“Төмөр замын гармын аюулгүй байдал-2025” зөвлөгөөнд УБТЗ-ын хэмжээнд төмөр замын гармын аюулгүй байдлыг дээшлүүлэх чиглэлээр 2024 онд хэрэгжүүлсэн ажил, 2025 онд төлөвлөсөн ажлуудын талаар УБТЗ ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэнгийн тавьсан илтгэлээс тоймлон хүргэе.
УБТЗ маань Монгол Улсын ачаа бараа, нефть шатахуун, хүнс болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийн дийлэнх хэсгийг 24 цагийн турш тасралтгүй тээвэрлэдэг билээ. Сүүлийн жилүүдэд хөдөлгөөний эрчимжилт нэмэгдэж байна. УБТЗ-ын хэмжээнд өнгөрсөн онд гарам дээр 49 удаагийн зөрчил гарсан. Энэ зөрчлөөс ес нь авто зам болон төмөр замын нэг түвшинд огтлолцож байгаа цэг дээр хөдлөх бүрэлдэхүүнтэй автомашин шүргэлцсэн, мөргөлдсөн тохиолдлууд байна.
Энэ оны эхний улирлын байдлаар автомашин төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнтэй мөргөлдсөн нэг тохиолдол гарсан бол гарам дээр автомашин галт тэрэгний урдуур дайрч гарснаас галт тэрэг яаралтай тоормос хийсэн тохиолдол буурахгүй байна. 2025 оны I улирлын байдлаар 17 удаагийн яаралтай тоормос хийсэн тохиолдол гарсан.
Энэ бол эрсдэлт нөхцөл байдал хэзээ ч үүсэж болзошгүй, осолд өртсөн хүний амь, нас эрүүл мэндийг одоо юугаар ч үнэлж болохгүйг анхааруулсан томоохон сургамж болсон. Гармын аюулгүй байдал нь зөвхөн төмөр замчдын анхаарах асуудал биш бөгөөд хөдөлгөөнд оролцож байгаа хүн бүрт, жолооч нарт хамааралтай асуудал юм.
Жолооч нар гармаар нэвтрэхдээ хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг зөрчиж, анхаарал болгоомж алдаж, галт тэрэгний урдуур амжиж гарахаар дайрч байгаагийн улмаас өөрийн амь нас, эрүүл мэндийг төдийгүй, бусдын амь нас, эд хөрөнгийг ноцтой аюулд учруулж байна.
Гармын эрсдэлийг бууруулах хамгийн төгс шийдэл нь авто замыг төмөр замтай хоёр өөр түвшинд огтлолцуулж гүүр эсвэл хонгилон гарц явдал юм. Одоо байгаа гармуудыг бид эрсдэлийн үнэлгээ, хоногт нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн тооноос буюу ачааллаас шалтгаалан 2 өөр түвшинд огтлолцуулах ажлыг нийслэл, дүүрэг, аймаг, сум орон нутаг зэрэг төрийн болно хувийн хэвшлийн байгууллагатай хамтран эрчимтэй зохион байгуулж боломжуудыг эрэлхийлж байна. Мөн зайлшгүй шаардлагагүй тохиолдолд шинээр гарам байгуулахгүй байх, одоо байгаа шаардлага хангахгүй гармуудыг “Гарам ашиглах журам”-ын шаардлагад нийцүүлэн гэрчилгээжүүлэх, шаардлагагүй гармуудыг хөдөлгөөнд хаах зэрэг эрсдэлийг бууруулах ажлуудыг үе шаттайгаар төлөвлөж хэрэгжүүлж байна. Үүнээс гадна нийт ард иргэд, жолооч нарт чиглэсэн гармын аюулгүй байдлын сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэж, болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг олон жилийн судалгаануудын болон дэлхийн нийтийн туршлагаас харж болно. Цэцэрлэг, ерөнхий боловсролын дунд сургууль, их дээд сургуулиуд, том оврын ачааны авто машинаар тээвэр хийдэг албан байгууллагуудад бид тогтмол видео контент, зурагт худсуудаар дамжуулан сэрэмжлүүлэх, ухуулан сурталчилах ажлыг Тээврийн цагдаагийн алба, Төмөр замын цагдаагийн газартай хамтран зохион байгуулдаг. Яагаад цэцэрлэг, сургуулиудад хүртэл анхаарал хандуулах хэрэгтэй вэ гэхээр ирээдүйн улс орны ард иргэд, жолооч нарт багаас нь гармын аюул, эрсдэлээс сэрэмжлүүлж, ойлгуулан таниулж, зөв дадал хэвшил суулгахыг зорьж буй хэрэг юм.
Гармын эрсдэлийг бууруулахад хууль эрх зүйн талаас дэмжлэг хэрэгтэй байгаа нэг зүйл нь гарам дээр зөрчил гаргасан этгээдэд ноогдуулах торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх юм. Өнөөдрийн байдлаар 25 нэгж буюу 25000 төгрөг нь байгаа нь гаргасан зөрчил, түүний хор уршигтай харьцуулахад туйлын чамлалттай бөгөөд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж төмөр замын гарам дээр ноцтой аюул, эрсдэл үүсгэсэн жолооч нарт бодит шийтгэл болж чадахгүй байна.
Гол замын тээвэр зөвхөн нэг цаг саатахад ойролцоогоор 90-ээд сая төгрөгийн алдагдал учруулдаг. Өнгөрсөн оны тавдугаар сард Орхоны 73 дугаар километрийн гарам дээр зүтгүүрийн урдуур ачааны машин орж ирж, маш том осол гарсан. Тухайн осол гаргасан жолоочийн хариуцлагагүй үйлдлээс УБТЗ-д шууд бус байдлаар 5 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Тээврийн ашиг тооцоолоогүй зөвхөн хохирол нь. Энэхүү 73 дугаар километрийн осолтой холбоотойгоор УБТЗ-ын хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Замын даргын тушаалыг гарч, 14 заалт бүхий төлөвлөгөө гарган ажиллаж байна. Юуны түрүүнд хамгийн их эрсдэлтэй, ачаалал өндөртэй гармуудад хяналтын камер суурилуулж, хөдөлгөөний удирдлагын нэгдсэн төвтэй холбох ажлыг Нийслэлийн хөдөлгөөний удирдлагын төвтэй тохирч, Тээврийн цагдаагийн албатай хамтран 2025 оныхоо 06 дугаар сард хийхээр төлөвлөөд байна. ТЭЦ 4-ийн гарам дээр шинээр баригдаж байгаа хонгилон гарц удахгүй ашиглалтад орно. Уг нь өнгөрсөн жил нийслэлийн төсөв дээр нэг тэрбум гаруй төгрөг тавигдсан боловч гүйцэтгэгч компани тодроогүй учраас хийж чадаагүй. Үүнийг энэ жил хийж хэрэгжүүлэх талаар Нийслэлийн удирдлагуудад хандаж саналаа хүргүүлсэн. Хэрэв үүнийг амжуулбал 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэхэд ТЭЦ 4-ийн гармыг хааж, тухайн байгууламжийг шилжүүлэх ажлыг зохион байгуулна.
Аймаг орон нутагт байгаа авто замын хөдөлгөөн ихтэй, эрсдэл өндөртэй гармууд дээр бид хамтран ажиллаж байна. Зүүнхараагийн 233 дугаар км-ийн гармыг 2026 онд жижүүрийн зохицуулалттай болгохоор төлөвлөсөн. Дорноговь аймгийн нутагт байрлах 727 дугаар км-ийн гармыг хоёр өөр түвшинд огтолцуулах ажлыг зохион байгуулахаар аймгийн Засаг даргатай уулзаж тухайн газар гүүрэн байгууламж барихаар зураг төсөл, судалгааны ажлыг энэ онд эхлүүлж, 2026-2027 онд хийж хэрэгжүүлэхээр тохиролцоод байна.
Дагнасан болон нийтийн хэрэгцээний замууд аймаг орон нутагт нилээд байгаа. Үүнийг өөр түвшин дээр огтлолцуулах асуудлыг аймаг, орон нутгийн удирдлагуудад тавьж байгаа. Тухайлбал, 704, 720 дугаар км-т энэ ажил жишиг хэмжээнд хийгдсэн. Дархан-Уул аймаг өнгөрсөн хугацаанд гармыг хоёр өөр түвшинд огтолцуулахад онцгой анхаарч Онцгой байдлын газрын урдуурх замыг гүүрэн байгууламжтай болгосон. Одоо 121 дүгээр км-ийн гарамыг хоёр өөр түвшинд огтлолцуулах ажлыг 2026 онд хийхээр Дархан-Уул аймгийн төсөвт хөрөнгийг нь суулгахаар зөвшилцөж санал байна.
Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын хөдөлгөөнийг өөр чиглэлээр зохион байгуулах нь үр дүнтэй байдаг. УБТЗ-ын зүгээс ЗТЯ, нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, 396 дугаар км-ийн гарамыг хоёр өөр түвшинд огтлолцуулах ажлыг үр дүнтэй зохион байгууллаа. Түүнчлэн 518 дугаар км-ийн гарам дээр “Монголчехметал компанитай хамтарч хоёр өөр түвшинд хонгилон гарцаар огтлолцох ажлыг зохион байгууллаа. Одоо Шарын голын 27 дугаар км-т гарам хаах хүсэлтээ орон нутгийн удирдлагад хүргүүлсэн. Одоо УБТЗ-ын бүх гарамд хамтарсан ажлын хэсэг гаргаж, холбогдох дүгнэлт гаргах ажлыг эхлээд явж байна.
Энэ хүрээнд УБТЗ-ын хэмжээнд 2025 онд хийгдэх гарамын нэгдсэн ажлын төлөвлөгөөг боловсруулан гаргалаа. Өнөөдрийн байдлаар УБТЗ-д 358 гарам байна. Үүнээс бага эрсдэлтэй 86, дунд эрсдэлтэй буюу шар түвшинд байнга анхаарч ажиллах 219 гарам, хамгийн их эрсдэл өндөртэй 53 гарам байна. Салбар болон нийтийн гүйлтийн холбох замууд дээр нийтдээ 293 гарам байрлаж байна. Энэ 293 гарамаас нийтийн хэрэглээний гарам 73, дагнасан хэрэглээний гарам 153, хувийн байгууллага арчилж, засвар үйлчилгээ хийдэг 67 гарам байгаа.
Юуны түрүүнд хамгийн их эрсдэлтэй 67 гарамын асуудлыг шийдэх хэрэгтэй. Үзэгдэх орчин хангагдааггүй 47 гарам байна. Эдгээр улаан түвшний гарамуудыг улбар шар, шар түвшин рүү оруулж, цаашлаад ногоон болгох нь бидний хамгийн гол зорилт юм.
Бид жил болгон гарамын тооллого хийж эрсдэлийн түвшинг үнэлдэг. Хамгийн их ачаалалтай байдаг Улаанбаатарын төвийн хэсэглэлийн гарамуудыг судалж үзэхэд, 396 дугаар км-ийн гарамаар 2024 онд хоногт 85 мянган тээврийн хэрэгсэл зорчиж байсан бол Дүнжингаравын буюу 407 км-ийн гармаар хоногт 72 мянган тээврийн хэрэгсэл зорчиж байна. Түүнчлэн Дүнжингаравын замаас Амгалангийн хоорон дахь 413 км дахь хонгилон гарцын уулзвараар хоногт 39 мянган авто тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна.
Төмөр замын тээврийн ашиглах дүрэм, журмын дагуу нэг хоногт тухайн газраар өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн тоо нь 40 мянгаас дээш нэвтэрч байвал хоёр өөр түвшинд огтлолцох ёстой. Цаашдаа 407 дугаар км дэх гарамыг бодлогоороо хоёр өөр түвшинд огтлолцуулахад онцгой анхаарах хэрэгтэй. Улс орны хөгжил, тэлэлттэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Үүний цаана эрсдэлт хүчин зүйлс нэмэгдэж байна.
Бид өнгөрсөн онд 396 дугаар км-ийн гарамыг хоёр өөр түвшинд огтолцдог болголоо. Ингэснээрээ хоногт түүгээр өнгөрдөг байсан 80 гаруй мянган машины аюулгүй байдлыг хангагдаж чадлаа. Мөн өнгөрсөн оны 11 дүгээр сард 407 дугаар км-ийн хэсэг дээр Улаанбаатарын түгжрэлийг бууруулах, авто замын хөдөлгөөний одоо нягтаршлыг саармагжуулах ажлын хүрээнд Нийслэлийн Авто замын газартай хамтран хонгилон гарам байгуулж, дөрвөн урсгалтай авто замыг ашиглалтад оруулсан.
Гарамын техникийн байдал аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр олон ажил зохион байгуулж байна. Жил ирэх тусам гарам дээр зарцуулж байгаа хөрөнгө оруулалтийг нэмэгдүүлж байгаа. Өнгөрсөн онд 672 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн бол энэ жил 1 тэрбум 900 сая төгрөгийн ажил хийхээр төлөвлөэд байна.
Бид гарамын аюулгүй байдлыг бууруулах чиглэлээр нөлөөллийн аяныг өрнүүлж байгаа. Энэ хүрээнд 46 одоо зурагт хуудас сэрэмжлүүлэг гаргаж, 21 видео, рийлс, таван удаагийн дугаарт одоо подкаст бэлтгэн олон нийтийн одоо сүлжээгээр болон хамтран ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан түгээсэн.
Цаашид хамтарч гарамын аюулгүй байдлын чиглэлээр Соёлын яамтай хамтарч 21 аймагт нөлөөллийн аян өрнүүлэхээр бодлого, зохион байгуулалтын ажил хийж байна.
Энэ онд бид юунд анхаарч, ажиллах ёстой вэ? Нэгдүгээрт, Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн удирдлагуудтайгаа хамтраад 398, 402 дугаар км-т хонгилон гарц хийх ажлыг зохион байгуулна. Үүний бэлтгэл ажил одоо 30 хувьтай явж байгаа. Хоёрдугаарт, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Дүнжингаравын уулзварт 2 өөр түвшинд огтлолцуулах хонгилон гарцын ажлыг 2026-2027 онд хийж гүйцэтгэх ёстой. Цаашлаад хөдөлгөөн хаахаар төлөвлөж байгаа гарамууд байна. Тухайлбал, Улаанбаатар өртөөний харьяа ТЭЦ 4-ийн гарамыг 6 дугаар сарын 1-ний өдрөөс татан буулгана. Дархан-Шарын голын 27 дугаар км-т, Агуйт-Мааньтын 545 дугаар км-т, Наран-Элгэний 596 дугаар км-т хөдөлгөөн хаахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн онд ноцтой осол гарсан 73 дугаар км-ийн гармыг жижүүрийн зохицуулалттай гарам болгоно. Мөн Мандал өртөөнд буюу Батсүмбэрийн Асрамжийн газар болон Баянбуурал амралтын чиглэлийн 313 дугаар км-ийн гарам, Сонсголонгийн 2 дугаар км-т баруун тийшээ гарах хөдөлгөөнд байдаг Номин супермаркетын хажуу дахь гармыг тус тус жижүүрийн зохицуулалттай болгохоор төлөвлөж байна. Эцэст нь Өргөн өртөөний 937 дугаар км-ийн гарам буюу хүнд даацын машин зорчиж байгаа хэсэгт жижүүрийн зохицуулалттай болгоно. Энэ бүх гарам шинэчлэх ажилд 1.5 тэрбум төгрөг, дээр нь гарамын техникийн байдлыг сайжруулахад 330 гаруй сая төгрөгийн ажил хийхээр төлөвлөөд байна.
Одоо бидэнд нэн тэргүүнд хийх шаардлагатай зүйл бол Зам тээврийн яамтай хамтраад гол болон салбарласан замуудад байрлаж байгаа гарамуудыг гэрчилгээжүүлэх ажил байна. Үүнд тээврийн цагдаагийн газрыг хамтарч ажилахыг хүсэж байна. Түүнчлэн ЗТЯ, нийслэл, аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтраад хаахаар төлөвлөсөн гармууд дээр нэгдсэн дүгнэлт гаргах шаардлагатай байна.
Г.Энхбаатар
