Нүүр Ярилцлага Камерын нэгдсэн дата төвтэй болох цаг иржээ
Ярилцлага

Камерын нэгдсэн дата төвтэй болох цаг иржээ

G.Press 1 жилийн өмнө 164 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Өнгөрсөн Пүрэв гарагт холбооны шалган турших тасгийн туршлага солилцох сургалт Дохиолол холбооны II ангид боллоо. Замын хэмжээнд дохиолол холбооны гурван анги байдаг. Анги болгонд холбооны шалган турших тасаг гэж бий. Энэ жилээс анх удаа Дохиолол холбооны II ангийг түшиглэж холбооны тэргүүн туршлагын сургууль гэж зохион байгуулж байна. Уг үйл ажиллагаанд Дохиолол холбооны албаны холбоо хариуцсан ахлах инженер, дохиолол холбооны лабораторийн дарга, холбоо хариуцсан инженерүүд, гурван аймгийн холбооны шалган турших тасгийн инженер, ангиудын удирдлагуудаас гадна яг тэр шалган турших тасаг дотор үйл ажиллагаа явуулдаг камерын сүлжээний технологийн холбооны инженерүүд гээд албаны хэмжээнд нийт 40 орчим хүн оролцов.

 

Холбооны шалган турших тасгийн туршлага солилцох сургалтын үеэр УБТЗ-ын Дохиолол холбооны албаны ерөнхий инженер Б.Баатаржаргалтай уулзаж ярилцлаа.

 

-Туршлага солилцох сургалтын үеэр юунд гол анхаарал хандуулав?

 

-Сүүлийн үед УБТЗ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулаад зам дээр ажиллаж байгаа замчид, холбоочид, эрчим хүчний ажилчдыг хоорондын замд ажиллах үед нь галт тэрэгний хөдөлгөөнөөс болгоомжлох, ХАБЭА болон хөдөлгөөний аюулгүй байдлын хувьд эрсдэлт нөхцөлд оруулахгүйн тулд  Дохиолол холбооны II ангийн Холбооны шалган турших тасгийнхан галт тэрэгний хөдөлгөөний ойртолтыг мэдээлэх төхөөрөмжийг санаачилж хийсэн. Бригадуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор тоон тетро радио систем буюу зам хоорондын дунд байгаа өндөр цамхаг дээрх антенны байгууламжид холбогдох тетрогийн сувгийг ашиглаад гол тоологч төхөөрөмж хийсэн. Энэ төхөөрөмжийг тухайн ажиллаж байгаа бригадын хоёр талд тус бүр мянган метрт тавьж, радио сувгийг ашиглан ажил удирдаж байгаа бригадын даргын радио станцад болон гарт нь зүүлгэсэн бугуйвчинд давхар дохиолол өгөхөөр хийсэн.

Уг бүтээлээрээ бид энэ жилийн ШБАЗ-ын уралдаанд бас амжилттай оролцож, бүтээлч хамт олон, албаар шалгарсан. Замын хэмжээнд сэргээн босгох ажил явагддаг. Жишээлбэл сүүлийн жилүүдэд үер усны улмаас зам угаагдах тохиолдол хэд хэд гарсан. Энэ тухай шуурхай мэдээллийг дамжуулахад хоорондын замд сүлжээтэй, сүлжээгүй, шонтой шонгүй, гээд янз бүрийн нөхцөлөөс шалтгаалж, бэрхшээл учирдаг. Иймд бид өнгөрсөн жил албан дотроо 150 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд гурван ангидаа бага оврын цахилгаан үүсгүүр, эвхэгддэг зөөврийн цамхаг, хяналтын камер бүхий авто чиргүүл хийсэн. Үүнийг машиныхаа араас чирч очоод л дизелиэ асаагаад, гидрдээд, цамхгаа өргөөд, одоо камераа суурилуулж, шууд гэрэлтүүлэн мэдээллээ дамжуулдаг болсон. Үүнтэй яг адилхан авто чиргүүлийг манай Дохиолол холбооны II анги дээр бас хийсэн.

Үүнтэй манай гурван ангийнхан өнөөдөр цуглаж, танилцаад тодорхой мэдээлэл солилцож, туршилтын үед гарсан ололт амжилт, анхаарах зүйлсийн талаар ярилцлаа.

 

-Өнөөдөр Замын хэмжээнд камерын хяналтын систем бүрэн нэвтэрч чадсан уу? Шийдвэрлэх ямар асуудал байна вэ?

 

-Сүүлийн 15 жилийн хугацаанд эрчимтэй нэвтэрч байгаа камерын хяналтын асуудлыг тусад нь нэг аж ахуйн хэмжээнд авч үзэх цаг болсон. Манай дохиолол холбооны алба нь технологийн зориулалттай камер буюу өнөөдрийн техник ашиглалтын журамд зааснаар жижүүрийн өрөөний, зам паркийн, гармын, зүтгүүрийн, зорчигчийн, тавцангийн гэх мэт аюултай бүс, бусад онцгой объектуудыг камерын байгууламжаар хангах үүрэгтэй.

Сүхбаатар, Улаанбаатар зэрэг том өртөө, зангилааг камерын байгууламжаар бүрэн хангаад байна. Цаашдаа манай албанаас 2030 он хүртэл Замын хэмжээнд объектуудыг камержуулахад найм орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Дээр нь энэ олон камерыг арчлаад явах орон тооны ажилтнууд хэрэгтэй. Замын хэмжээнд камерын нэгдсэн дата төв хаана байх хэрэгтэй вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Бидний төсөөлж байгаагаар УБТЗ-ын Удирдах газар дахь диспетчерийн нэгдсэн удирдлагын төвийг түшиглэж камерын нэгдсэн дата төв байгуулах санал гаргасан байгаа.

Саяхан болж өнгөрсөн ХАБЭА-н сарын аян “Хиймэл оюун ухаан ба цахимжилт” гэсэн уриан дор болж өнгөрлөө. Иймд цаашдаа нэгэнт камерын нэгдсэн хяналтад орчихсон газруудад хиймэл оюун ухаан буюу AI программыг хэрхэн яаж ашиглах талаар манай гурван ангийн инженер, техникийн ажилтнууд, камерын инженерүүд, сүлжээний мэргэжилнүүд, программистууд ярилцлаа.

Одоо маш олон төрөл төрлийн камер ашиглаж байгаа учраас бүгдийг нь нэгдсэн серверт холбоход хүндрэлт гарч байна. Серверт холболоо гэхэд зөвхөн өөрийнхөө системийн үйл ажиллагаа, тухайн камераа дэмжинэ үү гэхээс өөр системийн камерийн дүрс харж бичихээс бусад гаднах зүйлсийг дэмждэггүй. Ийм олон асуудлын шийдлийг олохын тулд бид дотроо ярилцаж байна. Ер нь серверийн программ нь AI талдаа илүү ажиллах ёстой юм гэдэгт санал нэгдээд байна. Өөрөөр хэлбэл, бүх төрлийн камерыг серверт уншихад нэгдсэн тохиргоо буюу синхронизаци хэрэгтэй гэсэн. Энэ тал дээр өнөөдөр маш их ажиллалаа.

 

-Шугам замд энэ чиглэлийн мэргэжилтнүүд хэр байдаг юм?

 

-Нарийн мэргэжлийн хүмүүсийн хүрэлцээ гэхээр манайх чинь дотроо сүлжээний инженер гэхэд ганцхан хүн байдаг. Гэтэл энэ сүлжээний инженер нь ААН албан байгууллагуудын одоо хэрэглээний сүлжээ талдаа дотоод сүлжээнд түлхүү ажиллахаас цаашгүй. Гэтэл УБТЗ өөрөө асар том бүтэцтэй, түүнийгээ дагаад маш өргөн хэмжээний сүлжээтэй болчихоод байдаг. Технологийн сүлжээ, радио холбооны сүлжээ, тетро, тоон системийн сүлжээ гэх мэт. Энэ олон сүлжээ бол яг нарийн мэргэжлийн сүлжээ юм. Манайд ийм нарийн мэргэжлийн хүн дутмаг байна. Гэтэл Улаанбаатарын нэгдсэн удирдлагын төв дээр сүлжээний дата төв байгуулах ёстой болж байна. Энэ төвөөс бүх төрлийн сүлжээг 24 цаг хянах ёстой. Одоо бид нэг ахлах инженертээ хөдөлгөөний аюулгүй байдлын шуурхай мэдээ мэдээлэл үндсэн үйл ажиллагааг даатгаад, дээр нь диспетчер гээд хэдэн хүн байгаа болохоос биш яг нарийн тоног төхөөрөмжийнх нь сервер, сүлжээ, энэ бүгдийг хянадаг инженер алга. Иймд энэ талаар Замын удирдлагад бид саналаа өгсөн байгаа. Жишээ нь, ТЗДС -д энэ чиглэлийн анги нээх ч юм уу, эсвэл богино хугацааны сургалт зохион байгуулах санал гаргасан

Холбоо маш өргөн ойлголт. Радио технологийн тоон сүлжээ асар өндөр хурдацтай хөгжиж байна. Өнөөдөр нэг төрлийн камер авлаа гэхэд тэр камертай зохицох бусад төхөөрөмжүүд нь  жилийн дараа гэхэд л өөрчлөгдөж байна. Иймд бид өөрсдөө орчин үеийн хөгжилтэй зэрэгцэн хөгжих бааз суурьтай болох хэрэгтэй байна. Ялангуяа, дэлхий дахины нөхцөл байдлаас харахад олон юм манай хоёр хөршөөс хамааралтай байгаа үед энэ анги дотроо байдаг байгууллагуудын ахуйн хэрэглээний сүлжээ гэхээсээ илүүтэй УБТЗ-ынхаа технологийн сүлжээний хамгаалалтыг сайжруулахад онцгой анхаарах цаг болжээ. Ер нь, сүлжээ маань шилэн кабелиар л холбогдчихвол дэлхийн бүх газартай холбогдчихлоо гэсэн үг биш. Одоо гадны халдлага нээлттэй байна. Иймд орчин үетэйгээ зэрэгцэж хөгжих дэвших л шаардлагатай байна.

 

- Ярилцлага өгсөнд баярлалаа.

 

 

Дохиолол холбооны II ангийн дарга Ц.Цэнгэлжаргал:

 

-Дохиолол холбооны албаны хэмжээнд гурван анги байдаг. Манай анги гол замын 292-554 дүгээр км хооронд болон Багануурын салбар замтай нийлээд 24 өртөө, зөрлөгт дохиолол холбоог хариуцан ажилладаг. Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдарч байна. Мөн төмөр замын галт тэрэгний хөдөлгөөний боловсруулалтын ихэнх хэсгийг Улаанбаатар өртөө, Толгойт өртөөнд хийдэг. УБТЗ-ын хэмжээнд байгаа 70 орчим салбар нэгжийн ихэнх нь Улаанбаатар хотод байна. Тэр бүх байгууллагуудад суурилуулсан хяналтын камеруудын бүрэн бүтэн байдлыг хангаад зогсохгүй цаана нь байгаа технологийн зориулалттай камерууд, өртөө, зөрлөгийн камер, гармын камер, зүтгүүрийн камерууд, цэцэрлэг, сургуулийн камерууд гээд маш олон камерыг хариуцан ажиллаж байна. Яг үнэндээ камерынхаа тоог мэдэхийн аргагүй болоод байна. Энэ хэмжээгээр манай анги маш их ачаалалтай ажилладаг.  

 

Дээр нь Улаанбаатар хотын энэ түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалттай холбогдуулаад манай ангийн ачаалал улам нэмэгдсэн. Цаашдаа энэ камерийн аж ахуйг тасаг цех болгож өргөжүүлэх хэмжээнд хүрээд байна.

Манайх бүхэл бүтэн 24 өртөө, зөрлөгийн технологийн холбоо, камер, радио холбоог хариуцаж байгаагийн хувьд аливаа, засвар үйлчилгээг богино хугацаанд хийж гүйцэтгэхэд шаардлагатай шинэ санаа, шийдэл гаргах гэж хичээн ажилладаг.Түүнчлэн гэмтэл гарах эрсдэлийг нь урьдчилан сэргийлэхийн тулд одоо ашиглаж байгаа тоног төхөөрөмжийнхээ гэмтэл, доголдлыг эрт илрүүлж, засаж, сайжруулах вэ гэдэгт онцгой анхаарч байна.

Одоо манай ангийн хариуцаж байгаа аль нэг өртөө, зөрлөг дээр нь гэмтэл гарлаа гэхэд эндээс инженер яваад очиж засна гэвэл хотын түгжрэлээс гарах гэж хэчнээн цаг зарцуулах вэ? Ийм нөхцөлд өртөө, зөрлөг дээр байгаа технологийн болон холбооны чиглэлийн бүх төхөөрөмжүүд  найдвартай ажилладаг байх ёстой. Тэжээлийн хувьд ч найдвартай холболттой зөв газраасаа өгөгдсөн байх ёстой. Үүний тулд арай хялбар маягаар схемийн шийдлүүдийг олж, шинэчлэх гэж бид ажиллаж байна. Бид сүүлийн хоёр жилийн хугацаанд бүх хуучин холбооны шкафыг сольж, цоо шинэ серверийн зориулалттай хайрцагт орууллаа. Чанга яригчийн өсгөгч гэх мэт бусад зүйлсийн схемийг хийж, маш хялбар болгосон. Ингэж нэгдсэн нэг схемд оруулчихаар хүн харахад ч ойлгомжтой үйлчилгээ хийхэд ч хялбар цэвэр үзэмжтэй болж байгаа. Ер нь цаашдаа манай анги төмөр замд нэвтэрч байгаа менежментийн нэгдсэн тогтолцоо руу шилжихэд бүхий л ажлаа чиглүүлж байна. Энэ бүхэнд манай ангийн нийт 249 хүний хүч, оролцоо, сэтгэл бүгд шингэсэн байгаа. Энэ туршлага солилцох сургалтаар манайх бусад хоёр ангийн инженерүүдэд зөвхөн нэг тасгаа л үзүүлж, сүүлийн хоёр жилд хийсэн шинэ бүтээлүүдээ танилцууллаа. Манай бүх тасагт хяналтын системийн чиглэлээр шинэчлэлтийн ажил жигд хийсэн байгаа.

 

 

Дохиолол холбооны I ангийн ерөнхий инженер Т.Цогбадрах:

 

-Энэ удаагийн “Тэргүүн туршлагын өдөрлөг”-өөр Дохиолол холбооны II ангийн Шалган турших тасгийн хамт олны хийж бүтээсэн олон зүйлтэй танилцлаа. Хэдийгээр нэг албаных ч гурван өөр аж ахуйн нэгж гэдэг утгаараа тус тусдаа ажлаа хийж, уулзаж шинэ туршлага солилцох нь ховор. Нэг ажил дээр шинэ санал гаргасан ч өөр өөрийнхөө санаж сэдсэнээр янз бүр байдаг. Өөрийн ангидаа хийсэн зарим зүйлээ энд хараад “Дутуу л сэтгэж дээ, бид” гэх тохиолдол байна. Эднийд ч бас дутагдалтай хийсэн зүйл харагдаж л байна. Тиймээс ийм уулзалтыг ойр ойрхон зохион байгуулан харилцан туршлага солилцож, нэг стандарт загварт оруулах нь зүйтэй гэж харлаа. Дохиолол холбооны II ангийнхан галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн, мөн онцгой тохиолдолд ашиглах зөөврийн багаж төхөөрөмж, хөнгөн чанарын антенн, гэрлийн матч, камер суурилуулах багана зэрэг хийсэн байна. Шуурхай ажлын үед мотортой том чиргүүлтэй очих боломжгүй газарт авч очоод машиныхаа хураагуураас тэжээн хамгийн эхний холбоог байрлуулж, дүрсийг дамжуулах төхөөрөмжийг оновчтой зөв шийджээ. Энэ санааг бид шууд авч хэрэгжүүлнэ. Манай анги боловсон хүчний хувьд их шинэчлэгдэж, дандаа залуус болсон. Залууст шинийг санаачлах сэдэл хэрэгтэй. Бодит байдалд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, зурмагийн тасалдал, галт тэрэг барилаа гэх мэт өдөр тутмын ажлаар дарсаар байгаад шинийг сэдэх, бүтээлч ажил хийх цаг зав олгодоггүй дутагдал байдаг. Харин залууст сэдэл өгч, жижигхэн зүйл санаачилсан ч тэр нь асар том үр дүн өгч болно гэдгийг ойлгуулах, уриалахад энэ өдөрлөг ач холбогдолтой юм.

 

 

Дохиолол холбооны III ангийн ерөнхий инженер С.Түмэнбаяр:

 

-Би шинээр хийсэн ажлуудтай нь танилцлаа. Шууд авч хэрэгжүүлэх ч, дахиад илүү сайжруулах ч зүйл байна. Жишээ нь, камерын системийн асуудлыг УБТЗ-ын хэмжээнд ямар байх юм гэдэг цогцоор нь шийдэхгүй бол өртөө, зөрлөг, байгууллага бүр өөр хийж байна. Сүүлдээ ижил буруу, үхрийн бөөр шиг юм болбол эргээд нэг систем болж ажиллахгүй. Камерын системийг жил бүр сайжруулахгүй бол болдоггүй. Программ болон техник хангамжийн талд нь анхаарах ажлын хэсэг байгуулахаар боллоо. Үүнийг цаашид УБТЗ-ын хэмжээнд хөтөлбөр болгон хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, аваарын сэргээн босгох үед ашиглах зөөврийн камер, мотор ажиллуулах жижиг хайрцагтай төхөөрөмж хийсэн нь аятайхан санагдлаа. Мөн 24 вольтын тэжээлийн асуудал багасаад 48-аар тэжээгддэг болсон. 24 вольтод тэжээгдэж буй багахан юмыг хуучин шиг өндөр амперын аккумлятор, шулуутгагчаар биш, 48 вольтоос 24 гаргах шийдэл танилцуулсан нь эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй зөв зүйл байна. Бусад ангид ийм туршлага солилцох өдөрлөг зохион байгуулж, гарсан асуудлуудаа улам сайжруулаад явбал зүгээр юм гэж харлаа. Цугласан олон инженерээс шинэ төхөөрөмж, шинэ санаачилгуудыг илүү сайжруулах талд янз бүрийн зөв зүйтэй санал гарч байна. Энэ нь цаашид илүү сайн үр дүнд хүрэх байх. Манай хувьд ч сэргээн босгоход зориулсан машин тоноглож буйгаа танилцуулсан.

 

Г.Энхбаатар 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.