Нүүр Дугаарын сурвалжилга Эмнэлгийн Дэнсмаа, чуулгын Дэнсмаа болох зам дардан байсангүй
Дугаарын сурвалжилга

Эмнэлгийн Дэнсмаа, чуулгын Дэнсмаа болох зам дардан байсангүй

G.Press 1 жилийн өмнө 62 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Анагаах ухааны дунд сургуулийг дүүргэсэн хоёр салаа гэзэгтэй, 20 настай хонгорхон Б.Дэнсмаа охин 1983 оны долдугаар сарын 01-ний өдөр Замын даргын тушаалаар Зүүнхараа дахь Төмөр замын нэгдсэн эмнэлэгт хүүхдийн сувилагчаар хуваарилагдан ирж байжээ. Түүнийг эмч мэргэжилтэй авга ах нь Зүүнхараа тосгонд хүргэж ирснээс хойш хэдхэн сар сайн ажиллачихаад л Улаанбаатараа зорино гэж бодож байж. Гэтэл энэ бүсгүй Ширхэнцэг хайрханд өглөө бүр үр хүүхэд, хань ижил, улс эх орноо даатган цайныхаа дээж, сүүгээ 42 дахь хавраа өргөж байна. Б.Дэнсмаа, “Анх энд ирэхэд Зүүнхараа гадны хүнд ээлтэй, “чөдөрлөдөг” гэх яриаг сонсоод “Тийм зүйл болохгүй, би явна л” гэдэг байлаа. Дэд бүтэц сайн хөгжсөн, тээвэр, төмөр замын сүлжээтэй, нийслэл хоттой ойрхон, агаар ус нь цэнгэг, байгалийн сайхан цогцолсон энэ нутагт ажиллаж амьдрахаар ирсэн зүг зүгийн хүмүүс аяны шувууд шиг буцаад явчихдаггүй. Ихэнх нь суурьшдаг. Зүүнхарааг “чөдөр Хараа” гэлцдэг нь үнэний ортой. Би өөрөө “чөдөрлөгдсөн” одоо эсрэгээрээ хүмүүсийг энд “чөдөрлөх” дуртай нэгэн болсон” хэмээн инээмсэглэн дурсаж байсан. Түүний хань Д.Алтантүлхүүр Зүүнхараа тосгоны унаган хүүхэд. Тэрбээр төрөлхийн авьяаслаг, төрөл бүрийн хөгжим тоглодог. Тэд учирч ханилсан нь Б.Дэнсмаа Зүүнхараад үлдэх хамгийн том шалтгаан болов уу. Б.Дэнсмаа долоон настай сургуульд орсон цагаасаа л сургуулийн чанга яригчаар дуулж, мэдээлэл хүргэх ажлыг удирдаж хийдэг нийгмийн идэвхтэй охин байв. Дөрөвдүгээр ангидаа “Харш”-ийн  сүлд модны баярыг хөтөлж, Оюутны урлагийн Их наадамд ая дуугаараа оролцож байжээ. Урлагийн бурхан тэнгэр тэдний гэр бүлд авьяасыг харамгүй хайрлаж, үр хүүхэд, ач охид нь тайз, дэлгэцийн уран бүтээлд өөрсдийн орон зайгаа хэдийнэ бий болгожээ.    

Балжийн Дэнсмаа Зүүнхараагийн Төмөр замын нэгдсэн эмнэлэгт хүүхдийн сувилагч, ерөнхий сувилагч, аж ахуйн дарга, мөнгөний нярав, боловсон хүчин зэрэг ажлыг 25 жил хийсэн. Сувилагчаар ирсэн даруйдаа олны анхаарлыг татсан зүйл нь түүний шаламгай, сэргэлэн зан, сайхан дуу хоолой. Зангилааны яриа сонсголын үеэр дуулж бүжиглэж, удалгүй төмөр замчин залуучуудаас бүрдсэн “Мөнгөн хараа” хамтлагт дуучнаар орсноор Замын-Үүдээс Сэлэнгэ хүртэлх бүх өртөө, зөрлөгөөр Эрхүүгийн Цэргийн ансамбльтай хамтран соёлын вагонаар аялан тоглолт хийжээ. Зүүнхараагийн төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч хүүхнүүд хэдэн жил дараалж урлаг уран сайхнаар түрүүлнэ. Спортоор ч тэргүүлнэ. Улаанбаатарын төв эмнэлгийн мэргэжлийн баяр дээр 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүтэн тоглолт хийж, УБТЗ-ын 50 жилийн ойн концертод оролцож байсан сайхан түүхтэй.

Эмнэлгийн Дэнсмаа, чуулгын Дэнсмаа болох зам дардан байсангүй. Эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа түр завсарласан байхад нь тухайн үеийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Б.Цээпилдорж түүнийг “Мөнгөн хараа” чуулгын даргаар ажиллах хүсэлт тавьжээ. Эхэндээ хүсэлтийг хүлээж авсангүй. Гэсэн хэдий ч чуулгын даргаар очсон. Учир нь түүнийг эмнэлэгт хэвтэж байхад нь “Манай даргыг дуудаад өгөөч” гээд эргэлт ирснийг сувилагч дуулгав. Тэгэхэд нь гайхаж, “Ямар хүн намайг дарга гэж дууддаг билээ” гээд очтол “Мөнгөн хараа” чуулгын анхны долоон ажилчин “Даргыгаа эргэж явна аа” гээд угтахад би чинь дотогшоо хайлж, гадагшаа урсаж хачин байдалд орсон. “Би одоо хэн бэ, надаас гарах нөөц байгааг энэ хүмүүс мэдээд байгаа юм болов уу. Би очъё доо, чадахаасаа чадахгүй хүртэл хийж үзье” гэж шийдсэнээр 2008 оны хоёрдугаар сарын 14-нд чуулгын даргын ажлаа хүлээж авч байжээ.

Тэр үед сумын клуб шатчихсан. Нутгийн иргэд урлаг уран сайхныг хүсэж, сайхан клубтэй болох хүсэлтийг байнга тавина. Сумын Засаг дарга 25 мянган хүн амтай суманд 50 хүний суудалтай жижиг клуб байх нь зүйд нийцэхгүй учир алсыг харж чуулгын хэмжээнд ажиллахаар төлөвлөж чуулгын байрыг шинээр барьсан гэдэг. “Мөнгөн хараа” чуулга 2008 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр нээлтээ хийжээ. Чуулгын даргыг ажилдаа ирэхэд сайхан баригдсан барилга нь халаалт байхгүй, их хүйтэн орчин угтсан. Үзэгчдийг ая тухтай байлгах, халуун дулаан сайхан орчныг бүрдүүлэх, хувцасны өлгүүрээс өгсүүлээд урлагийн хувцас, гутал, малгай ээмэг зүүлт, гоёл чимэглэл гээд өчнөөн зүйл шаардагдана. Мэргэжлийн уран бүтээлч хайна, уран бүтээлчдээ шалгана сургана, сэтгэлд нийцээд ирэхээр нь тайзан дээр гаргана гээд түмэн ажил ундарсан. Асуудал үүгээр дууссангүй. Мэргэжлийн чуулгыг мэргэжлийн бус хүнээр удирдууллаа гэсэн хэл ам тасарсангүй. Чуулгын дарга бүгдийг бий болгохын төлөө өдөр, шөнөө ч мэдрэхгүй ажиллажээ. Хүүхдүүд том болж биеэ даасан, ар гэр нь дэмжсэн, татлаа байхгүй, тулдаа л өглөө эрт гарч, оройтож харьсаар сайн хамт олныг бүрдүүлж чадсан. Арван жилийн хугацаанд чуулгын барилга, аж ахуйтайгаа “ноцолдсоор” өнөөдрийн “Мөнгөн хараа” чуулгыг цогцлоожээ. 2008 оны долдугаар сарын 16-ны өдөр иргэдтэй хийсэн уулзалтын үеэр  Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Баярмагнай “Өнгөрсөн хоёрдугаар сард энэ чуулга ямар байлаа. Өнөөдөр үүдээр орж ирэхэд эрч энерги дүүрсэн, гэрэл цацарсан, өнгө будаг нь алагласан сайхан танхим угтлаа. Хүний хийсэн бүтээсэн нь нүдэн дээр ил харагдаж байхад би энэ хүнийг хүлээн зөвшөөрөхгүй гээд яахав вэ. Би өнөөдөр энэ хүний төлөө захирамжаа гаргая аа. Мандалчуудаа хүлээн авна биз дээ” гэхэд танхим дүүрэн хүмүүс нижигнэтэл алга ташсан тэр агшин одоо хүртэл түүний сэтгэл зүрхэнд уяатай байдаг.

Дуу хуур, урлаг уран сайханд хайртай явснаас бус өвөрмөц бүтэцтэй, урлаг соёлын байгууллагыг хөгжүүлээд явах мэргэжил мэдлэг дадлага туршлага Б.Дэнсмаад байсангүй. Тэр өдрийн заал дүүрэн алга ташилт түүнд итгэл, хариуцлага хоёрыг зэрэг үүрүүлсэн гэдэг. Шинэ чуулга үйл ажиллагаагаа явуулна гэдэг нь уран бүтээл, урын сангийн бодлогодоо анхаарснаар уран бүрээлчдийн ажиллах сонирхол төрнө. Мэргэжлийн уран бүтээлчидтэй болно гэдэг чуулгын даргын хувьд хоосон савыг хоолоор дүүргэхтэй адилтгах л зүйл байлаа. Бүхий зүйлийг эрэлхийлэхэд хамт олны дэмжлэг чухал. Чуулгын бүжиг дэглээчийнхээ зөвлөснөөр СУИС-ийн бүжгийн ангийн элсэлтийг чуулга дээрээ зохион байгуулж бүжигчдээ бүрдүүлж, залуу уран бүтээлчдийг сум орондоо ажиллахад нь нөхцөл бололцоогоор нь хангахад СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал, МУУГЗ Д.Баярбаатар, Хөгжмийн зохиолч, М.Бирваа, Д.Алтантуул Монголын урлагийн ажилтны холбооны тэргүүн, МУГЖ Б.Тунгалаг, Төмөр замын дуу бүжгийн чуулгын Ерөнхий найруулагч Д.Ганболд зэрэг олон шилдэг хүмүүстэй хамтарч ажиллаж ирсэн аж.

Дуу бүжгийн “Мөнгөн хараа” чуулгадаа бүжгийн багшаар Б.Одонтуяаг урьж, халуун дотноор хүлээн авснаар 60 хүүхдийн бүрэлдэхүүнтэй “Нарны домог” хамтлагаа байгуулж, тэр дундаас 16 хүүхэд шигшигдэж улсын болоод Япон, Эрхүүгийн бүжгийн олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцож, эдүгээ бүжгийн багш нь Соёлын тэргүүний ажилтан хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж, олон шавь нарыг төрүүлсээр явна.

Чуулгын даргын тэргүүний чухал үүрэг бол мэргэжлийн чуулгыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах явдал байв. Залуучуудыг хөдөө орон нутагт тогтвортой суурьшилтай ажиллуулахад тэднийг үргэлж дэмжиж үргэлжлүүлэн мэргэшүүлэхэд онцгой анхаарч, орон нутагтаа мэргэжилтнүүдийг урьж ажиллуулснаар нэг хүнийг биш нийт уран бүтээлчдээ сургалтад хамруулах зэрэг арга ухаанаар ажиллаж ирсэн байна. Хөгжмийн зохиолч, МУУГЗ М.Бирваа, бүжиг дэглээч Д.Баярбаатар хоёрт “Улсын уралдаан болох гэж байна. Туслаач, дэмжээч. Зүг зүгээс ирсэн хүүхдүүдийн зүрх сэтгэлийг  сайн уран бүтээлээр барьж тогтоохгүй бол өөр юугаар торгоох вэ” гэж урьж, хамтарч ажилласнаар “Тэнгэрийн хишиг” дуулалт жүжиг нь улсын уралдаанд гуравдугаар байранд орж байжээ. “Тэнгэрийн хишиг” дуулалт жүжгийн цомнолыг түүний бага хүү А.Ундрахбаяр бичсэн. Хүн байгаль орчинтойгоо эвгүй харьцаж хэрхэн сүйтгэж байгаа тухай, дэлхийд данстай Ноён уултай Монгол Улсын иргэд ядуу байх учиргүй гэсэн утгатай цомнолыг Д.Баярбаатар ойшоож үзсэнээр энэ уран бүтээл мэндэлсэн түүхтэй. Б.Дэнсмаагийн бага хүү Төмөр замын дуу бүжгийн чуулгын Аж ахуйн эрхлэгч, жүжигчин А.Ундрахбаяр энэ цомнолоороо улсын уралдаанд шалгарч, 2019 онд МУСТА цолыг хүртэж байжээ.

Б.Дэнсмаа дарга улсдаа нэр хүндтэй бүжиг дэглээч, хөгжмийн зохиол, найруулагч нарыг орон нутагтаа урьж залаад зогссонгүй. 2018 онд улсын уралдааныг сумандаа зохион байгуулахаар зүтгэв. Тэрбээр, “Гурван өдөр хонины найр шиг зүйл л болно биз. Би л сайн зохион байгуулчихвал болно гэж зориглон сумын Засаг даргадаа саналаа тавьсан.  Чуулга үүсэн байгуулагдсаны арван жилийн ой тохиож байсан үе. Соёл, урлагийн газрын дарга, Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат хүсэлтийг минь хүлээн авснаар анх удаа сумандаа мэргэжлийн чуулгуудын улсын уралдаан болж, манай чуулга “Баатар вангийн дуулал” жүжгээр оролцож бүх шагналыг нь авсан. Шинэ залуу чуулга, уран бүтээлчид хүч түрэн орж ирж байна гэж тэр үед их магтуулсан даа” хэмээн бахархан өгүүлж байсан.  Сумандаа 450 гаруй уран бүтээлчдийн цуглуулж, тэднийг байрлуулах орон байр, хооллож ундлах асуудлыг төвөггүйхэн зохион байгуулсан нь түүнийг ямар мундаг менежер, урлагийн салбарт өөрийгөө тодруулж харуулж чадсан том амжилтын нэг нь болов уу хэмээн дүгнэж болохоор юм. “Мөнгөн хараа” дуу бүжгийн чуулгад Н.Ганхуягийн “Бэр” драмын жүжгийг анх тавьж, “Улаан малгайт” хүүхдийн дуулалт жүжиг, “Атар-50”, Монгол “Улсын төлөө зүтгэе”, “Эх орны дуулал”, “Буратино”, “Ээжийн бүүвэйтэй хорвоо”, “Тэнгэрийн хишиг”, “Ноён-Ханы аялгуу”, “Ариун ном дор мөргөмүй”, “Тэнгэрт тэтгэгдсэн эрчүүд”, “Гуталт муур”, “Бээжин лам”, “Баатар вангийн дуулал” гэх зэрэг бүрэн хэмжээний уран бүтээлээр урын сангаа баяжуулжээ.

 

 

Б.Дэнсмаа, “Манайх жирийн сайхан урлагийн гэр бүл. Том хүү дуулна, бүжиглэнэ. Гурван охин нь авьяаслаг.  Бага хүү маань их чөлөөтэй сэтгэнэ. Сургуулийнхаа бүхий л урлагийн үзлэг наадам, аймаг руу явж уралдаанд оролцоно. Бүхнийг өөрөө найруулна. Багш нараа оролцуулна. Адтай сонин хүүхэд байсан. 2003 онд СУИС-ийн жүжигчний ангид орж, 2007 онд жүжигчин найруулагчаар төгссөн. “Мөнгөн хараа" чуулгад хүүхдийн жүжиг гурав, телевизийн зохиомжит жүжиг хоёрыг найруулж тавьсан. Хүү маань Төмөр замын дуу бүжгийн чуулгын аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байгаа. “Ээжээ би аж ахуйн дарга аа хийнэ. Нярав, заримдаа ачигч хийнэ. Бүр жижүүрт ч гарна. Туслах найруулагч хийж байна. Ажил их байна аа” л гэнэ. Би залуу хүн завгүй тусмаа амьдрал утгатай. Хийж бүтээдэг нас чинь одоо ингээд дуусчихна. Урлаг, тайз хүнийг их голно. Нөхөр бид хоёр хүү маань ямартаа ч төмөр зам бараадлаа гээд баяртай байгаа. Саяхан төмөр замын чуулга “Тэнгэрийн сум” жүжиг тавьж тэр жүжгийн нээлтийг хүлээж, зорьж очиж үзсэн. Тоглолтын дараа зохиолч, найруулагч нартай ярьж суухад танай хүүхэд мундаг, гоц гойд байна гэсэн. Эх хүний хувьд хүүг минь магтахад баярласан. Гэхдээ энэ чуулгад мэргэжлийн жүжигчин нь А.Ундрахбаяр л байна. Мэргэжлийн хүн мэргэжлийн л байх ёстой.  Дуурийн баритон хоолойтой дуучин  тавилттай хоолойндоо тохирсон дуугаа л дуулна. Тийм хүн драмын жүжигт тоглоно гэдэг тийм амар зүйл биш. Мэргэжлийн жүжигчин хүн илүү байхаас ч яахав гэж найруулагч нь хэлж байлаа. Ер нь уран бүтээлчид их авьяастай. Дуучид бүжигчид орохгүй, барихгүй гэж цааргалахгүй хөөрхөн дүрээ олоод сайн тоглосон байна. А.Ундрахбаяр 1000 сайн байгаад нөгөө уран бүтээлчид дүрдээ ороогүй бол түүний дүр ингэж сайн гарахгүй. Жүжиг үнэхээр гоё, Д.Ганболд  найруулагчийн гараас муу уран бүтээл гарахгүй ээ. Төмөр замын чуулга энэ хүнийг битгий алдаасай. Дүр болгон нь өөр өөрийн хувцас, дэг жаягтай. Хувцасны өнгө шийдэл, жүжигчнээс гарч байгаа дотоод сэтгэлийн ертөнц, агуулга, үг яриа  бүгд тохирч байх учиртай. Цогцоороо нийлж байж нэг дүрийг бүтээж байгаа юм. Ер нь манай бага хүү аавтайгаа л мэргэжил сонгох талаар ярилцаж, аав нь л дотуур байранд оруулж өгсөн. Жолооны курсэд сургана. Надаас илүүтэй хоёр хүүхэдтэйгээ холбогддог. Нэг удаа хоёулаа хүү дээрээ очъё. Хэд гурван цаас өгье гэхээр нь СУИС дээр очлоо. Яг галзуугийн эмнэлэг, тэнд ч хөгжим тоглоод л, энд ч хүн хашгираад л, орилох дуулахыг сонсоод би уулга алдаж байсан. Гэтэл 2010 онд би  СУИС-д Удирдахуйн магистраар суралцаж, тэр сургуулийн нэг эд эс нь болж, сурч мэдсэнээр чуулгыг 15 жил удирдаж ажиллажээ.  Хүн ер нь үхтэлээ суралцдаг нь үнэн. Нөхөр маань төмөр замын байгууллагад 28 жил ажиллаад амьдралын эрхээр намайг дагаж чуулгад хөгжимчнөөр ажилласан. Өөрөө авьяастай болохоор их хуурчаар ажиллаж байгаад 2021 онд гавьяандаа гарсан. Бид хоёр төмөр замтай ажил амьдралаа холбож, өнөөгийн түвшинд хүрсэн нь төмөр замын буян. Төмөр замд л ажлын гүйцэтгэл гэдэг юу байдгийг, гүйцэтгэлийн хяналтыг хэрхэн тавьдгийг, хувь хүн өөрөө яаж хөгжих, ямар  хариуцлага хүлээх ёстойг яс махандаа шингэтэл ойлгосон доо. Тэр утгаараа би өөрийгөө төмөр замын “бүтээгдэхүүн” гэж хэлэх дуртай. Гавьяандаа гарна гэдэг жаргал юм байна. Цагт баригдаж гүйхгүй, амар амгалан, үүрэг даалгавар аваад ухасхийхгүй, гэхдээ одоо намын ажил хийдэг. ИХ-ын дарга, “Амьжиргаа дэмжих зөвлөл”-ийн  даргаар ажиллаж байна. Би гээд л хамгийн түрүүнд  ухасхийдэг байлаа, одоо бол араар үлдээд байдаг болжээ” гэж тэрбээр хуучиллаа.

Чуулгын хамт олон оны эцэст ажлаа дүгнэж, ирэх жилийнхээ төлөвлөгөөг гаргахдаа тогтсон сайхан уламжлалтай аж. Тэд хамт олноороо сууж уран бүтээлч, ажилтан нэг бүрээс ирэх жил хувийн амьдралдаа ямар алхам хийх гэж байгаа, уран бүтээлдээ ямар ахиц гаргах талаар асууж тодруулна. Өнгөрсөн жил төлөвлөсөн машин тэргээ авсан уу гэхчилэн асуухад бүгд л харилцан ярилцах, санал бодлоо хуваалцах дуртай гэнэ. Ажилчид нь эхэндээ орон байр, машин унаа ярьдаг байсан бол сүүлдээ эх орныхоо үзэсгэлэнт газраар аялна. Энэ жил гурван аймагт очно, байгалийн сайханд зугаална гэж төлөвлөсөн байх жишээтэй. Б.Дэнсмаа даргын гол зарчим нь хүнээ, уран бүтээлчдээ хайрлахгүй, дэмжихгүй бол манай чуулгаас яаж сайн уран бүтээл төрөх вэ. Тайзан дээрээ уран бүтээлээ бэлтгэж сургуулилж байхдаа дотоод сэтгэлээ гэгээрүүл гэж тэдэндээ үргэлж захиж сургана. Олон хүнээс янз бүрийн ааш араншин гаргана. Сонссон ч сонсоогүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг өнгөрөөх тохиолдол олонтаа л гарна. Ингэж л ажилчидтайгаа ажиллаж, харилцаж чаддаг маш том давуу талтай, албан бичиг баримт нь эмх цэгцтэй, санхүү тайлан тооцоо чанд нямбай гэдгээрээ сум байтугай аймагтаа алдартай удирдагч эмэгтэй. Мэргэжлийн чуулга байж “Учиртай гурван толгой”-г найруулж тавихгүй юм бол гэж шаралхаж зүтгэсээр найруулагч Д.Ганболдод санал тавьснаар амжилттай хэрэгжүүлжээ. Өрхийн амьжиргаа тааруу нэгнээ үргэлж дэмжинэ. “Баян Монгол” чуулгын саксафон хөгжимчин, Төрийн соёрхолт Л.Сүхбаатар гуайг урьж, ажиллуулсан. Хувийн газартай болгож орон сууц барьж өгчээ. Хүүхэд залуучуудын дунд үлээвэр хөгжмийн хамтлаг байгуулж өгсөн. Зүүнхараа тосгонд түүний эхнэр, хүү нь сайхан амьдарцгааж байна. Хүү С.Гансүх нь “Мөнгөн хараа”  чуулгын хөгжмийн найруулагчаар ажилладаг. Чуулгын дарга олон хүний амьдрал ахуйд нь тусалж явсныг дурсаж, талархаж явдаг олон хүн бий.

Хань Д.Алтантүлхүүр нь “Тэтгэвэрт сууснаас хойш эхнэрийн маань жинхэнэ авьяас нь гарч байна даа. Төрөл бүрийн хоол хийгээд л, сүү худалдаж аваад хөөрүүлж өрөм загсааж, таргаа бүрж идэж байна. Цагаан сарын ааруулаа ч өөрсдөө хийлээ.  Далд авьяас нь илэрсэн шүү. Амьдрал сайхан байна. Гавьяандаа гараад жинхэнэ жаргадаг юм байна” гэж инээмсэглэн суусан.

Та хоёртоо урт удаан нас, эрүүл энхийг хүсэн ерөөе. Урлагийн Янжинлхам бурхан танай гэр бүлийг үргэлж ивээх болтугай.

 

 

П.Түмэндэмбэрэл

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.