Нүүр Нийгэм Д.Чимэддорж: Хийсэн хөөргөө тоолж байгаагүй, дорхноо эзнээ олдог
Нийгэм

Д.Чимэддорж: Хийсэн хөөргөө тоолж байгаагүй, дорхноо эзнээ олдог

G.Press 3 сарын өмнө 183 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

 

Сар шинийн босгон дээр Дохиолол холбооны II ангийн шугамын жолооч Даваадоржийн Чимэддоржийг “Хобби” буландаа урилаа. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул энэ залуу төмөр замчдын халуун бүлд багтаад хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа аж.

 

-Таныг үндсэн ажлынхаа хажуугаар мод чулуугаар бүтээл хийдэг гэж сонслоо?  

 

-Ажлын зав чөлөө, амралтын өдрүүдээр дуртай зүйлээ хийгээд суух нь сайхан байдаг. Миний өвөө их уран хүн байсан. Хүүхэд байхдаа өвөөгийн хийж байгаа зүйлс их сонирхолтой санагдана. Зав л гарвал хийж буй зүйлийг харж суудаг байсан. Өвөө минь өөд болоод 20 гаруй жил болжээ. Надад өвөөгөөс өвлөгдсөн нүдний ур, гарын ур байсан байх. Түүнээс мод, чулуугаар юм хийхийг яг хүнээр заалгаж байсангүй. Өөрийн оролдлогоор юм юм хийж явна. Дунд сургуулийн наймдугаар ангид байхдаа хамгийн анх модоор цацлын халбага хийж үзсэн. Тэр цацлын халбага одоо ч манайд байгаа. Анх удаа өөрийнхөө гараар хийсэн зүйлдээ их урамшсан. Болох юм байна гэж бодсон. Тэрнээс хойш мод, чулуугаар бүтээл хийж, хувиараа ажиллаж байгаад хоёр жилийн өмнөөс УБТЗ-ын Дохиолол холбооны II ангид жолоочоор ажилд орсон. Одоо чөлөөт цагаараа бүтээлээ хийж байна.

 

-Таныг хөөрөг хийдэг гэсэн. Хэзээнээс хөөрөг урлаж эхлэв?

 

-Одоогоос арваад жилийн өмнө хөөрөг хийж байгаа хүн хараад гоё санагдаад бас л оролдсоор байгаад сурсан. Анх надад чулууны багаж байсангүй. Анхны хөөргөө модны багажаараа ухаж байлаа. Жилээс жилд багаж цуглуулсаар овоо багажтай болсон.

 

-Ямар чулуугаар хөөрөг хийдэг вэ?

 

-Ихэвчлэн мана чулуугаар хөөрөг хийж байна. Тэр тусмаа Монголынхоо чулуугаар хөөрөг хийх сонирхолтой.

 

-Чулуугаа хаанаас олж авч байна вэ?

 

-Зах зээлээс л худалдаж авдаг. Чулуу зардаг хүмүүс байдаг.

 

-Монголд мана чулуу элбэг олддог уу?

 

-Мана элбэг. Гэхдээ мана дотроо олон янз. Усан мана, үнсэн мана, халтар мана, харлаг мана, тархит мана гэх мэт 300 орчим төрөл байдаг гэдэг.

 

-Чулуугаар бүтээл хийх нь модны сийлбэрээс хэцүү санагдах юм. Та хөөрөг урлал руу яагаад орчихов?

 

-Ер нь чулуугаар юм хийнэ гэдэг нэг талаар азаа үзэж байгаатай адил. Ямар ч зүсэлт хийгээгүй байгалиас олборлосон чулууг авахад юм хийж болох эсэх нь мэдэгдэхгүй. Бүтээл гарах ч чулуу таарна, гарахгүй нь ч таарна.

Чулууны дотор талын цав гаднаасаа мэдэгдэхгүй. Чулуу нэг талаар эрсдэл ихтэй түүхий эд. Мод бол сийлбэр хийж байтал эмтрээд унавал наагаад л засаад авчихна. Чулуу нэг хагарсан бол нэмэргүй.

Нэг битүү чулуу худалдаж авлаа гэхэд хурдхан харьж зүсэж үзье. Дотроос нь ямар чулуу гарч ирэх бол... Ямар хөөрөг болох бол гэх бодол л төрдөг.

Зүсэж үзчихээд, одоо хэвлээдэхье гэж яарна. Хэвлэчихээд за ухаадахъя гээд... Дараа нь өнгөлөөдөхье гэх мэтээр дурлаж хорхойсож хөөрөг хийдэг. Хамгийн сүүлд өнгөлгөөг нь хийгээд хөөрөг бэлэн болоход л санаа амардаг даа. Тэгэхээр чулуун урлалын эрсдэлтэй болоод тодорхойгүй байдаг нь миний сонирхлыг илүү татдаг байж магадгүй. Модоор юм хийх сайхан л даа. Гэхдээ хугацаа их ордог. Дээр нь борлуулалт нь бас удаан байдаг. Сийлбэртэй таван ханатай гэр, иж бүрэн тавилгатай нь хийхэд бүтэн хоёр жил зарцуулж байсан. Сийлбэртэй ширээ сандал, авдар, бурханы гүнгэрваа гээд модоор хийж болох бүхнийг хийсэн дээ. Сүүлийн үед хүмүүс машинаар сийлбэр хийсэн байдаг. Гэхдээ гараар сийлснийг хэзээ ч гүйцдэггүй.

 

-Нэг хөөрөг урлахад хэдий хэр хугацаа зарцуулдаг вэ?

 

-Ажилтай болохоор амралтын хоёр өдөрт бүтэн сууж байж л нэг хөөрөг гаргаж байна. Хөөрөг хийхэд асар их хөдөлмөр зарцуулдаг. Хүний мэдрэмж их шаарддаг ажил. Чулуу хатуу хэрнэ их эмзэг. Жаахан л анхаарал болгоомж алдахад л хагардаг. Тиймээс маш их тэвчээр шаарддаг. Ажлаа эхэлсэн л бол хэдэн цагаар суудаг. Хүний бие халдаг даа. Тийм үедээ жаахан завсарлаад эргээд бариад авахад гар эвлэхгүй, оюун бодол төвлөрөхгүй байх үе бий. Тэгэхээр нэг л бариад авбал нам сууна. Бүр долоон цаг суудлаасаа босоогүй үе байсан.

Ер нь, хөөрөгний том, жижиг, ухалтаасаа шалтгаалаад зарцуулах цаг янз бүр байдаг.

 

-Монголд ховор, үнэтэй ямар чулуу байна вэ?

 

-Тариат мана ховордож байна. Судал нь арвай буудай, тариа шиг гарч ирдэг чулуу л даа. Шаргалтсан тийм мана их ховордсон. Үнэтэй ч болж байна.

 

-Монголын аль аймаг, сумдын нутгаас хөөрөгний чулуу олддог вэ?

 

-Чулуу гардаг газар гэвэл Баянхонгорын Богд, Өвөрхангайн Богд сумаас манын төрлийн чулуу их гардаг. Хөвсгөлийн ногоон хаш гэж бий. Өмнөговиос бол шаазан мана гэдэг чулуу олддог юм билээ.

 

-Чулуу болгон өөрийн гэсэн шинж чанартай гэдэг?

 

-Хүнд ээлтэй чулуу, ээлгүй чулуу гэж бий. Хүний төрсөн жил усаар тохирох чулуу гэж бий. Тэгэхдээ монгол нутгийн чулуу хэзээ ч монгол хүндээ ээлгүй байна гэж байхгүй гэж боддог.

 

-Зах зээл дээр ямар хөөрөг хамгийн үнэтэй байдаг вэ?

 

-Оросын цагаан хаш хөөрөг хамгийн үнэтэй байдаг.

 

-Таны хийсэн хөөрөгнүүдээс хамгийн үнэтэй нь ямар хөөрөг байв?

 

-Тариат манан хөөрөг. Олдоц багатай ховордож байгаа чулуу учраас түүхий эд нь угаасаа үнэтэй. Одоо тийм чулуу олдвол эзэн нь бараг дэргэд сахиж сууж байгаад авах байх шүү.

 

-Арваад жилийн хугацаанд хэчнээн хөөрөг хийв?

 

-Тоолж үзээгүй. Миний хийсэн хөөрөг дорхноо эзнээ олчихдог.

 

-Цагаан сар болохоор захиалга их байна уу?

 

-Цагаан сар, наадмын үеэр захиалга их ирдэг. Өдийд ажил ихтэй л байна.

 

-Та өөрөө ямар хөөрөгтэй вэ?

 

-Ёстой загасчны морь усгүй гэдэг л болдог. Өөртөө хөөрөг хийгээд л барина. Дорхноо эзнээ олчихно. Хөөрөг хийдэг хүн өөртөө их гоёыг хөөрөг хийсэн байх гэж боддог юм байлгүй. Миний хөөргийг авъя гээд л авчихдаг.

 

-Гадуур хөөрөг урладаг, борлуулдаг хүн олон байдаг. Таны хөөрөг тэднээс юугаараа онцлог вэ?

 

-Надаас монгол чулуугаар хийсэн хөөрөг авъя гэсэн хүмүүс л ирдэг. Түүгээрээ л онцлог юм болов уу. Түүнээс хөөрөг урладаг хувь хүн, цех, үйлдвэр олон бий болсон.

 

-Та хөөрөг урлаж, гэргий тань хөөрөгний даалин, хавтага оёдог гэв үү?

 

-Хамгийн анх би өөрөө энэ даалинг оёсон /өөрийн урласан даалинг үзүүлэв/. Бараг хоёр сар зарцуулсан. Зүү ороох оёдол чинь их нарийн юм билээ. Намайг энэ даалинг оёсноос хойш эхнэр маань даалин, хавтага оёдог болсон. Манайд ирсэн хүн надаас хөөрөг аваад, эхнэрийн маань оёсон даалин, хавтаганаас сонгоод явдаг.

 

-Таны энэ багажнууд өвөөгөөс тань өвлөгдөж ирсэн үү?

 

-Үгүй ээ. Би багажнуудаа өөрөө хийсэн. Надад энэ багажнууд хамгийн үнэ цэнэтэй.

 

-Үнэт чулуу болгон анагаах увидастай гэдэг юм билээ?

 

-Тийм шүү. Усан манан хөөрөг өвөртөлж яваа хүн говьд ангаж үхдэггүй, эзнээ хатахаас хамгаалдаг увидастай гэдэг. Хууччуул эрдэнийн чулуу хүнд сайн энергийг дамжуулж, муу энергийг гадагшлуулдаг гэдэг.

 

-Цаг зав гарган өөрийн хоббины талаар танилцуулсан танд баярлалаа.

 

Б.Гүнжээ

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.