Нүүр Түүхийн хуудас сөхөхүй МАРТАЖ БОЛОХГҮЙ ӨДӨР
Түүхийн хуудас сөхөхүй

МАРТАЖ БОЛОХГҮЙ ӨДӨР

G.Press 5 сарын өмнө 104 үзэлт 0 сэтгэгдэл

                                                          

 

Жил бүрийн 12-р сарын 18. Монголчуудын хувьд жирийн л нэг өдөр. Харин, төмөр замчдын хувьд мартаж болохооргүй өдөр билээ. Эдүгээгээс 75 жилийн өмнө буюу 1950 оны энэ өдөр Зөвлөлтийн Дотоод Явдлын Яамны Төмөр замын барилгын “505-р барилга” –ын Удирдах газрын харьяанд байсан Наушки-Улаанбаатарын төмөр замыг Монгол-Зөвлөлтийн Хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт шилжүүлэн өгч тогтоол үйлдсэн түүхэн баримт бий. 1947 оны сүүлчээр зам барилгын ажил нь эхэлж, хоёр жил шахмын хугацаанд баригдсан уг замыг 1949 оны 11-р сарын 07 –ны өдөр буюу Октябрын хувьсгалын 32 жилийн ойн өдөр галт тэрэгний хөдөлгөөнд нээж, анхны галт тэргийг Улаанбаатарт хүлээн авсан нь яах аргагүй баярт өдөр байв.

Гэсэн ч түүнээс дутуугүй тэмдэглэлт үйл явдал нь уг замыг “Улаанбаатар төмөр зам” байнгын ашиглалтад хоёр улсын комисс тогтоол үйлдэн  хүлээн авсан явдал юм.  Уг тогтоолд БНМАУ-ыг төлөөлөн Тээврийн яамны сайд, Монгол-Зөвлөлтийн Хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” Нийгэммлэгийн Ерөнхий хорооны дарга С.Ядамсүрэн, Ерөнхий хорооны гишүүн Сангийн яамны орлогч сайд Д.Балжид, Нарийн төмөр замын дарга Л.Лхайжав, Зөвлөлтийн талаас дэслэгч генерэл Добряков. А.В. инженер хурандаа Рождественский Н.И. инженер хошууч Туркатенко. Д.И. нар гарын үсэг зуржээ. Комиссын уг тогтоолоос гадна мөн сарын 16-наар өдөрлөсөн өөр нэг түүхэн баримт буй нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд маршал Х.Чойбалсанд хаягласан Наушки-Улаанббаатарын төмөр замыг Хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт шилжүүлэн өгөх Монгол-Зөвлөлтийн комиссын акт билээ. Хоёр улсын комиссын Монголын хэсгийн дарга Тээврийн яамны сайд С.Ядамсүрэнгийн гарын үсэг зурсан энэхүү түүхэн баримтад, Наушки-Улаанбаатарын төмөр замын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадвар хоногт 12 хос галт тэрэг болох, замын дагуу 301 тооны үйлдвэр техник, нийгэм хангамжийн зориулалт бүхийн барилга байгууламж баригдсаныг онцолсон байна. Мөн актад, уг замын барилгын нийт үнэ  384077,3 мянган рубль нэг километр замын өртөг 2007,4 мянган рубль болсныг тодорхойлжээ. Түүхэн баримтуудад дурьдсанаар Монгол-Зөвлөлтийн Хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулах тухай хоёр улсын Засгийн Газрын хэлэлцээрт 1949 оны зургаадугаар сарын 06-нд гарын үсэг зурж, Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хороо мөн оны есдүгээр сарын 20-нд байгуулагдан УБТЗ-ын Хэрэг Эхлэх Газрын дарга мөн өдөр томилогдсон ч Наушки-Улаанбаатарын төмөр замын ашиглалтын үйл ажиллагааг “505-р барилга”-ын Удирдах газар хариуцан ажиллаж байв. УБТЗ-ын анхны дарга Тимофеев Т.А. нь тус Удирдах Газрын хөдөлгөөний ерөнхий зохицуулагчаар хавсран ажиллаж, Улаанбаатар төмөр замын хөдөлгөөн, зам барилга, хөдлөх бүрэлдэхүүн, холбоо дохиоллын албаны даргаар “505-р барилга”-ын Удирдах газрын тухайн албадын дарга нар хавсран ажиллаж, Наушки-Улаанбаатарын төмөр замыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлтгэх нөр их ажлыг хариуцан гүйцэтгэж байжээ. Ийнхүү 1950 оны 12-р сарын 18-ны тогтоол гарсаны дараа Зөвлөлтийн ДЯЯ-ны харьяа “505-р Барилга”-ын Удирдах газар, УБТЗ-ын ХЭГ-ын хооронд хоёр сар шахмын хугацаанд замын барилга байгууламжийг нэг бүрчлэн хүлээлцэх нөр их ажил үргэлжилсэний нэг чухал хэсэг нь Улаанбаатар төмөр замыг ажиллах хүчнээр хангах явдал болов. Чухам тэр үед  Замын дарга Т.А.Тимфеевийн 07 тоот тушаалаар УБТЗ-ын ХЭГ-ыг  Ашиглалтын, Хөдлөх бүрэлдэхүүний, Холбоо дохиололын, Зам барилга, төхөөрөмжийн, Материал, техник хангамжийн албад, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн, Их барилгын, Гэрээ эрх зүйн, Захиргаа аж ахуйн, Боловсон хүчний хэлтсүүдтэйгээр  байгуулжээ. Дээрх ала, хэлтсийн дарга нараар “505-р барилга”-ын Удирдах газрын тухайн албадын голлох мэргэжилтнүүд, тэрчилэн Зөвлөлтийн Зам Харилцааны Яамны мэргэжилтнүүдийг томилсон байна. Замын дарга Т.А. Тимофеевийн 1950 оны 12-р сарын 31-ний 17.00 цагаар огноолсон тайланд тухайн үед тус замд 1231 хүн ажиллаж байсны 79 нь Зөвлөлтийн ЗХЯ-аас томилолтоор ажиллагсад,  542 хүн нь “505-р барилга”-ын Удирдах газраас шилжин ажиллагсад, 290 хүн нь Монголд байнга оршин суудаг Зөвлөлтийн иргэд, 320 хүн нь Монголчууд  байсан гэж дурьдагджээ.  Тэгэхээр төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авах энэ хариуцлагатай үйлсэд цөөнгүй Монгол хүн гар бие оролцсон гэсэн үг билээ. Гэсэн ч үндэсний Монгол төмөр замчид, тэр тусмаа инженер техникийн ажилчид ус агаар мэт хэрэгцээтэй байв. Ерөнхий хорооны дарга С.Ядамсүрэн, Замын дарга Т.А.Тимофеев тэргүүтэй тухайн үеийн төмөр замын удирдлага үүнийг бүр эхнээс нь анхааралдаа авч, 1950 оны 11-р сарын 01-нд Хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулах тухай хоёр улсын Засгийн Газар хоорондын 1949 оны хэлэлцээрт протоколоор нэмэлт оруулсан байв. Уг нэмэлтэд 1951 оноос эхлэн Зөвлөлтийн Төмөр замын дээд сургуулиудад жилд 20-иос доошгүй Монгол оюутан сургахаар заасан аж.  Энэхүү заалт хэрэгжиж 1956 онд Москвагийн Төмөр замын инженерийн дээд сургуулийг Г.Чойхорлоо, Ленинградын Төмөр замын инженерийн дээд сургуулийг Д.Галсанпүрэв, М.Ким, Ч.Оюундэлэг нар төгссөн нь төмөр замын мэргэжлийн анхны Монгол инженерүүд болон түүхэнд бичигдсэн юм. 1950 оны долоодугаар сарын 06-ны өдрийн Ерөнхий хорооны хурлаар УБТЗ-ын орлогч даргаар Анжилын Цогтсайханыг томилсон нь Замын удирдлагад томилогдон ажилласан анхны Монгол хүн болов. Ийнхүү 1950 он, Монголчуудын хувьд олон жилийн хүсэл мөрөөдлийнхээ биелэлийг үзэж, улс орныхоо хөгжил дэвшлийн түүчээ болох ган хулгийнхээ жолоог залан, ган замаараа хурдлах их хувь тавилангаа эдэлж эхэлсэн юм.

          Төмөр замын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн 1950 оны 12-р сарын 18-ны өдрийн ач холбогдлыг тухайн үеийн нам, төр онцгойлон авч үзэж ирсэн байдаг. 1960 оноос эхлэн УБТЗ ашиглалтад орсоны 10 жилийн ой гэж тэмдэглэн, мөн оны 12-р сарын 17-ны өдрийн АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Улаанбаатар Зүтгүүрийн депогийн инженер Г.Мандах, машинч Л.Ойдовням нарт БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол, мөн депогийн хамт олныг МХЗЭ-ийн нэрэмжит цолоор, 1965 оны 12-р сарын 17-нд УБТЗ байнгын ашиглалтад орсоны 15 жилийн ойг тохиолдуулан, Улаанбаатар депогийн засварчин Б.Уваанд БНМАУ-ын Гавьяат тээвэрчин цолоор, 1970 оны 12-р сарын 18-нд УБТЗ байнгын ашиглалтад орсоны 20 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар төмөр замын хамт олныг  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, машинч С.Доржнамжилыг БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор, засварчин М.Дондогийг  Гавьяат тээвэрчин цолоор, Нэгдсэн эмнэлгийн их эмч Л.Шаравдоржийг Хүний гавьяат эмч цолоор тус, тус шагнажээ.  Энэ нь төмөр замчдын их зүтгэл, УБТЗ-ын хөдөлмөрийн хамт олны улс орныхоо хөгжил дэвшлийн үйлсэд оруулсан их хувь нэмэр, хоёр улсын хувь нийлүүлсэн төмөр зам байнгын ашиглалтад орсоны ач холбогдлыг өндрөөр үнэлж ирсэний тод илрэл байв. 1970-аад оны эхнээс жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт  ёслон тэмдэглэдэг Төмөр замчдын мэргэжлийн баярын өдрийн ач холбогдлол өндөрсөж, Монгол улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөн өдөр хэмээн тэмдэглэх болсон, 1990-ээд оны сүүлчээс Монгол-Зөвлөлтийн Хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсан өдрийг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурсан зургаадугаар сарын 06 өдөр тэмэдэглэх болсоноор 12-р сарын 18-ны түүхэн энэ өдөр мартагдах шахжээ.

Гэсэн ч Наушки-Улаанбаатарын төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авч, “Улаанбаатар төмөр зам” гэх Хувь нийлүүлсэн томоохон байгууллага өмч хөрөнгө, үйл ажиллагааныхаа эзэн нь болсон энэ өдөр түүхийн хуудаснаа тодоор бичигдэн үлдсэн билээ.

Л.Сэнгээ

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.