Нүүр Цаг үе “Моддын ясли” –ын сонин
Цаг үе

“Моддын ясли” –ын сонин

G.Press 2 жилийн өмнө 113 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

    Зүүнхараа дахь Мод боловсруулах үйлдвэрийн ойн аж ахуйн инженер Б.Уугантогостой “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус байгууллага мод үржүүлгийн ажлыг хэрхэн хийж байгаа талаар ярилцлаа. Тэрбээр, байгууллагадаа ойжуулагч, ойн техникч, ойн инженерээр 11 жил ажиллаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг дэмжиж, Сэлэнгэ аймаг “Мод нийлүүлэгч аймаг” болох зорилт тавьжээ. Тэр дундаа Мандал сум “Мод нийлүүлэгч сум”, УБТЗ-ын Зүүнхараа дахь Мод боловсруулах үйлдвэр “Мод нийлүүлэгч байгууллага” болох зорилт дэвшүүлснээ ойн инженер бүсгүй ярианыхаа эхэнд дурдав.

 

-“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд танай байгууллага мод үржүүлгийг ихээхэн нэмэгдүүлсэн байх. Одоо хэчнээн га-д мод үржүүлж байна вэ?

-Бид өмнөх жилүүдэд Номтын аманд нэг га, төвдөө 0.3 га талбайд л тарилт хийж байсан. 246 дугаар км дэх талбайдаа 2015 оноос хойш тарилт хийгээгүй байсан.

“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд манайх одоо гурван талбайд мод үржүүлж байна. Өөрөөр хэлбэл, Номтод 26 га, 246 дугаар км-т гурван га, төвдөө 0.8 га, нийтдээ 29.8 га мод үржүүлгийн талбайтай болсон. Үүнээс одоогийн байдлаар Номт дахь талбайнхаа дөрвөн га-д, 246 дугаар км-ийн талбайн 2 га-д, төвийн талбайн 0.5 -га-д тарилт хийсэн.

Үүний зэрэгцээ энэ хөтөлбөрийн хүрээнд Замын захиргааны санхүүжилтээр эдгээр талбайг шинээр хашаажуулаад, ажилчдын амьдрах байшин барих, усалгааны систем суурилуулах, цахилгаантай болгох зэрэг маш их ажлыг хийсэн.

Тухайлбал, Номт дахь талбайд олон ажилтан ажиллах шаардлагатай болсон. Тиймээс өнгөрсөн онд 16х5м-ийн харьцаатай байшин барьсан. Одоо ажилчид маань байрлаад ажиллаж байна. Мөн 8х5м-ийн байшин ашиглалтадорох дөхөж байна. Номтын 26 га, 246 дугаар км дэх гурван га талбайгаа бүрэн хашаажуулсан. Энэ хоёр талбайд нийтдээ 16185 метр өргөст тор, 885 ширхэг бетон шонгоор хашаажуулалт хийсэн байх жишээтэй.

Мөн Номт, 246 дугаар талбайдаа тус бүр хоёр мотортой намираа усалгааны систем суурилуулсан.

Бид хөрсөн бортогонд мод үржүүлэх ажлыг туршиж байгаа. Хөрсөн бортогонд мод үржүүлэхдээ хүлэмжинд бойжуулдаг. Уламжлалт аргыг хүлэмжинд хөрсөн бортогоор үржүүлэх аргатай харьцуулаад туршилт судалгааны ажил явж байна. Ургалтын явцыг харьцуулахад хөрсөн бортогоны аргаар хүлэмжид бойжуулж байгаа модны ургалт арай илүү байгаа тал ажиглагдаж байна.

-Хэдэн нэр төрлийн мод үржүүлж байна вэ?

-Өнгөрсөн онд бид шилмүүст хоёр төрлийн мод (шинэс, нарс)-ны, навчит зургаан төрлийн (агч, хайлаас, шар хуайс, бургас, буйлс, улиас) мод тарьж үрслүүлсэн.

Энэ жилээс модны нэр төрлөө нэмэгдүүлээд монос, голт бор, чацаргана, үхрийн нүд, цэнхэр гацуур, улаан агч гэх мэт модыг нэмж үржүүлж байна.

-“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд жимс жимсгэний аж ахуйг хөгжүүлэх зорилт байгаа. Танай байгууллагын хувьд чацаргана, үхрийн нүдний мод үржүүлж байгаа юм байна. Зүүнхараа, Баруунхараад алим, чавганы аж ахуй хөгжиж байгаа дуулддаг. Та бүхний хувьд энэ чиглэлээр мод үржүүлэх төлөвлөгөө бий юу?

-Тэгэлгүй яах вэ. Бид модны нэр төрлийг нэмэгдүүлэхээр алим, чавга, тошлой, улаан болон хар интоор гэсэн моднуудын тарьц авч, туршилтын талбайдаа ургуулж байна. Өнгөрсөн намрын Сэлэнгийн үзэсгэлэн худалдаанаас эдгээр жимсний модны гурав гурван суулгац авч тарьсан. Энэ хавар 100 хувийн ургалттай байна. Эдгээр жимсний модыг цаашид мөчрөөр болон үрээр үржүүлэхээр төлөвлөж байна. Алимны модоор төгөл үүсгэхээр төлөвлөсөн. Алимны модыг үрэлний мод тариад түүн дээрээ алимны модны мөчрийг залгаж нутагшуулдаг. Энэ чиглэлээр туршлага судалж, судалгаа хийгээд ажиллаж байна.

Мөн улаан агч мод үржүүлж эхэлж байна. Энэ бол зах зээл дээр маш эрэлттэй, үнэтэй байдаг мод. Монголд байгаль дээр ургадаггүй. Монголчууд саяхнаас Канад, Туркээс авчирч нутагшуулж байгаа. Цаашдаа ч ховор төрлийн, хүмүүсийн сонирхож байгаа моднуудыг олж, нутагшуулах зорилт тавьж байна.

-Бараг 30-аад га-д мод үржүүлнэ гэхээр хүн хүчний хүрэлцээ хэр байна вэ?

-Манай мод үржүүлэг дээр жилийн турш ажилладаг үндсэн зургаан ажилтан бий. Эхний байдлаар манай талбай дээр 66 ажилтан ажиллах шаардлагатай гэсэн тооцоолол гарсан. Тиймээс 15 хүнийг гэрээгээр авч ажиллуулж байна. Дээр нь, УБТЗ-ын Политехник коллежтэй шефийн гэрээ байгуулаад оюутнуудыг авч ажиллуулж байгаа. Эхний ээлжийн 45 оюутан зургадугаар сарын 2-16-ны хооронд ажиллаад, хоёрдугаар ээлж нь 16-наас эхлээд ажиллаж байна. Талбай томорсон учраас хүн хүчин маш их хэрэгтэй байгаа. Анх ирэхэд нь оюутнуудаа талбайд гаргаад нэг өдрийн үзүүлэх сургалтад хамруулдаг. Мод, зэрлэгээ ялгаж таних,зэрлэг зулгаах арга техник,багаж төхөөрөмжөө ашиглах арга барилд сургах гэх мэт. Үүний зэрэгцээ Монгол хүн яагаад заавал мод тарих ёстой вэ гэдэг ойлголтыг өгдөг. Монгол Улсын нийт газар нутгийн 7.9 хувийг ой эзэлдэг. Монгол орны гол горхи, нуур цөөрөм ширгэх, цөлжилт ямар хурдацтай явагдаж байна гэх мэт ерөнхий мэдлэгийг өгөхөд хүүхдүүд маш сайн хүлээж авдаг. Манайоюутнууд маш хурдан суралцаж, сайн ажиллаж байгаа. Эдгээр хүүхдүүд давхар мод тарих, арчлах тодорхой мэдлэг чадвартай болж байгаа нь хамгийн чухалүр дүн нь гэж мэргэжлийн хүний үүднээс их олзуурхаж байгаа. Энэ ташрамд, мод тарих үйлсэд сэтгэл зүрхээ шингээн сайн ажиллаж байгаа оюутнууддаа талархсанаа илэрхийлье.

Мөн тавдугаар сарын 26-наас эхлээд хоёр долоо хоног манай байгууллагын бүх ажилчид амралтгүйгээр мод үржүүлгийн ажлаа хамтраад хийсэн. Энэ хавар хүйтэн байсан учраас тарилтын хугацаа нэлээд хойшилсон.

-Мод арчилгааны багаж тоног төхөөрөмжөө танай байгууллагынхан өөрсдөө хийдэг гэж сонссон?

-Тиймээ, манайхан дотоод нөөц боломжоо ашиглаад хаягдал төмрөөр гурван төрлийн зэрлэг ургамал зулгаах багажийг хийж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Эндээс багагүй зардал хэмнэсэн. Жишээ нь, үндэс авагч багаж зах зээл дээр нэг ширхэг нь 49000 төгрөг байдаг. Үүнийг манай залуус 12000 төгрөгт багтаагаад хийсэн. Хөрс сийрүүлэгч багажийг зах зээлээс 8000 төгрөгөөр авах байсан бол манайхан 5800 төгрөгт багтаагаад хийчихсэн.

-Мод арчилгаа гэхээр энгийн хүмүүс услахаас өөр ямар ажил байдгийг төдийлөн мэддэггүй. Тэгэхээр мод арчилгааг яаж хийдвэг вэ?

-Мэдээж усалгаа хамгийн чухал. Үүний зэрэгцээ зэрлэг зулгаах, хөрс сийрүүлэх, ариутгал хийх, бордох зэргийг хийх ёстой.

Номтын талбайд 25 тоннын зургаан ширхэг усны нөөцийн сав байрлуулсан. Худгийн усаа нөөцийн сав руугаа шахаад усныхаа температурыг өсгөх буюу бүлээн болсон үед усалдаг. Худгийн хүйтэн усаар усалбал мод хатгаа хүрнэ гэж үздэг. Усалгаа хийсний дараа зэрлэг зулгаана гэх мэт мод арчилгааны нарийн дарааллууд бий.

-Модны усалгааг өглөө нар мандахаас өмнө, орой нар жаргасан хойно усалдаг гэж сонссон. Тэгэхээр мод арчилгааны ажил өдрийн найман цагаар хэмжигдэх ажил биш гэж ойлголоо.

-Маш зөв. Манай ажилчид зургадугаар сарын 10-наас зуны цагийн хуваарьтаа орсон. Өөрөөр хэлбэл, зундаа өглөө 05.00-09.00 эсвэл 06.00-10.00 цаг, орой 17.00-21.00 цагийн хооронд ажилладаг. Өдрийн хэт халуунд амардаг.Энэ хуваариар наймдугаар сарын 10-н хүртэл ажиллана.

Ер нь, мод үржүүлгийн ажил гэдэг бол амралтгүй ажил. Бидэнд амралт, баяр ёслолоор бусад хүмүүс шиг олон хоногоор амраад явах боломж байхгүй. Хүн өлгийтэй хүүхдээ хооллохгүй, хуурайлахгүй орхиж болдоггүйтэй адил модны суулгацыг орхиод удаан хугацаанд явчихвал үхчихнэ. Хүмүүс наадамд явж байхад бид модоо услаад, зэрлэгээ залгаагаад л үлддэг. Тэгэхээр энэ бол маш их хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг нарийн чимхлүүр ажил. Гэхдээ маш бахархмаар, дурламаар буянтай сайхан ажил шүү дээ.

-Үр түүх ажлыг хэрхэн зохион байгуулдаг вэ?

-Ууланд ургадаггүй ногоон байгууламжийн модны үрийг бид албан тоотуудыг байгууллагуудад өгч байгаад Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Зүүнхараагаасаа түүж авдаг. Шилмүүст модны шинэс, нарсны үрийг уулнаас түүдэг. Тарьцаа зуун хувь өөрсдийн түүсэн үрээр хийх зорилго тавьсан. Харин улаан агч зэрэг үр түүх боломжгүй ховор модны үрийг эхний ээлжинд худалдан авч байна.

-Танайхаас тарьц авч мод тарьж байгаа  байгууллага, хувь хүмүүст юуг чухалчилж захьдаг вэ?

-Манайхаас тарьц худалдаж авч байгаа төмөр замын байгууллагууд мод тарих арчлах ажлыг албан ёсны хариуцах эзэнтэй болгоосой гэж хүсдэг. Яагаад гэхээр манайхаас тарьц аваад явсан байгууллагуудын модны ургалтын хувь 80, 50, 20 гэх мэт харилцан адилгүй байдаг юм билээ.

Би дээр мод үржүүлэг арчилгаа ямар их хүч хөдөлмөр шаарддагийг хэлсэн шүү дээ. Тэгэхээр нялх хүүхэд шиг арчилж тордож бойжуулсан тарьцуудын маань талыг нь үхүүлчихсэн гэж дуулах маш харамсалтай байдаг. Манай ажилчдын хичээл зүтгэл хөлс хүч, байгууллагаас зарцуулсан зардал мөнгө ч талаар болж байна гэсэн үг шүү дээ. Энэ намар их олон мод тарьсан болох гэж 1000 суулгац аваад 100 нь ургуулаад 900-г нь үхүүлчихвэл маш харамсалтай. Тиймээс мод тарих ажлыг хавар, намарт  хөрсөнд суулгаад орхих биш байнга арчилж тордуулж ургуулдаг эзэнтэй болгоосой гэдгийг хүсэх байна.

Бид бүх тарьцаа сэтгэлээ шингээж бойжуулдаг. Манайхаас гарч байгаа тарьцууд дэлгүүрийн бараа шиг хугацаа нь дуусах дөхсөн, эсвэл энэ чанаргүй гэж ялгах аргагүй. Бүгдийг сэтгэлээсээ хичээж ургуулдаг юм шүү гэдгийг л хэлмээр байна.

-Чин сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа. Та бүхэн амжилт хүсье.

 

Б.Гүнжинлхам 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.