Говийн бүсэд ажиллаж буй төмөр замчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, цалин хангамжийг нэмэх зэргээр нийгмийн асуудлыг шийдвэрлэх, улмаар говь нутагт ажиллаж, амьдрах хүсэл эрмэлзлийг дэмжих, ажлын байрны тогтвор суурьшлыг хангах зорилгоор УБТЗ-ын захиргаа “Говийн төмөр замчин хөтөлбөр”-ийг боловсруулж, 2022 оны есдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд тус хөтөлбөрийн хэрэгжилт хийгээд үр дүн ямар байсныг говийн бүсийн зарим төмөр замчинтай холбогдож, тодруулсан юм. Говийн бүсэд ажиллаж байгаа төмөр замчдын сэтгэгдлийг уншигч та бүхэндээ тоймлон хүргэе.
М.Өлзийхишиг: Зөвхөн мөнгөн дүнгээр хэмжигдэхгүй давуу тал бидэнд бий болсон

Дохиолол холбооны III ангийн Замын-Үүд холбооны инженер
-Би УБТЗ-д 24 дэх жилдээ ажиллаж байна. Анх нөхрөө дагаад л Дорноговьд ирж байлаа. Баянхонгорт өсөж төрсөн болохоор төмөр замын талаар төсөөлөл ч үгүй байсан бол эдүгээ хамт олныхоо нэгэн эд эс болж явна. Манай говийг “Зундаа хэт халуун, ундны ус асуудалтай” л гэдэг юм. Миний хувьд хангай говь хосолсон нутгийн хүн болоод ч тэр үү жилийн дараа л дассан. Ундны усыг ч гэсэн цэвэршүүлж хэрэглээд болж л байна. Замын-Үүдэд тэр дундаас Дохиолол холбооны III ангид ажиллаж байгаа нь миний хувьд хамгийн том бахархал юм. “Говийн төмөр замчин хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн өдрөөс Замын-Үүд зангилаанд ажиллаж байгаа төмөр замчин бүр ажил мэргэжил хамаарахгүйгээр говийн бүсийн нэмэгдэл 150.000 төгрөгийг сар бүр тогтмол авдаг болсон. Сайншанд хүртэлх өртөө зөрлөгт ажиллаж байгаа төмөр замчдад дээрх нэмэгдэл 200.000 төгрөгөөр олгогддог. Сайншанд хэсэглэлийнхэн харин 100.000 төгрөгийн нэмэгдэл авдаг гэхчлэнгээр Чойрын хэсэглэл хүртэлх өртөө, зөрлөгүүдэд ажиллаж байгаа төмөр замчин бүр энэхүү үр өгөөжийг хүртэж байна. Хамгийн эхний бодит үр дүн нь энэ. Мөн Замын захиргаа, МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо хоорондын “Хамтын гэрээ”-ний хэрэгжилтийн хугацаа маш оновчтойгоор шийдэгдсэн гэж би боддог. Түүнээс гадна тухайн төмөр замчин мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх хүсэлтэй байгаа тохиолдолд шалгалт өгөөд голч оноо нь 3.5-аас дээш гарсан тохиолдолд сургалтын төлбөрөөс нь 100 хувь чөлөөлөх боломж бүрдсэн. Миний хувьд инженерийн мэргэжил эзэмшихээр ажлынхаа хажуугаар сурч байгаа учраас үр шимийг нь бодитоор хүртэж байна. Мөн УБТЗ-д тасралтгүй 10-аас дээш жил ажилласан бол сургалтын төлбөрөөс нь 100 хувь, 5-10 жил ажилласан бол 75 хувийг төлбөрөөс чөлөөлөх эрхтэй. ТЗДС-д сурч байгаа ажилтнууддаа холбогдох хөнгөлөлтүүдийг олгоод явж байгаа. Ер нь, “Говийн төмөр замчин хөтөлбөр”-т нийгмийн хамгааллын чиглэлээр маш олон заалтыг тусгаж өгсөн. Тухайлбал, гадаад, дотоодын их дээд сургуульд төмөр замын үндсэн мэргэжлээр суралцаж төгсөөд өөрийн хүсэлтээр говийн бүсэд ажиллах санал гаргасан бол түрээсийн орон сууцных нь төлбөрийг эхний жилд 80 хувь, хоёр дахь жилд нь 50 хувиар хөнгөлдөг болсон. Өртөө зөрлөгт байгаа 14-24 айлын орон сууцуудыг бүгдийг нь төвлөрсөн ус, дулааны шугамд холбож өгөхөөр болсон гээд бидний ахуй амьдрал, ажил мэргэжилд хэрэгтэй бүхий л шаардлагыг тусгаж өгсөн маш өгөөжтэй хөтөлбөр гэж би боддог. Хамт олон маань ч энэ хөтөлбөрт сэтгэл хангалуун байгаа.
Б.Энхчимэг: Хангайн бүсээс говь руу ирж ажиллах нь нэмэгдсэн

Сайншанд өртөөний хүний нөөцийн мэргэжилтэн
-Байгууллагынхаа хүний нөөцийн асуудлыг хариуцан ажиллаж байгаагийн хувьд “Говийн төмөр замчин хөтөлбөр”-ийг үнэхээр цагаа олсон, чухал ач холбогдолтой шийдэл болсон гэж хардаг. Говийн бүсэд ажлын байрны тогтвор суурьшлын асуудал хурцаар хөндөгдөж байгаа энэ үед бид голомтод нь ажиллаж байгаа бид хөтөлбөрийн явц хийгээд ач холбогдлыг хамгийн бодитоор мэдэрч байна. Яг өнөөгийн нөхцөлд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарах ажилтны тоо нэмэгдэж байна. Эхлээд албан ёсоор хүсэлтээ өгөөд хуулийн хугацаандаа гардаг байсан бол сүүлийн үед дуртай цагтаа хэл чимээгүй ажлаа орхиод явдаг болсон. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн, улс орны хэмжээнд эдийн засгийн хямралтай байгаа ийм үед тухайн ажилтнуудыг ч буруутгах аргагүй юм. Мэдээж, амьдралынхаа төлөө илүү нөхцөлийг л сонгоно шүү дээ. Он гарснаас хойш манай байгууллагын хэмжээнд таван хүн ажлаа орхиод явсан. Би анх удаа л ийм нөхцөл байдалтай тулгарч байна. Тэгэхээр “Говийн төмөр замчин хөтөлбөр” хэрэгжиж эхлэнгүүт энэ байдал бүрэн шийдэгдэж, ажилтны тогтвор суурьшил бий боллоо гэж хэлэхэд арай эрт байна. Мэдээж, ийм богино хугацаанд шууд үр дүнгээ өгнө гэж байхгүй шүү дээ. Тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш хамгийн түрүүнд ажиглагдаж байгаа зүйл гэвэл хангайн бүсээс говь руу ажиллах сонирхолтой хүмүүсийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн. Өмнө нь говьд ажиллаж байгаад хангайн бүс рүү явсан хүмүүс хамгийн түрүүнд буцаж ирж байх жишээтэй. Тус хөтөлбөрийн зүйл заалт бүрд говийн бүсэд ажиллаж байгаа төмөр замчдад тулгамддаг асуудлыг нарийн тусгаж өгсөн учраас бид сэтгэл хангалуун байгаа. Анх Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч даргын цахилгаан гарч тус хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг томилогдсоноос хойш бид үр өгөөжтэй хөтөлбөр боловсруулахын төлөө өдөр шөнөгүй ажилласан. Үүний үр дүнд манай зангилааны удирдлагаас дэвшүүлсэн саналын 90 гаруй хувь нь дээрх хөтөлбөрт тусгагдсан. Ингээд хөтөлбөр амжилттай хэрэгжсэн жил шахам хугацааг эргэн харахад нэг зүйл заалт дээр жаахан уян хатан бодлого барих хэрэгтэй санагдсан. Тэр нь юу вэ гэхээр мэдлэг мэргэжлээ дээшлүүлэн суралцах хүсэлтэй ажилтны сургалтын хөнгөлөлтийг олгохдоо заавал “Голч дүн 3.5-аас дээш байх ёстой” гэсэн заалт. Учир нь үндсэн ажлынхаа зэрэгцээ суралцаж байгаа хүмүүс өдрийн ангийн оюутнуудын хэмжээнд хүртэл хангалттай дүнтэй байж чадахгүй шүү дээ. Тэгээд ч “Говийн бүсэд тогтвор суурьшилтай ажиллана” гэсэн хатуу нөхцөлөөр гэрээ байгуулж байгаа. Манай ажилтнууд ч энэ асуудлыг шийдвэр гаргах түвшинд уламжлаад өгөөч гэсэн хүсэлтийг ирүүлдэг. Тэгэхээр сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй холбоотой гарсан А-210 тоот тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй юм болов уу гэж хардаг. Манай байгууллагын хувьд “Говийн төмөр замчин хөтөлбөр”-ийг сурталчлан таниулах ажлыг өөрсдийн нөөц бололцооны хэмжээнд зохион байгуулаад явж байна. Хангайн бүсийн төмөр замчидтай уулзалт зохион байгуулж, танилцуулга материал тарааж, илтгэл тавьснаас эхлээд олон ажлыг энд дурдаж болно. Үүний үр дүнд зангилааны хэмжээнд байршуулсан ажлын байрны зарын дагуу 14 хоногийн хугацаанд орон нутгаас нэг ч хүн ирж уулзаагүй байхад хангайн бүсээс гэр бүлийн хоёр хүн тухайн ажилд орох хүсэлтээ өгч байх жишээтэй.
С.Уранбат:Хамгийн таатай нөхцөлөөр ТЗДС-д суралцаж байна

Замын-Үүд ШАА-ийн III цехийн дарга
-Би УБТЗ-д арав дахь жилдээ ажиллаж байна. Анх Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Бизнесийн удирдлага солонгос хэлний ангийг төгссөн ч Төмөр замын МСҮТ-д нэг жилийн хугацаатай суралцаж, УБТЗ-д ажилласан. Анх Замын-Үүд дэх ШАА-д ахлах АВХ-ээр ажилд орж, дараа нь Замын-Үүд өртөө рүү мөн мэргэжлээрээ шилжин ажиллаж байгаад саяхнаас ШАА-ийнхаа III цехийн даргаар ажиллаж байна. Одоо гэргий маань ч энэ салбар ажиллаж байна. Эргээд харахад бага залуу насны дэврүүн сэтгэлээр өөрт төдийлөн тохиромжгүй мэргэжил сонгосон юм билээ. Эхнээсээ л ТЗДС-д суралцсан бол дэмий цаг хугацаа алдахгүй байсан гэж боддог. Ингээд УБТЗ-д орсныхоо дараа өөрийгөө дайчлан богино хугацааны сургалтад сууж, тэр хэрээрээ албан тушаал дэвшиж ажилласаар 2021 онд ТЗДС-д элссэн. Гэтэл 2022 оноос “Говийн төмөр замчин хөтөлбөр” хэрэгжиж эхэлснээр миний сургалтын төлбөр бүрэн хөнгөлөгдсөн. Уг хөтөлбөрийн хүрээнд УБТЗ-д гэр бүлийн хүн нь ажилладаг бол сургалтын төлбөрийг 25 хувь,гурваас дээш жил ажилласан бол 50, таваас дээш жил бол 75, 10-аас дээш жил тасралтгүй ажилласан бол 100 хувь хөнгөлөх нөхцөлтэй юм билээ. Энэ бол ажилтнуудынхаа мэдлэг боловсролыг дэмжих чиглэлээр Замын захиргаанаас хийж байгаа маш том хөрөнгө оруулалт. Бидний хувьд сурч хөгжих хүсэл эрмэлзэл хэчнээн байвч байрны түрээс, цалингийн зээл зэрэг хэрэгцээ шаардлагууддаа баригдаад төдийлөн сурч чаддаггүй байлаа. Иймд сургалтын төлбөрөөс чөлөөлөх бодлого хэрэгжсэнээр бидэнд олон давуу талбий болсон. Хамгийн бага өртөг зардлаар мэдлэг боловсролоо дээшлүүлж буйдаа маш их баяртай байгаа. Надтай хамт ажилладаг хүмүүс бүгд ТЗДС-д суралцаж, “Говийн төмөр замчинхөтөлбөр”-ийн үр шимийг хүртэж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа ярилцдаг.
Д.Отгонтуяа: Оюуны хөрөнгө оруулалтад минь том дэмжлэг болсон

ЭХУХ-ийн II ангийн борлуулалтын ня-бо
-Аав минь насаараа говийн бүсэд төмөр замчнаар ажилласан. Одоо ах Сайншанд татах хэсэгт ажиллаж байна. Би 1997 онд ТЗДС-ийн Цахилгаан хангамжийн ангид элсэж, сургуулиа төгсөөд ЭХУХ-ийн II ангийн харьяа Чойр хэсгээс ажлын гараагаа эхэлсэн. Одоо би Сайншандад борлуулалтын нягтлан бодогчоор ажилладаг. Манай гэр бүл бүгд төмөр замынхаа үр шимийг хүртэж ирсэн. Би л гэхэд УБТЗ-д 22 жил ажилласан гээд бодохоор энэ байгууллага бол манай гэр бүлийн үнэт зүйл юм. Миний хувьд өнгөрсөн хугацаанд ар гэр, ахуй амьдрал гээд мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх боломж төдийлөн олдохгүй байсан болохоор 2022 онд ТЗДС-д цахилгаан хангамжийн инженерээр элссэн. Гэтэл яг энэ үйл явдалтай зэрэгцээд “Говийн төмөр замчин хөтөлбөр” батлагдаж сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлсөн. Өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийх хүсэл эрмэлзэлд минь дэмжлэг боллоо. Замын удирдлагадаа талархал илэрхийлье. Говийн бүсэд ажиллаж, амьдрах залуусын хүсэл эрмэлзэлийг дэмжиж, боловсон хүчний тогтвор суурьшлаа бэхжүүлэхэд чиглэсэн ийм сайхан хөтөлбөр хэрэгжүүлж байгаад би хувьдаа баяртай байна. Орчин цагийн залуус аль болох л төв суурин газар, нийслэл хот руугаа тэмүүлдэг болсон. Гэтэл өртөг өндөртэй хот газарт хөлөө олох гэж хугацаа алдсанаас орон нутагт илүү өндөр цалин авч, мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж байна гэдэг нь сайхан шүү дээ. Цаашид ийм төрлийн төсөл хөтөлбөрийг аль болох олноор нь хэрэгжүүлбэл сайхан л байна. Төмөр замчин өөрөө төдийгүй энэ хөтөлбөрт хамрагдсан хүний үр хүүхэд нь хүртэл сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой болсон.
Б.Батчимэг: Бүсийн нэмэгдлийг ижил түвшинд олговол оновчтой санагддаг

ЭХУХ-ийн II ангийн Чойр дахь цахилгаан шугам сүлжээний хэсгийн техникч
-Би ЭХУХ-ийн Чойр хэсэгт 25 дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь техникчийн ангийн төгссөн болохоор 2022 онд цахилгааны инженер мэргэжлээр ТЗДС-д элссэн. Тухайн үедээ “Говийн төмөр замчин хөтөлбөр”-ийн талаар сайн мэдээллгүй байсан учраас эхний улирлын төлбөрийг хувиараа төлөөд сурсан. Саяхан харин төлбөрийг хөнгөлөх тухай тушаал гарсан болохоор өгсөн төлбөрөө буцаан авах хүсэлтээ бичээд байна. Миний хувьд “Говийн төмөр замчин хөтөлбөр”-өөс бодитоор мэдрэгдэж байгаа нь энэ. Бүсийн нэмэгдэл гэж манай Чойрын төмөр замчид сар бүр 50.000 төгрөг авдаг. Уг нь цаг агаарын нөхцөл байдлын хувьд бид адилхан нөхцөлд ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр бүсийн нэмэгдлийг ижил төвшинд олгох нь зүйтэй юм болов уу гэж боддог. Говьд ажиллах хүч үнэхээр дутагдаж байна. ТЗДС-ийг төгссөн хүүхдүүд говь руу ирж ажиллахыг хүсэхгүй байна. Дээрээс нь, цалин хангамж дорвитой нэмэгдэхгүй болохоор бэлтгэгдсэн ажилтнууд маань ч ажлаас гарч байна. Ялангуяа, хоёр жилийн өмнө шинэ төмөр замууд руу маш олон хүн явсан. Тэр үеийг бодвол одоо харьцангуй тогтворжиж байна.
Б.Дэлгэрхишиг
