Их хотын шинэ өглөөний ажил хараахан эхлээгүй байхад Улаанбаатар татах хэсэг рүү явж орвол ёстой л түм түжигнэж, бум бужигнаж байлаа. Багаж барьсан харчууд илчит тэрэгний нүсэр том эд ангийг энд ч тэргэн дээр түрж, тэнд ч кранаар өргөнө. Засварын цехийн том хаалга цэлийтэл нээгдэж гаднаас цан хүүрэг савсуулсан илчит тэрэг нүргэлэн орж ирнэ. Зөрөөд засвараас гарсан илчит тэрэг уур савсуулан урт холын аялалдаа гарч одно... Нүргэлсэн хөдөлмөрийн энэ зураглалыг дэргэдээс нь харж зогсоход эгэл бус агаад цаанаа л омог бардам мэдрэмжийг төрүүлэх аж. Хэн нэгний ажилд саад болохгүйн тулд засварчдын ажлын талбараас өөрөө мэдээлэл цуглуулж, гэрэл зургаа буулгаж эхэлсэн юм.
Энэ өдрийн ээлжинд Техник үзлэгийн үндсэн цехийн 15 засварчин дээр дагалдах дөрвөн цехийн засварчин, ээлжийн хүлээн авагч гээд 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байв. Оны төгсгөл учраас ийнхүү бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж буй аж. Тус цех анх 1954 онд Чойрын солилцох тасагт хоёр хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан түүхтэй. Засварчныг түргэвчилсэн хугацаанд сургаж дадлагажуулдаг энэ цехийн хүний нөөц, боловсон хүчний асуудал 1970 оны сүүлчээс нэлээд хэцүүдэж “торгуулийн суман” гэж нэрлэгдэх хэмжээнд хүрсэн үе байсныг засварчин Ш.Ганхуяг дурсан ярив. Аяллаас ирсэн илчит тэрэгний анхны үзлэг, оношилгоог, зарим төрлийн засварыг өөрсдөө хийдэг тус хамт олон гурван жилд “элит” цех болох зорилтыг өмнөө тавьжээ. Ш.Ганхуягийн хувьд хамгийн хашир туршлагатай засварчин. Гавьяаны амралтад суух хугацаа нь жилийн өмнө болсон ч залуу үеэ сургаж, дадлагажуулах чин хүслээрээ жигүүрлэн хугацаагаа сунгажээ. Депогийн удирдлага нь ч түүний санаачилгыг дэмжиж, бригадын даргаар томилсон ч өөрийн хүсэлтээр засварчин болсон гэнэ. Монгол Улсын зэвсэгт хүчний элитийн батальонд алба хаасан мэргэжлийн шүхэрчин тэрбээр “Армид алба хаасан хүн хүний нөөц дээр ирвэл би шууд цех рүүгээ авдаг. Тэднийг хэрхэн ажиллуулахаа би сайн мэднэ. Хамгийн наад зах нь цэргийн амьдрал үзсэн хүнд шаардлага тавихад амар байдаг. Хилийн цэрэг, зэвсэгт хүчинд алба хаасан таван ч залуу манай цехэд ажиллаж байна” хэмээн ярилаа. Техник үзлэгийн цехийнхэн өглөө 07.30 цагт ажилдаа бүрэн цуглаж, 07.50 цагт ажлын талбартаа зэрэг гарах дадлыг бий болгожээ. “Технологио мөрдөх эхний алхам бол цаг барилт. Тиймээс бид цэрэг шиг хамт хөдөлмөрлөхийг чухалчилдаг” хэмээн хамт олныхоо зорилтыг товч бөгөөд тодорхой хэлнэ билээ.
Засварчдын ажлын талбарт хүндрэл бэрхшээл гарч байгаа эсэхийг Ш.Ганхуягаас тодруулахад, “Ойр зуурын жижиг гэмтлүүд гарч л байдаг. Түүнийг бид өөрсдөө засчихна. Харин том гэмтэл гарвал шаардлагатай үзлэг оношилгоог нь хийгээд Засварын цех рүүгээ шилжүүлэх байдлаар ажилладаг. Аль болох тэрэг салгахгүйгээр үйлчилгээнийхээ ажлыг чанартай хийх нь бидний үүрэг. Сэлбэг материалын хувьд одоогоор дутагдсан зүйлгүй. Бид энэ ажлыг анх удаа хийж байгаа биш шүү дээ. Манай засварчид ямар ч нөхцөл тулгарсан давсаар, болгосоор ирсэн. Цаашдаа ч ийм л зарчмаараа ажиллах болно. Хамгийн гол нь залуучуудаа тухайн үеийн нөхцөл байдлын дэглэмд тааруулан ажиллуулж сургах нь чухал. Манайд шинэ хүн олон. Он гаргаад гурав, үргэлжлүүлээд найман хүн тэтгэвэрт гарна гэхээр сургалтад онцгой анхаарахгүй бол болохгүй байна. Өнгөрсөн хугацаанд өөрөө ашиглаж байсан, цуглуулсан гарын авлагаас эхлээд хэрэгтэй материалуудаа гаргаад тавьчихлаа. Залуус маань чөлөөтэй авч үзэг. Бригадын даргаар ажиллаж байхдаа 1-4 дүгээр зэрэгтэй засварчдыг бие даалгаж хичээл оруулж үзлээ. Онолд суурилсан практик дадлагыг хийлгэж, хамт олон дунд нь хичээл оруулахад илүү өндөр үр дүн гарч байна. Он гаргаад энэ сургалтаа улам эрчимжүүлнэ. Хүнд хичээл заахын тулд уншина, судална, үзнэ. Хоёрдугаар сараас 1-5 дугаар зэрэгтэй залуу засварчдыг хөрвөн ажиллах чадвартай болгоход анхаарч ажиллана. Энэ бол зөвхөн манай цех дотроо хэрэгжүүлж байгаа ажил. Хүн бүр үргэлж онол дээр суурилсан практик мэдлэгээр бүх ажилбарыг технологийн дагуу хийх ёстой. Энэ бол засварчдын алтан гурвалжин.” хэмээн ярьсан юм.
Т.Адъяаням:Засварчны ур чадвараа илүү нэмэгдүүлэхийг зорьж ажилладаг
Явах ангийн засварчин
- Би УБТЗ-д долоо дахь сардаа ажиллаж байна. Өмнө нь, армид долоон жил ажилласан. Хугацаат цэргээс армитай ажил амьдралаа холбож, гэрээт цэргийн албан хаагч, дэд ахлагч, ахлагч цолтой болтлоо дэвшээд 2022 онд Өмнөд Судан улсад энхийг сахиулаад ирсэн. Тэгээд л “Төмөр замчин болъё” гэж шийдсэн дээ. Миний ажиллаж байсан 016 дугаар анги бол Зэвсэгт хүчиндээ хамгийн том анги нь. Тус ангийн нэгэн эд эс болж явснаараа бахархдаг. Одоо миний өмнөө тавьсан зорилго бол чадварлаг засварчин болох. Одоо хоёрдугаар зэрэгтэй засварчнаар ажиллаж байгаа учраас илүү ихийг сурч, өөрийгөө хөгжүүлнэ дээ.
З.Тамир:Ажлын ачааллыг анзаарахгүй ажилладаг
Дизель, туслах тоноглолын засварчин
-Би засварчнаар дөрөв дэх жилдээ ажиллаж байна. МСҮТ төгсөөд л энэ цехэд орсон. Эхэндээ мэдэхгүй, чадахгүй юм ч их гарч нэлээд будилж байлаа. Өнгөрсөн хугацаанд хамт олныхоо, сайн ах нарынхаа буянд бас ч гэж дөртэй болоод л явж байна. Бүгд нэг хүн шиг нэгдэж ажилладаг учраас ажлын ачаалал хэр их байгааг ч анзаардаггүй. Нэг л мэдэхэд ээлжнээс бууж, нэг л мэдэхэд буцаад гарах хугацаа болдог доо.
2ТЭ116УД серийн илчит тэрэг холын аялалдаа гарахад бэлэн болсон бололтой. Засварын гуравдугаар суваг дээр нүргэлэн зогсож байв. Машинчтай нь уулзаж цөөн хором хөөрөлдлөө.
Ө.Энхбат:Хүнээ бодсон бодлого чухал байна
Улаанбаатар татах хэсгийн 11 дүгээр цувааны машинч
-Илчит тэргээ хүлээж аваад Зүүнхараа чиглэлд аялалд гарах гэж байна. УБТЗ-ын ачаа тээвэр үлэмж хэмжээгээр өссөнтэй холбоотойгоор зүтгүүрийн бригадын ачаалал ч өссөн. Дээр нь 2023 оны сүүлийн сар дундаа орж, хүйтний эрч ч нэмэгдлээ гээд бидний мэргэжил нэгт нөхөд бүх чадлаа дайчлан ажиллаж байна. Нэг үеэ бодвол сүүлийн үеийн хүчин чадал өндөртэй 2ТЭ25Км серийн илчит тэрэгнүүд ирсэн, Баганнуурын чиглэлд Бодь группийн эзэмшлийн хоёр шинэ зүтгүүрийн түрээсээр ажиллуулж байгаа гээд зүтгүүрийн паркийн техникийн байдал сайжирсан учраас хүндрэл бэрхшээл харьцангуй бага байна. Сүүлийн үед боловсон хүчний шилжилт хөдөлгөөн их байгаа нь үнэн. Залуучууд гадагшаа явж байна. Хувиараа хөдөлмөр эрхлэх зорилгоор ажлаас гарах нь ч цөөнгүй. Энэ байдлаас улбаалан туслах машинч нарын бараг 60 гаруй хувь нь шинэчлэгдлээ. Орчин цагийн залуус маань “Машинч нарыг эрт тэтгэвэрт гаргадаг болмоор байна гэж ярьдаг болсон. Тэр нь ч буруугүй. Цахилгаан соронзон орон, дуу чимээ ихтэй орчин, түлш шатахууны үнэр гээд машинчдын ажлын байрны нөхцөл маш хүнд шүү дээ. Амьдрал баян. Нас залуу, бие эрүүл байгаа дээрээ эзэмшсэн мэргэжлээрээ нэр төртэй ажиллаад арай эрт өөр салбарт өөрийгөө сорих, амьдрал ахуйдаа анхаарах бодол хэн хүнгүй л бий. Чин сэтгэлээсээ машинч болох гэж зорьж ирсэн хүн л энэ талбарт үлдэнэ. Сэтгэлийн хөөрлөөрөө хандсан аль эсвэл хэн нэгний зөвлөгөөг дагаж энэ мэргэжлээр сурсан залуус бол нэг их удахгүй дээ. Би хувьдаа машинчийн бригадын ажлын цагийг өдрийн найман цагаар боддог болчихвол оновчтой санагддаг. Жишээ нь, ажлын 21 хоногтой сард нэг машинч 168 цагийн норм биелүүлэх шаардлагатай. Гэтэл 21.00 цагт Чойр руу аялалд гарсан машинч шөнө нь зорьсон газраа хүрч амраад маргааш нь буцаад аялалд гарна гээд хоёр шөнө, нэг өдөр гэртээ байдаггүй. Тэгэхээр зүтгүүрийн бригадын цагийг ядаж хуанлийн зургаа хоногоор тооцож бодох хэрэгтэй. 184 цагтай саруудад л гэхэд машинч нарт гэр бүлдээ зориулах цаг гардаггүй. Ийм их ачаалал дунд хувь хүнээ бодсон бодлого маш их хэрэгтэй санагддаг” хэмээн ярилаа.
Б.Дэлгэрхишиг
