Төмөр замын дуу, бүжгийн чуулга, Үндэсний урлагийн “Цагаан лавай” чуулгын хамтарсан бүтээл “Тэнгэрийн сум” түүхэн дуулалт жүжгийг “Ган зам палас”-т өдөр бүр тоглож байна. “Цагаан лавай” чуулгын залуу уран бүтээлч Лхагва-Очирын Шихихутаг энэ жүжгийн Бэгтэрийн дүрийг бүтээсэн. Дуулалт жүжгийн жанраар хийсэн учраас уран бүтээлчдээс хувьсах ур чадвар, мэдрэмж шаардсан нь тэдний мэргэжлийн ур чадварын хөгжилд түлхэц болж, урам дэм өгч байгаа гэдэг эргэлзэхгүй байна. “Тэнгэрийн сум” жүжгийн гол дүрд тоглож байгаа Л.Шихихутагтай уулзаж ярилцсан юм.
-“Тэнгэрийн сум” жүжгийн Бэгтэрийн дүрийг амжилттай бүтээж байгаа Танд баяр хүргэе. Өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
-Баярлалаа. Би 1997 онд төрсөн, 28 настай. Улаанбаатар хотын унаган хүүхэд. Нийслэлийн ерөнхий боловсролын 104 дүгээр сургуулийг 2014 онд төгсөж, СУИС-ийн дуулаачийн ангид шалгалт өгөөд тэнцсэнгүй. Учир нь бүртгүүлчихээд би гэдэг хэнэггүй нөхөр Төв аймгийн Баянчандмань суманд ахтайгаа хурдан морь уяна гээд явчихсан. Наадмын өдрүүдээр СУИС-аас шалгалтад орохыг утсаар мэдэгдсэн. Би дуулахаас өөр урлагийн төрөл мэдэхгүй шалгуулахаар ортол МУГЖ Ч.Насантогтох багшаар ахлуулсан шүүгчдийн бүрэлдэхүүн байсан. Гэтэл учраа сайн мэдэхгүйгээс эстрадын дууны шалгалт руу яваад орчихсон байж. Би ардын дуугаар шалгалт өгөхөөр бэлтгэсэн байсан юм. Эстрадын дууны шалгалт дээр ардын дуу дуулаад, шүлэг унш гэхээр нь хүн бүрийн зүрхэнд байдаг “Би Монгол хүн” шүлэг уншсан. Тэгээд яахав бүдэрч л байгаа юм. Дараа жилийн шалгалт хүртэл өөрөө хөгжим тоглож сураад Монгол Улсын гавьяат багш Ц.Ерөөгөөс долоо хоног давтлага авч, багш маань дуурийн дуучнаар явбал хоолойд чинь зохимжтой гэж зөвлөсний дагуу шалгалтаа өгч нэгээр тэнцэж, хүссэн сургуульдаа орж байсан. 2015 онд элсэж ороод Ардын жүжигчин А.Дашпэлжээ багшийн шавь болж, төгөлдөр хуурч концертмейстр багшаар МУГЖ Л.Халиунсүрэн ажилласан, 2020 онд дуурийн дуулаачаар төгссөн.
-Ажил мэргэжлийн гараа чинь хаанаас эхэлсэн бэ?
-Цагаан лавай, Төмрийн замын дуу бүжгийн чуулгаас ажлын гараагаа эхэлсэн. Өнгөрсөн жил ажилд орсон. Хилийн болон Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад ажилд орохыг олон хүн санал болгосон. Гэвч тэнд орох сонирхолгүй байсан учир энэ чуулгадаа анх аавтайгаа ирсэн. Аав маань энд орон тоо байна. Хоёулаа очиж уулзъя гэснээр Чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболдод шалгуулаад ажилд орж байсан. Сургуулиа төгсөөд хувиараа уран бүтээлээ хийж, сонгодог урлагийн чиглэлээр тэмцээн уралдаанд оролцож хүчээ сорьж, өөрийнхөө хэмжээнд түвшингээ ахиулж байсан. Миний сонирхол Дуурийн театрт ажилд орох байлаа. Гэвч тэнд орон тоо байхгүй. Гэхдээ хүн өөрөө зориход хаана ч хөгжинө. Энэ байгууллага намайг тоож, ажлын туршлагагүй хүнийг авч ажиллуулж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Сэтгэл ханамж өндөр, хамт олон маань сайхан хүмүүс байдаг. Монголд баритон хоолойтой дуучин олон байдаг. Би чинь баритон хоолойтой. Дэлхийд амжилт гаргаж яваа Ардын жүжигчин Э.Амартүвшин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Ч.Бадрал, Э.Анхбаяр нар бүгд баритон хоолойтой. Баритон хоолойгоороо дэлхийд нэрийн хуудас болчихлоо.
-Чуулгад ороод ямар, ямар уран бүтээл дээр ажилласан бэ?
-Би “Цагаан лавай” чуулгад харьяалагддаг. Хоёр чуулга маань урт хугацааны гэрээтэй. Жил бүрийн тавдугаар сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд жуулчдад зориулсан тоглолттой өдөр байдаг. Өдөрт хоёр удаа тоглодог. Жуулчны компаниудтай хамтран ажилладаг. Одоо “Тэнгэрийн сум” түүхэн дуулалт жүжиг нээлтээ хийгээд өдөр бүр заримдаа өдөрт хоёр удаа жүжгээ тоглож байна.
-Та “Тэнгэрийн сум” жүжгийн гол дүрд тоглож байна. Энэ дүрд хэрхэн сонгогдсон бэ?
-Анх жүжгийн зохиолыг МУСГЗ Л.Сэнгээ гуай бичиж бэлэн болоход найруулагч Д.Ганболд уртын дуучин С.Төрболд, бид хоёрын хэнийг нь Тэмүүжин, Бэгтэрт тоглуулах вэ гэж ярилцаад Бэгтэрийн дүрд намайг сонгосон. Бид нөөц бололцоогоо тултал ашиглаж, зорьсоор том ажлын ард гарсан. Удирдлага, найруулагч, хамт олон, арын албанд ажиллаж байгаа бүх хүмүүсээрээ бахархаж байна. “Тэнгэрийн сум” жүжиг манай хоёр чуулгын уран бүтээлийн амжилтыг нэг шат ахиулсан.
-Дуурийн дуулаачийн ангид жүжиглэх ур чадвар ордог байх. Өмнө нь өөр жүжигт дүр бүтээж байсан уу?
- Дуурь бол цогц урлаг. Жүжиглэнэ, дуулна. Жүжиглэх ур чадварын хичээл цөөн цаг ч болов ордог байсан нь жүжигт тоглоход дөхөм байсан юм болов уу. Дөрөвдүгээр дамжаанд “Учиртай гурван толгой” дуурь манай сургууль дээр тавигдахад Юндэнгийн дүрийг бүтээж байсан. 2020 онд СУИС-ийн түүхэнд анх удаагаа алдарт П.И.Чайковскийгийн “Евгений Онегин” дуурийн тавихаар болж, надад Евгений Онегины дүрд тоглох аз тохиосон. Харамсалтай нь корона өвчин дэгдэж, дуурь маань тавигдаагүй. Өмнө нь ийм хоёр дүр дээр ажиллаж байсан.
-Бэгтэрийн дүрийг бүтээнэ гэхэд ямар санагдаж байсан бэ?
-Дуурь тэр чигтээ дуулдаг ямар нэгэн текст байдаггүй. Ямар байх бол, би чадах болов уу гэж эмээж байсан. Гэхдээ энэ дуулалт жүжгийн онцлог нь анх удаа тавигдаж байгаа учраас бүх зүйл нь шинэ. Дуурьт дүр бүтээхэд хөдөлгөөн, нот нь аль хэдийнэ мэдэгдсэн байдаг. Найруулагч, хамт олон маань нэгэн цул болж зүтгэсэн учраас ажиллахад урамтай байсан.
-Жүжиг нээлтээ хийснээс хойш багагүй хугацаа өнгөрч олон ч тоглолт хийлээ. Цаашид жүжигт тоглох хүсэл эрмэлзлийг өдөөж чадсан уу?
- Би өөрийгөө текст хэлж жүжиглэнэ гэж ер нь төсөөлж байгаагүй. Намайг миний хараагүй өнцгөөс нээж өгсөн. Магадгүй кинонд тоглоод үзчих юмсан гэсэн гэгээхэн бодлууд ч орж ирж байна. Эхний хэдэн тоглолтод дүрдээ хэт автаж, уйлах бүрд нүүрний будаг нүд рүү орох, хорсох, гэрлийн өөдөөс харж чадахгүй балмагдах зүйлүүд тохиолдсон. Одоо өөрийгөө хянаж, удирдаж сурсан. Жүжиглэх тусам дутагдалтай сул талаа мэдэрч, яавал улам сайжрах вэ гэж бодон хичээж тоглож байна.
- Аав, ээж нь ямар мэргэжлийн хүмүүс байдаг вэ. Танай удамд дуулдаг хүн бий юу?
-Аавыг маань Ж.Лхагва-Очир гэдэг. Насаараа жолоо мушгисан хүн. Тээврийн баазад олон жил ажилласан. Бааз нь хувьчлагдаж Нийслэлийн Онцгой байдлын газарт галын автомашины жолооч. Ээжийг П.Туяа гэдэг, тогооч мэргэжилтэй. Ээж маань найр хуриман дээр их сайхан дуулдаг. Аав маань яруу найрагт дуртай. Аавын бичсэн шүлэг, яруу найраг надад байдаг. Алсдаа хэвлүүлээд зарим шүлгэнд ая хийлгэж дуулах бодол надад бий.
-Дуурийн дуулаачдын олон улсын тэмцээн уралдаанд оролцох төлөвлөгөө байгаа юу?
-Дуурийн улсын болон олон улсын уралдаанд оролцох зорилго бий. Энэ сараас эхэлж дуурийн дууны уралдааны бэлтгэлдээ орсон. Бас нэг сайхан дууны уран бүтээлийг эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа. Зургадугаар сард ОХУ-ын Байгалд Олон улсын уралдаанд өөрийгөө сорихоор шийдсэн байгаа. Өнгөрсөн жил анх удаагаа ОХУ-ын Якутын Ардын жүжигчний нэрэмжит уралдаанд оролцсон. Хоёрдугаар шатанд шалгарч байсан. Анх удаа Олон улсын уралдаанд оролцсон нь туршлага болсон. Одоо мэргэлжээрээ илүү сайн урагшлахаар төлөвлөөд л ажиллаж байгаа.
-СУИС-д шалгуулах чухал үед морь уяхаар явсныг бодоход хурдны морь уях нь таны хобби юу?
-Хотод төрсөн ч Төв аймгийн Баянчандмань суманд өвөө, эмээ дээрээ өссөн. Хүүхэд байхдаа хурдны морь унадаг байлаа. Монгол ахуйдаа их хайртай. Одоо ч тийм. Боломж гарвал хөдөө явчихна. Хөдөө очихоор бодол санаа цэгцэрнэ. Хэнэггүй зангаасаа алддаг ч тэр зүйлээ дахин давтахгүйн төлөө би хичээдэг. Одоогоор гэр бүлтэй болоогүй байна. Би төсөөлөхдөө хүүхэддээ монгол ахуйгаа маш сайн таниулна гэж боддог. Миний болон надаас доошоо үеийнхэн маань монгол ахуйгаасаа холдоод байна. Мал хэдэн шагайтай гэдгийг ч мэдэхгүй. Монгол гэрээ ч мэдэхгүй. Морь тэр байтугай ишиг хурганаас айж байна. Хэтдээ монгол биш болох вий дээ гэж их айдаг. Миний чадах зүйл бол өөрийнхөө хүүхдэд Монгол өв соёл, ямар байхыг өөрөөрөө үлгэрлээд явбал миний хүүхэд цаашлаад өөрийнхөө хүүхдэд өвлүүлнэ гэсэн бодлыг тээж явдаг. Мэдээж ардын чуулгад ажиллаж байгаа хүний хувьд дуу хуур урлагаар мэдэрнэ гэдэг их сайхан зүйл юм. Би өмнө нь ардын дуу дуулж байгаагүй. Ардын дуу дуулж сурч байна. Өөрийгөө бас л нэг талаас нь нээж, хөгжүүлж байна гэж харж байгаа.
-Дууны уралдаан тэмцээнд орох, урлагийн замд тэмүүлэхэд дэмжиж чиглүүлсэн хүн нь хэн бэ?
-Намайг дуучин болохыг тодорхойлсон хүн гэвэл ээжийгээ л хэлнэ. Намайг дөрөв, таван настай жоохон байхад л ээж минь намайг дагуулаад явдаг. Хорооноос зохион байгуулсан жижиг тэмцээнд ч оруулдаг байсан. “Өглөөний одод” тэмцээнээс медаль авч түүндээ урамшиж багаасаа л дуулна гэж өссөн. Цэцэрлэгт байхаасаа л дуулсан. Ээж маань миний авьяасыг нээсэн. Хөгжүүлэхэд маш том дэмжлэг болж, одоо ч гэсэн миний арыг даагаад явдаг. Бас арван жилийн дуу хөгжмийн багш нар зөвлөж дэмжиж чиглүүлж байсан. Гэхдээ арван жилийн хөгжмийн боловсролын түвшин учир дутагдалтай гэж боддог. Багаасаа хөгжмийн мэдлэгийг сургуульдаа эзэмшсэн бол би одоо байгаагаасаа нэг шат илүү байх байсан болов уу. Арван жилдээ нот гэдэг зүйлийг бараг мэдэхгүй шахам явж байгаад СУИС-д сурч байгаа юм. Урлагт хайртай хүүхдэд анхан шатны хөгжмийн боловсролыг нь зааж, урлагаар жигүүрлэх хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүдийн суурийг нь сайн тавьж өгдөг байх хэрэгтэй гэж боддог.
-Олон улсын уралдаан тэмцээнд оролцоход насны хязгаар байдаг уу?
-Залуу уран бүтээлчдийн хувьд тэмцээн уралдаан чухал. Сонгодог урлагийнхны “Олимп” гэгдэх алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит болон BBC-ийн Cardiff of the World зэрэг ноён оргил тэмцээнд оролцоход насны дээд хязгаар нь 32. Энэ тэмцээнд оролцохын өмнө олон улсын уралдаан тэмцээнд оролцож чансаагаа сорьж бэлтгэж явдаг учраас ихэнх дуурийн дуучид тэмүүлдэг.
-Таны хувьд ид бүтээх нас, баритон хоолойны чадвараа олон улсын тавцанд сорих он жилүүд тохиож байгаа юм байна. Танай ангийнхнаас сайн уран бүтээлчид олон төрсөн үү?
-Миний хувьд ойрын дөрвөн жилд өөрийгөө засваргүй дайчилж байж л тэр оргилд хүрнэ гэсэн үг л дээ. Тэр том том тэмцээнд оролцсон дуучдыг дэлхийн нэртэй агентууд сонсдог. Агентууд хүмүүсээ тэндээс сонгож, гэрээ хийдэг. Гэрээтэй хүмүүсээ дэлхийд алдартай театруудад танилцуулдаг. Ардын жүжигчин Э.Амартүвшин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нар тэр түүчээгээр л явсан. Манай үеийнхнээс сайхан дуулж байгаа дуучид байгаа. Манай ангиас “Улаанбаатар” театрын дуучин Мөнхтүвшин Казахстаны театрт дуулж байна. А.Отгонболд “Мөнгөн мод” наадмаас шагнал авлаа. Тэдний адилаар хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлээд л явж байна даа.
-Таны шүтдэг дуучин хэн бэ?
-Ардын жүжигчин, дуурийн дуулаач Э.Амартүвшин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нараас үлгэр дууриалал авна. Үнэхээр малчин айлын хүүхдүүд бор зүрхээрээ зүтгэсээр өдий зэрэгтэй амжилт үзүүлээд явж байна. Бидний замыг маш томоор дардан болгож дуучин Э.Амартүвшин гурван жил дараалаад дэлхийн шилдэг баритоноор шалгарч ноён оргилыг эзэгнэж байна. Монголыг дэлхийн сонгодгууд аль хэдийнэ мэддэг болчихсон. Миний өөрийн сонсдог дуучин бол Италийн нэрт дуучин Леон Нуччи.Тэр дуучин үнэхээр гайхалтай, Итали төдийгүй дэлхийн домог. Одоо 80 гаруй настай хэрнээ Ж.Вердийн суут бүтээл “Риголетто” дуурийн гол дүрийг хамгийн олон удаа бүтээсэн. Одоо хүртэл гоё сайхнаараа дуулж яваа тэр хүнийг шүтдэг.
-Дуучин хүн хоолойгоо маш сайн гамнах хэрэгтэй байх. Монголын цаг агаар хуурай, ялангуяа хот өвөлдөө утаатай, тэсвэрлэхэд бэрх шүү?
-Энэ маш чухал асуудал. Манайх шиг хатуу ширүүн цаг агаартай, утаатай нөхцөлд дуучин хүн хоолойгоо хайрлах л хэрэгтэй. Гэхдээ хоолойг хэт их хайрлахаар эмзэгшдэг. Хоолойгоо гамнах нь их ухааны зүйл л дээ. Би юунаас болов, тэрийгээ сайн мэдэхгүй өнгөрсөн. 12 дугаар сард хоолойгоо өвтгөөд одоо ч жаахан зовиуртай байгаа. Жүжигт тоглож байгаа болохоор гамаа сайн барьж чадахгүй л байна. Урлаг гэдэг зүйлийг багаасаа олж хараад энд оршин байхын төлөө жигүүрлэж яваа хүний хувьд хоолойгоо алдчихвал би яахаа ч мэдэхгүй, төсөөлж ч чадахгүй. Тиймээс хоолойгоо хайрлана, хамгаална. Залуу уран бүтээлчийн хувьд би мэдээж өсөж дэвжинэ. Орон тооны нөөц бололцоо дутуу, тэгээд энэ олон хүний хөдөлмөр хүч зарсан бүтээл надаас шалтгаалж болохгүй учраас би хүчин зүтгэж байгаа. Хүний нөөц, хүч бололцоог сайжруулчихвал уран бүтээлчид нь илүү хөгжөөд нэгнийгээ дэмнээд явах болов уу гэж боддог.
-Олон улсын тэмцээн наадамд оролцох санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг вэ. Уралдаанд оролцоход ямар шаардлага тавьдаг вэ?
-Тэмцээний удирдамж дээр тодорхой байдаг. Дуурийн ари романс, дүр бүтээдэг уралдаан байдаг ч ховор. Тэр дуурийн тийм хоёр ари дуулна. Орос ардын дуу гэдэг ч юм уу ардын дуу ихэнхдээ тавигдсан байдаг. Одоо дэлхийд нэрд гарсан дуурийн дуучид маань бидний замыг гэрэлтүүлж нээж өгсөн. Залуу дуучдыг гадагшаа тэмцээн уралдаанд оролцоод явахад нь санхүүгийн тал дээр хүндрэлтэй. Соёлын яам энэ тал дээр учир дутагдалтай байдаг юм болов уу. Монголд ажиглагддаг нэг зүйл нь спортынхныг ивээн тэтгээд байдаг ч урлагийнхныг орхигдуулдаг юм шиг санагддаг.
-Гадаадын жуулчдад ардын язгуур урлагаа танилцуулж байхад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Ихэвчлэн Япон, Солонгос жуулчид ирдэг. Сайхан хүлээж авдаг. Монгол үзэгчдээс илүү хүлээж авч биширдэг. Буриад ардын “Ёохор” дууг хатариш гээд л дуусгахад “браво, браво” гээд л хүлээж авах тэр агшин л гоё, сайхан санагддаг. Орон орны урлагийн боловсролоос ч болдог уу үнэхээр биширч хүлээж авдаг. Боловсролтой үзэгч байна гэдэг сайхан чанар. Миний хайртай багш СУИС-ийн хормейстер Оюунхишиг маань “Чи сайн дуучин болж чаддаггүй юм гэхэд сайн үзэгч болооч” гэж хэлдэг байсан тэр үг хатуу бөгөөд үнэн санагддаг. Одоогийн нийгмийн байдлаас шалтгаалж магад хөнгөн аястай дуу хуурыг илүүтэй шимтэн сонсдог юм шиг санагддаг. Би хүмүүсийг шүүмжлэх гэсэнгүй. Урлаг ард түмнийхээ өмнө нь алхаж байж тэр хүмүүсийг соён гэгээрүүлнэ. Үнэхээр сайхан, чансаатай уран бүтээл youtube-д тавигдахад хандалт нь 2000-3000, хөнгөн жанрын дууны хандалт сая гарчихсан байх жишээтэй. Удахгүй эсрэгээрээ сайхан болох байх гэж найддаг.
-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
П.Түмэндэмбэрэл
