Нүүр Цаг үе Ирэх намрын тариалалтад сая гаруй тарьц нийлүүлэх нь
Цаг үе

Ирэх намрын тариалалтад сая гаруй тарьц нийлүүлэх нь

G.Press 2 жилийн өмнө 91 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

УБТЗ-ын хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг дэмжиж, дөрвөн сая мод тарих үүрэг авсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төмөр замчдын хувьд гол түшиц, бааз суурь нь Зүүнхараа дахь Мод Боловсруулах үйлдвэр. Тус үйлдвэрийн хувьд өнгөрсөн жилээс мод үржүүлэх, тарьц бэлтгэх ажилд өргөн фронтоор орсон билээ. Энэ талаар тус үйлдвэрийн дарга Ю.Ганхуягаас тодрууллаа.

 

Түүний танилцуулснаар тус үйлдвэрийн хамт олон энэ хавар мод үржүүлгийн талбайгаа дахин өргөтгөжээ. Тухайлбал, Номт дахь мод үржүүлгийн талбайгаа хоёр га-гаар, 246 дугаар км дэх үржүүлгийн талбайгаа 1.4 га-гаар өртгөтгөж, хаврын тариалалтаа хийж байна.

246 дугаар км дэх талбайдаа агчны үр 17.8 кг, шар хуайсны үр 28.8 кг, бургасны суулгац 46900, улиасны суулгац 47750, шар хуайсны суулгац 7700,  дээр нь хайлаасны үр 80 кг-ыг тарихаар бэлтгэж байна. Мөн энэ талбайд өнгөрсөн онд улиасны суулгац 17847, бургас 12552, хайлаасны 2000 суулгаснаа бойжуулж байгаа аж.

Номт дахь мод үржүүлгийн талбайнхаа энэ жилийн тариалалтыг энэ сарын 8-наас эхлүүлжээ. Уг талбайд шинэсний үр 5 кг, нарсны үр 16 кг, хайлаасны үр 80 кг-ыг тарих гэнэ. Үүний зэрэгцээ уг талбайд өнгөрсөн онд тарьсан шинэсний 2063250, нарсны 48750, хайлаасны 202500 суулгац бойжиж байгаа юм байна.

Мөн үйлдвэрийн хашаан дахь үржүүлгийн талбайн энэ хаврын тариалалт дуусах шатандаа явна. Энэхүү талбайдаа агчны үр 10.8 кг, шар хуайсны үр 2.6 кг, моносны үр 3.4 кг, голт борын үр 2.9 кг, мөн шар хуайсны 500 мөчир, мөн хайлаасны үр 60 кг-ыг тарихаар бэлтгэсэн юм байна.

Үүний зэрэгцээ хайлаасны үр түүлтийн ажлаа ч амжуулж, одоогийн байдаар180 кг үр түүсэн байна.

Харин төвийн мод үржүүлгийн талбайд нь өнгөрсөн онд тариалсан хоёр настай агчны суулгац 93000, шар хайсны суулгац 1773, Монгол сакура гэгддэг гүйлсний суулгац 318, гоёлын цэнхэр гацуурны суулгац 1500, хайлаасны суулгац 134000, буйлсны суулгац 5700 бойжиж байгаа гэв.

“Тэрбум мод үндэсний хөтөлбөрөөс гадна тус үйлдвэрийнхэн 2023 онд ойгоос бэлтгэх модны зөвшөөрлийн дагуу Сэлэнгэ аймгийн Түшиг болон Ерөө суманд шинэсний 80500, нарсны 50000 суулгацаар ойжуулалтын ажлыг гүйцэтгэжээ.

Энэ хаврын тариалалтад төмөр замын аж ахуйн нэгж байгууллагуудад улиасны 3330, бургасны 1863, агчны 3017 тарьц нийлүүлж, эндээс 22.4 сая гаруй төгрөгийн орлого олсон байна. Мөн гадны байгууллагад 300 тарьц худалдан борлуулжээ. Энэ жилийн тухайд юун түрүүнд төмөр замынхаа аж ахуйн нэгжүүдийг модны тарьцаар хангахыг зорьжээ. Ирэх оноос зах зээлд тарьц ахиу нийлүүлэх боломжтой болно гэж үйлдвэрийн дарга танилцууллаа.

Ийм их ажлыг гүйцэтгэхэд танай байгууллагын хүн хүч хүрэлцэж байна уу гэхэд “Мод үржүүлгийн гурван талбайд үйлдвэрийн үндсэн ажилчдаас гадна төмөр замын Полтехник коллежийн 45 оюутан ажиллаж байна. Хүн хүчээ зузаатгах үүднээс тус сургуультай гэрээ байгуулж, хоёр ээлжээр оюутнууд авч ажиллуулж байгаа юм. Эхний ээлжийн 45 оюутан ирээд ажиллаж байна” хэмээв.  Мөн улс орон даяар өрнөж буй үндэсний хөтөлбөрийг Замын захиргаа бүх талаар дэмжин ажиллаж байгаагийн хувьд тус үйлдвэрт үе шаттай хөрөнгө оруулалт хийж байгаа юм байна. Энэ жил л гэхэд Замын хөрөнгө оруулалтаар иж бүрэн усалгааны системийг мод үржүүлгийн талбайнуудад суурилуулж байгаа гэв.

Ирэх намар тус үйлдвэрийн хамт олон шинэсний 800 000, нарсны 40 000, агчны 93 000, бургас, улиасны суулгац нийлээд 80 000, хайлаасны 350 000, шар хуайсны 1773, гүйлсний суулгац 318, цэнхэр гацуурны 1500, буйлсны 5700 гэх зэргээр сая гаруй тарьц гаргахаар бэлтгэж байна.

Ю.Ганхуяг даргаас хавар, намрын тариалалтад анхаарах гол зүйл нь юу вэ гэдгийг лавлахад “Хавар ургалтын нахиа хөөхөөс өмнө модыг унтаа байхад нь тарих хэрэгтэй. Энэ хаврын хувьд цаг агаар их хүйтэн, газар гэсэхгүй удсан тул мод тарилтыг маш богино хугацаанд хийх шаардлага үүссэн. Ер нь, намрын тариалалтыг модны ургалт зогссоны дараа хийж, цэнэг усалгааг сайн хийчихвэл хаврын тариалалтаас ургалтын хувь нь илүү байдаг талтай” гэсэн зөвлөгөөг өглөө.

  

  

Ч.Нямсүрэн: Замын II ангийн хэмжээнд тарьсан модны ургалт 90-ээс дээш хувьтай байгаа

 

Замын II ангийн Ойжуулах цехийн ойн техникч Ч.Нямсүрэнгээс “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг тус ангийнхан хэрхэн хэрэгжүүлж буй талаар тодрууллаа.

 

-Хаврын тариалалтаар танай ангийн хувьд хэчнээн мод тарив?

-Энэ хавар манай Ойжуулах цехээс 9200 тарьц гаргаж, ангийнхаа 21 хэсэг, бусад цехүүдэд өгч тариалалт хийлгэсэн. Мөн төмөр замын Залуучуудын байгууллагатай хамтраад 503 дугаар км буюу Алсын худагт байх “Ногоон төгөл-2030”-д манай ангийнхан 100 ширхэг гүйлс, ЗТХЯ-ны салбарынхан “Хөшигийн хөндий”-д мод тарих үеэр бас 300 ширхэг мод тарьсан. Мөн Замын-Үүд, Эрдэнэт өртөө, Дархан өртөө, Сайншанд Татах хэсэг, АБТЭМА зэрэг байгууллагад 4000 гаруй тарьц нийлүүлсэн. Манай Ойжуулах цехээс нийтдээ 13 мянга гаруй тарьц тариалалтад гарсан. Ирэх намрын тариалалтад зориулж, ойролцоогоор 10 мянга орчим тарьц гаргана гэж төлөвлөж байна.

-Өнгөрсөн онд танай ангийн хэмжээнд хэчнээн мод тарьсан бэ?

-Өнгөрсөн онд нийт 15 мянга гаруй тарьц суулгац гаргаснаас Замын II ангийн хэмжээнд 6006 мод тарьсан. Замын II ангийн Залуучуудын хэсэг нэрэмжит ногоон төгөлтэй болох шийдвэр гаргаад Агуйтад буюу Замын 14 дүгээр хэсэгтээ ихэнх тариалалтаа хийж 3000 гаруй мод тарьсан.

Энэ жил Хангай зөрлөгт буюу Замын 12 дугаар хэсэгтээ “Ахмадын төгөл” байгуулах эхлэлээ тавьж, энэ сарын 2-нд ахмадуудтайгаа нийлээд 1300 орчим мод тарьсан. Залуучуудын хэсэгтээ 300 мод нэмж тариалсан.

-Мод тарина гэдэг тарьц суулгаад орхих биш түүнээс хойш арчилж ургуулах нь хамгийн чухал юм гэдгийг хүн бүр мэддэг боллоо. Өнгөрсөн жилийн тань тарьсан моднууд хэр ургаж байна вэ?

-Замын ангийн хэмжээнд тарьсан модны ургалт 90-ээс дээш хувьтай байгаа. Манай замчид модны усалгаа, арчилгааг маш сайн хийсний үр дүн гарч байна. Нөгөө талаар, манай цехээс гарч байгаа тарьцыг бусад мод үржүүлгийн газрын тарьцтай харьцуулахад ургах чадвар сайтай байдаг. Учир нь, манай мод үржүүлгийн талбай Туул голын эрэг дээр байдаг. Өвөл хучдаггүй, ихэнхи тарьцаа хүлэмжгүй бойжуулж, өвөлд хучихгүйгээр өвөлжүүлдэг учраас хүйтэнд маш тэсвэртэй байна. Өөрөөр хэлбэл, дасан зохицох чадвартай тарьцууд гардаг гэж болно. Манай тарьц Шатангаас Агуйт хооронд таригдаж байгаа.

-Өөрийн гэсэн мод үржүүлэх талбай, мэргэжлийн боловсон хүчинтэй байна гэдэг замчдын хувьд том давуу тал болж байх шиг байна?

-Хоёрдугаар сард Замын албаны харьяа есөн байгууллага Сайншанд зангилаанд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд хийсэн ажлаа тайлагнаж, энэ онд хийх ажлаа төлөвлөсөн. Мөн алдаа оноогоо хэлэлцэж, зөвлөмж гаргасан.  Түүний дагуу ажиллаж байгаа. Замын аж ахуйн албаны харьяа Зүүнхараа дахь Мод боловсруулах үйлдвэр, Замын IV анги, манай анги  мод үржүүлэх ажлыг хийж, бүх ажилтнуудад сургалт зохион байгуулахаар болсон.

 Бид мод тарих, арчлах чиглэлээр сургалт зохион байгуулж байгаа. Миний хувьд Замын II ангийнхаа 21 хэсгийн 17-д нь өөрийн биеэр очиж, үлдсэн хэсгүүдэд онлайн сургалт хийсэн. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд УБТЗ дөрвөн сая мод тарих амлалт авсан. Энэ зорилтыг хэрхэн биелүүлэх вэ, төмөр замын зурвас газарт мод хэрхэн тарих вэ гэдэг стандартыг танилцуулж зөвлөмж өгч байгаа.

Байгууллагын хэмжээнд “Менежментийн нэгдсэн тогтолцоо”-г нэвтрүүлэх зорилтын хүрээнд Чанарын стандарт, ХАБЭА-н стандарт, Байгаль орчны стандартыг хэрэгжүүлж байна. Миний хувьд Байгаль орчны менежментийн тогтолцоо, шаардлага, хэрэглэх арга зүйн заавартай нийцүүлж мод тариалалт, арчлалтыг ажлыг хийлгэхээр ажиллаж байна.

-Төмөр замын зурвас газарт мод тарихад ямар стандартад нийлүүлсэн байх вэ?

-Монгол Улсад мөрдөж байгаа MNS 6060:2010 Төмөр замын зурвас газарт тавих шаардлагад нийцүүлэн төмөр замаас 30 метрээс дотогш зайд мод тариалахгүй байх ёстой. Тэгэхээр хориг хашаан дотор мод тарихад энэ стандарт зайг мөрдөх боломжгүй бол хориг хашааг сунгах уу, эсвэл хашааны гадна тарих уу гэдэг техникийн шийдлийг удирдлагууд гаргах байх.

Ангийн хэмжээнд энэ стандартыг барьж мод тарих талаар сургалт хийж,  мөн бүх хэсгийнхээ мастер, ажилтнуудтай хамтдаа зураглал гаргаж байгаа. Уг зураглал дээр өмнө нь тарьсан ногоон байгууламжид нийт хэдэн мод байна. Цаашид шинээр хэдэн мод, хаана тарих вэ,  энэ жил хэдийг тарих вэ гэдгийг тодорхой болгож  байгаа.

-Мод тарихад усалгааны систем маш чухал. Замын ангийн хэмжээнд худагтай, эсвэл гол устай ойр усалгааны хувьд хүндрэлгүй хэдэн хэсэг байна. Мөн зайлшгүй худаг гаргах ч юмуу усалгааны асуудлыг шийдэх шаардлагатай хэсгүүд хэд байна вэ?

-Мод тарьж байгаа замын хэсгүүд маань ер нь худагтай. Замын зарим хэсгийн хувьд худаг нь мод тарих газраасаа зайтай байгаа тал бий. Гэхдээ худагтай байлаа гээд мод усалгааны асуудал бүрэн шийдэгдсэн гэсэн үг биш. Яагаад гэхээр замчид маань үндсэн ажлынхаа хажуугаар мод тарьж, усалж арчилж байгаа. Мод тарьсан эхний 1-3 жил усалгаа, арчилгаа маш чухал учир зайлшгүй нэг хүнийг тогтмол ажиллуулах шаардлага үүсэж байна. Үүнийг яаж шийдвэрлэх вэ гэхээр өнгөрсөн жил манайх Залуучуудынх төгөл дээр шланк тавиад замчдынхаа ажлыг зохицуулаад усалгааг хийлгэж байсан. Ер нь, нэг хүнийг байнга ажиллуулах шаардлага үүссэн учраас миний хувьд Замын ангийн удирдлагууддаа дуслын усалгааны системтэй болох саналыг тавьж байгаа. Үүнийг дагаад усны нөөцийн сав, систем зэрэг тулгамдсан асуудлууд байна л даа. Гэхдээ ангийн захиргаанаас усалгааны асуудлыг үе шаттай шийдээд явах байх гэж бодож байна.

-Танай Ойжуулах хэсэг хэдэн хүнтэй вэ?

-Орон тоогоор ерөөсөө ойн техникч, сахиул гэсэн хоёр хүн ажилладаг. Цаашдаа  орон тоог нэмэх шаардлагатай. Хавар, намрын тариалалтын үед замчдаас газар хагалах зэрэгт татаж ажиллуулах байдлаар хөдөлмөр зохион байгуулалтыг хийдэг. Замчдын ид ажлын үеэр хүн авч ажиллуулах боломж байдаггүй. Хүн хүчний хувьд дутмаг л байна. Гэхдээ Ойжуулах цех маань өнгөрсөн жил гэхэд 30168 тарьц бойжуулсан. Одоо өмнө нь тарьсан модтойгоо нийлээд 80 мянга орчим мод арчлах болж байна. Ачаалал тэр хэрээр нэмэгдсэн гэсэн үг.

-Танай цех бойжуулсан тарьцаа бусад байгууллагын захиалгаар нийлүүлж байгаа юм чинь тодорхой хэмжээний орлого олдог гэсэн үг үү?

-Манайх ашгийн бус гэж ойлгож болно. Төмөр замынхаа бусад байгууллагад зах зээлийн үнээр биш өөрийн өртгөөр нь нийлүүлдэг. Бидний ажлыг ашиг орлого гэдгээр биш төмөр замд гаргаж буй хэмнэлтээр нь үнэлж дүгнэвэл илүү бодитой болох байх. Манай Ойжуулах цехээс гаргасан 30 мянган тарьцыг төмөр замын байгууллагууд гаднаас худалдаж авсан бол маш их зардал гарна. Тэгвэл бид өөрсдөө тарьцаа бойжуулаад өөрийн өртгөөр нийлүүлнэ гэдэг нь УБТЗ-даа хэмнэлт авчирч байна гэсэн үг. Үүнээс гадна зах зээлийн ханшаар нэг модны тайралт, таналт, хэлбэржүүлэлтийг 60-100 мянган төгрөгөөр хийдэг юм байна. Тэгвэл бид өөрсдөө тайралт таналтаа хийдэг. Мөн энэ ажилд хүмүүсээ сургаад явж байна. Одоо Замын хэсгүүд өөрсдөө модныхоо тайралт таналтыг хийж сурцгааж байгаа.

-Модны навчийг хорхой ихээр идсэн харагддаг. Мод бутаа хортон шавьжаас хамгаалах талаар та мэргэжлийн хүний хувьд зөвлөгөө өгөөч?

-Мод, ногоон ургамал тарьж байгаа газарт тодорхой хэмжээгээр хортон шавьж цуглардаг. Хортон шавьжийг тоохгүй орхивол мод хорогдох, өвчлөх магадлалтай. Тиймээс өвчин хортоноос сэргийлж зориулалтын  ургамал хамгааллын бодисуудыг авч ашиглах,  эсвэл хамгийн хялбараар марганцын уусмалаар шүршиж ариутгах,  сармис, халгайн ханд бэлтгэж цацах зэрэг аргыг ашигладэг. Заавал хортон шавьжаас хамгаалж байх шаардлагатай.

     

Говьд үрээр болон мөчрөөр мод үржүүлж эхэлжээ

Замын IV ангийн хувьд дэргэдээ Ойн бригадтай. Говийн бүсийн Замын анги учир замаа элсэнд дарагдахаас хамгаалах ногоон зурвас байгуулах зорилгоор говийн нөхцөлд мод тарьж гаршсан хамт олон гэж болно. Гэхдээ тус ангийн Ойн бригад нь модны суулгац, тарьц бойжуулдаггүй. Бэлэн тарьц суулгацаар мод тарьдаг байсан бол “Тэрбум мод”  үндэсний хөтөлбөрийн хүрээнд мод үржүүлж эхэлжээ. Энэ талаар, тус ангийн Ойн бригадын техникч Б.Баярхүүгээс тодрууллаа.

-Миний хувьд энэ ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-наас хүлээж авсан. Өмнө нь ажиллаж байсан хүн өөр байгууллага руу шилжсэн юм билээ. Замын IV ангийн хувьд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хоёр жилийн өмнөөс үрээр мод үржүүлэх 0.1 га талбай гаргаж, хайлаасны үрээр тарьц бойжуулж эхэлсэн байсан. Энэ намраас хоёр настай эхний тарьцуудыг тариалалтад гаргах төлөвлөгөөтэй байна. Энэ жилээс үрээр мод үржүүлэх талбайгаа өргөтгөх төлөвлөгөө бий.

Мөн энэ хавар мод үржүүлэх талбайгаа өргөтгөж 3х40 метрийн талбайд мөчрөөр мод үржүүлэх ажлыг эхэлсэн. Энэ талбайд 6200 сухай, 800 мөнгөлөг улиасны тарьц суулгаад бойжуулж байна.

-Танай ангийн тухайд энэ хавар хэдэн мод нэмж тарив?

-Энэ хавар ангийн хэмжээнд таван настай 500, хоёр настай 200 хайлаасаар тариалалт хийсэн.

-Замын ангийн хэсгүүдэд мод тарихад говийн бүсэд усалгаа маш чухал. Усалгааны системийн хувьд шийдэгдсэн зүйл бий юу?

-Миний хувьд ажил аваад Замын хэсгүүдээрээ явж амжаагүй байна. Ер нь, судлаад үзэхэд гүний худагтай хэсгүүд бий ч усалгааны систем байхгүй. Замчид тарьсан модоо гараар усалдаг газрууд бий. Мөн зөөврийн устай хэсгүүд ч байдаг юм байна.

-Танай ангийн хувьд хүлэмжийн аж ахуйтай байх аа?

-Энэ хавар 4х10 метрийн нэг хүлэмж шинээр нэмсэн. Бид хүлэмжиндээ хүнсний нарийн ногоо тарьдаг. Өргөст хэмх, улаан лооль, яншуй, салат навч, юуцай гэх мэт. Мөн гадна талбайдаа манжин лууван зэрэг хүнсний ногоо тарихаар бэлтгэж байна. Өөрсдийн тарьсан экологийн цэвэр бүтээгдэхүүн болох хүнсний ногоог ажилчдадаа зарж борлуулдаг хэмээн ярилаа.

 

 

Б.Гүнжинлхам

            

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.