Нүүр Дугаарын сурвалжилга Гэгээн дурсамжаар аялахуй...
Дугаарын сурвалжилга

Гэгээн дурсамжаар аялахуй...

G.Press 7 сарын өмнө 57 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Навчис хөглөрсөн шаргал өдрүүд гэгэлгэн гэж...

Цаг хугацааны галт тэрэг довтолгосоор НАМАР хэмээх өртөөнд ирж, амсхийх шиг... Энэ зуур л сэтгэлийн мухардах сайхан дурсамжуудыг имэрч, аяга халуун кофе уунгаа бодолд дарагдмаар... Яг л ийм нэгэн өдөр ээлжит зочноо урин ярилцлаа.

УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа “Солонго” цэцэрлэгийн арга зүйч Алтанцэцэгийн Уранчимэг хүүхэд шуугисан гэгээн өргөөнд 32 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Бидний яриа түүний бага насны баяр жаргалтай өдрүүд, бас гунигтай он жилүүдийн дурсамжаар эхэлсэн юм.

 

Баяртай, гунигтай бага насны дурсамж

 

Түүний өвөө Самбуугийн Лувсандорж агсан Завхан аймгийн уугуул агаад 1923 оны хүн аж. Өвөө нь залуугаасаа төмөр замчин болж ажлын гараагаа сумчнаас эхэлсэн хүн гэж хуучиллаа. Бодвол 1950-аад оны илгээлтийн эздийн нэг байсан бололтой. Өвөө нь Чойр, Сайншанд, Замын-Үүд өртөөнд ажиллаж байгаад нэг хэсэг Улаанбаатар өртөөний даргын албыг ч хашиж явжээ. Дараа нь, Удирдах газарт ирж Захиран хуваарилах хэлтэст галт тэрэгний диспетчерээр ажиллаж байгаад гавьяаны амралтад гарчээ.

А.Уранчимэг “Өвөө минь их зарчимч ажлын төлөө төрсөн хүн байсан сан. Галт тэрэгний диспетчер гэдэг өндөр хариуцлагатай, хүнд хөдөлмөр. Ямар сайндаа, ажил дээрээ хоёр ч удаа харвасан. Биеэ эмчлүүлээд гайгүй болмогц л ажилдаа орчихдог байсан сан. Завтай үедээ өвөө минь дүү бид хоёрыг цэцэрлэг, сургуульд минь зөөх, гэрийн даалгавар хийлгэнэ. Өвөөгийн амин охин байлаа. Намайг зургадугаар ангид байхад (1988 онд) өвөө минь өөд болсон. Миний ээж (Лувсандоржийн Алтанцэцэг) цэргийн хувцасны “Бөртэ” үйлдвэрт оёдолчин байлаа. Би нэг дүүтэй. Ээж минь цэл залуухан 37 насандаа өвчний улмаас өөд болж, дүү бид хоёр эмээтэйгээ торойж үлдсэн дээ. Ээжийгээ өөд болоход би наймдугаар анги, дүү минь гуравдугаар ангид байсан.

Тухайн үед төмөр замд ажилладаг хүн л төмөр замчдын байранд амьдардаг байлаа. Ажиллахаа больсон бол байраа суллаж өгөх ёстой. Нас барсан төмөр замчны ар гэрийнхэн 3-5 жилийн дотор байраа суллаж өгөх журамтай байв. Би наймдугаар анги төгсөөд Цэцэрлэгийн багшийн коллежид элсэн орж, гурван жил сураад 19 настай төгссөн. Тэр үед бидэнд “Төмөр замын байрыг суллаж өгнө үү” гэсэн улаан тамгатай мэдэгдэл ирчихсэн байсан үе. Эмээ минь “Хоёр өнчин хүүхдээ аваад хаачих билээ” гэж бодож байсан байх. Байрандаа үлдэх ганц гарц нь би төмөр замд ажил орох байсан юм.

 

Мартахын аргагүй сайхан хүмүүсийн тухай

 

Биднийг сургуулиа төгсөхөд цэцэрлэгүүдэд хуваарилав. Намайг нийслэлийн 70 дугаар цэцэрлэгт хуваарилсан байхаар нь Нийслэлийн боловсролын газар очоод “Дипломоо авъя. Би төмөр замын цэцэрлэгт ажилд орохгүй бол орон байргүй болно. Би ийм амьдралтай гээд учир байдлаа хэлэхэд “Чи дараа нь би ажилгүй боллоо. Намайг ажилд аваач гэж эргэж ирэхгүй шүү. Тийм өргөдөл бичээд дипломоо ав” гэлээ. Би ч ёсоор болгож дипломоо аваад гарсан.

Эмээ дүү бид гуравт манай байрны хөршүүд бүгд л санаа тавьж туслахыг хичээж байсан нь сайхан шүү. Хажуу айлын ах Чулуунбат гуай Эрчим хүч ус хангамжийн ангийн дарга байсан. Эхнэр нь Цагаанчулуун гэж Төмөр замын Намын хорооны дарга эгч байлаа. Энэ хоёр буурал одоо ч манайхтай хөрш хэвээр энх тунх амьдарч байгаа. /нулимс унагав/

Цагаанчулуун эгч эмээ бид хоёрыг дагуулаад Хүүхдийн секторын Л.Цолмон дарга дээр очиж, учир байдлыг минь хэлж билээ. Секторын боловсон хүчний хэлтсийн дарга нь Содномбалжид гэж хүн байлаа. Тэд намайг их сайхан хүлээж авч, “Төрөхийн чөлөөтэй хүний оронд түр ажилд авъя. Жинхлэх эсэх чинь өөрийн тань хичээл зүтгэлээс хамаарна шүү” гэсэн. Ингэж сайхан хүмүүсийн буянаар 19 настай Хүүхдийн секторын босгоор алхаж орсон юм даа. “Найрамдал” цэцэрлэгт түр орон тоонд гурван жил ажиллахдаа их мэрийж хичээж ажилласан. Тэгтэл төрөхийн чөлөөтэй байсан багш маань ажилдаа буцаж орохдоо “Бамбарууш” цэцэрлэг рүү шилжиж, би үндсэн багш болж байлаа. Тухайн үед “Найрамдал” цэцэрлэгийн эрхлэгч Бямбасүрэн гэж гайхалтай хүн байлаа. Арга зүйч Үржинханд, эмч Чимгээ гээд сайхан хүмүүс надад ээж шиг, эгч шиг минь хандаж, зааж, зөвлөж, тусалж дэмжиж байлаа. Багш болох, бие хүн болж төлөвшихөд минь түшиж тулж, амьдралын их замд хөтөлж оруулсан буянтай сайхан хүмүүсийг эргэж дурсахад эрхгүй нулимс гарч байна. Энэ бол миний баяр талархлын нулимс юм шүү дээ” хэмээгээд нулимсаа арчлаа.

Тэр үргэлжлүүлэн “ Өнөөдөр олон сайхан дурсамж санаанд бууж байна. Би ямар сайхан хүмүүстэй учирч, сайн сайхан амьдралтай золгосон яасан азтай хүн бэ гэж боддог шүү.

Анх Бямбасүрэн эрхлэгч намайг хүлээж аваад “Чи хүн байна шүү” гэхэд нь дотроо “Би чинь хүн шүү дээ” энэ хүн яагаад ингэж хэлж байгаа юм бол... гэж их гайхаж билээ. Одоо эргээд бодоход “Хүн чанартай байгаарай. Хүнийг хүндэлдэг, хайрладаг, энэрдэг, нинжин сэтгэлтэй байгаарай” гэж хэлж байж л дээ. Арга зүйч Үржинханд гэж сайхан эгч байлаа. Тэр хүн надад багш хүн ямар чадвартай, ямар хүн байх ёстой, хүүхдүүдтэй яаж харьцаж, юуг заах ёстой гээд бүх арга зүй, ур чадварыг суулгаж өгсөн. Сэлэнгэ, Минжүүр, Амгалан гээд ахмад багш нар байсан. Минжүүр багш хүүхдүүдтэй аядуу зөөлөн дуугаар ярьж, зургийн аргачлалыг маш гоё заадаг багш байлаа. Сэлэнгэ багш маань хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх тал дээр маш сайн анхаарна. Үлгэр, уран зохиолоор дамжуулж хүүхдүүдийг хөгжүүлэх гайхалтай арга чадварыг эзэмшсэн багш байлаа. Амгалан багш бас маш гоё зурж, бичдэг, намуухан дуутай, өндөр нуруутай, царайлаг сайхан эмэгтэй байлаа. Түүнийг хараад биеэ ямар гоё авч явдаг сайхан хүн бэ гэж биширдэг байв. Ер нь, хүн бүр ямар нэгэн онцгой ур чадвар, сайн талтай. Тэр сайн сайхан талыг нь олж хардаг нүдтэй байх хэрэгтэй. Би ахмад багш нарынхаа сайн сайхан чадвараас нь суралцаж, өөртөө шингээхсэн гэж мэрийдэг байсан. 

Сайхан хүмүүсийн буянаар би өнөөдөр өдий зэрэгтэй явна. Тэднийгээ өнөөдөр дурсахгүй байхын аргагүй. “Хэний мориор газар дөхсөнөө хэзээ ч бүү март” гэж үг бий.

 

Хүн байхын учир...

 

Би “Найрамдал” цэцэрлэгтээ 1993-2021 оныг хүртэл 28 жил ажилласан.

2021 онд “Ирээдүй” цэцэрлэгт арга зүйчээр томилогдож, 2022 оноос “Солонго” цэцэрлэгт арга зүйчээр ирж ажиллаж байна. Төмөр замдаа нийт 32 жил ажиллахдаа 28 жилд нь багшилж, найман бүлэг төгсгөжээ. Сүүлийн дөрвөн жилд багш нартай ажиллаж байна. Цэцэрлэгийн арга зүйч гэдэг үндсэндээ томчуудтай ажиллана гэсэн үг. Миний хувьд ажлын талбар дээр дахин нэг шат ахиж шинэ зүйлд суралцах, өөрийгөө сорьсон алхам байлаа. Өөрөө багш байсан болохоор багш нарынхаа ажлын онцлогийг сайн мэднэ. Цэцэрлэгийн багш гэдэг ар гэр амьдралаа арагш тавиад түмний хүүхдийн төлөө зүтгэхээс аргагүй ажил. Гэтэл багш хүний нуруунд айлын эзэгтэй, хүний хань, хүүхдийн ээж байх үүрэг нь давхар бий. Энэ бүгдийг мэддэг хүний хувьд багш нараа ойлгож, дэмжих, туслах сан гэж зорьж байна. Багш нарын минь ард янз бүрийн л амьдрал, асуудал байдаг. Хүний л амьдрал юм чинь зовлон жаргал ээлжилнэ. Зовлон нүүрлэсэн үед нь нэгэнд нь тус дэм болохсон. Ойлгож дэмжих сэн гэж боддог. Хүнд үед нь сэтгэлийг нь өргөөд ажлаа тайван хийх нөхцөлийг нь бүрдүүлж өгөхийг зорьдог.

Хэн нэгэнд нь зовлон бэрхшээл тохиолдлоо гэхэд намайг залууд тэр үеийн удирдлагууд минь яаж тусалж дэмжлээ гээд эргээд боддог. Хүний сайхан сэтгэлийн тусыг авч байсны хувьд эргээд бусдад тус дэм болж явахсан гэж үргэлж л бодож явах юм даа.

Би нэг ч удаа ажлаа тасалж, ажлаас хоцорч үзээгүй. Хариуцлагатай байх гэдэг миний өвөөгөөсөө өвлөсөн хүмүүжил юм.

Ер нь, хүнд мэдлэг, чадвар, туршлага ажлын явцад бий болдог зүйл. Хамгийн чухал нь хүний сэтгэл их чухал юм байна. Үүн дээр гэр бүлийн суурь хүмүүжил, хандлага нөлөөлнө. Сэтгэл сайтай хүн ер нь газардахгүй дээ.

Гэр бүлээс авсан суурь хүмүүжлээрээ хүн амьдралд ч, ажилд ч хандах гээд байдаг юм байна. Хүн бүр аав, ээж, эмээ өвөө болдог. Тэгэхээр үр хүүхэд, ач зээгээ бид багаас нь сайхан сэтгэлтэй, хариуцлагатай, аливаад чин сэтгэлээсээ ханддаг болгож өсгөх нь их чухал юм. “Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа” гэдэг. Хүүхэд 0-5 насандаа суурь хүмүүжлийнхээ 80-90 хувийг нь олж авдаг гэж эрдэмтэн судлаачид үздэг. Ингээд бодвол цэцэрлэгийн багшийн хөдөлмөр маш нандин, хүндтэй ажил юм шүү дээ. Эцэг, эх болно гэдэг ямар их хариуцлага дагаж ирж байгааг бид ойлгох ёстой юм шүү.

 

Шавь нарынхаа амжилтаар бахархах баярын нулимс

 

Гучаад жил багшлахдаа ойролцоогоор 600 гаруй хүүхэд сургуульд бэлтгэн оруулжээ. Би 1993 онд багш болсон. Анхны шавь нар минь 1990 оны цагаан морин жилтэй, ардчилсан хувьсгалаар төрсөн хүүхдүүд байлаа. Би өөрөө бар жилтэй. Тэгэхэд анхны шавь нар минь ивээл жилтэй байгаад их билгэшээж, “Миний ажил амьдрал цаашдаа их өөдрөг сайхан байх юм байна” гэж бодож байлаа. Багаасаа хагацал зовлон үзсэн болоод ч тэр үү, шүтлэгтэй л дээ /инээв/.

Анхны шавь нар минь одоо 35 нас хүрцгээжээ. Фэйсбүүк гэж сайхан юм байх юм даа. Түүний буянаар зарим шавь нартайгаа харилцаа холбоотой болсон. Олон шавь нар минь одонтой ээж болжээ. Зарим нь багшаа танд л хүүхдээ өгнө гээд аваад ирдэг. Хамгийн ойрын жишээ гэхэд “Тусгай салаа” киноны гол дүрд тоглодог жүжигчин Гэрэлчулуун байна. Багаасаа авъяаслаг хөөрхөн охин байсан. Ээж нь Тодгэрэл гээд ТЗДС-ийн багш. Бас Улаанбаатар зүтгүүрийн депогийн дарга асан МУГТ Н.Хуяг-Эрдэнэ агсны хүү Галаа маань одоо деподоо ажиллаж байгаа. 2021 онд “Ирээдүй” цэцэрлэгт ажиллаж байхад Галаа маань хүүгээ багшдаа өгнөө гээд хөтлөөд ирж байсан. Шавь нар хүүхдээ хөтлөөд ирэхийг нь харах их гоё. Яг өөрийнхөө бага насыг хөтлөөд ирдэг шүү. Аав, ээжийнх нь багынх төрх, нүдний харц яг л дүрээрээ шүү.

Саяхан намайг нэг шавь минь уйлуулсан шүү. Б.Дөл-Эрдэнэ гээд шавь өнгөрсөн хавар 12 дугаар ангиа төгсөөд саяхан БНХАУ руу тэтгэлгээр их сургуульд сурахаар явлаа. Явахаасаа нь өмнө аав ээж нь хүүгээ дагуулаад цэцэг барьчихсан “Багшаа таны шавь ийм том залуу болсон. Гадаадад тэтгэлэгтэй сурахаар явах гэж байна. Тандаа баярлалаа” гээд орж ирлээ /хоолой нь зангирч нулимс унагав/.

Бүгдээрээ надад үнсүүлээд л... Тэгээд аав, ээж нь танд одоо бага дүүг нь даатгая. Төмөр замын цэцэрлэгийн сургалт үнэхээр сайн юм гэдгийг бид биеэрээ мэдэрлээ. Том хүү минь өнөөдөр ингээд гадаадад сурахаар явж байгаа нь таны ач, төмөр замын цэцэрлэгийн буян гэхэд нь баярлаж бахархаж л байлаа. Дараа нь, фэйсбүүкт аав нь хүүгээ гаргаж өгсөн тухай нийтлээд надад болон бага ангийн багшид талархснаа илэрхийлснийг нь хараад бас уйллаа. Манай хүн бүр гайхаад орой ирээд утас ухаад уйлаад байх юм гэхээр нь тэр нийтлэлийг нь үзүүлсэн чинь хань минь уншаад “Ямар гоё юм бэ. Уйлахаас аргагүй юм байна” гэсэн шүү. Багш хүний жаргал энэ юм даа. Өөр дурдвал олон сайхан шавь нар байна даа.

Өнөөдөр өөртэй чинь ярилцаж суухад олон сайхан дурсамж тодорлоо. Өвөөгийнхөө тухай эргэн дурсахад их сайхан байна. Эмээ минь намайг “Чи том болох тусмаа өвөөгийнхөө ааш занг дуурайх юм. Өвөө чинь ажлаа чин сэтгэлээсээ хийдэг. За гэвэл ёогүй хүн байсан” гэдэг сэн.

2010-аад оны үед шиг санагдана. 25 дугаар телевизийн “Би” гэдэг нэвтрүүлэгт Р.Раш дарга орохдоо “Би Орост төмөр замын дээд сургууль төгсөөд ирсэн залуухан инженер учраа олохгүй байж байхдаа Лувсандорж гэж ясны төмөр замчин хүнээс төмөр замчин гэж ямар хүн байх ёстой вэ гэдгийг сурч авсан” гэж дурсан ярихыг нь сонсоод их баярлаж байлаа. Миний өвөө “Тэргүүний төмөр замчин хүн байсан. 2011 онд би “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр шагнуулаад хамгийн түрүүнд өвөөгийнхөө шагналыг авлаа гэж их баярласан. Энэ жил “Солонго” цэцэрлэгийн маань 10 жилийн ой болсон. Ойгоороо УБТЗ-ынхаа дээд шагнал “Төмөр замчны алдар” тэмдгийг хүртлээ. Энэ шагнал бол өнгөрсөн он жилүүдэд надад тусалж дэмжиж, хамтран ажиллаж байсан сайхан хамт олны минь, олон зуун хөөрхөн шавь нарын минь буян гэж бодож их огшсон. Энэ ташрамд Хүүхдийн секторын үе үеийн дарга нар, хамт олондоо үргэлж талархаж явдгаа илэрхийлье. Л.Цолмон, Содномбалжид, Л.Янжмаа гээд секторын үе үеийн дарга нар “Найрамдал” цэцэрлэгийн эрхлэгч Бямбасүрэн, Мөнхтуяа гээд үе үеийн эрхлэгч нартаа, “Солонго” цэцэрлэгийн эрхлэгч Ундармаа гээд олон сайхан хүнд талархаж явдаг.

Удахгүй болох Ахмадын болон багш нарын баярыг тохиолдуулан, үе үеийн хамтран ажиллаж байсан ахмад багш нар, одоо мөр зэрэгцэн ажиллаж байгаа залуу багш нартаа бүгдэд нь баярын мэнд хүргэе гэлээ.

Түүний хань Б.Мандах уг нь барилгын хүн аж. Өдгөө гэргийгээ даган төмөр замчдын эгнээнд элсэж, Хүүхдийн секторын Дотуур байрны мужаанаар ажиллах болжээ. Хоёр хүүхэд нь Солонгос улсад суралцаж байгаа гэнэ.

Сайхан хүмүүсийн тухай гэгээн дурсамж хүүрнэсэн уулзалт баяр талархлын инээд нулимс дунд өрнөлөө.

 

Ярилцсан Б.Гүнжинлхам 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.