- Ургах нарыг угтах угтах аялал буюу Вагон депогийнхон
"Уяхан замбуутивийн нар нь энэхэн бүх дэлхий даяхнаараа мөхдөл үгүй мандсаар байдаг ч" өдөр өдрийн нарыг шинэ хэмээн эндүүрэгч хүмүүний гэнэхэн итгэл амьдралд хөг нэмдэг билээ л. Улаанбаатарт үнэгэн харанхуй шингэрээгүй үүр шөнийн зааг /05:10 цаг/-т "Нарны галт тэрэг"-нд суун довтолгосоор Хангай зөрлөгт ирэхэд хөхөлбөр үүр гэгээрч эхэлсэн ч шинэ оны эхний нар цухуйх яагаа ч үгүй байлаа. Хангай газрын шинэхэн модны овоолго чад падхийн асахтай зэрэгцэн давирхайны шилмүүслэг үнэр байгалийн найрслыг үг дуугүй түгээж, өөрийн мэдэлгүй сэтгэл уясаад явчих нь тэр. Шинэ оны анхны нарыг харах галт тэрэгний тусгай маршрут бүхий энэхүү өвөрмөц аяллыг УБТЗ-аас санаачлаад даруй 26 дахь жилтэйгээ золгож байгаа нь энэ юм. Энэ жилийн Нар харах аялалд 500-аад хүн оролцжээ. Тэдний нэг би бээр дорно зүгээс ургах шинэ өглөөний нарыг тэмээнээс урьтан бараалахыг шамдагч хулгана лугаа догдлонгоо, цантай өвлийн жавар дунд өнтэй бодлоо тэврэн зогсохдоо Төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбарын “Залуус дүү нартаа үлдээх шүлэг”-ийн
“Yзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Yдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь
Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла...” гэх мөрүүдийг дотоод сэтгэлдээ залбирал лугаа давтан буйгаа өөрөө ч анзаарсангүй.
Хотын амьдрал гэдэг лего тоглоом лугаа тасралтгүй угсран үргэлжлэх жигд хэмнэлтэй ч хүн гэдэг амьтан хээр гадаа явахаараа байгалийн зөн мэдрэхүй нь сэрж, сэтгэл зүрх жигтэйхэн хөгжимлөг болчихдог ажээ. Аялал, тэр тусмаа үүрийн харанхуйд гал түлж, нар хүлээх догдлолыг орлуулаад хэлчих юм тэрхэн мөчид санаанд буусангүй. Б.Батзаяагийн “Санахгүй байна, гэхдээ сайхан байна” гэдэг номын нэр шиг бүдэг атлаа таатай мэдрэмж төрнө. Харанхуйд түүдэг хөгжиж, харин дотор сэтгэлд минь мөрөөдөл сэрж байх шиг…
2. Суудал андуурагдаагүй мөрөөдлийн галт тэрэг буюу Аялал жуулчлалын төвийнхөн
Нар харах тусгай аялалд зориулсан 25 вагон тус бүр дээр УБТЗ-ын лого бүхий “Нарны галт тэрэг” гэдэг эмблем хаджээ. Жуулчид энэхүү хаягны дор зогсож зургаа даруулцгаах дуртай аж. Ногоон вагон маань ч гэсэн өнөө цагийн жуулчдад хуучин цагийн аяллыг сануулдаг биз ээ.
Энэ удаагийн тусгай вагон маань бидний зорчдог танил дасал галт тэрэг мөн хэдий ч энгийн аяллын дүр төрхөөс онхи ондоо, ямар нэгэн ер бусын, зүүд мөрөөдлийн ч гэмээр өнгө аястай санагдаад байсан нь миний уран сайхны хийсвэрлэл биш, харин Төмөр замын аялал жуулчлалын төвийнхний маань чин сэтгэлээсээ хийж гүйцэтгэж, улам сайжруулсаар ирсэн зорилтот олон ажлын үр дүн байв. Шалаа зөөлөн дэвсгэрээр хулдаж, хичээнгүйлэн зассан цэмцгэр вагонд зочдоо хүндэтгэн урихдаа нэг удаагийн улавч өмсүүлөн орууллаа. Вагоны суудал, хучлага дэвсгэр, цонхны хөшиг гэхчилэн орсон даруйд нүднээ тусах бүх зүйлс цэвэр цэмцгэр, байнгын эзэнтэй арчилгаатай нь илт. “Шинэ оны мэнд” хэмээн элэгсэг мэндчилэн угтах проводникууд зорчигчдынхоо тохойноос дэмнэн аяллыг нь ерөөж аялаг дулаахан үг ивнэ. Мөрөөдлийн галт тэргэнд суудал андуурагдаад ороод ирсэн мэт биеэ жаахан барьж байсан ч тун удалгүй жимс, десерт бүхий өглөөний цай зэрэг найрсаг зочлолт дайлалтын дүнд хэдийнэ гэртээ суугаа мэт налайж аян замдаа шуударсан юм.
УБТЗ-ын Аялал жуулчлалын товчоог 1999 оны гуравдугаар сарын 26-нд “Аялал жуулчлалын хамтын ажиллагааны төв” нэртэйгээр төмөр замын дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх хамтарсан төслүүд боловсруулан хэрэгжүүлэх, гадаадын мэргэжилтэн төлөөлөгчдөд үйлчлэх чиг үүрэгтэйгээр байгуулжээ. Тэд Хустайн нурууны орчим, Туул голын хөвөөнд жуулчны бааз байгуулснаар анхны үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Төмөр замын Аялал жуулчлалын төв нь Монгол улсад хятад жуулчдыг албан ёсоор зохион байгуулж хүлээж авсан анхны байгууллага бөгөөд 2001 оноос “Говийн өглөө” жуулчны тусгай галт тэрэг аялуулж эхэлсэн юм. Мөн жуулчдын үйлчилгээнд зориулж 446-р тасалгаат вагоныг өөрчлөн тохижуулж “Салон-вагон” болгон жуулчдад үйлчилж байжээ. Үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр ирсэн тус байгууллага 2017 оны долдугаар сарын 3-нд УБТЗ-ын даргын тушаалаар Аялал жуулчлалын төв болсон билээ.
Монгол Улсын аялал жуулчлалын зах зээлд өөрийн гэсэн имиджээ бүрдүүлж чадсан тус төв нь олон улсад өрсөлдөх чадвартай, мэргэжлийн туршлагатай боловсон хүчин, тохилог ажлын байр, материаллаг баазаар бүрэн хангагдсан, монголчуудыг гадаад улс орнуудад болон эх орныхоо үзэсгэлэнт газруудаар, гадаадын жуулчдыг эх орондоо хүлээн авч аялуулах үйлчилгээг үзүүлж ирсэн баялаг туршлага бүхий тур оператор компани юм.
Монголчууд өнө эртнээс шинэ оны эхний өглөөний нарыг харж залбирахдаа тэр жилийнхээ ажил үйлс, аз хийморийг даатгаж, эрч хүчээ сэлбэж ирсэн уламжлалтай. Уламжлалт ёс заншлаа сэргээх, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, дотоод, гадаадын жуулчин, аялагчдад сурталчлах зорилгоор тус төвөөс анх удаа “Нарны галт тэрэг”-ний аяллыг 2000 оны нэгдүгээр сарын 1-ний өглөө зохион байгуулснаас хойш уламжлал болгон хэвшүүлжээ. Эхний жилүүдэд зөвхөн Япон улсын жуулчид аялж байсан бол өдгөө Европын жуулчид болон Монголд сууж байгаа гадаадын элчин сайдууд, атташе, бусад олон улсын байгууллагын ажилтнуудаар галын хүрээгээ тэлсээр байна. Түүгээр ч барахгүй сүүлийн жилүүдэд дотоодын аялагчдын маань ч хүсэн хүлээдэг эвентийн нэг болсон тул оролцогсод олшрохын хэрээр галт тэрэгний тоо ч нэмэгдсээр байгаа юм.
- “Нар үзээгүй” ужиг бодлыг таягдсан Төмөр замын чуулганыхан
Зорчигчдын вагоны уйтан гудмаар Цагаан өвгөн, Улаан Жамсрангийн үлэмж том толгой угласан, нүсэр өмсгөл зүүсгэлтэй улс зөрж ядахдаа багаа тайлж хөхрөлдөж хөгсөх нь Төмөр замын чуулгын уран бүтээлчид ажээ. Жил бүр нарны вагоныг чимдэг нөхөд. Жавар тачигнасан Монгол нутгийн өвлөөр гадны жуулчдыг зутрах вий хэмээн Хангай зөрлөгийн ойролцоох хээр талд Төмөр замын Аялал жуулчлалын төвөөс авчирч барьсан халзтай улаан гэрүүдэд шар толгойтууд “том толгойт”-уудтай холилдон холхилдож байлаа. Цамын бүжгийн хүнд багтаа түүртэн “Толгойгоо тайлаад барьчихсан” бүжигчидтэй зургаа даруулахыг шалах жуулчдыг хараад инээд хүрч суув.
Өдөр бүхэн манддаг нарыг өрөөнөөсөө харчихад л болно… гэх маягийн үг чулуудаж, шинэ оны эхний нарыг харах аялалд хөөрч хөгсөн мордогсдыг шоолж дооглох давалгаа Монголын сошиалд цөөнгүй харагдана билээ. Аялал жуулчлалын брэндүүд олширч, “арга зальтай” эвентүүд элбэгшихийн хэрээр эх орон, түүх соёл, нутаг орноо бусдад таниулж “Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах”-аас биш, ажил хийж арга сүвэгчилж яваа түүчээ нөхдөөрөө тохуурхах нь эрчтэй хөгжлийн энэ цаг үед тун ч тохиромжгүйгээр барахгүй яваандаа “нар үзээгүй ужиг бодол”-оо бусдаас нуух хэрэг ч гарч мэднэ.
1991 оны хоёрдугаар сарын 7-нд байгуулагдсан Төмөр замын дуу бүжгийн чуулга нь Монголын язгуур урлагийн төрлүүд болох уртын дуу, ардын дуу, үндэсний хөгжим, хөөмий, ерөөл магтаалаас гадна шашны зан үйлийн ёслолыг тусган харуулсан цамын бүжиг гэх мэт гадаад дотоддын жуулчдын нүд сэтгэлийг баясгаж, чих сонорыг мялаах баялаг урын сантай ажээ. Юутай ч нар ургахыг хүлээнгээ түүдэг хөгжөөж саатсан жуулчдад уйдах чөлөө олголгүй урлаг соёлоор үйлчилсэн юм.
Энэ оны эхний өглөөний нар үүлгүй цэлмэг тэнгэрт үзэгдэл мэт мандаж, зорьж хүлээсэн бидний зол баярыг дүүргэсэн билээ л. Ертөнцийн наранд ивээгдэж есөн үеэрээ жаргаж явахын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлж “Нарны галт тэрэг”-ээр зорчсон нандин дурсамжаа эвхсү.
Б.Занданхүү
