“Төмөр замын тээврийн аюулгүй ажиллагааны менежмент” сургалт-зөвлөгөөнийг Тээврийн хяналтын албанаас энэ сарын 8-нд зохион байгууллаа. Зөвлөгөөнд “УБТЗ” ХНН-ийн удирдлагууд, байцаагч нар, хөдөлгөөнтэй холбоотой алба, анги, салбар нэгжүүдийн удирдлагуудаас гадна ЗТХЯ, “МТЗ” ТӨХК, “ГТХЗНТ” ТӨҮГ, “МТЛ”, “Тавантолгойн төмөр зам” ХХК, Тээврийн хяналтын прокурор, Тээврийн цагдаагийн газрын төмөр зам дахь Цагдаагийн газрын төлөөллүүд оролцлоо. Зөвлөгөөнийг Замын I орлогч дарга О.А.Казаков нээж оролцогчдод талархал илэрхийлэн амжилт хүсээд “Энэ уулзалтад зөвхөн УБТЗ-ынхан биш хууль сахиулах байгууллага болон ЗТХЯ-ны төлөөлөл оролцож буйд баяртай байна. ЗТХЯ-ны гаргасан бодлогын дагуу үе шаттайгаар төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нь бидний хамгийн гол зорилт юм. Тиймээс төмөр замчдаа энэ зөвлөгөөндөө маш идэвхтэй оролцоорой гэж захья” гэв. Түүнчлэн, Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн илтгэлдээ өмнөх жилийн зөвлөгөөний үр дүнг танилцуулж, “Бид өнгөрсөн онд Замын даргын А/02 тоот тушаалыг гаргаж УБТЗ-ын хэмжээнд тээврийн аюулгүй байдлын бодлого, түүний хэрэгжилтийг хангахаар 2023-2026 он хүртэлх дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Мөн УБТЗ-ын ажилтны аюулгүй байдлын сахилгын бодлого зэргийг мөрдлөг болгох ажлуудыг зохион байгууллаа. Аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх суурь ажлыг амжилттай эхлүүлж чадсан. Тээврийн үйл ажиллагаанд оролцогч бүр аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж хамтран ажиллах нь чухал. Үүний хүрээнд УБТЗ-ын тээврийн аюулгүй байдлын бодлого болох төмөр замын бүтээн байгуулалт, өргөтгөл шинэчлэлийн ажилд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч ажиллалаа. Мөн 828 тоот тушаалын дагуу хагас жил тутамд ХАБ-ын эрсдлийн үнэлгээг хийж, Замын даргын тээврийн аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг хангах үүднээс ГТХАБ-тай холбоотой их барилга, их засвар, хөрөнгө оруулалтыг давхар шийдэж ажилласан. Өмнөх жилийн зөвлөгөөнөөс гарсан үр дүнд Ерөнхий хорооноос гарсан чиглэлийн дагуу УБТЗ-ын хэмжээнд эрсдлийн үнэлгээг гадаад болон дотоод хүчин зүйлээр тооцдог болсон. Бид эрсдлийн нийт 22 чиглэлээр үнэлгээ хийж байна. Цаашид УБТЗ-даа эрсдлийн үнэлгээ хариуцсан бүтэц нэгжтэй болохоор төлөвлөсөн. Үүнийгээ Ерөнхий хороонд танилцуулаад тодорхой хэмжээний шийдвэр гарвал жил бүр эрсдлээ үнэлэх зохион байгуулалтын ажлыг тасралтгүй хийнэ. Замын хэмжээнд эрсдлийн давтамж, магадлал, хохирлын хэмжээнээс нь хамааруулж таван шатлалт аргачлалаар явж байгаа. Байнга буюу сард нэг ба түүнээс дээш тохиолддог эрсдлийг улаан өнгөөр тэмдэглэдэг. Хохирлыг нь тэрбум төгрөгөөс дээш хэмжээгээр тогтоож байгаа. Улбар шар түвшинд нь үе үе давтамжтай, улиралд нэг удаа тохиолдох эрсдэл. Хохирлыг нь 500 саяас нэг тэрбум хүртэлх төгрөгийн хэмжээнд тооцогдохоор дүгнэж байна. Шар түвшинд бол хагас жилд нэг удаа, 100-500 сая төгрөгийн хохирлын хэмжээтэй гэсэн үнэлгээгээр явна. Цайвар ногоон түвшин бол жилд нэг удаа гардаг, 10-100 сая хүртэлх төгрөгийн хохирлын хэмжээтэй. Ногоон нь маш бага буюу гурван жилд нэг удаа тохиолдох, 10 сая төгрөг хүртэлх хохирлын хэмжээтэй байхыг авч үздэг. Одоо ХАБЭА-н чиглэлээр хийж буй үнэлгээ маань дөрвөн шатлалтай байна. Цаашид таван шатлалд оруулах арга хэмжээг авна. Сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс оронд төмөр замтай холбоотой байгалийн гамшигт үзэгдлийн тоо өссөн. Олон улсын төмөр замууд хоорондоо хөгжил дэвшил, орлого, хэмжээгээрээ өрсөлдөж буй ч аюулгүй байдлыг хангах чиглэлээр харилцан туршлага, мэдээлэл солилцон ажилладаг жишиг тогтсон. УБТЗ-д зам усанд угаагдсан гологдол өнгөрсөн жилээс хойш таван удаа гарлаа. Тухайлбал, энэ оны долдугаар сарын 13, 25-нд Агуйт-Наран-Элгэн хоорондын 559 дүгээр км-т зам хоёр удаа угаагдсан. Энэ үеэр гол замын хөдөлгөөн нийт 44 цаг саатаж, 400 сая төгрөгийн зардлаар сэргээн босгосон. Энэ хугацаанд зорчигчийн найм, ачааны 47 галт тэрэг цуцлагдаж ойролцоогоор 3.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Нийт хохирол нь 3.9 тэрбум төгрөг болсон. Тиймээс эрсдлийг бууруулахаар Замын хэмжээний үер усны судалгааны ажлыг эхлүүлсэн. Мөн гүүр, түр зам барих ажилд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэж байна” гэхчлэн мэдээллийг өгч, төмөр замд хийсэн бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулав.
Мөн Вагоны аж ахуйн албаны орлогч дарга, доктор О.Дэмбэрэлсүрэн “Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх нь” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр, “Аюулгүй байдлын соёл гэдэг нь ажилтан болон удирдлага өөрийнхөө хийж буй ажлын үүрэг хариуцлагыг ухамсарласан байдлыг л хэлдэг. ГТХАБ-ын менежментийн есөн зарчим бий. Үүний 3-7 дугаарх нь аюулгүй байдлын соёлтой холбоотой. Өөрөөр хэлбэл, удирдлагууд манлайлан аюулгүй байдалд анхаарч, ач холбогдол өгөхдөө дутмаг байдаг. Мөн ажилтнуудаа идэвхжүүлэх хэрэгтэй. Энэ нь, зүгээр магтаад, урамшуулаад байх асуудал биш. Чиний хийж буй ажил ямар өндөр хариуцлагатай вэ гэдгийг ойлгуулах талд дутагдалтай байна. Түүнчлэн, үнэн бодит мэдээлэлд үндэслэн шуурхай шийдвэр гаргаж, түүндээ хяналт тавьдаг байх хэрэгтэй. Эрсдлийг удирдахдаа хөрөнгө, мөнгийг хамгийн бага шаардах шийдэл гаргадаг байх нь чухал. Энэ бүхэн удирдлагын аюулгүй байдлын соёлтой холбоотой” гэв. Ийнхүү илтгэлүүд сонссоны дараа сэдвийн дагуу хэлэлцүүлэг өрнүүлж, модератороор Тээврийн хяналтын албаны орлогч дарга Т.Батдорж ажиллалаа. Тэрбээр, ЗТХЯ-ны төлөөллөөс “Төмөр замын салбарын нэгдсэн технологи боловсруулагдаж буй байх. Энэ нэгдсэн технологийг яаж хэрэгжүүлэх вэ. Галт тэрэг солилцоо, тэр дундаа төмөр замууд хоорондоо хэрхэн харилцан үйлчлэх вэ. Үүндээ ХАБ-ыг хэрхэн хангах бол?” хэмээн асуусан юм.
ЗТХЯ-ны ТЗДТБЗГ-ын төмөр замын тээврийн хэлтсийн дарга Д.Мөнхбат:
-2019 оноос хойш манай улсын төмөр замын сүлжээ өргөсөж, одоо улсын комисс хүлээж аван тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон 900-аад км төмөр зам байна. Мөн баруун болон зүүн босоо гээд шийдвэр нь гараад барих гэж буй төмөр замууд концессын хэлэлцээрт орж байна. Энэ мэтчилэн 2000-аад км төмөр зам бий. Концессоор хэрэгжүүлж буй учир өмчийн олон хэлбэр гарч ирж байгаа. Үүнтэй холбоотой энэ олон төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулах асуудал тулгарсан. Тиймээс ЗТХ-ийн сайдын А/206 дугаар тушаалаар “ГТХЗНТ” ТӨҮГ, “УБТЗ” ХНН, “МТЗ” ТӨХК, Тавантолгой төмөр зам, “МТЛ” зэрэг компанийг оролцуулсан ажлын хэсэг байгуулан нэгдсэн технологийг боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Нэгдсэн технологи нь 11 бүлэг, 27 заалт, 19 хавсралтаас бүрдсэн 103 хуудас бүхий баримт бичиг болсон. Үүнийг ЗТХЯ-ны Шинжлэх ухаан технологийн дэд зөвлөл өнгөрөгч аравдугаар сарын 27-нд хэлэлцэж дэмжсэн. Одоо Шинжлэх ухаан технологийн том зөвлөлөөр хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Олон төмөр замаар ачаа тээврийг хурдан шуурхай, аюулгүй, үйлчлүүлэгчид хүндрэл багатай зохион байгуулах нь гол асуудал. Нэгдсэн технологийн горим батлагдан гарснаар төмөр замын байгууллагуудад очиж гэрээ, төлбөр тооцоо хийгээд явах асуудал нь цэгцэрнэ. Үйлчлүүлэгчид нэг байгууллагатай нэг газраас гэрээ хийж, дамжин өнгөрөх тээврийг зохион байгуулах боломж бүрдэнэ. Үндсэндээ нийтлэг техникийн шаардлагыг нэгдсэн технологийн горимд тусгаж байгаа. Өөрөөр хэлбэл, бүх суурь бүтэц ямар шаардлага хангасан байх ёстой юм. Мөн вагон, зүтгүүр нь ямар шаардлагыг хангаж байж бусад суурь бүтэц рүү нэвтрэх вэ гэдэг тодорхой болно. Зургаан үндсэн техникийн шаардлагаар ХАБ-ыг хангах нөхцөлийг бүрдүүлнэ. Үүнээс гадна одоо хүчин төгөлдөр мөрдөж буй дүрэм, журмын хүрээнд ХАБ-ыг хангаж ажиллана гэж үзэж байгаа. “МТЗ” ТӨХК-ийн Хандгайт өртөөнөөс “БТЕГ” ХХК-ийн суурь бүтцээр дамжин УБТЗ, цаашлаад “МТЗ”, Тавантолгойн төмөр замын суурь бүтцээр дамжин Гашуунсухайт өртөөнд хүрэх үндсэн хэрэгцээ шаардлага нь ийм. Нэгдсэн технологийн горим гарснаар Монгол Улсад төмөр замын үйл ажиллагаа явуулж буй өмчийн хэлбэрийг үл харгалзан бүгд дагаж мөрдөнө. Харин дүрэм, журам хэрхэн мөрдөж байгааг Төрийн хянан шалгалтын тухай хуулийн дагуу Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын улсын байцаагч хяналт тавина. Мөн энэ үйл ажиллагаанд төмөр замуудын дотоод хяналтын байгууллагууд хяналт тавих үүрэгтэй. Ирэх хоёрдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ гэж тооцож байгаа.
Тээврийн хяналтын албаны орлогч дарга Т.Батдорж:
-Төмөр замын тээврийн тухай хууль батлагдаж, хэрэгжилт нь нэг жилээр хойшиллоо. Ганц төмөр зам гэлтгүй тээврийн салбарын эрх зүйн бодлогын хандлага, өөрчлөлтүүд нь аюулгүй байдлын нөхцөлийг сайжруулах талд, тэр тусмаа бүх оролцогчид зөв соёлыг хэвшүүлэхэд ямар нөлөө үзүүлж байна гэж прокурорын зүгээс харж байгаа вэ?
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгаль:
-Тээврийн прокурорын газар нь мөрдөн шалгах болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавьдаг. Төмөр замын тээврийн тухай хуулийг зөрчсөн тохиолдол 119 буюу өмнөх жилээс 24.3 хувиар өссөн. Төмөр замын аюултай бүсийн дэглэм зөрчих, мөн галт тэрэг саатуулах, хориг хашаа руу мал орох зэрэг зөрчил нэлээд орж ирдэг. Мөрдөн шалгагдаж буй хэргүүдийг харахад галт тэрэг, вагонд дайрагдсан, амь нас нь эрсдсэн тохиолдол цөөнгүй байна. Түүнчлэн, автомашины жолооч нар төмөр замын гармаар соёлтой нэвтрэх нь чухал. Тиймээс зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг тодорхой үе шаттайгаар хамтран тогтмол зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.
Тээврийн хяналтын албаны орлогч дарга Т.Батдорж:
-Цагдаагийн байгууллагаас асууя. О.Дэмбэрэлсүрэн доктор судлан бүртгэх биш мөрдөн шалгах руугаа явах хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ. Зам, тээврийн зөрчлийг мөрдөн шалгаад хэргийг шийдэх үед эрх зүйн зөрчилтэй, эсвэл цаг үеэсээ хоцорсон гэх мэт хүндрэл учрах тохиолдол байдаг уу?
Тээврийн цагдаагийн газрын Төмөр зам дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Г.Эрдэнэсүх:
-Энэ оны 11 сарын байдлаар төмөр замын аж ахуйн нэгж, салбаруудаас 406 гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 13 нэгж буюу 3.1, гэмт хэрэг 23.8 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Гомдол мэдээлэлд гэмт хэрэг буурсан ч зөрчлийн шинжтэй нь 277 буюу 66.2 хувийг эзэлж 4.5 хувиар өссөн. Ангилаад үзвэл төмөр замын гарам дээр үйлдэгдсэн зам тээрийн осол энэ онд 57 бүртгэгдсэн. Үүнд галт тэрэг тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн ес, тээврийн хэрэгсэл гармын хаалт мөргөсөн 21, гэрэл дохио, тэмдэг тэмдэглэгээ мөргөсөн 25, аюултай бүсэд тээврийн хэрэгсэл хоорондоо мөргөлдсөн хоёр тохиолдол гарсан. Гарам дээр гарч буй осол зөрчлийн тоо жил ирэх тусам өсөж байна. Жолоочийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг, мэдсэн ч санаатай, санамсаргүй байдлаар зөрчсөн нь давамгайлж байгаа. Ялангуяа, нийслэлийн бүсэд нэлээд гарч байна. Тиймээс бид Зөрчлийн тухай хуулийн дагуу 25 мянган төгрөгөөр торгоод, хоёр оноог нь хасдаг. Энэ арга хэмжээг авахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 17 дугаар зүйл буюу төмөр замын гарам гэдэг журмыг баримталдаг. Тээврийн хэрэгслийн тоо, эрчимжилт ихэссэнтэй холбогдуулан дүрэм, журмаа эргэн харж, ялангуяа дээрх 17 дугаар зүйлийг шинэчилмээр байгаа юм. 2018 онд Замын хөдөлгөөний дүрэмд нэмэлт өөрчлөлт хийхдээ энэ зүйлд гар хүрээгүй. Мөн Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 7.40 дэх заалтын 25 мянган төгрөгөөр торгодог байдал шийтгэл болж чадахгүй байна. Хоёр оноо хасаж буй ч зарим жолооч оноогоо огт мэддэггүй.
Тээврийн хяналтын албаны орлогч дарга Т.Батдорж:
-Бид жил бүр тушаалаа шинэчилж, аюулгүй байдлын бодлогыг сайжруулаад явдаг. Энэ онд ГТХАБ-ын бодлогын хэрэгжилт ямар түвшинд байна. Мөн алдаа, оноо хэр гарав?
УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн:
-Тээврийн аюулгүй байдлын нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхээр Замын даргын А/02 тоот тушаалын тавдугаар заалтад тусгасан. Дүгнээд үзэхэд аюулгүй байдлын тогтолцооны эхний үе шатыг УБТЗ амжилттай хэрэгжүүлсэн. Алдаа ч, оноо ч бий. Алдаа гэвэл, тухайн тушаалын сахилгын бодлогод тусгасан ажлуудыг гүйцэт хэрэгжүүлж чадаагүй байна. Тод илрэл нь хоёр долоо хоногийн өмнө цахилгаан гаргаад аж ахуйн нэгжүүдэд албадаас авсан тайлан нэгтгэлд тодорхой гарч ирсэн. Сахилгын бодлого гэдэг нь алдаа дутагдал гаргаад буй хүнээ яаж үнэн зөв хэлдэг, мэдээллээ ил тод болгодог байх асуудлыг тавьж байгаа. Нуун дарагдуулна гэдэг нь цаад талдаа хор уршиг өндөр. Тиймээс аливаа нэг асуудал гарч буй бол үнэн зөвөөр илэрхийлж, мэдээллээ өгөх нь чухал юм. Дархан татах хэсгийн хувьд яг энэ жишээн дээр маш сайн ажилласан. Машинч хурдыг нэг км/цагаар хэтрүүлээд аяллаас ирэн “Би сая хурд хэтрүүлчихлээ. Туузыг нь уншаагүй байх. Энэ миний алдаа юм. Замын даргын А/02 тушаалын сахилгын бодлогын хэрэгжилтийн гуравдугаар хавсралтад байгаа зүйлийн дагуу буруугаа хүлээн зөвшөөрч буй тул намайг харгалзаж үзээч” гэж хэлсэн. Тиймээс шуурхай зөвлөгөөн гэхээсээ илүүтэй учир шалтгааныг нь ярилцаад сануулах арга хэмжээ авсан. Энэ мэтчилэн алдаа дутагдлаа нуун дарагдуулахгүй мэдээлдэг байх нь хамгийн чухал байгаа юм.
Тээврийн хяналтын албаны орлогч дарга Т.Батдорж:
-О.Дэмбэрэлсүрэн доктроос асууя. Та номондоо ХАБ-ын соёл бол эрсдлийн менежмент дээр суурилах ёстой гэж бичсэн байсан. Байгууллагын соёлыг төлөвшүүлэх талд бид юунд анхаарвал зохих вэ?
Вагоны аж ахуйн албаны орлогч дарга, доктор О.Дэмбэрэлсүрэн:
-Эрсдлийн менежментийн үндсэн зарчим бол нотлох баримтад үндэслэж шийдвэр гаргадаг байх ёстой. Бид аливаа асуудлын шалтгааныг судлахдаа туршлагаараа шийдэх гэдэг. Ялангуяа, олон жил ажилласан туршлагатай дарга, байцаагч нар. Гэтэл нөхцөл байдал бүр өөр. Түүнийг нь бид анзаарах ёстой. Эрсдлийн үнэлгээ буюу хэргийн газрын үзлэг хийж, судлан бүртгэх явцдаа шалтгаанаа олохгүй, эсвэл дутуу олдог асуудал бий. Тэгэхээр энэ бол бидний өдөр тутамдаа зайлшгүй мөрдөх ёстой зарчим юм. Ямартаа ч манай хяналтынхан менежментийн тогтолцоог нэвтрүүлж, цаашид сайжруулалт хийгээд явах гэж байна. Манайхан “Нэг бичиг баримт гаргавал таван жилдээ өөрчлөхгүй юм хийх хэрэгтэй” гэдэг маш буруу хандлагатай. Өдөр бүр сайжруулах ёстой. Одоо харин зөв алхам руу оржээ гэж би олзуурхаж байна. Аливаа менежментийн тогтолцоо ISO 9001-ийн зарчим дээр суурилдаг. Мөн ХАБЭА-нь 45001 гэх мэт бүх стандарт. Тэгэхээр манай аюулгүй байдлын менежмент ISO9001 дээр суурилах ёстой. Тиймээс бид ISO9001-ийг маш сайн ойлгож, ХАБ гэдэг процесс дээр яаж буух юм гэдгийг мэдэх ёстой. ХАБ-д оролцогч нарыг бид бүгдийг нь хэрэглэгч гэж харах ёстой.
Ийнхүү хэлэлцүүлгийн дараа “Аюулгүй байдал ба ажилтны оролцоо” сэдвийн дор дотоод хэлэлцүүлэг өрнүүлж, Залуучуудын төв байгууллагын Залуучууд хөгжлийн академийн сургагч багш нар оролцогчдыг дөрөв хуваан хувь хүний хөгжлийн сургалт хийсэн юм. Тодруулбал, сургагч багш буюу Тээврийн хяналтын албаны Зүтгүүрийн аж ахуй хариуцсан хяналтын ахлах байцаагч Г.Мөнгөнхуяг “Шинэ цагийн манлайлал”, “Ган зам” сонины сэтгүүлч Б.Дэлгэрхишиг “Байгууллагын соёл”, Улаанбаатар татах хэсгийн сургалтын инженер Г.Бүрэн-Итгэл “Асуудал шийдвэрлэх аргууд” сэдвээр гурван өөр газарт нэгэн зэрэг 30 минутад сургалт хийлээ. Үүний зэрэгцээ Тээврийн хяналтын албаны вагоны аж ахуй хариуцсан хяналтын байцаагч Ц.Түмэндэлгэр оролцогчдыг асуулт хариулт, авхаалж самбаагаар нь өрсөлдүүллээ. Уг сургалтууд нь хоорондоо уялдаа холбоотой, оролцогч нарт 30 минутын сургалтад суугаад тойрох зарчмаар явсаар хоёр цагийн дотор дөрвөн багшийн сургалтад бүрэн суув. Энэ нь, шинэлэг арга барилтай, өгөөжтэй, сонирхолтой болж буйг оролцогчид онцолж байлаа. Харин сургалтын төгсгөлд сурсан мэдсэнийг нь дүгнэн шалгаж, хамгийн өндөр оноо авсан гурван оролцогчид “Баянбуурал” амралтад амрах эрхийн бичиг гардуулав.
Түүнчлэн, Замын даргын тушаалаар галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулан үр бүтээлтэй, санал санаачилга гарган ажилласан төмөр замчдын төлөөллийг шагнаж урамшууллаа. Тухайлбал, “Хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” тэмдгээр Замын аж ахуйн албаны орлогч дарга Ж.Борхүү, Тээврийн хяналтын албаны Дохиолол холбоо хариуцсан хяналтын байцаагч Д.Жигжид, Дархан татах хэсгийн III цувааны машинч Д.Ганзориг нарыг шагнав. Шагналыг Замын I орлогч дарга О.А.Казаков, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн, Суурь бүтэц хариуцсан орлогч дарга К.Р.Белош нар гардууллаа.
М.Наранболд
