Нүүр Дугаарын зочин И.Мөнхбаяр: Төмөр зам маш онцлогтой хөдөлмөрийн талбар
Дугаарын зочин

И.Мөнхбаяр: Төмөр зам маш онцлогтой хөдөлмөрийн талбар

G.Press 3 сарын өмнө 328 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

УБТЗ-ын Техникийн бодлого стандартчиллын албаны инженер Ишбадамын Мөнхбаярыг зочноор урилаа.

Тэр хэн бүхэнтэй яриа дэлгээд суудаг нээлттэй хүн биш санагддаг. Хааяахан манай редакциар орж ирэхдээ часхийсэн хэдэн шүлэг үлдээгээд гарна. Үг дуу цөөтэй, ажил хэрэгч энэ эрхмийн шүлгүүд түүний харагдаж байгаагаасаа өөр хүн гэх бодол төрүүлдэг байв. Саяхан үйлдвэрээр орж ирэхэд нь түүнийг “барьж авч”, хэсэгхэн ярилцаад авлаа. Шүлэгнээс эхэлсэн бидний яриа аажимдаа амьдрал, ажил руу гулсан оров. Мань хүн яриагаа өндөрлөж, гарахдаа удахгүй гавьяандаа суух тухайгаа ч цухуйлгаж, өнөөх л төв царайгаа гарган гарч одлоо.

 

-Сайн байна уу? Таны сүүлд өгсөн хэдэн шүлэг наймдугаар нүүрт хэвлэгдсэнийг харсан уу?

 

-Харсан. Та нартаа баярлалаа.

 

-Ингэхэд та хэзээнээс шүлэг бичиж эхэлсэн бэ?

 

-Бүр хожуу... Гэхдээ надад хамгийн их урам өгч, бичих сэдлийг төрүүлсэн нь танай сонин шүү дээ.

 

-Хөөх тийм гэж үү?

 

-Би бараг 30 дөхөж байхдаа Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаа, Их бичгийн хүн В.Инжаннаш  нарын зохиол бүтээлийг уншиж эхэлсэн. Биднийг хүүхэд байхад тэдний зохиол бүтээл бараг хориотой байсан байх. Инжаннашийн зохиол бүтээлийг уншихдаа ямар зөөлөн, яруу юм бэ гэх бодол төрдөг байсан. Харин Данзанравжаагийн бүтээлүүд гоёчилсон зүйлгүй, маш энгийн. Тэгсэн хэрнээ сэтгэлээс огт гарахгүй. Тэр үеэс л ганц нэг зүйл бичих гэж оролдож эхэлсэн. Нэг удаа хэдэн шүлэг бичсэнээ танай сонинд өгчихлөө. Гэтэл нийтлэгдчихжээ. Танайд ажиллаж байсан сэтгүүлч, яруу найрагч Л.Ганзул агсан нэг хүнд намайг “Их өөр өнгө аястай шүлэг бичдэг хүн байна” гэж ярьсныг нь сонсоод их урам орсон. Яруу найрагч, сонины сэтгүүлч хүн намайг тэгж тоосон нь их сайхан санагдаж билээ. Ер нь, хүн өөрийн дотоод мэдрэмжээ бусдад илэрхийлэхэд урлаг л гол гүүр нь юм шиг санагддаг. Ганц шүлэг яруу найраг ч биш, уран зураг, хөгжим, уран баримал гээд урлагийн бүх төрөл хүний дотоод гоо сайхнаас төрдөг. Ленинградад оюутан байхдаа анх удаа барилга байшинд хүртэл урлаг, гоо зүй шингэсэн байдаг юм байна гэдгийг ойлгосон.

 

-Оюутны он жилүүдээр чинь хамт аялъя. Ленинградад хамгийн гоё дурсамжууд бүтсэн байх..?   

 

-Хүний хувь тавилан гэдэг их сонин. Би хүүхэд байхдаа төмөр замчин болъё гэж бодож байсангүй. Ленинград гэдэг гоё хотыг үзэхсэн. Тэнд оюутан болохсон гэдэг хүсэл минь намайг төмөр замтай холбочихсон хэрэг. Би хуучнаар Дорноговь аймгийн Сүмбэр сум буюу одоогийн Говьсүмбэр аймагт төрж, өссөн. Аав минь замчин, ээж минь Чойрын төмөр замын цэцэрлэгт насаараа тогооч хийсэн хүн. Дунд сургууль төгсөөд конкурс өгсөн чинь аймагтаа хоёрдугаар байрт жагслаа. эзэлчихлээ. Хүүхдүүд “Ленинград хамгийн гоё хот, тийшээ л явах хуваарь авах юмсан” гэж ярихыг сонсож байлаа. Түүнээс өмнө хөдөөний хүүхэд Ленинградын гоё зурагтай ил захидал анх олж үзэхдээ энэ гоё хотыг үзэхсэн гэж бодож байсан. Ингээд сургуулийн хуваарь авахаар орохдоо ямар сургуульд орох нь гол биш Ленинградад очих нь гол зорилго байв. Сургууль сонгохоор харж байтал Ленинградын Төмөр замын дээд сургуулийн хуваарь байна. Тэр өдөр намайг дагаж очсон ээж минь төмөр замын хуваарь авахад минь их баярлаж байж билээ. Харин би тэр гоё хотод хурдхан очихсон гэж догдолж байлаа.

Ленинградад очоод би бүх зүйлд урлаг, гоо зүй байдаг юм байна гэдгийг ойлгож авсан. Барилга байшингийнх нь архитектор, гадаад дотоод гоё тохижилт нь хүнд хобби болох хэмжээнд гүн сэтгэгдэл, мэдрэмж төрүүлдэг.

Ленинградад Оросын хааны өвлийн ордон буюу Эрмитаж, зуны ордон гээд тоочоод барахгүй сайхан зүйлсээр нүд “хужирлаж”, сэтгэл баяссан сан.

 

-Танд тэр үед төрсөн мэдрэмжүүд яван явсаар шүлэг бичихэд нөлөөлсөн юм болов уу?

 

-Тэгж бодож байсангүй. Магадгүй л юм. Сайн сайхан зүйлсийг харж, сайхан бодол тээж явах нь мэдээж таатай.

 

-Та тэгвэл их сонин тохиолдлоор мэргэжлээ сонгож. Ингэхэд сургуулиа төгсөж ирээд төмөр замчин болох гараа тань хаанаас эхлэв?

 

-Сургуулиа 1990 онд онц төгсөөд ирсэн. Чойр өртөөнд холбогч, найруулагчаар ажлын гараагаа эхэлсэн. Ид зах зээлд шилжиж байсан үе. Төмөр замд хүнд тусаж байсан санагддаг. Хүн бүр эрх чөлөө, хүний эрх яриад л... Наймаа хийж амьдаръя гэх бодолтой хүн цөөнгүй. Тухайн үед Чойрт байсан Оросын том аж ахуйнуудыг хүмүүс хувьдаа авчихсан, ажлаасаа гарах маягтай. Хаа очиж төмөр замчдын цалин тухайн үедээ өндөрт ордог байсан тулдаа ажлаас гарах хүн харьцангуй цөөн байсан. Намайг товарийн конторт ачаа вагон хүлээлцэгчээр ажиллаж байтал нэг өдөр дуудаад Төмөр замын техникумд багшаар ажилла гэсэн. Тухайн үед Замын захиргаа сургуулиа их дэмждэг, багш нарын цалин инженерүүдийнхээс жаахан ахиу. Инженерүүд ч техникумд багшлах сонирхолтой байсан үе.

 

-Та хэр удаан багшилсан бэ?

 

-Найман жил. Миний шавь нар одоо 40 гарчихсан, мэдлэг чадвар, ажлын туршлага жигдэрчихсэн ид хийж бүтээдэг үедээ яваа. Тэд УБТЗ-аас гадна бусад төмөр замуудад ажиллаж байна. Багш байх надад таалагддаг байсан.

 

-Тэгээд яагаад багшлахаа болив?

 

-Боловсролын хууль өөрчлөгдөөд техникум маань коллеж болсон. Тэгээд дараа нь дээд сургууль болгох юм яригдаж эхэллээ. Тухайн үед би тэнхимийн эрхлэгч байсан. Сургууль маань богино хугацаанд дахин нэг шат ахих болж байгаа юм. Бид ОХУ руу явж туршлага судалсан. Сургалтын хөтөлбөрөө шинэчилсэн. Лекцүүдээ шинэчилж байгаа юм. Мөн лаборатори байгуулах үүрэг авч багш нараа удирдаад гурван өртөөтэй лабораторитой боллоо. Оюутнууд лабораторид өртөөний жижүүрийн дадлага хийж, дохио нээх, хаах, галт тэрэг явуулах гэх мэт ажилбарыг хийдэг болгосон. Дараа нь, ачаа тээврийн лаборатори байгуулсан. Р.Раш дарга тэр үед инженерүүдийг авч явж Эрхүүгийн төмөр зам дээр Довын үйл ажиллагаатай танилцуулж байсан. Өндөр технологи ашигладаг бүтээмжтэй газруудыг үзүүлэх маягаар инженерүүдийг бэлтгэдэг байсан юм. Богино хугацаанд коллежийг дээд сургуулийн түвшинд хүргэх бэлтгэл хангана гэдэг маш шахуу ажил байсан. Багш нартайгаа нийлээд ОХУ-ын дээд сургуульд ашигладаг мэргэжлийн номнуудыг орчуулж байлаа. Гэхдээ би коллежийг дээд сургуулийн шатанд очиход арай эрт гэж бодож байсан. Үүнийгээ сургуулийн удирдлагад ч хэлсэн. Тухайн үед миний үг сургуулийн удирдлагад таалагдаагүй л дээ. Тэгээд яахав, Ачаа тээврийн албаны Б.Лхагвасүрэн даргад  “Би олон жил багшиллаа. Одоо мэргэжлээрээ ажилламаар байна” гэлээ. Б.Лхагвасүрэн дарга намайг галт тэрэгний хөдөлгөөний диспетчерээр ажилд авсан даа. Миний хувьд таван жил суралцаж төмөр замын инженер мэргэжлийг эзэмшсэний хувьд аливаа ажилд инженер сэтгэлгээгээр хандахыг хичээж байсан. Өнгөрсөн 35 жилд янз бүрийн хугацаатай олон ажлыг хийсэн. Тэр болгонд нэг ч атугай шинэлэг, үр ашигтай ажил хийж хэрэгжүүлэх юмсан гэж хичээсэн дээ.

 

-Яг наанаас чинь хоёулаа яриагаа үргэлжлүүлье. Улс орны хөгжлийг инженерүүд тодорхойлдог гэдэг. Та инженер хүний хувьд өнгөрсөн он жилүүдэд ямар шинэлэг, үр ашигтай зүйлсийг УБТЗ-д хийж бүтээв?  

 

-Намайг диспетчерээр ажиллаж байхад Захиран хуваарилах хэлтсийн дарга Монгол Улсын гавьяат тээвэрчин Нямхүү агсан байсан. Диспетчер байхдаа орос хэлтэй гэдгээрээ Сүхбаатараас Салхит хүртэлх хэсэглэлийг хариуцдаг байсан. Тэр үед чингэлэг тээвэр эхэлж л байсан үе. Чингэлэгт олон төрлийн ачаа ачигдана. Чингэлэгтэй вагонууд засварын өртөө зөрлөгт салгагдаж, үлдэх тохиолдууд их гарна. Тэгж явсаар Замын-Үүдээс Улаанбаатар иртлээ 2-3 хононо. Тэр хугацаанд зарим ачаа нь хөлдөх, муудах зэрэг асуудал гарч, хэл ам их татална. Замын-Үүдээс чингэлэгтэй ачаануудыг нэг галт тэрэг болгоод, завсарын өртөө зөрлөгүүдэд олон зогсоолгүй явуулж болмоор санагдаад энэ тухайгаа Р.Раш даргад танилцуултал, дэмжигдлээ. Ингээд чингэлгийн буухиа галт тэрэг Замын-Үүдээс өглөө 04.00 цагт гараад, дараа өдрийн нь 17.00 цагт Улаанбаатарт ирдэг болсон. Галт тэрэгний диспетчерээр хоёр жил ажилласан.

 

-Галт тэрэгний диспетчер маш хүнд хөдөлмөр гэдэг шүү дээ?

 

-Дүрмээрээ бол Замын дарга ч галт тэрэгний хөдөлгөөний диспетчерт үүрэг өгөх эрхгүй байдаг. Тэгэхээр диспетчер асар өндөр хариуцлага хүлээж байгаа биз. Замын дарга тухайн өдрийн ажилтай нь танилцаад л гардаг. Янз бүрийн асуудал байвал Захиран хуваарилах хэлтсийн даргатай л ярина. Түүнээс диспетчертэй ярьдаггүй. Тэгэхээр ямар ажил гэдэг нь ойлгогдож байна уу.

 

-Дараа нь та ямар алба хашив?

 

-Ачаа тээврийн албандаа хэтрүү овортой болон аюултай ачааны техникийн нөхцөл хариуцсан инженер болсон. Тэр нь инженерийн тооцоо шаардсан ажил. Тухайн үед төмөр замаар өмнө нь тээвэрлэж байгаагүй ашин механизм, тоног төхөөрөмж, салхин сэнс зэрэг овортой, хүнд жинтэй ачааг тээвэрлэх ахиалга ирэх болж техникийн нөхцөл, стандартыг шинээр боловсруулах ажилд орсон.

Хатуу хучилттай авто зам баригдаагүй, төмөр замаар л гол тээврүүд явдаг байсан үе шүү дээ. Өөрийн хийсэн бүх тооцоолол, шийдлээ албаны дарга болон Замын тээвэр хариуцсан орлогч Ё.Батсайхан дарга хоёрт л танилцуулна. Үйлчлүүлэгч байгууллагууд ийм ачаа тээвэрлүүлэх санал тавьж байна. Энэ ачааг тээвэрлэхэд Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ОСЖД)-ын ачаа тээвэрлэх гэрээнд ийм шаардлага байна. Ачаа илгээгч нарт энэ шаардлагыг тавья гэх мэтээр зөвшилцөөд тээврийг нь аль болох саатуулахгүй тээвэрлэх бүх боломж нөхцөлийг нь бүрдүүлэхийн төлөө ажилладаг байсан. Ганц жишээ хэлэхэд, Толгойт дахь Дашваанжил компаний хий буулгах байгууламжийг барихаар оруулж ирсэн ачааны дагалдах бүх бичиг баримт, тавигдах шаардлага, стандарт нормыг нь орчуулж, батлуулж байж тээвэрлэдэг байлаа. Дараа нь Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн даргаар явахаасаа өмнө Статистик бүртгэлийн албанд ерөнхий инженерээр нэг жил ажилласан. Тэнд нэг зүйлийг анзаарсан. Галт тэрэгний тасалбар одоотой адил онлайнаар зарагддаг байсангүй. Хүмүүс өглөө эрт вокзал дээр ирж дугаарлаж байгаад авна. Тасалбар дууссаныг хүртэл дугаарлаж байж кассираас асууж мэддэг байв. Тэгэхээр нь, дэлгэцээр галт тэрэгний суудлыг зарагдсан бол улаан өнгөөр харагддаг болгосон. Энэ нь үйлчлүүлэгчдийн цаг завыг хэмнэхэд тустай ажил болсон байх.

 

-Замын-Үүд Шилжүүлэн ачих анги бол “халуун цэг”. Таныг очих үеэр ажил хэр “буцалж” байв?

 

-2007 онд цементийн үер бууж байсан үе. Урд хилээр орж ирсэн цемент ачсан том машинуудын цувааны төгсгөл харагдахгүй, урт дараалал үүсчихсэн. Хоногтоо 200 машин дугаарлаж байсан. Юун түрүүнд нөхцөл байдлыг инженерийн нүдээр харж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх ёстой юм байна гэж бодсон. Бүтээмжийг нэмэгдүүлнэ гээд нийтээр нь уриалаад үр дүн муутай. Яг хаана, ямар гацаа саатал үүсээд байна гэдгийг олж тодорхойлоод шийдэл олох нь чухал байлаа. Байгууллагынхаа эдийн засагчтай хамтарч ажилласан. Наранбаатар маань ажлын бус цагаар ч хамаагүй суугаад тооцоо судалгаа гаргаад ирдэг бүтээлч залуу л даа. Үүний зэрэгцээ ажлын горим өөрчлөх, шинэ тоног төхөөрөмж оруулж ирэх учраас ҮЭ-ийн хороотойгоо зөвшилцсөн. Жишээ нь, хятад вагоноос орос вагон руу кокс шилжүүлэн ачих нь өвөл их хүндрэлтэй. Учир нь, барьцалдаад хөлдчихсөн коксыг ачигч нар буталж, хагалж ачихад хугацаа их зарцуулж байсан. Нэг вагоныг гурван цаг орчим ачиж байв. Тэгэхээр нь урдаас компрессор оруулж ирээд , 380 вольтын шугам татаж ачигч нарын багажийг нь сайжруулсан. Ингэснээр коксын шилжүүлэн ачилт хурдсаж, гадаад вагоны сул зогсолт 40-өөд хувиар буурсан.

Хоёрдугаарт, вагон цементийг гар аргаар ачихад 2-3 цаг зарцуулж байсан. Зарим ачигч үйлчлүүлэгчийг “Мөнгө өгвөл ачааг чинь хурдан ачна. Өгөхгүй бол удаан ачна” гэж шантаачилсан гэх яриа чих дэлсэв. Тэр үед гэрээт ачигч нартай байсан. Тийм зүйлийг өөгшүүлээд суугаад байж болохгүй. Ачаа илгээгч нарт “Цементээ хоёр тоннын биг бэг савлагаатай оруулаад ир. Тийм савлагаатайг манайх оочир дугааргүй шууд ачна” гэдэг санал тавьсан. Зарим нь бидний саналыг хүлээж авсан. Биг бэг савлагаатай цементийг кранаар 40 минутад л ачдаг болсон.

Үүнээс гадна кранистууд 12 цагаар, тогтмол цалинтай ажиллаж байсан. Тэдэнд өдөрт хэдэн вагон ачих нь сонин биш, ажлын цаг дууслаа буугаад явчихна. Тэгэхээр нь эдийн засагчаараа тооцоо хийлгээд хийснээр цалинжуулдаг болсон. Үр дүнд нь кранистуудын хөдөлмөрийн бүтээмж 25 орчим хувиар өсөж, авдаг цалин нь ч нэмэгдсэн. Энэ бүх ажлын үр дүнд хятад вагоны сул зогсолт буурч, УБТЗ-аас гадагшаа урсдаг валют хэмнэгдэж байгаа юм л даа.

 

-Ашиглалтын чиглэлээр төгссөн инженерүүд ихэвчлэн хөдөлгөөн, ачаа тээвэр хоёрын аль нэгээр нь дагнаад явчихсан байдаг. Харин та юм юм хийж үзжээ?

 

-Энэ мэргэжлээр таван жил сурсных аль алийг нь би чадах ёстой гэж боддог. Цаг хугацаа ч хурдан юм даа, аль хэдийнэ 35 жил өнгөрчихөж дээ.

 

-Техникийн бодлого, стандартчиллын албанд удаж байна уу?

 

-Энэ албандаа 14 дэх жилдээ ажиллаж байна. Монгол Улсын “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд УБТЗ-ын хөгжлийн бодлого, төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах, техник технологийн шийдлийг нь боловсруулах, өртөг зардлын урьдчилсан тооцоо судалгааг гаргах ажлыг манай алба хариуцдаг. Энд хүндрэлтэй зүйл нь бусад байгууллагуудаас баталгаатай тоо баримтыг нь авч байж бидаливаа төсөл, хөтөлбөрүүдийг бодитой, хөрсөн дээр буусан байдлаар боловсруулах ёстой. Энд манай байгууллагууд жаахан хайнга хойрго ханддаг талтай.

 

-Шүлгээр эхэлсэн бидний яриа хадуураад явж өгч. Ингэхэд та шүлгээ “Ган үзэг” яруу найргийн наадамд өгч байв уу?

 

-Үгүй. Шүлэг бол миний дотоод мэдрэмж. Түүнийг тэмцээн уралдааны талбар дээр гаргаж тавиад би энэ хүнээс илүү, түүнээс дутуу гэж бодох нь өөрөө утгагүй. Миний бичсэн шүлгийг уншсан 100 хүний тавд нь таалагдсан бол тэр л биз. Би үгээр дизайн хийгээд өөрийн мэдрэмжийг л хүмүүст хүргэмээр санагддаг.

 

-Та удам залгасан төмөр замчин. Таны хүүхдүүдээс гурав дахь үеийн төмөр замчид төрсөн үү?

 

-Байхгүй. Би дөрвөн хүүхэдтэй. Тэд өөрсдөө ямар салбарт хүчээ үзээд, бүтээмжтэй ажиллах юм. Тэрийгээ өөрсдөө сонгог гэж боддог. Хүүхдийнхээ амьдралд оролцдог, үзэл бодолд нөлөөлөхийг оролдохын эсрэг байдаг хүн. Хэрэв өөрийнхөө хүсэл сонирхлоор төмөр замчин болъё гэвэл би “Битгий” гэж хэлэхгүй.

 

-Төмөр замд 35 жил ажиллачихаад эргээд харахад танд юу бодогдож байна?

 

-Би эцэг эхээс долуулаа. Ах дүүсээсээ төмөр замчин болсон нь би. Бусад нь бизнесийн чиглэлээр явсан. Аав, ээжийн захиасыг биелүүлж,, төмөр замд насаараа ажиллалаа. Эргээд бодоход төмөр замын ажил тайван сууж байгаад хийдэг ажил биш. Цаг үеэсээ хэт түрүүлж болохгүй, бас хоцорч болохгүй. Хэмнэлд нь таарч ажиллах ёстой. Тэр хэмнэлийг жигд авч явахын тулд төмөр замд үзлэг шалгалт, хурал зөвлөгөөн, сургалтуудыг тасралтгүй хийж байдаг. Маш онцлогтой хөдөлмөрийн талбар.

 

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.  

 

 

Б.Гүнжинлхам

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.