Саяхан над руу УБТЗ-ын домогт дарга нарын нэг Н.Цэрэнноров агсны хань Б.Мөнхцэцэг гуай утасдаж байна. Одоогоос 20 гаруй жилийн тэртээ сэн. Ган зам сонины эрхлэгчийн албанд томилогдоод удаагүй байсан миний бие Н.Цэрэнноров даргын хөргийг бичиж, сониндоо нийтлэхээр зориглож, Мөнхцэцэг гуайтай утсаар харилцаж байсан минь санаанд оров. Тэр үед Цэрэнноров даргын тухай сонин хэвлэлд нэг их бичигддэггүй байсан санагдана. Бараг л анхных нь томоохон нийтлэл миний бичсэн “Он цагийн галт тэрэг буюу амьдралын хүрд” хэмээх хөрөг болсон билээ. Дараа нь ахмад сэтгүүлч Ж.Нямдаш агсан “Холын аяны түүчээ” номоо бичиж уншигчдад хүргэсэн сэн.
Б.Мөнхцэцэг гуай, ханиа сэрүүн тунгалаг байсан бол энэ он дөнгөж гараад 90 насны сүүдэр зооглох байсныг дурсаад –Хань минь насаараа зүтгэсэн төмөр замынхаа төлөө эцсийн амьсгалаа хураатал санаа тавьж, хүндрэл бэрхшээлийг нь зүрх сэтгэлээрээ хуваалцаж суудаг байлаа. Тэгээд 2000-аад оны эхээр Замын-Үүдэд элсний нүүдэл гамшгийн хэмжээнд хүрэх дөхөж байгааг сонсоод хэдэн хуудас зүйл бичиж байсныг саяхан оллоо. Үүнийг сонинд хэвлүүлэх арга байдаг болов уу хэмээн өгүүлэв.
Миний бие ч сэтггүүлчийнхээ сониуч занд хөтлөгдөн, уг бичвэрийг авч сонинд хэвлүүлэхээ амалсан юм.
Ингээд Н.Цэрэнноров агсны 2002 онд бичсэнийг үг үсгийн засваргүйгээр уншигч танд толилуулья.
-Үүнийг бичигч 1958 оноос төмөр замтай амьдралаа холбож,өдий хүрч яваа хувь заяатай нэгэн. 1962 оноос УБТЗ-ын ХЭГ-т алба хаших болж, тэр жилдээ Замын-үүдэд анх удаа хөл тавьж билээ. Тэр үеэр Бээжин-Улаанбаатар-Москвагийн хооронд улс хоорондын харилцааны суудлын галт тэргийг Хятадын төмөр зам үйлчилж, Монголын холбогдох бүх байгууллага ч ихээхэн анхаарч байлаа. Жишээлбэл: Замын-Үүд өртөө, тосгоныг гурван метр орчим өндөртэй, бас ч чамгүй үзэмжтэй банзан хашаагаар тусгаарласан байв. Тэр үед Замын-Үүдэд автомашины хөдөлгөөн харьцангуй бага байсан ч гэрийн мал цөөнгүй, мал нь суурингийн баруун тал руу билчээрлэдэг байж. Салхи тэр зүгээс голдуу үлээдэг байсан учир мөнөөх банзан хашааны орой нь дөнгөж цухуйж, тосгоны орон сууцны бичил хороолол, барилга байгууламж элсэнд шигдэж, улмаар өртөөний зам сум ч дарагдан, галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулж эхэлсэн дээ.
Ажиглалт:
Замын-Үүдээс хэдхэн км-ын цаана орших Эрээн өртөө элсгүй байхыг анзаарч, тэнд очих бүрдээ элдэв ажиглалт хийдэг байв. Нэг удаа ажиглаж байхад Хятадууд бульдозероор салхины чиглэлийн дагуу шуудуу ухаж байгаа харагдав. Дараа нь очиход нөгөөх шуудуунууд элсээр дүүрснийг тэгшилж, дээрээс нь хайрга асгасан байж билээ. Хэргийн учир нь Замын-Үүдийн элс малын хөлөөр хөдөлдөг бол Эрээний элс олон хүний хөлөөр хөдөлдгөөрөө ялгаатай байсан аж.
Туршилт:
Тэр үед УБТЗ-ын даргаар Н.Т.Солодкий гэж тун ажилсаг, бүтээлч хүн ажиллаж байлаа. Тухайн үед Дорноговь аймгийн Улаан-Уул сум, төмөр замын тосгоны ундны усны хэрэгцээг 18 км-ийн зайд баригдсан өрөмдмөл худгаас ган хоолойгоор шахаж хангадаг байсан ч уг хоолой зэвэрч, цоорон ундны усаар гачигдаж эхэлжээ. Н.Т.Солодкий дарга тэрхүү хоолойг ширмэн хоолойгоор сольж, ундны усны хэрэгцээг хангах ажлыг шуурхай зохион байгуулав. Түүгээр ч үл барам тэнд ажиллаж байсан бульдозерыг Замын-Үүдэд хүргэж, Эрээнийхний туршлагаар өртөө, замчдын тосгоны баруун талаар 2-3 шуудуу ухуулаад ажлын шаардлагаар бульдозероо хот руу татаж байв. Дараа нь очиход мөнөөх шуудуунууд элсээр дүүрч, замчдын тосгон бараг элсгүй болсон байлаа. Төдхөн, 718 дугаар км-ийн чулууны үйлдвэрээс нэг вагон хайрга хүргүүлж, нөгөө элсээ дарсан даа. Одоо тэнд хунгарласан элс бараг л байхгүй болсон байна лээ. Дээрх ажиглалт, туршилт нэгийг хэлээд байна гэж бодохдоо дараахи саналыг УБТЗ-ын өнөөгийн удирдлагуудад хүргэе гэж бодлоо.
Санал:
1. Замын-Үүдэд элс зайлуулах түр бригад байгуулж, бульдозер, шанагат эксковатор тус бүр нэгийг ажиллуулах
2.Элс цэвэрлэх ажлыг Замын-Үүд тосгоны баруун хойд буюу салхины дээд чиглэлээс эхлэх
3.Одоо элсэнд дарагдаад дээд тал нь дөнгөж цухайж буй төмөр бетон хашааг буулгаж өртөөний буудлын урд талын талбайг засаж ашиглах
4.Тосгоны баруун талд мал бэлчээрт гаргах зориулалттай өргөст торон хашаа барих Тэрээр, уг хашааныхаа бүдүүвч зургийг гараар зуран бичигтээ хавсаргажээ.
Н.Цэрэнноров даргын маань сэтгэлийг чилээж асан элсний нүүдэл 2010 оны үед бүр ч газар авч ёстой л гамшгийн хэмжээд хүрснээр Замын захиргаа шуурхай арга хэмжээ авч, элс цэвэрлэх машин хүртэл бүтээн уг аюулыг холдуул сан сан. Гэсэн ч элсний нүүдэл өнөөдөр ч “шүгэл үлээсээр” буй нь түүний энэ санал хүчин төгөлдөр оршсоор байгааг илтгэнэ.
УБТЗ-ын өчигдрийг өнөөдөртэй золгуулсан буянт буурлуудын минь зүрх сэтгэлд хамт олных нь амжилт бүтээл, алдаа оноо нь эгнэгт оршиж явдгийн жишээ нь Н.Цэрэнноров гэх эгэлгүй хүмүүний энэ бичвэр юм даа.
Л.Сэнгээ МУСГЗ сэтгүүлч
