УБТЗ-ын Хүүхдийн секторын дарга Л.Янжмаатай ярилцлаа.
- УБТЗ-ын 27 цэцэрлэг, сурагчийн нэг дотуур байрыг эгнээндээ багтаасан хүүхдийн томоохон байгууллагын даргын хувьд та хичээлийн шинэ жилд бэлтгэх нэлээд ажил хийсэн. Энэ талаар яриагаа эхэлье?
-Тиймээ, 2025-2026 оны хичээлийн шинэ жил Монгол Улсын хэмжээн нэлээд онцлогтой болно. Учир нь, Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн шинэчлэл хийгдэж байна. Тиймээс энэ хичээлийн жилд шинэчилсэн хөтөлбөрөөр 2-5 насны хүүхдүүдэд сургалт үйл ажиллагаа зохион байгуулна. Бид хичээлийн шинэ жилд бэлтгэх 18 чиглэлтэй ажлын төлөвлөгөө гарган Нийгмийн асуудал хариуцсан орлогч даргаар батлуулан ажиллаж өнөөдрийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Хүүхдийн секторын харьяа 27 цэцэрлэгийн 127 бүлэгт энэ хичээлийн жилд үргэлжлүүлэн суралцах 3182 хүүхэд байгаа. Шинээр хоёр настай 559, гурван настай 257, дөрвөн настай 132, таван настай 149, нийт 1097 хүүхэд элсүүлнэ. Мөн хүний нөөцийн бүрдүүлэлт хийх ажлын хүрээнд сул чөлөөтэй 24 ажлын байранд энэ сарын 20-25-ны хооронд Замын даргын А/474 тоот тушаалын хүрээнд сонгон шалгаруулалт зохион байгуулж хүний нөөцийн бүрдүүлэлтээ хийж, хүүхдүүдээ бүртгэж, бэлтгэл ажлаа хангаж байна. Барилга байшингийн хувьд энэ жил их онцлогтой жил болж байгаа. Тодруулбал, таван бүлэгтэй “Ган зам” цэцэрлэгийг найман бүлэгтэй болгож, 200 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг барьсан. Энэ их барилгын ажилд Барилга орон сууцны албаны харьяа ангиудын 120 орчим барилгачид өдөр шөнөгүй ажиллаж дуусгалаа.
-Шинэ цэцэрлэг барихаас гадна зарим цэцэрлэгтээ их засвар хийв үү?
-Дархан-Уул аймаг дахь 24 цагийн “Хэрэмхэн” цэцэрлэгт их засвар хийж байгаа. Хичээлийн шинэ жил эхлэхэд засвар бүрэн дуусахаар байна. Ер нь, бид зөвхөн Замын захиргаанаас их засвар, хөрөнгө оруулалт авахыг хичээдэггүй. Аль болох аймаг, орон нутагтай хамтран ажиллахыг зорьдог. Энэ хүрээнд Чойр зангилаан дахь “Сансар” цэцэрлэгийн гал тогооны өрөөнд жоншны уурхайтай хамтран 65 сая төгрөгийн их засвар хийлгэсэн. Мөн орон нутгийн төсвөөр гаднах талбайд нь 50 сая төгрөгийн тохижилт, засвар хийлээ. Энэ мэтчилэн хоёр цэцэрлэгт их засвар, нэг цэцэрлэгт их барилгын ажлыг өнөө жил хийж байна.
-Одоо их засвар орох шаардлагатай, үйл ажиллагаа явуулахад барилгын чанар нь шаардлага хангахааргүй болсон цэцэрлэг байгаа юу?
-Хүүхдийн секторыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд бид суурь судалгаа хийсэн. Энэ хүрээнд барилгуудаа насжилтаар нь ангилж үзээд сүүлийн таван жилд нэн тэргүүнд аль цэцэрлэгийг өргөтгөх вэ, аль цэцэрлэгт их засвар хийх вэ гэдгийг эрэмбэлж байна. Энэ эрэмбийн дагуу цаашид засвар үйлчилгээ хийнэ. Ирэх жилд хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд аль цэцэрлэгт барилгын засвар хийх вэ гэдгээ төлөвлөж, Их барилга, хөрөнгө оруулалтын албанд хүргүүлсэн.
-Ойрын хугацаанд засварлах шаардлагатай хэр олон барилга байна вэ?
-Жилд бид 3-4 цэцэрлэгт сантехник, дээвэр зэрэг их засварын ажил хийдэг. Ирэх жил 4-5 цэцэрлэг засварлах саналаа хүргүүлсэн. Төлөвлөгөө хараахан батлагдаж ирээгүй байгаа.
Хүүхдийн секторын хэмжээнд өвөлд бэлтгэх ажлын төлөвлөгөө маань 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Аравдугаар сарын 1 гэхэд ажил бүрэн дуусна. Ер нь, УБТЗ ХНН шиг ажилчдынхаа хүүхдүүдэд анхаарал тавьдаг байгууллага Монгол Улсад битгий хэл олон улсад ч ховор. Тиймээс бид УБТЗ-д ажилладгаараа бахархдаг. Бидний гэрэлт ирээдүй болсон хүүхэд бүрийг эрүүл аюулгүй орчинд сургахын тулд Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин ерөнхий шаардлага MNS 6558:2015 стандартыг хангаж ажиллах ёстой. Стандартын хүрээнд Замын захиргаанаас хүүхдүүдийг сурах, хөгжих, таатай орчин бүрдүүлэхэд үргэлж л хөрөнгө оруулдаг. Мөн эцэг эхчүүд дэмжиж ажилладаг. Сүүлийн үед хандивлагч байгууллагууд ч олон болсон. Энэ бүхний хүчээр цэцэрлэгүүдээ засварлаж, тордож байдаг учир өнөөдрийн байдлаар шаардлага хангахгүй барилга нэг ч алга. УБТЗ-ын салбар нэгжүүд хүүхдийн цэцэрлэгүүдтэй түншлэн ажиллах тухай Замын даргын А/464 тоот тушаал бий. Уг тушаалын дагуу ч төмөр замын салбар нэгжүүд маш сайн дэмжиж ажилладаг. Тухайлбал, Улаанбаатар өртөө, Зорчигчийн вагон депо, Татах хэсгүүд, Замын ангиуд гээд бүгд л хүн хүч, хөрөнгө мөнгөөр тусалдаг.
-Та дээр сургалтын шинэчилсэн хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулна гэж хэллээ. Тодруулбал, өмнөх сургалтын хөтөлбөрөөс ямар онцлогтой вэ?
-Улсын хэмжээнд СӨБ-ын хөтөлбөрийг шинэчилж байгаа. Хүүхдийг ямар бие хүн болох вэ гэдгийг нь 2-5 насанд нь сургаж хөгжүүлдэг шүү дээ. Тиймээс оюун ухаан, бие бялдар, нийгэмшихүйн хувьд цогцоор нь хөгжүүлдэг, нас насанд нь тохирсон сургалтын хөтөлбөрийг бий болгох бодлогыг Засгийн газар, Боловсролын яамнаас хэрэгжүүлдэг. Өмнө нь бид хүүхдэд хэл яриа, математик, дүрслэн урлах, биеийн тамир, дуу хөгжим гэхчлэн үндсэн зургаан чиглэлээр хөгжүүлдэг байсан. Харин энэ хичээлийн жилийн шинэчилсэн хөтөлбөрийн онцлог нь гэвэл долоон чиглэлээр сургалт үйл ажиллагааг зохион байгуулна. Тодруулбал, нийгэмшихүй гэж нэмэгдсэн. Бүх цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийг салбар яамнаас баталсан. Мөн наймдугаар сарын 15-28-ныг хүртэл бүх сургагч багш нараа бэлтгэж байна. Шинэчилсэн хөтөлбөрийг өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээнд 30 цэцэрлэгт туршсан юм билээ. Өмнөх хөтөлбөр шиг өнөөдөр математик, маргааш хэл яриа орно гэж зааж тулгасан биш, сургалтын орчин маш чухал болж буйгаараа онцлогтой. Бие бялдрыг нь хөгжүүлье гэхэд тухайн хүүхэд тоглоом сургалтийн хэрэглэгдэхүүнүүд дээр өөрөө очин ажиллаж, оюун ухаан, хэл яриа, танин мэдэхүй, бие бялдар нь хөгжих орчныг бүрдүүлэх нь маш чухал юм. Харин багш чиглүүлэгч маягаар ажиллана гэсэн үг. Манай секторын хувьд Боловсролын яамтай хамтран ажиллах гэрээний хүрээнд бүх багш нараа сургаж байгаа.
-Төмөр замын цэцэрлэгүүдийн зарим багш нар нь тоглоомын аргаар суралцах хичээлийн хэрэглэгдэхүүнийг санаачлан бий болгосон байдаг шүү дээ. Тийм цэцэрлэгүүдэд шинэ хөтөлбөр нэвтрүүлэхэд илүү дөхөм юм байна гэж ойлголоо?
-Тиймээ, хүүхэд ер нь тоглонгоо хөгждөг. Энэ хөтөлбөрийн гол онцлог нь хүүхдийн сонирхолд, тоглоомд, амьдрах ухаанд суурилсан төсөлт ажлуудыг хэрэгжүүлэх юм. Тогооч болохыг хүссэн хүүхдэд гал тогооны хэсэгтэй, тэндээ бүхий л хэрэгсэл нь байна. Хэрэв оёдолчин, эсвэл барилгачин болох гэвэл мөн ялгаагүй. Зохион бүтээх сонирхолтой хүүхдүүдэд чиглэсэн зүйлс нь ч байна. Тэр бүхэнд багш өөрөө хөгсжөн, бүрэн мэдлэгтэй байж л хүүхдүүдийг чиглүүлэн сургана.
Боловсролын яам “УБТЗ ХНН-ийн цэцэрлэгүүд стандартын шаардлага хангасан, үйл ажиллагаа нь маш сайн байдаг. Гэрээгээ бүрэн хангаж ажилладаг” гэж үзээд хамтран ажиллах гэрээг анх удаагаа хоёр жилээр байгуулсан. Гэрээний дүгнэлтийг яамнаас хийж төмөр замын шилдэг цэцэрлэгүүдийн тэргүүн туршлагыг улсын хэмжээнд нэвтрүүлж байгаа. Тухайлбал, өмнө нь Сэлэнгийн “Бүжинхэн” цэцэрлэгийн тэргүүн туршлагыг нэвтрүүлсэн бол энэ удаад Замын-Үүдийн “Алтанхаргана” цэцэрлэгийнхийг нэвтрүүлэхээр болсон. Тус цэцэрлэгт зургийн анги гэж бий. Зурах сонирхолтой хүүхдүүд ороод төрөл бүрийн хэрэглэгдэхүүн ашиглан зурах боломжтой. Мөн оёдлын ангитай. Жижигхэн хөөрхөн машинаар нүүр гарын алчуур оёх ч юм уу сурдаг. Тогооч болох хүүхдүүд гурил зуурч, тараг бүрж, ааруул хэвлэж байна.
-Төмөр замын цэцэрлэгүүд галт тэрэг, гармын аюулгүй байдал гэх мэт төмөр замын мэдлэг мэдээллийг хүүхдүүдэд олгож, уралдаан тэмцээн зохиодгоороо бусад цэцэрлэгээс онцлогтой санагддаг?
-Жил бүрийн дөрөвдүгээр сард ХАБЭА-н аян өрнүүлэхэд Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргын баталсан удирдамжийн дагуу “Бяцхан төмөр замчин” гар зургийн уралдаан зохион байгуулж, цэцэрлэг болон дотуур байрны хүүхдүүд оролцдог. Мөн ажил мэргэжлийн онцлогийг таниулах зорилгоор аав, ээжүүдийнх нь ажлын байр болох өртөөд, Татах хэсгүүд, Замын ангиуд, вагон депод, Удирдах газраар гэхчлэн аялуулдаг. Дархан хот дахь Хүүхдийн төмөр замаар дотуур байрныхаа хүүхдүүдийг аялуулж, ТЗИС, ПТК-той танилцуулсан.
-Хүний нөөцийн тогтвортой байдлыг хадгалах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх талд хэрхэн ажиллаж байна вэ?
-Хүүхдийн секторын хэмжээнд хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн харьцангуй бага. 24 орон тоонд сонгон шалгаруулалт хийж байна. Сайн багшаас сайн шавь төрдөг. Харин сайн багшийг бэлтгэхэд дор хаяж арван жил шаардлагатай. Багш нараа цаашид илүү тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд цалин хөлсний шинэчилсэн бодлого хэрэгтэй байна. Үүнийг Замын даргын А/499 тоот тушаалын хүрээнд судлаад багш нарынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Хүний нөөцийн тасралтгүй байдлыг хангахын тулд туслах багш нараасаа МУИС, МУБИС, Отгонтэнгэр зэрэг сургуульд 12 хүнийг багш болгохоор сургаж байна. Мөн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд төгсөх ангийн оюутныг багшаар ажиллуулах боломж нь нээлттэй байдгаараа онцлогтой.
-Танайх улсын тэргүүний хэдэн цэцэрлэгтэй вэ. Цаашид улсын тэргүүн болгохоор бэлтгэж буй цэцэрлэг байгаа юу?
-Боловсролын сайдын А/111 тоот тушаал байдаг. Уг тушаалын хүрээнд улсын тэргүүний цэцэрлэг, сургууль шалгаруулах журмаар шалгарсан Дархан хот дахь “Улиасхан”, нийслэл дэх “Ган зам” цэцэрлэг байна. Хамгийн сүүлд буюу 2018 онд “Ирээдүй” цэцэрлэг болсон шүү дээ. Харин сүүлийн үед улсын тэргүүний цэцэрлэг шалгаруулах журам хүчингүй болж, “Шилдэг менежменттэй цэцэрлэг” гэж индексээр нь үнэлдэг журам гараад хоёр жил боллоо. Энэ журмаар байгууллагын хувьд индексээрээ тэргүүлбэл 20-100 хүртэл сая төгрөгөөр урамшуулдаг юм байна. Тиймээс бид цаашид шилдэг цэцэрлэгүүдээ байгууллагын индексээр дүгнэх журам руу оруулах саналаа Боловсролын яаманд тавьсан. Багш нараа гүйцэтгэлийн үнэлгээнд өнгөрсөн жилээс оруулж эхэлсэн. 23 цэцэрлэгийн 111 багш хамрагдаж маш өндрөөр үнэлэгдсэн. Гүйцэтгэлийн үнэлгээнд орсон I түвшний багшид цалингийн 40, II түвшнийхэд 30, III түвшнийхэд 20 хувийн урамшуулал олдгодог юм билээ. Гэвч харамсалтай нь манай багш нар урамшуулал авч чадаагүй. Улсын төсвөөс манай багш нарт УБТЗ-ын харьяаны гэдэг утгаараа урамшуулал олгох боломжгүй учир тухайн байгууллага өөрөө хариуц гэсэн. Тэгэхээр цаашид цэцэрлэгүүдээ улсын тэргүүнтэй дүйцсэн индексийн үнэлгээнд оруулах, багш нараа гүйцэтгэлийн үнэлгээнд ороход урамшуулалд хамруулдаг болох шаардлагатай байна. Тухайн багшийн түвшнийг удирдлагаас нь болон эцэг эх, хүүхэд гэсэн гурван талын үнэлгээ нийлж байж тогтоодог. Үнэлүүлэхийн тулд багш маш их хичээл зүтгэл гаргаж, анги бүлгээ тохижуулж, хөрөнгө мөнгө зарцуулдаг. Тиймээс урамшууллын асуудлыг нь шийдэж байж үнэлгээнд оруулах нь зүйтэй юм билээ.
-Шийдэх боломж байна уу?
-Бид Боловсролын яаманд албан ёсоор хандсан. Мөн Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төвд “УБТЗ-д ажиллаж буй цэцэрлэгийн багш нарт ялгаатай байдал үүсэж байна. Адилхан л Монгол Улсын хүүхдүүдийг сургах, хөгжүүлэхэд оролцож буй багш нар. Зөвхөн төмөр замчдын хүүхдүүд биш өндөр настны, харьяа дүүргийн оршин суугчдын хүүхдүүдийг ч хамруулан сургадаг. Тиймээс энэ үнэлгээг улсын төсөвт суулгаж өгнө үү” гэсэн санал өгсөн. Хүүхэд бүр адил тэгш эрх эдэлнэ гэдэг. Төмөр замчны хүүхэд ч Монгол Улсын л иргэн шүү дээ. Таны, миний ялгаагүй хүүхдүүдийг сургаж хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж, өндрөөр үнэлэгдсэн шилдэг багш нарыг ялгаварлалгүй, урамшууллыг адилхан л өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Урамшууллыг нь өгч чадахгүй байгаа болохоор энэ жил багш нараа үнэлгээнд оруулаагүй.
-Төмөр замын цэцэрлэгүүд улсын хэмжээнд тэргүүн туршлага хуваалцаад зогсохгүй хөрш улсын зарим цэцэрлэгтэй ч хамтран ажилладаг байсан. Одоо энэ хамтын ажиллагаа хэвээрээ юу?
-Анх зөвхөн төмөр зам дотроо туршлагаа хуваалцдаг байлаа. Тэгээд Боловсролын яамтай хамтарч ажилласнаар улсын хэмжээнд тэргүүн туршлагаа хуваалцдаг болсон. Яамнаас “Алтанхаргана” цэцэрлэгийн чинь туршлагыг улсын хэмжээнд сурталчилъя гэсний дагуу бид одоо бэлтгэж байна. Түүнээс гадна таны асуусанчлан олон улсын хэмжээнд хамтран ажилладаг гэвэл Хөх хотын цэцэрлэг, Эрээн хотын монгол цэцэрлэг гээд бий. Өнгөрсөн хавар Эрээн хотын цэцэрлэгээс ирж манай туршлагаас судлаад явсан. Бид багш солилцоо хийдэг байсан ч ковидоос хойш хараахан солилцоогүй байна. Ер нь, төмөр замын цэцэрлэгүүд ийм сайн байдаг нь Замын захиргааны хөрөнгө оруулалт, мөн холбогдох байцаагч нар шалган заавар зөвлөгөө өгч, үл тохирлуудыг үргэлж арилгуулж байдагтай холбоотой. Сурагчдын дотуур байранд алслагдсан өртөө, зөрлөгийн 150-200 хүүхэд хамрагддаг. Тиймээс дотуур байрыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан багагүй засвар хийж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрын орчин, үйлчилгээ ерөнхий шаардлага MNS 6781:2019 стандартад ойртуулсан. Гурван жилийн хугацаанд 1.9 тэрбум төгрөгийн их засвар хийж, жишиг дотуур байр болгосон. Хавар эцэг эхийн өдөрлөг хийж, танай сониноор мэдээлсэн шүү дээ. Эцэг эхчүүд ч маш их баяртай байгаа. Хүүхдүүдийн өдрийн хоолны мөнгө 4000 байсныг 6500 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Энэ ташрамд нийт багш, ажилчид, эцэг эхчүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа Замын удирдлагууддаа талархал илэрхийлье.
-Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!
М.Наранболд
