Монгол Улсын шуудангийн анхны марк үйлчилгээнд гарсны 100 жилийн ой энэ онд тохиож байна.  1924 оны долдугаар сарын 8-ны өдөр шуудангийн анхны маркаа нийтийн хэрэгцээнд гаргаж, шуудангийн захидал бичигт наагдаж  дотооддоо болон гадаадын улс орнуудад түгэн тархсан байна. Тухайн үед Улаанбаатар хотын хэвлэх үйлдвэр өнгөт хэвлэлгүй байсан учир "Элдэв-Очир" долоон төрлийн маркийг Шанхайд хэвлүүлж байжээ. "Марк сонирхогчдын холбоо" 1957 онд байгуулагджээ. Марк үйлдвэрлэлийн технологи шинэчлэгдэж хөгжсөнөөр алт, мөнгөн ялтас, торгон дээр хэвлэгдэж, 1982 онд байгаль орчныг хамгаалах сэдвээр анхны алтан ялтсан марк гарсан байна. Монгол эх орныхоо бүтээн байгуулалт, ололт амжилт, нийгмийн өөрчлөн байгуулалт, улс ардын аж ахуйн болон шинжлэх ухаан техникийн хөгжил дэвшил, байгаль, ан амьтны хүрээлэн, Монголын ард түмний аж амьдрал, соёл урлаг, зан заншил зэрэг өргөн хүрээний сэдвээр маркийг хэвлүүлж хэрэглэж байгаа билээ. 2024 онд 20 гаруй марк гүйлгээнд гаргахаар төлөвлөжээ. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Монгол шуудангийн 1163 сэдвийн хүрээнд 4431 нэрийн марк худалдаанд гарчээ. Манай улс шуудангийн маркаа ОХУ, БНХАУ, Франц Улсад  хэвлүүлж байна.

 

Ази тивийн анхны олдвор хос мөнгөн лууг дүрсэлжээ

 

Монгол маркийн 100 жилийн ойн хүрээнд XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилд зориулсан "Луу жил" сэдэвт хоёр нэрийн марк бүтээхэд Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам, гэвш, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Гончигсүрэн, зурхай судлаач, дэд профессор С.Даваабаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн, профессор Д.Эрдэнэбаатар нар мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллажээ. Анх 1972 онд жилийн маркийг хэвлэж гарснаас хэсэг хугацаанд завсарласны эцэст 1994 оны нохой жилийн маркийг гаргасан байна. Үүнээс хойш жил бүр тасралтгүй гарч байгаа бөгөөд борлуулалт сайтай байдгаараа онцлог юм байна. "Луу жил" сэдэвт маркт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутгаас олдсон лууны бүтэн дүрс бүхий  Ази тивийн анхны олдвор хос мөнгөн лууг дүрсэлжээ. Зураачаар Г.Баттөр, дизайнераар Ж.Ганхуяг нар ажилласан байна.  

 

Монголын анхны "Элдэв-Очир" маркийг  ЮНЕСКО-д бүртгүүлжээ

 

Монголын анхны "Элдэв-Очир" маркийг Юнескогийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Ази номхон далайн бүс нутгийн баримтат өвийн жагсаалтад энэ онд бүртгүүлжээ. "Элдэв-Очир" анхны долоон маркийн эх загварыг 1923 онд "Цахилгаан мэдээ" шуудан бичгийн түшмэл М.Бат-Очир Ардын Засгийн газарт танилцуулж байжээ. Монгол Улс энэ үед үндэсний мөнгөн тэмдэгтийг хараахан гаргаагүй байсан тул маркийн нэрлэсэн үнийг доллараар илэрхийлж, нэг, хоёр, тав, 10, 20, 50 цент гэж явсаар долоо дахь марк нь нэг ам.долларын үнэтэйгээр шуудангийн гүйлгээнд гарчээ. “Элдэв-Очир” буюу “Нацагдорж“ нь дотроо зөрүүлэн байрлуулсан хоёр “Очир”-оос бүрддэг бөгөөд хэзээ ч салшгүй бат бэх, дийлэгдэшгүйн бэлгэдэл болдог. Эдгээр маркийг хэвлэх үеийн технологийн түвшингээс шалтгаалан зарим маркийн өнгө, шивээсний хэмжээ өөрчлөгдөн гарсан байдаг ажээ.

 

"Зуны олимпийн XXXIII Парис 2024" марк хэвлэгдэв

 

"Зуны олимпийн XXXIII Парис 2024" сэдэвт шуудангийн марк өнгөрсөн есдүгээр сард хэвлэгдэн гарчээ. Анх 1960 онд "Зуны олимпийн XVII наадам Ром" сэдэвт найман нэрийн марк гарснаас хойш  зуны, өвлийн олимпод зориулсан 64 сэдвийн 260 гаруй төрлийн марк шуудангийн гүйлгээнд гарсан байна. Энэ удаагийн "Зуны олимпийн XXXIII Парис 2024" сэдэвт маркт Монгол Улсын төрийн далбаа, Монголын Үндэсний олимпийн хорооны лого, "Paris 2024" бичвэр, Парис хотын билэг тэмдэг Эйфелийн цамхаг, тус хотын дундуур урсдаг Сена мөрнийг тусгаж, олимпийн наадамд эрх авч өрсөлдсөн спортын төрөл бүрийг дүрсэлжээ.