Эргээд харахад,амьдралд оносон, алдсан зүйл бишгүйдээ л гардаг. Харин харамсаж үлдсэн нь хэд байдаг бол... Д.Мөнхцэцэгийн хувьд энэ харамсал хожим амьдралынх нь, ажил мэргэжлийнх нь чигийг заасан юм билээ. Энэ бүсгүй төмөр замын тосгоны унаган хүүхэд. Төмөр замын угсармал гурав гэвэл зангилааныхан байтугай шугам замынхан ч андахгүй. Энэ гурван байрны дунд чартаадаж, дээс тоглож, ундаа ус, чихэр жимсхэн эргэлдүүлж өсжээ. Хөвгүүдтэй адил охид вокзал руу очих биш. Зам дээр зоосон мөнгө тавьж дүрсгүйтэхгүй. Чартаа дээсхэн эргүүлнэ. Энүүхэн тосгондоо, тавдугаар цэцэрлэгт, дараа нь нийслэлийн зургадугаар дунд сургуульд. Зун нь төмөр замын Хандгайтын зусланд явцгаана. Ээж нь УБТЗ-ын Хэвлэх үйлдвэрийн Ерөнхий нягтлан бодогч А.Хуяг гэж хүн байв. Аав . . . Дагва нь Засгийн газрын авто баазад удирдах ажил хийдэг байж. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж. Социализмын үеийн аав, ээжүүд өглөө ажилдаа явах, орой ажлаас ирэх. Дээр нь өглөө эрт сонсгол, лекцтэй. Орой нь, дугуйлантай эсвэл социалист хөдөлмөрийн бригадын ажилтай. Ийм орчинд Дагва гуайн дөрвөн хүүхэд өссөн ч, юугаар ч дутаагүй, бие дааж гар нь ганзганд хөл нь дөрөөнд хүрч эхэлжээ. А. Хуяг гуай их ажилсаг, арвич нямбай хүн байсан болохоор хүүхдүүд нь ажилтай. 1990-ээд оны зах зээлийн нийгмийн шуурга аль аль талдаа намжих, айл бүр, хүн бүхэн энэ цаг үед дасан зохицсон , байр сууриа олсон тэр үеэр А.Хуяг гуай тэтгэвэрт гарчээ. Дөрвөн хүүхдээ сургууль төгсөх бүрт “Та хэдийн хэн нэгийг нь төмөр замчин болгоно. Чи төмөр замчин болохгүй юм уу? “ гэж заавал асуудаг байж. Ээжийнх нь энэ хүсэл хүүхдүүдийн чихийг нь шүргээд л өнгөрдөг байсан байх. Д.Мөнхцэцэгийг Багшийн сургуульд элсэж, дуу хөгжмийн багш мэргэжил эзэмшин сургуулиа төгсөхтэй зэрэгцэн ээжийнх нь бие муудаж, хэвтэрт орсон гэдэг. Энэ үедээ ээж нь өнөөх асуултаа асууна. Хааяа бага охин Мөнхцэцэгтээ “Миний охин төмөр замчин болоорой” гэж захина. Гэвч хүүхдүүдийн хэн нь ч төмөр замд ажиллая гэж хэлсэнгүй. Харин ээжийгээ насан хутаг болсны дараа нь энэ хүсэл хүүхдүүдийнх нь харуусал болж үлдсэн гэдэг. 1999 онд шүү дээ. Ээжийнхээ хүслийг биелүүлээгүйдээ харамссан бага охин Д.Мөнхцэцэг урд, хойд хөршид явж, наймаа хийж багагүй мөнгө олдог байсан арилжаагаа орхиж, Төв буудалд талбайн үйлчлэгчээр ажилд орсон гэдэг. Тэрээр энэ тухайгаа:
Ээжийгээ өнгөрсний дараа их бодсон доо. Ажил хийх сайхан л даа. Бид дөрөв ямар ч ажлыг хийж сурсан. Шантрах ч үгүй. Нэг өдөр дөрвүүлээ сууж байгаад ярьсан. Эгч, дүү нар маань намайг сонгосон. Ингээд шийдэж. Овоо олзтой явсан наймаагаа орхиж Төв буудлын талбайн үйлчлэгчээр би ажилд орсон. Тэр үед төмөр замын тосгоныхон вокзалаар их явна. Заримаас нуугдана, Зугтана. Танигдчихаараа өөр ажлын нэр хэлэх гээд чадахгүй баригдчихна. Их хөгтэй. Сүүлдээ ч тоохоо больсон. 1990-оны оны сүүлчээр хойд, урд хоёр хөршийн дунд галт тэргээр явж хийдэг наймаа ид цэцэглэж байлаа шүү дээ. Бараг, манай галт тэрэг явдаг “Нарантуул” гэмээр. Вокзал дээр галт тэрэг ирэх үеэр тэр чигтээ захын наймаа бэхэлчихнэ.Талбайн үйлчлэгчдийн ажил тэр хэрээр их. Шөнө дөл болтол цэвэрлэдэг байж билээ. Ээжийгээ бодож би ажлаа хичээж хийдэг байлаа. Жилийн дараа би Үйлчилгээний цехийн дарга болж дэвшсэн дээ. Манай цех 10 хүнтэй. Бид үнэхээр сэтгэл нийлж ажилладаг байж билээ. Хаягдал цуглуулж хуримтлал үүсгээд олон хүүхэдтэй нэгэндээ тусална. Өвдөх, зовлон тохиолдох үед хуримтлал маань хэрэг болно. Энэ цехэд ажиллаж байхдаа их хамтач, сайхан хамт олныг бүрдүүлсэндээ би бахархаж явдаг юм. Тухайн үед манай Улаанбаатар төв буудлын даргаар Д.Нарантуяа, орлогч даргаар Н.Ганбаатар нар ажиллаж байсан. Ажилдаа сайн, хичээнгүй хариуцлагатай нэгнийгээ дэмждэг байж. 2005 онд намайг явуулын кассирын ажилд томилж, ахлах кассир З.Туяа эгчийг дагалдуулсан. Манай багш өөрөө ажилдаа чадмаг, зарчимч шударга хүн л дээ. Төмөр замчны хүүхэд болохоор хүмүүжилд нь суусан байх. Шаардлага өндөртэй. Хүмүүс явуулын кассирын ажлыг тэр бүр ойлгохгүй л дээ. Вагонд суусан хүн бүрийг нүдлэх, аль өртөөнөөс хэдэн зорчигч нэмэгдэж, хэд нь буув гэдгийг мэдэж байх гээд гарт баригдахгүй ур чадвар гэж нэг зүйл заавал байх ёстой байдаг юм. Храаны ой ч гэмээр юм уу. Эхлээд галт тэрэг зөрлөгт зогсмогц зорчигчтой уралдаж гараад хэд нь бууж, хэд суусныг тоолдог байлаа шүү дээ. Тэр үед Замын –Үүдийн тасалбар ховор. Билет шаглах тохиолдол их. Ялангуяа хүүхдүүд мөнгөгүй явна. Настайчууд уйлаад суучихна. Тэр үед халааснаасаа мөнгө гаргаад билет авч өгөх тохиолдол бишгүйдээ л таарсан даа. Явуулын кассираар 14 жил ажиллаад суурин кассир болж ажлаа өөрчилсөн. Суурин кассанд ирээд би ажлаа бас эхнээс нь сурсан. Ёстой хамт олныхоо хүчинд энэ ажилд дадлагажиж авсан даа. Зорчигчид, үйлчлүүлэгчид дунд янз бүрийн л хүн явдаг. Ихэнх нь хүн загнах, зандрах дуртай шүү. Ажлаа мэдэхгүйн төлөө хүнд загнуулах хэцүү шүү дээ. Нэг өдөр би тэгж хөлсөө гартал сандарсан /инээв/. Манай цехийнхэн бахархмаар хамт олон шүү дээ. Манай Кассын эрхлэгч Ч.Энхмаа байна. Ахлах кассир Л.Энхмаа, П.Сумьяа, Д.Сарантуяа, Д.Отгонтуул, Д.Заяа . . . гээд бүгдийг нь нэрлэмээр байна гэв. Түүний энэ хүсэлтийг биелүүлэхэд сонины талбай “багадах” биз. Тэгсхийгэд кассир бүсгүйчүүдийнхээ нэрийг зогсоов. Үнэхээр, нэгэн үеийн олон бүсгүйчүүд тэгээд нэг цехэд ажиллах бас сонин байх шүү гэсэн сониуч бодол зурсхийв. Өөрийн эрхгүй “Та нарын хэн нэг нь шинэ хувцас, гоёл авсан бол...” гэж асууж дуусаагүй байхад л:
Өө, гоё шүү дээ. ажил ихтэй үед л нүд нүдээ ирмээд л сууцгаана. Гэхдээ бид дүрэмт хувцсаа ажил дээрээ өмсөнө л дөө. Ажлын цагаар тэгж ярих зав үнэндээ бидэнд гарахгүй. Ажлаа дуусгаад л ярьж өгнө ш дээ, тал талаас нь шинжээд л, бие биедээ өмсүүлж үзээд л. Хамт олноо би их үгүйлэх байх. Үгүйлэхээс илүүтэй бахархаад барамгүй сайхан хамт олон шүү гэлээ.
Д.Мөнхцэцэг 2021 онд “Тэргүүний төмөр замчин” болохдоо “Ээжийн минь захиас надад цоо шинэ мэргэжил эзэмшүүлж, түүнд би өөрийгөө сорьж, тэр бүхнийг нэр төртэй давж чадлаа.” гэж бодсон . Хамгийн сайхан нь энэ. Үнэндээ, төмөр замд ажилд ороод эндээс насны ханьтайгаа учирсан. Түүний нөхөр Д.Дөл Улаанбаатар төв буудалд ажиллаж байхад тэр гэр бүл болж, хамт олноосоо нэгэн бүл үүсгэсэн гэдэг. Одоо тэрээр Толгойт өртөөнд пүүлэгчээр ажиллаж байна. Дөлийнх таван хүүхэдтэй, өнөр гэр бүл болсон, одоо.
И.Наранчимэг
