Нүүр Энэ сэдвээр М.Цогт: Эрээн өртөөнд хоногт урт бүрэлдэхүүнтэй хоёр галт тэрэг хүлээлгэн өгнө
Энэ сэдвээр

М.Цогт: Эрээн өртөөнд хоногт урт бүрэлдэхүүнтэй хоёр галт тэрэг хүлээлгэн өгнө

G.Press 3 жилийн өмнө 232 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Тээвэр зохион байгуулалтын албаны дарга М.Цогттой ярилцлаа

 

-Юуны түрүүнд танд энэ өдрийн мэнд хүргэе. Он гарсаар ачаа тээврийн хэмжээ нэлээд нэмэгдсэн мэдээ байна. Цаашид энэ эрчээрээ нэмэгдэх боломж хэр байна вэ?

-Баярлалаа. Тээвэрлэлтийн хувьд УБТЗ эхний нэг, хоёрдугаар сард сүүлийн арван жилд хамгийн өндөр үзүүлэлттэй тээврийг зохион байгуулсан. Тодруулбал, ачилт нэгдүгээр сард 2.1, хоёрдугаар сард 1.9 сая тонн ачаа ачлаа. Мөн манай төмөр замын тээврийн гол тоон, чанарын үзүүлэлтүүд биелсэн. Цаашид энэ амжилтаа хадгалаад явахад 2021 оны 31 саяд хүргэх бүрэн боломжтой байна.

-Таныг Москвагаас ирээд албаны даргаар томилогдсоны дараахан хоёулаа ярилцаж байсан. Түүнээс хойш танай албанд  хаягласан сайнтай, саартай  нэлээд үйл явдал өрнөлөө. Тиймээс хахууль авах, бусдад давуу боломж олгох зэргийг таслан зогсоохоор бүх үйл ажиллагааг шилэн болгохоор ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Өнгөрсөн онд УБТЗ-ын үйл ажиллагаа, ачаа тээврийн чиглэлээр галт тэрэгний дараалал, ачилтын зөвшөөрөлтэй холбоотой хардлага, гомдолууд их байсан. Тиймээс тээвэрлэлтийн үйл ажиллагааны хувьд өнгөрсөн оны есдүгээр сард ЗТХ-ийн сайд УБТЗ-д ажиллаад шилэн болго гэдэг асуудлыг тавьсан. Мөн энэ онд ЗТХ-ийн сайд бүрэн цахимжуул гэсэн шийдвэр гаргасан. Энэ хүрээнд үйлчлүүлэгч нарт экспортын ачилтыг нээлттэй, ил тод, шударга байлгах зорилгоор 2022 оны есдүгээр сараас эхлэн экспортын ачилтын захиалгыг “АТҮЦС” /Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем/ программаар цахимаар хүлээн авч ирүүлсэн мэдээлэл, шалгуур үзүүлэлтийг программ өөрөө эрэмбэлэн дараалал тогтоон, ачилтын зөвшөөрлийг олгож ажилласан. Он гаргаад галт тэрэгний дарааллыг шилэн болгох ажлыг хийж эхлээд байна. Энэ оны хоёрдугаар сараас эхлэн ачилтын зөвшөөрлийг ямар нэгэн компанийн нэр, вагоны төрөл заахгүйгээр “АТҮЦС” программаар ирсэн захиалгын дагуу ачилтын өртөөдөд ачих ачааны хувийг гаргаж,  Хятадын төмөр замтай зөвшилцсөн хүлээн авах ачааны хэмжээнд тохируулан нийт вагон тоогоор өгч байна. Опен топ, задгай вагоны нүүрсний дарааллыг нэгтгэн хийж, хилээр орж ирсэн огноогоор ачилтын дараалалд оруулан, тээврийн бичиг баримт гарсан огноогоор нь Эрээн өртөө хүртэлх тээврийн дараалалд оруулан тээвэрлэлтийг зохион байгуулж байна.

Олон-Овоо өртөөнд ачилтын дараалал ил тод харагдах дэлгэц байршуулсан. Энэ дэлгэцээр болон www.ubtz.mn веб сайтаас вагон нь хаана байгааг хүн бүр байршил харгалзахгүй, хүссэн цагтаа энэхүү мэдээллийг авах боломжтой. Үйлчлүүлэгчид маань ачилтыг хэзээ хийх урьдчилсан төлөвлөлтөө гаргах боломжтой болсон. Дөрөвдүгээр сардаа багтаан нүүрсний тээвэрлэлт хамгийн их хийдэг Мааньт, Чойр, Улаанбаатар өртөөнд тавина. Энэ дэлгэц нь ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэхээс гадна зорчигчид хэзээ ч очоод тасалбар худалдан авах боломжтойгоороо онцлог. Ялангуяа, урд хэсэглэлээс Улаанбаатарт өглөө эрт ирдэг галт тэрэгний тасалбарын өртөө зөрлөгүүдэд кассирууд шөнө худалдаалах хэрэг гардаг. Өөрөөр хэлбэл, хоёр гурван хүнд тасалбар худалдахын тулд нэг кассир ирэх болдог. Тиймээс төхөөрөмж тавьснаар заавал кассир шөнө ирэх шаардлагагүй. Ачаа тээвэр, галт тэрэгний дарааллыг шилэн болгох ажлын хүрээнд он гаргаад бүх галт тэргийг хилийн өртөөгөөр орж ирсэн дарааллаар нь тухайн салбар зам руу дугаарлуулаад дээрх дэлгэцийг өдөр тутамд хөтлөж байна. Намайг ажил хүлээн авах үед ТЭЦ-үүдийн нүүрсний ачилтад хагас вагон хүрэлцээгүй, мөн гомдол, хардлага их байгаатай холбогдуулан Замын даргын шийдвэрийн дагуу арваннэгдүгээр сараас нүүрсний экспортын тээврийн ачилтыг УБТЗ вагоноор хангах захиалга хүлээж аваагүй. Үүнтэй холбогдуулаад вагонтой айлуудаас л ачаа тээвэрлэх захиалга хүлээн авч баталгаажуулан ачаа илгээгч нар вагонтой айлуудтай харилцах байдлаар нүүрсний экспортын тээврийг зохион байгуулж байна. Энэ тээврийн хувьд хилээр орж ирсэн галт тэрэгний дарааллаар нь салбар замд байрлуулснаар үйлчлүүлэгч нар өөр өөрийнхөө бүрэлдэхүүн хэд хоноод, хэний дараа ачих нь вэ гэдгийг харах бүрэн бололцоотой болсон. Viber дээр ч тухайлсан групп үүсгэн ижил тэгш мэдээлэл хүргэж байна. Энэ мэт үйлчилгээ нэвтрүүлснээр вагон ачилт, дараалалтай холбоотой ямар нэгэн гомдол санал он гарсаар ирээгүй.  Хоёрдугаарт, Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем /АТҮЦС/-ийг 2019 оноос эхлэн ашигласан шүү дээ. Ачилтыг өмнө нь удирдлагын түвшинд тодорхой ажлын хэсэг хуралдаад шийддэг байсан. Харин энэ программын хөгжүүлэлтийг хийгээд өнгөрсөн оны долдугаар сараас нүүрсний экспортын тээвэр нэмэгдсэн тул есдүгээр сараас найман шалгуур үзүүлэлтээр ачилтын дарааллыг тогтоох ажлыг цахим, шилэн болгосон.

-Өнгөрсөн арваннэгдүгээр сараас УБТЗ ачилтын захиалга аваагүй гэсэн шүү дээ. Үүнийг жаахан тодруулбал?

-УБТЗ-ын дотоодод хагас вагон хангалтгүй байгаагаас зөвхөн дотоодын нүүрс болон зэсийн тээвэрт явж байгаа. Бусад төрлийн тээвэрт ачих вагоныг ачаа илгээгч нар хувьдаа вагонтой байгууллагуудтай нийлэн тээвэрлэлтийг зохион байгуулж байна. Бид вагонтой айлуудын захиалгыг бол авч ажиллаж байсан. Мөн дараагийн үе шатыг хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байна. Тодруулбал, вагонтой айлуудын захиалгыг “Энэ айл төдөн вагон ачна” гэж өгдөг байсан бол болиод зөвхөн өртөөдөд хариуцуулдаг болсон. Хүмүүсээс ирж буй ачааныхаа хэмжээнээс хамаарсан. Жишээ нь, нийт ачилтын захиалгын 30 хувь нь Чойр өртөөнөөс байна гэвэл бид хоногт Эрээн өртөөнд өгч чадах галт тэрэгний хэмжээнээсээ хамаараад квотыг тухайн өртөөдөд нь ерөнхий байдлаар олгож байгаа. Хоёрдугаарт, УБТЗ-ын тээвэрлэлт, ачилтын дараалалтай холбоотой эерэг өөрчлөлтүүд, АТҮЦС-тэй холбоотой мэдээллүүдийг иргэдэд хүргэх үүднээс “Нэг цэгийн үйлчилгээ”-г хоёрдугаар сарын 1-нээс нээсэн. Өнөөгийн байдлаар давхардсан тоогоор 450 гаруй иргэн, аж ахуйн нэгж үйлчлүүлээд байна. Энэ үйлчилгээгээр бид ачаа илгээгч нар, техникийн нөхцөл шаардсан болон аюултай ачаа тээвэрлэх, УБТЗ дээр ачаа тээврийн үйлчилгээний цахим системийг хамтарч ашиглах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж, мөн УБТЗ-ын тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг утсаар биш, нүүр тулан уулзаж авах боломжийг бүрдүүлсэн. Нөгөө талаар ковидын нөхцөл байдлаас үүдэн хүмүүсийн харилцаа холдсон байсан. Тиймээс энэ үйлчилгээ илүү харилцагчдыг ойртуулсан ажил болж байна. Энэ төвд тээвэр зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой ачилт буулгалт, аюултай ачааны нөхцөл, үйлчлүүлэгчтэй харилцдаг инженерүүд ажиллаж байгаа. Удирдах газрын баруун талын хаалгаар ачаа тээвэрлүүлэх хүсэлтэй иргэд зөвхөн иргэний үнэмлэхээ үзүүлээд орох боломжтой. Нэгэнт “Нэг цэгийн үйлчилгээ”-ний төв гэдэг утгаараахангамжийн, вагоны, зорчигч тээврийн албатай ч юм уу холбоотой асуулт тавих хүмүүс байна. Тиймээс холбогдох албадын хүмүүстэй нь холбох, мөн УБТЗ-ын лавлах үйлчилгээгээр сонирхсон мэдээллээ авах боломжтойг хэлж өгдөг.

-Тээврийн үйл ажиллагаа шилэн болж байна. Гэвч, хаяг солилтоор жагсаалтын хойно байсан ачааг урагшлуулж байна гэх хардлага байсаар л байгаа шүү дээ?

-Цаашид бид бүх үйл ажиллагааг цахим болгохоор ажиллаж байна. Эхний ээлжид ачилтын захиалга хүлээж авдаг системийг бүрэн цахимжуулсан. Өмнө нь, бид цаасаар хүлээн авдаг байсан. Одоо ачааны хаяг солилтыг цахим болгохоор ажиллаж байна. Дээр нь, ЗТХ-ийн сайдын гаргасан жилийн ажлын зорилтын хүрээнд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газартай нэгдсэн программ, нэг системд уялдахаар ажлын хэсэг УБТЗ-д ажиллаж байгаа. Ингэснээр гааль, татвар, Мэргэжлийн хяналтынхантай харилцан мэдээллээ солилцох, бичиг баримтуудыг цахимаар бүрдүүлэх ажлуудыг зохион байгуулна. Үүний үр дүнд өртөөдийн ачилтын болон хилийн өртөөдийн галт тэрэг солилцооны технологит хугацаа багасна. Мөн дамжин өнгөрөх транзит галт тэрэгний манай улсад байх хугацаа багасна гэж харж байгаа.

-Өнгөрсөн сард гурван улсын хилийн хэлэлцээр болсон. Энэ хэлэлцээрээр манай тал хоёр хөршдөө хүлээлгэн өгөх галт тэрэгний тоогоо нэмж тохиролцож чадсан уу?

-Хоёрдугаар сарын 2-6-ны хооронд болсон хилийн хэлэлцээрээр манай тал хоногт Эрээн өртөөнд 20 галт тэрэг хүлээлцэх санал тавьсан. Хятадын тал 2012 оноос хойш өөрчлөгдөөгүй зургаан галт тэргээ найм болгоё, харин хоногт 15 галт тэрэг авах бололцоотой гэсэн. Энэ нь сүүлийн зугаанд жилд нэг галт тэргээр нэмэгдүүлж буй хэлбэр. Ер нь, хоногт нэг галт тэргээр нэмэгдүүлэхэд жилд 1.2 сая тонн ачаа илүү тээж байгаа юм. Цаашид 16 галт тэрэг бүрдүүлснээр нэг галт тэрэг дунджаар 82-85 сая тонн тээврийн орлого нүүрсэн дээр оруулна гэж тооцвол жилд 25-40 тэрбум төгрөг нэмэгдэх боломжтой. Өнгөрсөн жил бид Хятадын талд 14 галт тэрэг өгөхөд зургаан чингэлгийн дөрөв нь транзит чингэлэг, төмрийн хүдрийн тав, нэг ууттай ачаа буюу зэс, жонш, нэг нүүрсний галт тэрэг Эрээн өртөөнд өгөх гэрээ хийсэн. Одоо 15 болж нэмэгдүүлэхдээ нүүрсний галт тэргээ хоёр болгохоор тохиролцсон. Мөн гурван улсын хэлэлцээрээр Хөх хотын төмөр замд хүсэлт тавьснаар Эрээн өртөөнд хоногт хоёр галт тэрэг урт бүрэлдэхүүнтэйгээр өгч байхаар болсон. Тодруулбал, 60 томьёолсон вагоны урттай өгдөг бол хоёр галт тэргийг нь 64 урттай өгч байна. Гуравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Ингэснээр жилд 5400 гаруй вагон буюу 355 мянган тонн ачаа илүү өгөх боломж бүрдэж буй юм. Мөн импортын ачааг нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын талаас найман галт тэрэг хүлээж авна. Хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 03-ны өдрүүдэд Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага /ТЗХАБ/-ын гишүүн орнуудын V хэсгийн төмөр замуудаар энэ онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээ тохиролцох, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Энэ хурлаар транзит тээврийг нэмэгдүүлэх чиглэлд Хятад, Орос улс манайхтай ижил саналтай оролцсон. Мөн Вьетнам улс Хятад-Монгол гэсэн нэмэлт хуралдааныг зохион байгуулах хүсэлт гаргасан нь онцлог байлаа. Өөрөөр хэлбэл, тус улсаас манай улсад ирэх ачаа, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүн сүүлийн жилүүдэд нэлээд өсөж байна. Түүнчлэн, Хятадын зүгээс сондгой чиглэлийн транзит чингэлгийн галт тэргийг нэмэгдүүлэх байр суурьтай оролцсон. Гэхдээ ОХУ-аас манайхаар дамжин өнгөрч урагшаа гарах транзит чингэлгийн хэмжээтэй тэнцүү байх ёстой. Учир нь, урагшаа гарсан чингэлгийн вагонд бид сондгой чиглэлийн чингэлгүүдийг ачна. Хэрэв тэгж чадахгүй бол Замын-Үүдэд чингэлгийн хуримтлал үүснэ шүү дээ. Дээрх хурлаар ОХУ-аас хоногт дөрвөөс багагүй галт тэрэг авна гэж тохирсон боловч нэг, хоёрдугаар сард хоногийн дунджаар 3.5 галт тэрэг өглөө. Гуравдугаар сарын 20-ны байдлаар хоногт 3.9 болж байна. Ингэж ОХУ-аас ирэх транзит чингэлгийн галт тэрэг буурч буй нь Замын-Үүд дэх сондгой чиглэлийн чингэлэг хуримтлал үүсгэх нөхцөл байдал үүсэж байгаа юм. Тиймээс “Оросын төмөр замууд” НХН-ийн орлогч дарга С.А.Павловд, мөн Дорнод Сибирийн төмөр замын нэгдүгээр орлогч дарга гэхчлэн холбогдох хүмүүст чингэлгийн галт тэргийг богино хугацаанд долоо хүртэл нэмэгдүүлж авах боломж байна гэсэн албан тоот явуулсан. ОХУ-ын Ташкент хотоос зүүн тийш нэвтрүүлэх чадвар нь хангалттай биш байгаагаас хамаарч Монгол руу ирэх ачаа удаж байгааг хэвлэлд бичсэн байна билээ. Нөгөө талаар, өнгөрсөн оны наймдугаар сарын 1-нээс барууны орнууд руу экспортын нүүрсний хоригууд тавигдсанаар ОХУ-аас зүүн тийш явах нүүрс, нефтийн тээвэр нээгдсэн. Энэ бүхэн нөлөөлж байна. Тиймээс ОХУ-ын чингэлэг тээвэрлэж буй компаниудтай цахим уулзалтууд зохион байгуулж хоосон бүрэлдэхүүнийг Замын-Үүд хүртэл явуулан буцаагаад сондгой чиглэлийн чингэлэг ачих ажлыг зохион байгуулж байна. Замын-Үүдэд хуримтлагдаад буй 2900 гаруй чингэлгийн 50 хувь нь “Транс Контейнер” компанийнх байгаа учраас тэднийхээс гурван хоосон чингэлгийн галт тэрэг авч хуримтлалыг бууруулах ажлыг хийж байна.

Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-наас эхлээд Эрээн өртөө рүү хоосон буцдаг байсан экспортын чингэлэгт ачаа ачдаг болсон. Энэ ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

-Дотоодын төмөр замын компаниудтай суурь бүтэц хооронд дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөнийг ГТХЗНТ УТҮГ-аас зохион байгууллаа. Энэ зөвлөгөөнөөр бусад компаниудтай хэрхэн хамтарч ажиллахаар тохиролцов?

-Зөвлөгөөнд ГТХЗНТ, УБТЗ, “МТЗ”, “Тавантолгой төмөр зам”, “Монголиан транс лайн”, “Монголиан транс ложистик” компаниуд оролцлоо. Суурь бүтцүүдээр 2023 ондоо дамжуулан тээвэрлэх ачааны хэмжээгээ тохирох, галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулалт, хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, нэгдсэн технологийн горимын төсөл, тариф төлбөр тооцоо, төмөр замууд ГТХАБ-ыг хэрхэн хангаж ажиллах гэхчлэх олон зүйлийг ярилцсан. Эдгээр компаниас УБТЗ-д өгч буй ачааны хэмжээ, ялангуяа төмрийн хүдэр хоногт 6.3 галт тэрэг өгөх санал тавьж байна. Гэвч бид Замын-Үүд Эрээнээр хоногт таван галт тэрэг хүлээлгэж өгөх бололцоотой. Тиймээс хэмжээг нь багасгаж таван галт тэргэндээ багтаан хүлээж авна. Мөн “МТЗ” Тавантолгой өртөөнөөс УБТЗ-аар дамжуулан хоногт экспортын 1.2 сая тонн нүүрс өгөх хүсэлт гаргасан. Гэтэл УБТЗ-д энэ онд тээвэрлэх нүүрсний захиалга 7.3 сая тонн байгаагаас хилийн хэлэлцээрээр хоногт хоёр галт тэрэг өгөхөөр тохирсон нь 2.4 сая тонн ачаа экспортод гаргах бололцоотой юм. Тиймээс дээрх 1.2 сая тонн нүүрсийг хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. “МТЗ”-ын танилцуулснаар Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг ирэх тавдугаар сард улсын комисс хүлээж авахаар ажиллаж байгаа юм байна. Харин ашиглалтад хүлээж авсных нь дараа эхний ээлжид сард нэг галт тэрэг дамжуулах боломжтойгоо хэллээ. УБТЗ мидлингийн тээврийг Тавантолгой өртөөнөөс Баян, Толгойт өртөөгөөр хүлээж авч байгаа. Хоногт 0.6 галт тэрэг ирдэг. Мөн Тавантолгой өртөөнөөс зэсийн тээврийг УБТЗ-аар дамжуулан гаргах санал ирсэн. Бид саналыг нь хүлээн авсан.

Ялангуяа, төмөр замууд хоорондын галт тэрэг солилцоо, ачаа тээврийн бичиг баримтыг хэрхэн зохион байгуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, бие биедээ хэрхэн хяналт тавих вэ гэдгийг хэлэлцсэн. Мөн нэг тээврийн бичиг баримтаар нөгөө төмөр замууд нь хүлээж авах, бие биеийнхээ тээврийн бичиг баримтад заагдсан жин болон тээвэрлэлттэй холбоотой бусад асуудлыг хүлээн зөвшөөрөх зэрэг технологийн олон асуудлыг ярилцаж тохиролцсон.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!

 

ЯРИЛЦСАН М.НАРАНБОЛД

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.