Сайншанд өртөөний дарга Д.Болорхүүтэй уулзаж ярилцлаа.
-2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд хүний нөөцийн бүрдүүлэлт, төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ямар ахиц, дэвшил гарган ажиллаж байна вэ?
-Юуны түрүүнд зорьж ирж ярилцлага авч байгаа “Ган зам” сонины хамт олондоо талархал илэрхийлье. Сайншанд өртөөнд би анх 2004 онд ажилд орж байсан. Өртөөний туслах жижүүр, 2019 онд өртөөндөө шуурхай ажил эрхэлсэн орлогч даргаар Замын-Үүдээс томилогдож ирсэн. Миний хувьд өртөөний даргын ажлыг аваад хүний хөгжлийн чиглэлээр үе шаттайгаар цаашлаад нийгмийн асуудал руу анхаарч ажилласан. Мэдээж, галт тэрэгний хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах нь зүйн хэрэг. Энэ бол бидний эрхэм үүрэг. Үүний зэрэгцээ Сайншанд өртөөндөө ажиллаж байгаа төмөр замчдынхаа нийгэм ахуй, ар гэрийн амьдралыг анхаарч, ажиллах орчинг сайжруулах ажлуудыг түлхүү системтэйгээр зохион байгуулж байгаа. Сайншанд өртөө хэсэглэлийн хэмжээнд 2020 он бол хүнд үе байсан. Дэлхийн нийтээрээ ковид цар тахлын үед улс орны бүтээн байгуулалт зэрэгцээд явж байсан. Ялангуяа Зүүнбаянгаас Тавантолгой хүртэл 416 км-т Монголын төмөр зам байгуулагдсанаар боловсон хүчнүүдээ алдаж эхэлсэн. Үндсэндээ зөрлөгт нэг жижүүр даргатайгаа үлдэж эзгүйрч байсан үе ч байлаа. Энэ нь бидэнд том сургамж болсон. Ковидын үед бид цөөн хүн, бага хүчин чадлаар зөв менежменттэй ажиллаж, 24 цагийн тасралтгүй үйл ажиллагааг хийж гүйцэтгэж улс орныхоо бүтээн байгуулалт, нийгмийн тулгамдаж байгаа нийгмийн хүрээнд хүлээсэн хариуцлагаа үүрч том ажлуудыг нугалж байсан. Залгуулаад МТЗ ашиглалтад орж, орон тооны нүүдэл тэднийг чиглэсэн. Ялангуяа Замын-Үүд, Сайншанд,Чойрын хэсэглэлд ажиллаж байсан төмөр замын бүх салбарын хүмүүс явсан. Хүн байхгүй, уриад дуудахаар ирдэггүй, аймгийн Халамж үйлчилгээний төв, ажилгүй иргэдээс сургаад авчих залуучууд юу байна гэхчлэн хэрхэн даван туулах ёстойгоо бодсон. Мөн ЕБС-иар явсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Эцсийн бүлэгт ажилчдынхаа гэр бүлийг нь дэмжих ёстой юм байна. Ирээрэй гэсэн урилга, зар мэдээлэл тавиад байгаа боловч төдийлөн ирэхгүй байсан. Манай хөдөлгөөний бус аж ахуйн чиглэлийн хүмүүсийг гэр бүлийнхээ хүнийг аваад ир гэхээр хөдөлгөөнчин болоход сургая, чадамжийн гэрчилгээ олгоё, сургалтад хамруулаад ажилд авья гэхээр итгэж өгдөггүй. Энэ байдлыг бид нээж өгсөн. Залуу хүн өөрийгөө сорь. Насаараа чи цэвэрлэгч, мужаан, талбайн үйлчлэгч хийх юм уу гэснээр үндсэндээ тогтвор суурьшлын байдал гэр бүлийн орлоготой холбоотой юм байна. Гэр бүлийн нэг нь ажилтай нөгөө ажилгүй байснаасаа эхнэр, эсвэл нөхөр нь Солонгос явдаг. Гэр бүл салдаг. Үүнээс болж боловсон хүчний тогтвортой байдал алдагддаг зэрэг олон хүчин зүйлүүд байдаг юм билээ. Гүнзгий орж судалсан. Үүний хүчинд Сайншанд өртөө, хэсэглэлийн хэмжээнд боловсон хүчний дутагдал одоо алга. Бүх орон тоо дүүрэн болсон.
-Замын даргын үзлэгээр илүү цагийн асуудал их яригдсан. Энэ асуудал дээр танай өртөө хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
Замын даргын үзлэгээр 4-5 орон тоо байнгын дутуу, дээр нь илүү цагийн асуудал маш өндөр байсан. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сартай харьцуулахад 1760 цагаар илүү цагийг багасгасан. Тээврийн хэмжээ өсөн нэмэгдээд байна. Нүүрсний үнэтэй холбоотойгоор ч буурсан тал бий. Бидний эрхэм зорилго бол ажилчдаа тогтвор суурьшилтай, цалингаас гадуур орлоготой байлгах, хувиараа эрхэлдэг бизнесийг нь дэмжих тал дээр илүү анхаарч байна. Ажилд авч байгаа хүмүүсээс мэргэжил шаардахгүй, барилгын засал чимэглэлчин, гагнуурчин, мужаан гэсэн нарийн мэргэжлийн хүмүүсийг сул гарсан орон тоо дээр авч байгаа. Ингэснээр өөрийн өртгийн зардлыг бууруулж тухайлбал, Барилга ашиглалт үйлчилгээний ангиар хийлгэдэг 20.0 сая төгрөгийн өртөгтэй хийлгэх ажлыг өөрсдийн багаар 4-5 сая төгрөгт багтааж хийж байна. Замын захиргаа ч энэ тал дээр анхаарч байгаа. Долоодын хөндий зөрлөгийн төмөр замчдын байрыг засварлаж гал түлдэггүй болголоо. Түшлэгт өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлаж засварын ажлуудыг хийсэн. Бид ковидын үед ч вокзалын дотор гадна засвар үйлчилгээг өөрсдийн хүчээр хийсэн. Болдог л юм билээ, зардал бага, хэмнэлттэй.
-Боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах тал дээр хэр анхаарч ажиллаж байна вэ?
-Боловсон хүчнийхээ боловсролд их анхаарч байгаа. 2021 оноос хойш 35 хүнийг ашиглалтын инженер, техникчээр сургасан. Тухайн үед олноор элсүүлээд явуулж байхад хүн хүч дутах үед хүнд байсан. Гэсэн хэдий ч богино хугацаанд хүмүүсээ үндсэн мэргэжил эзэмшүүлээд авчихлаа. Үндсэн мэргэжлийнх болсон хүн чинь нэгдүгээрт, өөрөөрөө бахархах, тогтвортой суурьшилтай ажиллах хөшүүрэг болж эхэлсэн. Энэ бодлогыг бариад хоёр гурван жил шүд зуугаад л ард гарч чадсан. Өнөөдөр манай хамт олны 40 гаруй хувь нь мэргэжлийн болсон. Намайг ажлаа авч байхад арав гаруй хувьтай л байсан. Цаашдаа боловсон хүчнээ чадавхжуулах ажлаа үргэлжүүлж хийнэ. Ер нь УБТЗ-д ажиллаж байгаагаараа бахархаж нэр хүндийн хэрэг гэж бодох хэрэгтэй. Үүнийг залуучууддаа байнга хэлдэг. Цалин авдаг газар гэж бодох юм бол хөгжихгүй ээ. УБТЗ өөрийгөө хөгжүүлдэг газар юм. Ялангуяа Замын даргын А/679 тушаалаар “Говийн төмөр замчин” хөтөлбөр дээр хоёр жил ажиллаад ТЗДС-д ашиглалтын техникчийн инженерээр сурах эрх нь үүсчихнэ. Дээр нь үнэ төлбөргүй сургаж байна. Сурлагын дүнгээсээ шалтгаалаад 100 хувь төлүүлэх боломж нь ч байна. Дагалдан ажиллаж байгаа ажилчид 90 хувийн болон шагналт цалингаа авч байна. Ийм сайхан боломж өөр хаа ч байхгүй. Тийм учраас би бахархаж явдаг. Миний хувьд анх төмөр замд мэргэжилгүй ажилд орж байсан. Эргээд харахад 20 гаруй жил өнгөрчээ. Яг л энэ зарчмаар явсан. Төмөр замын ашиглалтын техникчийн мэргэжлийг өдрийн ангиар эзэмшиж, ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийг зургаан жил эчнээгээр яваад төгссөн. Үүний дөрвөн жилийн сургалтын зардлыг УБТЗ дааж байсан. Ийм л сайхан байгууллага. Гэр бүлийн хүн маань ч төмөр замд ажилладаг. Яг энэ замналаар дараа дараагийн залуучуудыг явуулах юмсан гэсэн хүсэл эрмэлзэл надад хамгийн нэгдүгээрт байдаг. Ер нь байгууллагын дарга бол хүнийг ажилд авч халдаг хүн биш шүү дээ. Дарга хүн зөв менежмент, бодлого, тодорхойлолтыг хараад л ирээдүйд энэ байгууллагын хөгжил цэцэглэлт, залуучуудын хөгжлийн төлөө, дээр нь гарч болох эрсдлийг урьдчилж тооцож үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлуудыг хийдэг. Замын захиргаанаас барьж байгаа бодлогыг дунд шатанд нь сайн дэмжээд явчихвал болно доо гэж бодож явдаг.
-“Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хөшүүрэг, давуу талыг дурдана уу?
-“Говийн төмөр замчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манай зангилаанд хүний нөөц, эдийн засагчид, аж ахуйн нэгжийн дарга нарын оролцоотой комисс байгуулж, олон санал гарч хэлэлцсэнээр 96 хувь дэмжигдсэн. Энэ нь говьд ажиллаж амьдарч байгаа төмөр замчдын өөрсдийнх нь санал болохоос хэн нэгэн хүний санал, хүсэлт шахалт биш юм. Энэ хөтөлбөр үр дүнгээ өгч байна. Тухайлбал, манай Долоодын хөндий зөрлөг төвөөс зайдуу, засмал замаас хол, тэнд ажиллаж амьдардаг ажилчид дээд тал нь жил гаруй ажиллаад л явчихдаг байлаа. Одоо орчныг сайхан болгоод, байр орон сууцыг засаж, халаалтыг шийдээд өгчихөөр энэ хэсгээс явах сонирхолгүй, өөр хэсэглэл буюу 33, 35 гээд засмал замтай ойр зөрлөгөөс хүмүүс Долоодын хөндий зөрлөгт очьё гэсэн хүсэлт тавих болсон. Хүмүүсийн хүсэл эрмэлзэл цалиндаа байна уу гэхээр бас биш байгаа юм. Нийгмийн асуудал, амьдарч байгаа орчинг сайжруулаад өгөхөөр тэндээ уягдаж байна. Одоо засвар хийгээгүй байрууд дээр очихоор хана нь сийгдэг, битүү хөө тортог. Гэхдээ Замын даргын 2022, 2024 оны замын үзлэгээр олон асуудал шийдэгдэж үр дүнгээ өгч, томоохон хөрөнгө оруулалттай ажлууд шийдэгдсэн. Үүний хүрээнд Улхын-Овоо зөрлөг дээр дөрвөн ажлын орон сууцанд иж бүрэн засвар хийгдсэн. Долоодын хөндийд бас асуудлууд шийдэгдсэн. Алтганы голын халуун ус, сауныг шийдэж өгсөн. Зөөврийн уснаас татгалзаж гүний худаг хэд хэдэн газруудад гаргалаа. 2026 оны төлөвлөгөөнд Долоодын хөндийд худаг гаргана гэж тусгасан. Хэрвээ ингээд шийдэгдвэл боловсон 00, усанд ордог газруудтай болно. Төмөр зам ямар ч цаг үед цалингаа цагтаа өгдөг. Үүнийг хүмүүс ойлгожээ. Олон хүн хувийн хэвшил рүү явсан ч буцаад ирж байна. Буцах ирэх шалтгаан нь олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Хүрээд ирж байгаа залуучуудыг бэлдээд авах, тэднийг тогтвор суурьшилтай ажлуулах нь байгууллагын удирдлагатай холбоотой. Түрүүн хэлж байсанчлан нөхөр эсвэл эхнэрийг нь ажилд сургаад авч байна. Би Замын-Үүдэд ажиллаж байхдаа “Надад тусалсан танд баярлалаа” гэсэн ногоон малгай, хантааз өмсөх ажлыг санаачилж хийсэн. Анх Замын-Үүдэд, дараа нь Тээвэр зохион байгуулалтын албанд хэрэгжсэнээр Замын даргын тушаал гарч Замын хэмжээнд мөрдөгдөж эхэлсэн. Бид бие биедээ туслах ёстой. Мэдээж загнах, зэмлэх зүйл байлгүй яахав. Яриад хэлээд байгаа зүйлийг чихний хажуугаар өнгөрөөгөөд байгаа нөхдийг зэмлэнэ. Уян хатан явна. Гэхдээ л хүнээ гэсэн бодлоготой явах ёстой. Ер нь Сайншанд хэсэглэлийн хэмжээнд арга хэмжээ авсан хүний тоо бага байдаг. Архи гэдэг идээнээс олон залуучууд татгалзсан. Миний хувьд хааяа амсдаг үе байсан. Энэ хариуцлагатай ажлыг аваад 2021 оноос хойш огт амсахаа байсан. Одоо хүмүүс нэг үеэ бодвол ухамсартай болсон.
-Сайншанд өртөөнд тохижилт, засварын ажил хэр хийгдэж байна вэ?
-Тохижилттой холбоотой ажил Сайншанд өртөөнд их хийгдэж байна. Вокзал дотроо 00- той боллоо. Одоо кассирын өрөөг засаж байна. Киоск машин сууриллуулснаар тасалбарыг 100 хувь хүний гар дээрээс худалддаг байсан бол өнөөдөр 56 хувь нь киоск машинаар үйлчлүүлж байна. 44 хувь нь кассаар үйлчлүүлж байна. Тэгэхээр энэ орон тоог шаардлагатай газар руу нь шилжүүлэх. 2025 онд тасалбарын нярав буюу кассир, тооцооны оператороос тус бүр нэг орон тоог Зүүнбаянд шилжүүлж, хоёр ачаа вагон хүлээлцэгч байсныг гурав болгож ээлжинд оруулсан. Сайншандад ачаа вагон хүлээлцэгч нэмж сэлгэсэн. Одоо энэ цэлийсэн зааланд нэгийг ашиглаад нөгөө нь тасалбар худалддаг байсныг болиод зорчигчдод үйлчилдэг заалыг томруулахаар тохижилтын ажлыг хийж байна. Ковидын үед шалны плита шиг ханатай байсныг бид эко хавтангаар сольж, таазыг хөөсөнцөрөөр бүрсэн. Шуурангуут битүү шороо болчихдог байсан модон цонхыг аж ахуйн аргаар вакум цонхтой болгосон.
-Саяхан 180 айлын орон сууцны шавь тавигдсан. Өртөө хэсэглэлийн ажилчдын хэдэн хувь нь орон сууцтай болох вэ?
-Өнгөрсөн жил Замын даргын үзлэгээр Х.Хэрлэн дарга Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалтай санамж бичигт гарын үсэг зурснаар энэ ажил эхэлсэн. Өмнө нь өртөөний даргын хувьд аймгийн удирдлагуудтай олон тал дээр хамтарч ажиллахаар уулзаж ярилцсан. Ниймгийн хариуцлагын хүрээнд ажлуудыг хамтарч хийхээр ярилцаад тэрийгээ санамж бичиг болгон Замын даргаар баталгаажуулж,өнгөрсөн тавдугаар сарын 12-нд шав тавих ёслол болж, Зам тээврийн сайд оролцсон. Хуучин төмөр замын эмнэлгийн хуучин барилгын газрыг чөлөөлж, 180 айлын гурван блок орон сууц барих ажил эхлээд явж байна. Энэ байранд 135 төмөр замчин орохоос албан тушаалын долоон орон сууц, үлдсэн 126 байрыг ипотекийн зээлээр төмөр замчид авна. Зангилааны хурлаа хийгээд 126 орон сууцнаас байгууллагын орон тооноос хамаараад 3-58 байрыг хуваариллаа. Жишээлбэл, цэцэрлэг 30 хүнтэй гэхэд гурван байр, 150 ажилчинтай Сайншанд өртөө таван байр, депо 500 хүнтэй байхад 58 байр гэх мэт. Мэдээж байгууллагын квотын тоонд өөрчлөлт орно. Зарим нь банкны шаардлага хангахгүй бол шаардлага хангаж байгаа газар руугаа шилжүүлэх, ингэснээр үндсэн зангилааны ажилчдыг орон сууцтай болгосны дараа нөгөө аймагт өгөх, компанид өгөх хуваарилалт яригдана. Замын захиргаа Орон сууцны төв комисстой ярилцаад шийдэл гаргах байх. Сайншанд зангилаа нь нийт 1540 ажилтан байна. Долоон баланстай аж ахуйн нэгж байгууллагын 2400 гаруй хүн байдаг. Чойр, Замын-Үүдэд хэсэг нь ордог газрууд ч байна. Зангилааны 1540 хүнээс 570 хүн өргөдөл өгсөн байгаа. 570 төмөр замчнаас 135 нь орон сууцанд орно гэхээр цаана байрны эрэлт хэрэгцээ байсаар л байна. Түрээслэж байгаад дараа нь өөрийн болгох орон сууцнаас орон нутгийн удирдлагатай ярилцаад Зангилаа хоёр квот авсан. Ажилчдын дунд сугалаа сугалуулснаар хоёр төмөр замчнаа орох оронтой болгосон.
-Аймаг, сумын иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон төмөр замчид байгаа. Иргэдийн хуралд сонгогдсоны давуу тал, аймаг сумдын хамтарч ажиллах шийдвэрлэх ажлууд дээр ахиц дэвшил гарч байгаа байх?
-Улс төрийн дэмжлэг, аймаг, сумын иргэдийн хуралд суух давуу талууд байдаг гэдэг нь өнгөрсөн оны сонгуулиас харагдлаа. Төмөр зам ч энэ тал дээр бодлого барьж, үүний үр шим, давуу тал улстөрийн дэмжлэг энэ цаг үед зайлшгүй хэрэгтэй. Төмөр зам дангаараа хөрөнгө мөнгөө гаргаад шийдэх боломжгүй, аймаг орон нутгийн зардлаар шийдүүлэх ажлууд байна. Хамтарч ажиллах хүчин зүйл, нөхцлүүд байна. Миний хувьд орон нутагтайгаа нягт хамтарч ажиллах бодлого баримталдаг. Олон зүйл дээр орон нутаг тусалж дэмждэг. Төмөр зам техник хэрэгсэлгүй үер усанд зам угаагдаад байж байхад орон нутгийн техник хэрэгслийг авч даван туулж байсан. Зайлшгүй эргэх холбоотой байхгүй бол төмөр зам гээд тусгай вант улс шиг зангидаад байх юм бол ажил цаашаа явахгүй гэдгийг ойлгох ёстой. Иргэдийн хуралд төмөр замчид орсноор дэмжлэгүүд нь мэдрэгддэг. Өнгөрсөн жил манай арын хэсэг үерт автаад төмөр замчдын орон сууц, Дохиолол холбооны анги усанд автсан. Бид вокзалын урд талын замыг сэтлээд доогуур хоолой хийж үерийн усыг зайлуулах арга хэмжээ авсан. Төмөр замчид амьдардаг 130 айлын орон сууц гурван хоног тоггүй байлаа. Тог цахилгаантай болгохын тулд замчид 24 цаг орон нутгийн зам ангитай хоёр талын техник хэрэгслийн хүчээр хоолой гаргаж байгалийн гамшгийн даван туулсан. Хэрвээ зураг төсөл гаргаад албажуулаад явбал өндөр зардал гарна. Гэтэл бид хамтраад 24 цагийн дотор л сувагжилт хийж усыг зайлуулсан. Сэтгэл байвал аливаа зүйл болдог, бүтдэг. Баг хамт олон маш чухал.
-Орон нутагтай хамтарч олон асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг гаргадаг байх. Орон сууц барих гэхээр газрын асуудал их хүндрэлтэй харагддаг?
-Газрын асуудал хаа сайгүй л хүндрэлтэй байна. Өнөөдөр төр хувийн хэвшил хамтраад ажилладаг болчихсон цаг үе. Орон нутгийн удирдлагуудтай ярилцаж аймгийн нүүр царай болсон вокзалын хэсгээ сайхан тохижуулья гэсэн саналаа тавьсан. Аймаг орон нутаг ч дэмжиж байгаа. Вокзалаар зорчих гадаад дотоодын жуулчдын урсгал ихэссэн. Манайх нэг зүйл дээр гацаад байгаа нь уурын зуухны хүчин чадалтай холбоотой. Дорноговь аймагт ДЦС баригдахаар яригдаж байгаа. ДЦС баригдаад нэгдсэн сүлжээнд холбогдвол барилга, орон сууц барих нь асуудал биш болно. Орон нутагт ч барилгын компаниуд олон байна. Тэд ямар ч асуудалгүй барилга барьж байна. Хотын үзэмж ч сайхан болж байна. “Мандах наран” хороолол баригдсанаар төмөр зам руугаа хөгжил тэлж байна. Өнгө зүс сайжраад үүнийгээ дагаад хуучин байдлаасаа салж шинэлэг зүйл рүү шилжих бүрэн боломжтой. Инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудал шийдэгдвэл цаг үеэ дагаад хүмүүсийн сэтгэлгээ өөр болчихсон учраас болохгүй зүйл алга байна.
-Сайншанд өртөөний вокзалын байр эртний барилга. Тэгэхээр өргөтгөл хийх нь аргагүй юм даа?
-Сайншанд өртөөг зайлшгүй өртгөтгөх шаардлагатай. Сайншанд өртөө дөрвөн замын уулзвар болж байгаа юм. Улаанбаатар-Замын-Үүд, Зүүнбаян буюу Таван толгой, хойшоо нефтийн үйлдвэр ч юм уу, Сайншанд хүлээж авч явуулах есөн замтай. Өртөөний боловсруулах чадвар туйлын хангалтгүй байгаа. Энэ хүчин чадлаараа Монгол Улсын түвшинд гарц гаргалгаа сайжраад нүүрс тээвэр ихэсээд аж үйлдвэрийн парк цогцолбороороо ажиллаад эхэлбэл өртөөний хүчин чадал хаанаа ч хүрэхгүй. Үүнтэй холбоотойгоор ерөнхий инженерээр ахлуулсан зургаа дахь комисс ажилласан. Сайншанд өртөөг өртгөтгөх Зүүнбаянгийн хоорондын 47.5 км замыг хүчжүүлэх, Зүүнбаян өртөөг өргөтгөх, цахилгаан төвлөрүүлэлтэд холбох зэрэг үе шаттайгаар ажил явагдаж байна. Зайлшгүй өргөтгөл хийх шаардлагатай. Олон хувилбар яригдсан. Хөрөнгө мөнгөний асуудлаас болж зогсонги байдалтай байна. Сайншанд өртөө 1956 онд баригдахад аймаг 1500 хүн амтай байсан. Одоо аймгийн төвд 28000 хүн, нийт аймгийн хэмжээнд 80 мянган орчим хүн амтай. Дорноговь аймаг аялал жуулчлалын төв боллоо. Үйлчлүүлж байгаа иргэдийн тоо эрс өссөн. Тэгэхэд манай вокзал 100 хүнд л үйлчлэх хүчин чадалтай. Сүхбаатараас Замын-Үүд хүртэл тулгуур арван өртөөтэй. Хуучны загвар хийцтэй барилгыг өөрчлөөгүй хэвээр үлдсэн нь Сайншанд өртөө. Бид хүсэлтээ тавиад комисс ажиллаад газрын сонголтоо хийгээд Сайншандад дөрвөн давхар өргөтгөл хийхээр төлөвлөсөн. Шинэ байранд орохоор вокзалаа энэ зарчмаар ажиллуулаад үйлчилгээний төвөөрөө явбал зүгээр. Вокзалын танхимыг түрээсэлж орлого олох, хоолны газар гэх мэт хүнд хэрэгцээтэй үйлчилгээг үзүүлж, өөрийн өртгөө бууруулах арга хэмжээг авч болно. Энэ мэтчлэн ажлууд хийгдээд л байгаа. Өөрсдийн аж ахуйн аргаар вокзалын урдах 400 ам.метр талбайг тохижуулсан. Будаж янзлаад автомашины зогсоол хийж үүдэндээ мөнгө хураадаг болсон чинь бөөн хэл ам, сошиалоор элдвээр хэлүүллээ. Гэхдээ ингэж хийсний үр дүнд сардаа 800.000 төгрөгөөр түрээсэлж, жилдээ 9.6 сая төгрөгийн орлого бүрдүүлээд далайд дусал нэмэр гэгчээр аж ахуйн бичиг хэргийн зардал, цэвэрлэгээний материал авахад зарцуулж байна. Бага багаар асуудлаа шийдээд явж байна.
-Говийн бүсийн анхдугаар хуралдаан боллоо. Хуралд урд хэсэглэлийн удирдлагууд оролцсон. Төмөр замд ямар ашигтай хувилбар яригдсан, хэр үр дүнтэй хурал болсон бэ?
-Энэ хуралдаанаар бүсчлэлийн хөгжлийн асуудал яригдсан. Ганц Дорноговь аймаг биш говийн чадалтай нь чадалгүйгээ чирээд явья гэдэг асуудал хөндөгдсөн. Улсаас татаасгүйгээр орлогоо бүрдүүлж явдаг аймгийн нэг бол Дорноговь. Өмнөговь аймаг юм. Гэтэл Говьсүмбэр, Дундговь аймаг улсаас татаастай. Уул уурхайн тээвэрлэлтийг ямар ашигтай байдлаар тээвэрлэх юм. Автомашинаар тээвэрлэхээр алдагдалтай байдаг. Тэгэхээр төмөр замыг яаж хөгжүүлэх юм. Нэг зүтгүүр хоёроос гурван том тэрэгний дайны түлш зарцуулна. Гэтэл зүтгүүрийн бүтээмж ямар билээ. Арван машины нэгний ачаа тээвэрлэлт 18 куб.метр Тэгэхэд нэг вагон 68-70 куб.метрээр ачна. 50-60 вагонаар нь чирээд явж байна. Бүтээмж өндөр, ашиглалтын зардал багатай тээвэрлэлт улс орондоо ч хэрэгтэй. УБТЗ бие даасан ганц төмөр замын байгууллага байсан бол одоо Монгол Улсын төмөр замын салбар тэлж байна. Яаж хөгжих вэ, ямар гаргалгаа байна. Хамтдаа асуудлаа шийдье. Хамтдаа хүндрэлүүдээ даван туулья гэсэн бодлогын зүйлүүд яригдсан. Би хоёр ч удаагийн ийм хуралдаанд орсон. Улаанбаатарт болсон хуралдаанд аймгаа төлөөлж оролцсон, илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Төмөр зам ийм ашигтай, ийм үр дүнтэй, төмөр зам байгуулагдсанаар ийм давуу талтай гэдэг онцлогийг харуулж ярьсан.
-Төмөр замд өрсөлдөөн бий болчихлоо. Хамтын ажиллагаа, уялдаа холбоо хэрхэн явагдаж байна вэ?
-Манайх хоёр том гүрний дунд байгаа жижиг улс. УБТЗ хөндлөн транс Сүхбаатараас Замын-Үүд гээд хоёр улсыг холбож байгаа. Өнөөдрийн байдлаар ингэж холбочихсон хувийн болоод улсын чанартай төмөр зам гэж алга. Одоо орон нутаг дотроо л үйл ажиллагаа нь явагдаж байгаа асуудал. Цаашдаа арай өөр байдлаар хөгжих болов уу гэж хардаг. Гол зам руугаа ороод тээвэр хийгээд явах бусад улс, хувийн төмөр замууд тээврийг аваад орьё гэхээр гол замын ачаалал дийлэхгүй байна. Зайлшгүй хос зам хэрэгтэй болж байгаа. Дээр нь тээврийг зөв оновчтой төлөвлөөд улсаас зардлууд гаргаад хос зам тавигдчихвал шинэ гол зам, шинэ орц гарцтай болоод ирэхийн бол жинхэнэ өрсөлдөх байдал харагдах байх. Одоогоор УБТЗ монополь байна шүү дээ. Гэхдээ нэг талаас УБТЗ дангаараа харагдаад байгаа боловч нөгөө талаасаа ачааллаа дийлэхгүй байна. Тээх нэвтрүүлэх чадвар. Боловсруулах гэдэг асуудал өртөөн дээр байдаг асуудал. Нэвтрүүлэх гэдэг нь гол замын асуудал. Хоёр ялгаатай асуудал. Бид “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэгчээр УБТЗ-ын төмөр замчид үнэхээр мундаг ажиллаж байгаа. 30.5 сая тонн, одоо 32.0 сая тн тээвэрлэлт хийнэ гэдэг өөрийнхөө хэмжээнд байхгүй том тоо юм. Таван настай хүүхэд уурга бариад эмнэг адуу бугуйлдаад барьж байгаатай адил монгол ухаанаар зүйрлэвэл ингэж л харьцуулна. Тийм өндөр ур чадварыг тээвэр зохион байгуулалтын алба зөв оновчтой хийж чадаж байна. Гэхдээ төмөр замын ажил нийлмэл ажил, хамтын ажиллагаа нягт сайн байгаагийн шинж юм.
-Монголын төмөр зам болон хувийн хэвшил рүү шилжих, мөн Солонгос зэрэг улсад ажиллаж байгаад ирсэн хүмүүс буцаж ажилд орохоор хэр хандаж байгаа вэ?
-Буцаад ажилд орох хүсэлтэй хүмүүсийг ажилд авах тал дээр байгууллага бүр өөр бодлого барьж байгаа байх. УБТЗ явсан хүмүүсийг буцааж авахгүй гэсэн яриа байдаг. Би бол үүний эсрэг байдаг. Бид ийм хэвшмэл, хуучинсаг байдлаасаа салах ёстой. Өөр газар очоод дэвшилттэй юм сураад буцаад зориод ирж байгаа хүнийг авах ёстой. Ямар урваад явж байгаа биш. Дайн дажин биш дээ. Тэр талаас нь харж болохгүй. Хүн хөгжөөд ирж байна. Буцаад ирж байна. Энэ хүнд хэцүү байгаа үед хаяад явсан шүү дээ гэж занаж хонзогонох бус, тэр хүн юу мэдэж ирсэн юм, түүнийг бид ашиглах ёстой. Бид нэгдсэн технологийн дагуу явдаг хүмүүс, технологийнхоо хүчийг хэрхэн нэмэгдүүлэх, яаж задалж сайжруулах, эндээ хайрцлагдаад байвал задарч чадахгүй. Яваад ирэг. Яваад ирсэн залуус яаж байна. Тухайлбал, манай тээшин дээр гадаад оронд баглаа боодол хийдэг газар ажиллаж байсан хүмүүс энд баглаа боодлыг ямар сайхан хийж байна вэ. Сураад ирчихсэн. Том дэвшил. Яваад ирсэн хүмүүс мөнгөний үнэ цэнийг мэдрээд ирнэ. Амьдрал, хань ижил, гэр бүлийн үнэ цэн гэдгийг ойлгоод ирж байна. Миний ганц барьдаг зарчим бол хамгийн эрхэмлэж нулимж болохгүй зүйл чинь байгууллага, хамт олон, гэр бүл. Гэр бүл, сэтгэл зүй тогтвортой, амьдрал цаашаа үргэлжилнэ. Байгууллага нэгдсэн зорилго, бодлоготой байж хүмүүс нь хөгжинө. Адууг тараахгүйн тулд азарга тавьдаг, айлыг тараахгүйн тулд аав байдагтай адил байгууллагын нэгдсэн технологийг зангидахын тулд байгууллагын удирдлага гэж байна. Удирдлагын түвшний хүн зөв бодолтой, зөв жолоотой байх хэрэгтэй. Тэгэхгүй хүмүүсээ ялгадаг салгадаг байж болохгүй, айлын аав ямар хүн байх ёстой юм тэр зарчмаар явах хэрэгтэй гэж боддог.
-“Говийн төмөр замчин” хөтөлбөр хэрэгжсэнээр говь рүү тэмүүлэх нүүдэл ихэссэн үү?
-“Говийн төмөр замчин” хөтөлбөрийн давуу тал гэвэл өмнө нь УБТЗ-д ажилласан жил нь тасардаг байсан. Хангайд дутагдал гаргаад халагдсан хүмүүс ажилгүй болчихоод хэсэг хугацааны дараа ажилд ороход ажилласан жил нь тасарчихаж байгаа юм. Манай говь руу ирээд таван жил тогтвор суурьшилтай ажиллавал ажилласан жил тасрахгүйгээр тооцогдоно. Тэр дундаа ажилласан жил хэдэн жилээр тасарсан нь хамаагүй. Манайд таван хүн ирсэн, Өргөн дээр нэг залууг авсан хангай нутагт найруулагчаар ажиллаж байсан залуугийн гэр бүлийг нь ажилд авлаа. Ажилд авсан гэр бүлийн хүн нэлээд алдаа гаргажээ. Өдөр тутмын ажилдаа алдаа гаргаж, бид чадавхжуулаад гурван сарын сургалт аваад ажилд орсон хүмүүстэйгээ биечлэн уулздаг. Хүн мэдэхгүй, чадахгүй байж болно. Үүнийг мэдэхийн төлөө мэрийж, хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ хандах ёстой. Тэгэж байж өгөөжөө өгнө өө. Тэгэхгүй бол ажилдаа сэтгэлгүй, өдөр хоног өнгөрөөсөн, цалин авах төдий л байдаг, шүүмжлэгчийн байр сууринаас ханддаг бол амьдрал ч, ажил ч явдаггүй. Ажилдаа сэтгэл хангалуун, итгэл дүүрэн байх хэрэгтэй. Хүн алдаж болно. Гологдол гарахгүй зүйл биш гарч болно. Давтаж л болохгүй.
-Төмөр замд шинэ үеийнхэн ажиллахаар ороод ирлээ. Өртөө зөрлөгийн ихэнх ажилтан нь 18-35 насны залуучууд байгаа нь бахархал төрүүлж байна. Тэднийг хөгжүүлэх, заримдаа шинэ эрин үеийн технологийг тэднээс суралцах ч цаг үе тохиож байна. Тэдэнтэй хамтарч ажиллах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Одоогийн залуучуудыг өөрийнхөө хүүхэд л гэж бодох хэрэгтэй. Бид өмнө нүүрс вагоноор ирэхэд аваарай гээд л орхидог. Өөрсдөө буулгаад зөрлөг дээр тараадаг. Одоо ажлаасаа чөлөөтэй, төв дээр байгаа дутуу цагтаа залуусаар шигшсэн хоггүй, чулууг ялган шуудайлж айл бүрт гадаа нь хүргэж өгдөг. Энэ бол том хайр биз. Байр орон сууцыг засаж өгөөд, ажиллах орчинг бүрдүүлээд өгөх юм болбол энэ залуучуудаас их зүйл гарна. Тэгэхгүй ажилд орьё гээд ирэхээр нь ажилд аваад л тэр чигт мартчихвал нэгдүгээрт, том эрсдэл болно. Хөдөлгөөний аюулгүй байдал тэр чигтээ алдагдана. Хоёрдугаарт, нөгөө хүүхдүүд шантарч эхэлнэ. Гуравдугаарт, тэд нараас үр дүн нэхээд хэрэггүй. Мэдээж загнаж зэмлэх зүйл гарна. Болж өгвөл голчийг олоод явах хэрэгтэй. Байгууллагын даргад хүн бүртэй харилцах түлхүүр байх ёстой. Нэг үзэл бодол, хэмнэл, ааш зангаар байгууллагыг удирдаж явуулна гэвэл хэцүү. Магтвал ажил сайн хийдэг хүн байна. Ташуурдаад зуураатай байгаад байвал ажил сайн асуудалгүй явдаг нэгэн байна. Жаахан дураар тавьчихвал ажилдаа ирэхгүй архи уугаад алга болдог ч хүн байна. Тэр хүнд хоргодох зүйл сэтгэлд нь заавал үлдээх хэрэгтэй. За ядарч байна уу, зовж байна уу, юу нь болохгүй байна гээд ядарсан үед нь туслаад явах хэрэгтэй. Манай хамт олон тэр тал дээрээ мундаг шүү. Шуурхай ажил эрхэлсэн орлогчийг осолд өртөхөд Онцгой байдлын онгоцыг хүртэл Дорноговьд буулгаж байлаа. Баг болж ажиллах чадвартай. 35 хэсгийн даргын гэр бүлийн хүн олон жил бөөрний дутагдалтай долоо хоногт 2-3 удаа төвд аппаратад ордог. Бид Замын даргын үзлэг дээр асуудал тавьж байгаад Сайншанд өртөөнөөс зардлыг нь даагаад шатахууныг гаргаад өгсөн нь их нэмэр болж байгаа тэр хүмүүст. Иймэрхүү зөв хандлага дээр уягддаг. Хүн хэр баргийн загнуулаад, арга хэмжээ авагдсан тохиолдолд гомддоггүй. Хүнийг ижил бус түвшинд ялгаварлахад л хамгийн их гомддог. Хүмүүстэйгээ бусадтай нь адилхан харилцах хэрэгтэй. Хүндлэлтэй харилцах ёстой. Загнаж байсан ч түүний ард жаахан ч гэсэн хүндэтгэл байх учиртай.
-Танд ажлын амжилт хүсье.
П.Түмэндэмбэрэл
