Нүүр Нийгэм ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯМАР Ч БЭРХШЭЭЛИЙГ ДАВНА
Нийгэм

ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯМАР Ч БЭРХШЭЭЛИЙГ ДАВНА

G.Press 2 жилийн өмнө 90 үзэлт 1 сэтгэгдэл

 

 

Удам дамжсан төмөр замчин бүсгүйгээс манай сонины редакцад хандан захидал ирүүлснийг бид энэ удаагийн дугаартаа бүрэн эхээр нь сийрүүлэн хүргэж байна. Уншигч та бүхэн амьдралын төлөө тууштай тэмцэж яваа залуу гэр бүлд халуун сэтгэлийн гараа сунгана уу хэмээн манай хамт олноос уриалга дэвшүүлж буйг хүлээн авна уу.

 

Сайн байцгаана уу? Танай сонины редакцын хамт олонд энэхүү захидал очих өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Намайг Даваадоржийн Үүрцайх гэдэг. Миний  аав Зорчигчийн вагон депод одоо ч засварчнаар ажиллаж байгаа, ээж маань зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудалд үйлчлэгчээр ажиллаж байгаад өнгөрсөн намар тэтгэврээ тогтоолгосон. Би аав ээжийнхээ мэргэжлийг өвлөх дэврүүн хүсэл өвөртлөн 2006 онд ТЗДС-д элсэж, 2010 онд Зорчигчдод үйлчлэх төвийн суурин кассираас ажлын гараагаа эхлүүлж байлаа. Би 2012 онд хүүгээ төрүүлсэн юм. Аав ээжийнхээ хөдөлмөр зүтгэлээ зориулсан буянтай байгууллагад тасралтгүй 15 жил ажиллахдаа тээш түгээгч, явуулын кассир гээд ээлжийн зохион байгуулагч болтлоо хийж үзээгүй ажил бараг байхгүй. Олон ч сайхан найз нөхөдтэй болж, байгууллага хамт олондоо мөн ч их ээнэгшин дасаж дээ гэдгийг одоо юу юунаас илүүтэйгээр мэдэрч байна. Цаг хугацаа гэдэг харвасан сум шиг нисэн өнгөрч байлаа. Ер нь, аливаа зүйл өөр өөрийн цаг хугацаатай байдаг юм болов уу гэж би боддог. 2021 оны намар ханьтайгаа анх танилцсан. Тэр үед миний хань аавтай минь маш адилхан харагдаж билээ. Энэ цагаас хойш бидний хамтын амьдрал эхэлж, үйл явдал маш хурдан өрнөсөн. Охин маань ч бидэндээ ирээд, ёстой жигүүртэй мэт дэврүүн цаг мөчүүд шил даран хөвөрч байв. Хүмүүсийн хандлага их сонин юм билээ. “Хүнтэй суугаач, хөгширлөө” гээд л миний амьдралд санаа зовоод байсан хүмүүс “Үүрээ явж явж, хөдөөний малчин залуутай суучихлаа” хэмээн жиг жуг ярилцахыг нь нэг бус удаа сонссон. Уг нь бид бие биенээ л ойлгож байвал бусдын амьдралд ямар хамаа байх вэ. Би сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрөөдөг байлаа. Удалгүй миний жирэмсний амралт эхэлсэн юм. Манай хүн Булган аймгийн Рашаант сумын малчин айлын хүү. Нэг эгч, хоёр дүүтэй. Хань бид хоёрын хайрын түүх, амьдралын төлөөх зүтгэл өрнөхтэй зэрэгцээд зовлон бэрхшээл ч тойрч гараагүй. 2022 оны өвөл хадам аав өөд болж, хадам ээж долоо хоногт гурван удаа аппаратад ордог эмчилгээ нь үргэлжилсээр.

Манай хүн анх 2019 онд төрсөн нутгаасаа аав, ээжтэйгээ хамт малаа оторлохоор гарч, тэр жилээ Төв аймгийн Баянцогт суманд өвөлжөөд, дараа жил нь Багануур гээд л нүүгээд байсан юм билээ. Баганнуурт оторлож байх үед аав нь элэгний хорт хавдар, ээж нь бөөрний архаг дутагдалтай хэмээн оношлогдож, хот руу оруулахаас аргагүйд хүрсэн гэсэн. Ингээд л хань минь мал дээрээ ганцаар байж байтал нутгийнх нь найз Хэнтий рүү отроор нүүж явж таараад тэднийг дагаад л нүүсэн гэдэг. Надтай танилцах үедээ манай хүн Хэнтий аймгийн Биндэр суманд жижиг гэртэйгээ малаа маллаад, ирэн очин явдаг байв. Энэ үед нөхөр бид хоёр зөвлөлдөөд “Ер нь, хүүхдүүдээ  сургууль цэцэрлэгт ортол нь эрүүл, аюулгүй орчинд өсгөе” гэж шийдсэн. Би дөрөвдүгээр сард охиноо дөнгөж өлгийдөөд л нөхөр рүүгээ очсон. Долдугаар сарын 24-нд бид цоо шинэ өргөө цагаан гэр барьж, албан ёсоор хуримаа хийж байлаа.   

2022 он айраг цагаа арвин, адуу мал тэнхлүүн ямар сайхан жил болсон гэж санана. Ёстой л малчин хүний сэтгэлийн жаргал, хөдөө нутгийн сайхныг мэдэрсэн дээ. Нөхөр бид хоёр бод малаа дагнан өсгөхөөр шийдэж, хонь ямаагаа тугалтай үхэр болгов. Ингээд гурван жилийн хугацаанд хичээсний үр дүнд үхэр адуу нийлсэн 400 шахам бод малтайгаар 2023 оны өвөлтэй золгосон юм. Хүний нутагт мал маллана гэдэг тийм ч амар биш. Ёстой л далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орж амьдардаг юм байна гэдгийг энэ хугацаанд би яс махандаа шингэтэл ойлгосон. Гэхдээ олон хүнтэй ойлголцох асуудал бол байгалийн давагдашгүй хүчин зүйлийн дэргэд юу ч биш юм байна. Энэ өвөл улсын хэмжээнд өвөлжилт хүндэрснийг та бүхэн мэдэх байх. Тэр тусмаа зүүн гурван аймагт цас маш ихээр орж, хэр баргын машин явах боломжгүй, төв суурин хооронд ч зорчих боломжгүй болсон. Морь унаад явахаар холдохгүй зогсчихно. Үхэр бэлчээртээ гарч чадахгүй бээрээд бөөн бөөнөөрөө осгож үхнэ. Том хүү минь малд их хайртай болохоор амралтаар очихдоо эрвийх дэрвийхээрээ үхрээ тэжээсэн. Гэсэн ч нэмэргүй үхээд байхаар эхэндээ их хямарч уйлсан сүүлдээ ч цөхрөх шиг болсон. Ингэж хорогдсоор 250 үхрээсээ 200 гаруйг нь 100 гаруй адуунаасаа 30 хол давуу тоог нь алдлаа. Хүйтэнд хөрч, халуунд халж өсгөсөн мал сүргээ ингэж хуйгаар нь алдахад ер нь бууж өгчих гээд байдаг юм байна. Гэхдээ “Энэ зовлонтой олон мянган малчин гэр бүл тулгарсан. Бас ч гэж бид элэг бүтэн, эрүүл саруул байна. Зуд бол түр зуурынх. Алдах нэг өдөр байхад ахин хөдөлмөрлөөд өсгөх сайхан үе ирнэ” гэж л өөрийгөө зоригжуулах юм. Малаа алдсан айлууд “Модоо барьсан бид яаж амьдрах билээ. Хот хүрээ бараадаж, ажил олж хийе” гэж ярихаас аргагүйд хүрдэг юм байна. Манай гэр бүлийн хувьд ч ялгаагүй малынхаа 80-90 хувийг алдах үед эхэндээ бухимддаг байсан ч “Эзэмшсэн мэргэжилгүй, наашаа гэх ах дүү хамаатан садангүй дээшээ тэнгэр, доошоо газар хатуу яваа хүмүүсийн дэргэд зориод очих хамт олон минь бий дээ” гэж л сэтгэлээ тайтгаруулж сууна.

Ээж маань өнгөрсөн есдүгээр сард улаан хоолойн хорт хавдартай хэмээн оношлогдож, шууд тэтгэврээ тогтоолгоод л Хөх хот руу явж хагалгаанд орсон. Одоо хэрнэ биеийн байдал нь сайнгүй байгаа. Хадам ээж бөөр солиулахаас өөр аргагүй болсон гээд юм юм л давхцаж байна. Хоёр ээжийнхээ эрүүл мэндэд санаа зовохын зэрэгцээ цаашид хэрхэн амьдрах вэ гэдгээ эргэцүүлэн бодоход заримдаа өөрийн эрхгүй бачуурдаг. Тэглээ гээд яалтай билээ. Энэ бол насны залууд өөрийгөө сорьж үзье гэж бодсон миний л сонголт. Манайхаас ч илүү зовлон зүдгүүрийг бор зүрхээрээ даван туулж яваа олон мянган залуу гэр бүл байгаа. Тийм ч учраас сайхан амьдралын төлөө, гэр бүлийнхээ төлөө хэзээ ч бууж өгөхгүй хичээх болно. Одоо манай том охин хоёр ойтой. Бага нь 10 сартай. Ямартаа ч үр хүүхдүүдээ эрүүл саруул өсгөөд авбал бусад зүйл болно доо гэж бодох юм.

Би танай сонины байнга уншдаг байсан учраас чин сэтгэлийн үгээ ийнхүү захидлаар дамжуулан хуваалцаж байна. Захидлаа бичээд дууссан чинь сэтгэл онгойж, дотны хүнтэйгээ уулзаж ярилцсан мэт мэдрэмж төрлөө. Та бүхний ажил үйлсэд болоод нийт төмөр замчдадаа ажлын амжилт хүсье.

 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас захидал бичсэн Д.Үүрцайх

Холбоо барих утас: 88061136

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.

Сэтгэгдлүүд

1 сэтгэгдэл байна.

Зочин 2 жилийн өмнө
Мундаг дүү нартаа аж жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе амьдрал баялаг шүү дээ