Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн дарга Э.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Өнгөрсөн онд танай байгууллага хэрхэн ажиллав. Төлөвлөгөөгөө биелүүлж чадав уу?
-Манай депо өнгөрсөн онд нийт 2883 вагон засварлахаар төлөвлөгөө баталж, 100.1 хувиар биелүүлсэн. Бид өмнөх онд нийгмийн болон засварын чиглэлээр томоохон ажлуудыг хийлээ. Тухайлбал, гэр бүлээрээ ирж ажиллах сонирхолтой залуус, шинэ төгсөгчдийг хүлээн авах зорилгоор арван айлын технологийн орон сууцтай боллоо. Өөрөөр хэлбэл, депогийн хашаанд орхигдсон байсан объектыг орон сууц болгон засварлалаа. Энэ нь өнөө жилийн Замын даргын А-01 тоот тушаалыг батлахыг мэдсэн юм шиг угтсан ажил болсон. Зүүнхараа зангилаа том боловч орон нутаг нь сумын статустай. Орон сууц цөөн, гэр хороолол ихтэй. Тиймээс манайд шинээр ирж буй залууст орон сууцны хүндрэл их гардаг. Түрээсийн байр ховор, олдсон ч өндөр түрээстэй, төлбөрийг нь багадаа хагас жилээр авна гэдэг. Дөнгөж ажилд орж буй залууст тийм мөнгө байхгүй. Эдгээр шалтгаанаас болж ганц хоёр сар дагалдаад л буцчихдаг. Энэ нь манай байгууллагад ажиллах хүчний хомсдол бий болох, шилжилт хөдөлгөөн ихсэх сөрөг үр дагавартай байдаг. Ер нь, гэр, хашаа байшинд гал түлж өсөөгүй залуус ирээд гэр хороололд амьдарч чаддаггүй. Тав тухгүй орчинд тогтохгүй хот руу тэмүүлдэг. Тиймээс бид 2022 оноос эхлэн дээрх орон сууцуудын дээвэр, сангийн ажлыг хийж, өнгөрсөн онд бүрэн ашиглалтад оруулснаар үр өгөөжөө өгч байна. Энэ ажлыг Замын I орлогч дарга болон Б.Баярмагнай даргатай Их барилга, хөрөнгө оруулалтын алба маш сайн дэмжсэн.
-Одоогийн байдлаар хэдэн айл оров?
-Таван айл амьдарч байгаа. Гурав нь Улаанбаатар хотоос манайд засварчнаар ажиллахаар зорьж ирсэн. Өрөөний хувьд нэг хүнд, эсвэл гэр бүлд гэсэн өөр өөр хэмжээ, зохион байгуулалттай. Үлдсэн өрөөнүүдийг яг манайхыг зорьж ирсэн залууст олгохоор хадгалж байна.
Үүнээс гадна бид өнгөрсөн онд сэлгээний хоёр дахь илчит тэргэндээ их засвар хийж ашиглалтад оруулсан. Энэ нь депогийн үйл ажиллагааны засварын баазыг нэмэгдүүлж, нөөцийг бүрдүүлэх томоохон бүтээлч ажил боллоо. Манай засварчид, цахилгаанчид, ШБАЗ-ын бригад өөрсдөө засвар хийсэн. Өмнө нь сэлгээний ганц илчит тэргэнд саатал гарч зогсоход депогийн ажил тэр чигтээ хойшлогддог байсан. Мөн бид ачааны анхны хагас вагоныг 2017 онд угсарсан бол өнгөрсөн жил нийгэмлэгийн 75 жилийн ойн хүрээнд хагас вагон үйлдвэрлэлээ. “Түмэн төмөрт”, “Khmz” компанитай хамтран энэ том ажлын ард гарсан.
-Бүх эд ангийг нь дотооддоо үйлдвэрлэсэн гэсэн үг үү?
-Өмнө нь бид бэлдэцүүдээ ОХУ-аас авч, деподоо угсарсан шүү дээ. Энэ удаад хажуу болон духны хана, нээлхий, түгжээ зэрэг шаардлагатай бусад бүх эд ангийг дотооддоо үйлдвэрлэсэн. Зөвхөн хос дугуй, тэргэнцэр, авто тоормосны эд ангийг л бэлэн бүтээгдэхүүн авсан. Цаашид ачааны вагон үйлдвэрлэх цогц баазыг бий болгох нөөцийг тодорхойлсон том ажил боллоо. Энэ вагоноо нийгэмлэгийн 75 жилийн ойн хөдлөх бүрэлдэхүүний парадад оролцуулж, Замын удирдлагуудад танилцуулсан.
-Үйлдвэрлэсэн вагоноо тээвэрт явуулсан уу?
-Яамнаас тээвэрт явуулах зөвшөөрөл, дугаар авахаар баримт бичиг бүрдүүлж байгаа. Бид өөрсдийнхөө хэмжээнд шаардлагатай бүх стандартыг баримталж, ОХУ-аас ирдэг шинэ вагон шиг л хийсэн.
-Цаашид вагон үйлдвэрлэхэд нэмж шинэ цех нээх ч юм уу, шийдвэрлэх ямар асуудал байна вэ?
-Олноор биш, цөөн тоогоор үйлдвэрлэхэд манай өнөөгийн хүчин чадал хангалттай. Бид дээрх хувийн хэвшлүүдтэй арван вагон үйлдвэрлэх гэрээ байгуулж, өнгөрсөн жил эхний вагоноо амжилттай үйлдвэрлэлээ. Үлдсэн есөн вагоноо хийнэ. “Түмэн төмөрт” компанийн хувьд тоног төхөөрөмж, чадварын хувьд дотооддоо дээгүүрт ордог юм билээ. Цаашид бүр олноор нь үйлдвэрлэнэ гэвэл мэдээж шинэ цех тасаг байгуулах шаардлага үүснэ.
-Энэ онд та бүхэн хэр хэмжээний ажил хийхээр төлөвлөв?
-Замын зорилго, зорилттой манай байгууллагын үндсэн үйл ажиллагаа салшгүй хамааралтай. УБТЗ-ын эзэмшлийн 3001 вагон тээвэрт явж байна. Хувийн хэвшлүүд ОХУ болон БНХАУ-аас вагон худалдан авч өөрсдийнхөө ачааг зөөн тээвэрт оролцдог болсон. Тэдгээр вагон манайд засвар үйлчилгээнд ордог. Үүнийг дагаад бид үйлдвэрийн бааз, технологиудаа сайжруулах шаардлага үүсэж байгаа. Энэ жил 2884 вагон буюу өнгөрсөн жилийнхтэй дүйцэхүйц ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, тухайн вагонуудыг Монгол Улсад орж ирснээс нь хойш хоёр, гурав дахь жилд нь засвар үйлчилгээний ажлуудыг хийж байгаа.
-Танай депогийн инженерүүд дотооддоо зарим сэлбэгээ сэргээн засварлаж, бүр үйлдвэрлэдэг ч боллоо. Энэ хэрээрээ Замын санхүүг асар их хэмнэдэг. Үүнтэй холбоотой зарим томоохон ажлуудаа танилцуулаач?
-Тиймээ, олон ажил бий. Тухайлбал, хос дугуй угсрах үйлдвэрийг 2020 онд ашиглалтад оруулж, 2021 онд анхны дугуйгаа угсарсан. Цехийн тоног төхөөрөмж нийлүүлэгч тал ирээд суурилуулан тохируулж, сургалт хийх байсан ч ковидын үед хил нэвтрэх боломжгүй болж, манай депогийн болон албаны ИТА-нууд өөрсдөө суурилуулж, тохируулсан шүү дээ. Өнөөгийн байдлаар бид 3000 гаруй дугуй угсраад байна. УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйн парк шинэчлэлтийг хийхэд томоохон хувь нэмэр оруулж байгаа. Өмнө нь ОХУ руу жилд 100-150 хос дугуй явуулж засуулдаг байсан бол одоо өдөрт тав, жилд дунджаар 1000 дугуй угсрах бүрэн боломжтой болсон. ОХУ руу явуулахад цаг хугацаа алддаг, маш их мөнгө гадагш урсдаг байсан. Үүний улмаас хос дугуйн паркийг хүссэн хэмжээндээ шинэчилж чаддаггүй байлаа. Одоо манайх ачаа, зорчигчийн вагон төдийгүй зүтгүүрийн хос дугуйг угсардаг. Бид тооцож үзэхэд цех байгуулахад барилга байгууламжаас гадна тоног төхөөрөмжид Замын захиргаанаас 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм билээ. Энэ хөрөнгө оруулалтыг өнгөрсөн жил 2000 дахь дугуйгаа угсарснаар зардлаа бүрэн нөхөж, одоо ашгаа үзээд явж байна.
Мөн олон жил ашигласан хос дугуйнуудын голын хүзүүний эрээс алдагддаг. Үүнийг Төв засварын үйлдвэр рүү нэг вагонд 20-оор нь ачиж явуулж, засуулахад цаг хугацаа их ордог байсан. Тиймээс бид эд анги сэргээх тасаг байгуулан энэ оноос эрээс шавж сэргээж байна. Үндсэндээ хос дугуйн иж бүрэн засварыг бид өөрсдөө хийдэг боллоо. Олон жил тээвэрт ашигласан хагас вагоны духны хана гажиж, цүлхийдэг. Үүнийг хажуугаас нь шахдаг Донбасс манайд бий. Өнгөрсөн онд Донбасс машинаа өөрчлөн тоноглож, духны хана шахдаг болгосон. Өмнө нь бид өндөр өртөг зарцуулж хэсэгчлэн авч засдаг, бүтэн өдрийн ажил болдог байлаа. Одоо шахуургаар шахаад л болдог. Тооцож үзэхэд энэ ажил дээр 1.5 тэрбум төгрөгийн зардал хэмнэсэн байна. Замын ШБАЗ-ын уралдаанд энэ ажлын материалаа явуулсан. Энэ мэт зардал хэмнэсэн, шинэ бүтээлүүдээ яривал олон бий. Манай инженерүүд аливаа тулгарсан асуудлыг ярьж орж ирэхдээ шийдлээ давхар танилцуулдаг нь талархууштай. Түүнийг нь хамт олноороо ярилцан шийдвэр гаргаж, тодорхой хэмжээний санхүүжилт олгосны дараа үр дүнг нь харах сайхан байдаг даа.
-Сүүлийн жилүүдэд УБТЗ-ын хөдөлгөөнтэй холбоотой бүхий л байгууллага олон жил бэлтгэсэн ИТА-уудаа, чадварлаг ажилчдаа бусад төмөр зам руу алдаж байна. Танайд ч энэ асуудал тулгарсан байх. Бусад төмөр замыг сонгох болсон гол шалтгаан нь юу байгааг судалж үзсэн үү?
-Гарч буй ажилтнуудтай ҮЭ-ийн хорооны дарга бид хоёр уулзаж ярилцдаг. Цалин мөнгө, хамт олон, үйлдвэрийн нөхцөл, амьдрах байр сууцанд хүндрэл байна уу. Эсвэл ажлын мэдлэг, туршлага, чадвар дутав уу гээд олон талаас нь авч үзэхийг хичээдэг. Олонх нь “Ажил амьдралын шаардлагаар гарч байна. Түүнээс хэн нэгэнд гомдоогүй” гэдэг. Харин шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг сонирхъё, говийн нөхцөлд ростероор ажиллаж үзье гэж хариулдаг. Зүүнхараа нутгийн онцлог нь өрхийн аж ахуй эрхлэх боломжтой. Говьд 14 хоног ажиллан, 14 хоног амрахдаа өрхийн аж ахуй эрхлэх нь дээр гэж үздэг юм байна. Хоёрдугаар шалтгаан нь цалин хөлс. Хүн бүр санхүүгийн асуудалтай шүү дээ. Тиймээс цаад газар нь манайхаас өндөр цалин амладаг юм билээ. Бид УБТЗ-ын хэмжээнд мөрдөж буй цалингийн сүлжлийн системээр л цалинжуулдаг. Би тушаал гаргаж тухайн хүний цалинг нэмэх боломжгүй тул хамт олноо аль болох урамшуулах, мотивацжуулах ажлыг л хийж байна. Ер нь, ажлын байрны өнгө үзэмж, тав тухтай орчин нь ажилтны сэтгэл зүй, ажлын бүтээмжид асар их нөлөөлдөг. Тиймээс инженерүүдийнхээ ажлын өрөөг засварласан. Энэ нь тэдэнд маань том урам болсон. Олон жил ажилласан чадварлаг хүмүүсээ авч үлдэх, хамт олноо эв нэгдэлтэй, халуун дулаан уур амьсгалтай байлгах үүднээс янз бүрийн л арга хэмжээ авч ажиллаж байна даа.
-Шинэ санаа гаргаж хэрэгжүүлсэн, хөрөнгө мөнгө хэмнэсэн шинэ технологи, тоног төхөөрөмж бүтээсэн ИТА-ныг урамшуулах, хувь олгох талд байгууллагууд жаахан сул юм шиг санагддаг. Таны хувьд хэрхэн урамшуулж байна вэ?
-ШБАЗ бүтээж хэмнэлт гаргасан тохиолдолд үр дүнгийн тодорхой хувиар ажилтныг урамшуулах тухай Замын даргын тушаал бий. Гэвч зарим ойлголтын зөрүүгээс тухайн ажилтныг урамшуулахад хүндрэлтэй байдаг. Тиймээс бид ШБАЗ-аа Замын уралдаанд оролцуулаад байр эзэлж мөнгөн шагнал ирвэл санаачилсан, хөгжүүлсэн, гардаж хийсэн хүмүүст нь олгодог. Мөн Замын захиргааны янз бүрийн шагналд тодорхойлох зэргээр урамшуулж байна. Манай ахмадууд “Байгууллагын даргын мэдэлд тодорхой хэмжээний мөнгөний эрх байсан” гэж ярьдаг юм. Одоо тийм эрхтэй ч болоосой гэж зарим үед бодогддог. Үнэхээр сайн ажилласан ажилтнаа цаг тухайд нь урамшуулмаар үе олон гарна. Тэмдэг болон байгууллагын даргын мөнгөн шагналыг жилд цагаан сар, төмөр замчдын баяраар л олгох тухай Замын даргын А/704 тоот тушаалд заасан шүү дээ. Энэ үеэр шагналын квот нь цөөн ирдэг болохоор олон хүнтэй байгууллагад амаргүй. Уг нь байгууллагын даргын сантай болж, тэндээсээ сайн ажилласан хүнээ шагнадаг бол зүгээр л байна. Хүнийг хэзээ хойно нь биш, хийж бүтээсэн, санаж сэдсэн үед нь урамшуулах хэрэгтэй. Тэгж чадвал бусад залууст ч шинийг санаачлах сэдэл төрж, илүү сайн ажиллах, хийж бүтээх урам зориг орно гэж боддог.
-Тийм шүү, тантай санал нэг байна. Төр, хувийн хэвшлийн олон вагоныг танайх засварладаг шүү дээ. Сүүлийн үеийн зарим шинэ вагоныг засварлахад техник, технологи тохирохгүй байх тохиолдол гарч байна уу?
-Энэ онд бид 12 компанитай гэрээ байгуулж, 1219 вагон засах төлөвлөгөө гарсан. ОХУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн вагонууд олон янзын хийц загвар, онцлогтой. Бид тухай бүрд шийдлийг нь гаргаж, технологийн карт, горимыг нь боловсруулан Замын удирдлагаар батлуулж, засвар үйлчилгээ хийдэг. Энэ хэрээрээ бидэнд суралцах зүйл их байна.
-Ачааны вагонуудыг тээвэрт бэлтгэхэд сэлбэг, материал дутагддаг уу?
-Сэлбэг, материалын талд доголдол их үүсэж байна. Энэ нь зөвхөн манай талаас шалтгаалдаггүй. Манай тээвэрт ОХУ-д үйлдвэрлэсэн вагонууд явдаг. Тэдгээрийн сэлбэг хэрэгслийг ОХУ-аас саадгүй авдаг байсан бол одоо дайнтай холбоотойгоор өндөр үнэ өртөг бүхий, ялангуяа хажуу арал, дам нуруу, авто угсраа гэх мэт цутгамал эд ангиуд олдохгүй байна. Үйлдвэрлэгч нь ч хийхээ болиод эхэлж. Бодвол стратегийн ач холбогдолтой зүйлсээ үйлдвэрлэдэг байх. Үүний дагуу сүүлийн үед тендер зарлахад шалгарсан компаниуд Гост стандартын дагуу БНХАУ-д үйлдвэрлэсэн сэлбэгүүд оруулж ирэх тохиолдол байна. Харин бид цутгамал эд ангийн металлын бүтцэд шинжилгээ хийлгэж, хийц, хэмжээ зэргийг нь шалгаад чанарын шаардлага хангавал авч ашиглах бодлого барьж байгаа.
-Шаардлагатай сэлбэг материалын захиалгаа хоцорч өгснөөс тендер оройтож зарлагдах, оролцогчгүй байх зэргээс ахин дахин зарлаж, ажил гацах, хойшлох тохиолдол олон гардаг. Та бүхэн захиалгаа хугацаанд нь өгч чаддаг уу?
-Бид дөрөвдүгээр улиралд дараа оныхоо ажлыг төлөвлөж, шаардагдах сэлбэг, материалын тоо хэмжээг гаргадаг. Түүнийгээ Худалдан авах ажиллагаа, борлуулалтын алба /ХААБА/-нд өгч, он эхлэнгүүт худалдаж авах ажиллагааг зохион байгуулдаг. Гадаадаас ирэх сэлбэг, материалыг 30 хоногийн, дотоодоос авч болохыг нь 14 хоногийн өмнөөс байнгын хяналтад байлгаж, тооцож явдаг. Энэ тал дээр Замын Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч Б.Гантөмөр дарга ач холбогдол өгч, Вагоны аж ахуйн албаны салбар нэгжүүд ХААБА-тай сар бүр сэлбэг, материалын нийлүүлэлт, явцыг дүгнэж хуралддаг. Тийм болохоор энэ талд хүндрэл гарах нь харьцангуй бага.
-Байгууллагуудын шууд худалдан авалт хийх босго мөнгөний эрх арван сая төгрөг нь хэтэрхий багадаж байна гэдэг. Энэ талд та ямар бодолтой байна вэ?
-Өндөр өртөг бүхий сэлбэг материал худалдан авдаг байгууллагын хувьд энэ эрх чамлагдах тохиолдол гаралгүй яах вэ. Гэхдээ гурав, таван сая төгрөг байсныг бодвол харин ч арван сая болж нэмэгдсэн шүү дээ. Цаашид юмны үнэ ханшаа дагаад нэмэгдэх л байх.
-Танайд тулгамдаж буй, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудал юу байна вэ?
-Тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд депогийн үе үеийн дарга нар анхаарлаа хандуулж, шийдвэрлэж ирсэн болохоор энэ талд асуудал харьцангуй бага байна. Механикжилтийн түвшинг жил ирэх тусам нэмэгдүүлж байгаа. Одоогоор манай депогийн механикжилтийн түвшин 60 хувьтай байна. Бид 400 гаруй тоног төхөөрөмж ашигладаг. 1950-аад оных нь ч бий, орчин үеийн робот төхөөрөмж ч байгаа. Зарим шаардлагатай тоног төхөөрөмжийг ШБАЗ-ын хүрээнд өөрсдөө хийгээд ашигладаг. Харин ажиллах хүн хүчний асуудал л хүндрэлтэй байна. Энэ нь зөвхөн манайх гэлтгүй улсын хэмжээнд л тулгамдаж байх шиг. Бид энэ талд дээр дурдсанчлан олон талын арга хэмжээ, зохион байгуулалт хийж байгаа. Орон нутгаас ажилд орох хүсэлтэй мэргэжилгүй иргэдийг Мандал сумын ПТК-ийн вагон үзэгч-засварчны ангид сургаж авдаг. Энэ нь чадамжийн гэрчилгээ олгох дөрвөн сарын сургалт л даа. Тиймээс тодорхой хугацаанд ажилласны дараа УБТЗ-ын ТЗДС, ПТК-д техникч болон бакалавраар сурах боломжтойг танилцуулдаг. Энэ мэт байгууллагад олон боломж, давуу тал байдгийг сурталчилж байна.
-Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!
М.Наранболд
