УБТЗ ХНН-ийн хамт олон ойрын жилүүдэд 40-50 сая тонн хүртэлх ачааг тээвэрлэх бодит шаардлагатай тулгараад буй. Үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа ачаа тээврийн энэхүү хэрэгцээг бүрэн дүүрэн хангахтай холбоотойгоор дохиолол холбоо, хөдлөх бүрэлдэхүүн гэхчлэнгээр шат шатанд техникийн шинэчлэлт хийж байна. Улмаар хөдлөх бүрэлдэхүүний нэг гол дээр дарах даралт, урт бүрэлдэхүүнт, хүнд жинтэй галт тэрэгний эрчимжилт нэмэгдсэн гээд суурь бүтцэд ирэх ачаалал өдрөөс өдөрт өсөж, тэр хэрээр замчдаас ажлын шинэлэг зохион байгуулалт, ур чадварыг шаардаж байна.
Чухамдаа төмөр замын тээврийн үндэс суурь болсон замын аж ахуйн салбарынхан цаг үеийн дээрх нөхцөл байдалтай холбогдуулан “Замын мастеруудын зөвлөгөөн”-ийг энэ сарын 12-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. “Галт тэрэгний эрчимжсэн хөдөлгөөний үеийн замын мастер” сэдвийн хүрээнд өрнөсөн тус зөвлөгөөнд УБТЗ-ын дарга Х.Хэрлэн, Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан, Суурь бүтэц эрхэлсэн орлогч дарга К.Р.Белош, Замын аж ахуйн албаны дарга, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Ю.Нямжаргал, Тээврийн хяналтын албаны дарга М.Цогт нарын удирдлагуудаас гадна Сүхбаатараас Замын-Үүд хүртэлх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хамгийн өндөр үүрэг хариуцлага хүлээн ажиллаж буй Замын I, II, VI, III, IV, V ангийн дарга нар, 95 мастерынхаа хамт оролцсон юм.
Замын аж ахуйн албаны дарга МУГТ Ю.Нямжаргал зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Төмөр замын засвар арчлалтын чанарын үзүүлэлт болох баллын төлөвлөгөөг биелүүлж, галт тэрэгний хөдөлгөөний тогтоосон хурдыг хангаж, хөдөлгөөний аюулгүй байдлын манаанд цаг тутам хариуцсан хэсгээ удирдан зохион байгуулж, хөдөлмөрлөдөг хүмүүс бол замын мастерууд юм. Тэд дээрх хариуцлага, нэр хүндтэй үүргийг биелүүлэхийн тулд замын гэмтэл бүрийн үүссэн шалтгаанд задлан шинжилгээ хийх, гэмтлийг оношлох, засах арга барилаа сонгох, замчдын ур чадварыг үнэлэх, стандартын бус шийдвэр гаргах, засварын ажлын гүйцэтгэлийн чанарыг үнэлэх зэрэг өндөр ур чадварыг эзэмшдэгээрээ онцлогтой. 2019 онд болсон Замын аж ахуйн мастеруудын зөвлөгөөний үеэр төмөр замын тээврийн хууль, холбогдох дүрэм журамд нийцүүлэн зам засварын технологи, тэргүүн дэвтэр боловсруулан хэлэлцэж, технологи дээр суурилсан зам арчлалтыг хэрэгжүүлэх шийдэл гаргаж байсан. Түүнээс ердөө таван жилийн дараа ийнхүү “Галт тэрэгний эрчимжсэн хөдөлгөөний үеийн замын мастер” сэдвийн хүрээнд Замын аж ахуйн салбарын хүрээнд тулгамдсан асуудлыг хэлэлцэхээр цуглаад байна. Замын аж албаны хэмжээнд СИРДП-Е системийн үеийн зам засварын ажлыг зохион байгуулах үүднээс сургалт явуулах, замчдад санамж бичиг боловсруулан хүргэх, цахим сургалтын материал бэлтгэх зэргээр шат шатандаа анхааран ажиллаж байна. Цаашид системийн шинэчлэлээр цогц шийдэл хэрэгжүүлэх асуудлыг манай алба судалж хэрэгжүүлэх болно. Иймд Замын аж ахуйн албаны ойрын болон хэтийн төлөвийг тодорхойлох, өсөн нэмэгдэж буй тээврийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий замын мастерын хариуцлагатай ажлыг дэмжих үүднээс энэхүү зөвлөгөөнд өндөр ач холбогдол өгч байгаа юм” хэмээлээ.
ХОС ЗАМ БОЛ ОЙРЫН ЗОРИЛТЫН НЭГ
Мөн энэ үеэр Замын дарга Х.Хэрлэн нийт оролцогчдод хандаж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр, 2023 онд УБТЗ-ын хамт олон 32 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосон явдалд замчдын, тэднийг удирдан зохион байгуулдаг замын мастеруудын үүрэг оролцоо өндөр байсныг онцлоод, “Өнөөдрөөс эхлэн зам шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, зам засварын машин механизмыг шинэчилж, олон улсын стандартад нийцсэн бетон дэр, буталмал чулуун үйлдвэрлэлийг өргөтгөх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Монгол Улсын эдийн засаг өргөжин тэлэхийн хэрээр төмөр замын салбарт шинэ компаниуд эрчимтэйгээр нэмэгдсээр байна. Энэ цаг үед Замын аж ахуйн албаны ойрын болон хэтийн төлөвийг тодорхойлох, зам арчлалт засварын орчин үеийн системийг нэвтрүүлэх, хөгжүүлэх асуудлуудыг энэ зөвлөгөөнөөр хэлэлцэж байгаа нь цагаа олсон чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна. УБТЗ нь Монгол-Орос-Хятад улс дамнасан эдийн засгийн коридор болохын хувьд төмөр замын хос замыг бүтээн байгуулах нь ойрын ирээдүйд гол зорилт байх болно. Энэхүү бүтээн байгуулалтын эзэд нь замын мастерууд, замчид та бүхэн юм” гэв.
2018 оноос хойш зам дагуу шавар балчиг эрчимтэй ихсэж, тэнцэхгүй дэрийн тоо огцом өсөж, зам төмрийн хурц гэмтлийн тоо буурахгүй байх зэрэг хүндрэлтэй асуудлууд гарсан тул хойшлуулшгүйгээр гол замын болон суман шилжүүлгийн балластыг үе шаттайгаар эрүүлжүүлэх, төмөр бетон дэрэнд шилжих, зам төмрийг хүчжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж буй юм. Тийм ч учраас эрчимтэйгээр нэмэгдэж буй энэ цаг үед замчид замын найдвартай, тогтвортой, аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд улам их техникийн шийдлийг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай болсныг зөвлөгөөний үеэр онцолж байлаа.
Д.САНДАГ: ЗАЛУУСТАА ГУРВАН ЗҮЙЛИЙГ ЧАНДЛАН ЗАХЬЯ
Энэ удаагийн зөвлөгөөнд оролцсон 95 мастерын 15 нь эмэгтэй байв. Мөн Монгол Улсын Гавьяат тээвэрчин Д.Сандаг ахмад мастеруудаа төлөөлөн үг хэлсэн юм. Тэрбээр, “Энэхүү зөвлөгөөнд Замын IV ангиа төлөөлж 1970-аад оны мастер, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат миний бие, 1960-аад оны мастер, Архангай аймгийн Булган сумын харьяат Н.Даваасүрэнгийн хамт хүрэлцэн ирлээ. Замын мастер хэмээх өндөр үүрэг хариуцлагатай, нэр хүндтэй албыг хашиж яваа залуусынхаа дунд өнгөрсөн түүхээ дурсаж буйдаа туйлын их баяртай байгаагаа илэрхийлэхийн ялдамд ахмад төмөр замчны хувиар залуу мастерууддаа эрхэмлэж яваарай хэмээн гурван зүйлийг л захья.
-
Хүнээ сайн бэлтгээрэй хүүхдүүд минь
-
Замаа сайн хүчжүүлээрэй
-
Замынхаа аж ахуйг сайн авч яваарай. Энэ гурвыг эн тэнцүү авч явбал, амжилт бүтээл аяндаа цогцлох болно. Монгол Улс мандан бадарч, Монголын төмөр замын салбар дэлхийн жишигт хүрэх болтугай” хэмээн ерөөлөө.
Энэ үеэр замын мастеруудын төлөөлөлтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонссоноо уншигч та бүхэнд хүргэе.
Б.МӨНХБАЯР:ЗАМЫН НӨХЦӨЛ ХҮНД Ч ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ ЯГШТАЛ БИЕЛҮҮЛНЭ
Замын I ангийн I хэсгийн мастер
Би 2009 онд ТЗДС-ийг замын инженерээр төгссөнөөс хойш Замын I ангид өнөөг хүртэл ажиллаж байна. Энэ удаагийн зөвлөгөөнөөр бид суурь бүтцийн асуудлаа хамтдаа ярилцаж, хамтын шийдлийг Замын удирдлагадаа дэвшүүлэн тавих учраас ихээхэн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Манай хэсгийн хамт олон Монгол Улсын хойд хилийн долдугаар км-ээс 26 дугаар км хүртэлх гол замын аюулгүй байдлыг сахин хамгаалдаг. Одоогоор манай хэсэг 32 тахиртай, модон дэр, хадаасан бэхэлгээтэй, гол уул хоёрын дундуур байрлалтай гэдгээрээ ангийнхаа хэмжээний хамгийн хүнд нөхцөлтэй нь болж үлдлээ. Гэсэн хэдий ч сүүлийн хоёр жилийн хугацаанд бид гологдол зөрчилгүй, хариуцсан ажлаа эзний ёсоор гүйцэтгэж байна. Өнгөрсөн онд “Аварга хэсэг”-ийн болзол хангасан ч өчүүхэн алдаанаас болж хараахан шагнуулж чадаагүй. Гэхдээ 2022 онд манай хэсгээс нийт таван “Мэргэжлийн аварга” тодорсноос нэг нь Замын мэргэжлийн аварга болсон. Өнгөрсөн онд мөн хоёр “Мэргэжлийн аварга”-тай боллоо. Манай хамт олны хариуцсан хэсэг их засварын хугацаагаа хүлээж байгаа ч их засвар орох хүртэлх хугацаанд нэг ч асуудал гаргахгүйгээр баллын төлөвлөгөөгөө барьж ажиллах зорилт тавьж байна.
Д.УГТАХБАЯР:СЭЛБЭГ МАТЕРИАЛЫН ХАНГАЛТ ГОЛ ХҮНДРЭЛ БОЛДОГ
Замын VI ангийн VIII хэсгийн мастер
-Өнөөдрийн зөвлөгөөн ялангуяа залуу мастеруудад маш их хэрэгтэй. Замын мастерууд маань тэр бүр Замын удирдлагатай шууд нүүр тулан уулзаж, асуудлаа ярих боломж гарахгүй шүү дээ. Манай хамт олон Эрдэнэт-Салхит хоорондын замыг хариуцдаг учраас яг одоогоор галт тэрэгний эрчимжилттэй холбоотой тулгарсан асуудал ч харьцангуй бага байгаа. Харин технологит ажилдаа дохиочны орон тоо заасан хэдий ч албан ёсоор орон тоог нь баталж өгөөгүй. Тиймээс бид үндсэн ажлын орон тооноосоо дохиочин томилон ажиллуулдаг. Хэрэв технологийнхоо дагуу албан ёсны дохиочинтой болчихвол төлөвлөгөөт ажил маань ч илүү хурдан явна. Түүнээс гадна Замын хэсгүүдэд тулгамдаж байгаа хамгийн хүндрэлтэй зүйл бол суман шилжүүлэг тэргүүтэй замын металЛ хэсгийн хангалтын асуудал юм. Элэгдсэн, гэмтэлтэй зам төмрийг зайлшгүй солих шаардлага тулгардаг ч хангалт нь алга. Хэрэвээ металл хэсэг, материалын хангалт нь тасалддаггүй бол ямар ч ажлыг залуу хүмүүс хийчихнэ шүү дээ. Манай зам уулын бүсэд оршдогоороо онцлогтой. Өгсүүр ихтэй учраас тэр онцлогтоо тохируулж л ажилладаг даа.
Л.БАТСҮХ: ЗАЛУУСАА ШУГАМ ЗАМД АЖИЛЛАХЫГ УРИАЛЪЯ
Замын II ангийн мастер I хэсгийн мастер
-Би УБТЗ-д 27 жил ажилласнаас 13 жилд нь мастерын албыг хашиж байна. Зөвлөгөөний үндсэн сэдэвт дурдсаны дагуу гол замд галт тэрэгний хөдөлгөөний эрчимжилт их байгаа учраас бидний хувьд ажлаа зөв зохион байгуулах шаардлага нэн тэргүүнд тулгамдаж байна. Бид төлөвлөгөөгөө аль болох урьдчилж хийгээд ангиараа батлуулан ажилладаг. Зөв төлөвлөлт хийгээд түүнийхээ дагуу ажлаа шахаад хэвшчихвэл төдийлөн хүндрэл бэрхшээл тулгараад байхгүй. Аюулгүй байдлын хувьд Замын хэмжээнд тетра станцаар хангасан. Манай хэсгийн хэмжээнд л гэхэд есөн тетра станц бий. Дээрээс нь дохиочдыг бэлтгэхэд өндөр ач холбогдол өгч байгаа. Галт тэрэг хаана яваа тухай мэдээллийг 3-4 км тутамд мэдээлж байгаа учраас ажил гүйцэтгэх явцдаа айх эмээх асуудалгүй болсон. Харин шинэ залуу боловсон хүчнүүд маань шугам замд ажиллах дур сонирхол багатай байгаад нь сэтгэл зовнидог. Саяхан бид ТЗДС-ийн оюутнуудад мэргэжил сурталчлах уулзалт зохион байгуулсан. Үнэхээр цаг үеэ мэдэрсэн сайхан арга хэмжээ болсон. Энэ жил ядаж ганц залуу инженер хэсэгт очоосой гэсэн хүлээлттэй байна. Манай хэсэг рүү зам харгуй муу хөгжсөн, төв суурингаасаа хол, цэцэрлэг сургуульгүй гэдэг шалтгаанаар залуус очихгүй байх шиг. Уг нь шугам замд нэгэнт зорьж очоод ажиллавал сайхан шүү дээ. Насны залууд сурсан мэдсэнээ баталгаажуулахын тулд хүнд хэсэглэлд ажиллаад үзчихвэл их ч зүйл сурна. Хойшдын зорилгод нь ч хэрэгтэй.
Ж.ГАНТУЛГА: БҮСГҮЙЧҮҮД ЗАМЫН АЖЛЫГ ИЛҮҮ НЯГТ НЯМБАЙ ХИЙДЭГ
Замын III ангийн VI хэсгийн мастер
-Миний бие УБТЗ-д 38 жил ажилласнаас замын мастераар 26 дахь жилдээ ажиллаж байна. Манай ангийн хэмжээнд гол тулгамддаг асуудал бол гал түймэр, үер ус, элс зэрэг байгалийн хүчин зүйл л юм даа. Балласжуулалт эрүүлжүүлэлт буюу урсгал засварын ажлуудыг хийж гүйцэтгэхэд говийн нөхцөлд нэлээд хүндрэлтэй байдаг. Яг өнөөгийн нөхцөлд бид шар усны үерийн гамшгаас болгоомжилдог цаг үедээ ажиллаж байна. Ер нь, замын мастер хүн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад нэн чухал үүрэгтэй учраас 24 цагийн хугацаанд сэтгэл амар явдаггүй юм. Замын ажил хүнд хүчир гэдэгтэй маргах хүн байхгүй. Гэхдээ эрчүүд ихэвчлэн ажилладаг энэ салбарт ажил мэргэжлийн ур чадвар, удирдах арга барилаараа шигшигдсэн эмэгтэй мастерууд цөөнгүй. Хэдийгээр энэ салбарын ажил нь хүнд хүчирч гэлээ эмэгтэй хүний нарийн ур ухаан, нандин мэдрэмж бас онцгой нөлөөтэй гэдэг нь эндээс харагдаж байгаа юм л даа. Эмэгтэй хүмүүс маш дайчин, дээр нь засварын дараах чимхлүүр ажлыг уран нямбай хийдэг гээд олон давуу талтай. Хамгийн наад зах нь дэр мод солиход хоёр эрэгтэй хүнийг хамт ажиллуулбал арай л удаашрах гээд байдаг. Харин эрэгтэй эмэгтэйгээр нь баг болгож ажиллуулбал илүү үр дүнтэй байх жишээтэй.
В.САНЖААЖАВ: МАНАЙ ХЭСЭГТ ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛ САЙН ХИЙСЭН
Замын IV ангийн XI хэсгийн мастер
-Сүүлийн жилүүдэд галт тэрэгний хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Энэ ч утгаараа өнөөдрийн зөвлөгөөнийг “Галт тэрэгний хөдөлгөөний эрчимжсэн үеийн мастерууд” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа юм болов уу. Цаг үеийн энэхүү нөхцөл байдалтай нийцэж ажиллахын тулд техникийн шинэчлэлийг эрчимтэй хийх шаардлага төмөр замчид бидний өмнө тулгамдаж байна. Үүнтэй зэрэгцээд хувь хүний хөгжил болох ажлын байрны соёл, ажилдаа хандах хандлага гээч зүйлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Товчхондоо хийе бүтээе гэсэн чинхүү хүсэл эрмэлзэлтэй залуу үеийг төлөвшүүлэх шаардлага Замын мастеруудад гол тулгамдсан асуудал болж байна. Манай хэсгийн хувьд Замын-Үүд өртөөнд байрладаг төвийн хэсэг. Бидний ажилд нөлөөлдөг гол хүчин зүйл бол говийн бүсийн онцлог болох салхи шуурга, хэт халалт зэрэг байгаль цаг уурын үзэгдлүүд юм. Дээрээс нь Монгол Улсын экспорт, импортын ачааны гол хоолой учраас ажлын ачаалал ч өндөр. 2020 онд суурь бүтэц маань их засварт орж, техник технологийн хувьд шинэлэг шийдлүүд нэвтэрч байгаа. Энэ нь манай хэсгийнхний хувьд гол бахархал юм даа гэв.
УБТЗ ХНН-ийн хөгжил шинэчлэлийн 2030 хөтөлбөрийн хүрээнд тээх болон нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлж, жил тутам өртөө зөрлөгийн өргөтгөлийн ажил, диспетчерийн нэгдсэн төвлөрүүлэлтийн шилжилт, зүтгүүрийн паркийн өсөлт, хос замын барилгын ажил зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буй нь нэг талаас цагаа олсон арга хэмжээ. Нөгөө талаас төмөр замын тээврийн хэмжээ бодитой өсөж буйг харуулж буй явдал юм. Өнгөрсөн он жилүүдэд замын аж ахуйн салбарынхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудыг түүчээлэн хэрэгжүүлж, Сайншандаас Замын-Үүд, Чойроос Мааньт хоорондын замд 198.4 км зам шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж, замын хэсгийн цахилгаан болон шахуургат багаж, цахилгаан моторыг хэсэгчлэн шинэчилж, замчдыг суудлын автомашинаар хангаж, замчдын сууцыг Барилга, орон сууцны албанд шилжүүлэх, ажлын байрны соёлыг нэвтрүүлэх зэрэг олон ажлыг шийдвэрлэсэн байна. Мөн менежментийн нэгдсэн систем, аюулгүй байдлын соёл, эрсдлийн үнэлгээ зэрэг орчин цагийн байгууллагын удирдлагын арга хэрэгслийг нэвтрүүлж, өдөр тутмын ажилдаа хэвшүүлэх үйлсэд ч замчид манлайлан ажиллаж байгаа билээ. Цаашлаад зам засварын машин механизмыг шинэчлэх, замын арчлалт засварын ажилд өндөр бүтээмжтэй техникийг нэвтрүүлэх, олон улсын стандартад нийцсэн төмөр бетон дэр үйлдвэрлэх, уулзваргүй замыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвартай мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, нийгмийн асуудлыг шинэ шатанд гаргах зэрэг олон асуудлыг 2030 он хүртэл шийдэх чухал үүрэг хариуцлага замчдад тулгамдаж буй. Тэд нэн тэргүүнд эрчимжсэн галт тэрэгний хөдөлгөөний үед орчин үеийн өндөр бүтээмжтэй, аюулгүй, үр ашигтай зам засварын арчлалтын системийг нэвтрүүлэх замаар суурь бүтцийн аюулгүй байдлыг найдвартай хангах зорилтыг өмнөө тавьж байна.
Б.Дэлгэрхишиг
