“Цагаан лавай” чуулгыг үүсгэн байгуулагч, Төмөр замын дуу бүжгийн чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболдтой уулзаж ярилцлаа.
-Сайн байна уу? “Цагаан лавай” чуулга Төмөр замын дуу бүжгийн чуулгатай хамтарч ажиллах болсон шалтгаан хаанаас эхлэлтэй вэ?
-Сайн байна уу? “Ган зам” сонины хамт олондоо ажлын амжилт хүсье. 2018 оны зургадугаар сард “Цагаан лавай” чуулгаа байгуулж, Төмөр замын дуу бүжгийн чуулгын даргатай уулзаж, тайз түрээслэхээр болсон. Ковидын нөхцөл байдлын улмаас түр завсарлаад түрээсээ үргэлжлүүлэхээр очтол түрээсээ сунгаагүй. Харин тухайн үеийн УБТЗ-ын Нийгмийн асуудал хариусан орлогч дарга Ц.Хүрэлбаатар дуудаж уулзсанаар хамтран ажиллах эхлэл тавигдсан. Ц.Хүрэлбаатар, “Төмөр замын дуу бүжгийн чуулга татан буугдаж, Соёлын ордноос Соёл, спортын төв болсон. Буцаад чуулгаа байгуулах гэсэн юм. Чи туслаач. Түрээсийн хэлбэрээ өөрчлөөд Төмөр замын чуулгын орлого болгоод төлчих. Танай чуулгатай хамтын ажиллагааны гэрээ байгуулъя” гэсэн санал тавьсан. “Бид тогтвортой ажиллаж байж өөрийн гэсэн зах зээлээ бий болгодог улсууд” гэтэл, За урт хугацааны гэрээ байгуулъя. Төмөр замын чуулга байгуулаад чамайг ерөнхий найруулагчаар тавина. “Цагаан лавай”-н ч, Төмөр замын чуулгын ч ажлыг хийнэ. Тэгэхээр нь “Би өглөө 08:00 цагт ирээд орой 17:00 цагт бүртгүүлдэг зарчмаар ажил хийж чадахгүй. Би одоо чөлөөт уран бүтээлч. 30 жил ийм байдалд төрийн албанд зүтгэчихээд өөрийгөө чөлөөлж аваад явж байгаа хүн юун цагт баригдах манатай” гэтэл ”Чамайг тийм гэрээгээр ажиллуулахгүй, тусгай заалт хийгээд төмөр замын арга хэмжээ, төмөр замчдын баяр гэсэн онцгой зүйлд өөрийн дураар ирж оролц. Гол нь манай Төмөр замын чуулгын уран бүтээлчдийг өөрийн “Цагаан лавай”-н дугуйн дотор эргэлдүүлж, нэг тэрэгний хоёр дугуй шиг болгоотох” гэснээр таван жилийн хугацаатай гэрээ байгуулж хамтран ажиллаж байна.
-Аливаа зүйлийг бүтээх хэцүү, нураах амархан байдаг. Хамгийн түрүүнд ямар ажлыг хийж цэгцэлж, босгож эхэлсэн бэ?
-Соёлын ордны ажилчдын хэлбэрт ороод арав гаруй жил болчихсон. Өмнө нь ямар сайхан чуулга байсныг нь би мэднэ. Чуулга байхад нь гэрээгээр ирж тусалдаг байлаа. Тэр үеийн гэх юмгүй, зэвэрсэн боолт шиг болсон байв. Эвийг нь олоод босгоод өгчихье. Төмөр замын чуулгыг орлоготой байлгая, төмөр замын ажилчдыг буцаагаад урлагийн хүн болгоё гээд ажилдаа орсон. Манай хэдэн уран бүтээлчид соёлын ордны хэмжээнд ажиллаад удчихсан, төмөр замын ганц нэг арга хэмжээнд очоод дуулдаг дуутай, хөтлөгч хийдэг ажилтай. Хий дэмий хүмүүс сууж байгаад л цагаа бүртгүүлээд тардаг. Дуучин нь үүдэнд жижүүр хийж байгаад тайзан дээр гараад дуулахаар хүн тоож алга таших уу. Хөл толгой нь мэдэгдэхгүй, төмөр замын байгууллагууд нь ч уран бүтээлчдийг юман чинээ тоохоо байсан. Семинар болсон ч хөөе л гэнэ. Цалин авч байгаа болохоор үгүй гэж хэлж чаддаггүй байх. Хурлын өмнө заавал уртын дууч, морин хуурч байх ёстой гэж үзнэ. Тэрийгээ тоож хүндлэхгүй. Хурлын хөшиг шиг урлагийнхныг ашигладаг. Дууг нь сонсож, үгийг нь ухаарч ойлгодог урлаг болохоос гоёоны ч юм уу, эхнэрийн чихний ээмэг гэдэг шиг хурал, зөвлөгөөн дээр ашиглахаа болиосой гэж бодож дургүй байдаг. Дуучин, хөтлөгч хоёр өөр эсрэг мэргэжил. Би олон сайхан дуучныг мэднэ. Хөдөлмөрийн баатар Б.Зангад, МУГЖ Д.Банзрагч гуай гээд олон дуучинтай хамт ажиллаж байлаа. Тэд тоглолтын өмнө хүнтэй юм ярьдаггүй. Цаашаа хана руу хараад уурласан гэлтэй зогсчихосн, “Суугаач та” гэхээр суудаггүй. Тэр учрыг сүүлд нь ойлгосон. Тоглолтодоо дуулж орж ирчихээд хүнтэй мэндэлж, инээж ханиагаад л явчихдаг. Хүнтэй юм ярих нь дуулах хоолойны дасгалыг үгүй болгодог зүйл. Тэгээд би “Дуучдаар битгий хөтлөгч хийлгэ” гэх мэтээр цэгцэлж байтал, баахан хөгшчүүл хөлс үнэртүүлээд л, уруулаа час улаанаар будаж, ундааны саванд архи хийчихсэн бариад чуулгын хоёрдугаар давхар руу өгсөөд болдоггүй. Ямар учиртай юм гэсэн чинь нийтийн бүжиг. Яг л Соёлын ордны статус. Эрүүл, согтуу эмээ өвөө нар чинь орж ирээд төд удалгүй хоорондоо хэрэлдэнэ, 00-д архидана, гаднаас хуушуур бариад л ороод ирнэ. Соёлын ордон ч ийм байхаа больчихоод байхад арай ч дээ гэхэд эндээс орлого олдог гэнэ. Нэлээд эсэргүүцэлтэй тулж байж үүнийг болиулсан. Энэ газрыг урлагийн газар болгоё. Энд хүн орохдоо гутлаа тослоод, ажлын хувцастай биш аятайхан дээл хувцасаа өмсөж, үсээ сайхан самнаж ордог газар болгоё. Нийтийн бүжгийн ч, спорт заал ч, хурлын заал ч биш сүүлдээ удирдах газрын арван хүнтэй хурлыг ч энэ том зааланд хийдэг болсон байсан. Энд залхсан хүмүүсийн хурал болдог газар биш шүү дээ. Зөвхөн төмөр замчид биш Улаанбаатарчууд ирж, Төмөр замын чуулга байдгийг мэдэж, УБТЗ-ын харьяанд ийм сайхан урлаг соёлын газар байдаг юм байна хэмээн жаахан ч гэсэн гэгээрч, оюуны таашаал аваад гараасай гэж бодож л би зүтгээд байгаа нь энэ юм. Баярын хурал хийж болж байна. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Баярын концертоо үздэг. Хүндэтгэлийн арга хэмжээгээ хийж болж байна.
-Төмөр замын чуулга мэргэжлийн уран бүтээлчдээр эгнээгээр тэлсэн үү?
-Ерөнхий найруулагчийн хувьд Чуулгын даргыг шаналгадаг зүйл нь орон тоо. Жүжигчин менежер гэдэг албан тушаалаар шинэ орон тоо гаргуул гээд өглөө бүр сануулж байгаа. Хаа хамаагүй бүжигчин жүжиглээд л одоо дуулах нь холгүй яваад байна. Бэгтэр, Бэлгүдэй хоёрын нэг нь бүжигчин хүүхэд. Тэр хүртэл дуулаад л явж байх шиг. Мэргэжлийн урлагийн хүмүүс ирээд үзвэл намайг “Ганбаа ах маань солиорч байгаа юм байна” гэж хэлэхээр, ичмээр ч юм шиг. 2023 онд хоёр орон тоог нь спортынхон руу өгчихсөн. “Яагаад орон тоогоо хүнд өгчихөж байгаа юм бэ” гэхээр “Дээрээс шийдчихлээ” гэсэн. “Орон тоогоо нэмэх байтал” гэж хэлэхэд “Би яаж ч чадсангүй” гэнэ. Хоёр үйлчлэгчийн орон тоон дээр ч жүжигчин мэргэжилтэй хүн авна гээд би улайрч байна. Сайхан сопран, альт, басс баритон хоолойтой дуучин хэрэгтэй байна. Ингэж байж давс хужир нь таарах ёстой. Бүтээгдэхүүн бий болгохын тулд эмэгтэй дуучин, драмын эрэгтэй, эмэгтэй жүжигчин хэрэгтэй байна. Хоёрхон бүжигчинтэй хүн юу ч хийж чадахгүй. Ёстой хоёрхон хонгор минь л болно. Ядаж найман бүжигчин байж энэ тайз дүүрч харагдана. Ингэж байж урлаг бий болно. Хэтэрхий хайрцагт орчихсон, түүнийгээ задлах дургүй. Хөдөлгөөний байгууллагад хагас цэрэгжилтийн зохион байгуулалт байх ёстой. Хөдөлгөөний бус нийгмийн салбарууд буюу эмнэлэг, сургууль цэцэрлэг орчин үеийн дэвшлээс хоцорч болохгүй.
-“Тэнгэрийн сум” түүхэн дуулалт жүжиг тавигдаад багагүй хугацаа өнгөрлөө. Саяхан хөдөө орон нутагт явж тоглосон. Олз омог ихтэй юу?
-Ер нь, урлагийн байгууллага татаас авдаг, хэзээ ч өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явж чаддаггүй. Гэхдээ би өөрөө хувийн чуулга байгуулж үзээд болж байна. Улсаас нэг ч төгрөгийн татаас авахгүйгээр харин хүнийг ажиллуулсныхаа, орлого олсныхоо төлөө улсад татвар төлөөд ажиллаж байна. “Цагаан лавай” чуулгын 50 уран бүтээлчээ цалинтай, орлоготой байлгаад болж л байна. Төмөр замын чуулгыг зүгээр нэг хоолны сав харагдуулмааргүй байна. Орлоготой байхын тулд уран бүтээлтэй байх ёстой. Тэгэхээр энэ “Тэнгэрийн сум” жүжиг уран бүтээлийнх нь гарааны эхлэл нь. Төмөр замаас авсан “170 гаруй сая төгрөгөө буцаагаад олж өг” гээд чуулгын даргаа шахаж байгаа. Хэзээ олж дуусна,тэр үедээ “75 жилийн ойгоор авсан мөнгөө буцаагаад өглөө” гээд зарла гэж хэлээд л байгаа. Тэгээд хойд замд жүжгээ тавьсан. Намар урд хэсэглэлээр явна. Төмөр замын чуулгын энэ жилийн орлого өндөр байх ёстой. Одоо Л.Биндэръяа даргыг энэ төмөр замын чуулгыг орлоготой байлгахын тулд, уран бүтээлтэй, мөн үнэлүүлэхийн тулд “Чи л одоо гүйнэ. Яаж орлого олох вэ, хэрхэн тасалбар олноор борлуулах вэ, зөвхөн төмөр замчдад найдаад хэрэггүй, тээврийн бусад байгууллага, БХЯ, өөр салбарт очиж уулз” гэж хэлсэн. Энэ жүжгийн сэдэв төмөр замын тухай биш. Монгол хүний, монгол гэр бүлийн жүжиг учир гэр бүлээрээ үзэж болно. Монгол хүний үнэт зүйлийн тухай болохоор аль ч насны хүмүүст хамааралтай сэдэв юм. Сая хөдөө тоглолтоор явж байхдаа “Тэнгэрийн сум” жүжгийн өмнө тайлбар яриа хийсэн. Манай уран бүтээлчид “Өмнө нь ярихаар жүжгийг нам сууж үздэг. Жүжгийн өмнө тайлбар яриа хийхгүй бол хүүхдүүд бужигнадаг” гэнэ. Эхний хэдэн минутад жүжигчид үгээ марттал үймүүлдэг гэж байгаа юм. Тоглолтын өмнө урьдчилаад өөрсдийн урлаг түүхээрээ би жүжгийг ингэж тайлбарладаг юм. “Чамайг гадаадад сурч байхад танай япон найз танай “Чингис хаан чинь багадаа өлсөөд ахыгаа алчихсан юм билээ” гэж хэлбэл чи юу гэх вэ. Чи хариулж чадах уу. Нэг ийм тохиолдол байдаг. Арван жилийн сургуулийн нэг хүүхэд “Монголын нууц товчоо” орж байхад түүхийн багшаасаа “Багшаа Чингис хаан тийм өлсгөлөн байсан юм уу. Тэгээд өлссөнөөсөө болоод төрсөн ахыгаа харваад алчихсан юм уу” гэж асуусан. Яг л тэгж уншигдаж байгаа юм чинь түүхийн багш хариулж чадаагүй. Та нар энэ жүжгийг үзчихсэн байхад хариултыг олно. Энэ жүжгийг хийхийн тулд мундаг эрдэмтдийг цуглуулж, эрдэм шинжилгээний хурал хийж, монгол болон гадаадын эрдэмтэд энэ үзэгдлийг тайлбарласны дагуу бид хийсэн жүжиг. Тийм учраас та нар ул суурьтай шинжилгээ судалгаатай хариулттай болж авна аа” гэж хэлж тайлбарладаг. Тэгэхээр хүүхдүүд нам сууж, тухтай үздэг. Монгол хүний нийтлэг үнэт зүйлээ хамгаалахын тулд төрсөн ах нь хүртэл өөрийнхөө амийг зольсон, төрсөн ахынхаа амиар төрийнхөө тулгыг тэгшилж байгаа ойлголт шүү дээ. Энэ тухай мэдээд авсан байхад хүүхэд өнгөрсөн түүхдээ хандах хандлага нь хүртэл өөрчлөгддөг. Зүүнхараад явж байхад Сэлэнгийн нэг багш над руу яриад “Сэлэнгэд ирвэл манай сургуулиар нэг ирээч. Жүжиг хийсэн явцынхаа тухай манай хүүхдүүдэд ярьж өгөөч. Энэ жүжгээс чинь хойш манай хүүхдүүд “Монголын нууц товчоо” уншиж өчнөөн юм ярилцаад, би бас хариулж мэдэхгүй зүйл гараад байна” гэж ярьсан. Үүнээс үзэхэд ар талдаа үлдээх зүйлтэй л яваад байгаа юм билээ. Байгаа онож дээ гэж бодсон. Манай жүжигчин А.Ундрахбаяр хүний зүрхэнд нь хүртэл тоглосон байна лээ. “Жалибуха дүр нь жинхэнэ бодит хүн юм уу” гэж багшаасаа асуусан байгаа юм. Есөн Татарын Жалибуха гэж ноён хүн байсан. Тэгэхээр хүүхдүүдэд сонирхолтой байгаагийн шинж юм.
-Энэ онд шинэ уран бүтээл төрөх үү?
-Үгүй ээ, чуулгаа босгох үйл явцад хугацаа орно. Жүжгээ намар маш сайн тоглож, хөрөнгөө буцааж оруулах, хийсэн зүйлээ борлуулах, түмэнд түгээх ажлаа хийцгээнэ. Төмөр замын чуулгын ажлыг жигдэлж, уран бүтээлчдийн орон тоог нэмж, А.Ундрахбаяр гэх мэт залуучуудаар галыг нь өрдүүлээд байхад урлаг чинь өөрөө гэгээн юм болохоор дороо өндийнө. 2026 он гарангуут шинэ жүжгийн уран бүтээл рүү А.Ундрахбаяраа оруулна. Эмнэлгийн сэдвээр жүжиг хийнэ. Учир нь өвддөггүй хүн гэж байхгүй. Бүгд эмчид ханддаг. Энэрэн хайрлах сэтгэлийн ойлголтгүй нэг ч хүн байхгүй.Тиймээс энэ сэдвээр жүжиг тавь гээд А.Ундрахбаярыг шахаад байгаа юм. Иймэрхүү маягаар ажлаа хийж байна даа. “Тэнгэрийн сум” жүжгийнхээ хоёрдугаар ангийг Жамуха Тэмүүжин хоёрын нөхөрлөлөөр хийнэ гэж бодож байгаа. Хоёр найз нэг нь нөгөөхөө хаан болгож үлдээхийн төлөө, “Нэг тэнгэрт хоёр нар байдаггүй” гэдэг нь хоёрдугаар анги дээрээ гоё тайлал хийх байх гэсэн бодол байна. МУСГЗ Л.Сэнгээ гуайд ерөнхий санаагаа хэлээд, “Зохиолоо бодож байгаарай” гэж хэлсэн. 2028 онд “Монголын нууц товчоо”-г Монгол туургатан даяараа тэмдэглэх байх. Монголын нууц товчоо судлалын олон улсын академи гэж байдаг. Түүний тэргүүн нь С.Мөнхсайхан доктор. 2028 онд “Монголын нууц товчоо”-ны 800 жилийн ойг Монголд тэмдэглээсэй гэсэн олон улсын эрдэмтийн хүсэлт байдаг гэнэ. 2027 онд хоёрдугаар ангиа хийчих юмсан гэсэн бодол байна. 2028 онд нэг, хоёрдугаар анги нь гарчихсан байвал сайхан шүү дээ. Дуурь, Их театр гээд аль ч театраас түрүүлээд “Монголын нууц товчоо”-ны зориулаад урьдчилаад бүтээл хийчихсэн байх нь.
-“Тэнгэрийн сум” жүжгийн туслах найруулагчаар А.Ундрахбаяр ажилласан. Түүний ээж Б.Дэнсмаа гуай хүүгээ эмч болгох мөрөөдөлтэй байсан гэж дурссан. Ээжийнхээ хүслийг эмч нарын тухай жүжиг бичиж, найруулж, өөрөө дүр бүтээх нь дээ?
-А.Ундрахбаяр драм талдаа сайн. “Би драмын жүжиг хийж чадахгүй. Чи л хийнэ” гэхээр “За” гэж шууд хэлэхгүй, бага зэрэг айгаад байгаа юм. “Тэнгэрийн сум” жүжигт туслах найруулагчаар оруулсан. Одоо айдасгүй болсон. Асуудалгүй хийнэ. Болох юм байна гэсэн бодол хангалттай төрсөн. 2026 оны төлөвлөгөөнд “А.Ундрахбаяр эмч нарын тухай жүжгийг найруулна” гээд тусгаад өгчихнө. Эмч нарын жүжиг хаана ч тоглосон зах зээлтэй. Бүх аймаг нэгдсэн эмнэлэгтэй. “Ээжийгээ бодоод хийгээрэй. Ээждээ том бэлэг барьж байна гээд л хийчих” гэж хэлнэ. Ээж дээр нь Зүүнхараагийн татан буугдсан төмөр замын эмнэлгийн бүх ахмадууд ирнэ. Ёс юм шиг эмч нарын баяраар ирнэ. Б.Дэнсмаа дарга бүгдийг авчраад театртаа тоглолт үзүүлж, бэлэг гардуулаад явуулна. Бүр сургачихсан. Тэр эмнэлэг нь одоо хүртэл ажиллаж байгаа мэт санагдахаар тийм сонин. Би А.Ундрахбаярын ээжид хэзээ ч “Үгүй” гэж хэлж чаддаггүй. Цаанаасаа нэг миний ээж юм шиг, эгч минь ч юм шиг... Хүнийг татдаг увидастай хүн. Би Зүүнхараад хэдэн удаа очиж, ямар их уран бүтээл хийсэн гэж санана. Б.Дэнсмаа эгч “Би бишээ, “чөдөр” Хараа уул. Би зөв өдөр чамайг нааш нь гаргасан юм билээ” гэдэг. Түүнд таарсан жүжгийг хүү нь хийнэ. А.Ундрахбаяр өөрөө хайран дунд өссөн хүүхэд. “Чи эмч нарын тухай жүжиг хийгээд Төмөр замын чуулгын найруулагчаар ажиллаж үлд. Ах нь чамд үлдээнэ. Тэгэхгүй бол чиний ээлж болохгүй байх. Би хот, хөдөө орон нутагт зөндөө ажилтай. Чамд эхлүүлээд өгчихье. Миний дүү залуу хүн. Хүссэн жүжгээ, киногоо хийгээд, энэ жүжгээ найруулаад өөрийгөө харуулчихна. Жүжигчин гэдгээ харуулсан бол одоо найруулагч гэдгээ харуул. Ахынхаа нөмөр нөөлөгт нэг жүжиг тавиадах” гэж шахаад байгаа. А.Ундрахбаяр шиг авьяаслаг залууд Төмөр замын чуулга байтугай чадвар түүнд бий. Хүн ардаа зөв сүүдрээ үлдээж явах хэрэгтэй. Би ч “Цуутын цагаагч гүү” үлгэр сонсож өссөн болохоор ер нь ээжийн, эхийн энэрэл хайрын тухай бодохоор огт зүгээр байж чаддаггүй.
-Жуулчдад зориулсан тоглолтоо жил бүр шинэчилдэг үү?
-Аялал жуулчлалын салбар байгалийн цаг агаар шиг өөрчлөгдөж байдаг сонин салбар. Өнгөрсөн жил Солонгос жуулчид дийлэнх нь байлаа. Тэдэнд зориулаад “Ариранг” ардынх нь дууг тэд нарын таашаалд нийцүүлэхээр ардын хөгжимд найруулга хийх гэж хичээлээ. Тэд дагаж дуулж, бүжиглээд, уйлаад л хачин байлаа. Гэтэл энэ жил Солонгос үзэгч байхгүй. Япон, Сингапур, тэгээд шар толгойтнууд ирж байна. Тэгэхээр “Ариранг” дуулахаар дургүйцээд, хэдхэн Солонгос жуулчид босоод дагана. Дагуулж яваа орчуулагч нар нь дургүйцээд, тоглолтын дараа “Дахиж “Ариранг” битгий дуулуулаарай. Япончууд уурлаад байна” гэнэ. Бид нар энэ жил олон үндэстний япон, хятад, солонгос, орос, европ, перу маягийн аялгуутай попури хөгжим, дуу бэлтгэсэн. Тэнгэрийн ааш шиг л байдаг. Нэг уран бүтээл хийчихээд нөгөөдөхөө таван жил зарна гэсэн зүйл байхгүй. Байнга өөрчлөгдөнө. Өөрчлөгдөхгүй үзүүлбэр бол монгол үндэсний өв соёл. Уртын дуу, морин хуур, хөөмий, бий биелгээ, уран нугаралт, цам, бөөгийн бүжиг гэсэн үзүүлбэрүүд. Монголын үндэсний хөгжмөөр та нарын ардын дуу, хөгжмийг тоглож болдог юм шүү гэдгийг гайхуулж дурсамж үлдээдэг. Жуулчны тоглолтод заавал донжийг нь олсон “жор” байх ёстой. Би энэ арга хэмжээг насаараа хийж байна даа. Ардын дуу бүжгийн чуулга, Үндэсний дуу бүжгийн Их театрт жуулчдад зориулсан хөтөлбөр боловсруулж байсан. Харьцангуй энэ тал дээр туршлагатай. 2003 онд “Сарны чулуу” чуулгыг байгуулалцаж, 2008 он хүртэл хамтарч ажилласан. “Цүки хаус”т байрладаг чуулга. Жуулчдад зориулсан хөтөлбөртэй тоглолт хийдэг. Тэнд жуулчны тоглолтын тухай ойлголттой болж, тэр туршлагаараа Ардын дуу бүжгийн чуулга буюу Үндэсний урлагийн их театрт буцаж очоод жуулчны тоглолтын хөтөлбөрийг нь шинэчлээд маш амжилттай явсан. Одоо ч тэр эрчээрээ явж л байгаа. Нэгдүгээрт, энэ тоглолт нэг талдаа өрсөлдөөн юм шиг, нөгөө талдаа Монголын аялал жуулчлалыг дэмжсэн үзэгдэл. Ганцхан чуулга хүрэлцэхгүй, түмэн жуулчин ирж байна. Хоёрдугаарт, тоглолт л үзэх гэж жуулчин ирдэггүй. Олон чуулга байх хэрэгтэй. Өрсөлдсөнөөр хүртээмж нь сайжирч байгаа гэсэн үг. Анх “Түмэн эх”, Ардын дуу бүжгийн чуулга хоёр л байсан бол одоо “Хуур магнай”, “Хүн” театр, “Цагаан лавай” зэрэг 5-6 чуулга байна. Бие биетэйгээ чанараараа өрсөлдөх хэрэгтэй.
-“Цуутын цагаагч гүү” үлгэр сонсож өссөн болохоор ер нь эхийн энэрэл хайрын тухай бодохоор огт зүгээр байж чаддаггүй гэж дээр дурдлаа. Энэ дурсамжаасаа хуваалцана уу?
-Би энэ үлгэрийг эмээгээр яриулж өссөн хүн. Манай эмээ их үлгэрч хүн байлаа. “Гучин хоёр модон хүний үлгэр”, “Чойжид дагины тууж”, “Молон хааны тууж” гээд үй зайгүй тасралтгүй таван цаг ярьчихдаг. “Цуутын цагаагч гүү” үлгэр яриад л намайг уйлуулчихна. Тэгээд л нэг хэсэг би томоотой болдог гэж байгаа юм. Би чинь хотын 40 мянгатад өссөн. Их дэлгүүрийн усан оргилуурт хувцастайгаасэлж байдаг сахилгагүй нэгэн. Эмээдээ загнуулна. Эмээ үлгэр ярьж өгнө. “Цуутын цагаагч гүү” үлгэр сонсохгүй гэнэ. Тэгэхээр “Гучин хоёр модон хүний үлгэр” нэгдүгээр модон хүний үлгэр гээд явна. Нэг л мэдэхэд төгсгөлд нь “Цуутын цагаагч гүү” үлгэр болчихсон намайг уйлуулна. Уйлуулах тактик хэрэглэхээр би гурваас долоо хоног томоотой болж, үгэнд нь ордог. Эмээгээ үхэхээс айгаад үгэнд нь ороод нам болдог. Эмээгийн яриа тархинд бичигдээд үлдсэн байна. Би яаж ийгээд монгол хүүхдүүд үзүүлдэг, монгол хүүхдийн үндсэн философи болгож үлдээхээр зорьсон. “Цуутын цагаагч гүү” үлгэр Монголчуудын аман зохиолын хамгийн том сонгодог үлгэр. Үүнийг авч үлдэж, үнэ цэнтэй байлгаж, хүүхдийг уян зөөлөн, байгаль дэлхийгээ хайрладаг хүн болгох юмсан. Ээжийгээ хайрладаг хүн эх орноо хайрладаг болно. Ээжийгээ хайрладаггүй хүн эх орноо хэзээ ч хайрлахгүй. “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг “Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэсэн. Телевизүүд бичсэн учраас алдагдахгүй гараад л яваад байдаг. Үлгэрийг нь задлаад орчин үеийн хүүхдүүдэд ойртуулахын тулд шувууны хэсгийг шинээр зохион шувууд, дэгдээхэйнүүдийн хоорондох харилцааг хийж өгсөн байдаг. “Цуутын цагаагч гүү” үлгэрийн Энэтхэг, Хятад хувилбар гээд Азийн орнуудад байдаг юм байна. Монгол хувилбарыг хамгийн эртнийх гэж Ш.Гаадамба, Хөдөөгийн Пэрлээ, Б.Ринчин гуай нарын судалгаанд байдаг. Яагаад Монголын хувилбар хамгийн эртнийх гэж тооцогдож байгаа вэ гэсэн чинь одоогоос 5000 гаруй жилийн өмнө хүн төрөлхтөн эхийн эрхэт ёсны үед амьдарч байжээ. Хуучин чулуун зэвсгийн үед монгол хувилбарт ганц зүйл байдаг. Дархан хул азарга нь ямар ч эрх мэдэлгүй. Цуутын цагаагч гүү сүргээ удирдаад байдаг. Үхэхдээ унагандаа “За эгч дээрээ эхэлж очоорой. Ээж нь цаашаа явж чадахаа байлаа. Эгч нь чамайг торгоох байх. Эгч нь гүйцэд торгоож чадахгүй бол миний хүү эмээ дээрээ л очоорой. Эмээ нь л чамайг жаргаана даа” гэж захидаг. Дандаа эх талдаа захиад байгаа биз. Монгол хувилбарт эмээ дээрээ очоод 80 жилийн найраа хийж 60 жилийн жаргалыг эдэлж жинхэнэ өөрийнхөө эзэнтэйгээ учирч аз жаргалыг мэдэрвэй гэж дуусдаг. Үүгээрээ Монголын “Цуутын цагаагч гүү” үлгэр хэзээ ч давтагдашгүй, эртний хэлбэрээ хадгалж чадсан. Монголчууд бие биедээ амнаас ам дамжуулж үлдээсэн байгаа юм. 5000 гаруй жилийн тэртээгээс өдийг хүртэл дамжихдаа анхны хэлбэрээ алдаагүй. “Цуутын цагаагч гүү” үлгэрийн агуулга сэдэв хүн төрөлхтөн оршин байгаа цагт хэзээ ч хоцрогдохгүй. Байгаль дэлхийгээ хайрлаж чадахгүй бол чи алга болно оо гэсэн л санаа. Байгаль дэлхийгээ хайрлах, эхийгээ энэрэх тухай Монгол хүний үндсэн философи. Эцэг эхийгээ хүндлэх, байгаль руугаа чи гар далайвал зөрүүлээд чамайг чулуугаар балбана гэдэг философийг “Цуутын цагаагч гүү” үлгэр өгүүлдэг.
-Таны урын санд хүүхдэд зориулсан бүтээл олон байдаг уу?
-Би хүүхдэд зориулсан бүтээл их хийсэн. Үндэсний дуу бүжгийн Их театрт байхдаа Г.Батаа гуайн “Ишиг хөөрхөн нэр” цомнолоор. “Эрх цагаан унага”-ыг “Цуутын цагаагч гүү” үлгэрээр хүүхдийн дуулалт жүжиг, “Ижил хоёр ботго” “Өнчин цагаан ботго”-ны үлгэрээр, Төмөр замын чуулгад “Миний цэцэн хурга” гээд таван хошуун малны дөрвөөр нь дуулалт жүжиг хийчихээд байгаа. Одоо тугал л үлдсэн. Дорнод, Хэнтий, Сүхбаатараар бригад авч явсан. Урлагийн мастерын концерт орой нь томчуудад тоглоод, өдөр нь хүүхдэд зориулсан жүжиг тоглож байв. Бүтэн сар яваад ирэхэд орлогынх нь 80 хувийг хүүхдийн жүжгээс хийсэн. Таван хошуу малтай ойр хөдөөний хүүхдүүд ямар их дуртай үздэг гэж санана. Өөртэйгөө ойрхон байдаг амьтны тухай илүү үзнэ. Бүүр дотор нь орчихдог. Ахуйдаа хажууд нь байгаа ч гэсэн санагалздаг. Хүн өөрийнхөө мэддэг зүйлд их дуртай байдаг. Харин хотын хүүхдүүд муур, нохойны тухай жүжиг үзэх байх. Муур, нохойны сэдвээр дамжуулж европ соёл л сурна. Таван хошуу малаа үзэхээрээ монгол ахуй руугаа ойртоно. “Миний цэцэн хурга” жүжигт хонь тойглох ёс, “Ижил хоёр ботго” дээр ингэнд ботго авахуулах ёс гэх мэт давхар давхар зөндөө зүйл хийгээд үзүүлнэ. Чойжид дагины болон Молон хааны тууж хоёрын аль нэгээр дуулалт жүжиг хийнэ дээ гэж боддог. Эхийн тухай дуулалт жүжиг хиймээр санагдаад байдаг. Дуулалт жүжиг болгоод өг гэж МУСГЗ Ш.Гүрбазар гуайд хоёр тууж багтсан ном өгсөн. Дуурь ч байсан болно.
-Танд ойрын үед хийчих юмсан гэж “ассан” уран бүтээлийн санаа байгаа юу?
-“Оройн дээд”-ийн нэгдүгээр анги Лигдэн хааны тухай жүжиг бий. Зохиол нь байхгүй ч би тайзаа ингэнэ тэгнэ төлөвлөсөн. Ерөнхий жүжгийн зохиомжийг би яривал зохиолч хүн сонсож байгаад бараг бичээд өгчихмөөр тийм төлөвлөсөн жүжиг байгаа. “Лигдэн хаан” жүжгийг тоглочихоод дараа нь “Оройн дээд”-ийг тоглоно. Урд өдөр нь “Лигдэн хаан”-ыг үзэж, маргааш нь “Оройн дээд”-ийг үзэх нэг хоногийн хооронд 260 жилийг алгасаад энэ жүжгийг үзсэн хүн эх орондоо ямар хайртай болоод гарах бол. “Лигдэн хаан”-ы тухай жүжгийг үзээд үзэгчид алга ташвал би тэгээд дуусаа, муу жүжиг хийжээ гэж ойлгоно. “Лигдэн хаан” жүжиг бол Монголын төр тусгаар тогтнолоо алдаад, Монгол төр сөнөөд дуусаж байгаа л жүжиг. Тэгэхэд энэ дээр алга ташвал “Би ямар тэнэг найруулагч вэ” гэж өөрийгөө хараана. “Оройн дээд”-ийг үзсэн хүмүүс хүссэн ч эс хүссэн ч өөр болчихдог. Би өөрөө “Оройн дээд”-ийг тавьсан өдрөөс эхлэн үзэгчийн танхимын хажуу талын хаалган дээр очиж, жүжиг дуусаад босоод алга ташиж байгаа үзэгчдийн нүдийг л хардаг. Тэнд маргааш цалин буух болов уу, орой очиход хүүхдүүд талхтай байгаа гэсэн нүд нэг ч байдаггүй юм. Монгол хүн эх орондоо ямар их хайртай төрийн дууллаа чин сэтгэлээсээ дуулж байгааг тэндээс олж хардаг. Ингэж би нэг удаа өөрийгөө сайн жүжиг тавьжээ гэж хүлээн зөвшөөрсөн. “Лигдэн хаан”-ыг тавьчихаад би гялс гүйгээд очиход үзэгчид “Би юу үзчихэв ээ”гэсэн харцтай, уймраад, хийх юмаа олж ядаад, гарахаа ч, босохоо ч мэдэхгүй хачин болж байвал би баярлана. “Лигдэн хаан”-ыг би дуурь болгож хийнэ. Цомнолыг Д.Төрбат гуай бичээд өгчихсөн байгаа. Жаахан засвар хийнэ. Гурван ч хувилбар бичиж өгсөн байгаа. “Оройн дээд”-ийг долоон удаа сольж байж хийсэн. “Лигдэн хаан”-ыг гурав сольчихоод байж байна. Алга таших тэнхэлгүй болтлоо манараад гарна. Харин маргааш нь “Оройн дээд” үзчихээд жинхэнэ эх орондоо хайртайгаа мэдэрнэ. Надад тийм жүжиг хийх мөрөөдөл байдаг юм.
-Урлаг хэмээх их айлтай амьдралаа холбосон тухайгаа ярина уу?
-Би хотын 40 мянгатад өссөн нь Хатанбаатар Магсаржавын Тэргүүн хороон дарга Гомбын Ламжав партизан өвгөний үр хойч байсантай холбоотой. Миний элэнц өвөөг Хатанбаатар Магсаржав цэрэгт очиход нь “100 цэрэг даа. Миний тэргүүн хороог захир” гэхэд манай өвөө “Би чадахгүй, бичиг үсэггүй. Дайн тулаанд цэрэг оройлж орж чадахгүй” гэхэд, “Чи даагаад яв. Чи 100 хүний амины өлзийтэй хүн байна” гэсэн гэдэг. Хатанбаатар Магсаржав өөрөө Чойжин буудаг. “Би чамд бичээч, жолооч гаргаж өгнө. За хороон дарга боллоо” гээд шууд тугаа өгч байсан гэдэг. Би яагаад ч юм Чингис хааны, ардын хувьсгалын, үлгэр домогтой багаасаа ойрхон өссөн. Багаасаа Пионерийн ордны дугуйланд явдаг, эмээ их зуруулдаг. Зурагтай ном өнгийн харандаа авчраад өгчихнө. Морь их зурдаг. Манай эмээ намайг урлагт чиглүүлж, аав маань хөтөлж оруулсан, 17 настай хүү Ардын дуу бүжгийн чуулгын босгыг давсан. Чуулгын ерөнхий зураач “буурал” Очироо багшийн шавь болж, 4-5 жилийн дараа туслах зураачаар ажилласан. 1996 онд “Алтан ураг” бүжгэн жүжгийг С.Сүхбаатар багш дэглэн тавихад анх удаа хувцасны зураачаар ажилласан. Сэвжидийн Сүхбаатар багш маань намайг урлагийн хүн болоход голлон тусалсан ачтан. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, УГЗ С.Сүхбаатар багш, МУГЖ, ёочин Ж.Мэнд-Амар гуай нарыг дагаж хөдөө аймаг, сумдаар судалгаа, уран бүтээлийн чиглэлээр их явсан нь амьдралын маш том сургамж болсон. Урлагийн хүнд байвал зохих мөн чанар, оршин тогтнохуйн гүн ухаан зэрэг гол зүйлсийг хоёр багшаараа заалган эзэмшсэндээ өөрийгөө их азтайд тооцдог. 2002 онд СУИС-ийн театрын найруулагчийн ангид элсэн орж, МУСГЗ С.Сугар хэмээх алдартай багшийн унаган шавь болсноор мэргэжлийн найруулагч болох гараагаа эхэлж байлаа. 2008 оноос Үндэсний эрдмийн чуулга нэртэй байхад нь найруулагч, ерөнхий найруулагчаар, дараа нь ерөнхий найруулагч-ерөнхий зураачаар 2018 он хүртэл ажилласан.
-Хол, ойрын олон төлөвлөгөөтэй, хийх өрнүүн ажилтай танай чуулгын хамт олонд амжилт хүсье.
П.Түмэндэмбэрэл
