Сэтгэл сайтай хүний зам нь цагаан гэж Монголчууд бэлгэшээдэг. Энэ удаагийн зочноо энэ үгээр тодорхойлмоор санагдлаа.
-Би 1977 онд айлын гурав дахь охин болж төрсөн. Нийслэлийн 49 дүгээр сургуулийг төгсөөд 1995-1998 онд Төмөр замын коллежид вагоны техникч мэргэжлээр суралцаж төгссөн хэмээн бидний яриа эхлэв. Зорчигчийн вагон депогийн II цувааны галт тэрэгний үйлчлэгч Н.Сийлэгмаа. Тэрбээр, 1998 оны тавдугаар сарын 15-нд уг байгууллагад галт тэрэгний үйлчлэгчээр хөдөлмөрийн гараагаа эхэлснээс хойш өдгөөг хүртэл 25 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Хүний насны мөчлөгөөр 25 нас гэдэг ир жавхаа бүрдэх үе. Нэг газартаа төдий хугацаанд тасралтгүй ажилласан туршлага, ажлын арга ухаан гээд олон давуу тал. Зорчигчийн вагон депо гэх айл мянга орчим вагоны үйлчлэгчтэй. Харин байгууллагын нэрийн өмнөөс хариуцлагатай ажилд тохоон томилогддог нь тоотойхон. Манай зочин сүүлийн жилүүдэд шинэ төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцож, Ханги, Цогтцэцийд томилолтоор ажиллаж байснаас гадна дэлхий дахиныг хамарсан цар тахлын үед Замын-Үүд өртөөнд сарын хугацаатай хөл хорионы дэглэм дор, өндөр хариуцлагатайгаар ажил үүргээ гүйцэтгэжээ . Тухайн үед галт тэрэг аялахгүй байсан ч замчдын ажил үргэлжилж байсан болохоор тэдний байрласан галт тэргэнд хамгийн хариуцлагатайг нь томилсон нь тэр юм.
Энэ ярианаас үүдэн анх ажилд орж байсан үеийнх нь талаар сонирхоход "Бид техникч мэргэжилтэй болохоор багш дагалдахгүйгээр шууд ажлын байран дээр гарч байсан. Анхны гараандаа Д.Цэцгээ даргатай Улаанбаатар-Эрдэнэтийн чиглэлийн цуваанд орсноор н.Оюунбилэг эгчтэй хамт аялалд явж, мэдэхгүй чадахгүйгээ асууж, сурч байлаа. Ажилд ороод удаагүй байх үед шантрах үе тохиолдоно шүү дээ. Тухайн үед туршлагатай үйлчлэгч эгч нар сайн зааж зөвлөсний хүчинд би өдий зэрэгтэй ажиллаж байгаа гэж боддог. Ер нь, сайхан хамт олон хүнийг төлөвшүүлж, хөгжүүлдэг юм билээ. Биднийг анх ажилд орж байх үед ажлын нөхцөл одоогийнхтой харьцуулашгүй. Зэхэлтээ өөрсдөө хийж, нүүрсээ өөрсдөө зөөнө. Залуу цагт гар, хуруунаас эхлээд халтартдахаар юу нь сайхан байх вэ дээ. Дээр нь, вагонууд хуучин, сэлбэг хэрэгсэл ховор. Ус их гоожно. Өвлийн цагт хөлдөнө. Хөлдөөсөө гаргаж чадахгүй уйлах, тамбарын мөсөө цохиж хүчрэхгүй зогсох үе ч олон гарсан даа. Өнөөдөр бол төмөр зам маань хөгжөөд хорь гаруй жилийн өмнөхөөс огт өөр боллоо. Холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг ажил мэргэжилдээ би хайртай, мэргэжил нэгтнүүдээрээ бахархдаг. Зорчигчдоосоо баярлалаа гэдэг үгийг сонсох хамгийн сайхан бэлэг" гэж хуучиллаа.
Н.Сийлэгмаа ажилд ороод гурван жилийн дараа ажил хөдөлмөрөөрөө шалгарч, Улаанбаатар- Москвагийн чиглэлд Х.Эрдэнээ даргатай цуваанд ажиллажээ. Ийнхүү алтан Москвад анх хөл тавьсны дараа техникч мэргэжил нь түүнийг Хөх хот руу "хөтөлжээ". Учир нь гэвэл, тухайн үед техникч мэргэжилтэй үйлчлэгчийг салдаг вагонд хуваарилдаг байж. Өөрөөр хэлбэл, бусад нөхдөөсөө нэг шат ахиу гэх юм уу. Мэргэжлийн хүн гэдэг мэдээж өөр л дөө. Тэрбээр, Хөх хотын чиглэлд хүүгээ төрүүлтлээ ажиллаад хоёр жилийн дараа эргэж ажилдаа ороод дахин үргэлжлүүлэн ажиллажээ. Мэдлэг мэргэжлийнхээ хүчээр олон улсын галт тэргэнд ажилласнаас гадна насны ханьтайгаа ган зам дээр танилцсан түүхээсээ хуваалцлаа. Энэ тухайгаа тэрбээр, "Хотоос хөдлөнгүүт нэг зорчигч цай захиалав. Төд удалгүй ахиад л цай хүсэв. Би ч ажлаа хийгээд л цайг нь зөөгөөд байлаа. Тухайн үедээ юм бодсонгүй. Москва орчихоод эргэхэд нөгөө залуу манай вагонд дахин таарлаа. "Нөгөө цайсаг зорчигч " гэж бодоод өнгөрсөн юм. Харин буцахдаа тэр зорчигч надаар цай зөөлгөлгүй, бүр ойр зуурын ажилд маань туслаад ирсэн. Ингэж л би насны ханьтайгаа ган зам дээр, галт тэргэн дотроо танилцсанаас хойш бид хоёр хүүхдийн аав ээж болон амьдарч ирлээ. Миний ханийг Д.Дашбаатар гэдэг. Барилгын мэргэжилтэй боловч надтай танилцах үедээ тэр цагийн жишгээр наймаанд явж байсан юм билээ. Одоо бол мэргэжлээрээ ажиллаж байна. Манай хүү Д.Чинзориг 21 настай, охин Д.Үүрийнцолмон наймдугаар ангийн сурагч. Хүүхдүүд маань төмөр замчин болно гэж ярихгүй л байна. Ээж нь гэртээ байх нь ховор болохоор тэгдэг байж болох юм. Ажлын онцлогоос шалтгаалаад амьдралынхаа яг хагаст нь ажиллаад, хагасыг нь гэр бүлтэйгээ байдаг. Тиймээс хүүхдүүд өөр мэргэжил сонирхох хандлага бий гэж боддог. Хань маань ар гэр, хүүхдүүдээ бүрэн хариуцдаг. Найдвартай ар талтайдаа би ажлаа ийнхүү 25 жил тасралтгүй хийж байна шүү дээ" гээд сэтгэл дүүрэн инээмсэглэв.
Цааш нь, "Биднийг ажилтай үед ээж минь хүүхдүүдийг маань харалцана. "Хүүхдүүд минь ардаа санаа зоволгүй ажлаа л сайн хийгээрэй. Хөдөлмөрлөсөн хүн заавал амжилтад хүрнэ" гэдэг сэн. Миний аав Г.Намсрай Зэвсэгт хүчинд, ээж Р.Эрдэнэчимэг Хүүхдийн сүүний үйлдвэрт насаараа ажилласан хүмүүс байсан. Гарын хуруу шиг таван хүүхдээ өсгөж өндийлгөхийн төлөө тэд маань борви бохисхийлгүй хөдөлмөрлөсөн. Одоо хэдийгээр тэнгэрийн оронд байгаа ч хүүхдүүдээ дээрээс харж, түшиж тулдаг байх гэж боддог" хэмээн сэтгэлийн нандин утсаа хөндсөн юм.
Түүнийг ажлаас буусан сургаар энэ айлаас зочин гийчний хөл тасардаггүй аж. Хэдэн дүү нь эгчийнхээ гарын хоолыг амтлахаар цугларч байгаа нь тэр. Манай зочин төрөл бүрийн хоолыг мэргэжлийн тогоочоос дутуугүй хийдэг төдийгүй өөрөө жор зохиох нь ч бий гэнэ. Эгчийнхээ тухай дүү нар нь “Бидний эгч цагаан сэтгэлтэй, зөөлөн гартай хүн дээ” гэсэн нь манай зочныг товчхон бөгөөд тодорхой илэрхийлэх юм. Түүн шиг албан ажилдаа ч, ар гэртээ ч сэтгэлээ харамгүй зориулсан олон эгэл төмөр замчдын хөдөлмөр зүтгэл УБТЗ-ын хөгжилд хүч нэмдэг гэдэгт эргэлзэшгүй.
Н.Сийлэгмаа "Би УБТЗ-ын Зорчигчийн вагон депо гэдэг овогтой болохоор үргэлж хичээж ажилладаг. Олон янзын ааш авиртай бас хэрэгцээ шаардлагатай зорчигч таарна. Тэр бүхэнд ёс зүйн болоод ажил мэргэжлийн өндөр шаардлагыг өөртөө тавьж ажилладаг. Хэдийгээр 16 мянган төмөр замчны эд эс, жирийн нэг ажилтан боловч Зорчигчийн вагон депо гэсэн овог аавын минь алдраас ч тодоор нэрний минь өмнө дурайж байдаг болохоор маш их хичээдэг. Алдаа дутагдал гарлаа гэхэд ганц Сийлэгмаа биш байгууллагын маань нэр гарна шүү дээ. Бид бүхэн УБТЗ-ын, цаашлаад улс орны нүүр царай болох үе ч бий. Энэ талаар шавь нартаа ч байнга захидаг" гэж ярьсан юм. Түүний яриаг нь сонсоход ажил мэргэжилдээ ийм их хайртай юм чинь төмөр замчны мэргэжлийг үнэхээр мөрөөдөж дурлаж эзэмшсэн байх даа гэсэн бодол төрж байлаа. Энэ талаар асуутал "Анх бол ямар мэргэжил эзэмших гэж байгаагаа төсөөлөө ч үгүй сургуульдаа орсон. Бүр элсэлтйин шалгалтнаасаа хоцрох шахаж байсан гээч. Хэдийгээр нагац ах маань төмөр замчин байсан ч би сонирхдоггүй байсан юм. Харин ажил хөдөлмөрийн талбарт гарч, сайхан хамт олны дунд орсноосоо хойш төмөр замчин болсондоо хязгааргүй их талархаж ирлээ. Зорчигчийн вагон депо гэх 60 гаруй жилийн түүхтэй энэ хамт олны дунд залуу нас, инээд хөөр, аз жаргал минь өрнөсөн төдийгүй амьдралд тохиолдох зовлон саадыг ч бас хамт олонтойгоо л хуваалцаж ирлээ. Хэдийгээр би мэргэжлээ санамсаргүй сонгосон ч нэг сонин тохиол байсны өнөөдөр эргэн санав. Манай ангийнхан аравдугаар ангиа төгсөөд хонхны баяраараа "Баянбуурал" амралт руу явсан юм. Замдаа хөзөр тоглоод хожигдсон нь шийтгэлтэй. Би хожигдож, галт тэрэгний үйлчлэгчийг дуурайх шийтгэл оногдлоо. Тухайн үед өртөө, зөрлөг дээр зогсоход цагаан хоолойгоор зарладаг байсан юм. Би бас тэр цагаан хоолойгоор зарлаад мөн нийтийн вагоны голоор цай бариад алхсан юм. Одоо бодоход нэг насны минь ажлыг тэрхүү тоглоом маань зөгнөсөн ч юм шиг" хэмээв. Тиймээ, тэр сонгосон мэргэжилдээ эзэн шиг эзэн байж, олон олон үйлчлүүлэгчээсээ сонссон урмын үгээрээ тэжээгдэн, хүслийнхээ гэгээн замаар аялж байна. Ган замчдын дунд түүн шиг даруухан, чимээгүй баатрууд олон бий.
Б.Золжаргал
