Дохиолол холбооны II ангийн суурин холбооны тасгийн кабелийн механикч, спортын мастер Гомбо-Очирын Ганхуягтай сурын харвааны талаар ярилцлаа. Тэрбээр УБТЗ-д дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Өмнө нь “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-д кабельчнаар ажиллаж байжээ.
-Та сурын спортоор хэзээнээс хичээллэж эхлэв?
-Би энэ спортоор 2019 оноос хичээллэж эхэлсэн. Анх Монгол Улсын Даян мэргэн Д.Эрдэнэтуяа багшид шавь орж, “Очирваань” клубт орсноор долоо дахь жилдээ харваж байна. 2021 онд 40 сумнаас 35 онож, спортын мастерын болзол хангасан. Мөн 2021 онд мөсөн сурын дэд мастер болсон. 2026 оны Сүхбаатар аймгийн аварга шалгаруулах тэмцээнээр Аймгийн бахлуур цол авсан.
-Сурын харваа дотроо олон төрөл байдаг бололтой. Та аль төрлөөр нь хичээллэж байна вэ?
-Анх халх сурын харваагаар хичээллэж эхэлсэн. Одоо сурын дөрвөн төрлөөр харваж байгаа.
-Сурын харвааны төрлүүд хоорондоо хэр ялгаатай вэ?
-Харвах зай болон сум, бай зэрэг нь өөр. Жишээ нь, халх сурын харваа бол эрэгтэй харваач 75, эмэгтэй харваач 65 метрээс газарт байгаа хасааг харвадаг. Урианхай сур бол 45 метрээс харвадаг. Бай нь бөөрөнхий сур байдаг.
Буриад сурын харваа бол 40 ба 35 метрийн зайнаас харвадаг. Сум нь өөр. Бай нь ч өөр. Мөсөн сурын харваа урианхай суртай адил бөөрөнхий сур харвадаг. Өвөл мөсөн дээр харвадаг учраас мөсөн харваа гэдэг. Мөсөн сурын харваа арванхоёрдугаар сарын 22 буюу ес эхлэхээр харваж эхэлдэг. Мөсөн сурын харваа сүүлийн жилүүдэд нэлээд хөгжиж байгаа.
-Наадмаас бусад үед сурын харвааны тэмцээн уралдаан хэр зохион байгуулагддаг вэ?
-Уралдаан тэмцээн нэлээд болдог шүү. Тэр болгонд ажлаа зохицуулаад оролцохыг хичээдэг. Энэ жил “Үндэсний спортын наймдугаар их наадам” болж байгаа. Энэ наадам дөрвөн жилд нэг удаа болдог. Өвлийн наадам нь энэ өвөл болж өнгөрлөө. Их наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс харваачид ирж оролцсон. Тэр тэмцээнд бас оролцсон.
-Сур харвааны олон төрлөөр хичээллэх, нэг төрлөөр дагнаад харвахын давуу болон сул тал гэж бий юу?
-Байлгүй яахав. Нэг төрлөөр дагнаад харвах нь тухайн төрөлдөө амжилт гаргах давуу талтай. Халх сураар л харвадаг бол зөвхөн 75 метрт л харваад явна гэсэн үг. Гэхдээ харваачид багаар харвадаг учраас багийн амжилтын төлөө төрөл бүрээр харвах шаардлага үүсдэг. Зөвхөн хувийн амжилтаа хөөе гэвэл нэг л төрлөөрөө дагнаад явбал илүү амжилт гаргах магадлал өндөр. Би Хан-Уул дүүргийн “Петровис” багт харвадаг.
-Сүүлийн жилүүдэд төмөр замчид маань сурын харваагаар нэлээд хичээллэдэг болжээ. Харваачдаа дэмжих хөгжүүлэх, тэмцээн уралдаан хэр зохиогдож байна вэ?
-Манай төмөр зам олон харваачтай болж байгаа. Миний мэдэхээр лав 30 гаруй харваач бий. 2021 оноос сурын Замын аварга шалгаруулах тэмцээнийг “Замчин” спорт хороо маань зохион байгуулж эхэлсэн. Замын аваргын тэмцээний эхний таван байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй харваачдад цалинтай чөлөө өгч наадмын бэлтгэлд гаргадаг. Энэ бол том дэмжлэг шүү. Өнгөрсөн жил л хэмнэлтийн жил гээд тэмцээн болоогүй. Улаанбаатар Татах хэсэгт сурын зурхай засчихсан. Харваачид тэнд бэлтгэл хийх боломжтой. Манай “Замчин” спорт хорооны С.Ерөөлт дарга биднийг сайн дэмждэг. Анхны Замын аварга шалгаруулах тэмцээнд 30 гаруй харваач ирж байсан.
-Мөсний харваа гэдгийг би анх сонсож байна. Энэ төрлөөр хэзээнээс харваж эхлэв?
- Мөсний харваагаар 2021 оноос эхэлж хичээллэсэн. Нээлттэй харваан дээр дэд мастерын болзол хангасан. 20 сумнаас 16 оновол дэд мастер, 17-оос дээш оновол мастерын болзол хангадаг. Сүүлийн жилүүдэд сурын энэ төрөл их эрчимтэй хөгжиж байна. Энэ харвааг бүр олон улсад ч гаргах тухай ярьж байгаа юм билээ.
-Мөсөн дээр сур харвах хэр өөр бол...?
-Зай нь ч өөр, хүйтэнд харвах чинь хүнээс тэсвэр тэвчээр их шаардана. Дээр нь эр хүний чансаа шалгасан харваа. Энэ өвөл -40 хэм давсан хүйтэнд сур харвасан. Чанга байсан шүү.
-Ингэхэд агаарын температур сурын харваанд нэлээд нөлөөлдөг байх. Цас, бороо, салхитайд харвахад харвах техник өөр өөр байдаг уу?
-Өөр байлгүй яах вэ. Ялангуяа, халх сур дээр их мэдрэгдэнэ. Эвэр нумын хөвчийг шөрмөсөөр хийдэг болохоор өглөөний сэрүүнд сэргэг байна. Өдрийн халуунд нум уяраад буудаг. Тэгэхээр бидний хараа өөрчлөгдөнө. Бид хараагаа гар дээрээ зурдаг. Тэрийгээ байндаа тааруулж, харвадаг. Тэгээд нум чинь буугаад ирэхээр хараагаа тааруулах зураасыг гар дээрээ зурдаг.
Бороотойд өөр, борооны дараа өөрчлөгдөнө. Нар хурц үед бас өөр. Сэрүүнд хараа өөрчлөгдөнө. Тэр бүгдийг өөрийн мэдрэмж, туршлагаар тааруулж сурах нь чухал.
Өглөө 08.00 цагт харвалаа гэхэд дахиад хоёр цагийн дараа харвахад өөр байдаг.
Сурын харвааг бяр, ухаан, аз гурвын нэгдэл гэж ярьдаг.
-Ямар ч спортын амжилтын ард тамирчны сэтгэл зүйн тэнцвэр маш их нөлөөлдөг гэдэг. Сурын харваагаар хичээллэхийн ач холбогдлыг та хэрхэн дүгнэдэг вэ?
-Сэтгэл зүй маш чухал. Тэмцээний үеэр их л тайван байх шаардлагатай. Манай Д.Эрдэнэтуяа багш маань Улсын наадамд хоёр түрүүлсэн хүн. Анх биднийг сураар хичээллэж эхэлж байхад тэмцээн уралдааны үеэр бага ярь, тайван бай, толгойноосоо бодлоо авч хая гэдэг байсан. Анх бол хүний толгойд есөн зүйлийн бодол орж ирдэг. Яаж байгаа онох вэ гэх ч юм уу. Гэтэл багш “Та нар онох гэж яарлаа” гэж зэмлэнэ. Зүгээр зөв техникээр л харва гэнэ. Шинэхэн харваач байхад багшийн хэлснийг ойлгохгүй. Бай л онох гэж харваж байгаа биз дээ. Багш ямар хачин юм ярьдаг байнаа гэж боддог байлаа. 2-3 жил харваж байж л багшийн хэлснийг ойлгодог юм билээ /инээв/.
Ер нь, сураар хичээллэхийн ашиг тус их. Хүн хоббитой болохоороо чөлөөт цагаа түүндээ зарцуулдаг. Сураар харваж эхлээгүй байхдаа дэмий зүйлд их цаг зарцуулдаг байж. Наад зах нь найз нөхөд наргия цэнгэе гэвэл яваад очно. Одоо бол цаг л гарвал харваандаа зарцуулна. Эрүүл агаарт сураа харваад, хобби нэгтэй хүмүүстэйгээ цагийг их сайхан өнгөрөөдөг. Тэнд төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүстэй нөхөрлөөд явахад олон зүйлийг шинээр мэдэж, сурч байдаг. Ажлын стресс ядаргаа ч тайлагдана. Багш маань анх хичээллэж байхад “Архи ууж болохгүй шүү. Уувал долоо хоногийн бэлтгэл үр дүнгүй болно шүү” гэж анхааруулж байсан. Үнэхээр энэ спортод дурлаад ирэхээр завгүй болчихсон. Нэг хэсэг бүр өглөө 06.00 цагт босоод харваж байгаад 08.00 цагт ажилдаа ирээд, өдөр цайны цагаараа хүртэл сурын талбайд очиж харваж байгаад орой ажлаа тараад харанхуй болтол харвадаг байсан. Энэ спортод тэгж л дурлаж байсан даа.
-Сур харвахын юу нь тийм сайхан таашаалыг өгдөг вэ?
-Нумаа татаад сум тавих хүртэлх бүх дуу чимээ гээд бүх зүйл нь гоё. Анх сумаа байндаа тусаж байна уу гэж хардаг бол одоо сумаа тавихдаа л энэ гарцаагүй байнд тусна гэдгийг чимээгээр нь мэднэ. Харах шаардлагагүй. Тэр мэдрэмж өөрөө маш гоё. Анх сумаа тавьчихаад онож байна уу гээд харахаар багш “Сумны араас битгий хар. Юуг нь хардаг юм. Техникээрээ л харвасан бол сум чинь өөрөө очоод ононо” гэхээр нь бид их гайхдаг сан. /инээв/
-Анх сураар хичээллэж байгаа хүн хэдий хугацааны дараа туршлагаждаг вэ?
-Жилийн дараа гайгүй болно. Гэхдээ үнэхээр авьяастай бол 3-4 сар хичээллээд спортын мастерын болзолоо хангачихдаг л юм билээ. Манай клубт нэг залуу хавар харваж эхлээд наадмаар спортын мастер болж байсан шүү. Хүнээсээ л болно. Сурыг эхлэн суралцагч бол өвөл зааланд харваж эхлэх нь их зөв санагдсан. Техникээ эхэлж сайн сурч байгаад дөрөвдүгээр сараас гадаа бэлтгэл хийж эхэлбэл их тохиромжтой байдаг.
-Би нэг удаа хамгийн зөөлөн сургалтын нум татаж үзээд дийлээгүй. Сурын харваагаар гартаа их бүлтэй хүн л харвадаг байх гэж бодсон?
-Ерөөсөө эв дүй л байдаг. Техникээ зөв сураад эвээр татдаг. Зүгээр бярдана гэвэл худлаа. Бөхчүүд хүртэл татаж дийлдэггүй. Нэг найзыгаа сурын харваанд уруу татах гэтэл би нум татаж дийлэхгүй гээд болдоггүй. Тэгэхээр нь нэг жаахан охины харваж байгаа бичлэгийг үзүүлээд сур харваанд оруулчихсан.
-Улсын наадмын салхийг харваачид хагалдаг шүү дээ. Та бүхний хувьд наадам олон хоног үргэлжилдэг гэхэд болох нээ?
-Тийм шүү. Долдугаар сарын 6-аас хүүхдийн харваагаар эхэлдэг. Урианхай сур, буриад сур, тэгээд халх сурын харваа эхэлдэг. Урьд нь харваачдыг улсын аваргын тэмцээн юмуу, нээлтийн харвааны оноогоор жагсаагаад 540 харваачийг шалгаруулаад наадмаар харвуулдаг байсан. Гэтэл хуулиараа наадмаар хүн болгон оролцох эрхтэй гээд дөрвөн өдөр харвадаг болсон. Сүүлийн жилүүдэд улсын наадамд 800 орчим харваач харваж байгаа. Удахгүй 1000 хүрэх байх.
-Та наадамд хамгийн өндөр оноо авсан нь хэзээ вэ?
-40 сумнаас 35 онож мастерын болзол хангасан маань одоогийн байдлаар хамгийн өндөр амжилт. Хэдэн жилийн өмнө 35-36 оноогоор наадамд түрүүлдэг байсан юм билээ. Харваачдын чансаа улам л чангарч байна. Нум, сум хэрэгсэл ч их сайжирч байна. Нум, сум хийдэг хүмүүс ч олон болжээ.
-Наадамд түрүүлж байгаа харваачид хэдэн оноогоор түрүүлдэг вэ?
-38 оноод түрүүлдэг. Хүмүүс намайг мэргэний дайтай спортын мастер боллоо гэж урам өгч байсан.
-Сурын харваа нас, хүйс хамаарахгүй, дээр нь хамгийн шударга наадам гэдэг шүү дээ?
-Тийм шүү. Наадмын талбайд харваач хүн өөрөө өөртэйгөө л өрсөлддөг. Хэн хэд онож байгаад анхаарал хандуулдаггүй. Зөвхөн 40 сумаа л амжилттай харвахад бүх зүйлээ зориулдаг. Суранд найраа, наймаа байхгүй. Өөрөө өөртөө л итгэнэ дээ. Шилдэг 16-д багтсан харваачид нум, сумаа шалгуулдаг. Эрэгтэй харваач 50, эмэгтэй харваач 40 граммаас дээш жинтэй сумаар харвана. Сумаа жигнүүлээд 50-аас доош жинтэй сумаар харвасан байвал оноонд тооцохгүй зэрэг нарийн зүйлс бий. Эвэр элэгтэй, эвэр нумаар харвана. Хөвч нь шөрмөс байна гэж заасан байдаг.
-Ингэхэд таныг сум хийдэг гэж сонссон?
-Би өнгөрсөн жилээс сум хийж байгаа. Бид чинь нум, сумаа хүнээс худалдаж авдаг. Хүнээс авахаар өөрт таарах, таарахгүй тохиолдол гарна. Харваач болгон зөвхөн өөртөө тохирсон нумтай, сумтай байдаг. Өөрөөр хэлбэл, харваач өөрийн нурууны өндөрт тохирсон нум, сумаар харвадаг. Энэ жил Сүхбаатар аймгийнхаа спортын мастер болсон харваач нартаа сум бэлэглэнэ гээд амлачихсан.
-Сумыг ямар модоор хийх үү?
-Сумыг хус модоор, онийг нь хулсаар хийдэг. Тэгээд тасын өд хийдэг. Булцуу нь токариор зордог учраас хийхгүй байгаа. Бай буюу хасааг нь 2021 оноос хийж эхэлсэн. Мяндсаар сүлжиж хийдэг.
-Танд наадмын түрүү ойрхон байгаа юм байна даа. Наадамд түрүүлэхийг ерөөе?
-Баярлалаа, ерөөлөөр болог.
-Цаг гарган ярилцсан танд амжилт хүсье.
Б.Гүнжинлхам
