УБТЗ-ын Зураг төслийн төвийн дарга Николай Алексеевич Гуктай ярилцлаа.
Сайн байна уу? Та Зураг төслийн төвийн даргаар томилогдоод удаагүй ч ойн хүрээндээ багагүй ажил хийх шиг болсон. Төвийнхөө үндсэн үйл ажиллагааг танилцуулснаар хоёул ярилцлагаа эхлүүлье.
-Баярлалаа. Миний хувьд өнгөрсөн оны есдүгээр сард энэ ажлаа хүлээн авсан. Манай төв хэрэглэгчийн захиалгын дагуу үйлчилдэг. Мөн бидний гол үндсэн үүрэг бол УБТЗ-ын албад болон аж ахуйн нэгжүүд, тэр дундаа зам, зүтгүүр, холбоо, хөдөлгөөн, эрчим хүч гэхчлэн хөдөлгөөнтэй шууд холбоотой үндсэн албадын захиалгын дагуу үйлчилж, иж бүрэн зураг төсөл, төсвийг боловсруулдаг. Зураг төсөл, төсөвгүйгээр ямар нэг үйл ажиллагааг үргэлжлэх боломжгүй юм. Тиймээс бид Замын даргын А/919 тоот тушаалын дагуу үндсэн ажлаа чанартай бөгөөд хууль, стандарт, норм дүрмийн дагуу зөв гүйцэтгэж байна. Ер нь бол бид 2025 онд 443 зураг төсөл, төсөв гүйцэтгэсэн ба 2.8 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан.
Зураг төсөл, төсвийн дагуу үйл ажиллагаа явуулж байж тэрний зардал мөнгийг тооцоолох, цаашлаад УБТЗ-ын үйл ажиллагаа маань зөв чанартай явах гол эх үүсвэр болдог.
Манай төв замын болон барилгын гэсэн үндсэн хоёр хэлтэстэй. Замын хэлтэс маань төмөр замын суурь бүтцийн зураг төсөл, төсвийг хийж гүйцэтгэдэг. УБТЗ-ын гол зам болон өртөө зөрлөгийн бүх төмөр замын төслүүдийг хийдэг. Суурь бүтэц, дохиолол төвлөрүүлэлт хориглолын зураг төсөл буюу холбооны зураг төслийг хүртэл хийдэг. Энэ нь шинээр барих болон их засварын зураг төслүүд гэсэн үг. Суурь бүтэц гэхээр төмөр зам түүн дээрээ байрлах барилга байгууламж, дохио холбоо, эрчим хүч, камержуулалт, гэрэлтүүлэг бүгд багтана.
-Бусад төмөр замуудад танай төвтэй ижил чиглэлийн байгууллага байдаг уу?
-МТЗ ТӨХК-д цомхон хэлтэс байдаг. Манайх шиг дан ганц төмөр замын төсөл дээр ажилладаг өөр төв байхгүй. Хувийн зураг төслийн компаниуд бол бий. Үүнээс үүдэн зах зээл дээр өрсөлдөөн бий болж байгаа нь сайн хэрэг. Сүүлийн үед төмөр замын бүтээн байгуулалт их өрнөж буйтай холбоотойгоор зах зээл дээр зураг төслийн өрсөлдөөн их хурдтай өрнөж байна. Бид шинэ төмөр замын зураг төсөл дээр зөвхөн төрийн захиалгын дагуу гэлтгүй байгууллагуудын хүсэлтийн дагуу ажил хийж гүйцэтгэдэг. Зарим тохиолдолд тодорхой хэсгийг нь л зурах төслийг хийдэг бол зарим хэсэгт бүтнээр нь хийдэг. УБТЗ-ын Зураг төслийн төв бол Монгол Улсдаа хамгийн урт түүхтэй мэргэжлийн байгууллага. Мэргэшсэн, туршлагатай, боловсон хүчинтэй хамт олон юм.
Барилгын хэлтэс тань зөвхөн төмөр замын барилгын зураг төслөөр хязгаарлагддаггүй байх?
-Манай төвийн хоёр дахь гол хэлтэс бол барилгын зураг төслийн хэлтэс юм. Шууд утгаар нь хэлэхэд барилгын салбарт бүхий л зураг төсөл, төсөв гол цөм нь байдаг. Манай барилгын хэлтэс зөвхөн төмөр замын төсөл төсөв гэж баригддаггүй. Үүнийг мэргэжлийн хэллэгээр нь иргэний барилгын зураг төсөл гэдэг. Барилгын зураг төслийг жишээ болгоод хэлэхэд бидний сууж буй орон сууцны барилга, хүүхдийн цэцэрлэг, байгууллагуудын цех болон депо, өртөөний барилга гэхчлэн зураг төслөө хийдэг. УБТЗ-тай холбоотой бүхий л барилга байгууламжийн зургуудыг манай хэлтэс хийж гүйцэтгэсэн. Цаашид ч хийнэ.
-Технологийн дэвшил өдөр байтугай хором мөчөөр шинэчлэгдэж байгаа энэ үед Зураг төслийн төв хэрхэн цаг үетэйгээ зэрэгцэн ажиллаж байна вэ?
-Ерөнхийдөө дэлхий нийтээр манайх шиг төвүүдийг шууд утгаар нь институт буюу хүрээлэн гэсэн статусаар хөгжүүлдэг. Манайтай ижил төстэй байгууллагыг зөвхөн зураг төсөл, төсөв хийхээсээ илүү судалгааны ажлууд дээр хүч өгдөг. Нэмээд шинэ технологиудыг тухайн хүрээлэн өөрийн захиалагчдадаа хамгийн ашигтай шийдлүүдээр мэдээлж, тэр шийдлээ зураг төсөлдөө тусгаж санал болгодог үндсэн үүрэгтэй ажилладаг. Хэн нэгний хүссэн зургийг төсөвлөөд зогсохгүй, захиалагчийн хүссэн зүйлийг цогц байдлаар инженер техникийн ажилтнууд нь захиалагчдад өгч, зураг төслөө санал болгох хэмжээний тусалж зөвлөдөг, харилцан ашигтай ажилладаг хүрээлэнгүүд олон бий. Бид ирээдүйд энэ жишгийн дагуу л явах хэрэгтэй байгаа юм. Ийм л жишгийг гол зорилгоо болгон ажиллаж байна даа.
-Энэ зорилгодоо хүрэхэд ямар бэрхшээл учирч байна вэ?
-Байлгүй яах вэ. Үнэхээр дээрх шиг хүрээлэн байгуулъя гээд шууд шийдэгдчих асуудал биш юм. Бидэнд олон хүндрэл байгаа. Хамгийн эхэнд манайх төв гэсэн нэртэй, хэдэн компьютер тавиад үйл ажиллагаа явуулж байгаа газар биш шүү дээ. Энд хамгийн чухал нь хүмүүс ажиллаж байна. Зорилгодоо хүрэхэд гол чухал зүйлс нь инженер техникийн ажилтнууд болон энд ажиллаж байгаа хүмүүс юм. Хүмүүс маань үргэлж шинэ зүйлийг сурч, шинэ техник технологийг судалж, мэдлэг боловсролоо ахиулах хэрэгтэй болж байна. Тиймээс ч манай төвийн гол зорилго бол ажилтнуудынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлж, тэднийг хөгжүүлэх. Мэдлэг боловсрол гэдэг нь зөвхөн үндсэн мэдлэг бус тухайн хүний өөрийн эзэмшсэн мэргэжил дээр нэмж, өнөөгийн дэлхий дээр хөгжиж байгаа шинэ зүйлүүдийг зэрэгцэн сурахын тулд мэргэшүүлэхийг хэлж байгаа юм. Бид инженерүүдээ аль болох энэ тал дээр нь хөгжүүлж, урам зориг өгөхийн тулд өөрсдийн хүчин чадал, нөөц боломжоороо ажиллаж байгаа. Энд тэнд болж байгаа үзэсгэлэн худалдаа, сургалт, мэргэжлийн зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулан хүмүүсээ хамруулж байна. Өмнөх сард манай хоёр инженер БНХАУ-д зохиогдсон олон улсын барилгын үзэсгэлэнд яваад ирсэн. Тэндээс маш их хэрэгтэй мэдээллүүдийг үзэж сонсоод бидэнд авч ирсэн. Түрүүчийн долоо хоногт Улаанбаатар хотод болсон барилгын зураг төсөл, барилга байгууламжийн чиглэлээрх том үзэсгэлэнд манайхан бүгд хамрагдсан. Энэ долоо хоногт ч олон улсын “Building Mongolia” болно. Хамруулж болох бүхий л үйл ажиллагаанд хүмүүсээ явуулаад байгаа нь дэлхий хаашаа хөдөлж, зураг төсөл хэрхэн хөгжиж байгааг өөрөө нүдээр үзэж, гараараа барих нь чухлыг ойлгуулах гээд байгаа хэрэг. Өнгөрсөн 12 дугаар сард манай замын инженерүүд Эрхүүгийн “Иркутскжелдорпроект” зураг төслийн хүрээлэн рүү зорьж очиж туршлага судалсан. Энэ жил Хөх хотын Зураг төслийн төв рүү хүмүүсээ явуулж, туршлага солилцон хамтран ажиллахаар төлөвлөсөн. Энэ бол аялал биш, ажлын томилолт үүрэг даалгавар юм. Энэ бүхнээс үр дүн гарч, бид хийж байгаа ажилдаа тусгаж ажиллах зорилготой. Бидний эрхэм зорилго болох хэрэглэгч нартаа буюу захиалагчдадаа хамгийн зөв зүйтэй, шийдэл бүхий зураг төслийг санал болгохын тулд өмнөө байгаа эдгээр асуудлаа шийдээд явна.
-Мэргэжлийн бэлтгэгдсэн боловсон хүчний асуудал ямар байна. Мэргэжилтэн дутагдаж байна уу?
-Барилгын болон үндсэн чиглэлээрээ Монголд мундаг боловсон хүчин олон л байгаа байх. Харин төмөр замын чиглэлээр мэргэшсэн, замын суурь бүтцийн зураг төсөл гаргадаг мэргэжлийн инженер техникийн ажилтнууд манайхаас өөр газар бараг алга. Шууд хэлэхэд манайд ажиллаж байгаа замын хэсгийн зураг төслийн инженер залуучууд Монголд нэг номерын мэргэшсэн инженерүүд юм. Тэр тусмаа энэ төвдөө ажиллахаасаа өмнө өөр өөрийн эзэмшсэн төмөр замын ашиглалтын чиглэлээр ажиллаж байсан инженерүүд байдаг. Тэдэнд маш их туршлага бий.
-Таны онцолсон инженерүүд энэ төвд алтаар зүйрлэшгүй үнэтэй байх нь. Харин тэднийг эндээ тогтоон барих нь чухал. Цалин хөлснөөс өгсүүлэн тогтоон барих хөшүүргийг та хэрхэн харж байна вэ?
- Энэ л бидэнд тулгамдсан хүндрэлтэй асуудал болдог. Яг үнэнийг хэлэхэд бусадтай адил санхүүгийн хувьд залуусаа дэмжиж тэтгээд явахад хүндрэлтэй байгаа. Төмөр замын цалингийн системийн сүлжил, норм норматив ямар билээ, та андахгүй. Гэхдээ бид яг үүн дээр ажиллаад одоогийн байдлаар төсөл хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг тайлбарлавал, тухайн ажилтан инженерүүд өөрсдийн үндсэн ажлаасаа гадна бусад гаднын байгууллагуудын захиалгаар зураг төсөл дээр нь ажилласан тохиолдолд урамшуулал олгодог тогтолцоо юм. Ийм зүйлийг бид хэрэгжүүлэх гээд яг одоо төсөл хэлбэрээр явж байна. Санал болгож буй энэ төсөл урамшууллын систем зөвхөн манай төвд байгаа инженерүүдэд төдийгүй УБТЗ-д ажиллаж байгаа бүхий л инженер техникийн ажилтнуудад хамаатай, бүгд хамрагдаж болох төсөл юм. Байгууллага бүрийн хамгийн чухал гол капитал нь инженер техникийн ажилтнууд. Сайтар бэлтгэгдсэн инженерүүдээ авч үлдэхийн тулд энэ мэтчилэн урамшуулал байх ёстой. Тэд өөрсдийн мэдлэг боловсрол, ур чадвараа нэмэгдүүлэн гаднаас өөр зүйлсийг авч байхад бид дэмжих хэрэгтэй.
-Зураг төслийн төвд ашиглаж байгаа техник технологи болон дижитал үйлчилгээ та бүхний ажиллах хэрэгцээ шаардлагыг хангаж байна уу?
-Өнөөдрийн нөхцөлд захиалагчдын хүссэн бүхий л зүйлийг биелүүлэхэд манайх технологиор бол хоцрогдоогүй. Техник, хүн хүч хангалттай л байна. Тэр тусмаа төмөр замын суурь бүтэцийн зураг төслийг хийж гүйцэтгэхэд манай төвд байгаа техник технологи, хүн хүч бүгд байна. Тухайлбал, суурь бүтцийн чиглэлээр зам, холбоо, эрчим хүчний инженерүүд, галын дохиолол гээд бүх мэргэжилтэн манайд бий. Эдгээр мэргэжилтнүүд цогц болон ажиллаж байна. Түүгээр ч тогтохгүй камержуулалт хяналтын системийн зураг төслийг ч хийж гүйцэтгэдэг чадвартай боловсон хүчнүүд манайд байна.
-Шугам зам дагуух бүхий л өртөө зөрлөгийн бүтээн байгуулалтын анхны суурийг та бүхэн тавьдаг гэж ойлголоо.
-Мэдээж хэрэг. Шууд утгаараа тэгж ойлгож болно. Төмөр зам дээр барьж байгуулж байгаа өртөөний шинэчлэл, депогийн барилга, хос замын өргөтгөл зэргийг манай төвийн инженерүүдийн шийдлээр анхлан хийдэг юм шүү.
Цаашдаа хөгжих урт хугацааны төлөвлөгөө ч манайд бий. Төмөр замаа хос болгох, өртөөдийг шинэчлэн сайжруулах, их засварын ажлуудын техник технологийн шинэчлэл бүхэн манай үндсэн үйл ажиллагааны сайжруулалтын гол үйл явц юм. Төмөр замаар явах тээвэр нэмэгдэх тусам тухайн замынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж, түүний үндсэн дээр ачаа тээврээ явуулах боломж хангагдана.
-Энэ бүх цогц шийдлүүддээ сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийг нэвтрүүлж чадаж байгаа юу?
-Одоогийн түвшинд бид энэ тал дээр судалгаа хийж байна. Ногоон технологи руу шилжихийн тулд бид нягт нямбай, анхаарал сэрэмжтэй хандах хэрэгтэй. Өдгөө хүмүүсийн хэрэглэж буй зүйлсийг манайд шууд нэвтрүүлэхэд эрсдэл бий болох хүндрэлтэй. Учир нь үйлдвэрлэлийн буюу УБТЗ шиг том хэмжээний цогц механизм руу оруулах амаргүй. Магадгүй бага эрчим хүчний хэрэглээтэй, ердийн барилга байгууламжид ахуйн зориулалтаар сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийг нэвтрүүлж болно л доо. Гэтэл төмөр замын үйлдвэрлэл маш том хүчин чадлыг шаарддаг учир энэ асуудлыг орхигдуулахгүй аажмаар нэвтрүүлнэ гэж зорьж байна. Монголд үргэлж нар ээж, салхи салхилдаг онцлогтой тул байгалийн энэ тогтоц дээр үндэслээд цаашдаа ногоон эрчим хүч, ногоон технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой.
Зураг төслийн төв 70 жилийн түүхтэй байгууллага. Олон ч сайн ИТА-нууд төрөн гарсан. Одоо энэ залгамж халааг таслахгүйн тулд хүний нөөцийн бодлогодоо хэрхэн анхаарч байна вэ?
-Жинхэнэ инженер болохын тулд нэлээд олон дамжлагыг туулдаг. Эхлээд их дээд сургуульд үндсэн мэргэжлээ эзэмшсэнээр өөрийн суурь баазаа бий болгож, цааш өсөн дэвших сууриа тавина. Хоёр дахь дамжлага бол туршлага. Дээд боловсрол эзэмшиж төгсөөд ажил дээр гарч туршлага хуримтлуулах хэрэгтэй. Ингээд мэргэжил эзэмшиж, туршлагатай болсон залуу хүнийг ажил олгогч үүргээ гүйцэтгэх хугацаанд өөрт нь байгаа оюуны нөөц боломж, чадвараа бүрэн гүйцэд гаргах нөхцөлөөр хангах хэрэгтэй. Эцэст нь буюу дөрөвдүгээрт, тухайн хүний өөрийнх нь хичээл зүтгэл, хүсэл сонирхол нөлөөлнө. Өөрийгөө хөгжүүлэх, мэдээлэл олох, түүнийгээ ашиглах мэргэжлээрээ ахин дэвших гарц гагцхүү тухайн хүнд л бий. Манайд сайн бэлтгэгдсэн инженерүүд бий. Тэднийгээ бид хангалттай дэмжинэ.
-Энэ онд танай байгууллага ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?
-Бид 2026 онд дотоод ажлын 40 зүйл бүхий төлөвлөгөө гаргаад энэ дагуу ажиллаж байна. Энэ төлөвлөгөөнд төвийн хөгжил ирээдүйд чиглэсэн бүхий л ажлыг тусгасан. Энд бидний цогц ажлууд багтсан. Шинэ технологи, сургалт, байгууллагын хөгжил, өсөн дэвжих бүхий зүйлс төлөвлөгдсөн. Хувь хүн миний хүсэл юу вэ гэвэл УБТЗ-д бид хамгийн сүүлийн үеийн технологи шийдэл, тоног төхөөрөмжийг тусгасан зөв бөгөөд ашигтай, хууль, стандартын хүрээнд нийцсэн зураг төслийг гаргаж өгөх. Энэ бүх амбицаа гүйцээхэд ганц асуудал тулгараад байна. Юу вэ гэхээр одоогийн бидний мөрдөж буй стандартыг баримталж байтал дэлхийн техник технологи, шинэ зүйлс урагш ахисан байдаг. Эндээс харахад нэгэнт зураг төслөө стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэсэн ч стандарт хоцорсон байдаг нь бидэнд асуудлыг бий болгодог. Үүнийг хөгжин дэвжихийн чөдөр тушаа гэж үзэж болохгүй ч стандартдаа баригддаг л гэсэн санаа юм. Тэгэхээр бид стандартаа орчин үеийн технологидоо нийцүүлэх ёстой болж байна.
Ярилцахад таатай байлаа. Танд ажлын амжилт хүсье.
А.Энхсайхан
