Дугаарын сурвалжилга

Илч түгээгч

G.Press 5 сарын өмнө 106 үзэлт 0 сэтгэгдэл

 


Өнгөрсөн намар үзлэгийн II комисс Амгалан дахь Төв засварын үйлдвэрийн ЦТП-д очих үеэр ажлын хувцас нь нэлээд элэгдсэн ахмад слесариэс ангийн дарга нь “Та өвлийн хувцсаа аваагүй юм уу?” гэхэд “Даргаа, би энэ оны сүүлчээр тэтгэвэртээ суух санаатай. Тэтгэвэрт гарахын хооронд шинэ хувцас авч мөнгө үрээд юүхэв. Миний оронд ирэх хүнд шинэ хувцас өгөөрэй. Би яах вэ” гэж даруухан өгүүлээд үргэлжлүүлэн “Энэ байгууллагад 41 жил сайхан ажиллалаа. Манай цалин боломжийн шүү дээ. Залуучууд л голоод байх юм. Надад бол болоод л байдаг юм” гэж хэлээд ажилдаа гарч билээ. Тэр үед сэтгэлд нэг л дулаахан дүр төрхийг “зурсан” хүн бол БЗАҮ-ний ангийн Амгалан дахь ЦТП-гийн бохирын слесарь Насанбатын Баатархүү байв.
Үзлэгийн дараа түүнийг зорьж очвол ээлжийн амралтаа авсан байлаа. Гэхдээ надтай уулзахаар төдхөн ажил дээрээ ирж, ажил амьдралын энгүүн яриа өрнүүлсэн юм. “Сонинд таны зургийг гарганаа” гэхэд Н.Баатархүү гуай хэдхэн хормын ард өнөөх элэгдсэн ажлын хувцсаа өмсчихсөн зургаа авхуулахад бэлэн зогсож байв. Ингэхдээ тэр нар салхинд онгож гандсан, элэгдэж сэмэрсэн хувцаснаасаа санаа зовсонгүй, байгаадаа сэтгэл хангалуун, элдэв дүр эсгэдэггүй чин сэтгэл л “үнэртэх” ажээ. 
Энэ байгууллагын босгоор анх 17 настай алхан орсон залуу хүү, хэдийнэ 41 оныг ардаа үдээд байгаа нь энэ. Дэрсэн шүүртэй нөхөрлөн талбайн цэвэрлэгчээр хөдөлмөрийн гараагаа эхэлж, улмаар гал шиг дүрэлзсэн идэр залуу насаа уурын зууханд “халуун дулааныг үйлдвэрлэж”, илч дулаан болгон түмэнд түгээсэн санагдана. Харин уурын зуух нь хөгжил дэвшилд зайгаа тавьж, ЦТП болсон үеэс буюу сүүлийн долоон жил бохирын слесариар ажиллаж байна. 
“Та тэтгэвэртээ суух гээд л дэгэлзээд байна уу?” гэхэд муухан мушийж “Хүүхдүүд л “Та олон жил хүнд ажил хийлээ. Одоо тэтгэвэртээ гарч, амар” гээд байгаа юм. Гэхдээ тэтгэвэрт гарах минь бүтэх нь үү. Өвөлдөө галчаар ажиллаад зундаа их засварт ажилладаг байсан юм. Гэтэл засварын ажил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ордоггүй юм байна. Тэтгэвэрт гарах бичиг баримтаа бүрдүүлж өгтөл хүнд нөхцөлд ажилласан жил минь хүрэхгүй байгаа бололтой. Юутай ч дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтсээс ямар хариу ирэхийг хүлээж байна. Аягүй бол ахиад хоёр жил ажиллах болох нь” гэж даруухан өгүүлэв. 
Тэрбээр удам дамжсан төмөр замчин аж. Их багад нь тэднийх Увс аймгийн Наранбулаг сумаас шилжин ирж, аав нь төмөр замчин болсон гэнэ. 
Н.Баатархүү “Аав утаатай галт тэрэгний галч байсан. Утаатай галт тэрэг чинь Налайх-Хонхор хооронд нүүрс зөөдөг байсан даа. Дараа нь Орон сууцны ангид галчаар орж, тэтгэвэрт гартлаа ажилласан. Тэр үед гэр маань Хонхорт, би тэндэхийн найман жилд сурч байгаад дөрөвдүгээр анги дүүргээд л сургуулиас гарчихсан. Ер нь, сурах дургүй хүүхэд байсан. Сүүлд манайх вокзалын арын 63 дугаар байранд орсон. Ээж минь хотын холбоонд ажиллаж байгаад намайг их багад даралт харваад өөд болсон. Би эцэг эхээс тавуулаа. Аав намайг 17 нас хүрэхэд “Ном сурах дургүй хүн одоо ажил хий. Хамт олон дунд ажил хийх шиг сайхан юм байдаггүй” гэсэн юм. Бидний үеийнхэн эцэг эхийнхээ үгнээс зөрдөггүй байлаа. Эхлээд талбайн цэвэрлэгч боллоо. Тэр үед манай Орон сууцны анги Саша гэдэг даргатай тохижуулахын бригадтай байлаа. Одоогийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс вокзал хүртэлх талбайг цэвэрлэдэг байсан. Төмөр замын тосгоны дан байшингууд гаднаа нүхэн жорлонтой. Өвөл болохоор тэр нүхэн жорлонг ухаж, хөлдүүсийг нь зайлуулна. Тэгж байгаад цэргийн албанд татагдсан. Халагдаж ирээд ажлаа хийж байгаад уурын зуухны галч болсон. Талбайн цэвэрлэгчээр хоёр жил гаруй ажилласан” гээд товч бөгөөд тодорхой цөөн үгээр ярина.
Тэрбээр, 1986 онд цэргийн албанд мордож, Өмнөговьд эх орныхоо торгон хилийг хоёр жил манажээ. Армид алба хаана гэдэг амьдралын их сургуулийг дүүргэсэн гэсэн үг. Хүч чадал, тэсвэр хажуужил суусан эр хүн энэ он жилүүдэд ажлын хүндээс халгаж бэрхшээгээгүй бизээ. 
-Таны залууд өвөл их хүйтэрдэг байсан даа. Дүн өвлийн хүйтнээр уурын зуух галлана гэдэг амаргүй ажил байв уу? гэхэд “Галч өглөө 08.00 цагт ажилд гараад 16.00 цагт буудаг, 16.00 цагт гарвал өглөө 08.00 цагаас буудаг байсан. Манай уурын зуух 100-гийн таван тогоотой, ээлжиндээ дөрвөн галч гарна. Дөрвөн галч таван зуухыг галлахад ээлжиндээ ер нь гурван машин гаруй нүүрс “цааш нь харуулдаг” байсан. Ес эхэлсэн үед бол бүр ч их галлана. Тухайн үед Багануурын илч сайтай нүүрсний ачаар л өвлийг давдаг байлаа” гэв. Халуун гал, хөө тортог гээд амаргүй нөхцөлд ажиллаж байсан байж таарна. Гэхдээ Н.Батхүү гуайн амнаас хэцүү, хатуу байсан гэдэг үг үл унагана. 
Тэр “Уурын зуухны галлагаа хийхэд эхэндээ өөдөөс айхтар төөнөнө. Ойртож очих аргагүй л санагдана. Тэгээд аяндаа дасчихдаг. Хөвөнтэй бээлий дангаар нь өмсвөл гараа түлнэ. Бээлийнийхээ гадуур заавал бризентин бээлий өмсөж байж халуун гаапуугаа барина шүү дээ. Одоо бүх уурын зуух ЦТП болоод их цэвэр цэмцгэр, бидний ажлын нөхцөл их сайхан болсон. Галч нарын нүд, шүд л гялалзаж байдагсан. Халуун галд шарагдсаар нүүр их харладаг байлаа” гээд инээв.
Түүний одоогийн ажлын талбартай танилцлаа. Бохирын худагт хуримтлагдсан хог хаягдлыг ээлжиндээ хоёр удаа тогтмол цэвэрлэдэг аж, Эхүүн үнэртэй бохирын худаг руу орж, шүүрт тогтсон хаягдлыг гараар авч дээш нь зөөж гаргадаг юм байна. Хувин хийгээд шатаар зөөж гаргадаг байсан бол одоо тусгай өргөгчөөр дээш гаргадаг болж. Түүндээ их олзуурхангуй, надад ажиллуулж үзүүлэн “Энэ ажил их хөнгөвчилсөн шүү” гээд хүүхэд шиг баяртай өгүүлэв. Бас айлууд руу үе үе дуудлагаар очиж бохирын бөглөөс гаргадаг аж. “Хүмүүс их хайнга 00 руугаа шалны алчуураа авалгүй устай нь хийчихсэн байна. Эсвэл гал тогооны тосгуур руугаа тостой хоолны үлдэгдлээ хийчихээд дуудлага өгдөг. Миний ажил юм чинь очоод л гаргаад өгдөг. Одоо чинь харин бээлий, маск, комбинзон гээд хамгаалах хэрэгслийг бидэнд сайн олгодог болсон” гэв. 
Ингэхэд та энэ олон жил ажлаа сольж үзье гэж бодож байв уу? гэхэд “Үгүй. Би өөрийнхөө хийдэг ажлыг муу ажил гэж огт бодож байгаагүй. Хүний л хийдэг ажил шүү дээ. Энэ ажлыг хийж амьдрал ахуйгаа залгуулж, хэдэн хүүхдээ хүний зэрэгтэй өсгөсөн. Ажлыг хүн голдоггүй, ажил хүнийг голдог гэж үг бий” хэмээн өгүүлэв. 
Таны ажил, амьдралын бахархал юу вэ гэхэд Удирдах, Вокзал, төмөр замын техникум, цэцэрлэг гэх мэт төмөр замын байгууллагууд бүгд дэргэдээ нэг нэг уурын зуухтай байлаа. Тэр бүгдийг 1990-ээд онд ЦТП болгож, төвийн халаалтад холбох сангийн их засварын ажилд гар бие оролцож явлаа. Уурын зуух бол тоос тортогоос эхлээд ямар байдаг билээ дээ. Одоо ямар сайхан цэвэрхэн болсныг харж байгаа биз дээ. Энэ хөгжил дэвшлийг хийхэд гар бие оролцсон доо бахархалтай явдаг” гэж ярилаа. Та сангийн слесарийн ажлыг бие дааж сурав уу гэхэд “Ахмадуудаа дагалдаж суралцсан. Манайд Бужийнов, Сандаг, Найдан гэж слесариуд байлаа. Мөн Ило гэдэг орос механик байлаа. Надад Ило гуай “Чи сангийн слесарийн ажил хийж сур. Яваандаа уурын зуухны галч гэдэг ажил байхгүй болно шүү” гэж хэлж байсан. Яг л түүний хэлснээр болсон. Их холыг харж, намайг л бодож үнэнийг хэлж байж дээ” гэв.
Н.Баатархүү гуай төмөр замд 40 жил ажилласныхаа ойн дээр өнгөрсөн оны Замын даргын намрын үзлэгээр “Төмөр замчны алдар” тэмдгээр энгэрээ мялаажээ. Үзлэгийн дүнгийн хурал дээр нэрийг нь дуудахад танхим дүүрэн хүн нижигнэтэл алга ташиж баяр хүргэхэд нь жигтэйхэн огшиж байснаа дурсаж, тэр бол амьдралдаа мартамгүй сайхан мөчийн нэг. Тэр их олон хүний нижигнэсэн алга ташилтанд тайз хүртэл доргих шиг санагдсан шүү. Төмөр замчдынхаа дунд тийм хүндтэй шагнал авна гэж зүүдэлж явсан биш” гээд инээсэн.   
Тэднийх нэг хүү, гурван охинтой айл аж. Эхнэр нь Амгалан өртөөнд үйлчлэгчээр ажиллаж байгаад гавьяандаа суужээ. Хүүхдүүдээс нь гурав дахь үеийн төмөр замчин төрж, бага охин нь өдгөө Улаанбаатар өртөөнд ачаа вагон хүлээлцэгчээр ажиллаж байгаад их бахархаж явдаг нь илт. 
Ийм нэгэн дэндүү эгэлхэн төмөр замчны элдэв өнгө будаггүй амьдралын үнэн түүхээс сөхөхөд ийм байна. Сэтгэл дулаацуулах илч түгсээр л...  

 

Б.Гүнжинлхам


 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.