Нүүр Ярилцлага Д.Батдорж: “Иргэд нь замын хөдөлгөөний дүрмээ чанд сахиж буй улсад бүх хууль мөн...
Ярилцлага

Д.Батдорж: “Иргэд нь замын хөдөлгөөний дүрмээ чанд сахиж буй улсад бүх хууль мөн адил хэрэгжинэ” гэсэн үг байдаг

G.Press 11 сарын өмнө 101 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Жил бүр Олон улсын төмөр замын холбоо /UIC/- ноос “Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил энэ өдрийг зургадугаар сарын 4-нд тэмдэглэн өнгөрүүлж байна. УБТЗ-ын хамт олон энэ өдрийг угтаж олон ажил хийдэг. Үүнтэй холбогдуулан УБТЗ-ын  Тээврийн хяналтын албаны орлогч дарга Д.Батдоржтой ярилцлаа.

 

-Энэ жил “Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэж байна вэ?

 

- UIC—ээс дэлхий даяар жил бүр зохион байгуулдаг энэ өдрийг энэ жил  зургадугаар сарын 04-нд “ТҮР ЗОГС! БҮҮ ЯАР!уриатайгаар тэмдэглэж байна. Уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд УБТЗ-ын хамт олон жил бүр эрсдэлийн нөхцөлөөс шалтгаалан гармуудыг шинэчлэн сайжруулах ажлыг хийдэг. Энэ жил дараах гармуудыг шинэчлэн сайжруулах, засварлахаар төлөвлөөд ажлын гүйцэтгэл сайн хангагдаад явж байна. Тухайлбал, Орхон өртөөний 73 дугаар км, Ногоонтолгой-Мандал хоорондын замын 313 дугаар км, 41 дүгээр зөрлөг-Өргөн хоорондын замын 937 дугаар км дэх гармыг тус тус жижүүрийн зохицуулалттай болгон тоноглох их барилгын ажил хийсэн. Гармын мэдлэг дээшлүүлэх өдрөөр нээж, бүрэн ашиглалтад оруулна. Мөн Зүүнхараа-Үнэгт хоорондын замын 233 дугаар км-ийн гарам, Багахангай-Булагтай хоорондын замын 3 дугаар км-ийн гарам, Лүн-Оорцог-Энгэр хоорондын замын 621 дүгээр км-ийн гарам, Долоодын хөндий-Улаан-Уул хоорондын замын 985 дугаар км-ийн гарам, Хөтөл өртөөний 29 дүгээр км, Баянтүмэн тасгийн Хөхнуур-Эрээнцав хоорондын замын 3 дугаар км-ийн гармуудыг “Жишиг гарам” болгон тохижуулж, шинэчлэн сайжруулсан.

 

-УБТЗ жилд энэ чиглэлээр хичнээн төгрөг зарцуулдаг вэ?

 

-Жил бүр гармыг сайжруулахад зарцуулж буй хөрөнгийн хэмжээ нэмэгдэж байна. Энэ жил 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зөвхөн гармын нөхцөлийг сайжруулахаар зарцуулсан.

 

-Гармыг нөхцөлийг сайжруулах чиглэлээр хийж буй ажлын үр дүн хэр гарч байна вэ. Гарам дээр гарсан осол, зөрчлийн тоо буурч байна уу?

 

-Замын хэмжээнд нийт 358 гарам байдаг. Гарам бүр эрсдэл дагуулдаг, энэ оны эхний таван сард гарам дээрх гологдол, дутагдлын судалгаагаар бүх эрсдэл жолооч, хувь хүний буруутай үйлдлээс үүдэн гарч, холбогдох хууль дүрмийн дагуу Тээврийн цагдаагийн алба “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу бүртгэсэн. Гол зөрчил нь галт тэрэгний өмнүүр амжиж гарах гэж дүрэм зөрчсөнөөс, галт тэрэг зогсоосон дутагдал 31, гарман дээр тээврийн хэрэгсэл галт тэрэг, сэлгээнд дайрагдсан гологдол хоёр, гармын төхөөрөмж, хаалт бусад зүйлсийг машинаар дайрч, мөргөж гэмтээсэн дутагдал 11 удаа гарсан. Сүүлийн гурван жилийн судалгааг харвал тодорхой хэмжээнд буурч байна. Энэ нь гармын эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Тээврийн цагдаагийн албатай хамтарсан олон ажлууд, Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийн хүрээнд иргэд, жолооч нар руу чиглэсэн ажлууд, телевиз, радио, сошиалаар явуулж буй нөлөөллийн аянууд зэрэг олон ажлын үр дүнд гармын эрсдэл мэдэгдэхүйц буурч байна. 2023 онд тээврийн хэрэгсэл дайрагдсан гологдол 10, яаралтай тормоз хийсэн дутагдал 69 гарсан бол 2024 онд тээврийн хэрэгсэл дайрагдсан гологдол ес, яаралтай тормоз хийсэн дутагдал 58 болж буурсан.

 

-Гарам дээр осол, зөрчил гаргасан жолооч нарт ямар хариуцлага тооцдог вэ?

 

-Гарам дээр зөрчил гаргасан жолоочид хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж олон жил санал гаргаж байгаа. Тээврийн цагдаагийн албаныхан ч дэмждэг. Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу гарман дээр зөрчил гаргавал 25 нэгж буюу 25 мянган төгрөгөөр торгуулиад өнгөрдөг нь тухайн зөрчлийн эрсдэл, төмөр замд учруулж буй хохиролтой харьцуулахад бага гэж үздэг. Дээрээс нь шийтгэлгүй өнгөрч буй тохиолдлууд байдаг. Авто замын хөдөлгөөний соёлыг хэвшүүлэх, бусдад болон өөрт учруулж буй эрсдэлийг бууруулахын тулд гаргасан гэм бурууд нь тохирсон шийтгэл байхгүй, хэт хөнгөдвөл хүн тухайн алдаагаа ухамсарлахгүй давтах, бусад хүмүүс түүнийг анхаарахгүй байна. Гарман дээр дүрэм журмаа баримтлахгүй хайнга хандаж томоохон осол гаргасан жолоочийн учруулсан хохирол хэдэн тэрбумаар тооцогддог, өөрийн болон бусдын амь насыг ноцтой эрсдэлд оруулдаг.

 

-Гарам дээр гарсан осол зөрчлийн улмаас төмөр замд учирсан хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүлдэг үү? 

 

-Гарман дээр зөрчил гаргаад галт тэргийг зогсоосон тохиолдолд зогсолтын төлбөрийг, хэрэв гармын төхөөрөмж эд зүйлсийг гэмтээсэн бол учруулсан бодит хохирлыг нэхэмжлэн цагдаагийн байгууллагын туслалцаатай төлүүлж байгаа. Галт тэргэнд тээврийн хэрэгсэл дайрагдсанаас шалтгаалж ноцтой осол гарч, төмөр замд онц их хэмжээний хохирол үүссэн тохиолдлыг тухайн нэг жолооч иргэн төлж барагдуулах бололцоогүй олон тэрбумын хохирол гараад, хариуцагч байгууллага, компанийг шүүхэд өгч нэхэмжлэх гаргасан тохиолдол бий. Иймд жолооч нар гармаар өнгөрөх үедээ маш өндөр сонор сэрэмжтэй байж, дохионы заалтыг баримтлан, дүрэм зааврын дагуу нэвтэрч байх хэрэгтэй. Жолооч гэрлэн дохиотой уулзвараар улаан гэрлээр дүрэм зөрчин нэвтэрвэл ямар нэг машинтай мөргөлдөх эрсдэл үүсдэгтэй адил, төмөр замын гарам бол үүнээс ч олон дахин илүү бодит аюул, хохирол үүсгэх эрсдэлтэйг байнга санаж, хүлээцтэй байж хэвших хэрэгтэй. 

 

-Гармын эрсдэлийг илүү бууруулах, цаашлаад бүрэн арилгах боломжтой юу?

 

-Төмөр зам, авто замтай нэг түвшинд огтлолцдог гарам байгаа л бол эрсдэл байсаар байх болно. Төмөр замтай улс бүрд нэг түвшинд огтлолцдог гармууд байдаг. Тиймээс UIC-ээс дэлхий даяар нэгэн зэрэг зохион байгуулдаг том арга хэмжээ нь “Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр” юм. Гарам дээрх эрсдэлийг арилгах хамгийн оновчтой шийдэл нь төмөр зам, авто замыг ижил бус түвшинд огтлолцуулах юм. Өөрөөр хэлбэл, гармыг алга болгож байж л эрсдэл арилна.

Энэ чиглэлээр Нийслэл, орон нутгийн захиргаанаас сүүлийн жилүүдэд дорвитой ажлуудыг хийж байгаа нь маш сайшаалтай байна. Гэхдээ бүх гармыг ижил бус түвшинд огтлолцуулах боломж нөхцөл хараахан байхгүй үед гарам дээрх эрсдлийг бууруулахын тулд ард иргэдэд гармаар аюулгүй зорчих мэдлэг мэдээллийг олгох хэрэгтэй. Жолооч, явган зорчигчид гармаар нэвтрэхдээ дүрэм журмаа баримтлаад, аюулгүй байдлаа хангаад явбал осол, зөрчлийн тоо буурах боломжтой.

 

-Нийслэлийн санхүүжилтээр хот доторх өндөр ачаалалтай дөрвөн гармыг ижил бус түвшинд огтлолцуулах бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Толгойтын 396 дугаар км-ийн гармыг хоёр түвшинд шийдсэн. Энэ ажлын явц ямар байгаа бол... Одоо 396 дугаар км-т эрсдэл тэглэсэн гэж ойлгож болох уу?  Дараагийн хонгилон гарцууд хэзээ ашиглалтад орох вэ?

 

-Өнгөрсөн онд Нийслэлийн зүгээс том бүтээн байгуулалтын ажил хийсэн нь Таван шарын буюу 396 дугаар км-ийн гармын авто замын хөдөлгөөнийг дөрвөн урсгалтай хонгилон гарц шүү дээ. Төмөр замын гармыг авто замын хөдөлгөөнд бүрэн хаасан, одоо эрсдэл арилсан. Гэхдээ уг гармын явган хүний урсгалыг бүрэн шийдвэрлээгүй байгаа тул түр явган хүний гарц хэлбэрээр ашиглаж байна. Нийслэлтэй тохиролцсоны дагуу зургадугаар сарын 15-наас явган хүний гарцыг хааснаар эрсдэл бүрэн арилна. Үүнээс гадна 398 дугаар км буюу Геологийн лабораторийн уулзварын урд тал, 402 дугаар км буюу Гермес төвийн урд талд нийслэлийн хөрөнгө оруулалтаар төмөр зам доогуур хонгилон гарц байгуулах төслийн ажил үргэлжилж байна. Энэ жил бүрэн дуусгана гэж найдаж, УБТЗ-аас бүх бололцоо нөхцөлийг нь бүрдүүлж байгаа. Улаанбаатар хот доторх гармуудаас хамгийн ачаалалтай 407 дугаар км буюу Дүнжингаравын уулзварын гармыг мөн дээрх төслийн дагуу ижил бус түвшинд огтлолцуулж, хонгилон гарц барих ажил хийгдэх байх гэсэн хүлээлттэй байна.     

 

-Одоогийн байдлаар, УБТЗ-ын хэмжээнд төмөр зам, авто замын огтлолцол хоёр түвшинд шийдэгдсэн хэдэн газар байна вэ?

 

-Сүүлийн жилүүдэд нийслэл, аймгийн төсвийн хөрөнгөөр төмөр зам авто замыг ижил бус түвшинд огтлолцуулж эрсдэлийг арилгах, авто замын түгжрэлийг бууруулах ажлуудыг хийж байна. Дээр дурдсан 396 дугаар км-ийн гармаас гадна 408 дугаар км-т буюу “Өгөөмөр” захын цаад талд Нарны замаас төмөр зам доогуур хонгилон гарцаар Дүнжингарав захын зам руу холбогдох гарц, 518 дугаар км-т байсан гармыг “МонЧех” компанийн хөрөнгө оруулалтаар хонгилон гарц барьж, гармыг хааж эрсдэлийг арилгасан. Мөн  Дархан хот дотор 121 дүгээр км-т орон нутгийн хөрөнгө оруулалтаар төмөр зам дээгүүр шинэ гүүр барьж, гарц үүсгэсэн зэрэг дэвшилтэт ажлууд бий. Эдгээр нь төмөр зам, авто зам нэг түвшинд огтлолцох эрсдэлээс сэргийлсэн хамгийн зөв, үр дүнтэй, ирээдүйтэй шийдэл юм.

 

-Өнгөрсөн онд танай албанаас үзлэг шалгалт хийгээд зарим гармыг хаасан.  Одоо хаах шаардлагатай гармууд байна уу?

 

-Эрсдэлт нөхцөл байдлыг судалж, танилцуулснаар Зам тээврийн сайдын тушаалаар 2023 онд 16, 2024 онд дөрвөн гармыг хааж эрсдэлийг бууруулсан. Цаашид Дархан-2-Шарын голын хоорондын замын 27 дугаар км, Мааньт-Агуйт хоорондын замын 545 дугаар км, Наран-Элгэн-Оорцог-Энгэр хоорондын замын 596 дугаар км, ТЭЦ-4 станцын түр гармыг тодорхой нөхцөлийн үндсэн дээр хаахаар төлөвлөсөн.

 

-Гадны улс орнуудад гармын аюулгүй байдлыг хэрхэн хангадаг бол... Энэ талаар хийсэн судалгаа бий юу?

 

- Төмөр зам бүхий бүх улсуудад гармын аюул эрсдэл байсаар байгаа. Тийм ч учраас дээр дурдсан ГМДОУ-ын өдрийг зохион байгуулдаг. Төмөр замын байгууллагын зүгээс гармын төхөөрөмж байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, дэвшилтэт технологи ашиглаж аюулгүй байдлыг хангахаар ажилладаг боловч гармын эрсдэл буураад тэглэгдэнэ гэж байдаггүй юм байна. Учир нь нэвтрэх автомашины жолооч, явган зорчигчдын зүгээс гаргах зөрчил, алдаа эрсдэл огт алга болохгүй байна. Ийм учраас ард иргэдэд гармын тухай мэдлэгийг тасралтгүй олгож, зөв дадал хэвшилтэй болгож байж эрсдэлийг тодорхой түвшинд буулгах боломжтой.  

 

- Өндөр хөгжилтэй орнуудын төмөр замын гарам дээр манайх шиг ийм олон хаалт, тоноглол байдаггүй. Ард иргэд нь өөрсдийн аюулгүй байдлаа хангаж, дүрэм журмаа мөрдөөд явдаг гэдэг. Хүмүүсийн ухамсар, төлөвшлийн түвшинтэй эрсдэлийн түвшин шууд хамааралтай байдаг бололтой. Энэ талаар таны бодол...?

 

-Энэ маш чухал асуулт байна. Үүнтэй санал нэг байна. Тухайн улсын иргэдийн замын хөдөлгөөний дүрмээ баримтлах, хөдөлгөөнд оролцож буй соёлоос төмөр замын гарман дээрх зөрчил шууд хамаарна. “Иргэд нь замын хөдөлгөөний дүрмээ чанд сахиж буй улсад бүх хууль мөн адил хэрэгжинэ” гэсэн үг байдаг юм билээ. 

Гармын мэдлэг дээшлүүлэх өдрийн гол зорилго бол иргэд, жолооч нарт гармын нөхцөл байдал, эрсдэлийг ойлгуулах, таниулах, дүрэм журмын зохицуулалт ямар байдаг, зөрчлөөс сэргийлэх мэдлэг, зөв дадал олгох нь хамгийн гол зүйл юм. Иргэд, жолооч нар бүгдээрээ гармаар нэвтрэхдээ дүрэм журам, дохио тэмдгийн заалтаа баримталдаг зөв дадалтай болох юм бол маш олон эрсдэлээс сэргийлж, хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах боломж бололцоо бүрдэнэ. Гармын мэдлэг олгох ажил зөвхөн нэг өдрийн ажил биш, байнга хийх ажил юм шүү.

 

-Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг манай албад ээлжээр зохион байгуулдаг. Тиймээс жил бүр энэ үйл ажиллагааны агуулга, хэлбэр баяжаад, үр өгөөж нь дээшилж байна уу гэж хардаг. Энэ жил аль албанаас зохион байгуулах вэ? 

 

-Гармын мэдлэг дээшлүүлэх өдрийг УБТЗ-ын маш олон алба, байгууллага, төмөр замчдын оролцоотой зохион байгуулдаг. Энэ жилийн зохион байгуулалтыг Тээвэр зохион байгуулалтын алба, тулгуур өртөөд хариуцаж, гол гүйцэтгэгч нь Замын аж ахуйн алба, Замын ангиуд, Дохиолол холбооны алба, ангиуд, Барилга орон сууцны алба, ангиуд, Эрчим хүчний төв, ангиуд, Маркетингийн алба, мөн идэвхтэй ажилласан Худалдан авах ажиллагаа, борлуулалтын алба, Эдийн засаг төлөвлөлтийн алба, Санхүүгийн албаныхан гээд гарам сайжруулахад оролцсон бүх төмөр замчдадаа баярласан талархсанаа илэрхийлье.

 

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.   

 

Б.Гүнжинлхам

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.