Эрдэм боловсролтой мэргэжилтэн эх орондоо ихийг бүтээдэг. Тэрхүү мэргэжилтнийг бэлтгэхэд амьдралынхаа 31 жилийг зориулсан нэгэн эрхэмтэй уулзлаа. М.Бямбасүрэнгийн бага нас төмөр замын тосгонд эгэл жирийн төмөр замчин айлын хүүхдүүдийн адилаар зундаа Хүрхрээгийн зусланд гарч, айлын том охин тул аав ээжийнхээ ажилтайд дүү нараа харж, гэрийнхээ бүхий л ажлаа амжуулахын зэрэгцээ эрдэм номдоо шамдан суралцдаг хичээнгүй охин байжээ.
1989 онд Нийслэлийн 51 дүгээр сургуулийг төгсөн ШУТИС-ийн механик инженерийн ангид элсэн оржээ. Оюутан ахуй цаг нь нийгмийн шилжилтийн ороо бусгаа үе таарч, олонх нь хичээлээ орхиод өөр замыг сонгосон ч зорьсондоо тууштай үлдэж, сургуулиа амжилттай төгссөн цөөхөн оюутны нэг нь М.Бямбасүрэн байлаа.
Тэрбээр, сургуулиа төгсөөд мэргэжлийн чиглэлээрээ нэгэн үйлдвэрт механикчаар ажилд орсон ч өдөр тутам хийдгээ л хийдэг ажил нь нэг л уйтгартай. Багш нар нь “Механик инженер бол хөрвөдөг мэргэжил, техник, тоног төхөөрөмжгүй газар гэж үгүй, багш ч болж болно” гэж ярьж байсан учир “Би Төмөр замын сургуульд багшилж чадах юм шиг санагдаад байна” гэж аавдаа учирласнаар зөвшөөрүүлжээ. Аавыгаа дагасаар Төмөр замын коллежид ирэхэд тухайн үеийн захирал Д.Будхүү ч “Мэргэжлийн боловсон хүчин байна” гээд тун уриалгахан хүлээн авчээ. Учир нь дөнгөж өмнөх жил нь буюу 1993 онд шаталсан сургалттай дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх коллеж болон өргөжсөнөөр инженерийн суурь хичээл шинээр сургалтын хөтөлбөрт нь орсон үе таарсан аж. Ингээд 1994 оноос Төмөр замын коллежид лаборант, хичээлийн туслах ажилтнаар анх ажиллаж эхэлсэн нь багшийн замналынх нь эхлэл болжээ.
Анх Д.Чулуун багш маань намайг тосон авч чиглүүлж байлаа
Анхны хамт олон нь өдгөөгийн Байгалийн ухаан инженерчлэлийн тэнхим буюу тэр үед Ерөнхий техникийн тэнхим нэртэй байв. Техникийн зураг зүй, компьютерийн ухаан, цахилгаан техник, онолын механик, машин сэргээн засварлах технологи гэх мэт инженерийн зайлшгүй эзэмших суурь онолын хичээлийг заадаг багш нар тэрхүү тэнхимд харьяалагдана. “Ажил амьдралын арвин туршлагатай, нөмөр нөөлөгтэй багш нар намайг анх өлгийдөж авсан. Тэнхимийн эрхлэгч Л.Сувд, Д.Чулуун, Ү.Балжинням, П.Баясгалан, Ё.Эрдэнэдавга, Ө.Журамсай, С.Ариунболд гээд манай багш нарыг төмөр замынхан андахгүй. Тиймээс ч сургуулийн түүхэнд манай тэнхимээс хамгийн олон доктор төрөн гарсан. Анх орж ирэхэд л манайхны уур амьсгал халуун дотно маш сайхан хүлээж авсан нь эндээ үр бүтээлтэй ажиллахад нөлөөлсөн болов уу гэж би сүслэн боддог. Намайг өлгийдөн авч бойжуулаад олон сайхан зүйлд хөтөлсөн энэ сургуулиараа бахархдаг хэмээн тэрээр ярилаа.
Туслах ажилтнаар ирээд ватум цаасан дээр лабораторийн ажлынхаа заавруудыг шриптээр бичээд л, Д.Чулуун багшийнхаа лабораторийн хичээлд туслахын хажуугаар долоо хоногт нэг удаа оюутнуудад хичээл орно. Балжинням, Чулуун багш, захирлууд гэнэ гэнэ хичээлд чимээгүйхэн орж ирж сууна. Тэгээд маш сайн шүүмж, зөвлөгөө өгдөг байсан нь багш гэж хүндтэй нэрийг дааж явахад маш их өгөөжөө өгсөн гэж боддог. Тухайн үед Д.Будхүү, Д.Байвал, Ц.Өлзийноров, н.Нямгомбо гээд захирлууд бүх багш нарын конспектийг шинэчлэгдсэн зүйл юу байна вэ гэж шалгадаг байлаа. Энэ байдлыг би бол сайн дэг соёл байжээ гэж одоо боддог. Одоо би залуу багш нараа олон төрлийн хичээл зааж, ачаалал ихтэйг харахаар туслах багшаар ажилласан нэг жилээ төмөр замын соёл, байгууллагынхаа онцлог, багшийн арга барилтай танилцаж их зүйл сурсан өгөөжтэй байжээ гэж харьцуулан боддог. Тийм байдал сүүлийн үед дутагдаад байна уу даа. Удирдлага захирлууд хичээлд суух, багш нар багшийнхаа хичээлд суух өөр шүү дээ. Төмөр замын сургууль их өрсөлдөөнтэй элсдэг сургууль байсан. Удам дамжсан төмөр замчин болох эрмэлзэлтэй хүүхдүүд ч их элсдэг нь төмөр замд дөртэй хүүхдүүд их байсан гэсэн үг. Сүүлийн 10-аад жил энэ байдал эрс цөөрсөн. Сурч боловсрох, сонголт хийх боломж ч их болсон байна хэмээн тэрээр хэллээ.
90-ээд онтой харьцуулбал танай сургууль хэр өөрчлөгдсөн бэ гэхэд, “Анх ажилд орж байсан үетэйгээ харьцуулбал сургууль маань дээд боловсролын сургалтын байгууллагын хэв шинж рүү илүү шилжсэн. Заадаг хичээлүүд ч технологийн хөгжилтэй уялдаж шинэчлэгдсэнээс гадна компьютерт суурилсан хичээлүүд нэмэгдсэн. Дээд боловсролын байгууллагын хамгийн гол зүйл нь сургалтаас гадна судалгааны ажил учир багш нарт багшлахуйгаас гадна судалгааны ажил гүйцэтгэх шаардлага тавигддаг. Тиймээс ахисан түвшиний буюу судалгааны арга зүйд суралцсан мэргэжилтнийг бэлтгэхэд анхаарч байна гэв. М.Бямбасүрэн 2008 онд докторын зэргээ хамгаалсныхаа дараа мэргэжлээ дээшлүүлэхээр АНУ-д нэг жил ажиллаж, амьдарчээ.
Оюутнуудынхаа гал ассан нүдний харцнаас урам авдаг
М.Бямбасүрэн багштай ярилцаж суухад тэрбээр оюутнуудынхаа тухай ярихаар л нүд нь гялалзаад нэг тийм хайр дүүрэн болоод ирэх юм. Тэр байдлаа ч нуусангүй “Одоо бол заасан хичээлийг хэн ойлгож хэн ойлгоогүй байна гэдгийг нь хараад л мэднэ. Хичээлээ ойлгосон оюутан ямар хөөрхөн гээч. Нүдэнд нь гал асаад л, харин ойлгоогүй бол бэргээд харцаа буулгаад нугдайгаад андашгүй. Ойлгосон ойлгоогүй оюутнуудтайгаа багш хамгийн сайхнаараа л харьцах хэрэгтэй. Ойлгож байгааг нь дэмжээд, ойлгохгүй байгааг нь чи чаднаа, чамд хүч байгаа гэж ойлгуулаад л явах хэрэгтэй. Залуу багш байхдаа иймхэн юм ойлгохгүй залхуу байна гээд бухимдах загнах үе байсан. Одоо бол хувь хүний ялгаатай талыг ойлгож, тухайн хүүхдийнхээ онцлог дээр л анхаарах юмсан гэж боддог болсон байна лээ. Багшлах явцад оюутнуудаасаа суралцана, ажилдаа дадлагажина, тэгсээр багшлах эв суудаг юм байна. Маш их тэвчээр шаарддаг. Багш хүн их л тэвчээртэй байх хэрэгтэй гэлээ.
М.Бямбасүрэн багш оюутнуудад тулгардаг асуудал бэрхшээл, сурах үйл явц, нийгмийн асуудлыг нь ярихын хажуугаар тэднийхээ хөгтэй хөгжилтэй явдал, амжилт бүтээлийг ч хүүрнэх нь багшийн эдлэх жаргал гэлтэй. Үндэсний хэмжээний механикийн олимпиадад оюутнуудыг бэлтгэдэг, оюутнууд бусад их, дээд сургуулийнхантай өрсөлдөж амжилт гаргахаараа ямар их урам зориг ордгийг, “Материалын эсэргүүцэл” хичээлийн олимпиадад тэргүүн байр эзэлж байсан шавь нараас (одоогийн сургалт эрхэлсэн захирал Л.Бямбасүрэн, механикийн багш П.Баттөгс) одоо сургуульд мөр зэрэгцэн ажиллаж байгаад бахархалтай байдгаа дурслаа. Зам, Вагон, Зүтгүүрийн мэргэжлийн ангийн багшаар тус тус томилогдон ажилласан нь, оюутны IQ клуб, Насан туршийн боловсрол төв зэрэг оюутны сайн дурын клубийн зөвлөх багшаар ажиллаж байсан, Боловсролын яамнаас төсөл аваад хэрэгжүүлсэн нь намайг хувь хүний хувьд маш их хөгжүүлсэн гэлээ
Энэ бүхнээс харахад М.Бямбасүрэн багш оюутнууддаа зөвхөн мэргэжлийн хичээлийг нь заагаад л өнгөрдөг багш биш мэргэжилдээ ч, амьдралдаа ч эзэн нь болсон өв тэгш шинэ залуу үеийг бэлтгэн гаргах чин хүсэлтэй явдаг нь тодхон. Үүний илрэл нь,
-Та сурахыг чухалчилсан, сурах эрмэлзэл дүүрэн хүн юмаа гэхэд минь
- Өөртөө таалагдахгүй юм хийвэл өрөөлд таалагдахгүй шүү дээ. Миний хийснийг хэн ч тоохгүй байсан ч би хамгийн сайнаараа хичээж хийсэн болохоор өөртөө сэтгэл дүүрэн үлддэг” гэсэн хариулт юм.
Сайхан хүмүүжүүлсэн ээж аав, ажлыг маань ойлгож дэмждэг ханьдаа талархдаг
М.Бямбасүрэн багшийн аав Б.Мягмар 1971 онд Төмөр замын техникумын Санхүү нягтлан бодох бүртгэлийн ангийг төгсөөд Төмөр замын аж ахуйн нэгжүүдэд тооцооны нягтлан, ерөнхий нягтлан бодогч, удирдах газрын Аудитын албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Ээж Л.Цэенбалжид нь бас л энэ сургуулиа эчнээгээр төгсөөд Олон улсын касс, Зорчигчийн вагон депо, Ачих буулгах ангид ажилласаар тэтгэвэртээ суусан аж. Аав минь бүр онц төгсөгч гээд манай сургуулийн хананд нэр нь байдаг гэв. Тэгэхээр Бямбасүрэн багш төмөр замтай цаанаасаа л холбогдох хувьтай байж. Тэрбээр гурван хүүхэдтэй. Түүний том охин Москвагийн Төмөр замын их сургуулийг ашиглалтын чиглэлээр төгсөөд логистикийн компанид ажиллаж байна. Алсуураа багшлах болов уу гэж нууцхан “горьддогоо” ч цухуйлгалаа. Дунд хүү нь Шинэ Монгол технологийн коллеж төгсөөд одоо Японд үргэлжлүүлэн сурч байна. Бага охин нь наймдугаар ангид орох аж. Тэрбээр өөрийн хүүхдүүдтэйгээ ч яг л найз шиг байдаг аж. Хагас, бүтэн сайн гэлтгүй сурч, судлах ажилтай үедээ гэрийн эзэгтэйн ажлыг хойш тавьж, сургууль дээрээ ирээд суучихдаг учир ажлыг маань ойлгож дэмждэг ханьдаа баярладаг.
Манай бага дүү аавын мэргэжлийг эзэмшсэн, одоо МУИС-д бас багшилдаг доктор бий. Нөгөө хоёр дүүгийн нэг нь эмч, нөгөө нь холбооны чиглэлээр төгссөн. Манай аав биднийг хичээл номоо л сайн хий. Эмэгтэй хүн биеэ даасан байх хэрэгтэй гэж сургадаг байсан. Ер нь хичээлээ л хий бусад нь яахав болно гэдэг байсан. Харин ээж болохоор эмэгтэй хүүхэд хичээл ном яах вэ, гэр орноо цэвэрлэ, хоол ундаа сайн хийж сур гэдэг байсан. Бид дөрөв бүгд л их дээд сургууль төгсөж хоёр нь доктор болсон. Биднийг сайхан хүмүүжүүлсэн ээж аавдаа талархдаг. Одоо ч түүний ээж “Багшийн ажил ёстой төвөгтэй юм. Байнга л гэрийн даалгавартай хүүхэд шиг ном шагайж, ажил нь дуусахгүй юм” гэдэг гэнэ лээ. Тэгэхээс аргагүй. Ар гэрийн ажлаас илүү түмний хүүхдийн төлөө ном шагайсан хоёр доктор охинтой айлын ээж юм чинь гээд миний бие инээд хүрэн бодож суулаа.
Багшийн амьдрал бол өдөр бүр шинэ сорилт, шинэ танил, шинэ мэдлэгтэй учирдаг аялал
Аав минь надаас “Чи ямар мэргэжилтэй болох юм” гэхэд нь “Өдөр болгон л өөр өөр шинэ зүйл хийдэг ажил байвал би аз жаргалтай байх гээд байна гэхэд аав, “Хаана тийм ажил байх вэ дээ” гэж билээ. Одоо бол би өдөр бүр сонирхолтой давтагддаггүй ажил хийж өдий хүрснээ ухаарч байна. Багшийн ажил яг л миний хүсэж дурлаж байсан шиг өдөр бүр шинийг сурч, туршиж, шинэ хүмүүстэй танилцаж өөрийгөө таньж мэдсэн аялал байлаа. Хичээл бүр давтагдашгүй өөр өөр байдаг. Аав минь өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэн нягтлан бодох бүртгэл санхүүгээр явуулах дуртай байсан ч би татгалзаж, өдөр бүр өөр өөр, шинийг эрэлхийлдэг ажил хэмээн инженер мэргэжлийг сонгож билээ. Удирдагч хүн багш хоёр яг адил. Хүнд үгээ хүргэх хүч хэрэгтэй. Буруу зүйл хийвэл алсуураа ойлгох хэдхэн хоржоонтой үгээр инээх эмээхийн зуурт үгээрээ, үйлдлээрээ ойлгуулна. Үүний нэгэн илрэл нь Америкт хамт сурч байсан найзынх нь дүү нь шавь нь байж таарчээ. Тэгээд найзаасаа “Дүү чинь намайг ямар багш гэж байна” гэхэд нь “Марзан багш” гэсэн гэжээ. Тэр үедээ “Үгүй ер марзан байхдаа ч яахав дээ” гэж бодсон ч одоо бодоход сайн багш эсвэл муу багш гэж дүгнүүлснээс марзан гэсэн нь илүү үнэлгээ байж гэж ойлгож байна гэсэн юм. Оюутнаа “Миний хүү” гэж өөриймсөг дуудахад цаанаа л хөөрхөн амархан ойлголцдог гэв.
Өнөөдөр УБТЗ болон төмөр замын салбарын олон шилдэг залуус түүний шавь нар. Зарим нь багшийнхаа хамтран ажиллагч эрдэмтэн багш болжээ. “Сургуулийнхаа чанарыг төгсөгчөөр нь л үнэлдэг. Төгссөн шавь нар маань ажил, амьдралаараа сайн яваа бол тэр миний хамгийн том шагнал” гэж Бямбасүрэн багш өгүүлнэ.
Хэдэн оюутан төгсгөсөн бэ гэхэд, “Би инженерийн суурь хичээл ордог болохоор бүх л мэргэжлийн ангид хичээл ордог. Жилд 100 гаруй оюутанд хичээл ордог гэж бодоход 31 жилд олон шавь төгсгөжээ.
Төмөр замаас авч үлдэх алдаж гээх ямар соёл байна вэ гэхэд “Цаг барих, хариуцлагатай байхыг авч үлдмээр байна. Харин хаях соёл гэвэл манайхны хурал хуй арай л ихдээд байх шиг санагддаг гэв. Хурал хийх нь дээр үеэсээ байсан ч сүүлийн жилүүдэд удирдах ажилтнуудын хурал ихэссэн, аж ахуйн нэгжүүдийн биеэ даасан байдал алдагдсан байна уу даа гэж боддог гэв.
Ийнхүү төмөр замын өргөн царигт багшийн замаар урагшилж, мянга мянган шавь нарынхаа нүднээс урам авч, зүрхэнд нь итгэл асааж, 72 жилийн түүхтэй Төмөр замын сургуулийнхаа нэгэн үеийн түүхийг нэр төртэй тодоор бичилцэж яваа М.Бямбасүрэн багштай ийнхүү хөөрөлдлөө.
А.Энхсайхан
