Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга Мөнхтэгшийн Ононтой ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
-Энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд 2006 онд БНХАУ-ын Бээжин хотын Зам харилцааны их сургуулийг Төмөр замын тээврийн удирдлага мэргэжлээр сурч төгссөн. 2007-2018 онд УБТЗ ХНН-ийн Замын-Үүд Шилжүүлэн ачих анги, ОУ-ын Тээвэр зуучлалын төв, Толгойт өртөөнд мэргэжлээрээ ажиллаж байсан. 2018 оны аравхоёрдугаар сараас Зам тээврийн яаманд галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулалтын хяналт хариуцсан улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад энэ оны зургадугаар сарын 03-ны өдрөөс Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын даргаар томилогдон ажиллаж байна.
-Төмөр замын агентлаг байгуулагдаад удаагүй байна. Та агентлагийнхаа чиг үүргийн талаар манай уншигчдад танилцуулна уу ?
-Сүүлийн жилүүдэд манай улсад төмөр замын бүтээн байгуулалт өрнөж говийн бүсийн төмөр зам баригдаж байна. Үүний зэрэгцээ УИХ-аас 2023 оны долдугаар сарын 07-ны өдөр Төмөр замын тээврийн тухай хуулийг шинэчлэн баталж, 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хуулийн 10 дугаар зүйлд Төмөр замын газрын чиг үүргийн талаар тодорхой зааж өгсөн. 2022 онд манай улс 2675.2 км урт төмөр замтай байсан бол 2025 онд 3787.0 км болсон байна. Ингэж үндэсний төмөр замуудын бүтээн байгуулалт эрчимтэй хэрэгжиж, сүлжээний урт нэмэгдэж байгаатай холбогдуулан төмөр замуудын хоорондын ажлын уялдаа холбоо, хөдлөх бүрэлдэхүүн, засвар үйлчилгээ, тариф зэргийг нэгдсэн бодлогоор зохицуулахын тулд Төмөр замын газрыг байгуулсан.
Харин манай Тээврийн удирдлагын газрын чиг үүргийн хүрээнд төмөр замын тээврийн талаарх Монгол Улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг болон нэгдсэн технологийн горим батлах, суурь бүтэц хоорондын галт тэрэгний хөдөлгөөнийг захирамжлан зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, төмөр замын тээврийн тарифыг хянах, санал дүгнэлт гаргах зэрэг төмөр замын тээврийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг.
-Одоогийн байдлаар танай газрын хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид хийхээр төлөвлөсөн ажлын талаар танилцуулаач?
-Төмөр замын газрын хэмжээнд олон ажлыг төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал Гашуунсухайт-Ганц-мод хил холболтын төмөр замын төсөл, Хөшигийн хөндийн төмөр замын бүтээн байгуулалт зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг Төмөр замын газрын дарга Б.Артур манлайлан ажиллаж байна.
Тээврийн удирдлагын газар нь төмөр замын суурь бүтцүүдийн хоорондох галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулалт, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд МТЗ ТӨХК, “Чайна энержи коксжих нүүрс /Тяньжин/” ХХК-уудын хооронд байгуулсан урт хугацааны нүүрс тээвэрлэлтийг хариуцаж байна. Гэрээний дагуу анхны тээвэрлэлтийг энэ оны зургадугаар сарын 24-нөөс эхлүүлж, одоогийн байдлаар хоногт найман хос галт тэрэг 30 мянган тонн нүүрсийг холимог тээврээр амжилттай зохион байгуулж, 1.5 сая тонн нүүрс ачаа тээвэрлээд байна. Оны үлдэж байгаа саруудад шахуу төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөг биелүүлэхээр МТЗ ТӨХК- ийн төмөр замчид сэтгэл гарган шуурхай ажиллаж байна. Цаашид тээвэр зохион байгуулалтыг сайжруулах, хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглах талаар төлөвлөсөн ажил нэлээд бий.
Мөн өвлийн бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын цахилгаан станцуудын нүүрс, мөн гэр хорооллын айлуудыг утаагүй түлшээр хангах тээвэрлэлтийг зохион байгуулж байна.
Төмөр замын сүлжээнд суурь бүтэц хооронд тээвэрлэлтийг зохион байгуулах нэгдсэн технологийн түр горимыг шинэчлэх, Төмөр замын тарифын орон тооны бус зөвлөл байгуулах, Төмөр замын сүлжээнд суурь бүтэц хооронд тээвэрлэлтийг зохион байгуулах нэгдсэн технологийн түр горимыг шинэчлэх, мөн Төмөр замын тээврийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор 27 дүрэм, журам, аргачлал горим, зөвлөлийн журам шинэчлэх ажлыг хийж байна.
-Хөшигийн хөндийн төмөр зам баригдсанаар төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх, ач холбогдлын талаар ярилцлагаа үргэлжлүүлье?
-2010 онд Зам тээврийн яамны техникийн комисс дээр Богд уулыг тойруулан төмөр зам барих төслийг танилцуулж хэлэлцсэн байдаг. Тухайн үедээ Багахангайгаас-Аршаант өртөөтэй холбохоор байсан. УБТЗ ХНН-ийн сүлжээний хамгийн хүнд хэвгий тахиртай Хонхор, Хоолтын даваа, Эмээлтийн давааг тойруулан төмөр замаар холбосноор галт тэрэгний жинг нэмэгдүүлэх, зам төмөр, зүтгүүр, вагоны дугуй элэгдэл буурах, мөн галт тэрэгний жингийн хугарлыг арилгах эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой гэж үзсэн байдаг. Үүнээс гадна аюултай, хортой, тэсрэх, дэлбэрэх ачааг Улаанбаатар хот дундуур тээвэрлэхгүй болох зэрэг олон талын ач холбогдолтой төсөл байсан ч ажил урагшлаагүй.
Харин Б.Дэлгэрсайхан сайдын санаачилга дэмжлэгээр “Алсын хараа-2050”, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр тогтоол гарч, 102 км урт салбар замыг барихаар шийдвэрлэсэн. Тухайн ажлыг Монголын үндэсний аж ахуйн нэгж, компаниуд маш богино хугацаанд доод бүтцийн 85 км далан ул шорооны ажлыг хийж, одоо дээд бүтцийн зам төмрийн үе угсарч суурилуулах ажил ид явагдаж байна. Хөшигийн хөндийн төмөр замаас шинэ “ХАРХОРУМ” хот хүртэл хурдны төмөр зам салаалах, мөн тухайн цэгт Дундговь-Замын-Үүдийн авто зам нийлэх уулзвар зангилаа болж, тээвэр ложистикийн төв болох ирээдүй бий. Хэрвээ анхны төслийн дагуу Аршаант өртөөтэй холбосон төмөр замыг баривал хот дундуур явах галт тэрэгний хөдөлгөөн буурч автомашины түгжрэл, тоос шороо, дуу чимээ багасах болон барьсан зардал өртгөө хурдан олох боломжтой.
-Манай улс өмнө нь ганц төмөр замаар тээвэр хийдэг байсан. Одоо төрийн болон хувин хэвшлийн төмөр замууд ч тээвэр хийх болсон. Эдгээр төмөр замуудын тариф адил байх уу, аль эсвэл өөр байх уу? гэдэг талаар бидэнд товчхон мэдээлэл өгч болох уу?
-Манай улсын хувьд хоёр улсын хамтарсан хөрөнгө оруулалттай УБТЗ ХНН төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулж байна. Мөн говийн бүсэд МТЗ ТӨХК болон “Монголиан транс лайн” ХХК төмөр замын тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. УБТЗ ХНН бол хоёр улсын 1949 оны гэрээгээр манай улсад аливаа татвар төлдөггүй. Тиймээс УБТЗ ХНН-ийн тарифыг шинэ говийн бүсийн төмөр замд мөрдлөг болгож болдоггүй. МТЗ ТӨХК Монгол Улсын Компанийн хуулийн дагуу бүх татвараа төлдөг.Тиймээс тарифыг судалж тогтоох ажлын хэсэг ажиллаж байгаа. Эрэлт нийлүүлэлтийн суурь зарчмыг баримталж зүтгүүр, вагон, суурь бүтцийн зардлыг бодитой тооцож уян хатан тариф тогтоохыг зорин ажиллаж байна.
-Бүх төмөр замд хөдөлгөөний аюулгүй байдал онцгой чухал. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Манай улс бэлчээрийн мал аж ахуйтай гэдгээрээ ихээхэн онцлог. Бид Зүүнбаян-Тавантолгой, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг хориг хашаагүй барьсан. Гэтэл намайг яамны хяналтын газар улсын ахлах байцаагчаар ажиллаж байхад олон мал дайруулж, хувь хүн хохирохоос гадна машинч нар сэтгэл санааны цочрол хямралд өртөх, нөгөө талд нь малчид хохирлоо төлүүлнэ гэж нэхэмжилж, шийдвэрлэхэд төвөгтэй асуудлууд гарч байсан. Ер нь ямар ч улсын төмөр замын хөдөлгөөн нь давуу эрхтэй ба гаднын биет төмөр зам дээр байх ёсгүй гэсэн өндөр шаардлага байдаг. Галт тэрэг яаралтай тоормос хийснээс хойш 1000 метр зам туулж байж бүрэн зогсдог. Гэтэл галт тэргийг автомашинтай адил тоормос хийсэн даруйдаа зогсоно гэж боддог иргэдийн тоо цөөнгүй байна. Тэгэхээр цаашид галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд төмөр замын аюултай бүсийн ойролцоо амьдарч буй малчид ард иргэдэд хууль дүрмээ сайн сурталчлан таниулж, мөн төмөр замчид хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмээ ягштал мөрдөх нь чухал юм.
-Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв гэж байсан. Түүнд зориулсан байрыг Бүгд Найрамдах Солонгос улсын тусламжаар барьж байсан. Энэ ажил одоо ямар шатандаа яваа бол...?
-БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар олон улсын хамтын ажиллагааны агентлаг КОЙКА-ийн “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв (ГТХЗНТ)-ийн барилгыг барьж байгуулах, үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх замаар Монгол Улсын төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг сайжруулах төсөл”-ийг Зам тээврийн яамны захиалгаар 2021-2026 он хүртэл хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Сүхбаатар-Замын-Үүд, Зүүнбаян-Тавантолгой, чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөний төвлөрсөн удирдлага хяналтын систем (CTC)-ийг ашиглалтад оруулна. Мөн МТЗ ТӨХК-ийн Хулангийн шанд зөрлөгт төмөр замын аюулгүй байдлын нэгдсэн систем “цаг уур хэмжигч”, “Зам төмрийн төлөв байдлыг илрүүлэгч төхөөрөмж” болон галт тэрэгний хөдөлгөөний саадыг илрүүлэх систем зэргийг ашиглана.
Улаанбаатар-2 өртөөнд CCTV камерын хяналтын системийг суурилуулж хөдөлгөөний аюулгүй байдлыг хянах, Сайншанд өртөөнд RFID суурилуулж вагоны байршлыг тодорхойлно.
Эдгээр тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааны хоёрдугаар үе шат (-2030 он) туршилтаар нэвтрүүлсэн системийг өргөтгөх, гуравдугаар үе шатанд орон нутгийн төвлөрсөн хяналт (CTC) бий болгох, урт хугацааны төлөвлөлт, дөрөвдүгээр үе шатанд (-2050 он) нэгдсэн удирдлагын төв буюу диспетчерийн төвлөрүүлэлтийг бий болгохоор төлөвлөн тус төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе...
-Эцэст нь хэлэхэд янз бүрийн бүтэцтэй өмчийн өөр өөр хэлбэртэй төмөр замуудын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулж, чиглүүлэх үүргийг засаг төрөөс өгсөн тул манай хамт олон хичээж ажиллах болно.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
-Та бүхний ажилд амжилт хүсье.
Б.Гүнжээ
