Нүүр Энэ сэдвээр Д.Батдорж: Гологдол, дутагдлын тоог бууруулж чадсан нь чамгүй амжилт
Энэ сэдвээр

Д.Батдорж: Гологдол, дутагдлын тоог бууруулж чадсан нь чамгүй амжилт

G.Press 5 сарын өмнө 79 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

 

УБТЗ-ын Тээврийн хяналтын албаны дарга Д.Батдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-2025 он дуусах гэж байна. Энэ онд УБТЗ-ын хамт олон галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хэр хангаж ажилласан бэ?

 

-Миний хувьд Тээврийн хяналтын албаны даргаар арваннэгдүгээр сарын 31-нд томилогдсон. Өмнө нь энэ албандаа төвийн хэсэг хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан болохоор 2025 онд хөдөлгөөний аюулгүй байдлыг төмөр замчид маань хэрхэн хангаж ажилласан талаар товчхон ярья.

Энэ онд бид аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах, тэр тусмаа гадны шалтгаантай гологдол дутагдлыг бууруулах зорилго тавьсан. Энэ зорилго маань тодорхой хэмжээгээр үр дүнд хүрлээ гэж дүгнэж байна. Тухайлбал энэ оны эхний 11 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс гологдлыг гурван нэгжээр, дутагдлыг 143 нэгжээр тус тус бууруулсан. Тодруулбал, өнгөрсөн оны эхний 11 сард 668 дутагдал гарч байсан бол энэ онд эхний 11 сард 525 болгож бууруулсан. Гологдлын мэдээллийг бид яаманд тайлагнадаг. Харин дутагдлыг бид дотооддоо бүртгээд явдаг. Учир нь, дутагдал бол гологдол гарах эрсдэлт нөхцөл гэсэн үг. Бид эрсдэлийн үнэлгээг хийгээд, дутагдлыг ангилан ялгаж, шалтгаан, хүчин зүйлийг нь тодорхойлоод дутагдлын мөрөөр ажилласнаар ерөнхий аюулгүй байдлын эрсдэлээ бууруулж байна гэсэн үг.

Энэ жил зүтгүүрийн аж ахуйн алба, зүтгүүрийн парк сайн ажилласан. Өмнөх жил 270 дутагдал гаргаж байсан бол энэ жил дутагдлын тоог 70 нэгжээр бууруулсан. Бүх албад хичээж ажилласнаар гологдол, дутагдал буурсан.

 

-Ер нь, тээврийн хэмжээ өсөх, галт тэрэгний тоо нэмэгдэхийн хэрээр гологдол дутагдал, зурмагийн тасалдал өсчих гээд байдаг талтай. Гэтэл энэ жил гологдол, дутагдлын тоог бууруулж чадсан гэдэг нь чихэнд чимэгтэй л дуулдаж байна?

 

-Менежментийн нэгдсэн тогтолцоонд аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зорилт байсан. Үүн дээр нэмээд Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэнгийн санаачилгаар 2022 оноос аюулгүй байдлын бодлого, дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 2022-2025 онд Замын хэмжээнд аюулгүй байдлын соёлыг бүх түвшинд ахиулах, үүнийг төмөр замчдад ойлгуулах, хэвшүүлэх ажлыг хийлээ. Дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлээд дуусахад тодорхой үр дүн гарч байгаа нь бид зөв чиглэлд явж байдгийн илрэл. Хэдийгээр аюулгүй байдлын дунд хугацааны хөтөлбөр энэ онд бүрэн хэрэгжээд дуусаж байгаа ч энэ цааш үргэлжилнэ.

Анх “Аюулгүй байдлын соёл” гэдэг нэр томъёо зарим хүнд шууд буухгүй байсан байж магадгүй. Тухайн үед байгууллагын соёлын нэг хэсэг болох аюулгүй байдлын соёлыг хэрэгжүүлье гэдэг санаачилга гаргаад хөтөлбөртөө тусгасан. Одоо манай байгууллагууд, хөдөлгөөнтэй холбоотой ажиллагсад аюулгүй байдлын соёл гэж юу вэ гэдгийг ойлгодог болсон. Үүнд хүн болгон хэрхэн оролцох ёстой вэ, нээлттэй мэдээллийн тогтолцооны дагуу мэдээллээ хаашаа хэрхэн өгөх вэ, юуны тухай мэдээлэх вэ гэдэг ойлголт тодорхой учраас өдөр тутамдаа хэвшээд байна.

Дээр нь, Замын даргын А-828 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу байгууллага болгон эрсдэлийн үнэлгээгээ хийдэг болсон. Нөгөө талаар, орчин үеийн хэрэгцээ шаардлагын дагуу цахим технологи руу шилжиж, төмөр замчид гар утаснаасаа мэдээлэл авах, илгээх нь хялбар болсон. Жишээ нь, норматив цахим болж, энэ нь улам сайжраад явж байгаа.

Цахим нормативаар хөдөлгөөний аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах, удирдах, инженер техникийн ажилчид хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой зайлшгүй хийх ажлуудыг нормчилчихсон. Өөрөөр хэлбэл, ажилтан аль ч өртөө, зөрлөгт явж байсан цахим нормативыг гар утаснаасаа хийгээд аюул эрсдэлээс сэргийлэх, түүнийгээ тайлагнах бололцоотой болчихсон. Энэ аюулгүй байдлын бодлого зорилтод тусгагдсан нэг ажил. Дунд хугацааны хөтөлбөрийн эхний шат дуусаж байгаа учраас 2026-2030 он хүртэлх хөтөлбөрийг боловсруулах ажил ид үргэлжилж байна. Бид удахгүй болох Аюулгүй байдлын зөвлөгөөнөөрөө уг хөтөлбөрөө танилцуулна.

Өмнөх хөтөлбөрөө үргэлжлүүлээд үзэл санааг нь улам нарийвчлаад дээрээс нь орчин цагтайгаа нийцүүлээд шинэчилэн гаргаад, дараагийн дунд хугацааны хөтөлбөрөө танилцуулах юм.

 

-Дотооддоо эрсдээлээ хянаад, гологдол дутагдлыг бууруулж болж байна. Гадны хүчин зүйлээс шалтгаалсан гологдол, дутагдлыг хэрхэн бууруулах вэ? 

 

-Биднээс 100 хувь шалтгаалдаггүй ард иргэдтэй холбоотой гологдол дутагдал гардаг. Тэр тусмаа төмөр замын гарам дээр жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс галт тэргэнд тээврийн хэрэгсэл дайрагдах, амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулах, галт тэргийг яаралтай тоормос хийлгэж саатуулах, аюултай бүс рүү гадны иргэд орж галт тэрэг зогсоох, эсвэл манай хөдлөх бүрэлдэхүүнийг харилцагч байгууллагууд гэмтээх гэх зэрэг гадны шалтгаантай гологдол, дутагдал зэргийг бууруулах зорилтыг тавьсан. 2024 оныг хүртэл гадны шалтгаант гологдол, дутагдлын тоо өсөлттөй явж байсан. Энэ онд биднээс 100 хувь хамаардаггүй эрсдэлүүдийг ч бололцоотой бүх арга хэмжээг авч бууруулъя гэсэн зорилт тавьсан. Үүн дээр төрийн болон хүчний байгууллагуудтай хамтарч ажиллан эрсдэлийг бууруулах зорилт тавьсан.  Сүүлийн жилүүдэд энэ чиглэлд түлхүү анхаарч ажилласны үр дүнд бусдаас шалтгаалсан дутагдал 39 нэгжээр, гологдол хоёр нэгжээр буурсан.Тухайлбал, 2024 оны мөн үед бусдаас шалтгаалах гологдол 21 гарсан бол энэ онд 19 болсон. Энэ бууралт бага юм шиг боловч ийм үр дүнд хүрэхийн тулд ямар их хүч чармайлт гаргаж ажилладгийг манай албад мэдэж байгаа. Гадны хүчин зүйлээс шалтгаалах гологдол, дутагдлыг бууруулж чадсан нь энэ оны нэг онцлох үзүүлэлт гэж бодож байна. Энэ чиглэлээр маш их сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг хийсэн.

Тухайлбал, гармын аюулгүй байдлын чиглэлээр MGLRadio 88.3 сувгаар сэрэмжлүүлэг, шторкуудыг олон нийтэд тогтмол цацаж байна. Энэ радиог сонсдоггүй жолооч ховор. Мөн олны танил хүмүүс, инфлюсерүүдтэй хамтарч ажиллах зэрэг мэдээллийг олон нийтэд хүргэх бүх сувгийг ашиглаж байгаа. Энэ ажилд Замын удирдлага, Маркетингийн алба маш сайн ажиллаж байгаа. Ингэж ард иргэдэд гармын аюулгүй байдлын мэдлэгийг олгосноороо гарам дээр нэг ч гэсэн иргэн өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй дүрмээ мөрддөг болно. Гарам дээр “Түр зогс! Бүү яар!” уриаг олон хүнд хүргэж, галт тэрэг машин шиг тоормос хийнгүүт зогсох боломжгүй гэдгийг сайн ойлгуулах нь чухал байгаа юм.

 

-Гарсан гологдол, дутагдлын шалтгаан нөхцөл, хүчин зүйлд хийсэн судалгаа бий юу?

 

-Ер нь, гурван том хүчин зүйл байна. Гологдолд хүргэсэн эрсдэлт хүчин зүйлийг судлаад үзэхэд нэгдүгээрт хүний хүчин зүйлийн нөлөөлөл 35-40 хувийг эзэлдэг. Мөн техникийн хүчин зүйлээс 30-40 хувь нь шалтгаалж байна. Эхний хоёр хүчин зүйл жилд 70-80 хувьд хэлбэлздэг. Гадны буюу биднээс хамааралгүй хүчин зүйл 20 орчим хувь байна. Үүний ихэнх нь тээврийн хэрэгсэл, явган зорчигчоос хамаарсан гологдол, дутагдал байдаг. Хүний хүчин зүйлийн нөлөөллийг бууруулахын тулд ажилтнуудыг сургаж, дадлагажуулах шаардлагатай. Энэ оны Замын зорилттой холбогдуулан А-656 тоот тушаал гараад хүмүүсийг сургах чиглэлээр нэлээд хүч тавьж ажиллалаа. Гэхдээ үүнийг ганц жил хийгээд дуусах ажил биш. Ирэх онд ч үргэлжлээд явна. Төмөр замчдын мэдлэг, ур чадвар, дадлага туршлага өндөр байх тусам гологдол дутагдал буурна. Ер нь, хүний хүчин зүйлийн нөлөөллийг өргөс авсан юм шиг тэглэх боломжгүй ч тэг рүү тэмүүлж л ажиллах болно.  Техникийн хүчин зүйлийн нөлөөллийг бууруулахад хөрөнгө оруулалт маш их шаардагдана.

 

-Гарам дээрх осол, зөрчлийг бууруулахад чиглэгдсэн олон ажил хийдэг. Үр дүн нь хэр гарч байгаа вэ?

 

-Төмөр зам авто зам хоёр нэг түвшинд огтлолцож байгаа нөхцөлд эрсдэл хэзээ ч тэг болохгүй. Хамгийн өндөр хөгжилтэй орны төмөр замд ч энэ эрсдэл байсаар байна. УБТЗ ХНН UIC-гийн гишүүн болсноос хойш ОУ-ын гармын мэдлэг дээшлүүлэх өдрийг жил бүр тогтмол хийж, ард иргэдийн гармын мэдлэгийг дээшлүүлэх сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг хийж байна. Дээр нь, гармын засвар тохижилт, хамгаалалт тоноглолыг сайжруулах ажлыг тасралтгүй хийсээр ирлээ. Мөн нийслэл, сум орон нутагтай хамтран ажилласнаар төмөр зам, авто замыг хоёр түвшинд шийдвэрлэх чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарч байгааг та бүхэн мэднэ.

Жил бүр зохион байгуулдаг гармын аюулгүй байдлын зөвлөгөөнөө энэ сарын 5-нд зохион байгууллаа. Зөвлөгөөний хамрах хүрээ жилээс жилд өргөжиж, үр өгөөж нь дээшилж байна. Зөвлөгөөнөөр энэ оныхоо ажлыг дүгнээд, ирэх оны ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Энэ жил ЗТЯ, Төмөр замын агентлаг, Тээврийн цагдаагийн алба, Тээврийн прокурор, Соёлын яам, Хүний эрхийн комисс, Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын төлөөллүүд оролцлоо. Соёлын яам гармын аюулгүй байдлын зөвлөгөөнд хоёр дахь жилдээ оролцсон. Соёл урлаг, спорт, аялал жуулчлал, хүүхэд залуучууд гэсэн маш том дөрвөн салбарыг хариуцдаг яам учраас гармын аюулгүй байдлыг дээшлүүлэхэд нөлөөллийн ажилд бидэнтэй хамтрахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Тэдний мэдээлэл түгээх сүлжээг ашиглан энэ сэдэв рүү олон нийтийн анхаарлыг чиглүүлэх боломж байна.

Улаанбаатар хотод хамгийн өндөр эрсдэлтэй гарам бол Дүнжингаравын гарам байна. Таван шарын 396 дугаар км-т авто зам, төмөр замыг хоёр түвшинд огтлолцуулж, хонгилон гарцтай болсноор гармыг хааж, тэнд эрсдэл тэглэгдсэн гэж үзэж болно. Гармын аюулгүй байдлыг хангахад сүүлийн жилүүдэд Нийслэлийн удирдлагууд маш сайн хамтарч ажиллаж, хэд хэдэн гармыг хоёр түвшинд огтлолцуулах ажлыг эхлүүлсэн.

Тээврийн Цагдаагийн албанаас жил бүр гарам дээр осол зөрчил гаргаад байгаа жолооч нарын торгуулийн хувь хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт тавьдаг. Сүүлийн үед хиймэл оюун ухаанаар дүрэм журмыг мөрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, камерын хяналтад бүртгэгдсэн зөрчил жолооч нарын гар утсанд ирдэг болсон нь үр нөлөөтэй байгаа юм билээ. Үүнийгээ төмөр замын гарам дээр хэрэгжүүлээд зөрчил гаргасан жолоочийн гар утсанд нь мессэжээр илгээдэг болгож өгөөч гэдэг санал тавьсан. Тэгвэл гарам дээр гарч буй зөрчил эрс буурах боломжтой.

Судалгаанаас харахад хотод байгаа нэг гарам дээр л авч үзэхэд таван жилийн өмнө хоногт 35 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол 2025 онд энэ тоо 70 мянга давсан байх жишээтэй. Гармаар нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо ингэж нэмэгдэхэд нөгөө талд нь галт тэрэгний тоо ч өссөн байна. Үүний дээр авто замын түгжрэлээс шалтгаалаад гарам дээр гарах зөрчлийн тоо буурахгүй байна.

 

-УБТЗ бусад төмөр замуудтай хамтран тээврийн үйл ажиллагаа явуулдаг болсон. Тэгэхээр энэ хамтын ажиллагааны хүрээнд хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтыг та бүхэн хэрхэн хийдэг вэ?

 

-Манай Тээврийн хяналтын албаны хувьд дотоод хяналт хэрэгжүүлдэг. Монгол Улсад зөвхөн УБТЗ байсан үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн үүргийг төмөр зам өөрөө гүйцэтгээд явж байсан үе бий. Тэр үед манай албаны байцаагч нар улсын байцаагчийн эрхтэй олон жил ажиллаж байсан. Одоо олон төмөр замтай болсноор улсын байцаагч нарын эрх яам, агентлаг руу шилжиж манай алба зөвхөн дотоод хяналтаа хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр манай байцаагч нар “МТЗ” ТӨХК, “Тавантолгой” ХХК, “БТЕГ” ХХК-ийн суурь бүтэц дээр очоод шалгалт хийдэггүй. Энэ үүрэг яам, агентлагийн үүрэг болоод удаж байгаа. Бид дотоод хяналтаа хэрэгжүүлнэ. Гэхдээ хөрш болон бусад төмөр замуудтай хамтран дээр хяналтаа тавьж байгаа. Манай өртөө рүү бусад төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн орж ирж байгаа бол тэнд хяналтаа тавьдаг. Цаашаа компаний зам руу орж үйл ажиллагаа явуулах үүрэг нь агентлагийн улсын байцаагч нарт байдаг. Төмөр замын газар агентлаг маань шинэ хуулийн дагуу дахин зохион байгуулагдаад энэ оны тавдугаар сараас ажиллаж байгаа. Төмөр замын газрын байцаагч нартай өнгөрсөн 11 дүгээр сард уулзаж, хамтран ажиллах талаар зөвлөлдөж уулзсан. Мөн Баянтүмэн тасгийн ажлыг очиж шалгасан. Бидний зүгээс яам, агентлагаас хүлээж байгаа нэг зүйл бол 2023 оны Төмөр замын тээврийн тухай хуулиар шинэчлэн батлагдаж, зам тээврийн салбарт даган мөрдөх багц дүрмүүдийн шинэчлэлт байна. Хоёр жилийн өмнөөс хуулийн шинэчлэлтэй уялдуулаад олон шинэлэг санааг тусгачихаад хүлээж байгаа. Энэ маань одоо болтол батлагдаагүй болохоор хэрэгжиж эхлээгүй байна. Шинэ хуулийн хүрээнд аюулгүй байдлын тодорхой өөрчлөлтүүд, илүү ирээдүйг харсан дүрмийн заалтууд батлагдан гарч ирэх учраас хүлээлттэй байна. Ирэх онд батлагдаад гараад ирвэл түүнээс хамаараад манайх аюулгүй байдлын системдээ ашигладаг Замын даргын тушаал, журам зэрэг олон зүйл дагаж өөрчлөгдөнө. Аюулгүй байдалтай холбоотой дүрэм журмыг манай алба ахлаад өөрчлөх ажил хийгдэнэ. Тэгэхээр 2026 онд биднийг маш их ажил хүлээж байна.

 

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.       

 

Б.Гүнжээ

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.