Нүүр Дугаарын сурвалжилга ИХ МОНГОЛ УУЛЫН ХҮҮ
Дугаарын сурвалжилга

ИХ МОНГОЛ УУЛЫН ХҮҮ

G.Press 2 жилийн өмнө 82 үзэлт 0 сэтгэгдэл

                                                 

Замын даргын үзлэгийн комиссыг угтан цэрэг эрс зэрэгцэн жагсаж, “Ноомхон...!Зэрэгц дундаа” командын дор нэгдэв. Энэ жагсаал жил бүрийн хавар, намар хоёр давтагддаг билээ. Жагсаалын  өмнө команд авч буй  эрхмийг Толгойт Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн дарга Шагдарын Дашзэгвэ гэдэг. Тус ангийнхны хүлээсэн үүрэг бол Толгойт-Шатан хоорондын замд аюултай бүсийн дэглэмийг сахиулж, галт тэрэгний ачаа барааг хамгаалах юм.Ш.Дашзэгвэ 1976 онд Монгол орны төв цэг буюу Өвөрхангай аймгийн Бүрд суманд малчин Л.Шагдар, Н.Янжиндулам нарын хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Хүүхэд нас нь хөдөөгийн малчин айлын хүүхдүүдийн л адил малын зах эргүүлж, морин дэл дээр дарцаглаж өнгөрсөн гэх. Тэрбээр, “Нэг ах, дөрвөн дүүтэй. Бидний тав нь эрэгтэй. Манайх адуу малтай, аав маань “Аймгийн алдарт уяач” хүн бий. Олон тэрсхэн хөвгүүд дэггүйтэхдээ дэггүйтэж л өссөн дөө. Дүү нар хурдны морь их унана. Харин намайг бие томтой болохоор наадмаар хүүхэд дутсан үед л хааяа их насанд мордуулдаг байлаа” гээд инээв. Ш.Дашзэгвэ сумандаа наймдугаар анги төгсөөд 1992 онд Улаанбаатар хотод ирж 18 дугаар сургуульд аравдугаар ангиа дүүргэсэн байна. 2000 онд ШУТИС-ийг авто инженерээр төгссөн ч мэргэжлээрээ ажиллаагүй. Харин төмөр замтай ажил амьдралаа холбоод 19 дэх жилдээ орж буй аж. Энэ тухайгаа “Анх 2004 онд төмөр замд паркийн харуулаар орж байлаа. Тэгээд 2010 оноос хойш энэ ангийн даргаар ажиллаж байна. Оюутан байхдаа дотоод шаталт хөдөлгүүрийн инженер учир Улаанбаатар татах хэсэгт дадлага хийж байсан. Тиймээс төмөр замын талаар бага зэрэг ойлголттой. Хадам ах маань ЦХОБА-ны орлогч даргаар олон жил ажилласан Ө.Дэлгэрсайхан гэж хүн бий. Энэ хүнийг даган төмөр замчин болсон” хэмээн хуучлав. Улаанбаатар хот жил ирэх тусам оршин суугчдын нягтаршил ихсэж, төмөр зам хөндлөн гарах явган зорчигч, авто машины ачаалал нэмэгдсэн. Тэр хэрээрээ галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын эрсдэл өсөж осол, зөрчил нэлээд гаргадаг болсон. Харин Замын захиргааны зүгээс төмөр замын гармуудад эрсдлээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулан холбогдох алба, хэлтэс, аж ахуйн нэгжүүд нэмэлт төхөөрөмжөөр тоноглож, зөвшөөрөлгүй гарам, гарцуудыг хаагаад байгаа юм. Ш.Дашзэгвэ “Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс гарам, гарцын талаар манай алба судалгаатай, бодитой асуудлуудыг Замын удирдлагад тавьсны хүчинд Толгойт-Амгалан хоорондын замын эрсдэлтэй цэгийг багасгах, хашаажуулах нэлээд ажил хийж байна. Анх намайг ажилд орсон үеийг бодвол эрсдэл маш их хувиар буурсан. Тэр үед Толгойт-Амгалан хооронд зуу гаруй гарцтай байлаа. Иргэд замбараагүй холхино. Орон нутгаас ирсэн зарим хүн галт тэрэг гэж ямар унаа болохыг ч мэддэггүй. Хүн харахаараа тоормос гишгээд машин шиг зогсчихно гэсэн ойлголттой хүн олон таардаг байлаа. Харин танилцуулга, сэрэмжлүүлгийг мэдээллийн олон сувгаар хүргэдэг болсноор хүмүүсийн ойлголт харьцангуй сайжирсан. Жил бүрийн Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг угтаж их ажил хийдэг. Гэрэлтүүлэг, дохиолол холбоо, камерын хяналт сайжирсан. Толгойтод явган хүнд зориулсан хоёр хонгилон гарцтай боллоо. Энэ хэрээрээ бидний ажил ч хөнгөрсөн” хэмээв. Түүнээс хувь хүн, аж амьдралынх нь талаар ямар ч асуулт тавьсан яаж ийгээд л ажлаа ярих аж. Үнэндээ өдөр тутамдаа галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, ачааны бүрэн бүтэн  байдлыг хангах, ард иргэдийг  эрсдлээс урьдчилан сэргийлэх ажилд үргэлж сэтгэлээ чилээж явдаг учир энэ л ажил нь түүний яриа хөөрөөнд бат шингэжээ. “Бид баяр ёслолоор ч амарч чаддаггүй. Төмөр зам дагуу түр цэгүүдэд жижүүрлэн ажиллаж иргэдийг аюултай бүс рүү нэвтэрч эрсдэлд орохоос хамгаалдаг. Манайх 20 хүнтэй, дийлэнх нь цэргийн алба хааж, галт зэвсэг хэрэглэх гэрчилгээтэй, чадварлаг залуус бий”хэмээн хамт олноороо бахархах. Мөн“Галт тэрэгний зам парк дээр хөдөлгөөнтэй холбоотой ажил эрхэлдэг хүмүүс сэтгэл санаа нь тайван байх ёстой. Удирдагч хүн ажилтныхаа сэтгэл санааны байдлыг мэдэж байх хэрэгтэй. Сэтгэлзовнилтой хүн аюул осолд ойрхон байдаг. Тиймээс уулзаж ярилцаад, тулгамдсан асуудлыг нь хамтын хүчээр шийдвэрлэхийг эрмэлздэг. Ар гэрийнхэнтэй нь чжилднэг удаа уулзан ажлын онцлогийг нь танилцуулж, ярилцдаг даа” гэв. Түүний удирдсан анги сүүлийн жилүүдэд албаныхаа хөдөлмөрийн уралдааны тэргүүн, дэд, шагналт байрт тогтмол орж байгаа юм.

Ш.Дашзэгвэтэй хаана ч уулзсан инээмсэглэл түгээж явдаг болохоор нь  аав ээжийнх нь сургаал, өсөж төрсөн нутаг усныхных нь зан заншил, ёс суртахуунтай холбоотой болов уу хэмээн боддог юм. Өвөрхангай аймгийн Бүрд сум бол бахархах зүйл, алдартан олонтой. Их Монгол уул, Ширээт цагаан нуур, Элсэн тасархай гээд байгалийн үзэсгэлэн бүрдэж, хангай говь хосолсон нутаг. 1639 онд Ширээт цагаан нуурын хөвөөнд Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү таван настай Ишдоржийн сэвлэгийг үргээж, Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залаад Өндөр гэгээн Занабазар хэмээн өргөмжлөн Шар ордныг байгуулсан түүхтэй. Шар ордныг байгуулсан нь Монгол Улсын өнөөгийн нийслэлийн шав тавьсан газар гэж үздэг бөгөөд 1999 онд тус газарт гэрэлт хөшөө босгосон билээ.Тус сум Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж, Их Монгол хэмээн алдаршсан даян аварга Х.Шаравжамц, улсын начин Ш.Галсан, С.Мандах зэрэг урлаг, спортын алдартан олонтой. Энэ л алдарт нутгаараа Ш.Дашзэгвэ бахархаж, “Сум руугаа хотоос 300 гаруй км давхиад л хүрнэ. Амралт чөлөөт цаг л гарвал явдаг юм. Хүн ер нь нас ахихынхэрээр нутаг амьтай болдог юм байна. Аав, ээж хоёр маань сүүлийн жилүүдэд хотод амьдарсан ч зуны цагт заавал нутагтаа зусдаг болсон. Одоо ч аав хөдөө зусаж байгаа. Ээж маань гурван сарын өмнө бурхан боллоо. Хэдийгээр дүү нар дэргэд нь байгаа ч аавд хэцүү л байх шиг” хэмээн алсыг ширтэн нүднийх нь буланд нулимс гялтганав. Аавынх нь талын ахан дүүс жил бүр Их Монгол уулыг тахидаг уламжлалтай гэнэ. Өнөө жил нэг авга ахынх нь тахих ээлжтэй, долдугаар сарын 16-нд цуглахаар цаг товлосон байна. “Морь уралдуулж, бөх барилдуулна.Зон олноороо ууландаа цуглаад сайхан шүү” гээд шуугиант их хотодбайгаа хэр нь нутгийнхаа зүг хараачлан, Их Монгол уулаа сэтгэлдээ тольдож буй нь илт хэсэг чимээгүй сууснаа “Манай нутгийнхныг үргэлж ивээж, дааж явдаг хайрхан даа” гэв.Ээж нь есөн дүүтэй, айлын том охин, их уран гартай хүн байж. Хүүхдүүдийнхээ дээл, өмд, цамц, гутал гээд бүх хувцсыг нь оёж өгнө.Аав нь ч олуулаа. Айлын том, бүр ихэр гэнэ. Тэрбээр, гэр бүл, бага насныхаа тухай “Нэг эрэгтэй дүү хувиараа тээврийн тэрэг барьдаг ажилтай. Бусад нь бүгд малчин болсон. Аав маань хөвгүүдээ зөв үйлдлээрээ л сургасан. Хааяа болохгүй бол ээж л жавтий хүртээнэ. Надаас хоёр насаар ах, ээжийн хамгийн бага дүүтэй би их тоглодог байлаа. Таван настайд аав түр цэрэгт явсан байж. Нэгдлийн олон малын өвсийг машин, машинаар нь авчраад буулгачихдаг. Тэгсэн ээж малын бэлчээрээс дурандаж суутал бид хоёр өвсөн дунд орчихсон утаа гаргаад байж гэнэ. Гүйгээд иртэл аавын хайрцагтай тамхийг хоёулаа татаж байхгүй юу. Түймэр тавьчихаагүй нь зол. Бид хоёр ээжээс жавтий хүртэж, баахан сургамж сонссоноо санадаг юм.Магадгүй тэр сургамж нөлөөлсөн үү, би өнөөг хүртэл тамхи татаагүй. Дүү нар ч татдаггүй” хэмээн хүүхэд насны дурсамжаасаа хуваалцав. Мөн “Дунд ангидаа эд аж ахуйн дарга болж, сандал ширээ эвдэрвэл засдаг байлаа. Дээр нь дотуур байрандаа зөвлөлийн дарга. 150 гаруй хүүхдийг хариуцдаг том албан тушаал шүү дээ. Өглөө, орой дасгал хийлгэнэ. Ариун цэвэр сахиулна. Эрт унтуулж, сурлага муутайг нь дээд ангийнханд хариуцуулж, үе үе шалгана гээд ажил их. Наймдугаар ангид байхад заалны барилдаан болон сумын наадамд бөх дутвал томчууд “Чи том биетэй юм чинь барилд, бүс бүслээд гар” гэнэ. “Том биетэй ч хүүхэд юм чинь яаж гавих билээ дээ” гээд инээв.

Ш.Дашзэгвийн эхнэрийг Ө.Өлзийсайхан гэдэг. Худалдааны мэргэжилтэй, Улаанбаатар худалдааны шугам замын дэлгүүрүүдэд цөөнгүй жил ажилласан байна. Тэднийх хүү охин хоёртой. Хүү Д.Нармандах нь мужаан. “Монгол ур чадвар” 2014, 2015 тэмцээнд түрүүлэн Бразил улсын Сан Пауло хотод болсон “Дэлхийн ур чадвар”-ын олимп гэгддэг томоохон тэмцээнд оролцон медалийн сэжүүрээс атгаад алдсаныг Монголчууд мэдэх болов уу. Харин охин Д.Далайжаргал нь Зорчигчийн вагон депод үйлчлэгчээр ажилладаг аж. Хоёр хүүхэд нь амьдрал зохиож аав, ээжийгээ дөрвөн зээ, нэг ачтай өвөө эмээ болгожээ. Энэ тухай Ш.Дашзэгвэ “Миний ач зээ нар намайг өвөө гэдэггүй. Бүдүүн аав л гэнэ. Багаасаа тэгж хэлээд сурсан юм” гээд инээлээ. Түүнтэй ярилцаж ахуйд “Хар хорын бодолгүй хүн үргэлж инээж явдаг юм” гэж аавын маань хэлж байсан үг чихнээ сонсогдох шиг боллоо. Мөн ач зээ нарынх нь дууддагаар тэр хамт олондоо ч “Бүдүүн аав” нь юм байна дээ гэж бодогдов.

 

 

М.НАРАНБОЛД

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.