал өөрийн үнэ цэнтэй байв. Нэг баярын бичиг, халуун сав, тавин төгрөгийн шагнал хүртэхэд л “Сайхан шагнал авлаа” хэмээн баярладаг цаг үе байв. Түүний хувьд хамгийн том шагнал нь магадгүй шавь нар нь, үр хүүхдүүд нь, өөрийнх нь засаж сайжруулсан зам, хөдөлмөрлөсөн он жилүүд байж болох. Өнөөдөр ч Ч.Оюуны гэр бүлийн төмөр замын түүх үргэлжилсээр. Дөрвөн хүүхдийнх нь гурав нь төмөр замтай холбогджээ. Охин Р.Анхтуяа төмөр замын цэцэрлэгт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Р.Энхтуяа нь төмөр замын цэцэрлэгт ажиллаж байна. Ийнхүү нэгэн үеийн замчин эмэгтэйн хөдөлмөр үр хүүхдийнх нь амьдралд үргэлжилсээр. Ч.Оюун гуайн санааг зовоодог зүйл түүхийг мартаж болохгүй явдал юм. Түүний ажиллаж байсан хэсэглэл бүр өөрийн гэсэн түүхтэй. Замын дарга, мастераар хэн, хэн ажиллаж байсан, ямар ажил хийж, бүтээсэн тухай түүхийн буландаа хадгалдаг байжээ. Харин өнөөдөр тэр дурсамжийн ихэнхийг мэдэх хүн цөөрч байна. “Надаас дээшээ байсан хүмүүс бараг байхгүй болчихлоо. Миний үеийнхнээс ч цөөхөн хүн үлдсэн” хэмээн Ч.Оюун өгүүлж байсан. Энэ бол нэг хүний дурсамж биш. Төмөр замын нэгэн бүтэн үеийн дурсамж юм. Өнөөдөр төмөр замаар галт тэрэг хурдлан өнгөрөхөд бид төмөр замыг зөвхөн дэр мод, зам төмрөөс бүрддэг гэж харж болохгүй. Түүний цаана өглөө эрт ажилдаа гарсан замчдын амьдрал, хүйтэн салхинд боолт тосолсон гар, дэр мод сольсон хөдөлмөр, гэр бүлээ дагуулан хэсгээс хэсэгт нүүж явсан айлуудын түүх бий. Найман настайдаа замын ангийн коридороор гүйж явсан бяцхан охин хожим замын бригад удирдаж, эрчүүд давамгайлсан салбарт эмэгтэй хүн ч ажлаа нуруундаа үүрч чаддагийг харуулсан. Тэрбээр, замаа засаж, залуусын замыг зааж, дараагийн үеийнхэнд төмөр замчны хөдөлмөрийн ёс, сэтгэл, дурсамжийг үлдээжээ. Төмөр замаар галт тэрэг өнгөрсөөр л. Харин замын хоёр талаар үлдсэн хүний мөр, хөдөлмөрийн түүх, ахмад үеийн дурсамжийг мартахгүй авч явах нь өнөөдрийн бидний үүрэг билээ.
П.Түмэндэмбэрэл
