Нүүр Ярилцлага Л.Янжмаа: Эцэг эхчүүдийн сэтгэл ханамж өндөр байна гэдэг хамгийн том үнэлгээ
Ярилцлага

Л.Янжмаа: Эцэг эхчүүдийн сэтгэл ханамж өндөр байна гэдэг хамгийн том үнэлгээ

G.Press 1 жилийн өмнө 185 үзэлт 0 сэтгэгдэл

 

Сурагчдын дотуур байрны эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан “Нээлттэй хаалга” өдөрлөгийн үеэр УБТЗ-ын Хүүхдийн секторын дарга Л.Янжмаатай уулзаж ярилцсан юм.

 

-Нээлттэй хаалганы өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн өдөрлөгийн онцлог, зорилгын талаар яриагаа эхэлье?

 

- УБТЗ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд алслагдсан өртөө, зөрлөгийн  төмөр замчдын 1-12 дугаарын ангийн хүүхдүүдийг Сурагчдын дотуур байранд амьдруулж, 73 дугаар сургуульд сургадаг. Замын нийгмийн асуудал хариуцсан орлогч даргаар удирдамжаа батлуулсан “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгт Шатан зөрлөгөөс Долоодын хөндий хүртэлх өртөө зөрлөгийн нийт 135 эцэг эх ирж оролцлоо.  Энэ арга хэмжээг БГД-ийн Нийгмийн хөгжлийн газар, 73 дугаар сургууль хамтран зохион байгууллаа. Өнөөдрийн үйл ажиллагааны гол онцлог нь  сурагчдын амралтын үеэр эцэг эхчүүдээ сургалтад хамруулах, хүүхдийнх нь амьдарч байгаа орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр хийсэн ажлыг танилцуулж, хүүхдийн өдөр тутам авч байгаа хоолны илчлэг, нэг өдрийн хоолны цэсээр үйлчлэх, бүх алба хэлтэс нэгжүүдийн удирдлага, хүний нөөцийн мэргэжилтэн нарт сурагчдын аюулгүй байдал, тав тухыг хангасан орчныг танилцуулах зорилготой байлаа.

Улсын хэмжээнд 2019 онд анх удаа сурагчдын дотуур байрны MNS-6781-2019  стандартыг баталсан. Энэ стандартад нийцсэн “УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа Сурагчдын дотуур байрыг 2022-2024 онд хөгжүүлэх цогц хөтөлбөр”-ийг боловсруулсан. Хөтөлбөрийн хүрээнд Замын санхүүжилтээр 2022 онд  гал тогоонд 90 сая, 2023 онд спорт заалыг 350 сая, 2024 онд нэг, хоёр, гуравдугаар давхарт 1.0 тэрбум төгрөгийн их засвар хийсэн. Нийт 331 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Үнэ хямд, түргэн элэгдэх хүүхдийн ор хөнжил, цагаан хэрэглэл, хөшгийг шинэчлэхэд 75 сая төгрөг зарцууллаа. Сурагчдын дотуур байранд нийтдээ үндсэн хөрөнгө болон их засвар нийлээд 1.9 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. УБТЗ ХНН нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн төлөө үргэлж “За” гэж хэлдэг. Хөдөлгөөнчид, замчид ажлаа тайван, өндөр бүтээмжтэй хийхэд нийгмийн асуудал нэн тэргүүнд тавигдана. Тийм болохоор хүүхдүүдийн орчин нөхцөлийг стандартад нийцүүлэн засварлаж өгснийг сурталчилсан үйл ажиллагаа боллоо.

 

-Сурагчдын дотуур байранд их засвар хамгийн сүүлд хэзээ хийв?

 

-Сурагчдын дотуур байрны барилга 1989 онд ашиглалтад орсон. Замын II ангийн замчдын хүүхдүүд хүмүүжиж байсан утгаараа Замын ангийн харьяанд байсныг 2005 онд хүүхдийн байгууллагад шилжүүлсэн. 1989 оноос хойш их засвар хийгээгүй байсан.

 

-Энэ 2025 онд нэмэлт хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээ хийх үү?

 

-Гурван жилийн хугацаатай хэрэгжих цогц хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлын хэрэгжилтийн гүйцэтгэлийн тайланг өдөрлөгөөр танилцууллаа. Сурагчдын дотуур байрны урд талын эдэлбэр газарт сагс, хөл бөмбөг, гар бөмбөгийн цогц талбай хийхээр төлөвлөсөн. 220 гаруй сая төгрөгөөр хийх  төслийг боловсруулсан. Гэтэл энэ эдэлбэр газар хувь хүний эзэмшилд очсон байдаг.  Урин дулаан цагт  хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх талбайтай болох нь зайлшгүй шаардлагатай байгаа. Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр ч “Биеийн тамирын  гаднах талбайгаа тохижуулах ажлыг хийхийг хүссэн эцэг эхчүүдийн гарын үсэг бүхий шаардлагыг өгсөн.  Мөн дотуур байрны зүүн урд жигүүрт Замын II ангийн 13 айл амьдардаг. Хүүхдийн байгууллага дотор айл өрх, албан байгууллага амьдрахыг хориглодог. Энэ 13 айлд Замын Нийгмийн асудал хариуцсан  орлогч дарга болон Хуулийн албанаас албан ёсоор мэдэгдэл өгч байна. Энэ айлуудаа чөлөөлбөл хүүхдийн байгууллага нь дансалж аваад сургалтын танхим, аутизмтай хүүхдийн өрөө, тоглоомын өрөө, номын сан, бясалгалын өрөө, эцэг эхийн уулзалтын өрөө зэргээр ашиглана.  Хөрөнгө оруулалтын хувьд сурагчдын дотуур байрны гуравдугаар давхрын хүүхдүүдийн ор, хувцасны шүүгээг 190 сая төгрөгөөр сольсон. Нэг, хоёрдугаар давхрын хүүхдүүдийн ор, ширээ сандал зэргийг шинэчлэх шаардлагатай. Хөрөнгө оруулалтыг шийдвэрлэчихвэл үе шаттайгаар солино. Ингэснээр  Сурагчдын дотуур байранд 10-15 жилдээ хөрөнгө оруулалт, их засвар хийх шаардлагагүй гэж үзэж байгаа.

 

-Улсын жишигт нийцэхүйц дотуур байр болоход ямар болзол биелүүлдэг юм бэ?

 

-Монгол Улсын хэмжээнд ЕБС-ийн дэргэдэх 300 гаруй дотуур байр байдаг. Орчин нөхцөлийн хувьд харилцан адилгүй. Бид “Сурагчдын дотуур байрыг хөгжүүлэх хөтөлбөр”-өө хийхдээ алсын хараагаа томьёолсон. Монгол Улсад жишиг болохуйц спорт комплекс, дотуур байр байна. Хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хийлээ. Хувь хүний эзэмшилд байгаа эдэлбэр газраа чөлөөлж эко хөлбөмбөгийн талбай хийгээд өгчихвөл жишигт нэлээд ойртоно. Бусдаар болзол нь хангагдсан гэсэн үг.

 

-Замын захиргаанаас, эцэг эхчүүд газар чөлөөлөх шаардлагад гарын үсэг зурсан зэргээс  шалтгаалж хувь хүний эзэмшилд байгаа газрыг авч чадах уу?

 

-2018 онд Сурагчдын дотуур байрны хойд талын эдэлбэр газраас нэг иргэн кадастр хийлгээд авсан байдаг. Нийслэлийн газрын алба, бүх холбогдох газруудад хандсан. Өнөөдөр эцэг эхчүүд албан ёсоор гарын үсэг зурж шаардлага хүргүүлж байна. Эдэлбэр газраа хүүхдийн зориулалтаар ашиглах, Замын II ангийн айлуудыг гаргаж аюулгүй орчинд тав тухтай хүмүүжүүлэх ажлыг хийх шаардлагад 135 эцэг эх, дотуур байрны 24 ажилтан нэгдэж гарын үсгээ зурж өгсөн. Шийдэгдэх байх гэж бодож байна.

 

-Хүүхдийн хоолны өртөг нэмэгдсэн байна. Энэ талаар тодруулж ярина уу?

 

-Дотуур байрны бага ангийнхан 4000, ахлах ангийн хүүхдүүд 4200 төгрөгөөр хоногт хооллодог. Үүнд судалгаа хийж үзсэн. Цэцэрлэгийн хүүхэд хоногт авах шим тэжээлийнхээ 80 хувийг цэцэрлэгээс авчихдаг. Эцэг эх нь орой цэцэрлэгээс аваад гэртээ 20 хувийн шим тэжээлийг өгчихнө. Өсөлтийн зоондоо байгаа хүүхдүүд хоол тэжээлийнхээ илчлэгээ авч байгаа. Гэтэл дотуур байрны ахлах ангийн хүүхдүүд өдөрт 4200 төгрөгөөр өглөөний цай, өдрийн нэг, хоёрдугаар хоол, оройн хоол, 11:00, 16:00 цагийн цай уухад цаддаггүй. Замын даргын А42 тоот тушаал гарч хоолны мөнгөө нэмэгдүүлсэн. Одоо энд амьдарч байгаа бүх хүүхэд өдрийн 6500 төгрөгөөр хооллож байна. Тэгэхээр хоногт авах хоолны илчлэг 100 хувь бүрэн хангаж байгаа юм. Хүүхдүүдээс сэтгэл ханамж ямар байгааг асуухад “Хоолондоо цадаж байна, үнэхээр гоё байна” гэж хариулцгаасан. Тав дахь өдөр гэр рүүгээ вагондаа суугаад явахад нь замд идэх алимны нухаш, жимс өгч явуулж байна. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр УБТЗ хүүхдийн төлөө ямар их анхаарч хөрөнгө оруулалт хийснийг өрөө тасалгаагаар нь явуулж бодитойгоор үзүүлж, нэг өдрийн зардал 2500 төгрөгөөр нэмэгдэж 6500 төгрөг болсон, үүгээр өдөр хэрхэн хооллодгийг сонирхуулж ээж аавд нь өглөө цай, үдийн цай, өдрийн I, II  хоол, тогооч нарын өөрсдөө барьдаг талх нарийн боов зэрэг нэг өдрийн хоолны цэсээр үйлчилснээрээ онцлогтой болсон. Хүрэлцэн ирсэн бүх алба, хэлтсийн удирдлага, эцэг эхчүүдийн сэтгэгдэл өндөр байна. Энэ ташрамд УБТЗ-ын захиргаанд баярлалаа гэж хэлье. Улсын хэмжээнд тэргүүлэх олон компани байгаа ч УБТЗ шиг хажуудаа нийгмийн салбаруудаа бодлогоор авч явдаг, 27 цэцэрлэг, сурагчдын дотуур байр зэрэг 4500 хүүхдийн төлөө үргэлж “За” гэж байгууллага ховор. Нийт эцэг эхчүүд, бяцхан хөөрхөн хүүхдүүдийнхээ өмнөөс дахин талархал илэрхийлье.

 

-2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжигч жил”-ээр зарласан. Энэ хүрээнд ямар ажил хийх вэ. Сурагчдын дотуур байрны багш, ажилчдын орон тоо хангалттай юу?

 

-Сурагчдын дотуур байр 24 хүний орон тоотой. Дутуу орон тоо байхгүй. Стандартын хувьд бол дотуур байр, цэцэрлэг мэргэжлийн сэтгэлзүйчтэй байна гэж үздэг. Z үеийнхний сэтгэлийн эрүүл мэнд сошиал орчноос хамааралтай, үе тэнгийн ялгаварлан гадуурхалт, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт хүүхэд маш их стресст ордог. Нийгэм  нь тийм болчихлоо. Хүүхдийн сэтгэлийн эрүүл мэнд маш чухал. Дараа жилээс боломж нь болдог бол дотуур байранд мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулах нь илүү үр дүнтэй. Хүүхдүүдэд ээж, аав, багш, найздаа хэлэхгүй хувийн нууц гэж байдаг. Хүн бүрт, хүүхэд бүрийн бяцхан зүрхэнд гуниг, хүнд ярьж чадахгүй стресс байдаг. Тэрийгээ сэтгэл зүйчдээ хуваалцаж, ер нь дэлхий нийтээрээ сэтгэлийн эрүүл мэндэд илүү анхаардаг болсонтой холбоотой. 2024 онд нээлттэй хаалганы өдөрлөг хийхдээ сэтгэл зүйч ажиллуулсан. Үсчин, сэтгэл зүйч, шүдний эмч, номын сан ажиллахад бүх хүүхэд хоёр юманд  дугаарласны нэг нь сэтгэл зүйч. Тэр үед тавдугаар ангийн хүүхэд сэтгэлзүйчийн өрөөний ширээнээс зуурчихаад уйлаад гарахгүй, дараагийн хүүхдүүд нь хүлээгээд байсан тохиолдол гарсан. Тийм их сэтгэлийн буглаа бяцхан хүүхдүүдэд байдаг юм байна гэж мэргэжлийн хүний хувьд харсан. Иймээс сэтгэл зүйчийн орон тоо хэрэгтэй, бусад орон тоо нормативаараа байгаа. Сургууль, цэцэрлэгийн жишиг нормативыг 2024 онд Боловсролын сайд баталсан. Тэрний дагуу орон тоогоороо ажиллаж байгаа. Дотуур байр 180-200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Энэ хичээлийн жилд 137 хүүхэд байна. Манай төмөр замчид Улаанбаатар хотод ипотекийн зээлээр байр авдаг, зарим нь ах дүүгийндээ хүүхдээ байлгадаг болсон байна. Жил бүр хүүхдийн тоо янз бүр байдаг. Нэгдүгээр ангид 20 хүүхэд ороод ирвэл манай тоо өсөөд л явна. 

 

-Удахгүй төгсөлтийн шалгалт эхэлнэ. Сурагчдын дотуур байранд хүмүүждэг хэдэн хүүхэд 12 дугаар ангиа төгсөх вэ. Мэргэжлээ хэрхэн сонгох талаар болон удам дамжсан төмөр замчин бэлтгэх зэргээр ТЗДС, коллежтой хамтран арга хэмжээ зохион байгуулж байгаа юу?

 

-Энэ жил дотуур байрнаас найман хүүхэд 12 дугаар ангиа төгсөнө. ЭЕШ-д бэлтгэх, мэргэжил сонголтынхоо үе дээр байна.  Өнөөдрийн үйл ажиллагаанд ТЗДС, коллежийн удирдлагууд ирсэн. Найман хүүхэд маань мэргэжлээ сонгох гэж байна. Удам дамжсан төмөр замчин болох бол ТЗДС, коллеждоо элсэн орох боломжууд байгааг хэлсэн. Хүүхдийг тулгаж шаардах эрх байхгүй. Хүүхдийн сонголтод хүндэтгэлтэй хандах болно. Гэхдээ ээж аавынхаа мэргэжлийг уламжлах үүднээс төмөр замын сургуулиудаа санал болгож байгаа..

 

-Олон улсын хүүхдийн байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

 

-Манай Хүүхдийн сектор зөвхөн төмөр замын байгууллага дотроо ажиллаад байдаггүй. Боловсролын яам, газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Японы Хүүхдийг ивээх сантай хамтран өнгөрсөн долоо хоногт дотуур байрны багш, ажилчдад хоёр өдрийн вакум сургалт, өнөөдөр эцэг эхчүүддээ сургалт хийлгэлээ. Английн “Хүүхдийг ивээх сан”, Зан чанарын академиар бүх хүүхдийн генетик тестүүдийг хийлгэсэн. JICA манай залуучуудын байгууллага хамтран 30 сая төгрөгийн өртөгтэй  ”Альфа” амьдрах ухааны төсөл хэрэгжүүлэхээр болсон. Төсөл нь шалгарчихаад байж байна. Бүх алба, хэлтсүүдтэй хамтын ажиллагаагаа сайжруулж байгаа. Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран хүнд хэлж ирэхгүй бэрхшээл, осол аваар гаргахад багш, хүүхдүүд хэрхэн анхны тусламж үзүүлэх сургалтыг зохион байгуулсан.   Баянгол дүүргийн болон Төмөр замын цагдаагийн хэлтэстэй хамтраад сүүлийн үед хүүхдүүд мансуурах, аливаа сэтгэцэд нөлөөлөх бодист донтох гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх, үе тэнгийнхний дээрэлхэлт, насанд хүрэгчдээс ирэх эрсдэл, санаандгүйгээр гэмт хэрэгт холбогдох зэргээс өөрийгөө хамгаалах сургалт зохион байгуулах ажлыг хийж байна. Бүх төрлөөр хамтран ажиллаж болох газруудтай холбогдож байна. Төмөр замын эмнэлгийн сэтгэл зүйчээрээ багш ажилтантай сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулсан. Өнгөрсөн жил ганцаарчилсан зөвлөгөө авах, хүүхдийн эрх нь зөрчигдсөн охид, хөвгүүдэд зөвлөгөө өгч ажиллалаа. Хүүхдийн байгууллагын чиг үүрэг нь сургалтын байгууллага. Хүүхдийн төлөө, хүүхэд хамгааллын бодлогыг ухаалгаар хэрэгжүүлэх ёстой.

 

-Та “Хүүхдийн зуслангийн хөгжлийн бодлого, тогтолцооны шинэчлэл” үндэсний чуулганд оролцсон. Чуулганаар ямар асуудал хэлэлцсэн бэ?

 

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын ивээл дор явагдсан Монгол Улсын хэмжээнд зуслангуудын хөгжил, тогтвортой байдал, бодлогын шинэчлэл гээд үндэсний зөвлөгөөн болсон. Зөвлөгөөнд УБТЗ ХНН-ийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд, Хуулийн албаны хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ болон миний бие оролцсон. Улсын хэмжээнд байгаа 30 гаруй зуслангийн үйл ажиллагаа, тогтвортой хөгжил, төрөөс дэмжих бодлого, сүүлийн үеийн олон улсын чиг хандлагад нийцүүлэх, эрх зүйн орчин, газар ашиглалт, өмчлөл зэрэг чиглэлээр, мөн амьдрах ухааны сургалтууд гэх мэт үндэсний хэлэлцүүлэгт орсон. Манай Хүүхдийн сектор “Хандгайт” зуслантай байсан. Замын II ангиас Хүүхдийн секторын харьяанд шилжүүлсэн ч 2017 оноос үйл ажиллагаа нь зогссон. “Хандгайт” зусланг хөгжүүлэх төслийг боловсруулаад удирдлагууддаа танилцуулсан, хүлээлтийн байдалд байгаа. Хоолны заал нь ашиглалтын шаардлага хангахгүй, зайлшгүй хөрөнгө оруулалт хийж байж хүүхдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зуслан ажиллах ёстой гэж үзэж байгаа. “Хандгайт” зуслан ажиллахгүй байгаа учраас олон зуслангийн танилцуулгыг авлаа. УБТЗ-ын бүтцийн зөвлөлүүдтэй хамтраад “Говийн төмөр замчин хөтөлбөр”-тэй уялдуулж нийт ажилчдын хүүхдүүдийг зусланд амраах талаар бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна гэж үзсэн. “Хандгайт” зуслангаа ашиглалтад оруулах хэрэгтэй. Зуны улиралд хүүхдийг эрүүл агаарт амраах, амьдрах талын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн зуслангуудтай хамтарч ажиллана гэсэн шийдэлтэй ирсэн.

 

-Улсын хэмжээний уралдаан тэмцээнд хэрхэн оролцдог вэ?

 

-Манай Хүүхдийн сектороос Боловсролын яам болон мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Багшийн интиграцид суурилсан эрдэм шинжилгээ онол практикийн бага хуралд оролцдог. Өнгөрсөн 11 дүгээр сард нэгдүгээр үе шат нь болж багш нараа сойсон. Аймаг орон нутагт хоёрдугаар шатны уралдаан болж Чойр зангилааны “Сансар” цэцэрлэгийн хөгжмийн багш Р.Эрдэнэбаяр аймгаасаа шалгарч, улсын эрдэм шинжилгээ онол практикийн бага хуралд оролцохоор ирсэн байна. Улсын хэмжээнд ЕБС, цэцэрлэгийн багш нар гүйцэтгэлийн үнэлгээнд ордог болсон. Багш нарыг чадамжаар нь дөрвөн түвшинд ангилдаг. Гүйцэтгэлийн үнэлгээнд эцэг, эхээс санал, асуулга авч, тухайн байгууллага багшаа үнэлж байна. Хүүхдүүдийн сурсан байдал гэж гурвалсан байдлаар багш нарыг үнэлдэг. 27 цэцэрлэгээс 24 нь, 135 багшаас 101 нь үнэлгээнд орсон. Ингэснээр багш өөрөө хөгжинө, бас цалингийн урамшуулалд хамрагдана. I шатанд шалгарсан багш цалингийн 40 хувь, II түвшинд 30 хувь, III түвшинд 25 хувь, IV түвшиний багш нарт урамшуулах олгодоггүй. Жил бүр гүйцэтгэлийн үнэлгээнд ордог. Энэ дөрөвдүгээр сард улсын хэмжээнд цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээ эхэлнэ.

 

-Энэ жил шинээр ашиглалтад орох эсвэл их засвар хийх цэцэрлэгүүд бий юу?

 

-“Ган зам” цэцэрлэг дөрвөн бүлэгтэй. Хүүхэд нь багтахгүй учир урлагийн заалаа анги болгож таван бүлэгтэй болгосон. Барилга орон сууцны албаныхан төмөр замчдынхаа баяраар 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж, гүйцэтгэл нь  40 орчим хувьтай явж байна. Шинэ хичээлийн жилд найман бүлэгтэй 200 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оруулах зорилттой байгаа.

Хоёр сарын дараа энэ хичээлийн жил дуусна. 27 цэцэрлэгийн 4200, сурагчдын дотуур байрны 140 орчим хүүхдэд 2024-2025 оны хичээлийн жилд бид  эрүүл аюулгүй, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийг зорьж ажилласан. Хүүхдийн эрх зөрчигдсөнгүй. Эцэг эхчүүдийн сэтгэл ханамж өндөр байна гэдэг хамгийн том үнэлгээ. Бидний ажлыг эцэг эхчүүд л үнэлнэ. Ирэх жил 1000 орчим хүүхэд нэгдүгээр ангид дэвшин суралцана. Дотуур байрнаас найман хүүхэд их дээд сургуульд орох шалгалтаа өгнө. Маркетингийн албатай хамтраад бүх эцэг эхчүүдээс сэтгэл ханамжийн судалгаа авна. Тэр судалгаагаар 2025-2026 оны хичээлийн жил эхлэхэд ээж аавууд юу хүсэж, хүлээж байгаа нь тодорхой харагдана. Ямар санал хүсэлт, үл тохирол байна гэдгийг засаж сайжруулан ажлын төлөвлөгөөндөө оруулаад явдаг. Ажлын амжилт бүтээл, ээж аавуудын урмын үгээр дүүрэн Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөө угтана даа.

 

Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

 

 

П.Түмэндэмбэрэл

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.