Их дэлгүүрийн үүдэнд намайг хүлээн зогсох ээжийгээ холоос хараад өөрийн эрхгүй самсаа шархирлаа. Олны дунд зогсох нарны цагаан малгайтай, цэцэгтэй эрээн цамц, хөх өмдтэй, саарал торон цүнх сугавчилсан жижигхэн эмэгтэй бол миний ээж. Хар шил зүүж, өндөр өсгийт жийж, ногоон цув өмссөн дэгжин бүсгүй намайг цэцэрлэгээс авдаг байсан тэр үеэс нь юу ч үлдсэнгүй. Миний ээж хэдийдээ нас тогтсон ийм жаахан эмэгтэй болчихов оо гэж бодохоос хоолой дээр нэг юм тээглэчихээд...
Надаас эхлээд ажил ихтэйгээ гайхсан хэдэн гайхлаа хааяа очиж гийгүүлэхэд нь хөл болж тогоо шанага нийлүүлэн гарынхаа хоол цайгаар “торддог” ээжийгээ ингэж өтөлж, өөрчлөгдсөнийг тэгтлээ анзаараагүй явж. Хотын төвийн гангачуулын дунд ээжийг хараад л та минь бидний төлөө ингэтлээ элж, элгэдэж дээ гэж бодохоос дотор хачин болж байлаа.
Тэтгэвэрт гарч, хотоос зайдуу гарсан аав, ээж минь барагтай нааш зүглэх биш. Харин ээжийн 10 жилийн ангийнхан уулзалдах болсон тул ээжийгээ гоёхоор Их дэлгүүр дээр болзсон нь тэр. Ийш тийш бишүүрхэнгүй харж зогсох нь жаахан хүүхэд шиг санагдав. Тэгснээ намайг олж хармагцаа инээд алдан өөдөөс тосож ирээд үнсэж, гараас минь алдчих вий гэсэн шиг атгаад авлаа. Тэгснээ “Их дэлгүүрийн юм ч их үнэтэй байх даа, миний хүү...” гэсээр намайг дагалаа.
Би багадаа их дэлгүүрт элдвийг сониучирхан гүйж яваад ээжээсээ төөрөөд ийш тийш хэд харайлган гүйгээд ээжийгээ олж чадалгүй нэг лангууны буланд суугаад нус нулимстайгаа хутгалдан байтал ээж намайг олоод ирж билээ. Тэгэхэд өмнө минь нар гийх шиг хамаг айдас түгшүүр арилж билээ. Тэр өдөр харьтлаа ээжийнхээ гараас тас атгаад огт тавиагүй юмдаг. Ээжийн гарын атгалт яг тэр үеийг санагдуулна. Миний мөрөөр татах энэ жаалхан эмэгтэй одоо миний охин болсон мэт... Ээжийн гар зөөлхөн, дулаахан хайр уярлаар дүүгэж байлаа.
Б.Цэгцүүхэй
