Энэ удаагийн зочин маань Шивээ-Овоо өртөөний тооцооны оператор Далантайн Уугантуяа байлаа. Тэрбээр, УБТЗ-ын өндөр босго, өргөн үүдээр 1999 онд анх алхан орж, энэ жил гавьяаны амралтдаа гарах гэж байгаа аж. “Бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүй” гэдэг дээ. Д.Уугантуяа 1999 онд Дорнод аймгаас ханиа, хадмуудаа даган Шивээговь зөрлөгт иржээ.
Түүний хадам аав Ч.Энхжаргал Баянтүмэн тасагт ажиллаж байгаад зах зээлийн үед хүүхдүүдээ гол зам бараадуулж, ажил амьдралд нь залгуулна хэмээн алс хэтийг харж, гэр бүлээрээ ийнхүү шилжин ирсэн байна. Бүсгүй тэр үед айлын бэр болоод удаагүй байсан гэдэг.
Д.Уугантуяа “Би Дорнод аймагт төрж өссөн. Миний аав Дорнодод хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг байлаа. Ээж минь Баянтүмэн тасагт холбооны залгагчаар насаараа ажилласан хүн. Би төмөр замчин айлын том хүүтэй сууж, хадмуудаа дагаж Шивээговь зөрлөгт шилжиж ирсэн минь төмөр замчин болох замыг нээсэн хэрэг. Шивээговьд ирээд хадам аав зөрлөгийн дарга, хадам ээж зөрлөгийн жижүүрээр ажиллах болж, би галч-үйлчлэгчээр ажилд орж байлаа. Харин хань минь Дархан руу өртөөний жижүүрийн курсэд суухаар явсан даа. Ингэж л төмөр замчны минь амьдрал эхэлсэн. Тухайн үед төмөр замд ажилд орох амаргүй байсан. Би ажилтай болсондоо баярлаад эмчийн үзлэгээр ороод явж байхад миний эрүүл мэндийн хуудсан дээр гарын үсэг зурсан эмнэлгийн дарга “Чамд өөр ажил олдоогүй юм уу?” гэж асуусан нь санаанаас гардаггүй юм. Надад бол галч-үйлчлэгч гэдэг хүн голохоор ажил санагдаагүй, харин ч ажилтай болж байгаа минь сайхан байсан. Шивээговь зөрлөгт галч-үйлчлэгчээр хичээнгүйлэн ажиллаж эхэлсэн. Тэр хооронд хань маань курсээ төгсөж ирээд Шивээ-Овоо өртөөнд ажиллахаар томилогдож, манайх нааш нүүж ирсэн юм.
Манай хүн курстээ маш сайн суралцаж, төгсөхдөө багш нараасаа “Энэ хүүхдийг яаралтай ажилд ав” гэсэн тодорхойлолттой ирсэн юм. Би Шивээ-Овоо өртөөнд ирээд үйлчлэгчээр ажилд орсон. Сар гаруйн дараа ачаа вагон хүлээлцэгчээр дагалдаж эхэлсэн. Бидний үед ажлын талбарт дагалдангаар суралцаж, курсэд сууж мэргэжлийн шалгалт өгөөд л жинхэлдэг байлаа. Би ийм л замаар явж төмөр замчдын эгнээнд орсон хүн. Ачаа вагон хүлээлцэгчээр 13 жил ажиллаад тооцооны оператор болсон. Гэтэл одоо 50 нас хүрээд тэтгэвэртээ гарах гэж байна. Цаг хугацаа ямар хурдан юм бэ” гээд инээмсэглэв.
Тэрбээр, цааш ярихдаа анх намайг ажилд ороход Шивээ-Овоо өртөөний дарга Хүдэрхүү гэж хүн байлаа. Тухайн үеийн дарга нар хүмүүсээ сургаж, хөгжүүлэхэд их анхаардаг байсан. Ялангуяа, Чойр өртөөний орлогч даргаар олон жил ажилласан, сүүлд Бор-Өндөр өртөөний даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Оюундулам дарга маань ажилчдаа их дэмждэг, ахуй амьдралыг нь сайн мэддэг хүн байлаа. Нэг өдөр “Чи чамгүй олон жил бэлтгэгдлээ. Одоо тооцооны оператороор ажилла. Насаараа төмөр нүднэ гэж юу байх вэ” гэхэд нь би “Сургууль соёл төгсөөгүй, компьютер асааж, унтрааж ч мэдэхгүй. Би чадахгүй байхаа” гэхэд “Чи чадна. Чамаас өөр хэн чадах юм” гэж зоригжуулж байгаад л намайг дэвшүүлж байсан. Оюундулам дарга хүний давуу талыг олж харж, зоригжуулж, дэмждэг гайхалтай удирдагч шүү дээ. Ажлын цагаар дарга, цэрэг. Бусад үед найз нөхөд шиг сайхан харилцаатай. Одоо ч бид харилцаа, холбоотой байдаг.
Тооцооны оператор гэдэг маш хариуцлагатай ажил. Нэлээд эмээж байж л тооцооны оператор болсон доо. Миний хань Э.Мөнхжаргал Шивээ-Овоо өртөөний нэртэй жижүүр байсан. Эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн жил группт гарсан.
Бид гурван охин, гурван зээтэй. Хадам аав минь их алсыг харж, Дорнодоос хүүхдүүдээ гол зам бараадуулна гэж зүтгэж ирсний хэрэг гарсан. Манай хүн айлын том хүү. Дүү нар нь бас л төмөр замчид болцгоосон гэв.
Хүн болгон л хот сууринд амьдрахыг хүсдэг болж, таны хувьд алслагдсан өртөөнд ажиллаж амьдрах ямар санагддаг вэ гэж үг өдвөл “Яаж хөдөө амьдраад байдаг юм бэ?” гэж асуудаг хүн байдаг л юм. Харин тэгж асуудаг хотынхноос энэ их утаа, түгжрэл, дуу чимээ, стресс дунд харин та нар яаж амьдраад байна вэ гэж асуумаар санагддаг. Манай өртөө ямар амгалан тайван сайхан газар гэж санана. Шивээ-Овоо өртөө Шивээговь сум, Чойр хоёрын дунд байдаг учраас дэлгүүр хоршоо, үсчин, гоо сайхан гээд юм юмандаа ойрхон шүү. Ээлжийн ажилтай хүмүүс бол ажил амьдралаа зохицуулаад хот орох байтугай, хил гараад ч ирдэг. Ер нь, бидний үеийнхэн хөдөө амьдарна гэдгээс шантарч байгаагүй. Харин ч амьдрах орчноо өөрсдийн гараар босгож бүтээх нь сайхан санагддаг. Би гурав дахь охиноо төрүүлээд нэлээд жин нэмсэн. Тухайн үед төмөр замчдынхаа гурван давхар орон сууцны доод давхарт фитнесийн өрөө тохижуулаад өртөөнийхөө охид хүүхнүүд, залуусыг спортоор хичээлэхэд уриалж байсан. Түүнийг маань Замын удирдлагууд үзлэгийн үеэр сайшааж, шагнал урамшил өгч байсан. Манай Шивээ-Овоо хэдий алслагдсан өртөө ч бусдаас арай л өөр дөө.
Танд тэтгэвэрт гарна гэхээр ямар санагдаж байна вэ гэвэл “Харин тэтгэвэрт гарна гэхээр сэтгэл хоосроод нэг л сонин байна. Ажлын байр бол хоёр дахь гэр минь. Хамт олон минь аав, ээж, ах дүүс шиг дотно. Цаг хугацаа хурдан юмаа. Миний амьдралын баяртай, жаргалтай, бас хүнд хэцүү бүх л үед дэргэд байсан ажлын хамт олноосоо холдоно гэдэг хэцүү юм. Гэвч ханийгаа асрах шаардлагатай байгаа учраас тэтгэвэртээ гарч байгаа.
Өнгөрсөн жил цагаан сараар манай өртөөнийхөн мөнгө төгрөг барьж золгоод намайг “шоконд” оруулсан шүү дээ. Шижигнэсэн сайхан залуус ирж ажиллаж байна. Залуучууддаа хандаж хэлэхэд ажлыг анхнаасаа голж болохгүй. Хүний харилцаа, хандлага, харах өнцөг зөв бол тулгарах бэрхшээл, саад тэр бүр гарахгүй дээ. Аливааг болгоё, бүтээе гэж зоривол болж л таарна.
Хамт олон дунд “Би..., чи...” гээд байвал ажил хийхэд хүнд. Харин “Бид...” гэж харж, сэтгэж байвал хамаагүй хөнгөн санагддаг. Ганц бие залуучууддаа ажил гайгүй өдрөө хоол хийгээд өгчихдөг сэтгэл байвал хамт олны уур амьсгал шал өөр байна. Өглөө ажилдаа орж ирээд мэндлэхээс эхлээд тэр өдрийн уур амьсгал бүрддэг гэж боддог.
Бас нэг зүйлийг захихад худлаа амлах хэрэггүй. Би чадах зүйлээ хийнэ гэж амласан л бол төгс хийхийг хичээдэг. Чадахгүй бол чадахгүй гэдгээ шууд хэлдэг. Чадахгүй байж худлаа “За” гэж хэлдэг хүн байдаг. Нэг хүн худлаа хэлсний цаана 10 хүний ажил цалгарддаг. Үүнийг хүмүүс ойлгодоггүй. Хүн төгс биш. Бүхнийг чаддаг байх албагүй. Харин чаддаг зүйлээ төгс хий. Энэ миний амьдралдаа баримталдаг зарчим. Би бусдаас ч ийм байхыг шаарддаг гэмтэй. Санасан бодсоноо шуудхан түс тас хэлчихдэг зан минь зарим хүнд таалагддаггүй байсан байж магадгүй. Гэхдээ хэзээ ч амласнаа дутуу орхиж, дундуур гүйцэтгэж байгаагүй дээ би нүүр бардам явдаг. Миний энэ занг үнэлдэг, хүндэлдэг нь ч бий байх. Удирдлагууд маань “Өө, Уугантуяад хэлчихсэн бол санаа зоволтгүй. Цаадах чинь найдвартай...” гэдэг гэсэн. Энэ бол миний хувьд том хүндлэл юм даа” хэмээн өгүүллээ. Үг бүр нь цэгцтэй, ухаалаг энэ бүсгүй төмөр замчин гэдэг алдрыг нэр төртэй өргөж, ажлаа хийсэн шиг хийгээд гавьяаны амралтдаа гарах нь дээ.
Төмөр замчин хүнд байх төрмөл чанар гэж байдаг бол түүнд тэр бүхэн байна даа гэж бодож суулаа.
Б.Гүнжинлхам
