Нүүр Энэ сэдвээр Д.В.Бондарь: Байгууллагын удирдлагуудын хяналт дутмаг байна
Энэ сэдвээр

Д.В.Бондарь: Байгууллагын удирдлагуудын хяналт дутмаг байна

G.Press 8 сарын өмнө 59 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

УБТЗ ХНН-ийн Ерөнхий инженер Дмитрий Викторович Бондарьтай ярилцлаа.

 

-Сайн байна уу, Дмитрий Викторович! Та манай сонинд анх удаа ярилцлага өгч байгаа тул уншигчид маань таны тухай илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсэх нь дамжиггүй. Та ОХУ-д ямар ажил хийж байв. Төмөр замын салбарт таны хөдөлмөрийн замнал хэрхэн эхэлсэн бэ?

 

-Сайн байна уу? Би төмөр замд ажиллаад бараг 30 жил болж байна. 1996 онд Эрхүүгийн Зам харилцааны улсын их сургууль (ИрГУПС)-ийг төгсөөд цэргийн алба хаасан. Цэргээс халагдсаны дараа Эрхүү-эрэмбэлэх өртөөнд галт тэрэг зохион байгуулагчаар ажилд орсноор миний хөдөлмөрийн замнал Дорнод Сибирийн төмөр замаас эхэлсэн. Үүний дараа өртөөний жижүүр, маневрын зохицуулагч, өртөөний даргын орлогчоор ажилласан. Мөн Суходская гэх түшиц өртөөнд эхлээд ерөнхий инженер, дараа нь өртөөний даргаар ажилласан. 2007 онд Дорнод Сибирийн төмөр замын тээврийн албаны ерөнхий инженерээр томилогдсон. 2017–2022 онд “Иркутскжелдорпроект” төслийн судалгаа, зураг төслийн институтэд эхлээд ерөнхий инженер, дараа нь захирлаар ажилласан. Түүнээсээ Дорнод Сибирийн Фирмийн тээврийн үйлчилгээний төвийн ерөнхий инженерийн албан тушаалд шилжсэн. Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УБТЗ ХНН-д ирж ажиллаж эхэлсэн.

 

-Та УБТЗ ХНН-д ирж ажиллах үедээ ямар сэтгэгдэл төрөв?

 

-Энэ оны хоёрдугаар сард УБТЗ-ыг үзэж танилцах үеэр анхны сэтгэгдэл төрсөн. Тэр үед би Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэнтэй хамт төмөр замаар бүхэлд нь явж танилцсан. Хамгийн эерэг сэтгэгдлийг ажилчдын ажлын байраа хэрхэн цэвэр цэгцтэй байлгаж, эзэмшдэг байдал төрүүлсэн. Энэ нь ажлын байрандаа, мөн өөртөө хандах хандлагыг харуулж байсан. Мэдээж, асуудлууд ч бас байсан л даа. Юуны түрүүнд гарсан сөрөг сэтгэгдэл нь өртөө хоорондын байруудын нөхцөл байдал, ариун цэврийн нөхцөл байлаа. Зарим газар тохилог ариун цэврийн өрөөгүй байна. Манай замд олон эмэгтэйчүүд ажилладаг гэдгийг харгалзан үзэхэд энэ бол маш чухал асуудал юм.

 

-Замын хэмжээнд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хэрэгжилт, мөн анхаарал хандуулах ёстой дутагдал, асуудлуудын талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя. Та саяхан III улирлын шалгалтаа дуусгасан. Хөдөлмөр хамгааллын байдалд та ямар үнэлгээ өгч байна вэ?

 

-Миний удирдлага дор хийгдсэн III улирлын замын үзлэг нь хөдөлмөр хамгаалал, өвлийн бэлтгэл болон инженерийн асуудалд чиглэсэн. Энэ үеэр үзэж танилцсан дүнгээс харахад бидэнд сайжруулах, хөгжүүлэх зүйлс хангалттай байгаа нь илэрхий болсон. Вагоны аж ахуйн албаны харьяа Вагон ашиглалтын депогийн ТҮГ-уудын ажлын байрны нөхцөл байдал маш сайн байна. Харин Зүтгүүрийн аж ахуйн албанд хамаарах зарим байгууллагад анхаарах асуудлууд байна. Бүх байгууллагын удирдлагуудтай хамтран барилга байгууламжийн нөхцөл байдал, шинэ технологи нэвтрүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх талаар санал бодлоо солилцсон. Удирдлагууд юуны түрүүнд ажилтнуудтайгаа шууд харилцах хэрэгтэй. Хүмүүстэйгээ ярилцах, зааварчилгаа өгөх, технологи мөрдөлтөд онцгой анхаарах шаардлагатай байна.

 

-Ер нь, аль төрлийн дутагдал, зөрчил байгууллагуудад хамгийн түгээмэл илэрдэг вэ?

 

-Статистик мэдээнээс харахад үйлдвэрлэл дээр гарч буй осол, гэмтлийн 80 орчим хувь нь технологийн зөрчилтэй холбоотой байдаг. Үлдсэн 20 хувь нь ажилтнуудын анхаарал болгоомжгүй байдлаас үүдэлтэй.

 

-Таны бодлоор зарим нэг байгууллагад хөдөлмөр хамгааллын зөрчил, дутагдал байнга гардаг гол шалтгаанууд нь юу вэ?

 

-Хоёр үндсэн шалтгааныг нэрлэе. Нэгдүгээрт, байгууллагын удирдлагуудын хяналт дутмаг байна. Хоёрдугаарт, технологийн ажиллагааг чанд мөрдүүлэх шаардлага сул байгаа нь харагдлаа. Би дээр хэлсэн шүү дээ. Хүмүүстэй сайн ярилцаж, хянаж, шаардлага тавих хэрэгтэй. Энэ асуудалд хэлбэр төдий хандаж болохгүй. Хөдөлмөр хамгааллын норм, технологийг чанд мөрдөх нь ажилтнуудын эрүүл мэнд, амь настай шууд хамаарна. Харин ажилтнууд бол Улаанбаатар төмөр замын хамгийн чухал, хамгийн үнэт капитал, тулгуур багана юм.

 

-Ажлаа сайн гүйцэтгэдэг, үйл ажиллагаа нь зохион байгуулалттай, хөдөлмөр хамгааллын шаардлагыг бүрэн хэрэгжүүлдэг байгууллагууд олон байна уу?

 

-Өмнө нь дурдсанчлан, Вагоны аж ахуйн албаны харьяа Вагон ашиглалтын депогийн ТҮГ-ууд сайн байсан. Мөн Замын аж ахуйн албаны харьяа Замын ангиудыг онцолж болно.

 

-УБТЗ-д тулгамдаж буй нэг асуудал бол барилга байгууламжуудын насжилт, стандарт хангахгүй байдал гэж та өмнө нь хэлж байсан. Зарим байгууллагад энэ нь хөдөлмөр хамгааллын нөхцөлд шууд нөлөөлдөг. Ажилчид хүнд, хортой нөхцөлд ажилладаг ч зориулалтын байр талбай дутагдалтай байдаг. Энэ хүрээнд ямар арга хэмжээ авч байна. Ажлын байрны нөхцөлийг сайжруулах тал дээр ямар бодлого баримталж байна вэ?

 

-Энэ жил бид нийтдээ 70 орчим дэд бүтцийн объектыг шинээр барьж, эсвэл их засвар хийсэн. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 10 тэрбум төгрөг болсон. УБТЗ-д нийгмийн барилга байгууламжийн их засварын дунд хугацааны хөтөлбөр хэрэгжиж байна. Харин технологийн зориулалттай барилга байгууламжид ч мөн адил хөтөлбөр боловсруулж, санхүүжилтийг төлөвлөх шаардлагатай. Учир нь бараг бүх цех, депо нь 1950–1960-аад онд баригдсан. Мэдээж бүхнийг нэгэн зэрэг шинэчлэх боломжгүй. Олон тэрбумын хөрөнгө шаардлагатай. Гэвч энэ ажлыг шат дараатай, төлөвлөгөөтэйгөөр тогтвортой хийж гүйцэтгэх ёстой.

 

-Энэ жил Замын хэмжээнд тухайлбал, томоохон ямар засвар, барилгын ажил хийв. Зарим ажлууд хойшлогдсон уу. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

 

-Энэ жил төлөвлөсөн бүх ажлыг бүрэн хэмжээнд хэрэгжүүлж байна. Зарим тохиолдолд төлөвлөснөөс давж ажилласан. Жишээлбэл, Улаанбаатар хотод Хүүхдийн секторын харьяа “Ган зам” цэцэрлэгт 200 хүүхдийн багтаамжтай шинэ барилга барьж байна. Мөн Багахангайд барьж буй 40 айлын орон сууц, Улаанбаатар татах хэсэгт цахилгаан механикийн цех зэрэг барилгын ажлууд дуусах шатандаа орсон. Наймдугаар сард замын үзлэг хийх явцад зарим барилгын дээврээс ус нэвчиж буй зөрчил илэрсэн. Энэ жил өвлийн бэлтгэл ажлын хүрээнд эдгээр барилгад засвар хийлээ. Ирэх жил бүрэн хэмжээний их засварыг төлөвлөж байна.

 

-Та мөн УБТЗ-д Чанарын менежментийн нэгдсэн тогтолцоог (ЧМНТ) нэвтрүүлэхэд анхаарал хандуулж ажиллаж байгаа. Одоогоор хэд хэдэн байгууллага гэрчилгээ авсан. Таны бодлоор энэ тогтолцоог нэвтрүүлэхийн гол ач холбогдол юу вэ?

 

-Энэхүү тогтолцоо УБТЗ-д 2021 оноос хэрэгжиж эхэлсэн. 2022 оны эцэс хүртэл нормативын баримт бичиг, шаардлагатай материалыг боловсруулж, бэлтгэл ажлыг хийсэн. 2023 оноос зарим байгууллага гэрчилгээ авч эхэлсэн. 2024 оны эцсийн байдлаар УБТЗ-ын 18 байгууллага ЧМНТ нэвтрүүлж, гэрчилгээ авсан байна. Харин 2025 оны эцэст энэ тоог 30-д хүргэхээр төлөвлөж байгаа. Ингэснээр УБТЗ-ын байгууллагуудын бараг 50 хувь нь Чанарын менежментийн нэгдсэн тогтолцоотой, гэрчилгээтэй болно. Энэ тогтолцоог нэвтрүүлснээр юуны түрүүнд ажлын технологийн хэрэгжилтэд хяналт тавих, эмх цэгцтэй ажиллах нөхцөл бүрддэг. Үүний үр дүнд хөдөлмөрийн бүтээмж өсдөг. Хоёрдугаарт, үйлдвэрлэлийн сахилга бат сайжирч, ажлын байрны нөхцөл дээшилж, хэмнэлттэй үйлдвэрлэлийг нэвтрүүлэх боломжтой болно. Энэ бүхэн нь ажлын явц дахь сул талыг арилгах, ажилтнуудын илүүц хөдөлгөөнийг багасгах зэрэг олон талын эерэг үр дүн авчирдаг.

 

-Чанарын менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх үед анхан шатны байгууллагууд юунд хамгийн түрүүнд анхаарах ёстой вэ?

 

-Чанарын менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх, хэрэгжүүлсний дараа юуны өмнө нормативын баримт бичиг болон процессын зураглалуудыг нягт, сайн боловсруулсан байх шаардлагатай. Энэ бол суурь үндэс юм. Бэлтгэл ажил сайн, нарийн хийсэн тохиолдолд технологи, үйлдвэрлэлийн процесс, үйлдвэрлэлийн соёл зэрэгт ямар асуудал байгааг тодорхойлох боломж илүү нарийвчлалтай болно. Цаашлаад энэ нь тодорхой ажлын үйл явцыг сайжруулах, заримыг нь бүрмөсөн хасах нөхцөл бүрдүүлдэг.

Ерөнхийдөө УБТЗ Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, тохирлын гэрчилгээ авах чиглэлээр тодорхой туршлага хуримтлуулсан. Иймд гэрчилгээ авах гэж буй байгууллагуудад би дараах зүйлийг зөвлөе. Хамт олонтойгоо харилцаж, туршлага судал, дахин шинэ зүйл “зохион бүтээх” хэрэггүй. Мөн Техникийн бодлого, стандартчиллын алба болон түүний дарга С.Мөнх-Алдартай идэвхтэй хамтран ажиллах хэрэгтэй. Тэрээр энэхүү ажлыг хариуцан, итгэмжлэлийн төвтэй идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Харин тогтолцоог нэвтрүүлсний дараа тогтмол сайжруулалт хийх, хэрэгжилтэд хяналт тавьж байх шаардлагатай. Учир нь системийг боловсруулаад нэвтрүүлчихээд мартвал бүх хөдөлмөр талаар болох магадлалтай. Энэ процесс байнга хөгжиж, шинэчлэгдэж байх ёстой. Дэлхий дахинд ийм тогтолцоог амжилттай нэвтрүүлж, байгууллага төдийгүй хамгийн гол нь ажилтнуудад үр дүнгээ өгсөн олон жишээ бий.

 

-Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.