Нүүр Дугаарын сурвалжилга Манай Төгсөө эгч
Дугаарын сурвалжилга

Манай Төгсөө эгч

G.Press 2 сарын өмнө 111 үзэлт 0 сэтгэгдэл

 

“Ган зам пресс” төв гэж сонины захиалагч, хэвлэх үйлдвэрийн үйлчлүүлэгчид гээд ёстой олны хөл тасардаггүй, байнгын бужигнаантай байдаг газар. Гэтэл үүдний дэвсгэр дээрх нойтон цагаан алчуур байнгын шив шинэхнээрээ цавцайж байх. Цас бороотойд гаднаас орж ирсэн зочин мөнөөх цагаан алчуурт гутлынхаа улыг нямбайлан үрж зогсохдоо халшрах мэт зовинож байгаа нь царайнаасаа андашгүй. Ажил уулзалтаа дуусгаад гарахад өнөөх алчуур аанай л шинэхнээрээ, ид шидийн мэт цэмцийж байх нь хэвийн үзэгдэл. Ясны ажилч хичээнгүй ийм л хүн байгууллагыг гэрэлтүүлж байдгийг Оюунтөгс эгчийгээ ээлжийн амралтаар явсан үед бид “харж”, “үнэртэж”, “ярвайж” мэдэрцгээдэг. Ажилласан жил олонтой болохоор урт амрах эрхтэй ч Төгсөө эгч маань сар болов уу үгүй юу амралтаа бүрэн дуусгалгүй ажилдаа давхиад ирнэ. Гүйцэд амарчихгүй яагаа вэ гэхээр “Рашаан усандаа очиж амарч сувилуулчихлаа, одоо бололгүй яах вэ дээ” гээд цайлган инээж зогсох.

“Илүү цагаа нэмж аваад амраарай л гэдэг юм. Гэхдээ ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг ажилдаа санаа зовоод чаддаггүй юмаа. Намайг ажилд ороод хоёр долоо хонож байхад үйлдвэр хуучны давхар цонхоо буулгаж вакум цонх суулгасан. Тэр үед ч лут ачаалалтай ажилласан шүү. Юу руу ороод ирэв ээ л гэж бодсон. Байнга илүү цагаар ажиллаж байлаа. Ер нь жил бүр урсгал засвар хийж барилгын дээвэр, гаднах довжоо, дотор талын хана, тааз, шалны плита, паараа хүртэл шинэчилсээр одоогийн энэ түвшинд хүрсэн. Энэ бүхэнд миний хөлс шингэсэн. Вакум цонхоо суулгаж дуусаад долдугаар сард байгууллага маань намайг мөнгөн шагналаар урамшуулахад маш их баярлаж билээ. Өнгөрөгч 18 жилийн хугацаанд дөрвөн удаа байгууллагынхаа хөдөлмөрийн аваргаар шалгарч “Манай сайчууд” салбарт зурагтайгаа данайсан. 2015 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль, 2019 онд “Тэргүүний төмөр замчин”, 2025 онд “Төмөр замчны алдар” медалиар шагнуулсан” гээд л Төгсөө эгч маань урам хөөр дүүрэн дурсаж сууна.

 

 

Уг нь манай Төгсөө эгч социализмын үед Бакугийн ТМС-ыг гар хивсчинээр төгссөн ихээхэн ховор сайхан мэргэжилтэй хүн. Хотын унаган хүүхэд тэрээр аравдугаар ангиа төгссөн жилээ хойшоо явж гурван жил сураад 1987 онд төгсөж ирэнгүүтээ Улаанбаатар хотын Ноосон жижиг эдлэлийн үйлдвэрийн Гар хивсний цехээс ажлын гараагаа эхэлсэн байна. Тэндээ тав зургаан жил тогтвортой сайхан ажиллаж байгаад 1991 онд ууган охиноо төрүүлж ой хүргэчихээд ажилдаа эргээд иртэл зах зээлийн бужигнаанаар үйлдвэр нь дампуурч, хоосон рамнууд сэгийлдэн угтаж. Үйлдвэр татан буугдсан байлаа. Гэвч тэр хийж сурсан ажлаа орхисонгүй. Ахаараа рам зангидуулан гагнуулж аваад гэрээрээ хивсээ нэхэж эхлэх нь тэр. Хүүхэд нялхад дуртай ажлаа гэртээ хийж суух нь харин ч таатайхан санагдсан гэнэ. Нийгмийн шилжилтийн тэр жилүүдэд цалин мөнгө хомсдож, иргэд нийтээрээ хивс байтугай талх авахад гар татахаар тарчиг мөрчигхөн амьдарч байсан тул Төгсөө эгч юу хийвэл ахиухан мөнгө олж болох вэ гэдгийг судалж явахдаа хивсэн гөлмийг хөдөөнийхөн жигтэйхэн сонирхдгийг олж мэджээ. Ингээд гөлөм нэхэж эхлэв. Долоо хоногтоо иж бүрдэл бүхий нэг гөлөм гаргаад эхэллээ. Нэлээд хэдийг хийж аваад зах руу гартал уутнаасаа гаргаж амжаагүй шахуу байхад нь булаацалдаад авчих нь тэр. Тэр төрлийн бизнес хийдэг улсын нүд нь орой дээрээ гараад гайхширч байх юм гэнэ. Эгч аргагүй “Номыг нь үзэж ногоотой шөлийг нь идсэн” хүний ёсоор өнгөний зохирол хийгээд чанарын шаардлагыг хангахдаа илт илүүрхсэн нь тодорхой. Охиноо сургуульд ортол тав зургаан жил ийнхүү хивс хивсэнцрээр гөлөм, тохом, сандлын олбог, буйдангийн дэвсээ хийхийн зэрэгцээ “Улаанбаатар хивс” компанид ч ажиллаад амжив. Эдүгээ тэрээр “Миний хийсэн хивсэн гөлөм 18 аймагт очсон. Би өөрөө харин бүгдэд нь очиж амжаагүй шүү дээ” гээд мөнөөх л цайлган цагаавар инээдээ цалгиулж суух.

Өөрийн мэдэлгүй ийнхүү жижиг дунд үйлдвэрлэлийн салбар руу халтиран хувиараа хөдөлмөр эрхэлж суусан Оюунтөгс эгчийг нэг өдөр төрсөн эгч Оюунбаяр нь дуудаж “УБТЗ-ын БОС-ны хоёрдугаар ангид үйлчлэгчээр ажилд орох уу” гэж асуужээ. Оюунбаяр эгч нь тухайн үед УБТЗ-ын Тээврийн прокурорын албанд ажиллаж байсан аж. Төгсөө эгч ч уухайн тас зөвшөөрчээ. Тэр өөрийгөө хамт олны дунд л жаргалтай байдаг хүн юм гэдгээ нэгэнт ойлгочихоод байж л дээ. Хожим нь 2008 онд “Ган зам пресс”-тээ ирж, нийтдээ төмөр замд 20 гаран жил тасралтгүй ажилласан энэ ажилсаг нямбай, нягт чигжүү эгч маань ирэх намар гавьяаныхаа амралтад гарна гэж биднийг айлгасаар. Төгсөө эгч айлгаагүй, бид л сургаар нь айгаад байгаа хэрэг л дээ. Түүн шиг үнэнч, өөдрөг, зан ааш сайтай, зарчимч шулуухан хүнийг олж авна гэдэг өнөө цагт өвсөн дундаас зүү эрэхтэй адил. Албан нэр нь Төвхөөгийн Оюунтөгс боловч ажил дээр бид түүнийг зөвхөн “Төгсөө эгч” гэж авгайлна.

“Заа Төгсөө эгчийнхээ тухай хөрөг бичиж “Эгэл төмөр замчин” буландаа тавина аа” гэтэл “Би чинь зөвхөн ногдсон ажлаа хийгээд л явж байгаа хүн шүү дээ. Гавьяатай юм юу ч байхгүй” гэж ичиж нэрэлхээд сүйд болов. Төгсөө эгчийн ажил нь түүний өмнөөс “ярьдаг” болохоор түүнээс асууж шалгаагаад байх нь ч утгагүй санагдсан юм. Ярилцаж суухад тэрээр бас л байгууллага хамт олноо ярьчих гээд, магтаж шагшчих гээд, болж л өгвөл өөрийгөө сугалж үлдээчих гээд байх нь хайр хүрмээр. “Намайг 2023 онд удаан жил ажилласны урамшуулал 1.5 сая төгрөгөөр шагнасан шүү дээ. Төмөр зам мөн ч олон хүнийг тэжээж тэтгэж байгаа буянтай сайхан байгууллага” гээд л ярих. Уг нь тэр нь шагнал биш, журмын дагуу өгөх ёстой урамшуулал ч гэлээ Төгсөө эгчид амьдралын сайн сайхан бүхэн шагнал шиг санагддаг аж. Үнэн хэрэгтээ гавьяа нь чимээгүй, ийм л гүдэс шулуухан, ажилсаг зүтгэлтэй хүмүүсийн сэтгэлийн илч нь ажил амьдралд амт нэмдэг билээ. “Олж харахыг хүссэн хүн бүхний төлөө цэцэгс хаа сайгүй дэлгэрч байдаг” гэх Анри Матиссын алдарт үгээр эл бяцхан тэмдэглэлээ жаргаасу.

 

 

Б.Занданхүү

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.