Нүүр Дугаарын сурвалжилга Музей бол тунгаах урилга юм
Дугаарын сурвалжилга

Музей бол тунгаах урилга юм

G.Press 3 жилийн өмнө 190 үзэлт 0 сэтгэгдэл

            

Бараг сарын өмнө дөө, Төмөр замын музейн эрхлэгч Ү.Наранцэцэг эгч Удирдах орох замд таараад “Манай музейгээр нэг орооч. Чамд үзүүлэх юм байна” гэж учир битүүлэг “урилга” өгөв. Музей манай байгууллага хоёр ойрхон хэр нь ажил амжихгүй явсаар... Гэхдээ сэтгэлийн мухарт өнөөх учир битүүлэг урилга сонирхол төрүүлсээр байв. Саяхан зав гарган, зорьж очвол музейн эрхлэгч намайг хүлээж байсан нь илт. Уриалагхан угтаж, яг зорчигчийн вагоны купе шиг засаж тохижуулсан бяцхан номын сангаа танилцууллаа. Үйлчлүүлэгчид аян замд аялж яваа мэт тухлан, төмөр замын талаарх ном, сэтгүүл унших, хүүхэд хөгшид амсхийгээд гарах таатай орчин бүрджээ. Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга асан Ц.Хүрэлбаатарын санаачилгаар хийсэн энэ номын сан бяцхан үзэгчдэд хамгийн их таалагддаг хэсэг болоод байгааг Ү.Наранцэцэг эрхлэгч танилцуулж, галт тэргэнд сууж үзээгүй хүүхдүүдэд төмөр замын талаарх танин мэдэхүйн чухал ач холбогдолтой ажил болсныг дурдлаа. Энэ ташрамд, Зорчигчийн вагон депогийн залууст музейн эрхлэгч сониноор дамжуулан талархснаа илэрхийллээ.

Тэрбээр, “Ер нь, манай төмөр замчид музейн ажилд чин сэтгэлээсээ тусалдаг. Энэ музейг 10 жил авч явахад төмөр замчдын тус дэм их байлаа. Түүнээс би ганцаараа юу ч хийж шалих вэ дээ. Манай Замын удирдлагууд музейд засвар, хөрөнгө оруулалт хэрэгтэй гэхэд гар татдаггүй. Хамгийн сүүлд гэхэд 2019 онд нийгэмлэгийн 70 жилийн ойн өмнө бүх үзмэрийг хурааж байгаад их засвар хийсэн. Дээврийн засварын санхүүжилтийг Замын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных хэлсэн даруйд л шийдээд өгчихөж билээ. Замын үе үеийн удирдлагууд маш их санаа тавьдаг. Р.Раш дарга маань анх Замын дарга болохдоо өмсөж байсан дүрэмт хувцсаа өөрөө авчирч өгсөн нь энэ байна. (Модельд өмсүүлсэн дүрэмт хувцас үзүүлэв. Түүний хажууд Замын даргын тамга хүлээж авч байгаа зургийг байрлуулж, тайлбарыг тавьжээ)

Аль нэг байгууллагаас очоод тусламж хүсэхэд үгүй гэхгүй. Олон хүний тус дэм, сайхан сэтгэлээр музейг өдий дайтай авч явлаа. Тэр дундаас БЗАҮ-ний ангийнхандаа би маш их талархаж явдаг” хэмээн өгүүллээ.

“Хүүе, та минь юу юугүй явах гэж байгаа хүн шиг...” гэхэд “Харин тиймээ, эгч нь ирэх сарын 1-нээс гавьяаны амралтдаа гарна” гээд инээв. Эндээс бидний ярианы сэдэв музейн үүсэл хөгжил, Төмөр замын түүхийн музейн үүсэн байгуулагдсан түүх рүү эргэв.

Түүний ярианаас “Хүн төрөлхтөн үүсэл хөгжил, туулж өнгөрүүлсэн цаг үе, эх түүхээ эргэн харах, ухамсарлах, магадгүй ирээдүйг таамаглах, ойлгохын тул музейг бий болгожээ” гэдгийг ойлгов. Мэргэжлийнхэн бол “Музейг тунгаах урилга” гэж тодорхойлдог гэнэ. Орчин үеийн бүх музей сүүлийн 200-300 жилд бий болжээ. Хамгийн анх хувийн музейнүүд үүсэж, улмаар байгууллагын, орон нутгийн музейнүүд байгуулагджээ. Музейн бодлого нь цуглуулах, хадгалах, судлах, үзүүлэх гэсэн үйл ажиллагааны  үндсэн дөрвөн чиглэлтэй аж.

УБТЗ-ын түүхийн музей ч энэ зарчмаар үүсэн байгуулагджээ. Тодруулбал, УБТЗ-ын ХЭГ-ын 1967 оны тавдугаар сарын 5-ны өдрийн хурлаар УБТЗ-ын түүхийн музей байгуулах зөвлөлийг байгуулж, зөвлөлийн даргаар Замын орлогч дарга С.Дамбадаржаа, орлогч даргаар Техникийн ордны дарга Г.Мандах, Лувсанжигжид нарын 11 хүнийг томилсон байна. Зөвлөлийн бүрэлдэхүүн С.Дамбадаржаагийн удирдлагад Монголын төмөр замын тээврийн үзэсгэлэнгийн үндсэн материалд түшиглэн УБТЗ-ын төрөлжсөн архив, УБТЗ-ын Намын хорооны архив, Монгол Улсын архив, кино архив болон ахмад төмөр замчдын дурсамж материалаас цуглуулга судалгаа хийх, хуулбарлан авах зэргээр музейн үзмэрийг бүрдүүлж байж.

            Улмаар, УБТЗ-ын Намын хорооны товчооны 1968 оны 45 дугаар тогтоолоор “Монголын төмөр замын түүхийн үзэсгэлэн” байгуулагдаж, төмөр замын түүхэн хөгжил, Монгол-Зөвлөлтийн төмөр замчдын хамтын ажиллагааг харуулсан материалуудаар баяжиж төмөр замыг сурталчлах талаар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн аж.

            Монголын төмөр замын түүхийн үзэсгэлэнг 1970 оны зургадугаар сарын 26-нд Хувьсгалчдын өдрөөр нээж, МАХН-ын Төв хорооны 1965 оны 308 дугаар тогтоол ёсоор Улсын төв музейн захиргаатай харилцан зөвшөөрөлцсөний үндсэн дээр УБТЗ-ын Намын хорооны товчооны 1972 оны аравдугаар 03-ны өдрийн 217 тоот тогтоолоор төмөр замын тээврийн үзэсгэлэнг Музей болгон баталгаажуулсан байна. Энэ цагаас хойш Монгол Улсад мөрдөгддөг музейн стандарт, дүрэм журамд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй гэлээ.

УБТЗ-ын Түүхийн музейн сан хөмрөгт одоогийн байдлаар 7000 гаруй үзмэр байгаагийн дийлэнх нь гэрэл зураг, бичиг баримт зэрэг цаасан материал байна. Харин биет үзмэр 2000 гаруй бий. Музейн барилгын нийт талбай нь 250 ам метр бөгөөд үүнээс 200 ам метр нь үзмэрийн гурван танхимын хэмжээ аж. Эдгээр танхимд одоогийн байдлаар 700 гаруй үзмэрийг музейн стандартын дагуу дэлгэн тавьсан байна. Үүнд Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэн бий болсон анхны өдрөөс эхлэн өнөө үеийг хүртэлх түүхэн хөгжлийн үйл явдлууд Монгол-Оросын төмөр замчдын хамтын ажиллагаа, гадаад улс орнуудтай тогтоосон харилцаа холбоог илтгэх дурсгалын зүйл, зарим техник, тоног төхөөрөмжийн биет үзмэр, дүрэмт хувцас, төмөр замын дүрэм заавар, техникийн болон уран зохиолын ном, кино дүрс, хуурцаг, төр засгийн болон төмөр замын шагнал урамшуулал гээд үзмэрийн хувьд боломжийн сан хөмрөгтэй. Харин дэлгэн үзүүлэх зай талбайн хувьд хүрэлцээгүй байдаг аж. Гэхдээ музейн үзмэрийг 3-4 жилд шинэчлэн дэглэж, сан хөмрөгт байгаа үзмэрүүдийг сэлгэн тавьжээ.

УБТЗ-ын Түүхийн музейгээр ковидоос өмнө жилд дунджаар 2000 гаруй хүн үйлчлүүлж байсан бол өнгөрсөн онд 1200 орчим хүнд үйлчилжээ. Тиймээс энэ жилээс үйлчлүүлэгчдийг татах төлөвлөгөөг гаргасан байна. Ер нь, жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт бүх  музей үнэ төлбөргүй үйлчилдэг өдрүүд болон дэлхийн музейн өдрөөр (жил бүрийн тавдугаар сарын 18-нд) үйлчлүүлэгчид нэлээд үздэг гэв.  

Энгийн өдрүүдэд ч тус музей ахмад настан, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг юм байна. Ер нь, тус музейг ач зээ нараа дагуулсан ахмад төмөр замчид зорин ирж, үр хойчдоо төмөр замынхаа үүх түүхийг мэдүүлэхийг зорьдог нь дийлэнх гэнэ. Мөн төмөр замын цэцэрлэгүүд, ТЗДС, Политехникийн коллежийн оюутнуудыг зохион байгуулалттай үзүүлдэг байна. Үүнээс гадна манайд ажиллахаар ирж буй орос мэргэжилтнүүд юун түрүүн түүхийн музейгээр заавал зочилдгийг Ү.Наранцэцэг эрхлэгч дурдлаа.

Төмөр замын түүхийн музейг тайлбартайгаар үзэхэд дунджаар 45 минут болдог гэнэ. Харин түүний дараа үйлчлүүлэгч хүссэн хугацаагаараа саатан үзэх боломж нээлттэй. Дээр дурдсанчлан, “Музей бол тунгаах урилга” гэдэгчлэн үнэхээр музейн танхимд анир чимээгүй... Ёстой их хотын дуу чимээ, зай завсаргүй хөл хөдөлгөөнөөс түр ангижирч өнгөрсөн цаг хугацаагаар аялж түр ч гэсэн тархиа амрааж болмоор санагдав. Сэрүү татсан музейн танхимаас ер бусын үнэр ханхийнэ. Музейнүүд ер нь сэрүүхэн байдаг шиг санагддаг. Энэ талаар, Ү.Наранцэцэг эрхлэгчээс асуувал “Музейн үзмэрүүдэд хэт халуун байх тийм ч таатай нөхцөл биш. Музейн үзмэрүүдийг хадгалж хамгаалах нөхцөл нарийн стандарттай. Сан хөмрөгөө хадгалах шүүгээ савыг хүртэл цэвэр модон байх ёстой гэдэг юм” хэмээн сан хөмрөгийнхөө зарим хэсгийг үзүүллээ. Үзэгчдэд дэлгэгдээгүй маш олон үзмэр далд байна.

Төмөр замын түүхийн музейг сонирхож үзье гэвэл тасалбарын үнэ ердөө 1000 төгрөг гэнэ шүү. Бод доо, 1000 төгрөгөөр бид өнөөдөр юу худалдан авч чадах вэ?

“Музей рүү үзэгчдийг татах ажлыг сайн хийх л хэрэгтэй дээ. Том музейнүүд бол хүн хүчтэй. Хажуудаа маркетингийн албатай. Угтах үйлчилгээтэй. Манайд бол ганц би... Дэлхийн музейн өдрөөр танилцуулгаа жижиг цаасан дээр хэвлэж гараад гудамжаар яваа хүмүүсийг музей үзэхийг урина. Хэдэн хүн олоод бушуухан өөрөө гүйж орж ирээд тайлбарлана. Ааг амьсгаагүй хэдэн тийшээ гүйсээр оройд нь сөхөрч унах нь холгүй болдог байлаа. Ер нь, эгч нь энэ салбарын хүн биш шүү дээ. Тэс өөр мэргэжилтэй. Арван жилийн өмнө энэ ажлыг хүлээж авахдаа музейн талаар тодорхой мэдэх зүйлгүй л ажил авсан. Тухайн үедээ ажилтай боллоо гээд л баярлаад... Гэхдээ энэ ажлыг хийхийн тулд би төмөр замын түүхийг судлах ёстой юм гэдгийг мэдсэн. Эхний хэдэн жил ч төмөр замын түүхтэй холбоотой юм болгоныг уншиж судалсан. Дараа нь уншиж мэдсэн зүйлээ ойлгож өөрийн болгох. Музейнхээ үзмэртэй холбон баяжуулан тайлбарлаж сурах гээд ажил ундарсан. Төмөр замын түүхийг уншиж судлах тусам илүү сонирхолтой, сайхан санагдах болсон. Дараа нь, гэрэл зураг өөрөө авч, түүхэн үйл явдлыг баримтжуулах гээд аппарат хүртэл авхуулаад л гүйдэг боллоо. Энэ арван жил өөрөө өөрийгөө сорьсон, хөгжүүлсэн жил байлаа” хэмээн сэтгэлээсээ ярилаа.

Тэрбээр, Бээжингийн төмөр замын музейг зорьж очиж үзээд, өөрийнх нь музейг арав хорь нугалахаар том байшинтай, баялаг үзмэртэйг нь хараад битүүхэн атаархснаа, Оросын төмөр замын музейг виртуалиар үзээд гайхан биширснээ сэтгэл хөдлөн ярив. Тиймээс, төмөр замын музейгээ яавал хөгжүүлэх вэ гэдэг талаар зарим санаачилгыг гаргажээ. Жишээ нь, музейн мэдээллийн цахим самбар авах талаар судалгаа хийж, энэ жилийн замын төлөвлөгөөнд оруулжээ. Үүндээ бэлтгээд төмөр замын түүхийг төрөлжүүлэн шивж, зураг цуглуулан цахим хэлбэрт оруулснаа үзүүллээ. Уг самбарыг ашиглалтад оруулбал, үйлчлүүлэгч сонирхсон сэдвээ сонгон дарахад л түүнтэй холбоотой мэдээлэл, гэрэл зургууд гарч ирэх жишээтэй. Ү.Наранчимэг “Уг нь, сэдсэн ажлаа эхлүүлээд явахсан гэж бодсон. Гэтэл самбар маань ирж амжихгүй нь. Дараагийнхаа хүнд сайн захьж үлдээнэ. Ер нь, музей рүү хүмүүсийг татъя гэвэл музей түшиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж болно. Ирэх зургадугаар сард Эрчим хүч, ус хангамжийн төвийн инженер Ө.Ууганжаргал өөрийн маркны цуглуулгаар үзэсгэлэн гаргана. Энэ мэтээр музей түшиглэсэн үйл ажиллагаагаар дамжуулж үзэгчдийг татах ажлуудыг энэ онд төлөвлөсөн байгаа” хэмээн ярилаа. Эцэст нь, тэрбээр одоо удахгүй Дэлхийн музейн өдөр тохионо. Энэ өдрөөр музейнхээ үйл ажиллагааг Маркетингийн албанаас дэмжээд ганц өдөр дэмжээд өгөөсэй гэж хүсье. Музейн үзмэр гэдэг он цаг улирахын хэрээр үнэ цэн нь өсдөг. Тиймээс төмөр замынхаа түүхийн музейг дэмжиж ажиллаарай гэж төмөр замчдаасаа хүсье. Музей үзнэ гэдэг маш том соёл юм. Музейд орж ирсэн ямар ч хүн маш хүндэтгэлтэй ханддаг. Бага насны хүүхдүүд хүртэл хамаагүй гүйж харайгаад байдаггүй. Миний л хувьд музей маш эрхэмсэг ариун дагшин газар санагддаг хэмээлээ.

Музей гэдгийг төдийлөн ухаж бодоогүй явснаа сая эргэцүүлсээр тэндээс гарахад анир чимээгүй, эрхэмсэг оршихуй хаалганы ард үлдэж, эгэл амьдралын түмэн асуудал, хөл хөдөлгөөн, авто замын бөглөрөл намайг бүчин авлаа.

Тодруулга: Монголын Үндэсний музейгээс гаргасан судалгаанаас харахад манай улсад анхны буюу Улсын Төв музей 1924 онд байгуулагджээ. Харин 1926 онд “Богд хааны өвлийн ордон музей”-г байгуулсан нь хоёр дахь музей болсон байна.

1926 онд Намын Төв хороо, Засгийн газар “Улсын музейн үүсгэн тохижуулах товчоо”-г байгуулж, 1926 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн тогтоолоор VIII Богд Жибзундамба хутагт Агваанлувсанчойжиданзанванчигбалсамбуу /1869-1924/ -ийн эзэмшилд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны  зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейд шилжүүлэн Богдын өвлийн ордонд музейг өргөтгөн байгуулах шийдвэр гарчээ. Ийнхүү Богдын ордонд үзмэр дэлгэх ажлыг 1926 оны сүүлчээр дуусгаж олон түмэнд үйлчилж эхэлсэн байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг бий болгож, 1927 оноос музейд албан ёсоор орон тооны ажилчидтай болжээ.

Монголын Үндэсний музейгээс гаргасан судалгаанаас харахад манай улсад 1968-1975 онд 30, 2004 онд 33, 2005 онд 34, 2006 онд 36, 2008 онд 40, 2011 онд 42 музей үйл ажиллагаа явуулж байёөн тоо баримт байна. Мөн судалгаанд нийт үзмэр 244300, үүнээс Улаанбаатар хотод136300 байдаг. Музейн салбарт нийт 635 ажилтан, жилд дунджаар 517400 үзэгчид үйлчилдэг байна. Түүнчлэн жилд дунджаар 99225 гадаад жуулчин музейгээр үйлчлүүлдэг гэсэн судалгаа байна.

 

Б.ГҮНЖИНЛХАМ

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.