Хэдэн жилийн өмнө вокзалын хүлээлгийн танхимд сууж байсан хүрэн дээлтэй эмээ миний зургийн аппаратыг ихэд шохоорхон барьж үзэнгээ “Охин минь хаана ажилладаг вэ” гэхэд нь “Төмөр замд” гэвэл “Галт тэрэг гэдэг галтай хөстэй, ундтай устай, унтаж амраад сэрэхэд л зорьсон газарт минь хүргэчихдэг. Ээ мөн сайхан тохитой унаа даа” гэж толгой холбон магтсан нь сэтгэлд “сийлэгдэн” үлдэж, үе үехэн бодогддог юм.

Энэ удаад бид галт тэрэгний гал тогоог 30 жил барьсан, ёстой урдуур гарсныг ундаалж, хойгуур гарсныг хооллож явсан мастер тогооч, Замын хошой аварга Ядамсүрэнгийн Тэгшжаргалыг урилаа.

Тэрбээр, 1991 онд УБТЗ-ын Нийтийн хоолны II контор (одоогийн Кейтеринг-Зочлох үйлчилгээний төв)-т тогоочоор ажлын гараагаа эхэлснээс хойш өдгөө 34 дэх өвөлтэйгөө золгожээ. Үүнээс 30 жилд нь вагон ресторанд ажилласан гэнэ. Өөрөөр хэлбэл, ган дугуйн дээр 30 жил гал тогоо барьснаараа магадгүй тэр дээд амжилтыг тогтоосон ч байж мэднэ.

Я.Тэгшжаргал орон нутгийн болон олон улсын галт тэрэгний вагон ресторанд ажиллахын зэрэгцээ төмөр замаар зорчсон төр засгийн тэргүүнүүд, гадны зочид төлөөлөгч нарт ч үйлчилж байжээ. Тодруулбал, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас эхлээд Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг сайд байхад нь гарын хоолоороо дайлж байсан гээд дурдвал 30 жилийн хугацаанд дахин давтагдахгүй түүхийг бүтээжээ. Я.Тэгшжаргал “Монголын тогооч болгонд төрийн тэргүүнүүдийн хоолыг хийх завшаан олддоггүй байх. Төмөр замын минь л буян” хэмээгээд инээв.

Хонхор өртөөний жижүүр М.Ядамсүрэнгийнх найман хүүхэдтэй өнөр өтгөн айл. Гэрийн эзэгтэй Ж.Цэрэндулам замчин. Энэ эгэл жирийн төмөр замчин гэр бүлийн зургаа дахь охин Я.Тэгшжаргал гэж нүд нь гялалзсан юм юманд адтай, сэргэлэн охин болон өсөж байв. Даам, хөнгөн атлетикаар хичээллэж, сургуулиас зохиосон уралдаан тэмцээн бүрд орчихсон дэгдэж явна. Гэр нь өртөөний ардхан талд байх тул галт тэрэг ирэх, явах бүрийд дүрэмт хувцастай вагоны үйлчлэгч нарыг шохоорхон харж, дотроо “Том болоод энэ эгч нар шиг ингээд л явна даа” гэж мөрөөдөлд автана. Төр хурахын найман жилийн дунд сургуулийг дүүргэсэн жил нь хүсэхэд хясна гэгчээр төмөр замын хуваарь ирсэнгүй. Я.Тэгшжаргал Худалдааны техникумын хүнсний технологичийн ангид элсжээ. Гурван жил суралцаад төгсөхөд нь нийгэм солигдож, сургууль нь хүртэл нэрээ сольж, “Зах зээлийн коллеж” гэгч болоод байв.  

Я.Төгсжаргал “Аав намайг сургууль төгсөхөд хөтөлж ирээд вокзалын ресторанд ажилд оруулж байлаа. Тэр үед төмөр замын Нийтийн хоолны контор гэж байсан. Зоогийн газар одоо шиг элбэг байсангүй. Вокзалын ресторан 06.00 цагт хаалгаа нээнэ. Хүн тасарна гэж байхгүй. Бид долуулаа нэг нэг өдрөөр ээлжлэн порцон дээр зогсдог байлаа. Амсхийх ч сөхөөгүй хоол порцолсоор гар хөшчихдөг сөн. Вокзалын ресторанд хоёр жил хүрэхгүй ажиллаад вагон ресторанд явах болов. Гэрээсээ холдож үзээгүй надад долоо хоног замд явна гэдэг эхэндээ их хэцүү байсан. Хожим манайхан намайг нүдэндээ нулимстай вагоны цонхоор л хараад байдаг хүүхэд байсан гэж шоолдог юм. Сүүлдээ “Вагондоо л явъя” гэж даргадаа өргөдөл бичдэг, вагоноос буух дургүй хүн болсон доо” хэмээгээд инээв. Анх түүнийг вагон рестораны ахлах тогооч Н.Нүрзэд гэж хүн тосож авчээ. Аян замд гал тогоо барих арга туршлагыг тэр л хүнээс нэг бүрчлэн сурчээ.

Я.Тэгшжаргал “Анх галаа түлэхээ мартаад тогоогоо л хараад байдагсан. Гал түлж сураагүй хүний л гэм байх. Олон жил вагон ресторанд яваад ирэхээр замынхаа аясад тааруулаад тэнцвэрээ олоод яваад сурчихна. Галт тэрэг тахир тойруугаар явах, гэнэт тоормослоход яах вэ гээд... 2003 онд галт тэрэгний хөдөлгөөнд хоол цалгихгүй төхөөрөмж санаачлан хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлж байлаа. Тэр жилээ анх Замын аварга болсон юм. Төмөр зам ажилтнуудаа их шагнаж урамшуулдаг шүү дээ. Шагнуулчихсан хүн чинь ажлаа сайн хийхгүй бол болохгүй гэж их хичээнэ. Олон улс, орон нутаг гээд аль алинд нь явдаг байсан. Олон улсын галт тэргэнд ихэвчлэн захиалгат хоол хийнэ. Арван хүн арван өөр хоол захиаллаа гэхэд бүгдийг нь хийхээс аргагүй. Гол мах, тахиа, гуяны хэсгээр хийх нарийн ажиллагаа шаардсан захиалга л орж ирнэ. Галаа түлээд гурван ширмэн дээрээ зэрэгцүүлээд маналзуулж өгнө дөө. Орон нутагт бол массын хоол үйлдвэрлэл явагдана. 2010 оны үед вагон ресторанд талоноор хоол өгдөг байсан. Тэгэхэд өдөрт 360 гаруй хүний хоол хийж байсан үе бий. Цаг тутам 40 гаруй хүн аваад хоолоо гаргаад явдагсан. Вагон ресторан маань ахлах тогооч, туслах тогооч, худалдагч, зөөгч, сав угаагч, үйлчлэгч гээд зургаан хүний л бүрэлдэхүүнтэй. Одоо бодоход залуудаа ажлаа онгирч хийдэг байж. Одоо бүр мөлхөж хийх нь ээ гэж энэ хэдийгээ инээлгэдэг юм” хэмээв.

“Вагон ресторан чинь одоо ч галлаж хоолоо хийдэг хэрэг үү?” гэхэд “Тиймээ, том пийшинтэй. Пийшин вандан хоёрын хооронд метр хүрэхгүй зайтай. Тийм л орчинд ажиллана шүү дээ. Харин Бээжингийн олимпийн жил шинэ цуваанд баян айлын галт тогоо шиг зургаан сар индукцэн плитекин дээр ажилласан. Замд явах сайхан. Ногоон вагон маань миний хоёр дахь гэр л гэсэн үг. Ковид гарах хүртэл вагон ресторанд ажиллаад түүнээс хойш суурин ажиллаж байна. Эхэндээ дасаж өгөхгүй, вагоноо харахаар замд явмаар санагддаг байсан. Хүн гэдэг дасамтгай юм даа. Одоо бол вагондоо явж чадахгүй байх. Б.Эрдэнэчимэг дарга намайг вагон ресторанаас буулгах гэхээр нь “Гэр хол учраас өдөр бүр ажилдаа ирж очиход хэцүү байна. Вагон ресторандаа явъя” гээд өргөдөл бичээд ордог байв” гээд инээв.

Үргэлжлүүлэн “Сайхан аав, ээжийн буян, халамжтай сайн ханьтайн хүчинд 30 жил галт тэргэнд гал тогоо барилаа. Би хоёр охинтой. Аав ээж хоёр маань охидыг маань өсгөөд өгчихсөн. Хань минь миний ажлыг ойлгоно. Тиймгүй бол яаж ажлаа хийх билээ. Охидоо л ээжийн хайраар дутаасан байж магадгүй. Долоо хоног замд яваад долоо хоног амарна гэхээр жилийн талд нь гэртээ эзгүй байна гэсэн үг. Нэг удаа эгч маань “Цүнхээ үүрч орж ирээд, цүнхээ үүрээд гараад явдаг. Чи хэн бэ?” гээд загнаж билээ. Бас нэг жил хотод шинэ жилийн захиалга ихтэй. Ажил орой тарахаар Хонхор руу харьж чадахгүй. Хотод байдаг ах эгч нарынхаараа хононо. Заримдаа ч ажлаа амжихгүй ажил дээрээ нүдний хор гаргасан болоод ажлаа хийгээд хононо. Дөрөв хоног гэртээ очоогүй юмдаг. Тэгэхэд ээж “Даргатай чинь очиж уулзана” гэж жигтэйхэн их уурлаж загнаж билээ. Харин хань минь миний ажлыг ойлгож, их хүлээцтэй ханддаг хүн.

Одоо охид том болоод тусдаа гарчихлаа. Хань минь гэртээ ганцаараа. Нас ч явж байна. Бид хоёр бие биенээ гэхгүй бол болохгүй. Манайх одоо ч Хонхортоо шүү дээ. Хань минь намайг өглөө ажилд хүргэж өгөөд, орой тарахад ирж авдаг юм” гэв. Хань сайтай хүний харц нь гэрэлтэй гэж үг бий. Түүний нүднээс аз жаргал цацрах ажээ.

Таны гарын хоол юу вэ гэхэд “1997 онд Хөх хотод 45 хоногийн курсэд хэдэн хүн мэргэжил дээшлүүлсэн. Ирээд хятад хоолоор хэсэг гайхшируулсан. Одоо ч миний гарын шарсан хавирга, хуйцааг ярьдаг хүмүүс бий.

Та өөрөө ямар хоолонд дуртай вэ гэхэд “Би таван цул, умс гитай гээд уламжлалт хоолондоо дуртай. Сайхан гэдэс чанаад шинэ шөл уух ч сайхан шүү” гэв. Гэрийнхнээ гарын хоолоороо хэр дайлдаг вэ гэхэд инээгээд “Гэртээ хоол хийдэггүй. Үнэнээ л хэлье” гэв. Хүүхэд шиг цайлган инээд цацруулсан энэ эмэгтэйг яагаад ч юм уурладаггүй хүн байх гэж бодогдов.

Мастер тогооч Я.Тэгшжаргал тогооч нарын улсын аваргын тэмцээнээс хүрэл, Олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ. УБТЗ-аас түүний хөдөлмөр зүтгэлийг “Онц хөдөлгөөнчин”, “Тэргүүний төмөр замчин”, “Төмөр замчны алдар” тэмдгээр мялааж, Замын мэргэжлийн аваргаар хоёр удаа тодруулсан байна. Өдгөө тэрбээр Зорчигчийн вагон депогийн цайны газрын ахлах тогоочоор ажиллаж байна. Мянга гаруй хүнтэй энэ байгууллагын цайны газраар өдөрт давхардсан тоогоор 500-700 хүн үйлчлүүлдэг гэнэ.  

Эцэст нь тэрбээр, “Төмөр замдаа нэртэй төртэй сайхан ажиллалаа. Аав ээж минь “Ногоон вагоны буян” гэж их ярьдаг байсан. Тэр буяныг харамгүй хүртэж явна даа” гэж сэтгэл хангалуун өгүүлэв.

Түүнтэй ярилцаж суухад тээр жил үл таних эмээгийн төмөр замчдад хандсан магтаал, талархал цаг хугацаагаар өртөөлөн явсаар надаар дамжин энэ удаагийн зочинд маань хүрэх ёстой байсан мэт санагдана.

 

Б.Гүнжинлхам